Д.Хишигбатын хонгор морь

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 02 -нд

Моринд дуртай Монгол зон олны хайр бахархлыг хүлээж, шүлэг дуунд хүртэл мөнхөрсөн аргамаг хурдан хүлэг тийм ч олонгүй билээ. Тэр тусмаа Тэсийн голын сав нутгаас тийм хүндлэлийг хүлээсэн нь Хөвсгөлийн Д.Хишигбатын хонгор  морь л юм.”Түмэн эх хонгор морь бие том товир, ясархаг, янз загвар гоёмсог бус, хандгай сэрвээтэй, унаа эдэлгээнд нухлагдсан Оросын хатирч, хөтөлгөөний үүлдрийн эрлийз цустай гэмээр бөгөөд галбир төрхийн хувьд Морин тойруулгын болон Сэлэнгийн эрлийз адуунаас эрс ялгаатай юм. Уг гарвал хэвшил нь дээд Енисейн адууны ангилалд хамаарагдах бөгөөд эхийн гарвал нь гарцаагүй Тува адуутай холбогдож байгаа юм” хэмээн хурдан морь судлаач Д.Даваа “Төрийн бэлгэдэл төгс шинжит хүлэг” номондоо бичсэн байдаг. Үнэхээр ч энэ цуут хүлэг Тувагийн адуун заводоос гаралтай гэгддэг  бөгөөд Завханы Баянтэсээр дамжин Хөвсгөлд зарагдсан гэж тэр нутгийнхан ярьдаг.
 Харин энэхүү хонгорын эзэн  Д.Хишигбат 1995 онд “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа тэс өөр зүйлийг ярьсан байдаг.  “1980-аад онд би нэгдлийн адуучин байлаа. Тэгэхэд Увсын нэг тууварчин манайхаар дайрч өнгөрсөн юм. Унасан азарга нь их ядарч сульдсан, нуруу нь цоорсон байлаа. Тэгээд надаас нутаг хүргэчих морь өгөөч, оронд нь энэ азаргаа үлдээе гэсэн юм. Тэрхүү хөгшин азарга удалгүй тэнхэрсэн. Хойтон жил нь тэр азарганы хураасан саарал гүүнээс хонгор морь минь гарсан юм. Хурдан азарга байсан юм болов уу гэж боддог. Миний саарал гүү ч бас хурдан удамтай. Увсын тууварчны надад үлдээсэн азарганы удмыг би мэдэхгүй. Тоомсогны хольц бий эсэх нь бүү мэд. Гэхдээ яах аргагүй л Тэсийн голын унага”хэмээжээ. Хонгор морь хурдаараа нутаг орондоо гайхагдаж байснаа 1990 оны баяр наадмаар  илүүтэй тодорсон юм. Тэр жил Д.Хишигбат хонгор морио аймгийнхаа наадамд уралдуулжээ. Эхлээд уралдуултал хол тасархай түрүүлж иржээ. Гэтэл морь будилсан болоод явчихав. Дахиад уралдлаа. Хонгор морь дахиад л магнайлав. Ийм сайхан хүлгийн эзэнд эрхгүй улсын наадмын дэвжээ бодогдоно оо доо. Дараа жилийнх нь хавар. Бүр тодруулж хэлбэл, 1991 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр уяач Б.Пүрэвжавтай нэг гал болон Д.Хишигбат улс?н наадмыг зорилоо. Зургаадугаар сар дундаасаа өнгөрч байхад тэр нийслэлийн барааг харав. Хөвсгөлөөс нэгэн цуутай хүлэг ирж яваа тухай яриа хэл аль хэдийнэ олны чихэнд хүрчихсэн байлаа. Морь мэддэг, мэддэггүй хүн болгон л хо?гор морийг харах  гэж зовоож байв. Тэгж байтал их сунгааны цаг ойртлоо. Хэний морь улсын наадамд хурдлахыг хэлж өгдөг сунгаа тэр жил 7-р сарын 7-нд болсон юм. Түргэний голд болсон тэрхүү сунгаанд 100 шахам морьд гарснаас Хишигбатын хонгор Морин тойруулгын бор хонгор морьтой зуузай холбон давхисаар барианд орохын үед урагш огцом ухасхийж түрүүлсэн юм. Хонгор морийг гүйцэх хүлэг энэ довон дээр алга гэж амтай болгон л ярьж байлаа. 7-р сарын 11. Нойр хоолоо хасан хасан зүтгэсэн уяачдын од хийморио сорих өдөр 650 шахам хурдан хүлэг гарааны зурхай руу хөдлөв. Удалгүй морьд эргэсэн тухай радиогоор зарлалаа.  Гэвч аз дутжээ. Гарааны зурхайд хүрэхээс зургаан км-ийн наанаас 300-гаад морьд эргэсний дотор Хишигбатын хонгор орсон байлаа. Газар мэдэхгүй хүлэг, хүү хоёрын буруу гэж юу байх  билээ.  Дутуу эргэсэн морьдын дунд орсон Д.Даваахүүгийн зээрд халзан, С.Гийнаагийн шар хээр, Г.Сундуйн зээрд зэрэг тухайн үедээ хурд хүчээрээ гайхуулж байсан олон олон хүлэг морьдыг ардаа орхисон Хишигбатын хонгор төрийнхөө их баяр наадамд түрүүлэв. Гэвч барьсангүй. Наадамчин олон Хишигбатын талд байж, будлиангүй уралдуулж чадаагүй хурдан морины комиссынхныг  зэмлэж байлаа. Элдэв хэрүүл маргаан нэлээд үргэлжилсний эцэст Хишигбатын хонгорт улсын баяр наадмын түрүү морины шагнал өгсөн билээ. Гэтэл төрсөн нутгийнхан нь аймгийнхаа наадмыг хийхгүй түүнийг хүлээж  байгаа сураг дуулдлаа. Хонгор морь замд аяншиж нэлээд эцэж турсан тул даруй буцах аргагүй байв. Бас хажуугаар нь морины хорхойтнууд өндөр үнэ хэлж морио зарахыг санал болгоод Хишигбатыг нэг мөч ч зүгээр суулгахгүй байлаа. Ингэж байтал сайн санаат хүмүүс сонин  сайхан сэдэж, хонгор морийг онгоцоор тээхээр болов. Ийнхүү агаарын хөлгөөр төрөлх нутагтаа очсон хонгор морь шууд аймгийнхаа наадамд уралдан дөрвөөр давхижээ. Эдгээр бахдам сайхан амжилтуудаараа Д.Хишигбат тэр жилээ Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртсэн билээ. Тэсийн голын сав нутгаас тодрон гарсан энэхүү цуут хүлэг 1995 онд дахин нэг удаа улсынхаа наадамд тоосоо өргөсөн юм. 3-р сарын 23-нд Д.Хишигбат дөрвөн их нас, хоёр соёолон, нэг хязаалан, хоёр шүдлэнтэй улсын наадмыг зорин гарчээ. Харамсалтай нь тэр жилийн наадмаар азарга будилж, 810 их насны морь гарааны зурхайд бүрэн хүрч эргэсэн юм. Гэвч хонгор морь 100 гарч давхив. Угаас тэр жил Д.Хишигбат тун базаахгүй наадсан юм. Хоёр ч бага морь нь Буянт-Ухаагийн дэнжид амьсгал хураасан гэдэг. Хонгор морины амжилтгүйн шалтгаан нь хөлтэй нь холбоотой байсан хэмээн одоо хэр нь хүмүүс ярьдаг. “Нутагтаа очоод намаржингаа доголоод засал авахгүй болохоор нь намар оройхон аргаа барсан эзэн нь доголсон хөлийг нь доороос нь дээш нь илж байтал гарт нь хялгас мэт нарийхан ган утас таарчээ. Цааш нь лавлан үзвэл бүүр чивчиртэл  эрчилсэн байсан гэнэ” гэсэн тун таагүй мэдээ сүүлд сонсогдож билээ. Ингэж Монгол даяар нэрээ дуурсгасан Тэсийн голын цуут хурдан хүлэг дахин шандас шалган уралдаж чадахаа больсон юм. Хонгор морины хөлөнд байсан тэрхүү ган утсыг өөдгүй нэгний санаатай явуулга хэмээн үзэгсэд цөөнгүй бий.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна