"Солиоруулдаг" Соёмбо

Сэтгүүлч
1 цагийн өмнө

Соёмбо нэртэй хүрэн адуу нэг үе солиоруулж байлаа ш дээ. Мордвол түрүүлнэ эсвэл аман хүзүүднэ. Их хурдад л дөрвөөр давхисан байх.

Хэдэн ч адуу байсан гараад тархилдаг аймаар амьтан байв.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат МУ-ын Алдарт уяач Цэрэндашийн Жамбалсүрэнгийн унаган, Завхан аймгийн Улиастай сумын уугуул Тод манлай уяач Лхагвын Цандэлэгийн Соёмбо хүрэн хэмээх цуут хүлгийг энэ цагийн эрэмбэтэй уяач Түмэндэлгэрийн Ихбаяр ирлэдэг байв.

Т.Ихбаяр Тод нэгэнтээ "Хүрэн азарга л намайг уяач болгосон. Сайн адуу л уяач болгодог юм шүү дээ" хэмээн хуучилж байсантай нь санал нэгддэг.

Соёмбо хүрэн үнэхээр л уралдах гэж төрсөн зориг зүрхтэй, эрмэлзэлтэй адуу байж.

Хат ихтэй, хэдхэн хоногийн амралтанд л нэмчих гээд байдаг нь давхар уяанд давуу тал болдог байсан байх. Бүсийн уралдаануудад онцгой сайн давхидаг байв.

Аз өм байсан уу аль эсвэл уяа дутсаных уу Соёмбо улсад л түрүүлж, айрагдаж чадаагүй. Нэг жил их хурдан, түрүүлж яваад хадуурчихсаныг санаж байна.

Мөн нэг Дүнжингаравт хүүхэд нь унаад замаас гарчихсан санагдана.

Хэрвээ энэ хоёр уралдаанд бүтэлгүйтээгүй бол улс, бүс, Их хурдад түрүүлж, айрагдсан, өвөл, зунгүй хурдалдаг азарга хэмээгдэх байж.

Айрагдаагүй ч хурдныг нь түмэн мэднэ дээ.

Соёмбын бас нэгэн онцлог бол цэвэр цусны адуутай ана мана, ач тач үзсэн цөөхөн монгол адууны нэг.

Уншигч та санаж байгаа бол 2005 онд соёолондоо Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн, бүсийн уралдаанд Х.Бадамсүрэнгийн Араб бор азаргатай үзэлцсээр аман хүзүүддэггүй юу.

Дараа жил нь хавчиг азарга Эрдэнэтийн 30 жилийн ойн бүсийн уралдаанд Д.Чулуунбат Тодын Араб халзантай мөн л үзэлцсээр мөн аман хүзүүнд баригдсан. Тэр жил онцгой байжээ. 

Дэлхийн дайдыг эзэлсэн Монгол адуу шүү дээ. Зориг зүрх, хурд шандас нь хаа одохов.

Мордуулчихаад хадгаа өвөртлөөд л хүлээдэг итгэл дүүрэн ийм нэгэн хурдан буян байлаа. Амжилт алдрыг нь ахин нэг сийрүүлье.

Удам, угшил:

Эцэг: Ц.Жамбалсүрэнгийн Хандгай хүрэн. ММСУХ-ны Алтан азарга болсон.

Эх: Ц.Жамбалсүрэн Алдартын унаган хонгор гүү. Хонгорын эх нь Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат МУ-ын Алдарт уяач Л.Нарангэрэл агсны хонгор гүү.

Амжилтын товчоон

2003 онд шүдлэн:

Төв аймгийн 80 жилийн ойд аман хүзүү

2005 онд соёолон:

Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойд аман хүзүү

2006 онд хавчиг:

"Тамирын хурд" хангайн бүсийн уралдаанд түрүү

Хөдөө аралын цэнгэл зүүн бүсийн уралдаанд түрүү

Эрдэнэтийн 30 жилийн ой төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

2007 онд долоотой:

Хотгойдын хурд хангайн бүсийн уралдаанд түрүү

"Их хурд-4" уралдаанд айргийн дөрөв

2009 онд есөн настай:

Баруун бүсийн уралдаанд түрүү

Шигшмэл морьдын "Их хурд"уралдаанд нэг айрагдаж, улсын бүсийн уралдаанд дөрөв түрүүлж, гурав аман хүзүүдсэн бахдалт амжилтын эзэн Соёмбо хүрнээ дурсах сайхан байна.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна