Түмэн эх Бүлтгэр халзан

Сэтгүүлч
1 цагийн өмнө

Таван жилийн өмнөх өдийд. “Чи өөрөө мэдээд нэг юм явуулчихгүй юу”... Чулуунбаатарын Амарсанаа,  Гансүхийн Хадбаатар нарын хооронд ийм яриа болж хийгдсэн наймаа. Тухайн үедээ хэн хэн нь төрийн түмэн эхийн тухай ярьж байгаагаа төсөөлөөгүй ч үгүй байх.

 “Сагурын төл алсдаа хэрэг болно” гэсэн нэгэн, “сайн юм өгчихье” гэсэн нөгөөх... Эрчүүдийн итгэлцэл, нөхөрлөл гэж сонин шүү.

Хэн ч хаанаас нь харсан бүлтгэр нүдэн дээр нь түрүүлж тусаад байдаг тул Бүлтгэр халзан хэмээн нэрийдэж. Халзан үрээ этгээд хурдан. 2021 оны зун Агьтын сунгаануудад тувт өнгөлж, хүмүүс ч “түрүү даага тодорхой” хэмээн шивнэлдэж байтал наадам цуцлагдчих нь тэр.

Хүлээлт догдлолоо дарж ядан байж алс хол баруун хязгаарыг зорин очтол халзан даагыг нь бариад уячихлаа. За ингээд тэр жил уралдах хөг өнгөрөв.

Дараа жил нь бас л хурдан. Сагурын төл аргагүй, аргагүй. Сайн ч уяж... гэж байтал улсад бас л бариад уячихлаа дуулдав.

Тэндээсээ Баянхонгор аймгийн 80 жилийн ойд очиж, холхон түрүүлээд наадмаа отголов. Энэ үеэс л болов уу залуу Тод манлайгаас эхлээд “ээ дээ наадах чинь арай өөр төрсөн мал юм. Улсад түрүүлнэ шүү” хэмээн толгой сэгсрэн тоож эхэлжээ.

Гэсэн ч дараа жил дахиад л улсад мордож чадсангүй. Архангайн 100-д очиж айрагдан төрийн зарлигт наадмын  ээлжит хишгээ хүртэв.

Соёолон азарга гараа алдаж тээр хойноос эргээд зүтгэсээр 26-д баригджээ. За ингээд л өнөө жилийн наадмыг хүлээх хэрэгтэй болсон юм.

Хүсэн хүлээсэн мөч ирж, халзан азарга ханартал давхисаар төрийн Түмэн эх хүлгээр тодорч, түмэн олноо шуугиулсан билээ.

АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү магнайд хурдалсан Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн Бүлтэн халзан азарганы  амжилт, алдрын товчоог сийрүүлэн хүргэе.  

Удам угшил:

Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Гансүхийн Хадбаатарын Алтан азарга өргөмжлөлт Сагур.

Эх: Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ухнын Гансүхийн хүрэн гүү.  Дээгүүрээ МУ-ын Манлай уяач Аюушийн Ухна агсны их халиун ордог.

2021 онд даага:

Агьтын сунгаанд их хурдан байсан ч улсын наадам цуцлагдаж, Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд хэмжилтээр хасагдсан.

2022 онд шүдлэн:

Баянхонгор аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд түрүү

2023 онд хязаалан:

Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн тав

2024 онд соёолон:

АХ-ын 103 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 26

2025 онд хавчиг:

АХ-ын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

Шигшмэл хурдан морьдын “Их хурд-10” уралдаанд 15-д тус тус хурдалжээ.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна