ЗАСАГ ТӨРИЙН ЗАНДАН ШИРЭЭ

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 27 -нд

ЭНЭ АЛДАРТ ХҮЛГИЙН
ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ

 …Эмнэг зээрд азарга улсын наадамд аман хүзүүдлээ. Дараа жил нь Бөхөгт болсон их сунгаанд хурд хүчтэй олон азаргаас тасархай түрүүллээ.
1956 оны улсын наадамд Шийтэр гуай зээрдтэйгээ иржээ.
…Майхны баадан дээр морио барьж зүүрмэглэж байгаад гэгээ тусмагц Нүхтийн ам руу өгсөж хашгираад явж байтал азарга нь нэлээд дээр янцгаах нь дуулдав. Азарганы нь гэдэс маш сайхан таарчихсан байж. Дэргэдээ байсан булгаас услаад дэл сүүлий нь боож, модноос уячихаад унтаад өгч. Азарга ч жаал унтаж амарчээ. Тэгээд азаргаа мордуулж дээ. Азарга ирлээ. Их бага хоёр загал гараад ирэх нь тэр. Ойртоод иртэл жижиг нь Шийтэрийн зээрд байлаа. “Ээ төрийн минь сүлд” гээд Шийтэр гуай хашгирч орхиж. Түрүүллээ. Азарганы хөлсийг хусаад зогсож байтал зэрэгцээд нөгөө том азарганы хөлсийг хусч байв. Тэр нь  Санжийн хонгор байлаа. Энэ хонгор азарга миний зээрдээс уртаараа дэлэм хэртэй илүү, өндрөөшөө мухар тохой өндөр мундаг сайхан амьтан юм даа гэж Шийтэр гуай боджээ. Энэ зээрд азарга их гоё хийцтэй, жижигхэн бөгөөд тэг дөрвөлжин биетэй сайхан амьтан байжээ. Анхан үедээ догшин гэж тоймгүй, булгина гэж тамтаггүй амьтан байж. Уяа ороод ирэхлээрээ зан ааш нь зөөлөрнө. Хоног өнгөрөх бүр модоор зорж урласан юм шиг дөрвөн хөл дээрээ улам босч зэнзийгээд, нүд нь бүлтрэх гэж байгаа юм шиг болж ирээд, улам л уран гоё, зассан шагай шиг болно. Туурай нь босоо ширхэгтэй бөгөөд хөмөрсөн аяга мэт хумбан. Дэл сүүл нь туушхан агаад шингэвтэр. Өлдөнө, цатгалдана гэж байхгүй, баргийн алдааг тоохгүй. Энэ алдарт ажнай 18-тайдаа Төв аймгийн наадамд зургаад давхисан гээд бодоход эгэлгүй хурдан адуу байжээ.
Турсан үед нь харахад далны ирмэг нь гадагшаа сар мэт ирмэглэсэн байдалтай байх. Цатгаландаа доошоо цүдгэр гэдэстэй, нуруу нь хотгор юм шиг, хээлтэй гүүрхүү харагдана. Хөнгөрөөд ирэхээрээ сүвээний хавирга ташаан толгойгоо давж харагдана. Эзэн Шийтэр нь баян хүн байж. Гэвч наадамд ганцхан азаргаа хөтлөөд унааны хоёр морьтой явчихна. Түүнийг их архичин байсан гэдэг нь худал юм. Улсын наадамд зээрд азаргаа найм уралдуулахдаа дөрөв түрүүлгэж, гурав аман хүзүүдүүлж, нэг мулталсан юм. Шийтэрийг азарганыхаа хөлсийг хусаад зогсож байхад нь нутгийн наадамчид морь хүн хоёрт баяр хүргэн шил архитай ар араасаа цувчихдаг байлаа. Тэр болгоноос балгаад л буцааж өгөөд байна. Наадмаас нутаг буцахад нь замын айлууд хурдан азаргатай баян хүнийг хүндэлж л таарна. Түүнээс биш одооны архичидтай адил яадгаа алдсан архичин байсангүй. Шийтэр гуай адуунд дуртай хайртай, адуу малтай зөв сайхан харьцдаг нэгэн байв. “Чи наад шилбэний нь шавар шороог арилга. Чөдрийнхөө хоёр алгыг зөв харуулаач” гэх юм уу. “Наад олмоо аймхай мөгөөрсөөр нь татчихаж, нэг хоёр хавирганы наагуур татсан байна, дахиад оломло” гэх мэтээр хэлэх жишээтэй. Унасан морь нь няцарч муухай болдоггүй, морь сайхан уургалдаг,адуунд онцгой хүн байжээ. Одоо Шийтэрийн адууны голомт хүү Цэдэнбалдарындаа байдаг. Улсын нэрт уяач асан Жамцын Шийтэрийн дурсгалд зориулж яруу найрагч Ж.Раднаадаргиа “Засаг төрийн Зандан ширээ” гэдэг сайхан шүлэг бичсэн нь зохиогчийн “Адуутай айл” номд хэвлэгджээ. Зээрд азарганы ороо омголон, хурд шандас, уяач Шийтэрийн хээгүй сайхан дүр төрх, Зогсоол Жаргалантынхны наадамч наргианч ахуйг гойд яруу дүрсэлсэн энэ шүлгээс цөөн бадгийг иш татан энэ бичлэгээ өндөрлөе.
Ж.РАДНААДАРГИА
Засаг төрийн зандан ширээ
Зээрийн шагай шиг уран
Зээрд азарга адуу зүснэ
Дүүгүүрийн чулуу шиг сүнгэнэж
Дөмөн нуур цалгиана
Тоосондоо толгод нууна
Торойсон бараагаа дуранд орхино
Зогсоол Жаргалантын хошууны
Уургын морьд бараг зогсоно
Эзэн Шийтэр нь халамцуухан
Талын хойморь, өвгөдтэй завилна
Эмээлтэй морь нь сул
Толгой хаялан зогсоно……
Улсынхаа наадамд дөрөв түрүүлж монгол адууны гайхамшгийг үзүүлж асан Шийтэр гуайн зээрд буюу Засаг төрийн Зандан ширээгийн удам угсаа Төв Халхын өвст хээр нутагт хангинатал янцгаан хурдалсаар бөлгөө.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.ХАРХҮҮ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна