МУСТА, дуучин Б.Батболд: Ээж аавынхаа залуу насны мөрөөдлийг биелүүлэн дуучин болсондоо баярладаг

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 04 -нд

Ая: УГЗ Д.Цэвээнравдан                                           Үг: Д.Энхтайван Р.Баярсайхан
                          Би Монгол эр хүн
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн дээ
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн дээ
Би нартад хорогдон шуурах хялмаат ширүүн шуурганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн дээ
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеэ бусдад зориулах Монгол эр хүн дээ
Би хээрийн салхинд ариуссан тэнгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн дээ
Би аргалын утаа үнэрлэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн нарандаа залбирах хөх толбот Монгол эр хүн дээ
Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн дээ
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хийморьтой Монгол эр хүн дээ
Би морин дэл дээр дарцаглан Монголоо гээд цээжээ дэлдэх
Би морьтон ардын удам залгах уурга сунгах Монгол эр хүн дээ
               Би моцолгүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн дээ
1995 он. Монгол дээл, бакалтай бас дээр нь ноосон малгай дараад өмсчихсөн хөдөөгийн хүү дуулах хүсэлдээ хөтлөгдөн Завхан нутгаас хүлгийн  жолоо залж хот бараадсан нь энэ байлаа. Бүрэг, угийн дуу цөөтэйг хэлэх үү бужигнасан энэ амьдрал хүүд хотод ирсэн даруйд л тээртэй санагдсаныг яана. СУИС-ийн үүдээр ороход л толгой эргэм орчин угтах нь тэр. Шалгалтын өрөөнд Хайдав багш, Банди, Жамъяанжав, Ичинхорлоо багш, Чулуунцэцэг, АЖ Загдсүрэн гуай нарын урлагийн акулууд зэрэгцэн суух ажээ. Зарим нэгнийг нь сандарсандаа таньж байгаа үгүйгээ ч мэдэх юм алга. Цагаан толгойтой, нүдний шилтэй зарим нэгнийг нь TB-гээр л харж байсан багш нарыг хараад өөрийн эрхгүй өвдөг нь чичирч байсан ч нэг л зорилго өвөрлөсөн учраас буцах бас аргагүй. Гэтэл зүрх бараг л амаараа гарах шахам сандарч байгааг хэзээний гярхай багш нар анзаарсан бололтой их л эелдэгхэнээр хамгийн сайн дуулдаг дуугаа дуул гэхийг сонсоод дотор арай уужрах шиг санагдана. Хүн гээч сэтгэлийн амьтан хойно бүлээн үг уруул нээхийн төдийд л дотор цэлмээдэг хойно.
...Уул үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь дээ хө
Унтах нойронд үзэгдээд байдаг
Уулсыг булаасан нутаг минь дээ ... хэмээн дуултал дахиад гэж байна. Түвшинтөгс гавьяатын “Шүүдэр цармын цэцэг”-ийг дууллаа. Багш нар хоорондоо оросоор ярьж байна. Ярьж байгааг нь ойлгохгүй болохоор дэмий л нэг гараараа нөгөө гараа чангахан атгаад зогсож байлаа. Тэгсэн тоймтой хариу хэлсэнгүй “Миний хүү гараад зогсож бай” гэнэ. Бум бужигнасан сургуулийн урт коридорт ганцаархнаа хэсэгхэн зогсохдоо цаанаа л өөртөө итгэл төрөөд байх нь тэр. Үеийнхээ адил ингээд л явна даа гэсэн бодол зурсхийх хэдий ч  хүн мэдчихвий гэсэн шиг бас жаахан ичингүйрнэ. Учир нь тэнцэх эсэхээ мэдээгүй байгаа шүү дээ. Ийн бодл?ор ороогдон зогстол Жамъяанжав багш тэнцсэн гэх баярт мэдээг дуулгалаа. Дуулна л гэж бодсоноос тэр их бужигнааны тухай төсөөлөө ч үгүй болохоор түүртмээр санагдах бол энүүхэнд. Хаашаа л харна энд нэг дуулна, ха?ууд хөгжимдөнө, бүжиглэнэ гээд л. Хөдөө зэлүүд талд дураараа явж байгаад ирсэн болохоор нэг л давчдаад амьсгалахдаа хүртэл нэг л дутуу юм шиг санагдана. Ямар ч байсан шалгалтаа эртхэн өгчихөөд нутгаадаа буцъя гэсэн бодол байнга л уруу татна. Ингээд он гарч өгөх шалгалтаа долоо хоногийн өмнө өгчихөөд ум хумгүй л Ургамалаас ирсэн машинд суугаад замдаа гарлаа даа. Гэртээ харина гэж бодохоос л яаранхан. Харин хотын тухай дахин бодож эхлээ ч үгүй шахам байхад оюутны амралт дуусч, цагаан сар ч өнгөрөх нь тэр. Ерөөсөө сургуульдаа явахаа больё гэж бодоод хот явах өглөө эртлэн хониндоо чимээгүй гараад явчихлаа. Бодож байсныг бодоход үд болоход хот орох машин ирсэнгүй. Гэсэн ч хэрэндээ хаширлан хонины бэлчээрээс  үе үехэн харуулдсаар суулаа.  Цаг ч нэлээн явчихсан суутал өнөө хүлээж байсан машинд аав нь суучихсан хонины бэлчээр дээр хүрээд ирэх нь тэр. Хэзээний л зүг дуу цөөтэй аав нь харцаараа зэмлэсхийн шууд л машинд суулгаад сургуульдаа яв гэсээр гаргаж өгөх нь тэр. Ингэж л МУСТА Б. Батболд дуучин болж байсан түүхтэй юм билээ. Хөөрхий сургуульдаа явахгүй гэдгээ хэлж үл зүрхлэхгүйдээ ямар ч байсан машинаасаа хоцорчихвол ээж аавдаа хэлэх сэжүүр олдоно гэж найдаж л даа. Харин үүнээс төдөлгүй хээрийн танхил хүү их хотын амьдралд түүртэхээ байсаан. Одоо бол Монголын ард түмэн миний дууг сонсдог, хайртай дуучин байхсан гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дуугаар жигүүрлэн нисэж явна.
Тэдний ангиас МУГЖ Далантай, Болормаа сийлбэрч дуучин Баттогтох, Сэлэнгийн Баттөр,  Өвөрхангайн хөгжимт драмын театрын уртын дуучин Бадамханд, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Сэржмятав, “Классик Жем”-ийн Энхтайван, “Нюанс” хамтлагийн гурав урлагийн салбартаа ажиллаж байна.
Түүний аав Борхүү насаараа л нэгдлийн даргын жолооч хийсэн буурай байлаа. Харин ээж Дулам нь сумандаа бага, дунд сургуулийн нярав, нягтлан хийдэг байжээ. Тэд хоёул Ургамал сумын уугуул хүмүүс. Борхүүгийнх есөн хүүхэдтэй. Харин дунд хүү Батболд аавынхаа кабинд өссөн нэгэн. Аав амьтай тэрээр аймгийн аварга дуучин аавынхаа машинаа бариад хүнгэнэтэл дуулахыг сонсох тун дуртай. АЖ Жаргалсайхан гуайн “Зулай цагаан Алтай”, “Хөвсгөл далай”, “Мичид шүргэх Алтай”  дуулдаг байсан нь одоо ч дуучин хүүгийнх нь сэтгэлд үе үехэн тэр л цагийг санагдуулан эгшиглэнэ. Энэ дуунууд сонсох бүрт аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамж сэтгэлд хөнгөн гуниг өгүүлэхтэйгээ зэрэгцэн гэгээн бодлыг хөврүүлнэ. Эх нутгийнхаа цэлийсэн уудам талаар машинаа бариад дуугаа дуулангаа аав хүүдээ уул хангайгаа ажигласнаа бас зааж зөвлөнө. Харин хүү одоо тэрийг үргэлжлүүлнэ. Хөдөө тоглолтоор явах замдаа хэзээний л “энэ жил өвс ногооны гарц сайн байна шүү,  ай даа энд ч горьгүй ээ” гээд л эхэлнэ. За бас адуу таарвал заавал очиж байж л санаа амарна. Тиймдээ заримдаа залууст “Өөрөө идэх гэж байгаа юм шиг өвс ногоо яриад” гэж загнуулах юм байна шүү гэж дуучин Батболд ярина.
...Чавхаар болжмор шувуу намнадаг
Чаргаар уулын уруу нисдэг
Жаахан биендээ том мөрөөдөл өвөрлөсөн
Жаргалтай багын дурсамж
Би сумын төвийн хүүхэд байлаа
Хаанах нь ч мэдэхгүй байлдаантай кино үзэхээр
Халтар жижиг гартаа хэдэн бор юм атгасан
Дайны сүүдэр хүрээгүй аглаг буйд нутагтаа
Диа диа гэж модон буугаар байлдсан
Би сумын төвийн хүүхэд байлаа
Үеийн багачуултайгаа ноцолдон өмд цамцаа тэсгээдэггүй
Үүр шөнө өнгөрсөн ч унтах нойрондоо хоргодоогүй
 Наадаж тоглосон ч гэлээ оногдсон ажлаа дуусгадаг
Намхан биендээ ахадсан гэмээр ухаан тээсэн
Би сумын төвийн хүүхэд байлаа
Зөрүүдэлж байгаад эцгээсээ алганы амт хүртчихдэг
Зүггүй дүрсгүй хоёр нь дэндүү илүүдсэн ч
Хүний амьдралын барааныг бяцхан зүрхэндээ тээгээгүй
Хүүхэд наснаасаа уйдаж том хүн шиг аашлаагүй
Би  сумын төвийн хүүхэд байлаа... гэх шүлгийн мөртүүдэд гардаг шиг л Батболдын хүүхэд нас сумын төвийн багачуулын адил өнгөрчээ. Сургуулийн амралтаараа хөдөө гарч эмээ дээр очиж мал ахуйд нь тусална. Хөдөөгийн хүү малын захтай өссөн болохоор аль нэг танихгүй газар очлоо гэхэд эцэхгүй шиг хоёр гүвээ даваад хүргэх адууг шинжчихнэ гэнэ. За тэгээд дунд дунд сургуульд, дараа нь их сургуулиа төгсөөд нутгийн тулхтай түшигтэй хөгшдийн зөвлөгөөгөөр, аавын буяны цугласан хэдэн адуугаа уяж сойн, адуугаа манаж эмээл дэрлэн, хээр хонож явсан өдрүүд олон бий. Батболд сумандаа хоёр айраг, нэг түрүүтэй “хөөрхөн” амжилтын эзэн юм билээ. 2001 онд СУИС-аа төгсөж ромбо, дипломоо өвөртлөн нутаг амьтай хүү бас л яарсаар харьж дээ. Сумандаа очоод соёолон насны морь өөрийнхөө унаган адуунаас уясан нь сумандаа тасархай түрүүлжээ. Соёолонгийн гараа шиг миний уран бүтээлийн гараа ч хийморьтой, хурдан хурц, хүчтэй байх юм байна хэмээсэн бэлгэшээл түүний уран бүтээлийн галыг байнга л өрддөг. Тиймдээ ч сайн бүтээлийн эзэн байхсан гэж хичээнэ. Есөн хүүхдээсээ онцлон бидний залуу халуун насны гэгээн мөрөөдлийг гүйцэлдүүлэх боломжтой хоолойтой гэж бодсон уу, итгэл үзүүлж, дуулаач гэх том мэргэжлийг эзэмшүүлж өгсөн бурханд, тэнгэрт байгаа аав ээждээ баярлаж явдаг юм хэмээн хүү ярина. Тэнгэрт байгаа ээж аав маань хүүгээ харж байгаа болохоор муу бүтээл хийж болохгүй, муу дуулж болохгүй шүү гэж өөрөө өөртөө байнга л хэлнэ. Харин 2001 оноос хойш дахиж  морь уяагүй ажээ.
2004 он. Төмөр замын дуу бүжгийн чуулгын дуучин байхдаа дуучин Уранмандахтай хамтран “Дуун гэгээ” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийжээ. Тэр үед эмнэлэгт хэвтэж байсан аав нь чөлөөгөөр гарч тоглолтыг нь үзжээ. /Тэрээр төмөр замын чуулгад 2008 оныг хүртэл ажиллаад чөлөөт уран бүтээлч болжээ/ Тайзан дээр гарч ирж хүүгээ үнсэхдээ “миний хүү их л юм сурчээ” гэснээс “миний хүү дуучин болжээ” гэж хэлээгүй гэх. Хэзээний гярхай бас ухаантай өвгөд хэзээ ямар үгийг хэлэх үү гэдгээ мэддэг хойно доо. Үүнээс удалгүй аав нь бурхан болжээ. Тэр жилээ аавынхаа гэгээн дурсгалд зориулан “Олонтой явсан аав” дуугаа дуулж “Морин хуур 2004” наадмаас тэргүүн байрыг хүртжээ. Харууслын нулимс асгаруулан байж бичүүлсэн энэ дуу одоо ч олны сонсох дуртай дуу байсаар л байна. Уран бүтээлч хүү ээж аавынхаа гэгээн дурсгалд зориулан дуун суварга босгох хүсэлтэй. Тиймдээ ч одоо ээжийн тухай сэтгэлд хүрсэн сайхан шүлгийн эрэлд гараад гурав, дөрвөн жилийг үджээ. Тэр хайсаар л яваа гэнэ.
Зургаадугаар ангидаа Завхан аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа дуулж байсан нь сэтгэлд одоо ч тод. Хэдийгээр дуулдаг ээж аавын хүү ч бүрэг зангаасаа болоод дуулж байсангүй. Тиймдээ ч тэр үед болдог пионер сурагчдын урлагийн үзлэгээс яаж ийж байгаад л бултаж амждаг байжээ. Харин зургаадугаар ангид орсон жил баригдах нь тэр дээ. Ингээд Завханы 22 сумаас шалгарсан жаран хэдэн номероос гуравдугаар байранд орлоо. Завхан аймгийн хөгжимт  драмын театрын тайзан дээр гараад иртэл нэлийсэн их гэрэл. Хөлс урсаад дуулж эхэлснээ л мэдэхээс цааш юу болоод өнгөрснийг огт санагдаггүй гэнэ.
2008 он. “Би монгол эр хүн” дуу гарсан даруйдаа л хит боллоо. Энэ дууг Завханы Батсүх гавьяат өөртөө захиалсан ч  дуулсангүй. Залуу дуучдаар дуулуулахаар шийдэн хэд хэдэн уран бүтээлчдийн дунд бяцхан шалгаруулалт явуулж Батболд тэнцжээ. Түүнээс өмнө Цэвээнравдан багш “Би монгол эр хүн” дууны аяыг хийхээр ажиллаж байхад Батболд тааран шүлгийг нь уншиж үзээд шууд л “миний дуу” гэж хэлсэн нь төдөлгүй л биеллээ олсон нь энэ байжээ.  Дуучин Монгол эр харин өөрийгөө ийнхүү тодорхойлж байх юм. Тэрээр эр хүнийхээ хувьд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, Хүнд голгүй загнахгүй. Шилдэг нь ч арай биш байхаа. Шилдэг гэхээр далай лам шиг, эсвэл Чингис хаан  байх ёстой болов уу. Гэхдээ дуучин Батболд их тусархуу, гүндүүгүй гүдэсхэн нэгэн” хэмээж байна.
Тэрээр өдгөө Завханы “Очирваань уул” уран бүтээлчдийн холбоо, УГЗ Т. Сэр-Одоор ахлуулсан “Хөх жим” уран бүтээлийн нэгдлийнхэнтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Сар шинээр Үндэсний телевизээр гарах “Шинэдийн сарны уянга” кино концертний зураг авалтаар Хөвсгөл, Завхан аймгаар явж байгаад ирсэн сонинтой сууна. “Жанхай фильм” студийн хамт олон дуучин Бямбахүү, Галсайхан, Тунгалаг, Батболд нарын уран бүтээлчид Хөвсгөл аймгийн Хатгал сум, Хөвсгөл далай, Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхны бэлд очиж зургаа авахуулаад иржээ. “Би Монгол эр хүн, “Ахын сэтгэл”, “Олонтой явсан аав минь” гээд л Монгол эрчүүд, аав нарыг уран сандаа багтаасан дуучин энэ удаад Баттөмөрийн “Миний нутгийн бараа” дуунд дурлачихаад байгаа гэнэ. Дурлачихсан бүтээл болохоор бүүр хайрлаад Морин хуурын чуулгаар хөгжмийн найруулгыг нь хийгээд мастерингэд орчихсон удахгүй бэлэн болно гэдгээ дуулгана билээ. Хэтэрхий дурлаж дуулсан дуу хэтрүүлэх гээд,  хэтэрхий эмоци орох гээд байдаг талтай ч удахгүй дуулж олны хүртээл болгоно доо хэмээн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө дурдах ажээ.
Ирж буй усан луу жил элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан шинэлээрэй хэмээн МУСТА Б.Батболдын сэтгэлийн үгээр тэмдэглэл маань өндөрлөж байна.
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна