Дэндэв тайжийн домог

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 04 -нд

Дэндэв гэдэг хүү эхтэйгээ хамт амьдарч байжээ. Тэр ядуу айлд байх юм ховорхон гэнэ. Тэр гэрийн гадуур хэдхэн ямаа идээшилнэ. Эх нь ямаагаа сааж тараг бүрнэ. Ойролцоох бяцхан шандны аманд айлын ганц хүү Дэндэв тоглоно.  Хөдөө гадаанаас туурайтайгаа хатсан шилбэ олж шандны амсрыг тойруулан олон адууны мөр гаргаж тоглоно. Шандаа худаг гэж сэтгэн шилбээ адуу гэж бодож, худаг руу ирэх малын жим харгуйгаар олон адуу тургилалдан тоос татуулан давхилдан ирж буй нүдэнд нь үзэгдэж, чихэнд нь олон адууны төвөргөөн сонсогдоно. Жаалхүү үргэлж л
-Манай хээр азаргатай адуу ус уугаад гарлаа.
-Хонгор азаргатай адуу  баруун хөтлөөр гарч ирлээ. Одоо хар азаргатай л адуу алга. Зүүн хойноос саарал азаргатай адуу ирнэ гэж өөрийгөө саатуулан тоглоно. Ийнхүү эр өсөж  эсгий сунадаг гэгчээр ядуу ээжийн ганц хүү эрийн цээнд хүрчээ.
 Шөвхнүүлсэн морь унаж нэгэн гүү хөтөлсөн залуу эр алс баруун өмнө зүгийг зоингм явах ажгуу. Нэгэнт зам шуударсан эр хүн эргэн тойрны элдэв сониныгм нүд эс хужирлан одно. Олон уул ухаа толгодыг даван явсаар хүрэх газрынхаа захад ирэв. Хар сүүлт, хул, тэмээ л олонтоо дайралдана. Харин Дэндэв өмнүүр сүлжилдэн давхих зээр гөрөөс, хулан ямагт өвөрт нь орж буйд их л бэлгэшээж явна. Их сондуултай элсэн довцог дунд айлын бараа харагдав. Айлын утаа үнэрлэж, унасан морь цангинатал янцгаав. Гэрт орвоос цагаан сахалтай өвгөн, эмгэнтэйгээ хоёул байх аж. Амар мэндээ айлтгаж хэт нутаг, хэрэг зоригоо ярилцаж суутал гадаа яваа гүү нь хангинатал янцгаав.
 Цагаан сахалт өвгөн асууруун.
-За хүү минь чи гүн адуутай яваа юм уу.
Хүү:
-Тийм ээ, гүү хөтөлж яваа юм гэж хариулав. Өвгөн:
-Манай энд хулангийн азарга олонтой. Морь малаа  сайн бэхлээрэй. Урж тасдуулаад аваад явчихав гэж захисанд Дэндэв гарч унаж явсан мориныхоо чөдрийг сайтар бэхлэв. Харин гүүгээ хайхрамжгүй үлдээв. Түүнийг унтаад өглөө босоход морь нь чөдөртэйгээ байж байна гэнэ. Хөтөлж явсан гүүг аль хэдийнэ хулангийн азарга хурааж аваад талийжээ. Залуу хүү гүүгээ өвгөнд захьж орхиод дан мориороо нутаг буцжээ. Нутагтаа ирээд жил шахуу болж, хавраар хээр гүүгээ олохоор буцаж ирэхэд танил өвгөн ч их л ах дүүс шиг дотно уулзан золгожээ. Цайлж дайлуулсны дараа хүү:
-Миний хээр гүү үзэгдэв үү гэжээ. Өвгөн:
-За хүү минь бий нь ч бий. Ойрхон усанд ирж байгаа. Өнөө маргаашгүй унагалах байх ёстой. Чи ч бас л сүрхий хүү юм даа. Хугацаа алдаагүй тооцсон байна шүү гэжээ.
 Баянбүрдийн ногоон дэвсэгийн дунд мэлтгэнэсэн хар ус газраас амилан ундарч булаг болон урсаж одно. Дэндэв шөвхнүүлсэн морио нууж, дурандан харсаар байна. Усанд нь очсоны хэрэг гарч түрүүчийн адууны чих сортолзон харагдав. Газрын амь хүйтэн булагт тэнцсэн унагаа дагуулсан хээр гүү хулангийн азаргатайгаа хүрч ирлээ. Дөнгөж өчигдөрхөн гарсан юм уу гэхээр жаахан ухаа унага байна. Унаган адууны ижил гүүг таньж  Дэндэвийн морь янцгаав. Хулангийн азарга сэртэсхийн их л сэжиг төрсөн янзтай дүр үзүүлэн ийш тийш харахуйд гүү хүйтэн уснаас гүд гүд залгилан, Дэндэв мориндоо шаламгайлан мордож, ташуур өгмөгц уургач хурдан морь цахилан хурдалсаар ороолох гүүний сүүлэнд залгалаа. Уургын хуйвыг хаяхдаа уран толгой алдаж үзээгүй Дэндэв чихалзуураар нь дарж эрхээн эмээлийн араар сууж гэдийн татлаа.
 Хур дэлээ хийсгэсэн хулангийн азарга гүүгээ уургатай хүнд баригдахад нэг наашаа, нэг цаашаа давхиж сүр үзүүлсэн боловч, зэрлэг зөнгөө дагаад хулжин алга болов. Дэндэв энэ цагаас хойш хулангийн удмын ухаа хонгор адуутай болов. Эхтэйгээ ирсэн унагыг унаж номхруулж чадсангүй. Үр төлөөс хойшхийг нь арай гэж эдэлгээнд сургажээ. Одооны Дорнговь аймгийн Иххэт /Дэлгэрхэт/, Алтанширээ, Дэлгэрэх суманд хул хонгор адуутай, хурдтай болсон домог энэ ажээ. Энэхүү домгийн агуулгаас үзвэл монголчууд адуун сүргийнхээ цусыг холдуулж, удам угшлыг нь сайжрууж, хурд хүчтэй болгох талаар мэрийж байсан сайхан ухааныг их л оновчтой гарган үзүүлсэн байна.
 Эр хүн эмээлт морь ямагт хамт байсан болон хүүхэд насандаа мөрөөдөж явсан бүхэн бэлгэ ерөөлөөр бүтдэгийг дүрсэлсэн нь онцлог байна. Дэндэв гэгч бодит хүн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт амьдарч байсан юм. Ер нь Дэндэв тайжийн эх дүр үү, хилэн хар гэгчийн дүр үү гэдгийг энд гол болгон авч үзсэнгүй.
Тайлбар нэмэрлэхэд:
Хурдан угсааны адуу нь 19-р зууны эхэн үед амьдарч байсан шилийн сайн эр Цахар хошууны Хилэн хар /Хормой/ гэдэг хүн Дэндэв тайжийн эхтэй нууцаар ханилж явахдаа хулангийн эрлийз үрээ авчирч өгсөнөөр үүссэн ажээ. Тэр угсааны адуу нь толгой урттай, хүдэр чийрэг биетэй, холын замд цуцаа байхгүй, удаан хугацаанд уяа сойлго нь таардаг хүлгүүд байж гэж ерөөлч магтаалч Сайхандулаан сумын харьяат Д.Жигмэддорж гуай бичсэн байдаг. Үүнээс үүдэн бодвоос Дэндэв тайжийн домог их сонирхолтой юм.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна