МУ-ын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай бөх, Дархан аварга Х.Баянмөнх: Эр монгол хэмээх Түгж

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 03 -нд

Дархан аварга гэдэг эр хүний мөрөөдлийн оргилд хүрчихээд улам л өгсөхөөр зориг шулуудаж, эр бяр жагссан цагсан. Ижий минь биеэ бодож бай, гэмтэл авав даа, олон газрын хөвүүдтэй сайхан нөхөрлөж, муу хүмүүсээс хол яв гэж дандаа захидагсан.
1970-аад оны эхээр юмдаг. Ам болгоноос нь рашаан булаг ундарсан, алсын алсаас зүрх сэтгэлийг урин дуудах Ханхөхий, Борхайрхан юугаан дандаа л дурсан байдаг, унд ус болсон ижийдээ би очлоо. Богд хан уулын Богинын аманд зусаж байсан ижийн минь жижигхэн бор гэр миний дивааажин. Хэдхэн хоноод очиход л дандаа санчихсан, хөл хөөрцөг болон угтдаг миний сайхан ижий. Хэн хүний ижий тийм л байдаг даа. дал гажчихсан ч ануухан, өөртөө туйлын итгэлтэй, унд ус болсон ижийнхээ шар тос орхисон, өтгөн шаргал цайнд арвайн гурил цацаж,тайван гэгч нь ууж суухад чухам л амралт гэдэг тэр. Хотод ирсэнээс нь хойш үргэлж очисоор байж ижийнхээ хэлэх үг, хийх үйлийг нь бараг л уридчилан мэддэг болсон байлаа. Гэтэл нэг өдөр ижий минь сэтгэл нэг л догдлонгуй, тааж мэдэхийн аргагүй тийм нэг чухал юм хэлэх янзтай ч юм шиг. Эргэлзэж тээнгэлзээд ч буй юм шиг. Яагаад ч юм надад тийм мэдрэмж төрж, мэдэж сонсохсон гэх хүсэлд автаж, хөнгөн догдлолд эзэмдэгдэх нь тэр, энэ байдал маань ижийн минь ажигч чанараас мултарсангүй дээ. Ижий:
- За хүү минь ижий нь нас явж байна даа. ааваасаа аравхан настайдаа өнчирч байсан тэр нэгэн уйт өдөр хүүгээ өдий зэрэгт хүрнэ гэж яахын санах билээ. Төрийн минь сүлд, түмний минь түшиг, нутгийн минь сахиус чамайг эрийн цээнд хүргэлээ дээ. Отгон хүүгийнхээ өнчин багийн хэцүү бэрх тэр жилүүдэд ижий нь гадаа гарч эр, гэрт орж эм болж явахдаа урсах нулимсаа нуудагсан гээд бүүр доороос гүн санаа алдахад миний дотор огшиж самсаа шархираад ирлээ. Нүдэнд нь гялалзах нулимсаа барьж, дотогшоогоо хатуужин шингээгээд:
- Олны хайранд хэзээ ч бүү бялуур. Өөрийгөө цаг ямагт хянаж яв. Эр бяр чинь гүйцэж, улс орондоо танигдлаа хүү минь. Ухаан гүйцнэ гэж л харин чиг байхгүй дээ.ухаанаас ухаан ургаад л байдаг юм. Харин эзэн хичээхгүй бол ухааны тэр ундрага тасалддаг, ширгэдэг гэдгийг бүү март. Хичээлтэй хүний ундрага нь энэ хорвоогоос эзэнтэйгээ хамт явах цагт л тасардаг.
Бас ч нарийн яривал үр хүүхэд, үндэс мөчирөөр нь дамжиж ургаж л байдаг эд. Аавын “годон хөх”-дөө ээж нь удам угшилийн чинь тухай бараг зуун жил нууж ирсэн, мэддэг ганц хоёр эзэд нь мөнх бусыг үзүүлсэн тийм нэгэн түүх яриж өгье. Одоо ганц миний цээжинд л байга түүх. Чиний мэдэх ёстой түүх. Тэгэхдээ бүрэн гүйцэт биш сураг төдий л юм. Чиний өвөө эр монгол гэж ясархаг өндөр биетэй, өргөн цээжтэй, улаа бутарч хүрэнтсэн царайлаг сайхан эр бага залуу цагтаа адуун сүргийн манлай болсон хүлгийн эзэн байж дээ. Ямар ч бүдүүн морь унасан даага юм шиг харагддаг байсан гэхээр хэр сайхан эр байсныг хэлэлтгүй.
Бяр тэнхээтэй дүйх ухаан, шудрага зан чанарыг байгаль эх, аав ээж нь харамгүй заяаж. Ядарсан түмний төлөө ямарч эрхтэн дархтан луу асахаас буцдаггүй байсан нь мань хүний эрхийг хязгаарлахад хүргэж дээ. Улиастайн амбаны алба гувчуурт сөхөрч шаналсан түмнийг хаацайлж нэг бус удаа хэрэг тарьсан юм байх.өнөөгийн хэлдгээр бол шилийн сайн эр гэх үү дээ. Өр нэхэж ард олныг ядраасан хятад худалдаачдын эрлэг нь байсан гэнэ лээ. Өрийн дансыг нь булааж шатаах, унаа морьгүй явгалах, эд барааг нь ядуу ардад тараах зэрэгээр тэмцэж явсан юм гэнэ лээ. Энэ хороссон манж амбан Эрмонголыг үхсэн амдь алин ч бай олж ирэхийг тушаал буулгасан юм байх. Төрж өссөн нутаг усандаа амьдран суухад бэрх болж, сэтгэл шаналгасан бараан өдрүүд үргэлжилж байлаа. Нутагтаа байвал амь насанд нь аюул нүүрлэх болсоэ тул алс газар явж, өөр нутагт амьдрахаар эрслэн шийдсэн юм гэнэ лээ. Тэгээд нэг шөнө нутгаасаа гарч, баруун хойд зүгийг чиг бариад хэдэн ч хоног явсан юм бүү мэд. Манжийн дарлал гаарч, зовсон тэмэн байтугай лам ноёд, худалдаачид панзчингууд хүртэл тэсэхүйеэ бэрх болж бужигнаж байсан цаг. Энд тэндгүй хятад пүүсийг тонон дээрэмдэж, галдан шатаах явдал ч газар авч. Хилэгнэсэн олноос айсан амбан Эрмонголын хойноос тэгтлээ их санаа тавьж, хөөуөлдөх боломж хомос байсан хэрэг. Монгол орны эл байдал өвөөгийн чинь цаашдийн хувь заяанд буян будгаа өгсөндөө хөөрхий. Гэлээ ч өдрийн цгат сүүдрээсээ хүртэл нуугдаж явна гэдэг ямар байх нь тодорхой.хэдэн сар хээрээр гэр хийж, хэцээр л дэр хийж, ганц ч гэсэн хүнтэй уулзахаас айж явна гэдэг там л байж таараа. Хангайн хишгийг хүртэж явсан ч өлсөж цангах, даарч хөрөх, ялангуяа өлгий нутгаа үүрд орхиж явсандаа хичнээн их шаналж явсан юм бүү мэд дээ хөөрхий минь. Биеэр үзээгүй мань мэд нь ойлгож, ухаан ч хүрэхгүй. Их ч ядарч зүдэрч явсан гэдэг.
Өнөө л гэрэлт нэр гэгээн өдрөөс зугтаасаар нэгэн шөнө их өндөр уулын тагт хүрч хоножээ.Ямар гэгч газар ирсэн юм бүү мэд.үүр сайхан цайж байх  мөчид босож харвал өндөр уулын хоёр талд их далай мэлтийж байжээ. Мань хүн сэтгэл зүрхэндээ “Мэлтийсэн сайхан устай мэлмийсэн сайхан энэ хангай”-д амьдаръя гэж эрэлт буцалтгүй шийдсэн юм гэнэ лээ. Тэр сүрлэг сайхан хангай нь Бор хайрхан уул, хоёр их ус нь Увс, Хяргас нуурууд.
Тэгж шийдээд дотор нь нэг сайхан онгойж, хамаг ядаргаа нь арилсан юм шиг санагдах тэр агшинд доороос их адуун сүрэг бэлчээрлэн гараад иржээ. Мань хүн ч бэлэгшээн баярлаад тэр их адууг өвсний соргог, усны тунгалаг руу өөрийн юм шиг залж, дуу исгэрэн явж байтал нэгэн морьтон давхиж айсуй. Хэдэн сар хүний бараа харалгүй чоно лугаа явсан манай хүн яавал ч яаг гээд тайван угтжээ. Амар мэндээ мэдэлусэний дараа давхиж ирсэн морьтон.
- Та юун хүн билээ. Энэ адууг юуны тулд залж явна гэж сожисхийн асуухад Эрмонгол:
- Би их хол нутгийн хүн. Миний энэрийг Түгж гэдэг (хаана ч явсан юм бүхнийг түгжиж явах ёстой.Эрмонгол нэрээ Түгж нэрээр солъё гэж олон хоног бэдэрч явахдаа шийдсэн юм гэнэ лээ.)  Манжийн эсрэг тэмцсэн ялтай. Аргагүй эрхэнд хангай нутгаа олон сар баруун хойд зүгийг чиглэн өдөр нь хөвчид бүгэж, шөнө нь мөн л хүн амьтнаас холуур таньж мэдэхгүй нутгийн ой хөвчөөр хөндлөн гулд саатан саатан бэдэр ч ирлээ. Энэ өглөө яагаад ч юм эх захгүй явдлаа зогсоож, энэ сайхан хангайд нутагладаг юм уу л гэж шийдлээ дээ гэж туйлбартай хэлэхэд морьтон эр сая л үнэмшиж:
- Хартал та их зүдэрсний ул мөр хувцас хунар нүүр царайнд чинь байна. Би нутгийн ноёны адууч. Энэ адуун сүрэг ноёных. Манайд очихтун. Биеэ тэнхрүүлэх хэрэгтэй гэж хоёлгүй санаагаар өчисөнд Эрмонголын зүрх базалж, сэтгэл уярсан гэдэг. Гэвч юу юугүй өөрийх нь амьдралд огтхон ч зохицохгүйг дорхноо мэдэрч:
- Гялайлаа танд. Амьтан хүн ч юу гэх билээ. Танд ч бас төвөг удаж магад. Та адуундаа зоволтгүй. Би шөнийн цагт адууг тань энэ их ноён уулын сахиус шиг хамгаалж байя гэж хэлсэнд ноёны адуучин:
- Би танд бүрнээ итгэж байна.одоохон буцаад тань идэх уух юм дөхүүлж юм дөхүүлж ирье. Хүн амьтанд хэлнэ гэж бүү санаа зовогтун. Ам алдаж хуурай хашгирдаггүйн ачаар л ноёны агтны даамал болсон хэрэг гээд давхин одлоо. Эрмонголын сэтгэл тайвширч, гэртээ ирсэн юм шиг санагдавч дахиж төрсөн нутгийнхаа барааг хэзээч харахгүй гэхээс зүрх нь үе үе базлах. Хэдэн өдөр ноёны адуучин ямааны сүү, ааруул,өрөм, мах, гурил тэргүүтэн Эрмонголд авч иржээ. Энэ явцад мань хоёр нэгнээ ойлгож,нягт дотноор үерхэв бололтой. Мань хүний аз болоход энэ нутгийн ноён манжийн дарлалийг эсэргүүцдэг нэгэн, ноёны адуучин эзэндээ итгэгдсэн зарц гэхээс нөхөр болсон болсон хүн байж. Тиймдээ ч ноёны адуучин Эрмонголыг гэртээ аваачиж байлгах зөвшөөрлийг ноёндоо уламжилж авч чадсан гэнэ. Азтай явдал дайрна гэдэг энэ. Батхан атгаад тавьдаггүй хэрэг гэж өөртөө тангараг өгсөн хэрэг биз ээ. Хүмүүсийн дунд байна гэдэг юутай их жаргал. Адуучин эрийнд байсан төдийгүй, мөн л түүний ноёнд уламжилснаар туслах адуучин болсон нь гайхалтай. Сэтгэлийн хат, ухааны цараагаар л тэхр бүхний ард байсан биз. Үлгэр домгийн ч гэмээр өвөөгийн чинь нууцлаг тэр амьдралын талаар эмээ чинь надад ихээ хожуу ярьсан юм. Ер нь хүн гэдэг амьтан чинь удам судрынхаа амьдралын зовлон жаргалыг болж л өгвөл нэг бүрчлэн мэдэж баймаар юм билээ гэж ижий минь яриагаа өндөрлөлөө. Сэтгэл хөвөлзөж, бодол болсоор явахад Богдхан уул үүрэглэн өвөөгийн минь түүхийг хүүрнэх мэт ээ.                   

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна