МУ-ын гарьд, Гавьяат тамирчин П.Сүхбат: Бидний үеийнхэн цолныхоо хэмжээнд хүрч барилддаг байлаа

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 03 -нд

Монгочууд, бөх сонирхогчдын хайртай бөхийн нэг бол яах аргагүй МУ-ын гарьд, Гаьяат тамирчин Пунцугийн Сүхбат билээ. Чөлөөт бөхөөр жинхэнэ гялалзаж явсан үе нь 1980-1990-ээд он. Чөлөөтөөр ДАШТний хүрэл, Азиын наадмын алтан медальт, тивийн аваргаар гурванч удаа шалгарсан дэлхийд нэртэй бөх. Тэгвэл монгол үндэсний бөхөөр улсын гарьд цолд хүрсэн цөөхөн хүчтэний нэг юм.Энэ хүний тухай ярихаар нэг сайхан гүндүүгүй монгол эрийн дүр тодорч унасан ч давсан ч гутардаггүй инээж л байх содон зураг харагддаг юм. Гэхдээ гарьд тийм зөөлөн хүн биш бөхөд байх ёстой хэмжээний шар гэвэл бий. Хэнд ч хэлэх гэснээ хэлчихнэ. Хатуухан үгний учрыг нь ойлгоод зоригждог хүнд бол түүний үг “хужир” гэсэн үг. Сүхбат чөлөөт болон үндэсний бөхийн төрлөр жигд амжилт гаргасан цөөн бөхийн нэгэн билээ. Түүнтэй ярилцахад асуулт бүхэнд тун таарсан оновчтой хариулт хэлдэг юм.
- Та чөлөөт, үндэсний бөх хоёрынхоо алинд нь илүү ханддаг вэ?
- Тэрэнд нь хайртай гэж онцлох юу байхав. Анх хүүхэд байхдаа Налайхад Д.Адъяатөмөр гэдэг мундаг хүний шавь болж чөлөөт бөхийн цагаан толгой заалгаж байсан болохоор чөлөөт бөхийг их хайрлаж явдаг юм. Тэгээд л АНУ явахын өмнө “Ирээдүй” цогцолбор сургуулийг түшиглэн чөлөөт бөхийн клуб байгуулж байлаа. Гавъяат А.Энхээтэйгээ хамтарч их спортод залуу үеэ бэлтгэх гэж л тэр дээ.Би удалгүй амьдралын эрхээр АНУ-г зорьсон ч А.Энхээ маань клубээ удирдаад гайгүй бөхчүүд бэлдсэн дээ. Би одоо ч гэсэн боломж олдвол чөлөөт бөхийн төрлөөр дэвжээ байгуулахыг хүсдэг.
- Чөлөөт бөхийн улсын шигшээд удсан санагдана. Хэдэн онд анх гишүүн нь болсон бэ?
- Ч.Дамдиншарав багшийг шигшээгийн ахлах дасгалжуулагч байхад анх орж билээ. Түүнээс хойш зургаан дасгалжуулагчийн гар дамжсан. Олон дасгалжуулагчийн гар дамжина гэдэг буруу юм биш юм билээ. Нэгнээс нь нөгөөгөөс нь бас нэгийг сурна. Өөр, өөр арга барил, мэх сурна гэсэн үг л дээ. Шигшээ багт 15 жил болсон.
- Бас чөлөөтийн ах нараасаа их юм сурсан биз дээ?
- Тэгэлгүй яах вэ. Олн хүнээс авахыгаа авсан. Тэр дотроос А.Баатархүү агсанаас их зүйл сурсан. Бас л сайхан бөх, сайн хүн байлаа тэр. Монголын чөлөөт бөхийн түүхэнд 48-100 кг хүртэлх бүх жинд барилдсан ганц хүн бол Баатархүү ах юм шүү дээ.
- Өөрийн чинь жинд өрсөлдөгч олон байсан уу?
- 82 кг-д арваад хүчтэй өрсөлдөгч байлаа. Ж.Даваажав багш, Д.Баяраа, З.Дүвчин, Ц.Дуламсүрэн “Хүч”-ийн С.Сүхбаатар нарын өгөө аваатай үздэг бөхчүүд байсан. Одоогийнх шиг нэг жинд нэг бөх дархалсан мэт байгаад л байдаггүй үе. Миний үеийнхэн олимпоос бусад бүх тэмцээнээс медаль авсан даа. Ж.Даваажав багш гэж олимпийн мөнгөн медальтай том бөх байв.
- Гадаадын хүчтэй өрсөлдөгчдөө нэрлэ гэвэл хэнийг онцлох вэ?
- АНУ-ын М.Шульц, Болгарын Александр Нанев, ЗХУ-ын В.Модосян, Туркийн Генчальп нарыг надтай өрсөлдөгч гэж С.Магсар багш тодорхойлж байсан удаатай.
- Монголын бөхчүүд ЗХУ-ын бөхчүүдэд л голдуу ялагддаг байсан үе бий. Гэтэл та токиогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ ЗХУ-ын бөхийг ялсан гэдэг...?
- Хорь гаруй жилийн өмнөх явдал сэтгэлд тодхон байна. Би нэг зүйлээр бахархдаг нь тэр. Монгол бөх Оросыг ялж медаль хүртсэн тохиолдол өмнө нь гарагүй байсан. ДАШТ-ээс хүрэл медаль хүртчихээд 7-р сарын10нд Буянд-Ухаад буугаад 11-нд улсын баяр наадамд зодоглоод 12-нд улсын заан болчихоод зогсож байлаа. Сайхан байсан шүү.
- 1990 онд Бээжинд болсон азийн наадмаас та ганцаараа алтан медальтай ирсэн байдаг. Энэ бас нэгэн гоц амжилт байсан байх?
- Тийм ээ. Олон тамирчин өмнөө том зорилготой явсан ч ганцхан би л жиндээ түрүүлсэн.
Одоогийн олимпийн аварга болсон шиг л баярлаж байлаа. Аваргын төлөө Ираны бөх Анатоллах Вагозариг ялсан.
- Иранд өөрийг чинь гоц мэддэг юм дуулддаг юм билээ?
- Тийм шүү. Ираныхан намайг сайн мэддэг. Бөхийн орон тэдний 4-5 бөхтэй өрсөлдөж үзсэн. Нутагт нь очихоор “Сүмбаа Сүмбаа” гэх. Сүүлд манайхнаас намайг сурдаг гэсэн.
- Ер нь таны хувьд чөлөөт бөхийг илүү эрхэмлэхийн учир юу вэ?
- Чөлөөт бөхөөр хичээллэхэд хүний ой ухаан илүү хөгжинө. Толгой их ажилладаг юм. Тухайн үедээ бид хамгийн хатуу ёанга шаардлагын дунд байлаа. Ялагдал хүлээсэн нөхцөлд хоолны сав гэж хэлүүлээд шигшээгээс хөөх туухад хүрнэ. Гэтэл одоогийн бөхчүүд гэж дэндүү хайр энхрийлэл, сайхан нөхцөл дунд жаргал нь дэндээд байх шиг. Тив, дэлхийн оролцож явааг нь харж, сонсоход халагламаар. Сонгол, сургалт дасгалжуулалт муу байгаагийн болов уу. Ер нь аль төрлийн бөхөд мэх, мэхний хувилбар учир дутагдалтай байна хар л даа. Олимп хаяанд ирчихээд байхад хоёрхон жинд эрхтэй байгаа нь дэндүү чамлалттай хэрэг.
- Мэх гэснээс таны үндсэн мэх юу вэ?
- Тавхйдах мэхээр дэлхйин томчуудаас овоо оноо цуглуулсан даа. үндэсний бөхөд хөл авдаг мэхийг голлон хийдэг.
- Одоо хоёулаа үндэсний бөхөө жаахан ярих уу? Их спортыг их л ярилаа даа?
- Үндэсний бө?өөр анхны том амжилт гэвэл 1982 онд “Налайхын Сүхбат” гэж дуудуулан УАШТ-д түрүүлж байсан явдал. Хэнтийн Б.Бат-Эрдэнэ, Ховдийн Ч.Бямбадорж, Архангайн Б.Жавхлантөгс, Завханы М.Даваадорж гээд 17-18 насныхан энэ тэмц?энд ирж байсан. Энэ барилдаанд гоц байсан хүн бол МУГЖ “Хасар” Б.Жаргалсайхан байсан. Тэр монголын пионерийн ордны нэрийн өмнөөс барилддаг мөн ч сайн байж дээ. Арванхоёр дугаар тойрог хүртэл унаагүй явж байгаад Ло.Энхбаяртай барилдахдаа гараа гэмтээгээд тэмцээнээс гарсан даа тэр. Энэ тэмцээнд түрүүлсэн би хүртэл түүнд уначихсан байсан. Гэмтээгүй бол Б.Жаргалсайхан түрүүлэх байсан байх.
- Тэр жил О.Балжиннямыг түрүүлдэг жил та үзүүрлэсэн. Энэ тухайгаа дурсвал юу нь илүүдхэв?
-  Өмнөх даваанд нь аваргыг хаячихаад их хөөрч байсан үе л дээ. Түүнээс босон уу Балжаагийн баруун хавираанд шороодчихсон. Уг нь дандаа зүүн хавирдаг хүн байсан хүн. Ганцхан надад баруун хавираа хийхэд нь гэндсэн юм. Тэгээд түрүүлж чадаагүй болохоор Б.Бат-Эрдэнэ аваргын түрүүг тасалсандаа жаахан харамсдаг даа. Бас нэг  харамсан бодож явдаг юм бол АХ-ын 70 жилээр үзүүрлэхэд цол нэмээгүйд гоморхдог доо. Өмнө нь 40, 50, 60 жил сүүлд 80, 90 жилээр түрүүлж үзүүрлэсэн бөхчүүд бүгд цол ахисан байдаг юм. Тэгэхээр улсын тэгш ойн наадамд үзүүрлээд цол ахиагүй цорын ганц бөх би. Тэгээд үндэсний бөхийн холбооныхонд гомдож явдагаа нуудаггүй юм. Хэрэв тэр үед цол ахисан бол цолоо хэд хэдэн удаа баталчих байсан гэж боддог доо. Үг яриандаа ч үндэсний бөхөө түрүүлж ярих байсан байх. Бас нэг зүйлийг хэлэхэд би ам авахдаа шилж авахыг боддог байсан. Одоо бол бөхчүүд зөөлчилж амлаад байх шиг харагддаг.
- Та нэгэнт ахмад бөхийн тоонд оржээ. Тэгээд л одоогийн бөхчүүдийн тухай үг цухуйлгаад байна аа даа?
- Бидний үеийнхэн цолныхоо хэмжээнд хүрч барилддаг байлаа. Би гэхэд улсын наадамд голдуу 6-7 давж. Гэтэл өнөөгийн том цолтнууд эртээ үзэгчидийн суудалд шилжээд байгаа харагдах юм. Үүнийг зарим нь бөхийн хөгжил гэдгээр халхавчлах гэдэг боловч бөхийн чанартай л холбоотой юм шиг санагддаг. Бас бөхийн ёс жудагтай холбоотой юм ч их харагддаг.
- Тэр жил Б.Гантогтохтой барилдсан нэг барилдаан чинь бөхийн түүхэнд гоц тэмдэгдэгдэн үлдсэн оргил агшин болсон. Тэр үед түүнийг шилж амласан байв уу?
- Цолгүй залуу бөх ширүүхэн гарч ирлээ. Аваргын хүү чанга байх шиг гээд л амласан. Сурснаараа хөлийг нь аваад дөрвөн хөллүүлж дарчихана гээд дээр нь тэгнэсэн чинь хөлбөрөөд намайг доороо хийчихсэн юм. Тэрхэн агшинд харамсаад тархи шуугиж, нүд юм харахгүй болчихсон доо. Ер нь бөх амлана гэдэг сайдаж муудсандаа биш. Шилэх талдаа. Гэхдээ бодоход жудаг гаргаж байгаа нь энэ гээд хэд хэдэн сайн барилдах үеэ алдсан байдаг юм.
- Та гарьд, заан цолныхоо алинд нь хайртай вэ?
- Хөлс хүчээ шавхаж байж авсан болохоож заан цолондоо л хайртай байдаг. Гарьд гэдэг цолныхоо идийг нэг их хийсэнгүй дээ л гэж боддог доо.

"Зууны мэдээ" сонин

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна