Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай унаган адуугаа хурдлуулна гэдэг уяачийн хувьд том бахархал юм

Сэтгүүлч
2024 оны 1-р сарын 15 -нд

Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэвээний Жамсрангийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 

-Таны аав Цэвээн морь уядаг байв уу?
-Тийм ээ, манай аав Цэвээн Тэс сумын 1987 оны улсын Аварга малчин, 2002 оны аймгийн Алдарт уяач хүн байлаа. Аймгийн наадмаас гурван түрүү, дөрвөн айрагтай. Дээр нь ойнуудын амжилтууд нь нэмэгдэнэ. Цагаан бор зүсмийн адуугаар нааддаг аав маань бас жороо морь их сонирхоно. Манай аав моринд мөнгө хайрладаггүй хүн байлаа. Хүний нэг жороо гүүг 10 гүүгээр авч байсан удаатай. Тэр гүүнээс  нь манайхны жороонууд төрсөн юм. Нэгэн цагт манай энд жороо морь хурдан мориноос илүү үнэтэй байлаа. Одоо харин хурдан адуу нь илүү хурдтай хөгжиж байна. 
       Аавын цагаан адуунууд  болох Тэсийн цагаан нь их ч тарсан. Өөрөөр хэлбэл долоо, найман үеийн цагаан азарганууд айлаас айлд дамжсаар хотод хүртэл хүрсэн нь бий.  Анх Шорын Улаан гэж азарганы төл Батаан улаан, түүний төл Рагчаан улаан, харин түүний төл нь аавын цагаан азарга байгаа юм. Түүний дараа манай дүү Гунгын шархал гарч, дахиад аавын дүүгийн хүү Паламын Сумъяагийн шархал азарга тэгээд миний бор азарга, цагаан азарга гэж найман үедээ давхисан. Өдгөө Увс аймагтаа үүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй дээ. Тэсийн цагаан адуу л гэдэг юм. Би энэ удмын хөгшин цагаан мориороо даншигт 11 авч байлаа. Бас бор азарга, шархал морь хоёр ч даншигт 11 авсан юм. Шархал нь нэг долоо авсан. 
-Шорын улаан нь аль голын унага юм?
-Яг Тэс голын Лүнгийн зах, Нарийны хөдөө хавийн адуу.
 -Ямар хэлбэр хийцтэй адуу байх уу?
-Би зургийг нь харж байгаагүй л дээ. Цагаануудыг хараад хүмүүс хэлдэг юм. Бариад л морддог, цатгалан гэдэггүй, их номхон адуу байсан гэж. Түрүүлж ирээд л баригддаг. Бариа ойртоход бүгдийг нь дараалаад гүйцчихдэг. Бэлэн давхилтай, цатгалан суусан гэж бараг үздэггүй тийм адуу байсан байна лээ. Зарим нэг адуу нь багадаа давхиад эхэлчихнэ. Харин нөгөө нэг нь таван нас хүртлээ гүйхдээ муу ч түүнээс хойш хөгширтлөө  давхисан нь ч бий.

-Таны дурдсан цагаануудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь аль азарга юм бол?
-Дээхнэ үед хүмүүс сумаасаа гарч явах нь ховор байлаа. Эндээс аавын шархал цагаан бор азарга аймаг, сумдын ой дамжин нэлээн их амжилт гаргасан. Долоотойгоос нь уясан энэ азарга хамгийн сүүлд 18-тай аймгийн 60 жилд аман хүзүүнд ирж байлаа. Одоо цагт бол 18-тай бараг давхихгүй дээ. Тийм тамиртай сайн адуу байсан. Чөмөг суулгаж, булчин сууж ир орохоороо давхидаг адуу шиг байгаа юм. 
-Их морь болгосон нь яах уу? 
-Миний цагаан морь аймагт үнэхээр их сайн байсан. Хотоос ирсэн манай аймгийн уяачид, халхын томчууд харчихаад “чи улсад л байх ёстой хүн байна даа. Чиний морь буруу газар байна” гэж явсан газар бүрт хэлэхтэй олон таарсан. Сайхан бэлэн давхиатай адуу л даа. Би маргааш наадам гэх сургаар бариад л явна. Замдаа нэг хөлс авбал авна. Очсон наадамдаа сайн явбал таваас мултрахгүй гарчихна. Доошлоход л таваар ирнэ. Ердөө гуравхан удаа таваас мултарч байсан удаатай. 
-Та уяанаас бусад үедээ эдэлдэг юм байгаа биз дээ?
-Эдлээд шалихгүй ээ. Тэр үед тэжээл, нэмэгдэл хоол гэж мэддэг ч үгүй байлаа. Уяж л байна, уралдаж л байна. Харин одооноос тэжээж байна. Нас нь 22 хүрчихлээ. Сүүлийн хоёр, гурван жил хоол өгч байгаа. Ид хурдан байхдаа тарган талдаа уралддаг байсан. 19-тэйд нь Улаанбаатар хотод очиж улсын наадамд нэг тавьсан, 100 гаргаад орж ирсэн.  Хотоос нутгийн зөвлөлийнхөн урилга ирүүлж очсон нь тэр. Энэ бол 2012 он. Тэгэхэд залуудаа явж байдаг байж гэж амаа барьсан шүү.  Хэдэн насаар залуу байсан бол бид хоёр нэлээн юм дуулгах байсан болов уу. Аймгаас “Их хурд”-ын урилга хоёр гурав ирсэн ч тухайн үед явж чаддаггүй байлаа. 
-Та шархал морио хэдий үеэс уяж эхэлсэн юм бэ? 
-Их туранхай даагыг сургаж, уяад Сагил сумын наадамд очсон чинь 180 дааганаас 14 авах нь тэр. Харин дараа жилээс нь шууд айраг, түрүүнд ороод эхэлсэн. Шүдлэндээ аймагт хоёрт ороод, дөнөндөө гурав, соёолондоо гуравласан. Ингэхээр би үндсэндээ аймгийн баярт дөрвөн айраг, нэг түрүүтэй боллоо. Өнөө зун дархална даа. 

-Энд зодог тайлах ёслол гэж болдог уу?
-Намайг залуу байхад Буумын Өнөрөм гээд адуучин байсан юм. Тэр хээр мориныхоо зодогийг тайлаад хазаарыг нь өөр нэг бага моринд оруулж ёс үйлдэж байсныг их тод санаж байна. Зарим нь түмний өмнө баяр наадмаар зодог тайлдаг юм байна лээ. Тиймэрхүү л юм болох болов уу. 
-Цэвээн гуайн хүүхдүүдээс хэд нь морь мал уяж байна вэ?
-Манай аав таван залуу, дөрвөн охинтой. Би айлын тав дахь хүү нь байгаа юм. Бид таваас гурав нь морь уяж байна. 
-Та хэдий үеэс эхэлж уясан юм бэ?

-1981 онд аав надад нэг хүрэн даага өгсөн юм. Өнөөхөө улсын баяраар дөрөвлүүлээд, намар ургацын баяраар дахин дөрвөөр оруулчихаад сургууль соёлд явсан. Залгаад цэрэгт явж, 88 онд ирсэн нөгөө хүрэн чинь жороо морь болчихож. Тэгээд жороогоо би унаж уралдаад, аймагт аман хүзүүлсэн. Жороо морь ч бас л их ажилтай шүү дээ.  Хурдан морины дайнд хүрэхээр ажил хийнэ. Гэхдээ хурдан морь шиг хол сунгахгүй л дээ. Ойр ойрхон оройн цагаар явдаг. Үүнээс нэг их удалгүй айл гэр болж, өмч таслан авснаас хойш тасралтгүй морь уяж байна. Үндсэндээ 30-н хэдэн жил моринд явна. 
-Яагаад орой явдаг юм бэ?
-Оройн цагаар жороо морийг унахад их тохиромжтой. Ер нь бага морийг өдөр унах дэмий гэдэг юм байна лээ. Өдөр нь жоохон уях маягтай байгаад оройхон гэрээсээ хол гарч яваад ирэхэд дасгал болдог.

-Буруу унаснаас жороо нь арилна гэж байх уу?
-Арилна. Базаагаар нь унавал арилдаг. Тарганд нь хол газар байнга унаад байвал арилах талтай. Жороог хааяа хааяахан тун их цэвэрхэн унах ёстой. Энэ бол гангарааны морь шүү дээ. 
-88 оноос дахин морь уяж эхэлсэн гэлээ. Тэр үед ямар морь уяж байв?
-Жороогоо орхиогүй л дээ. Хатирдаг, давхидаг бас нэг хул морь байлаа. Их насанд орчихоод, дахиад хөлсөө дарчихаад хатирахад дахин айрагдана гээч. Нэг өдөр хоёр уралдчихна, тэр тоолондоо орно. Ийм л сайн морь байсан. Гэхдээ олон жил уягдаагүй. Гурав дөрвөн жил уягдаад,  сүүлдээ хүн амьтан унаж, буруугаар эдлэгдчихсэн юм. Нэгдэл нийгмийн тэр цагт дуртай хэдэн нөхөд нийлж байгаад тав, арван адуутай болно. Энэ нь нэг айлд нэг, хоёр л ноогдоно. Тэрнээс одоо шиг 20,30 адуу гэж байхгүй л дээ. 
-Дараа нь ямар адуугаар ямар амжилт гаргав? 
-Нэг үе болсон болоогүй их “тэнэсэн”. Аймагтаа болон баруун таван аймгуудаар морьдоо ачиж очоод  л нааддаг байлаа. Тэгээд 88 онд хул морио оруулсан юм. Дараа нь хар нүдэн шархалыгаа суманд айрагдуулж байсан. Түүний хойно түрүүн дурдсан шархал морь гарч ирсэн. 
-Та хэдэн даншигт уралдсан бэ?
-Би Увсын хоёр, Ховд, Говь-Алтайн нэг, нэг даншигт явж байлаа. 2008 онд болсон Ховдын Алтайн унага даншигт ганцхан бор морьтойгоо очоод 11-лсэн. Тэр жил 240-н хэдэн морь уралдсан санагдана. Ховдын наадам сайхан болдог юм билээ. Зохион байгуулалт сайтай тэднийхэн холын зочдодоо тун ч хүндэтгэлтэй ханддаг санагдсан. 
-Энэ жил танай аймагт баруун бүсийн наадам болно. Хэдэн насны морь уяж сойхоор бэлтгэж байна вэ?

-Таван насны морь барина гэж бодож байгаа. Нэг харанхуй шүдлэн үрээ бий. Одоогоор гарсан болгондоо зургаагаар л ороод байна. Ноднин амны халаалттай зургаад явсан.  Гэхдээ энэ жил шүдлэнгийн жил болох болов уу гэж найдаж байгаа. 
-Таны хувьд хамгийн сайхан наадам хэзээнийх вэ? 

-Би 2007 онд Зүүнговь сумын ойд очсон юм. Тэгэхэд нэг өдөр нэг газраас бор азарга, цагаан мориороо хоёр мотоциклийг нь аваад гарч байлаа. 30 морины байнаас нэг хүн хоёрыг нь авна гэдэг том амжилт шүү. Миний унаган адуу л даа. Өөрийн тамгатай унаган адуугаа хурдлуулна гэдэг яах аргагүй баяр бахдал төрүүлдэг. 
-Тэгвэл уяачийнхаа хувьд сургамж өгсөн наадам гэж байна уу?

-2005 онд болсон Увсын даншигт цагаан морио туршлагагүй хүүхэд унуулснаас болоод суулгаад долоолсон. Түүнээс хойш хүүхдийн хувьд хянуур ханддаг болсон. Овсгоотой хүүхэд сонгохгүй бол хэцүү юм байна лээ. Тэр үнэхээр харамсалтай юм болсон. 
-Танайхан адуундаа хэр цус сэлбэж байна даа? 
-Аавын үед бид нар адуундаа салхи оруулалгүй хэсэг явсан. Харин сүүлийн үед дөрөв таван жил гайгүй давхиж байна гэсэн гүү азарга авч эхэллээ. Зүүнговь сумын Сарт хээр гэж том азарга бий. Тэрний төлийг авсан нь одоо хавчиг азарга болоод байна.  Холоос гэвэл Максын Ганбаагийн Жигүүр хулын угшлын хонгор азаргыг Бумбаяр заан надад авчирч өглөө. Би хоёр жил оруулаад байна. Энэ мэтээр сүүлийн үед цус сэлгэхэд анхаарал хандуулж эхэлсэн. 
-Тэсийн адуу бол Тувагаас орж ирсэн адуугаар нэлээн сэлбэгдсэн гэж хүмүүс ярьдаг юм билээ?

-Эртхэн үедээ тийм байсан болов уу. Гэхдээ манайхан Тува адуунд дургүй. Тэр байгаль нь өндөр чийглэг, уул ихтэй. Тэр утгаараа манай хүйтэнд таарамж муутай. Эндэхийн өвс тийм амтархаг биш шүү дээ. Хангай тийшээгээ уултай газрынхан л тэр адуунд их дуртай байдаг юм байна лээ.Бид үндэсний монгол адуу, монгол мориороо уралданаа л гэж зүтгэж яваа улс. 
-Тэсийн уяачдын уяаны арга барил ямар онцлогтой вэ?
- Манай Тэсийн голын адуу урд талын адууг бодоход яс томтой, сэрвээ өндөртэй. Ер нь юм болгон нь жоохон элбэгдүү онцлогтой. Нутаг орныхоо энэ байгалийн онцлогт зохицсон адуу байгаа юм. Унага нь төрөнгүүтээ бараг 30,40 км явж усанд очно, халуун наранд  элсэн дунд зогсоно гээд л амьдрал үзэж эхэлдэг. Энэ нь ч өнөө унаганд гимнастик болчихдог бизээ. Тэр утгаараа хурд илүү байх гэж таамагладаг.
   

   Адуу болгон өөр өөр уяатай. Олон хоногийн уяатай нь байхад хөнгөн бэлэн давхиатай ч байна. Гэхдээ манай халуунд олон хоногийн уяа хэцүүхэн л дээ. Нар их гарна, зундаа их гандуу. Энд уяачийн арчилгаа маллагаа л мэднэ. Сүүлийн үед сүүдэр дагуулах, нарнаас хамгаалсан бүс тавих, нойтон бүсээр бүслэх гэхчилэн уяаны аргууд нэвтрээд байна. Халх талаас орж ирсэн энэ арга манай адуунд их таарч байна. Урд нь бол уяатай байж л байна. Орой нь нэг газар сунгаа хийж үсэргэчихдэг байлаа.  Одоо цаг сайхан болоод мэдээлэл ч сайжирчихлаа. Олон хүний туршлагаас харж байгаад өөрт хэрэгтэй авах боломжтой болсон байна.                
-Таны аав уяаны үеэр юун дээр нь илүү анхаардаг байсан бэ?
-Аавын үед морио хамаагүй газар уяхгүй. Хогон дээгүүр явуулахгүй. Хэцүүхэн айлуудаар  оруулдаггүй, буулгадаггүй, бэлэвсэн айл дайруулж өнгөрүүлдэггүй байсан. За тэгээд наадамд явж байхад согтуу хөлчүү хүмүүсээс зайлсхийж яваарай гэнэ. Энэ талаар бидэнд ч их захидаг байлаа. Өөрөө ч чанд биелүүлдэг байсан юм. 
-Та бол хоёр дахь үеийн уяач. Одоо дараагийн үеийн уяачдаа бэлтгэж эхэлж байна уу?
-Миний отгон хүү 13 настай. Одоо морь унаад л явна. Би хүүдээ хэлдэг юм. Ямар ч байсан 12-р ангиа хийгээд ав. Тэгээд энэ олон гадаадаар бичсэн дэлгүүр хоршооны хаягийг мэддэг болчих. Яваандаа уяач болно шүү л гэдэг. Хүү маань ч адуу маланд хайртай. Насан туршдаа бодож зүтгэсэн энэ ажлыг хүүдээ өвлүүлэхгүй бол нөгөө уяач гэдэг юм алга болчих гээд л байна шүү 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа. 
-Энэ хүртэл хүрэлцэн ирж биднийг хүндэтгэн ярилцлага авсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүлийн Увс аймгийн тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна