Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны арга барилыг хүүдээ өвлүүлж байна

Сэтгүүлч
2023 оны 12-р сарын 22 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг нэгдүгээр багийн харьяат, аймгийн Алдарт уяач Галсантүвдэнгийн Энхбаатар 1978 он 5 сарын 12-нд Онгон сумын хүн эмнэлэгт төржээ. Тэрээр 2016 онд сумынхаа Шилдэг уяачаар шалгарчээ. 

-Таны дээдчүүлийн талаар ярилцлагаа эхэлье. Уяачийн хүү уяач болдог бичигдээгүй хуультай? 
-Миний аав Галсантүвдэн энэ нутгийн ахмад уяачдын нэг. 1937 онд төрсөн. Тракторын жолоочоор нэгдэл тартал ажиллаад, сүүлд Нийтийн ахуйн үйлчилгээний даргаар олон жил ажилласан даа. Сумын шилдэг хадланчаар хэд хэд шалгарсан гэдэг. Миний өвөө Санжаа-Осор гэж хүн 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. 1967 оноос морь уяж эхэлсэн гэдэг. Бүртгэл дээр өвөөгийн морьд байхгүй байна билээ. Морьд нь хурдалсан л гэдэг юм. Тэр үед ах дүүстэйгээ нийлж морь уядаг байсан. Өвөөгийн ах Жамъянцэрэн гэж хүн бас морь уядаг байж. Тэр хүний нэр дээр адуу нь морддог байсан юм билээ. Хээр, халтар гээд л давхисан адуу бий, бий. Аав эцэг эхээс гурвуулаа. Нэг дүү нь аймгийн арслан Загдаа, нөгөө нь Цэрэнсодном гэж хүн бий. 
-Аварга хүрэн халзан, Дүйдэн панзын харын удмаар цус сэлбэсэн гэж энд бичжээ. 
-Аварга халзангийн төл борогч гүүг Чулуун буюу эзнээс нь авч Магсаржавын хөлгүй хар азарганд тавиад, гарсан төл гүүг нь Дүйдэн панзын харын төл хонгор азарганд хураалгаж, гарсан төл нь давхисан юм. Аав өнгөрөөд Чулуун гуайн нэр дээр уралддаг болсон. Тэр хөлгүй хар азарга сайн адуу байсан гэдэг. Угшил нь ороогүй адуу манайханд ховор доо. Мөн нэг халтарч гүү гарсныг эмээгийн дүү, аймгийн Алдарт уяач Боргил гуайн хонгор азарганд хураалгаж гарсан төлүүд нь давхисан даа. Боргил гуайн хонгорын дээд тал нь Дүйдэн харын төл шүү дээ. 

-Халзан азарга тухайн үед энэ нутагтаа даалуу азарга шүү дээ. Төлийг нь авахад үнэтэй л байсан байх. 
-Тийм байх. Найз нөхөд юм шиг байна билээ. Чулуун гуай ч нэгдэлд тракторын жолооч байсан хүн. Тэгээд л моринд дурлаж авсан гэдэг. Хөлгүй харын төл морийг Магсаржав гуайгаас худалдаж авсан. Хар морио 1981 онд соёолонд нь, 1985 онд их морь тус тус түрүүлгэж байсан. Хоёр түрүүний хооронд уясан ч хөл нь болохгүй байсан гэдэг. Тэгээд хатгуулж гайгүй болгоод дахиж уралдсан нь тэр. Тэр жилээ хол түрүүлж ирээд эндсэн дээ. Их холоос хөтөлж ирсэн болохоор өлөн дэлүү л болчихсон шиг байна лээ. “Таван уул”-ын наад талаас 20 км газраас хөтөлж ирээд уралдуулсан гэсэн. 
-Ам руу нь архи цутгангуут босоод давхисан гэхээр ходоодондоо шархтай адуу байж гэж би ойлгосон. Монгол адуу хоол сойж уралддаг нь шарх үүсгэдэг гэнэ билээ. 
-Тийм гэсэн. Архи нь хэтэрсэн үү, яасан юм. Шөнөжин дэмийрч яваад өглөө нь өөд болсон. 
-Хонгор азарганы амжилтыг та дэлгэрүүлээч? 
-Хязааландаа 1989 онд аман хүзүүдсэн. Дүйдэн харын төл Боргил гуайн хонгор азарганы төл. Дээш нь хөөгөөд л Дүйдэн гээд байгаа болохоос Боргил гуайн хонгорын гээд нэг том угшил бий болчихоод байна. Энэ хонгор адууны цус ороогүй адуу гэж байхгүй болсон. Хонгор азарга хязааландаа нэг айрагдсанаас хойш уралдаагүй. Наран руу ахындаа өгсөн. Тэнд очоод төлүүд нь давхисан. 
-Аавын тань уясан морьдоос хамгийн өндөр амжилттай нь нэг түрүүлж, найм айрагдсан халтар морь шиг байна. Ямар удмын адуу вэ? 
-Мөн л хонгор азарганы дүү шүү дээ. Даагандаа уягдаагүй, 1990 онд шүдлэндээ гуравлаад, 1991 онд хязаалан мөн гуравлаад, 1995 онд аймгийн 60 жилийн ойгоор 14-өөр давхисан. 1995 онд сумын 70 жилийн ойгоор айргийн гурав, 1996 онд их нас айргийн дөрөв, 1997 онд айргийн гурав, 1999 онд айргийн дөрвөөр тус, тус хурдалсан буян даа. Тэгээд жижиг наадмуудад олон айрагдсан. Хэлбэр хийцээрээ азарга талаа илүү барьсан адуу. Нэлээн хатуу уяатай. 
-Бас нэг бор морь байх юм. 
- Удам нь Ширээтийн цагаан адууны угшилтай. Баяндэлгэрийн хойноос цагаан гүү авчраад хонгор азарганд хураалгаж, саарал гүү гарсныг Дожоо гуайн хүрэн азарганд хураалгаад бор морь гарсан түүхтэй. Дааганаасаа л хурдан байсан даа. 1999 онд сумын өвлийн уралдаанд түрүүлж, 1997 онд Сайрын тахилгад аман хүзүүдсэн. 
-Галсантүвдэн гуай морь шинжихдээ хэр байсан юм бол. Уяач хүний чухал эрдэм шүү дээ. 

-Аав тэр талдаа аугаа байсан. Азарга, гүү хоёрын тохироо бүрдүүлнэ. Дээр үед цөөхөн, цөөхөн адуутай байсандаа ч тэр үү, тохироо сайн хийгээд хэдэн биеэрээ сөөлжүүлж тавиад юм гаргаад байж. Тэр утгаараа сайн үржүүлсэн нь одоо бидэнд мэдэгдэж байна. Одоо бол адуу олон болсон, хүний адуунд гүү тавьж, төл авна гэдэг бараг л байхгүй болох гээд байна. 

-Түвдэн гуайн алаг морь бол тэрэгний л адуу байж. Хэн ч тоохгүй морийг Түвдэн гуай хараад төрийн наадмын түрүү хүлэг болгосон гэдэг. Үүн шиг аавын тань тухай яриа бий юу? 
-Намжилдорж гуайн дүү Нэрэндоо гэж манай аавтай чацуу хүн байсан. Тэр хүний хонгор морийг аав хараад “Зээ нэмнээтэй уралдуулбал чиний хонгор түрүүлэх юм байна” гэж. Тэгээд тэр хонгор нэмнээтэй түрүүлсэн гэдэг. Түүнээс хойш ч нэмнээгээ салгаагүй юм гэсэн. Би тэгж сонссон доо. 
-Таныг эрт моринд оруулсан шиг байна. Аав тань хэзээ бурхан болсон юм бэ? 
-Тийм шүү. Би чинь 1990 онд тавдугаар анги төгсөөд л моринд орсон. Тэр үеэс л бие даалгачихсан. “Одоо өөрсдөө уя” гэж хэлсэн. Уяж байхад учиргүй зааж зааварлаад байхгүй. Гэхдээ бүгд л ааваас асууж лавлана. Хоногийн шөнө авч хононо. Хүүхэд байхдаа хүн дагаад зарим морио баллаж л явсан байх. Аав “Морины уяа эвгүйтүүлчихлээ” гэж ганц ч зэмлээгүй. Өөрөө алдаанаасаа суралцаг гэж боддог байсан байх даа. Тийм л айхтар ухаантай хүн шүү дээ. Аав минь 1998 онд бүрлээч болсон. 
-Аавыгаа бурхан болохоос нь өмнө морь уях тухайд баярлуулж чадсан уу. Хүн гэдэг үр хүүхдээ сайн явахаар баярлана шүү дээ. 
-Ёстой хэлж мэдэхгүй юм. Халтар морийг өөрийнх нь хэлснээр уяж, айрагдуулсанд баярласан байх. Сунгаан дээр аав “Нэмнээтэй уралдуул” гэж зөвлөж байсан. Наадам дээр би нэмнээг нь салгаад буруутчихсан болов уу. Тэгсэн бол айргаас урагшлах байсан ч байж магад. Гэвч тэр үед аав юм хэлээгүй. 
-Таны хонгор морь нэмнээтэй уралддаг гэлээ. 
-Тийм. Хөлс их гарна. Зооны яргай хар махтай адуу л даа. Эцэг талаа дуурайсан. 
-Танай үүгээр нэг ёс ч юм шиг зүйл анзаарагдах юм. Хүү нь хэдийгээр өрх тусгаарлаад гарсан ч аавынхаа нэр дээр морио уралдуулдаг.
-Дээр үед морь уралдаж л байна. Морины комисс л харж байгаад тэрнийх ээ гээд бичдэг байсан үе. Одоо бол мандат олгоод яг эзнийх нь нэр гарч байна. 

-Таны нэртэй морьд хэдий үеэс хурдалсан бэ? 
-1999 оны жижиг уралдаанаас эхэлсэн. аавынхаа бүрлээч болсон жил амжилт гаргаагүй. Алдаа хийсэн. Аавыгаа байхад аргагүй л зоригтой, бүх зүйлээ санаандаа хүртэл хийдэг байж. Асуух хүн ч үгүй их чанга юм билээ. 1999 оны өвөл нь Наран суманд хоёр морьтой очоод айргийн дөрөв, зургаагаар хурдлуулсан. Зун нь их морь сумын наадамд дөрвөөр давхиулсан. Тэр жилийн Алтан-Овоонд халзан морио уралдуулаад 17-гоор ирсэн. 2000 онд өнжөөд, 2001 онд хонгор шүдлэнгээ алтан жолоо өргүүлсэн. 2002 онд халтар даага аман хүзүүдээд, хязаалан гурваар ирсэн ч будлиулаад хасагдсан. Дараа жил нь хонгор соёолон айргийн таваар хурдалсан даа. 2004 онд хонгор маань хавчиг морь айргийн дөрөвт ирсэн. 2006 онд бор даагаа дөрвөөр давхиулсан. 2015 онд хүрэн даага айрагдуулаад, 2018 онд ухаа азарга айргийн гурваар, хүрэн соёолон мөн айргийн гурваар, 2019 онд хязаалан, даага хоёр тус тус айрагдсан. 
-Таныг хамгийн их баярлуулсан баяр наадмынхаа талаар дурсамж яриач? 
-Баруун-Урт сумын 50, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 65 жилийн ойгоор хонгор морио айргийн гуравт хурдлуулж байлаа. Цагаан өвсний морь шүү дээ. Аймаг өвс муутай, гантай. Бензин олддоггүй. Асгатын Засаг дарга Батнацаг гуай дээр орсон, өөрөө наадам үзэхээ болиод 69 машиныхаа бензинийг шавхаж өгч билээ. Тэгээд “Миний дүү хойшоо гарвал өвс байхгүй ээ, Чи урагшаа явж хоно” гээд. Асгатаас урагшаа 50-иад км явж хоноод мориныхоо өвсийг өгчихөөд буцаад 100 км давхиж, аймгийн наадамд уралдсан түүхтэй. Тэр их дурсамжтай, сайхан наадам болсон доо. 
-Аав тань Дүйдэн адуу, хөлгүй хар, дээрээс нь Аварга халзангийн удмаар адууныхаа суурийг дэвссэн. Та үүн дээр сэлбэж, гадна дотноос адуу авах юм уу? 
-Дорнодын Намжил гуайгаас нэг азарга авсан. Асгатын Махбуриад адууны 2-3 улаан азарга авчирсан. Тэднээр цус холдуулаад, бас эргэж нийлүүлсээн. 
-Ер нь эргэж нийлүүлэх ёстой гэдэг юм билээ. Адууны цусыг тэгтэл нь холдуулдаггүй гэдэг.

-Боргил гуай Асгатаас хоёр зээрд азарга авчирчихаад намайг гүү тавь гэж байсан. Би тэр хоёр азарганд тавиагүй, алаг азаргандаа хураалгасан. Алаг азарга болохоор хонгор азарганы төл. Хөгшин хонгорын сүүлийн төл. Түүнээс эр төл гарангуут азарга тавьсан. Тэр алаг азарганы эр болгон нь давхиж байна даа. Дотроосоо тавьсан болохоор олон гүү хольж болдоггүй. 3-4 гүү л хураалгасан. Тэр хэдээсээ эр л гарвал уяад л байж байна. 
-Та аймгийн чанартай наадмын хичнээн айраг, түрүүтэй вэ? 

-12 айрагтай. 2012 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Би аймаг руу гурван удаа очиж наадамласан. 2007 онд хонгор морио гуравлуулаад, 2016 онд будан хязаалангаа айргийн таваар, 2018 онд хүрэн соёолонгоо зургаагаар тус, тус давхиулж билээ. Дорноговь руу олон явсан. Ер нь наадмын зохион байгуулалт бусад зүйлээрээ Дорноговь аймаг их аятайхан. Будан морио 2015 онд сумынхаа 90 жилийн ойгоор айргийн гуравт, Дорноговийн наадамд мөн л гурваар давхиулсан даа. Дараа жил нь аймгийнхаа наадамд айргийн тавд, соёолонд нь Дорноговийн наадамд айргийн дөрвөөр хурдлуулсан. 2019 оны Дорноговийн өмнөд бүсийн уралдаанд зургаад давхиулаад аймгийнх нь наадамд аман хүзүүдүүлсэн амжилттай. 
-Аймгийн Алдарт уяач гэдэг аймгийн Тод манлай уяач л гэсэн үг. Дараагийнх нь улсын цол. Тийш зүтгэнэ биз? 
-Адилхан эрлийзжүүлж байгаад л очиж уралдана даа. Улсын наадмын дов үзнэ л гэж бодож байна. 
-Аавынхаа арга барилаар хүүхдүүдээ уяаны ажилд сургаж байна уу? 
-Би дөрвөн хүүхэдтэй. Ганц хүүтэй. Хүүгээ мориноос холдуулчихгүйг бодож байна. Унаачаас хасагдаад одоо морьдоо уяж байна. Аав намайг яаж сургасан яг түүгээр л сургаж байна даа. 
Морь уях төрийн их хэрэгт нь амжилт хүсье. 

"Тод магнай" сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна