Сумын Алдарт уяач О.ДАШЗАВ: Сумынхаа наадмын айргийн морьдын байг бэлтгэдэг болсон

Сэтгүүлч
2023 оны 10-р сарын 09 -нд

Бидний ярилцах дараагийн зочин Сүхбаатар аймгийн Тэргүүний үйлдвэрлэгч хоршооны эзэн, сумын Алдарт уяач Д.Дашзав байлаа. Хурдан хүлгийн уяа сойлго тааруулахын сацуу гар аргаар суран эдлэл хийж зах зээлд нийлүүлдэг гарын ур дүйтэй хөдөлмөрч нэгэн. Түүний энэ хөдөлмөрийг үнэлж, өнгөрсөн удаад аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг, аймгийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр шагнасан нь бий.

-Сур суран эдлэл хийдэг байх нь ээ. Хэзээ байгуулагдсан хоршоолол юм бэ?
 -Тийм ээ, суран эдлэл хийгээд багагүй хугацаа өнгөрч байна. Малынхаа арьс, үхрийн ширээ ашигладаг юм. Хөдөөгийн хүүхдүүд багадаа  нэг бус удаа арьс  элдэж байсан биз ээ. Тэгэхдээ бас их залхуурдаг байж билээ. Би чинь 2009 онд ажлаа өгчихөөд цалин пүнлүү ч үгүй ядарч үзсэн. Тэр үед үгүй ядаж арьс илдээд сурчихгүй дээ гэж хүртэл бодох үе байлаа. 2010 онд юм аа.  Би хотод, хүүхдүүд хөдөө байсан үе л дээ. Эднийг идсэн бярууныхаа арьсыг явуулчих гэвэл тавхан мянган төгрөгөөр авдаг юм гэхээр нь авсангүй. Нэг өдөр захаар явж байтал арьс суран эдлэл зарж харагдлаа. Тэр дор нь л хүүдээ “Аав нь наадахыг чинь 100 мянга хүргэнэ ээ” гээд хөдөөнөөс авчруулсан юм. Ингээд л тэр өдрөөс сур элдэж эхлээд, өнөө бярууны ширээ 150 мянга болгох нь тэр. Суран эдлэл ч ховор байсан цаг даа.

-Боловсруулах технологи гэж байна, тийм ээ?
-Тэгэлгүй яах вэ. Манайхан бол шүүнд дардаг байхгүй юу. Энэ баруун хойшоо 40-50-иад км-т Хөшөөгийн шүү гээд сайхан шүү бий. Түүгээр шүүлээд, үнээний түүхий сүүгээр сүүлж, тараг хийдэг. Мэдээж ажил ихтэй л дээ. Нэг үхрийн шир авахад  бараг 20 хононо. Үсийг нь авна. Ширээ боловсруулаад элдэнэ. 10 хэдэн хоног шүүлнэ. Тэгээд элдэнэ. Ингээд бүтээгдэхүүн хийнэ. Хэрвээ дутуу боловсруулбал эдэлгээ даахгүй учраас боловсруулалт их чухал.  
Анх бярууны ширээр хийдэг байлаа. Яваандаа ширний маань тоо нэмэгдэхийн хэрээр хийдэг зүйл маань ч нэмэгдсэн. Одоо сумынхаа наадмын айргийн морьдыг байг бэлтгэдэг болсон. Энэ жил, ноднин зургаан түрүүнд нь өглөө. Тэрний түрүү жил 30 моринд хийж өгсөн.  
-Жилдээ хичнээн арьс боловсруулж юу, юу хийж байна вэ?
-Одоохондоо дөрөв, таван ширнээс хэтрэхгүй л байна. Яг л гараараа хийдэг учраас олныг хийж амждаггүй юм. Хуучин гурван мод босгоод элдэж байсан бол одоо арай боловсронгуй болоод авсан шүү. Энэ нь хуучин шиг гараар гуядаад, мушгидаг ажлыг хөнгөвчилж өгч байгаа юм. Мэдээж боловсруулалтын хувьд адилхан. Сураар чинь хазаар, ногт, жирэм, бугуйл, чөдөр юу эсийг хийх вэ. Гэхдээ би гол төлөв хазаар хийж байна. 
-Нэг үхрийн ширээр хэдэн хазаар хийх үү?
-Нэг бярууны ширнээс 21 орчим, бүдүүн үхрийн ширнээс 26-г гаргадаг. Нэг хазааранд хоёр сур ордог байхгүй юу. Тэгэхээр нэг ширнээс арваад хазаар гарч байгаа юм. Бас ширнийхээ сайн муугаас шалтгаалаад гологдол гарна л даа. Жилдээ гурав, дөрвөн шир худалдаж аваад, 100-гаад сур бэлдээд орон нутагтаа зарна. Ямар ч найр наадам болсон би чинь хазаараа аваад л очно шүү дээ. Тэгээд “Миний хазаараар хазаарласан морь нь хурдан байх болтугай” гээд ерөөгөөд өгдөг юм. Хүмүүс ч их бэлгэшээн сайхан хүлээж авдаг.  
-Дагуулаад эмээл, тохом хийх тухай бодож байна уу?
-Өөрийн хэрэгцээний эмээл, хазаар, тохомыг хийнэ л дээ. Одоохондоо эсгийгээ өөрөө хийж чадахгүй учраас худалдаж аваад хийчихдэг юм. Харин яваандаа гөлөм хийх зорилго байна. Намайг хүүхэд байхад Сүхбаатар сумын Хорзой Шагдар гэж өвгөн байсан. Одоо хүү нь Батдорж гээд зүүхэнтээ амьдарч байна. Эднийхэн үхрийн шир боловсруулаад гөлөм хийдэг байж билээ. Болмоор л санагдаад байгаа юм даа. 
-Энэ бол морь уях соёлыг дэмжиж байгаа нэг хэлбэр юм даа, тийм ээ? 
-Тийм шүү. Нэг хэсэг хазаар, олом жирэм гээд мяндас л хэрэглэдэг байлаа. Харин сүүлийн үед суран эдлэлийг хүмүүс их авдаг. Хийгээд өгөөч гээд ирэх хүмүүс ч олон болсон. 

-Энэ яриаг ингээд орхиё. Одоо харин уяачийн хувиар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?
-Манайхан чинь дээр үеэсээ морь уяж байсан улс. Аавын аав Баяжид долоон хүүхэдтэй хүн. Өвөө маань хүрэн морь, хүрэн азаргаа уяж хурдлуулдаг байсан гэдэг. Аавын хувьд малчин хүн л дээ. Биднийг төрөхөөс өмнө юм уу даа. 1950 хэдэн онд гэсэн байх аа. Аав маань 12 нас уяад, гурван түрүү, хоёр айраг авч ахынхаа нэр дээр цоллуулж байсан сайхан түүх байдаг юм билээ. Тэр үед ах Цэрэн  Дорнодод байсан. Өөрөөр хэлбэл дүү нь уяад ах нь зундаа Дорнодоосоо ирж туслаад, ахынхаа нэр уралдуулсан байгаа юм. Ах дүүсийн барилдлага гэдэг мундаг байгаа юм шүү. Надад энэ түүх бахархалтай санагддаг. Тэрнээс хойш бид ч төрөөд, аав маань нас яваад нэг хэсэг морь уяагүй. Харин би 1986 оноос эхлэн морь уяж, айрагдуулж эхэлсэн. Халзан шүдлэн гурваар оруулаад, нагац ахынхаа хээр хязааланг бас гуравлуулсан. Нэг өдөр хоёр үрээ гурваар оруулж, анхны айргаа амсаж байлаа. Түүнээс хойш одтой сайхан л наадаж ирлээ. 
-Хэд хэдэн онд ямар нас зүсний морь оруулж байв?

-1989 онд нэг хар азарга худалдаж авсан юм. Ээжийн дүү Дугарсүрэнгээс дөрвөн тугалтай үнээ, жороо зээрд морио өгч авсан нь тэр л дээ. Манайхан ярих л байх. Батын Лхамсүрэнгийн хар азарганы жинхэнэ бие төл, Авжий Шийвгай гэж хүний охин гүү байсан. Тэрнээс олон хурдан адуу төрж, гарсан болгон нь хурдалсан. Тэрний бие төл хар азаргыг Дугарсүрэн ахад өгсөнийг би естэйд нь худалдаж авсан юм. Тэгээд хар азаргаа суманд дөрвөөр оруулж байлаа. Бас өвлийн уралдаанд нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн.  Энэ Цагаантолгойд өвлийн уралдаан болдог байлаа. Тэр үед одооных шиг тэжээнэ гэж байх биш. Тэгээд дараа нь Үхэртар гэж хүнд зарчихсан. Нөгөө “Их хурд”-д буурал морь айрагдуулсан хүн  шүү дээ. Харин төлүүдээс нь нэг даага сум эмнэлгийн 60 жилийн ойгоор аман хүзүүдүүлж байсан. Дараа нь 1999 онд Их ууланд хязаалан морь тавлуулсан. 2007 онд суманд хавчиг морь аман хүзүүдсэн. 
-Дараа нь та хаанаас азарга авав? 
-Хүрэн халзан азарга маань байгаад одоо төлүүд нь бий. Гэхдээ ойрын хэдэн жил морь уясангүй ээ. Харин ноднингоос дүүгийн нэг жаалыг морь унуулж сургаж байна. Цаашдаа морио  ч уяад, суран эдлэлээ ч хийнэ дээ. 
-Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүлийн Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна