Тод манлай уяач Т.Батцоож: Уяач хүн алдаагаа дахин давтагдаггүй байх хэрэгтэй

Сэтгүүлч
2023 оны 6-р сарын 09 -нд

Нар наашилж, найрын дуу ойртсон дэлгэр зуны мэндээ. Эрхэм уншигч та бүхэндээ өнөөдөр Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Түвдэнгийн Батцоожийн 2016 онд Тод магнай сэтгүүлийн зочноор  уригдан оролцохдоо өгсөн ярилцлагыг хүргэж байна. Морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж, төрийн наадамд хоёр үеэрээ морь айрагдуулсан бахдалт түүхийн эзэн, аавынхаа цолонд хүрч ачийг нь хариулсан хүү, шинэ цагийн сайн уяачдын нэг Тод манлайн ярилцлагыг таалан болгооно уу. 

Сүүлийн дөрвөн жил дарааллан чансаа өндөр уяачаар нэрлэгдлээ. Баяр хүргэе. 
-Баярлалаа. 
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хичнээн айраг, түрүү хүртсэн байна вэ? Тооцож үзэв үү?

-Сүүлийн дөрвөн жилийнхийг тоолж үзээгүй юм байна. Харин 2001 оноос буюу бие даан морь уясан цагаасаа хойш тооцож үзэхэд улс, бүсийн уралдаанаас 17 түрүү, 51 айраг авсан байна лээ. Өнөө жилийн хувьд улс, бүсийн чанартай болон “Их хурд” уралдаанаас 10 айраг, түрүү хүртсэн. Монголын морины их олимп гэгддэг “Их хурд”  уралдааны хамгийн хурдан морьдын уралдаанд миний уясан Даш-Өлзий ахын маань цавьдар үрээ түрүүлж,  энэ том наадмын анхны түрүүгээ хүртлээ. Бахархаж л байна. Үүнээс өмнө би “Их хурд” уралдаанд оролцож байснаас айраг, түрүү авч үзээгүй байсан юм. 
-2016 онд чансаа өндөр уяачийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн. Өмнөх жилүүдэд хэдэд жагсаж байсан билээ?
-Анхны жил буюу 2013 онд наймд, 2014, 2015 онуудад хоёрт, харин өнөө жил гуравт эрэмбэлэгдлээ. 
-Монголын хурдан морины ертөнцөд нэгэн үеийн төлөөлөл хүч түрэн гарч ирж байх шиг? 
-Тэгэлгүй яахав. Аливаа юм ээлж,  дугараатай шүү дээ. Дээр нь хүнд өм, од гэж бий. Тэр үе нь ч ирсэн байж мэднэ. Хүн болгонд аз өм ордог үе харилцан адилгүй юм шиг байна. Зарим хүний өм нас хэвийсэн хойноо ордог бол заримынх нь бүр бага залуу байхад нь гийж байх жишээтэй. Миний хувьд аавынхаа нэгэн адил 30 гараад амжилт гаргаж эхэлсэн. Аав маань ч ялгаагүй 35, 36 хүрээд л амжилт гаргаж, айраг, түрүү хүртэж эхэлсэн байдаг юм. 
-Тодорхой хэмжээний дадал суудаг байх? 
-Уяач хүн алдсан алдаагаа дахиж давтдаггүй л байх хэрэгтэй. Алдаагаа давтаад байвал уяач болох болоогүй байнаа л гэсэн үг. Алдаан дээрээ суралцан, дүгнэж цэгнэж чаддаг байх нь чухал. Бүр зориудаар цаг зав гаргаж байгаад бодох хэрэгтэй. Миний хувьд жил бүр уралдаан наадам дуусмагц ийнхүү дүгнэлт хийдэг. Өнөө жилийн хувьд уг нь манай морьд сайн байсан. Ялангуяа их морьд илүү байлаа. Хавар эрт зөв онгойлгоод зун Онон ахынхаа морьдтой сунгахад хоёр, гурван ч их морь маань үнэхээр сайн байсан. Тэднийгээ улсын наадамд дээгүүр давхина даа гэж харж байтал сунгаанд уралдаад улдчихсан. Заримыг нь тахалж үзлээ, тахлахгүй ч үзлээ, нэмэр болсонгүй. Тулчихсан учраас яах ч арга  байгаагүй. Хойтон жил энэ алдаагаа давтахгүйг хичээнэ дээ.

-Өнгөрсөн жил бараг нас болгоны уралдааны дараа хөлсний цэнхэр хашаанд таарч байсан шүү? 

-Тэгсээн. 2015 онд уяаны алдаа мадаг гаргалгүй морьдоо сайн уяж, төрийн наадмаас дөрвөн айраг, бүсийн наадмаас 18 айраг, түрүү авсан. 

-Яг үнэндээ морь айрагдуулах нь дан ганц уяачийн асуудал бус. Уяач ямар нэг алдаа мадаггүйгээр морио сайн уяж, түрүүлгэж, айрагдуулах боломжтой болгосон ч уралдаанч хүүхдийн авхаалж самбаа, уралдаан зохион байгуулагчдын хариуцлага за тэгээд тэр өдрийн аз өм гээд нөлөөлөх хүчин зүйлүүд дэндүү олон...?

-“Таван жилийн дотор улс, бүсийн чанартай уралдааны 11 айргаа алджээ” гэж би нэгэн ярилцлагандаа хэлсэн. Урд талын эрлийз адуунуудыг хасчихвал минийх айрагдчих гээд байдаг. Гэлээ гээд асуудлыг нь хаана ч тавих юм. Уяачдын хохирсон эрх ашгийг хамгаалах байгууллага, хүн олддоггүй. Ийм  байдал олон давтагдахаар хүн шантардаг юм билээ.Сүүлдээ адилхан уралдуулах тухай бодогддог. Энэ бол өнөөдөр уяач болгонд тулгарч байгаа асуудал. Өөрөөр хэлбэл морьдыг үүлдэр угсаагаар нь ялгадаг журмаа нэг мөр болгох хэрэгтэй байна. Асуудлыг бүрэн шийдээгүйгээс болоод олон уяачийн хөдөлмөр үнэгүйдэж байгааг хэлэх нь зүйтэй байх. Үүнээс гадна хүүхэд унаж бэртэх, морь шороо идэх, хар чийгэнд цохиулах, тоосноос болоод уушги нь бохирдох гээд уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлэх хүчин зүйлүүд цөөнгүй шүү дээ. 

Тэр жилийн наадмаар аав минь надтай цуг наадсан

-15 жил гэдэг багагүй хугацаа. Уяачийн хувьд магнай тэнийлгэсэн олон баярт мөчүүд тохиосон нь лавтай. Гэхдээ илүү нандин санагддаг нь хэдэн оны ямар наадам бэ? 
-Баяр цэнгэлээр дүүрэн наадам болгон сайхан. Гэхдээ анхны гэдэг утгаараа ч юмуу, аав минь өнгөрөөд удаагүй, сэтгэл гундуухан байсан болоод ч тэрүү 2001 оны наадам хамгийн нандин нь. Аавынхаа таньж олсон  үрээг  хүү нь уяад түрүүлгэх сайхан ч байлгүй яахав дээ. Тэр тусмаа сум, аймаг, бүсийн биш төрийн наадамд гээд бодохоор бахдалтай санагддаг. Нүдэндээ нулимстай гүйж явахад аав минь намайг тэвэрчихсэн байх шиг санагдаад. Тэрнээс хойш дахин тийм баяр баясгаланг эдлээгүй ээ. Би одоо ч эргэлздэггүй. Тэр жилийн наадмаар миний аав надтай цуг наадсан. Амьд сэрүүнээрээ хажууд минь байх шиг мэдрэмж огт салаагүй. 
-Эмзэглүүлсэн бол уучлаарай?
-Зүгээр дээ. Би хүний ганц хүү. Тэр тусмаа аавын ганц эрх хүү байсан. Том эгчийн дээр хоёр, бага эгчийн дээр бас хоёр хүү төрөөд хүн болж чадаагүй юм билээ. Дөрвийн дөрвөн хүүгээ алдчихсан аав, ижий хоёр минь надад өө халдаалгүй өсгөсөн. Юу ч болсон хоёр эгч л буруутай. Надад ямар ч буруу байхгүй, ямагт миний зөв. Тэгтлээ хайрлуулж өссөн болохоор аавынхаа өнгөрсөн тухай мэдээг сонсоод хоёр хоног ухаангүй хэвтсэн байх даа. Аавтайгаа амьд сэрүүнд нь уулзаж чадаагүйдээ одоо  ч харамсдаг. 
-Тэнд өнгөрчихнө гэж бодоогүй байх л даа?
-Тэр үед би Солонгост байлаа. Аавын тухай сонсоод хоёр хоног ухаангүй хэвтсэн байсан. Тэгээд наашаа явах гэтэл бичиг баримтын зөрчилтэй гээд дахиад гурав хоног саатсан. Тухайн үед авто замын газрын даргаар ажиллаж байсан Буд ах маань харин  их тус хүргэж, тэнд байдаг Монголын элчин сайдтай яриад намайг авчруулсан даа. Ээж, эгч нар маань ч гэсэн “ганц хүү нь ажил явдалд нь оролцохгүй байж болохгүй” гээд лам нарт учирлаж хойшлуулаад хүлээж байсан. Аавыгаа амьд сэрүүнд уулзаж чадаагүйгээ бодохоор хувь муутай юм шиг санагдах үе байсаан. Тухайн үед би Солонгост очоод хоёр жил гаруй болчихсон. Тэр жил аав маань “миний хүү цагаан сараар хүрээд ирээ. Хоёулаа цуг сайхан шинэлье” гэсэн юм. Тэгэхээр нь би “цагаан сараар очлоо гээд хамт баахан айл л хэснэ биз. Тэрний оронд хэдэн сар ажиллаж байгаад хавар таван сард хүү нь яваад очъё. Ганц адууны өртөг ч гэсэн хаа юм” гэсэн. Миний санаа болохоор хавар хэдэн төгрөг цуглуулж очоод зун сайхан наадах. Тэгсэн аав минь “за тэг дээ” гэж билээ. Би ч аавдаа хэлсэн ёсоороо таван сард нутаг буцна гээд бүх юмаа цэгцэлж байтал тийм явдал болчихсон. Тийм хүнд үед их тусыг үзүүлсэн Буд ахдаа маш их талархаж явдаг юм. 

-Энэ сэдэв танд одоо ч эмзэг байдгийг гадарлах болохоор үнэндээ аавын тань талаар яаж ярина даа гээд халгаж байлаа? 
-Хүний ганц хүү, дээрээс нь дэндүү их эрх танхи өсчихсөн, аавынхаа өврөөс салж үзээгүй хүнд үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд байсан. Нэг хэсэг том өрөөнд ороод суухаар аав жижиг өрөөнд орчихсон юм шиг. Орохоор байхгүй. Том өрөөнд байгаа юм шиг санагдаад орохоор дахиад л байхгүй. Байхгүйг нь мэдсэн хэр нь шагайгаад хардаг. Ямар их хайртай байсан ч хүүхдээ тэгтлээ их эрхлүүлж болдоггүй юм билээ. Яг үнэндээ аавгүй амьдралыг төсөөлж ч байгаагүй. Тийм болохоороо одоо хүүхдүүдээ тэгтэл нь их эрхлүүлэхгүй ээ. Ялангуяа хоёр хүүгээ. Харин охиндоо өөрийн эрхгүй хошуу дэвсчихээд байгаа./инээв/
 -Аавыгаа нэг сайн баярлуулсан гэдэг. Тэр талаараа яриач?  
-
Солонгост очсон даруйдаа анхныхаа цалинг аваад, дээр нь ах, эгч найз нараасаа мөнгө зээлж нэмээд 3000 доллар аав, ээж хоёртоо явуулсан. 1999 оны 3000 доллар гэдэг бага мөнгө биш л дээ. Монголд байхдаа ээж, аав хоёрыгоо ганц сайхан баярлуулахсан, нүдийг нь бүлтийтэл гоёх юмсан гээд боддог байлаа. Түүнийгээ биелүүлж байгаа нь тэр. Тэгсэн аав ээж хоёр минь тэр үедээ моод болж байсан Солонгосын торгон савхиар дээл хийлгэж өмсөөд, наадмаар орж ирсэн хүн болгонд  шахуу “миний хүү намайг ийм болгочихлоо” гээд босч зогсоод үзүүлсэн гэсэн. Уг нь би тэр хоёрт хүссэнээрээ үрээрэй гэж явуулсан юм. Тэгсэн ээж бүр данс хөтөлчихсөн байсан. Хүүгээс ирсэн мөнгөнөөс 1,5 сая төгрөгөөр эмээл, хоёр алтан бөгж авлаа гэх мэтчилэн. Нөгөөхийг нь харсан нэг ч амттан авч идээгүй, бүгдийг нь эд зүйл болгосон байсан. Хүүгийн минь зовж олсон мөнгө гээд дэмий зүйлд үрж чадаагүй байх л даа. Гэхдээ  эрхлэхээс өөрийг мэддэггүй танхи хүү нь тийн тусад орсонд юу юунаас илүүтэй баярласан байх. Би чинь эрх нь дэндээд нэг хэсэг бужигнуулсан хүн шүү дээ бас. Аав ээж хоёр минь аргаа бараад л Солонгос явж хүмүүжүүлье гэж бодсон байх. Тэр нь ч зөв шийдвэр байсан. Би тэнд очоод архи, тамхи гэдгийг хэрэглэлгүй зөвхөн мөнгө цуглуулахын төлөө хоёр жил зүтгэсэн. Аавыгаа, адуугаа санаад удахгүй гэдгээ мэдэж байсан болохоор тэнд байх хугацаандаа мөнгө л сайн цуглуулъя гэж бодоод зүтгэсэн. Тэгээд  хоёр жилийн хугацаанд 32000 доллар цуглуулсан байсан. Тийм богино хугацаанд над шиг тэгж их мөнгө цуглуулсан хүн ховор байх шүү. 
-Магадгүй л юм?
-Утсаар ярихдаа хүртэл хэмнэлт хийнэ шүү дээ. Ярих тусам мөнгө гүйнэ гээд дууг нь сонсож, ойр зуурын юм яриад л тасалдаг байсан./инээв/ Очсон даруйдаа аавыгаа санаад хоол унднаас гарч тураад баларсаан бас. Нэг сарын дараа эгч “энийг буцаая, тураад болохгүй нь” гээд. Эндээс баахан мөнгө үрээд оччихсон хүн чинь буцчихаж болохгүй шүү дээ. Тэгээд аавд “та малд өмсдөг хуучин муу ягаан дээлнийхээ захыг нь өгөөд явуулчихаач” гэсэн явуулчихсан байсан. Дээлний зах нөгөө хүний үнэрийг нэвт шингээсэн байдаг юм билээ. Аавынхаа хуучин дээлний захыг үнэрлээд бэтгэрсэн сэтгэл тайтгарч жаахан нүд орсон доо./инээв/ Энэ бүхнээ бодохоор хүүхэд эрхлүүлмээргүй юм билээ. 
-Наадам дөхөхөөр сэтгэл тогтохгүй гэгэлзэх үү?
-Би бордооны үйлдвэрт ажиллаж байсан юм. Хөдөө маягтай болохоор ойрхон жүчээтэй. Амралтын өдөр амттан, зайрмаг аваад хашааных нь гадаа сууж, өдөржин нөгөө хэдэн адуугаа харж өнгөрөөдөг байсан. Заавал амралтын өдөр ч гэлтгүй ажлаасаа эрт тарвал нөгөө хэдийгээ харж хийморио сэргээнэ.  

-Адууны үнэр цаанаа л нэг гоё шүү. 
-Хэлээд яахав. Аав минь сүүлчийн амьсгалаа тасартал  адууны төлөө явсан. Ганц хүү нь түүнийг нь үргэлжлүүлэх ёстой. Ингэж бодоод хавар Буд ахыг дагаад Сүхбаатар явж нөгөө наймаа хийсэн хүмүүстэй нь уулзаж адууг нь авчирсан. Манай аав намайг морь уях арга барилд эртнээс сургаж бэлтгэж байсан юм билээ. Мориноос хасагдаад 16, 17 хүрснээс хойш байнга надаас асууж, миний бодлыг сонсдог болсон.”За миний хүү өнөөдөр энэ моринд ямар ажил хийх үү, яамаар байна” гээд л... Улсад зургаалсан хүрэн морь, хар азарганыхаа ажлыг хийхдээ хүртэл надаас л асууна. Ааваасаа айж эмээж өсөөгүй хүүхэд чинь санаа зовохгүйгээр “тэгнэ, ингэнэ” гээд хэлнэ. Миний зөв байх юм бол “аан тэгье” гэнэ. Буруу бол аав нь бол “ингэчихмээр л байна даа” гэнэ. Эрх гэхдээ морины уяа тал дээр ааваас зөрнө гэж юу байхав. Нөгөөхийг нь хийхэд онодог. Энэчлэн намайг эртнээс бэлтгэсэн юм билээ. Гэхдээ надад хэлдэг байсан. “Миний хүүгийн морийг мэдрэх нас арай болоогүй ээ. 30 гарч байж л мэдэрдэг болно, сайн ажиглаад байгаарай. Тэгвэл арай эрт мэдэрдэг болно” гээд. 

Урьд шөнө нь тарлаад, маргааш нь Суман халзангаа түрүүлгэсэн


-2001 онд улсын наадамд морь түрүүлгэхдээ мэдэрч чадсан уу?
-
Тэр үед юугаа мэдрэхэв. Нэгдүгээрт аав минь өнгөрчихсөн сэтгэл санаа хүнд хэцүү. Хүмүүстэй уулзаж ярилцахаас халгаад зугтаадаг байсан. Аавын найз хүрээд ирэхэд л хараад уйлчих гээд. Одоо эргээд бодоход ёстой урсгалаар нь уясан байна лээ. Яагаад гэхээр 2001 онд морь түрүүлгэчихээд тэрнээс хойш зургаан жил айраг, түрүү авч чадаагүй. Аав минь хурдан гэдгийг нь таньж аваад, тэр нь өөрийн сайндаа улсад түрүүлсэн гэж боддог. Суман халзан маань гуравны сунгаан дээр түрүүлээд, долооны сунгаан дээр Буд ахын хар үрээ түрүүлж, халзан нь хойшоо доголоод аман хүзүүдчихдэг юм. Уг нь сайн улсад мордуулчихмаар байдаг. Гэтэл доголчихсон. Сунгаанаас хойш хоёр, гурав хоног үрээндээ ажил хийж чадсангүй. Тэгж байгаад яг уралдахын урд өдөр нэг найздаа “салхи сөргүүлэн зөөлөн яваадах. Хөлс нь өвдгөндөө хүрэв үү, үгүй юу буугаад хусаарай” гээд хонгор халзангаа өгөөд явууллаа. 
-Яагаад заавал өвдгөндөө хүрнэ гэж?
-Зооных нь хөлс гарна хэмээн тооцсон хэрэг л дээ. Суман халзангаа хараад зооноос нь л хөлс авчихмаар санагдсан юм. Миний сайных ч биш, аав маань алсаараа хэлж өгсөн байх л даа. Найзыгаа ирэхээр нь харсан хөлс нь өвдөг жаахан давсан байсан. Хэд хоног амарчихсан адууг бүтэн чийглээд хөлс гаргачихаар гоё болоод ирнэ биз дээ. Үдээс өмнө ингэж хөлс авчихаад, орой нь тарлахгүй бол болохгүй юм шиг санагдаад болдоггүй. Гэхдээ нэг өдөр хоёр ажил хийвэл болохгүй  байх гээд тарласангүй. Шөнө дунд харвал тарлахгүй бол нэг л боломгүй санагдаад, гэрэл асааж байгаад тарлачихсан. Өглөө нь хязаалан мордох гээд байдаг, Суман маань унтаад байгаа. Морьд хөдөлтөл унтуулж байгаад мордуулаад, түрүүлсэн дээ. 
-Аав тань АХ-ын 60 жилийн ойгоор гурван түрүү хүртэхэд морьд нь мөн тэгээд унтаад байсан гэдэг. Түүх давтагдаж дээ?
-Аав Эрдэнээ ах, Багаа ах нар цуг адуугаа манадаг. Тэгсэн тэр шөнө гурван морь нь гурвуулаа биесээ дэрлээд унтаад байж. Өглөө нь аав багшаа гэдэг ахдаа “өнөөдөр миний гурван морь, гурвуулаа түрүүлэх юм байна” гэсэн. Нөгөө ах нь “хөөе чи дуугүй бай. Тийм юм ярьдаггүй юм. Том наадамд ирчихээд” гээд зэмлэж байсан гэдэг. Миний хувьд тэр өглөө Сумангаа сайн давхина гэдгийг мэдэж байсан. Гэхдээ түрүүлнэ чинээ санаагүй ээ. Анх удаа  толгой мэдэж морь уяж байгаа болохоор өөртөө итгэлгүй байсан хэрэг л дээ. Гэтэл түрүүлсэн. Түрүүлэх түрүүлэхдээ бүр мундаг адуунуудыг дийлж түрүүлсэн. Тэр жил агуу шарга дөрвөөр давхиж, даагандаа улсад түрүүлдэг хар нь аман хүзүүдэж, Баттөмөр гуайн хүрэн үрээ гурваар давхисан. 
-Зууны Манлай уяач Даваахүү, Түвдэн Манлай хоёр эрхэм журмын нөхөд байсан гэлцдэг. Тэр зун Тод манлай танд хэлж зөвлөж байв уу?
-Тэр жил Даваахүү ах намайг морь уяж байгааг бараг мэдээгүй байх. Аав нь өнгөрчихсөн болохоор морь уяна гэж бодоогүй байх л даа. Харин Сумангаа түрүүлгэсний дараа орой нь нүдэндээ нулимстай ирээд духан дээр минь үнсэж “за миний хүү болж дээ. Аавынхаа удмыг нь залгамжлаад төрийн наадамд морь түрүүлгэлээ” гэж хэлсэн. 


-Морь уях шийдвэрийг та өөрөө гаргасан уу? Зарим нэг нь цээрлэдэг шүү дээ.

-Тэгсээн, би өөрөө гаргасан. Цөөн бус хүн морь уяад хэрэггүй гэж байсан ч ээж минь “миний хүү өөрөө мэд” хэмээн зоригжуулсан. Миний хувьд тийм шийдвэр гаргах нь хоёр үндсэн шалтгаан байсан юм. Нэгдүгээрт миний аав морины төлөө явж байгаад өнгөрсөн. Хүүгийн хувьд дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэх ёстой. Хоёрдугаарт би морь уяж сатаарахгүй бол үхэхээс өөрийг бодохоо больчихсон байсан. Таван сараас хойш морины уяа эхлэх зургадугаар сарын 10-д хүртэл би зөвхөн аавдаа хурдхан очих тухай л боддог. Өөр юу ч бодож санахаа больчихсон байсан. Морь уяж сатааран энэ бодлоосоо аажим аажмаар холдсон. Бас нэгэн шалтгаан бол морь уяхад аав минь дэргэд байх юм шиг санагдаж, нэг тийм дүүрэн мэдрэмж төрдөг байлаа. Одоо ч тэр жил аавтайгаа цуг морь уясан гэдэгтээ эргэлздэггүй. Төрийн наадмын түрүү хүртэж хүн амьтан тэр жилийн наадмыг гайгүй сайн давсан ч дараа дараагийн наадмууд үнэхээр хэцүү байсан. Дараа жил нь Суман маань доголчихлоо. Гайгүй байсан морьд уяа нь алдагдаад болж өгдөггүй. Дөрвөн жил тэгж яваад  2005 оны өвөл Даваахүү ах дээр “өвлийн уяа суръя” гээд очсон. Намайг очлоо гэхэд Даваахүү ах “миний хүү мориныхоо хоолтой л ир. Чамайг, уралдаанч хүүхэд, туслах уяачтай чинь би тэжээчих байлгүй” гэсэн. Дараа жил нь 2006 онд шинэ цагийн уяанд суралцахаар Онон ахын хажууд буусан. Тэр үед Дундговийн Эрдэнэчулуун Манлай Рааш даргын морийг уядаг байсан юм. Онон ах олон морьтой тэр бүр надад олдохгүй. Харин Эрдэнэчулуун ах маань мэддэг чаддагаа харамгүй хэлж шинэ цагийн морины уяа буюу зундаа морийг тэжээлтэй уях арга барилд суралцсан. 

Багахан наадмуудад уралдсаар морьдоо болиодог байсан юм билээ

-Суралцах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ дээ?
-Тэгсээн. 2001 онд азаар морь түрүүлгэчихсэн. Тэрнээс хойш олигтой амжилт гаргадаггүй. Тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй болно. Тэгээд нэг өдөр сууж байгаад бодсон юм. Би ер нь юуг сайн хийж чадах вэ? Ингэж өөрөөсөө асуусан. Чадах зүйл цөөн юмаа. Хасагдсаар морь л үлдлээ. Ерөөсөө миний чадах зүйл морь уях юм бол үүнийгээ хийсэн шиг хийе. Ингэж шийдээд бодсон чинь миний морь уях арга барил хоцрогдсон. Өөрөөр хэлбэл хуучны арга барилаар уяад морийг хэт их бяргүйдүүлж тулгаад байсан байж. Ингээд шинэ цагийн уяанд суралцахаар Даваахүү, Онон, Эрдэнэчулуун  нарыг мундагуудыг дагаж байхгүй юу. Хүрэн морь маань жаахан тарган гэхдээ биеийнх нь хөндүүр гарчихсан байсан. Тэгсэн Эрдэнэчулуун ах харчихаад өнөөдөр хөлс ав, маргааш ахиад ав, нөгөөдөр ч бас ав гэхээр нь гайхаж л байлаа. 
 -Тэгээд хэлснээр нь хийсэн үү?
-Тэгэлгүй яахав. Тэднээс суралцах  гэж л очсон юм чинь хэлснээр нь хийсэн. Нэг их ядаргаанд ороод сүйд болдоггүй юм байна лээ. Морины хөндүүрийг гаргаад шар усыг нь тараачихсан байхад тэгтлээ зүдэргээнд ордоггүй юм байна гэдгийг тэгэхэд мэдсэн. Сүүлийн дөрвөн жил чансаа өндөр уяачаар шалгарч, уясан морьд маань хурдалж байгаа нь Даваахүү,Онон, Эрдэнэчулуун зэрэг мундагуудаас үг дуулж явсаны ач. Тэр хүмүүсийн ачаар би өдий зэрэгтэй явна. 
-Шавь сургалтын үр хэзээнээс гарсан бэ? 
-2006 онд хонгор халзан морь маань их хурдан байсаан. Сунгаан дээр хойноос зүтгэж ирээд гурав, дөрвөөр ордог. Харин яг наадмаар туршлага муутай жаахан хүүхэд мордуулчихсан чинь нөгөөх нь цаашаа явчихсан. Тэр үед хүнд хөтлүүлээд явуулахаа ч мэддэггүй байж дээ.Тэгээд тэр жил айрагдаж чадаагүй. 
 -2007 онд хонгор халзан морио аман хүзүүнд хурдлуулсан. Тэр тохиолыг азаар хэмээн хүлээж аваагүй байх гэж бодож байна? 
-Тэгэлгүй яахав. Би чадах юм байна гэсэн урам зориг, итгэл найдвар төрсөн. Хүн гэдэг урмын амьтан шүү дээ. Тэгж нэг сайхан урам ороод зүтгэж эхэлсэн дээ. 
 -Давхар уяагаар хаана уралдлаа?
-“Их хурд”-тай жил шүү дээ. Хавраас хойш намар хүртэл дөрвөн их насны мориороо есөн мотоцикль авсан гээд бод доо. Улсад хонгор халзан морь аман хүзүүдээд, бор халзан нь 28-аар давхисан. Наана нь нэг хээр, нэг ухаа морьтой байсан. Ажил нь таарахгүй уралдуулж чадаагүй. Улсын наадмын дараа “Их хурд”-ын өмнө Өгөөмөрийн 50 жилийн ой боллоо. Тэрэнд бор морь, хээр морь хоёроо уралдуулсан нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүддэг юм. Даваа ах харчихаад “чиний хоёр морь аргагүй сайн байгаа юм байна.Наад хоёрыгоо Өмнөговь руу аваачиж уралдуул” гэлээ. Би өөрөө “Их хурд” руу явж уралдах бодолтой байгаа гэсэн “удахгүй Даваахүү гуайн морь эндээс ачигдах гэж байна. Тэрэнд ах нь хэлээд өгье” гэлээ. Тэгэхээр нь нөгөө хоёрыгоо тийш нь ачуулчихаад өөрөө хонгор халзангаа, ухаатайгаа аваад Өвөрхангай руу хөдөлсөн. Ухаа морь маань тэр жил гурав түрүүлчихсэн. Би “Их хурд”-д уралдуулна гээд хадгалчихсан байсан юм. Сансар орчимд очоод сунгах гэсэн газар олдоггүй. Хайж байгаад баруун урд талд нь хар замтай ойрхон өгсүүр газар олоод 12 км орчим сунгасан чинь ухаа нь хонгор халзандаа дийлддэггүй ээ.
-Улсад аман хүзүүдчихсэн моринд дийлдэхгүй байна гэхээр аргагүй сайн байжээ?

-Тийм. Ухаа морио “Их хурд”-д айрагдуулна гэсэн тооцоотой байсан болохоор хонгор халзангаараа араас нь шахуулж байгаад хөлийг нь эвгүйтүүлчихдэг юм. Тэр жил Өвөрхангай зуншлага муутай. Ухаа морь очсон цагаас эхлээд хоёр хоног хоол иддэггүй. Гэгэлзээд толгой хаялаад дүүхэлцээд байдаг. Хавраас хойш аригласны уршиг л даа. Нэгэнт зорьж ирсэн юм чинь гээд мордуулчихсан өлдүүлээд унагахаа дөхсөн. Дагаж явсан тулдаа  хүүхдэдээ хэлж татуулаад ухаа морио авч үлдсэн дээ.

-Говьшанхыг зорьсон хоёр нь яаж давхисан бэ?
-Хонгор халзан, ухаа хоёроо шууд буцаагаад, би өөрөө Өмнөговь руу явсан. Хээр нь улсад 21-ээр давхисан бороосоо илүү сайн байсан болохоор битүүхэн найдлага тавиад. Тэгсэн хээрийнх нь таваг цөмрөөд, уралдаж чадаагүй. Харин нөгөөх нь наймаар давхисан. 
 2010 оныг  хүртэл томоохон наадмаас дахин айраг хүртээгүй байдаг. Үүндээ ямар дүгнэлт хийдэг вэ?
-2008, 2009, 2010 онуудад морио уядагаараа уяж л байсан. Гэхдээ багахан наадмуудад уралдсаар морьдоо болиодог байсан юм билээ. Өөрийгөө гайгүй сайн уяач болсон гэж бодоод байгаа ш дээ. Жижиг наадмуудад уралдаж мотоцикль түүж морьдоо болиочихоод,  томоохон наадмуудад 10,20-доор давхиулаад байдаг байсан. Тэгж бас хэдэн жил алдсан байна лээ. Уяач хүнд өөрийн гэсэн арга барил байх ёстой.Тэр арга барилаа 2010 оноос л олсон доо. 
-Нөгөө мэдрэх үе мөн үү?
-Тэгж хэлж болно.
 -10 жил гэдэг бага хугацаа биш шүү?
-Ер нь бол удна. Хамгийн гол нь уйгагүй л морио ажиглаж байх ёстой. Эхлээд харахад юу ч орж ирэхгүй ш дээ. Яваандаа зэрвэсхэн харахад л “тийм ажил дутуу байна. Уяа нь ханачихсан байна” гэх мэтчилэн уншигдаад эхэлдэг. Гэхдээ морь уяхад төгс суралцана гэж хэзээ ч байхгүй. Уяач өөрөө алдаа гаргахгүй байсан ч дээр ярьсан гадны хүчин зүйлүүд нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. 

Намар оройхон уяа морьдынхоо таван цулыг чангалж, махыг нь хатууруулаад тавих хэрэгтэй

-Морь уях хүсэл сонирхолтой залуус олон байна. Тэдний гаргаж болох түгээмэл алдаа юу вэ?
-Адуу болгон адилгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим морь хатуу уяатай байхад зарим нь зөөлөн уяатай байх жишээтэй. Зарим адууны сэтгэлийг нь өргөж уях хэрэгтэй бол өөр нэг хэсгийнх нь сэтгэлийг нь дарж уявал амжилт гаргана. Ийнхүү мориныхоо зан ааш, байр байдалд нь тохирсон уяаны арга барилыг олж тогтоогоод жилийн дөрвөн улиралд нийцсэн ажлыг хийж хэвших. Хаврын онгойлт, зуны уяа, намрын сойлго  гэх мэтчилэн. За тэгээд уралдаануудаа зөв сонгож, болж өгвөл нэг их олон уралдуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ер нь тэгээд төрийн наадмын данстай, төрийн наадамд орчихоор сайн морио олон уралдуулах дэмий дээ. Хамгийн наад зах нь гай газар доороос гэгчээр бүдрээд хөлгүй болчихвол яана. Хавар тарга хүчнийх нь байдлыг харж байгаад зун хаана уралдахаа товлох хэрэгтэй.Энэ жилийн хувьд би хавар Даш-Өлзий ахын цавьдарыг улсад мордуулахгүй “Их хурд”-д  уралдуулна гэсэн тооцоог гаргасан. Яагаад гэхээр хавар азарганд бариулаад хааш хаашаа төө хэртэй газар хүү татуулчихсан байсан юм. “Их хурд”-д мордоход гүйцэд эдгээгүй л байсан. Гэхдээ хавраас хойш тэр уралдаандаа зориулж бэлтгэсэн учраас хүссэн үр дүндээ хүрч чадсаан. 
-Намрын сойлго гэдэг нь хариу уяаг хэлж байна уу?
-Үгүй ээ, наадам дуусангуут нэг хөлс авсан болоод тавихыг хариу уяа гэж ойлгодог хүмүүс байх шиг. Энэ бол биш юм. Мориныхоо тарга хүчийг тааруулж, хүчийг нь чангалаад тавихыг хариу уяа гэнэ. Тэгэхгүй хаваржин, зунжин уягдсан морийг гэнэт тавьчихаар цүдийсэн гэдэстэй хамаг булчин нь цааш орчихсон арай гэж хөлөө даасан амьтан л явна шүү дээ. Ингээд тавьчихсан адууны сэтгэл гундчихдаг. Зүй нь бол уралдаан наадам дууссан ч гэсэн морио уядагаараа уяад, ажлыг нь аажим аажмаар багасган нүдийг нь сайхан дэрвэлзүүлээд яг уях гэж байгаа юм шиг болгоод тавих хэрэгтэй. Миний яриад байгаа намрын сойлго гэдэг нь гэдэс чангалах буюу таван цулын булчинг чангалах. Өөрөөр хэлбэл гэдсийг нь солиод, махыг нь сайхан хатууруулах юм. 
-Хэдий үеэр хийдэг юм бэ?
-Хүйт орохоор. Би уяа морьдоо 10,11 сард тэжээчихдэг. Яагаад гэхээр хаваржин, зунжин уралдчихсан адуу ямар ч бяргүй болчихсон, түүнийгээ бэлчээрээр бүрэн гүйцэд нөхөх боломжгүй байдаг. Тиймээс намрын сойлгон дээр нь давхарлаад сайхан тэжээчих хэрэгтэй юм байна лээ. 
-Махыг нь чангалахын тулд яах ёстой вэ? 
-Хөлс гараагүй бие хуурай үед нь огцомхон тарлах юмуу, уул өөд авируулах гэх мэтээр махыг чангалж болно. Хөлс гараад бие норчихсон бол хийж болохгүй. Гэхдээ махыг нь чангалж байгаа нь энэ гээд хэт өндөр уул руу албадан өгсүүлээд байж болохгүй. 
-“Морин-Эрдэнэ”-ийн гишүүдтэй уулзахад галынхаа тухай ярьдаггүй нэг ч хүн байдаггүй. Таны хувьд ч гэсэн энэ асуултыг хүлээж байсан байх?
-Гал хамт олныхоо тухай ярих таатай байлгүй яахав. “Морин-Эрдэнэ” гал маань 25 гишүүнтэй. Албан ёсоор төрийн бус байгууллагаар бүртгүүлж тамга, тэмдгээ авчихсан. Сая удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаа хийгээд энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөсөн. Галынхаа холбогдолтой мэдээ мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулаад гишүүдэдээ хүргэчихдэг. Товчхондоо үйл ажиллагааны хувьд жигдэрчихсэн хамт олон. Би галынхаа гишүүдэд талархаж явдаг юм. Яагаад гэхээр нь аавыг минь өнгөрсөний дараа намайг орхиод явж болох л байсан. 20–н хэдхэн настай жаахан хүүхдэд итгээд морь уяулна гэдэг амаргүй шүү дээ. Гэтэл тэгээгүй надад итгэл хүлээлгэж өнөөдрийг хүртэл хамт явна. Ийм хүмүүст талархахгүй байхын аргагүй юм. Морь уясан жилээ түрүүлгэчихсэн хүн чинь дандаа л тийм байх юм шиг санадаг юм билээ. Тэгээд түүндээ хүрч чадахгүй болохоор сэтгэлээр унана. Хоёр, гурван жил ноцолдоод морьд маань гавихгүй болохоор нь “би та хэдийн морийг уяж чадахгүй нь ээ” гээд хэлж байлаа. Бүр заримынх нь уяачийг өөрөө сонгоод бэлтгэчихсэн. Халтар ахынхаа морийг гэхэд л одоо Морингийн даваанд байдаг Дэлгэрсайхан ахаараа уяулна гээд тооцчихсон. Улсад их морь тавлуулж, соёолон аман хүзүүдүүлчихсэн хүн хоосонгүй л байж таараа гэх мэтээр судалчихсан байлаа.  


-Сүүлийн жилүүдэд бүл нэмээд өнөр болоод байгаа юм биш үү?
-Гарьд /Базаргарьд/ ахын хувьд хонгор халзан морь аман хүзүүдсэний дараа жил буюу 2008 онд над дээр ирсэн. Даваа ах “ээж нь манай Булганы хүн байгаа юм. Цоож  дээр оч” гэж зөвлөсөн юм билээ. Нэг өдөр давхиж ирээд “за би чамайг уяачаараа авлаа. Чи миний морийг уяна шүү” гэж хэлсэн. Тэр үед намайг тоож ирсэн Гарьд ахдаа баярлаж явдаг. Түүнээс хойш бидний ганзага нийлж олон сайхан амжилтын эзэд боллоо. Ах маань өнөө жил улсын Алдарт уяач болох байх. Харин Даш-Өлзий ахтай бол их сонин учралаар холбогдсон. Тэднийх Цагаанхөтөлд нэг худагтай. Манайх арай ойр гэдгээр нь хавар Цагаан хөтөл рүү гарахаар болж, Даш-Өлзий ахад “бензинийг би хариуцъя. Худагнаас чинь хэдэн адуугаа услаж болох уу” гэсэн “тэг тэг” гэнэ. Дараахан нь би “морийг чинь уяад өгөх үү” гэвэл “тэр тэр нь сайн, эднийг уяхгүй юу даа” гэж байна. За тэгээд “Гарьд зам”-ын Батбаяр, “Тэргүүн инвест”-ийн Батбаатар гээд сайхан ах нар байнаа байна. Энхболд ахын тухайд өнгөрсөн жилээс манай дээр ирсэн. 
 Өөрийгөө чамлаж хурцалж байсан үе бий. Харин одоо тоох юмуу?
-Тооноо, тоолгүй яахав. Гэхдээ амьтан хүнд хэлээд сагсуурахгүй. Харин өөртөө урам өгөх үүднээс хааяа “би чинь чадаж байна” гэж боддог юм.

Ийм сайхан эгч нар заяасан бурхандаа, аав ээждээ талархаж явах ёстой байх


-Таны аав МУ-ын анхны 10 Манлай уяачийн нэг. 20 жилийн дараа та аавынхаа цолонд хүрч, төрийн тэргүүнээсээ гардан авсан. Тэр үед ямар мэдрэмж төрдөг юм бэ?
-Яг үнэндээ надад жаахан ичих сэтгэл төрсөн. 
-Яагаад?
-
“Арай залуу байна уу даа. Аав минь хэдэн жил зүтгэж байж энэ цолонд хүрлээ дээ” гэж бодохоор ахадсан юм шиг санагдсан. Хэрвээ ажигладаг бол би нэг их малгайгаа өмсдөггүй ш дээ. 
-Даруулга, даруу зан илүүдэхгүй ч хөдөлмөрийнхөө үр шимээ хүртэх ёстой биз дээ? 
-Шагнал авч байх мөчид аавынхаа тухай л бодсон. Аавынхаа үлдээсэн буяныг жаахан ч гэсэн зөв хүртэж байгаа юм болов уу гэж. Би ер нь ямар ч хүнийг аавтайгаа адилтгаж хардаг. Аав шиг минь нийтэч, үргэлж инээсэн, эргэн тойрныхныгоо инээлгэсэн тийм хүн олон байдаггүй юм билээ. Ямар ч хүнийг ялгахгүй. Дөнгөж танилцсан хүнтэй удаж төдөлгүй дотносоод хоёр биенийхээ амьдрал ахуйг ярьчихсан сууж байдаг. Өнөөдрийг хүртэл би аавын талаар нэг муу үг унагаж байгаа хүнтэй таараагүй. Цандэлэг ах “би уяачдын талаар сонин сонин юм их дуулдаг. Гэхдээ аавын чинь талаар нэг муу юм сонсож байгаагүй шүү” гэдэг юм. Даваахүү ах болохоор “алт шиг хүн, оронд нь би явчихгүй яав даа гэж хүртэл бодогдож байсан үе надад бий” гэдэг юм. Хэдий үй зайгүй сайн найзууд байлаа ч оронд нь би явахгүй дээ гэж тэр болгон бодохгүй байлгүй дээ. Ингээд бодохоор аав минь зөвхөн гэр бүлийнхнийхээ хувьд төдийгүй найз нөхөд, хамт олныхоо дунд ч үнэлэгдэх хүн шиг хүн байж. Тийм сайхан нэрийг сэвтүүлчихгүй юмсан гэж хичээж явдаг даа.
-Их шооч хүн байсан дуулддаг
-Шооч, шооч. Аюултай шооч.
-Эгч нар тань дүүгээ их дэмжинэ биз. Цахим ертөнцөөс харахад тэгж мэдрэгддэг?
-Хоёр эгч минь миний улаан фен шүү дээ. /инээв/ Нэгэн үе энэ гэрийн шүтээн аав минь байсан бол одоо би болсон. Өөр тэгээд хэндээ ч эрхлэх вэ дээ. Мөөмийг нь хөхөхөөс наагуур л эрхэлнэ ш дээ. Өөрийнх нь хүүхдүүдээс ч илүү эрхэлдэг байхаа. Юманд явахдаа үнсүүлнэ, эргэж ирээд үнсүүлнэ, заавал шүү. Нэг насаараа хоёр эгчдээ эрхэлж байна даа. Ийм сайхан эгч нар заяасан бурхандаа, аав ээждээ талархаж явах ёстой байх. 
-Өөрөө эрхлэнэ. Тэгсэн хэрнээ хүүхдүүдээ тэгтэл нь эрхлүүлэхгүй гээд байгаа...?
-Миний хүүхдүүд чинь миний бурхан шүү дээ. Хүн бурхан шүтээндээ хэрхэн хүндэтгэлтэй харьцдаг вэ би тэгж л харьцдаг.
-Том хүү энд тэндхийн наадамд хамт яваа харагддаг. Уяачийн эрдэмд сургаж байна уу? 
-Айлын том хүү хоёр дүүгээ авч явах ёстой, аав ээжийгээ авч явах ёстой. Тэр утгаараа одоо морь мал гэж болохгүй. Чи энэ бүх хүмүүсийг авч явах үүрэгтэй учраас хичээл номондоо шамдах ёстой гэдгийг багаас нь ойлгуулсан. Монгол хүн, тэр тусмаа уяач аавын хүү морь мал унаж, наадам үзэлгүй яахав. Гэхдээ улайрч хэт шимтэж болохгүй. Харин бага хүү бол угаасаа морины хүн болно. Өөрөө ч морины өвчтэй. Морь ярьсан,саагисан амьтан давхиж явдаг юм. Морь ярихаар нүд нь гялалцаад л... Аавынх нь санаагаар болдог бол том ах нь дүүгээ дэмжээд морь уяхад нь дэм болбол сайхан л юм. 
-Ингэхэд Манлай хэдэн настай анх хурдан морь унаж сурсан бэ?
-Морины нуруун дээр эрт гарсан. Яг улсын наадамд хурдны морь унасан нь бол долоон настай. Түүнээс өмнө унах гэхээр өвөө, эмээ, ээж зөвшөөрдөггүй байсан юм. Ганц аав, ээж, эгч нар маань биш өвөө эмээ маань хүртэл надад амиа тавьдаг. Морь унуулахгүй гээд л дайрна шүү дээ. Долоон настай улсын наадамд даага унахдаа бөөн юм болж байж, аав бид хоёр хулгайгаар шахуу явж байлаа. Эмээ, өвөө, ээж гурав надаар морь унуулахгүй гээд аав унуулна гээд. Аав аргагүй ганцаардана биз дээ. Тэгж байсан ээж гүүгээ саах гээд гарсан. Яг тэр үеэр эмээ, өвөө хоёр эзгүй байж таараад аав бид хоёр давхиж очиж мордоод зугтчихсан. Түүнээс өмнө нэг сиймхийгээр нь даагаа эмээлчихсэн байсан юм.
-Тэгээд таны унасан даага хэдээр ирсэн бэ?
-128-д ирсэн. Би ер нь унадаг байхдаа улсын наадамд морь айрагдуулж үзээгүй хүн шүү дээ. Зургаа, найм, арваар л давхиулж байсан. 
-Түвдэн Манлай Монголын хурдан морины түүхэнд хоёр рекорд тогтоосон байдаг. Нэг нь нэг өдөр төрийн наадмын гурван түрүү хүртсэн. Нөгөө нь 20-р зуунд бага дөрвөн насандаа завсаргүй айрагдсан цор ганц хүлгийн эзэн гэх. Та хар азарганыхаа талаар хэр мэдэх вэ?
-Бага дөрвөн насандаа завсаргүй айрагдсан хар азарганд маань хэдэн жилийн өмнө Эрхэм төрийн Идэр түмний эх цолыг олгосон. Бороохой Бат гэдэг хүн Галшараас нэг саарал азарга авчирсан юм билээ. Тэр саарал азарганы төлүүдээс Цэвэгжавын саарал, Чойжамцын саарал, Лхүндэвийн хул зэрэг хурдан азарганууд төрөн гарсан байдаг. Манай хар азарга бол улсад нэг айрагдсан Чойжамцын саарал азарганы төл. 

-Эх нь ямар гүү байсан гэдэг вэ?
-Эх нь буурал гүү. Манай аав тэр үед Чойжамц гуайгаас унагатай нь хоёр буурал гүү авсан юм билээ. Нэг нь саарал, нөгөө нь хар унагатай. Хоёулаа эр. Дараа жил нь хоёр сөнгө даага уясан саарал нь замбараагүй хурдан. Бүр юутай ч уралдахын эцэсгүй хурдан.Их морьтой тарлахад хүртэл холдохгүй байсан гэдэг юм. Дааганы сунгаанд саарал нь замбараагүй хол түрүүлээд араас нь хар нь ирдэг. Гэтэл наадмаас гурав хоногийн өмнө саарал нь ханиад хүрээд, ногоон нус нь цуваад байж. Эм дом хийж байгаад жаахан гайгүй болонгуут нь аав хоёуланг нь улсад мордуулчихаж. Тэгсэн хар нь тавлаад, саарал нь зургаалсан. Рашаант хавиар саарал үрээний хурдныг мэдэхгүй нэг ч хүнгүй. Гэтэл ЗИЛ-130 машинтай хүн хөөсөөр байгаад дайраад алчихсан байдаг юм. Бүр гүүр даваад хөөсөн байдаг. Намар нь нөгөө хүн тогонд цохиулаад нас барсан. Юм гэдэг учиртай шүү. 
-Хар азарга улсад дөрөв айрагдсан. Хэдэн удаа арав дотор давхисан юм бэ?
-Улсад завсаргүй дөрөв айрагдаад, нэг улсад зургаалж, нэг наймаар давхисан. Бас нэг удаа 12-т давхиад тэгээд л хулгайд алдчихсан даа. 
-Сураг гараагүй гэдэг билүү?
-Гараагүй ээ. Хар азарга, улсад хоёр зургаалсан хүрэн морь, хар азарганы төл соёолон хар үрээ, улсын заан Амартүвшин ахын Элбэг хээр гээд соёолон үрээ гээд аль сайн гэсэн дөрвөн адууг нь ялгаад аваад явчихсан байсан. Хар азарганы төл хар үрээ, Элбэг хээр хоёроор азарга тавина гээд хөнгөлөөгүй байсан. Элбэг хээр гэдэг нь Даваахүү ахын Цолмон халтрын төрсөн дүү шүү дээ. Аав Амартүвшин ахаас аваад дүүдээ өгсөн байсан юм.
-Сорчилсныг бодоход мэддэг хүн байж гэсэн хар төрж байна шүү? 
-Тэр өглөө би адуундаа явж таараад. Намар оройхон байсан юмаа. Адуугаа гүйлгэсэн чинь хэдэн адуу дутаад байдаг. Хүрэн морь, хар үрээ, хээр үрээ байхгүй байна. Хар азаргаа байхгүй байна гэж ёстой санаагүй. Гэрийнхээ гадаа ирээд хар азаргаа харсан чинь байдаггүй. Адууны ард л явдаг юм. Тэр үед аав хотод байсан. Төмөр замын өртөөний утсаар гэр лүү залгаж аавд хэлээд зурагт, радиогоор зарлуулаад хайсан ч сураг гараагүй. 
-Хар азарганы төлүүдээс үлдсэн юмуу?
-Аавын дүү Багаа ахын зээрд азарга байсныг сүүлд бас ахиад хулгайд алдчихсан. Хар азарганы удмаас одоо ер нь ганц л морь байгаа юм байна. 2002 оны зуданд би 150 гаруй адуу гаргаад 39-хөнтэй үлдэж байлаа. Нэг үе адууныхаа чанарыг дээшлүүлэх үүднээс нэлээд анхаарал хандуулсан. Түүний үр дүн гарч сүүлийн үед унаган адуугаараа гайгүй амжилттай наадаж байна.

Сайн хүлэг эзнийхээ амийг авардаг гэдэг үнэн шүү

-Танд хаягласан уншигчдынхаа асуултанд хариулт авъя. Алаг морийг зарим хүн эрлийз адуу гэж ярьдаг юм билээ. Энэ талаар тодруулж өгөөч гэжээ.
-Алаг морь чинь угаасаа цустай адуу шүү дээ. Удам угшлыг нь хөөвөл Жаргалантын морин заводынх. Хувь заяаны эрхээр Рашаантад тэрэгний морь болчихсон болохоос биш. Би худлаа хэлэхгүй хүнээс Жаргалантын заводын адуу гэдгийг нь сонссон. 
-Хүний өгдөгийг өгнө гээд наймаа буцааж байсан гэдэг?
-Хоньчин Батмөнх ахын тэргэндээ хөллөдөг алаг морийг өвөө хараад “за энэ морийг хожим зарж үрэхээр бол хэдэн дүү нартаа өгөөрэй” гэсэн юм билээ. Батмөнх гэдэг нь манай аавын авга ах. Тэгсэн Дорж гэдэг хүнд зарчихсан дуулдаад өвөө галтайгаа бууна биз дээ. Наймаа буцаж, есөн настай морь 20-н хэдэн хонь, 200 шпалкаар авч өвөө аавд “энэ алаг морийг ханцуйн дороосоо алдаж болохгүй шүү. Чиний магнайг тэнийлгэх хүлэг байгаа юм” гэсэн гэдэг юм. Ирсэн жилээ алаг морины хүүхэд гараан дээрээ унаад, замаасаа гарчихсан. 12,13-тай морь улсад түрүүлсэн  шүү дээ.
-Аав тань 1981 оны наадмын талаар их дурсдаг байсан байлгүй
-Тэгэлгүй яахав. Хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнасан гээд л ярина шүү дээ. Миний аав чинь нулимс ойр уяхан хүн шүү дээ. 
-Баярласандаа малгайгаа аваад шидчихсэн гэдэг бил үү? 
-Морь түрүүлэхэд бишээ. Намайг хар азаргатайгаа улсад зургаалахад “зургаа, жар хоёр адилхан” гээд малгайгаа аваад шидчихгүй юу./инээв/ 
-Хоёр дахиа түрүүлэхэд хүүхдийн фондод бэлэглэсэн байдаг. Тэр шийдвэрийг өөрөө гаргасан юмуу? 
-Морио цоллуулах гээд стадионд зогсож байхад нь тухайн үеийн том генерал ирээд “хүүхдийн төлөө фондод алаг морио өгчих” гэсэн юм билээ. Социализмын үе шүү дээ. Тэр том дарга үг хэлж байхад зөрөх эрх байхгүй. Генералын үг бараг хууль байсан байлгүй. Тэгээд л өгсөн гэдэг. Яг энэ тухай ярихаар аав дургүй. Ярьдаггүй байсан. Хожмоо  Саруулбуян гуай , Шаравдорж гуай хоёр хамтраад “Алаг морины дууль” гээд баримтат кино хийсэн. Алаг морь өөрөө өгүүлж байгаагаар. Тэрнээс хойш хөл минь хүндрээд нэг л явахаа байсаан гэж алаг морины бодролд гардаг. Тэр үнэн шүү дээ. 20 дотор ч давхиагүй. 
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-Алаг морь бид хоёр нэг жил зодог тайлсан. АХ-ын 70 жилийн ойгоор шүү дээ. Тэр жил их морь хоёр хуваагдаж эргээд. Зодог тайлж байгаа хүүхэд чинь хашир байна биз дээ. Эхний морьд будилчихлаа гээд таван км орчим яваад буцаад эргэсэн. Тэгээд үлдсэн 200 гаруй морьдтой нь нийлж уралдаад 19-өөр ирсэн. Тэгсэн аав “ээ миний хүү явуулчихгүй дээ” гэсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр би гурав дээр явсаар байгаад Айдас руу өгсөхдөө цээжний хэдээс аваад үлдчихсэн юм. Тэгэхээр нь аав минь тэр чигээр нь явуулчихаж болоогүй юмуу гэж байхгүй юу.
-Хөгшин морио тэр чигээр нь зүтгүүлчихэж төвдөөгүй байх л даа?
-Аав намайг гаргаж өгөхдөө “за миний хүү Айдас өөд хөгшин морь хамаагүй шахаж болохгүй шүү. Наашаагаа тонгойгоод бүдрэхвий дээ” гэж сануулсан юм байхгүй юу. /инээв/ Тэр жил хар морь 22-той байсан. Гурав дээр явж байсан морийг татаж  40 хавьцаа оруулаад эргүүлж зүтгүүлсээр 19-өөр оруулж байлаа.  
-Хэд хүрсэн юм?
-Хэд хүрлээ дээ, ямар ч гэсэн идсэн хивэг нь хоёр завжаар нь гоожоод байдаг болчихдог юм билээ. Тэгээд хөлийг нь амраасан.Одоо надад яс, туурай нь байдаг. Толгойг нь болохоор өвөө, эмээ хоёрын шүтдэг хайрханд залсан. 1972 онд Дарвиас нүүж ирснээсээ хойш нэг уулыг тахин шүтэж байгаа юм. 
-Алаг морь аавынх нь амийг аварч байсан гэдэг. Тэр талаар асууж өгөөч?
-Тиймээ, нэг тийм явдал болсон. Шуургатай хаврын нэг өдөр аав Гүнт яваад халамцуу ирж явахдаа замдаа мориноосоо уначихаж. Рашаантад эмээ, Цэрэндорж аажаа гээд өвөөгийн дүүгийн хүүхэд хоёр байж л дээ. Тэгсэн эмээ “алаг морь л янцгаагаад байх шиг байх юм” гээд гарч. Хэд хэдэн удаа тэгэхээр нь Ажаа гарсан юм билээ. Тэгсэн нээрээн алаг морь янцгаагаад зогсож байсан гэсэн. Ажаа алаг мориныхоо янцгаах чимээгээр нь баримжаалж явсаар аавыг олсон гэнэ лээ. Алаг морь сул хэр нь аавын хажуунаас холдохгүй янцгаагаад зогсож байсан гэдэг. Хэрвээ алаг морь тэгж чимээ өгөөгүй бол аав тэр шөнө осгоод үхэх байсан байх. Сайн хүлэг эзнийхээ амийг авардаг гэдэг үнэн шүү. Ер нь аав алаг морь хоёр салдаггүй байсан даа. Дандар баатрын алаг, Цогт хун тайжийн алаг,миний алаг гээд л ярина шүү дээ.

Сүүлийн үеийн уяачдыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд уяж байгаа гэж дүгнэдэг

-Ажиглаад байхад хонгор халзан зүсмийн адууг илүүтэй сонирхоод байх шиг. Төрийн наадмын хоёр түрүү авчирсан алаг зүсмийн адуунд хэр ханддаг вэ? 
-Аав минь алаг, хээр морьд давхиулсан. Гэхдээ надад таарч байгаа нь хонгор халзан голдуу байна. Хүний морь уяж байгаа хүн чинь зүс заагаад байж болохгүй биз дээ. Урьдны учрал ерөөл байдаг юмуу, хонгор халзан морьд л таараад байдаг юм. 
-Хэнтийгээс авсан халзан азарга бий. Тэрний төлүүд яаж давхиж байгаа талаар асуугаарай гэжээ? 
-Хэнтийгээс халзан азаргыг хэлж байгаа бололтой. Үр төлүүд нь одоогоор айхтар хурдлаад сүйд болсон юм алга. 
-Түвдэн Манлай Сүхбаатар аймагт явж байгаад хэдэн зуун адуун дотроос туниа муутай өөр лүү нь эвшээсэн нэг үрээг сонгосон нь улсад түрүүлсэн гэжээ. Суман халзанг чинь хэлж байгаа бололтой. Мөн тэр үрээг нь Хатнаа гэдэг хүн авч өгсөн талаар асуугаарай гэсэн байна?
-Аав Буд ах, Хатнаа  эд нар угаасаа тэр үрээг зорьж явсан юм билээ. Замдаа нэг айлын адуутай таарч бие засах гээд зогсож. Тэгсэн тэр олон адуун дундаас нэг хонгор халзан үрээ аавын хажууд хүрч ирээд л эвшээгээд байсан гэсэн. Аав харчихаад энэ ямар сайхан үрээ вэ гээд. Тэгээд л машиндаа суугаад хөдлөх гэсэн машин дээр нь хүрч ирээд ахиад эвшээгээд байсан гэсэн. Тэгсэн зорьж явсан үрээ  нь тэр айлын адуунд орчихсон тэгээд тийнхүү эзнээ таниад эвшээж байсан юм билээ. 
-Бас л сонин түүх юм. Манлай нэгэнтээ “нутгийн зуун адуунд Галшарын нэг л адуу байхад би нүдийг нь хараад танина” гэсэн байдаг. Үнэхээр тэгдэг байсан уу?

-Манай аав ярьдаг байсан. Галшар адууны нүд цаанаа л нэг ондоо гэж. Тэр үед би аавынхаа яриаг тэгтэл нь тунгааж боддоггүй байж. Одоо бодоод байхад тийм юм билээ. Галшарын  адууны харц нь нэг л сайхан дөлгөөн шүү. 
-Морийг тарган тэгсэн мөртлөө хөлийг нь авчихгүй уяад байдгийг нь яриулаарай гэсэн байна.
-Хуучны уяагаар хөл гард нь жаахан гамтайхан шиг олон жил уралдуулъя гэж бодоод нимгэлээд тавьчихаар бяртай, тарган ирэн дээр онгойчихсон адуунд яагаад ч хүрэхгүй байгаа юм. Тэгэхээр бусдын адилаар тарган ирэн дээр нь онгойлгохоос өөр яахав. Бяртай, тарган ирэн дээрээ онгойчихсон адуу барагтайд дийлдэхгүй хурдан байдаг. Өөрөөр хэлбэл тэр адуунаас гарч болох хурдыг үзүүлж чаддаг. Ер нь би сүүлийн үеийн уяачдыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн түвшинд уяж байгаа гэж дүгнэдэг. Тарган ирэн дээр нь уяхын тулд хамгийн гол нь уяан дундуур морийг чангалж болохгүй. Чангалах асуудал бол намар хийгдэнэ гэж дээр хэлсэн шүү дээ. Хавраас бол морийг зөөллөж уян хатан чадварыг нь хадгална. Шөрмөсийг зөөллөхдөө хөлсөөр, махыг зөөллөхдөө хөлс гаргалгүй хол газар зөөлөн шогшино. 
-Шинэ Монгол адууны уяаны онцлог юу вэ?
-Араб адуу Монгол адуунаас дутахааргүй тэсвэр хатуужилтай. Сэтгэхүйн хувьд ч төстэй юм шиг санагддаг. Тэр утгаараа уяаны хувьд ерөнхийдөө адилхан. Харин Англи, Буддённый цустай адуу бол арай ондоо. Тэд нарыг чинь туурай ханзартал хөлс авчихад нүд нь гархилаад ирэх жишээтэй. Тэгэхээр ер жаахан зөөлөн маягтай аргадаж л уяна даа. Ачааллыг арай бага өгнө гэсэн үг юм.
-Өвлийн морийг яаж онгойлгох вэ?
-Өвлийн морийг нэмнэж хөлслөхийн хэрэггүй. Хатгаа авахуулахын л нэмэр.Түүний оронд давхил хийгээд онгойлгосон нь дээр. 
-Хөлс нь мөд гарахгүй байгаа адуунд ямар арга хэрэглэх вэ? 
-Нэгдүгээрт мориныхоо онцлогоос хамаарна. Хоёрт үнэхээр хөлс нь гарахгүй хуурайшаад үс нь салаалаад байгаа бол уушги, таван цул эрхтэнг нь үзүүлэх хэрэгтэй. Хатгаа нь угжраад үлдчихээрээ тийнхүү хөлс нь гарахаа байчихдаг нэг талтай. Эсвэл зүгээр тухайн морь нь өөрөө хөлс багатай байж болно шүү дээ. Тийм биш хөлс нь гардаг байгаад болчихсон бол нэвт хөлслөх хэрэгтэй. Гэхдээ зүдэргээгүйгээр. Би бас нэг удаа хөлсийг нь цоолно гээд нэвт хөлс аваад байдаг. Нөгөөх маань улам муудаад байдаг. Тэгсэн чинь зүдэргээг нь тооцоогүй байсан. Салхийг нь тааруулаад хол газар явахгүйгээр, туурга ханзартал зооных нь хөлсийг гаргачих юм бол бас онгойдог л юм байна лээ. 
-Хавар цагаан сарын ард уралдах морийг яаж зөв онгойлгох вэ?
-Одоо онгойлгоно гэж байхгүй л дээ. Хавар тэр үед нь онгойлгоод л уралдана. Харин одооноос тарга хүчнийх нь байдлыг харж байгаад эдлэх хэрэгтэй. 
-Сүүлийн үеийн нэмэлт тэжээлүүдээс уралдааны адуунд аль нь илүү тохиромжтой вэ? Та алийг нь хэрэглэдэг вэ?
-Би “Мон хорсе” компанийн бүтээгдэхүүнүүдийг л хэрэглэдэг. Дархлааг дэмжих зорилгоор витамин,  цус шингэлэх зорилгоор натри голдуу хэрэглэдэг. Хавар өөдтэй сэхэж өгөхгүй байвал глюкоз хэрэглэнэ. Өөр зүйл хэрэглэдэггүй. 
-Элдэв эм тарилга хэрэглэх нь морьдын уяа сойлго цаашлаад эрүүл мэнд, наслалтанд нөлөөлөх үү?
-Нөлөөлөх л байх. Бүрэн чөмөгтэй, бяр нь гүйцчихсэн адуу жилээ даана ш дээ. Тийм адуунд заавал ч үгүй витамин хэрэглэх шаардлагагүй. Хөдөөгийн уяачид “хотынхон аймаар эм тан хэрэглээд л морьдоо давхиулаад байдаг” гэж. Үгүй ш дээ. Миний хувьд лав тийм юм байхгүй. Зөв эдэлгээ, зөв уяа л чухал. 
-1988 онд Түвдэн гуайн хажууд буусан. Тэднийх мундаг том уяа концерт тоглоод л нүсэр байж билээ гэсэн байна?
-Үгүй дээ. Хүн ирээд дуулсан юм боловуу. Тэрнээс манайх дуучид урьж сүйд болдоггүй дээ. 
-Миний болоод уншигчдаас ирсэн асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй ярилцсанд баярлалаа. 
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
А.Тэлмэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.