Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагдахад дөрвөн хүчин зүйл нөлөөлдөг

Сэтгүүлч
2022 оны 3-р сарын 29 -нд

-Та Монгол төрийн наадамд их нас, соёолон, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд азарга түрүүлгэсэн хүн. 2007 онд хоёр азаргандаа ямар ажил хийсэн бэ. Уралдахынхаа урьд шөнө хэдэн цагийн хоол өгч байв. Өглөө ер нь ямархуу янзтай мордсон бэ?
-Мориныхоо хүчинд тааруулаад 3-4 цагийн хоол өгдөг дөө /уралдахынх нь урьд шөнө/. Наадам зохион байгуулагч, уяач, үзэгч гэсэн гурван зүйлээс бүрддэг. Гэтэл манайхан аль нэг талыг нь барьж яриад байдаг. Уг нь гурвууланг нь ярих ёстой. Уяач морио хэдий сайн уясан  ч зохион байгуулагчдын буруугаас болоод үзүүлэх ёстой амжилтаа үзүүлж чадахгүй байх нь элбэг. Надад ч гэсэн тийм явдал нэг бус удаа тохиолдож байлаа. Уяачид хөтөлбөрт заасан цагт морио мордуулна гээд хоолыг нь тааруулдаг. Гэтэл тэр цаг нь урагшилж хойшлоод нөгөө уяачийн хөдөлмөрийг үрэн таран хийж, морины амжилтаас хойш татдаг. Энэ дээр л маш сайн анхаарах хэрэгтэй байгаа юм. Миний баримталдаг зарчим бол морь уралдахаас 4-6 цагийн өмнө зогссон байх ёстой. Тэгж байж хоол нь зөв шингэнэ.
За, 2007 оны хувьд Босоо дэлт анх удаагаа улсад уралдсан. Босоо бол арга байхгүй тал нутагт төрдөг хурдан хүлгүүдийн нэг. Улсад хоёр уралдахдаа нэг аман хүзүүдэж, нэг гурваар давхиад, Их хурдад очиж бас гурваар давхисан. Магнай ч ялгаагүй хурдан сайхан буян. 
Өвөл нь авчирч тэжээгээд, хавар дөрвөн сарын сүүлээр ногоо дөнгөж гарч байхад Алтанбулагийн нэг аманд манайх адуугаа аваад гарсан. Хамгийн түрүүнд манайх гарсан байх. Эвдэрхий хуучин худаг байсан, тэрнээс услаад эрт ногоо идүүлээд хоёулаа их сайхан таргалсан. Хавар ганц нэг уралдаад зөв онгойчихсон. Ер нь их аятайхан байсан л даа. Сунгаауудад ч гэсэн сайн байсан. Тэгэхээр нь Даваахүү ахад харуулах санаатай хамт сунгасан юм. Яагаад Даваахүү ахад үзүүлсэн бэ гэхээр 2004 онд байх аа. Азарганууд нь ид хурдан байхад бид хамт сунгаа хийгээд миний уяж байсан хоёр азарга, нэг азаргыг нь голдоо хийгээд ирсэн. Түүнд нь урамшаад зориуд майханд нь очиж уулзаад машиндаа дуудаж суулгаад асуусан чинь “хойно /улсад/ орох азарга өдийд морь болчихсон байдаг юм. Чиний хоёр азарга яах л бол доо” гэсэн юм. Нээрэн тэр жил миний хоёр азарга айрагдаагүй, арван хэдээр л давхисан. 
-Морь болсон байх ёстой гэдэг нь их учиртай үг байж дээ?
-Азарганы уяа зөв, хурд нь орохоороо төмсгөө татчихдаг юм. Түүнийг нь л хэлсэн хэрэг. 
-2007 онд хоёр азарга тань морь болсон байсан уу? 
-Их аятайхан болсон байсан. Уралдахынх нь урьд шөнө дундаа нэг цагийн завсарлагаатай дөрвөн цагийн хоол идүүлээд мордуулсан. Манай зарим залуу уяачид уралдахын өмнөх шөнийн хоолыг идүүлэхдээ морио орхичоод өөрсдөө унтаад өгдөг. Тэгээд сэрүүлгээрээ сэрж цагаа хараад бариад уячихна. Дунд нь адуу унтаж амарсан эсэхийг тооцдоггүй. Яагаад гэхээр өөрсдөө унтчихсан юм чинь яаж мэдэхэв. Чухам тийм учраас хоёр туслахдаа хөтлүүлээд яг хоёр цаг идүүлээд нэг цаг амрааж, дахин хоёр цаг идүүлсэн. Аль нь билээ, нэг нь 1 цаг хагас идээд өөрөө унтчихсан. Тэр үед шарга азарга ид хурдан, босоо байлаа шүү дээ. Шаргатай уралдана, түрүүлнэ гэж тооцоогүй. Гэхдээ айрагдчих болов уу л гэж бодсон. Түүгээр ч болсон. Харин “Их хурд”-д Магнай үнэхээр өөр байсан шүү. Ёстой нөгөө ир нь орчихсон. Дөрвөн хөл дээрээ цэмцийтэл зогсож байсан даа. Улсын наадамд Дүүгүүр саарал түрүүлж, Магнай, Босоо хоёр айрагдчихсаны дараа би талийгч хүүдээ “азарганууддаа ажил хийж бай” гэж үлдээчихээд  өөрөө хэдэн бага адуу аваад Боржигоны бүсэд явсан юм. Тэндээс гурван айраг авчихаад ирсэн хүү, “Босоогийн давхил өөр болсон байна лээ. Шороо идсэн байж магад. Та өөрөө нэг хараарай” гэдэг юм. Хүү бас Өмнөговь руу “Шанхын хурд”-д морьд авч явах гээд  сатаарсан байх л даа. Боржигоноос ирж нэг хоночихоод морьдоо ачаад Өвөрхангай руу гарлаа. Очоод гурван өнжөөтэй морьддоо ажил хийлээ. Манайх дөрвөн азаргатай. Магнай, Босоо хоёр дээр Бураа Пүрэвжав агснаас авсан миний өөрийн нэг халтар азарга, /“Их хурд-4”-д  айрагдан алдаад чадаагүй/, Баттөмөр ахын нэг халзан азарга. Ингээд дөрвөн азаргаа есөн км-т сунгасан, Босоо нөгөө гурваасаа км хойно ирж байна аа. Шороо идээд гэдсэнд нь хий суусан нь үнэн байж. Харин Магнай нь болохоор уралдаж ирчихээд хөлсийг нь хусч дуусаагүй байхад хоёр тийшээ бүтэн хөрвөөгөөд улсад уралдаагүй адуу шиг босоод ирсэн. Халтар азарга бол сайхан байна. Зээрдийгээ яахав гэж бодож байгаад Дугараагаар хийлүүлчихлээ. Манай Ганбаа чинь Өвөрхангайнх шүү дээ. Улсад азарга айрагдуулчихсан, нутагтаа уралдуулна гээд эхнэр, хүүхдээ дагуулаад оччихсон. Нутгийн ой гээд баахан улс ирчихсэн байдаг. Зээрд морио аваад аймгийнхаа ойд уралдуулсан зургаад давхиж. Ганбаа сэтгэлээр нэлээд унаж байгаа бололтой. “Шийдсэн ажил хийх үү” гэсэн “та л мэднэ дээ” гэнэ. Тэгэхээр  нь гэдсийг нь жаахан бургуйдаж байгаад, аяга шар тосны талыг нь амаар нь, талыг нь бөгсөөр нь хийж, сэлдийг нь тэр чигт нь тослоод, хонины унгас олж, хоёр хавтсан дээр нь тавьж  нэмнээд, уяад хоночихлоо. Өглөө үүр хаяарахын алдад дөрвөн туур халзалж хөлс авлаа. 


Халтар азаргаа харсан их сайхан байнаа. Сормуус нь ширхэг ширхгээрээ салаад, нүд нь тунгалаг болчихсон. Тэгэхээр нь Баянаад “Ганц л азаргатай уралдана. Чи өөрөө мэдэж байгаа. Шийдсэн ажил хийгээд түрүүлэх үгүйг нь харж болно. Эсвэл бүр айраг ч үгүй үлдэж мэднэ. Чи өөрөө шийд” гэсэн нэг хэсэг дуугараагүй. Тэгж байснаа толгой дохисон. Тэр хооронд зээрд азаргандаа бас ажил хийгээд л байгаа. Өдөр нь тавьчихаад орой нь шар тос, арвайн гурилаар утлаа. 
Наадмын урьд орой Хэнтийн хэсэг уяачид ирээд намайг морьддоо ямар ажил хийхийг харна гэнэ ээ. Саарал мориныхоо ажлыг хийчихсэн байсан. Сунгаанаас хойш халтар азаргандаа ажил хийгээгүй байсан болохоор ариг авчихаж магад гэж бодоод хоёуланг нь ойрхон ухасхийлгэхээр шийдлээ. Тэгээд дэл сүүлийг нь боолгочихоод хэсэг алхууллаа, хоёр тойрог шогшууллаа. Гурав дахиа тойроод ергүүлж явсан Босоогийн ухархайных нь хөлс бөнжигнөөд, их аятайхан болж байна аа. Төрөө халтар азаргаа унаад зээрдийгээ хөтөлчихсөн тойруулж байгаа. Ахиад хоёр тойрог шогшуулсан Магнайгийн ташаан толгойны хөлс бөнжигнөөд ирж байна. Тэгэхээр нь “За болно” гээд болиулчихлаа. Намайг мориндоо хэрхэн ажил хийдгийг харах гэж ирсэн уяачид гайхаж байгаа бололтой юм аа /инээв/. Үүрээр адуугаа бариад уяаныхаа хоёр захад хоёр азаргаа уячихлаа. Гэрт орж хүйтэн цай уучихаад гараад ирсэн Магнай дөрвөн хөл дээрээ цэгц зогсоод унтаж байна. Унтаад хошуу нь газар хүрэхийн алдад сэрээд дахиад унтахдаа мөн л хошуу нь газар хүрч сэргээд... Тэгж л нэг удаа ирлэгдсэн юм даа /санаа алдав/.
Магнайг тэр жил улсад их бага хүүхдээр унуулсан. Харин “Их хурд”-д Анхаа гээд тэр жил морь унаад хасагдсан том хүүхдээр унууллаа. Би морь ташуурдахыг сайшаадаггүй хүн байгаа юм. Хүүхдүүдээ морь хамаагүй ташуурдлаа гээд зэмлэнэ. Харин тэр өдөр Баянаагаас зөвшөөрөл авчихсан учраас Анхаад “за, би чамайг өнөөдөр морь ташуурдлаа, амыг нь татсангүй гэж зэмлэхгүй. Чи өөрөө мэдээд явахаар байвал явуулаад бай” гэж хэлээд мордуулсан. Харин Босоогоо Магнайгаас нэг цагийн илүү хоолтой мордуулсан. Хоолны бяраар уралдах гэж байдаг. Босоод тийм л тооцоо хийсэн л дээ.
-Босоогоо айрагдана гэж бодож байсан уу?
-Шарга, Магнай хоёртой уралдана гэхэд хэцүү шүү дээ. Тэгтлээ уяа нь алдарчихсан байсан адууг. Гэхдээ урьд өдрийн тэр багахан засалд л  найдаж байлаа. Өглөө  бас ч аятайхан байсан л даа. Гэхдээ дүүрэн итгэлтэй байгаагүй. Өнөөдөр нэг зүйлийг манайхан хүлээн зөвшөөрдөг. Тэр нь юу вэ гэхээр Магнайг түрүүлэхэд Босоо маш их үүрэг гүйцэтгэсэн. Та нар бичлэг үзсэн л байх. Шаргыг анх Магнай биш, Босоо нь дийлдэг шүү дээ. Магнай хоёр ч очоод дийлэхгүй байтал Босоо зөв талаар нь дайрч урд нь гараад, Магнай нь буруу талаар нь дайрч өмнө нь гарсан шүү дээ. “Их хурд-4” –ийн эхний гурван  азарга дөрвийнхөө азарганаас хоёр км зайтай тасарч ирсэн байдаг. 


-Егүзэр хээр, Дүүгүүр саарал хэмээх хурдан хүлгүүдийн тухайд юу хэлэхсэн бол?

-Егүзэр хээр хурдан морины олон шинж бүрдсэн хүлэг. Даацтай гэдэг дээ, тийм л адуу. Ингэж хэллээ гээд саарал морийг муу гэж байгаа юм биш. Төрийн наадамд юу гэж муу морь түрүүлэхэв дээ. Сайн адуу, сайхан буян. Харин хурдан адуунд байх ёстой шинжүүдээс Егүзэрт нь арай олон шинж бий. Егүзэр хээр нарийн уяатай адуу. Голын хоорондох зай ихтэй. Тэр утгаараа хоолны тохиргоо их нарийн.
Дүүгүүр саарлын хувьд бие жижигтэй ч зохилдолгоо сайтай адуу. Тэр утгаараа бага зэргийн уяаны алдааг тоохооргүй. Уяач хүнд адуу мэдэрнэ гэдэг үнэт чанар байдаг. Даваахүү Тод манлай тэр талаараа илүү. Нэг жишээ хэлье л дээ. 2007 оны улсын наадамд наймаар давхисан хүрэн морийг сунгаан дээр Дүүгүүр саарал гүйцэхгүй байсан. Эхний сунгаанд морьдоо сунгачихаад Даваахүү ахынд очлоо. Тэгээд морьд чинь ямар байна гэхээр нь “ингэж давхилаа” гэсэн “азарганууд чинь яахав гайгүй ээ, гайгүй. Харин саарал морь чинь чамайг нэг баярлуулах нь дээ” гэж байна. Сунгаанд тав, зургаагаар яваад байгаа морийг улсад түрүүлнэ гэж хэлж байхгүй юу. Наадам боллоо. Даваахүү гуай бид хоёр Цагаан хөтөлийн урд, хар зам дээрээс морь дурандаж байсан юм. Саарал морь хөтөл өгсдөг дээр нэлээд ширүүн зургаагаар орж ирэхийг харчихаад “наадам чинийх болж байгаа юм биш үү” гэсэн. Цагаан хөтөл уруудаад саарал морь түрүүний хоёр морин дээр очоод нийлчихсэн. Түрүүлээд ирснийх нь орой Даваахүү ах “За одоо чамайг уяач гэе дээ” гэсэн. Тэгэхэд би Тод манлай уяач цолоо авчихсан байсан шүү дээ. 
-Егүзэр хээр 2009 онд хоёр удаа аман хүзүүдсэн. Ямар дүгнэлт хийсэн бэ?
-Тэр жил их нас, соёолон хоёрынхоо нэгийг түрүүлнэ гэж бодож байсан ч бараагүй. Дээр хэлж байсанчлан их насны морь цагтаа мордоогүй. Тэрнээс болоод үзүүр дээрээ хүмүүсийн дэргэд ирээд дайруулж аман хүзүүдсэн шүү дээ. Нэг цагийн өмнө мордсон бол хээр морь түрүүлэх л байсан. Морь цагтаа мордоогүйгээс болоод амжилт нь хойшилсон уяачид олон бий. Надад гэхэд л хоёр, гурван удаа ийм явдал тохиолдсон. Давхар уяагаар “Очирваанийн хурд”-д очсон. Тэлмэнгийн Аварга хээр гэдэг морьтой уралдах юм байна гэсэн тооцоо гаргаад, Увсын Зүүнговийн хүрэн морийг огт тооцоогүй л дээ. Тийм морь ирээд, тэгж араас ирээд үзүүр дээрээ дайрч түрүүлнэ гэж тооцоогүйдээ алдахгүй юу. Егүзэр хээрийг гаргаад таслах уу, үзүүр дээрээ шахах уу гэж бодсон л доо. Гаргаад явуулчихаар нөгөө хээр нь салахгүй байсан юм. Тэгээд салгахгүй явж байгаад үзүүр дээр нь шахна гэсэн тооцоотой явтал хүрэн морь ороод ирсэн. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр уяа зөв байсан ч өрсөлдөгчөө зөв тооцох хэрэгтэй байгаа юм.  Монгол наадам ухаарлын наадгай гэдэг үнэн шүү. 2009 онд Егүзэр улсад аман хүзүүдчихээр нь Лутбаярын шарга соёолонг түрүүлгэчих гэж их хичээсэн. Шөнө нь өөрөө манаж хоноод, өглөө уяа руугаа авч явахдаа Лутаад “өнөөдөр шарга соёолон нэг бол түрүүлнэ, үгүй бол гурваар давхина. Танай эхнэр, хүүхэд дээлтэй ирсэн бол түрүүлнэ” гэж хэлсэн юм. Тэгсэн эхнэр, хүүхэд нь дээлгүй ирээд гурваар давхичихсан /инээв/. Морины амжилтанд унаач хүүхэд маш их нөлөөтэй. Би хүүхдэдээ “шарга үрээ чинь Зоос бор, Тугал ухаа хоёртой уралдана. Тэр хоёрыг нэг л дийлэх байх. Чи ард нь явж байгаад хүмүүсийн үзүүр хүртэл урд нь гарч болохгүй шүү” гэж захисан юм. Тэгсэн манай хүүхэд шонгийн модны тэнд өмнө нь гарч уралдаад, тэгээд дахиж дийлээгүй. Одоо тэрийгээ ярьдаг юм. Миний тооцоолсноор ард нь явж байгаад ганцхан дайрсан бол түрүүлэх боломж байсан. Би энэ жишээнүүдийг яагаад ярьж байна вэ гэхээр морь түрүүлж, айрагдана гэдэг нэгдүгээрт, уяачийн эрдэм буюу уяа сойлгоос, хоёрдугаарт, наадмыг зохион байгуулагчдын хариуцлагаас, гуравдугаарт, уралдааны тактикаас, дөрөвдүгээрт, унаач хүүхдээс шалтгаалдаг гэдгийг л ойлгуулахыг хүссэн юм. Одоо миний хувьд хамгийн ихээр ойлгож, бусдад хэлмээр байгаа зүйл бол мориныхоо дэргэд л байнга байж, мэдрэх явдал. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Төрийнхөө наадамд уясан хүлгүүд нь хурдан байж, түрүү айрагт хурдлахыг хүсье.
-За, та бүхний ажилд амжилт хүсье. Монгол наадам сайхан болж, монгол заншил бий болсон зөв гольдролоороо зам жимээрээ яваасай хэмээн хүсэх байна.


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.