Аймгийн Алдарт уяач Г.Отгонбаяр: Хүүхэд, морь хоёр мэнд сайхан давхиад ирнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй баяр баясал

Сэтгүүлч
11-р сарын 13 -нд

Амралтын өдөр ая тухтай юу. Төв аймгийн Баян сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Отгонбаярын "Тод магнай"сэтгүүлийн тусгай дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Уяачдын дийлэнх нь удам дамжсан байдаг. Та хэд дэх үеийн уяач вэ?
-Манай аавын аав Дэндэв тайж гэж Хэнтий аймгийн уугуул хүн байсан юм. Өвөө маань олон жил морь уяж, би багаасаа морийг нь унаж өссөн. Хурдны моринд томдсоноосоо хойш цэрэгт мордтолоо морины ажил ч хийсэн.
Өвөө маань аймгийн наадмаас айраг, түрүү авч байснаас гадна улсын баяр наадамд ч морь айрагдуулж явлаа. Адууныхаа цусыг сэлбэж, угшлыг сайжруулахаар Хэнтий аймгийн Галшар сумын Шагдарсүрэн гэдэг хүнээс сайхан хул азарга авч ирж байлаа. Тэр азарганы төл сайхан хурдалсан. Хул азарганы удмын сайхан хүлгүүд одоо ч манайд бий.
-Нутгийнхан таны өвөөг морь шинжихдээ онцгой сайн байсан гэж дурсдаг юм билээ?

-Тийм ээ. Сунгаан дээр очоод л адуу бүрийн уяа сойлгын алдаа, оноог шууд хэлдэг байсан гэдэг юм.
Өвөө маань нэгэн удаа хүнээс адуу авах гээд соёолон морь, соёолон азарга хоёр заасан боловч үнийг нь хүчрэхгүй байж л дээ. Тэгээд тохож явсан аятайхан мөнгөн чимэгтэй эмээлээрээ хул азарган соёолон сольж аваад, айлын гаднаас энгийн нэг янгиа тохоод ирж байсан юм. Энд ирээд олон ч сайхан адуу тараасан даа. Түүнээс хойш би гурван сайхан хул азаргатай болсон. Нэг жилийн сумын баяр наадмаар гурвуулаа эхний гуравт дараалан ирж байлаа шүү дээ. 
-Өвөөгийн тань авч ирсэн хул азарга энд ирээд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Авч ирсэн жил нь Баянжаргалан манай сумтай нэгдэж, наадам хийсэн юм. Тэр наадамд хол тасархай түрүүлсэн. Түүнээс хойш сумандаа олон ч түрүүлж, айрагдсан даа. Мөн аймгийн баяр наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан.
-Дэндэв тайж Хэнтий угшлын адууг энэ нутагт хэр тараасан бол?
-Сайн тараасан шүү. Түдэв гэдэг хүнд хоёр сайхан хээр морь өгсөн. Түдэвийн хээр гээд эндхийнхэн андахгүй дээ. Мөн Баянцагаан зэрэг сум руу хэд хэдэн азарган үрээ өгсөн. Тэдний төлүүд сайхан хурдалсан. Сүүлийн үед Харцага хээр гэдэг азаргатай болоод, тэр маань сумын баяр наадамд хоёр түрүүлж, зургаа, долоон удаа айрагдсан. Хамгийн сүүлд зодог тайлтал нь би унаж байсан юм.
Та өвөөгийнхөө баруун гар байжээ. Энэ ч утгаараа уяаных нь эрдмийг өвлөж үлдсэн биз ээ?
Тийм ээ, би багаасаа л өвөөгөө дагаж, адуутай ойр явсан хүн. Өвөө маань ч уяаны эрдэм ухаанаа надад харамгүй зааж өгдөг байлаа. “Морьдоо аль болох алсаас хөнгөрөөж бай. Тарган уяж болохгүй, хөлд нь муу байдаг юм. Ер нь морины хүчийг нимгэлж сайхан уя” гээд л морины хор гаргахаас эхлээд бүхнийг зааж сургасан.
-Та хэдий үеэс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Би 1978 онд цэргээс ирээд, бие даан морь уяж эхэлсэн. 
-Бодвол, сүүлд Хэнтийгээс авч ирсэн хул азарганы төлүүдээс уяж эхэлсэн үү?
-Тийм ээ. Түүний төл Харцага хээр гэж байлаа. Төлүүд нь ид гарч байсан үе л дээ. Манайх хул голдуу адуутай айл байсан л даа. Дараа нь нэг хул азарга хүн надад бэлэглэсэн. Ингээд гурван хул азаргатай болсон доо. Одоо ч хул алаг голдуу адуутай байна. Зүүн чигээс сайхан гүүнүүд худалдаж авч, азаргандаа тавиад сайхан сайхан төлүүд гарсан.
-Уяач хүнд анхны айраг, түрүү гэдэг хамгаас эрхэм байдаг. Та анхны айраг, түрүүгээ хэдэн онд хаанахын наадмаас авч байв?
-1978 онд цэргээс ирээд Харцага хээрийн төл хар соёолон уяж, сумын баяр наадамд дөрвөөр давхиулж байлаа. Их хол тасархай түрүүлж явсан боловч манай отгон дүү жаахан байсан болохоор буруу замаар орж давхиад, эргэж уралдааны замдаа ороод, дөрөвт орсон юм. Өвөө маань ч бас “Өнөөдөр дөрөв юм уу, тавд л давхина даа” гэж байсан. 
Хар морийг долоотойд нь өвөө “Энэ жил өнжөөж, бяр суулгаад наймтайд нь уралдуул” гэсэн юм. Даанч наймтайд нь эвгүй зам дээгүүр харайлгаад, хөл нь эвгүй болоод, дал нь бас гэмтчихсэн. Түүнээс хойш гангараанд л унадаг болсон.


-Хар морийг залгаад ямар хурдан хүлэг гарч ирсэн бэ?
-Манай нутгийн Гомбо-Очир гэдэг нэг сайхан ах байсан юм. Ах маань намайг гэр барихад нэг сайхан адуу бэлэглэсэн юм. Хойтон жил нь бас сайхан хонгор хязаалан үрээ зааж өгсөн. Би түүнийг нь уяад, сумын баяр наадамд 13-т давхиулсан. Соёолондоо Цагаандэлгэр суманд дөрөвлөсөн. Харин хойтон жилээс нь сумандаа хоёр түрүүлж, гурав айрагдсан. Тамир хүчтэй, сайхан том биетэй морь байсан. 
Та их насны морьд голдуу уяад байж. Их насны морь уяачийн жинхэнэ эрдмийг шалгадаг л гэдэг дээ?
Өөрийн унаган адуунаас бага насны морьд ч бас уяж, ганц хоёр айраг авч байлаа. Гурван сайхан хул азаргаа л гэхэд багаас нь уясан. Гэхдээ их насны морьддоо хамгийн их найдлага тавьдаг байсан юм. 
-Таны хурдан хулууд хаанахын угшилтай адуунууд вэ?
-Өвөөгийн Хэнтийгээс авч ирсэн хул азарганы үр төлүүд. Эх нь ч бас зүүн чигийн л адуунууд. 
-Гурван хул азарганы аль нь илүү хурдан бэ?
-Бага хул бусдаасаа илүү сайн давхиж байсан. Даагандаа хол тасархай түрүүлээд, шүдлэндээ айрагдаж, хязаалан давхиад, соёолондоо Багануурын наадамд гуравласан. Хавчиг азарга наймаар давхисан санагдаж байна. 
Нөгөө хоёр нь намайг бие дааж уяснаас хойш нэг айрагдаж, хоёр ч удаа 10 хэдээр ирсэн. Бүдүүрснээсээ хойш хоёр нь хоёр удаа түрүүлж, нэг удаа гурвуулаа дараалан ирсэн.
-Гурвуулаа дараалж ирсэн нь хэдэн оны наадам бэ? 
-Манай хүү хурдны моринд томдоод, дүүгийн хүүхэд унаж байсан гэхээр 2001 оноос хойш л байх. Гурван сайхан хул азарганаасаа хойш би туслах муутай болохоор олон адуу уяж чадаагүй. Жилдээ ганц, хоёр адуу л уяж байна. Ноднин жил би хул азарганы төл болох хоёр сайхан үрээ уясан. Энэ жил нэг сайхан хул даага уяна аа.
-Дандаа хул адуугаар л нааддаг юм аа даа?

-Тийм ээ. Хул адуунд л дуртай хүн дээ, би. Өвөөгөөс минь өвлөгдөж ирсэн сайхан хул азарганы төлүүд бүхий л цаг мөчид бидэндээ өгөөж буянаа хайрласаар л байна.
-Улс болон бүсийн чанартай уралдаануудад оролцож байгаагүй юм уу?

-Улсын баяр наадамд оролцож байгаагүй. “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн наадамд уралдсан хүлэг маань 50 хэдээр давхисан. Би тэр наадамд хоёр хултайгаа очсон. Их ч олон газрын хурд цугласан байж билээ.
Мөн 1994 онд бил үү дээ, Багануурын наадмаас нэг айраг хүртсэн. Аймгийн баяр наадамд хоёр удаа оролцож байсан ч айраг, түрүү хараахан хүртээгүй. Сумын баяр наадмаас бол есөн түрүү, 11 айрагтай. Бусад наадмынхтайгаа нийлээд 27 айраг, түрүүтэй.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-2004 онд сумын 80 жилийн ойгоор Батнасан гуайтай хамтдаа аймгийн Алдарт уяач цол хүртэж байлаа.
-Ингэхэд Баян сумын адууны онцлог нь юу вэ?
-Манай сум дээр үеэсээ сайн уяачидтай. Улсын баяр наадамд ч олноороо оролцож, тэр хэрээрээ өөр хоорондоо адуугаа солилцон, адууныхаа цусыг сэлбэж, угшлыг сайжруулсаар ирсэн. Сайхан хурдан зэгэл адуутай Доржоо гэж өвгөн байлаа. Тэдний адуунаас азарга, гүү авч байлаа. Ер нь гүү, азарга хоёр хоёулаа сайн байх хэрэгтэй.
-Хүн амьдралынхаа туршид суралцдаг. Уяачийн хувьд танд хамгийн том сургамж хайрласан уралдааныхаа талаар бидэнтэй хуваалцаач?
-Гурван хул азаргыг ид хурдалж байхад би нэг наадамд дөрвөн адуу уяж оролцсон юм. Тэр үед хязаалан айрагдаж, дөрвүүлээ сайхан давхисан. Би ч өөрийнхөө мэдрэмжээр л уясан. Хойтон жил нь мөн л гурвууланг нь уяж, хоёрыг нь айрагдуулж байлаа. 
Аливаа уралдаанд хүүхэд, морь хоёр маань мэнд сайхан давхиад ирнэ гэдэг айраг, түрүүнээс дутахааргүй их баяр баясал шүү дээ. Миний хувьд хамгийн гол нь мориныхоо хөлийг гэмтээхгүй, унаач хүүхдээ ч бэртээчихгүй л наадахыг чухалчилдаг.  
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Залгамж халаагаа бэлтгэж байна уу?
-Би дөрвөн хүүхэдтэй. Хүү маань хотод ажилтай. Гэвч наадам дөхөхөөр ирж, ойр зуур тусалдаг юм. Энэ жил сонгууль гээд амралтаа авч чадсангүй.



-Өвөөгийнхөө хурдан морины эдлэл хэрэглэлийг хадгалж байгаа юу?
-Нэг сайхан хусуур байсныг нь хугалчихлаа. Дээр үеийн сайхан хазаар нь бий. Засаж сэлбээд хадгалж л байна. Уяаны эргүүлэг зэрэг эдлэл хэрэглэл нь надад бүгд бий. Хурдан хүлгүүдийнх нь төлүүд ч бас сайхан давхиж байна.
-Залуу уяачдад ахмадуудаасаа асууж лавлах, сурч авах зүйлс их бий. Энэ ч утгаараа нутгийн залуучууд танаас заавар зөвлөгөө авна биз?
-Мэддэг бүхнээ хэлж өгөхийг л хичээдэг. Морь уяна гэдэг өвлөөс эхэлдэг ажил шүү дээ. Өвөл хорыг нь сайхан гаргаж, зөв сайхан эдлэх хэрэгтэй. Одоо ч тэжээдэг болчихлоо. Тэжээлийг нь олигтойхон өгөхгүй бол хоёрын хооронд, гурвын дунд болчих гээд байдаг гэмтэй. Уг нь өөр ажилд цалгардахгүй, дагнаж уясан хүн нь л морио сайн давхиулж байна даа. 
-Та өөрөө дагнаж уяж чадаж байна уу?
-Хажуугаар нь хэдэн малтайгаа хөөцөлдөөд, морио дагнаж чадахгүй юм аа. Гэхдээ дуртай болохоор жилдээ хоёр, гурван морь уях гээд л оролдож байна. Энэ жил нэг азарга уях санаатай байсан ч хөл нь эвгүйтээд больчихлоо. Тэгээд ганц сайхан хусран даага л уяж байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

"Тод магнай"сэтгүүлийн  тусгай дугаараас...

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 197.210.8.202

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. и

    Reply
  • 66.181.160.121

    Нутгийн уяач ахдаа амжилт хүсье

    Reply