Сумын Алдарт уяач С.Намжилсүрэн: Урд зүгт уралдахаар надад ээлтэй, зүүн хойшоо ээлгүй байдаг юм

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 25 -нд

1953 оны хавар Баян-Өнжүүл сумын нутаг Хөх хад хэмээх газар Цэдэндоржийн хоёр дахь хүү болон мэндэлж, дүүгийн хамтаар Сэндэн хэмээх айлд өргөгдсөн тэрээр сумынхаа “Хайрхан” нэгдлийн адууг маллаж, төл бойжуулалтын болон хөөвөр ноосны аваргаар тодорч, VI,VII таван жилийн гавшгайчаар шалгарч байсан удаатай. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2013 онд Алтангадас одонгоор шагнажээ.  -Баян-Өнжүүл сумынхаа Хайрхан нэгдэлдээ адуучин байсан гэсэн. Хичнээн жил нэгдлийн адуу малласан бэ?

-Нэгдэлдээ 10 гаруй жил адуу малласан байдаг юм. Суурь адуу буюу 800-1000 адууг хоёр туслах адуучинтай гурвуулаа малладаг байлаа. Тэгээд гүүгээ барьж айргаа нийлүүлнэ. Айрагны төлөвлөгөө, үйлдвэрийн даалгавар гэж том юм өгнө шүү дээ. Бас нэгдлийн өртөөний адуу ч малласан. Өртөөний адууг дарга нар мал тооллого, ухуулгын ажил, мал төллөлтийн эргэлт, шалгалт гэх мэт албан ажлаар баг бригадаар явахдаа унадаг. Суман дээр төдөн морь аваад ир гэнэ, тэр ёсоор нь гүйцэтгэнэ.   
-Үйлдвэрийн даалгаварт ямар төлөвлөгөө авч байв?
-Төчнөөн гүүнээс төчнөөн унага ав, төчнөөн литр айраг ав гээд үйлдвэрийн даалгавар өгдөг. 100 гаруй гүү унагалдаг, тэрэнд саалины төлөвлөгөө өгнө. Хотоос, аймгаас ирж айраг авдаг болохоор дөхөөд Хар хужир гэдэг газар ирж гүү барьж байлаа. Өөрсдөө 40-50 гүү барина, гэр бүлийн хүнээс гадна найман хүүхэд маань гүүнийхээ борвиноос дээш гарахааргүй байхдаа гүү сааж сурч, унаганаасаа илүү гарахгүй унага татдаг байсан. Зургаан сараас эхлээд 10, 11 сар хүртэл гүү барина. Үлдсэнийг нь ах дүү, айл амьтан гуйж бариулна. Гэхдээ бас хонь малтай айл арай цөөн 10-20 гүү л барина. Танай охин овоо том болчихож, хүү чинь адуунд давхичихна гэж янз бүрээр гуйж гүү бариулахын мөн болно. Тэгж байж л төлөвлөгөө биелүүлэхгүй бол амжихгүй. 9 сар болохоор тусад орсон томчуул нь сургуульдаа яваад, дөнгөж л хөлд орж байгаа, арай сургуульд ороогүй жижгүүд нь үлдэнэ. Тэднийгээ гүүн зэлэн дээр саамныхаа хажууд тавьчихна, их оройтвол өнөөхөөс чинь адуу үргэнэ.  
-Бас л хүнд хөдөлмөр юм даа. Дөрвөн цагийн улиралд 1000 орчим адуу маллана гэдэг ч бас амар ажил биш байлгүй? 

-Өвөл бол ажил багатай бас чиг гайгүй. Цаг сайхан байвал бүүр ч сайхан. Тэр үед чинь өвс энгүй сайхан ургадаг байлаа. Тэжээл гэхгүй тэр олон даага сарваа онд орчихно. Хавар нь төллөлт, хөөвөрлөх, дэл сүүл авах гээд ажил ундарна даа. Тэгээд залгаад сааль эхэлнэ, сааль л хамгийн хэцүү. 
-Та төл бойжуулалтын аварга болж байсан гэсэн. Хэдэн гүүнээс хэдэн унага бойжуулж аварга болж байв?
-1983 оны үед болсон санагдаж байна. 100 гүүнээс 80-90 хувьтай бойжуулахад нэлээд сайн амжилтанд тооцогддог. Ер нь бод мал нэлээд ярвигтай шүү дээ. Цас шуурга ч ихтэй, 100 хувь төл авна гэдэг амаргүй байсан.  
-Хялгас хөөврийн аварга хэзээ болж байв?

-Бас л 80-аад оныхоо дундуур болсон байх. Хоёр ч удаа хялгас хөөврийн аварга болсон юм. Хөгшин маань сааль сүүний аварга хоёр удаа болж байлаа. Сум орон нутгаас хүний хөдөлмөрийг үнэлж урамшуулж байсны нэг хэлбэр юм даа.  
-Хөөвөр, үс ноосны төлөвлөгөөгөө гүйцээх гээд үстэй дээлнийхээ үсийг хяргаж байсан гэдэг юм билээ?

-Тэр нэг, хоёрдугаар таван жилийн үед л гарч байсан юм шиг билээ. Би номон дээрээс л уншсан. Манийн үед тийм байгаагүй ээ. Тавдугаар таван жил бол тийм өндөр төлөвлөгөөтэй байгаагүй. Гэхдээ одооных шиг дэлтэйгээ давхиад байдаг гүү, морьд гэж байхгүй л байлаа. Ямар сайндаа хурал дээр нэг дарга танай усан дээр дэлийг нь сайхан зассан хэрнээ сүүлийг нь ер засаагүй адуу байна гэж айлын амины хэдэн адууг хараад хэлж байсан юм. Тэр бол сүүлийг нь хяргаж авсангүй гэдэг шүүмжлэл л дээ. Нэгдлийн адуу гэж хөөрхий оодойсон сүүлтэй, самбайгаа хүртэл хяргуулсан юмнууд байна. 
-Адуучин болгон адуундаа эмч болчихдог байсан юм биш үү? 
-Хатгуурын хутга байнга л түрийнд явна. Ханиад, жилбэн, энэ тэрүүгээрээ цоорох тэр мэтийн ойр зуурын юмыг өөрсдөө л эмчилнэ шүү дээ. Алийн болгон малын эмч гэхэв. Малын эмч ч ажилтай, ялангуяа мал төллөлтийн үеэр бүр завгүй, хаа яваа нь ч мэдэгдэхгүй. Тэр үед чинь адуу ханиахаар хоёр уушгийг нь хатгахад сэвхийдэг зүгээр болчихдог байсан. Одооны ханиад хатгаад зүгээр болдоггүй л гэх юм. 


-Эмнэгээ бас өөрсдөө сургах уу?
-Адуучид өөрсдөө сургана, сургадаг залуучууд ч бас байсан. Тэр үед агт гэж айхтар юм байлаа. 50-60 сайхан морь гарч ирэх нь ээ гэтэл агтны адуу нэхээд ирнэ. Тэгэхээр азаргаа өгөхгүй, унагатай гүүгээ өгөхгүй. Яалт ч үгүй үрээнүүдээ өгнө. Эрэл суралд явах гэх мэтэд унах гээд гайгүй морь авч үлдэхийг бодно. Баян сумын Мааньт гэж газар агтны морьдыг цуглуулдаг. Тэнд зүүн, баруун талаас ирсэн адуунаас хүмүүс адуугаар сольж авч хурдлуулсан адуу зөндөө байдаг. Орос эмчийн өвчингүй гэсэн тамга дарагдлаа бол солих арга байхгүй. Унагатай гүү байлаа гэхэд унагыг нь авч чулуудчихаад эхийг нь аваад явна. 
-Нэгдэлд адуучин байхаасаа морь уяж эхэлсэн үү?

-Адуу авахаасаа өмнө 1975-1976 оноос морь уяж эхэлсэн. Тэр үед үхэр малтай байсан болохоор уяаны ажил хийхэд бас ч гайгүй. Сүүлд адуу хариулж байхад морь уяна гэдэг их хэцүү байлаа. Наадмаар айраг нийлүүлэх ажилтай хүн чинь морь уяж болохгүй. Морь уячихаар наад морио тавь, сумын наадам болох гэж байна төчнөөн лирт айраг нийлүүл, улсын наадамд төчнөөн литр нийлүүл гэнэ. Тэгээд нуугдаж хаагдан байж аргалаад морь уяна. Урьдчилаад хүнд морио өгч явуулчихаад өөрөө араас нь очоод наадамд бушуухан шиг давхиулсан болоод эргээд чавхадна. Улсын наадамд морио явуулчихаад, хойноос нь давхиж очоод уралдуулж л байлаа. 
-Анх ямар морь уясан бэ?
-Би Дорнодод цэргийн албанд гурван жил адуу малласан юм. Цэргээс халагдаад ирсэн чинь миний нэг найз агтнаас авсан хээр шүдлэн байдас барих гээд аваарай аваарай гээд сүйд. Гурван жил адуу малласан хүнд амархан санагдаад дор нь бариад авлаа. Тэгтэл чи сургаад өгөөч гэж байна. Их сайхан, бас их догшин байдас. Эмнэг догшин адуу харахаар инээд хүрдэг залуу нас байж. Тэгээд тэр байдсыг найзаасаа аваад, тэрнээс нэлээд хурд гарсан шүү. Халиун морь, хээр морь сумандаа хэд айрагдаж, улсын наадамд очоод 30 гаргаад давхиж л байсан. Охин төлөөс нь гарсан адуу ч хурдалсан. 1983 онд байх аа Дундговийн Дэлгэрцогтын Баттөр гэдэг хүнээс хар үрээ авч азарга тавьсан. Энэ хар азарга, хээр гүүний төл гүү хоёрын дундаас гарсан болгон нь хурдалсан. Хар азарга өөрөө ч хурдалсан. 
-Хар азарга хэдтэйгээсээ уягдаж ямар амжилт гаргасан адуу вэ?
-1984 онд хязаалан үрээ Баян-Өнжүүлд айрагдаад, соёолон түрүүлж ирж яваад хүүхэд нь ойччихсон юм. Тэгээд хавчиг зургаа, долоотой хоёр жил дарааллан түрүүлээд найман настай айрагдаад, есөн настай дахиж  айрагдсан. Гэтэл Чойдог гуай, Дамаа гуай, Бямба-Очир гуай гээд манай нутгийн ахмад уяачид “Чи зүүн хойно л уралддаг адууг суманд уралдуулаад байна. Улсад уралдуул” гэхээр нь улсын наадамд очсон доо. 
-Улсад хэр өнгөтэй давхисан бэ?

-Тэр үед улсын наадам хоёр гурван жил Айдасын даваанд хоёр талдаа далан тойрч уралддаг айхтар будилаантай юм болсон. Зарим нь далан хүрэлгүй тойроод л бөөн будилаан. Тийм будилаантай үед нь би хоёр гурав очиж уралдсан, миний л хоншоор байсан юм байгаа биз. Миний хар азарга 14-т нэг давхисан. Харын төл хонгор ухаа соёолон морийг бас улсад аваачиж бага охиноороо унуулж уралдуулсан. Охин моринд дуртай, гэхдээ зориг муухантай. Эмэгтэй юм даа зайлуул. Ардчилсан нам анх удаа л Их хуралд гарсан үе байсан байх. Айдасын ар дээр дарга нар уралдаж байгаа морьдыг хардаг байсан юм. Тэгэхэд охин ирчихээд “Тэр доор бөөн улсууд байхаар нь зогсоод таныг байна уу гээд хайгаад харагддаггүй. Тэгээд хажуугаар морьд өнгөрөөд байхаар нь шууд явуулчихсан" гэдэг юм даа. Тэгээд эргэж давхиад 24-өөр ирж байсан. 


-Аргагүй л хүүхдийн гэнэн зан юм даа. Хонгор ухаа морь хэдтэйгээсээ уягдсан юм бэ?

-Хязааландаа Зава Дамдины ойд очиж хорин хэдээр давхисан. Их хөлс муутай адуу, хөлсөндөө баригдаад олигтой давхиагүй. Сумандаа бол соёолондоо түрүүлж, бүдүүрч ирээд нэг түрүүлж, хоёр айрагдсан. Хөгшин хээр гүүний охин төлийг хар азарганд хураалгаад гарсан төл. Хар азарга, хонгор ухаа хоёр л надад их хурдалсан даа.  
-Аймагтаа уралдаж байв уу?
-Аймгийн ойд нэг удаа ирж уралдсан юм. Аймгийн ой болоход сумд наадам хийхгүй аймагтаа ирж уралддаг. Тэгэхэд хар азаргатай ирээд бас л будилаад ихэнх нь дутуу эргээд, 21 азарга цаашаа хөөж аваачиж тавиад тэр 21-ээсээ барьж байсан. Ер нь ойгоор л аймагт ирнэ үү гэхээс тэр хол нэгдлийн мал хаяад ирнэ гэж байхгүй. Том нэртэй уяачдыг чөлөөлж явуулдаг байсан уу гэхээс мань мэтийг явуулахгүй шүү дээ. Ер нь би зүүн хойшоо уралдахаар жаахан тэгсгээд, харин урд зүгт уралдахаар их аятайхан байдаг юм. Урагшаа Өндөрширээт, Бүрэн, Дэлгэрхаан, Адаацагаар бол айраг түрүүтэй наадна. Бүрэнгийн 70 жилийн ойгоор хар азарга нэлээд хөгшин, төл хээр үрээтэй нь авч очиж хоёуланг нь айрагдуулж байсан. Өндөрширээтэд хар азарганы төл жижиг хар азарга даагандаа айрагдаж, бас нэг төл хар үрээ айрагдсан.  
-Хэзээ Баян-Өнжүүлээс аймагтаа орж ирсэн юм бэ?
 
-Тэтгэвэртээ гараад аймагтаа орж ирээд найман жил болж байна. 
-Төв аймагт ирээд морь уяж байна уу?
-Хар азарганыхаа төл даага, шүдлэн хоёр саарал адуу уясан чинь нэг нь хасагдаад бас л будилсаан. Биерхүү адуу л даа. Минийх хасагдаад байдаг, бусад улсын эрлийз том юмнууд уралдаад байдаг. Тэгээд аймгийн Алдарт уяач Галаатай танилцаад саарал шүдлэн, хязаалан хоёроо авч очоод “Миний хязааланг нэг юманд хүргээдэх. Гуйхгүй шахуу ирнэ. Дүү саарлыг нь чи аваарай” гэсэн. Тэгээд саарал хязаалан уягдаад их аятайхан сунгаад одоо л гайгүй давхих нь уу гэхээр хадуурчих юм уу, хүүхэд нь унаад нэг л болохгүй болчихоод байсан даа. Галаад өгсөн саарал аймагт хоёр гурав орчихсон шүү дээ. Минийх их хурдан хэрнээ ордоггүй юм. 
-Тэр ямар учир байна аа?
-Миний нэр дээр уралдахаар л болохоо больчихоод байдаг юм уу, мэдэхгүй. Тэгээд миний нөгөөх эндсээн хөөрхий. Галаа саарлаараа азарга тавьчихсан байна лээ. Хоёр орчихсон адуугаар азарга тавихаас ч яах вэ.
-Өм дутсан юм байх даа?

-Хөгшин хүн чинь өмгүй болчихдог юм байна шүү дээ. Хүү маань хөдөө малтай. Би энд ганц нэг адуу оролдоод уралдуулахаар хоншоор дутаад л байх юм. Дорнодын Гурванзагал сумаас хоёр гурван адуу авчирсан юм. Тэр адуунууд маань эрлийз гээд хасагддаг юм байна. Тэгээд сум, жижиг наадамд очихоор “Сайхан монгол адуу байна, даанч том юм” гээд хасчихаж байгаа юм чинь. Тэгээд бас л уралдаж чадахгүй байна. Өнгөрсөн жил бас гайгүй үрээ авсныгаа уях гээд тэжээж байтал байхгүй болчихлоо. Тэгээд ерөөсөө би л болохгүй юм байна гээд больсон. 
-Сая уяачид их хурлаараа сэрвээний өндрөөр ялгахаар шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд таны энэ адуунууд орох болов уу?
-Үүгээр бол миний адуу орох байх л даа. 25 хувьтай адуу бол мэдэгдэхгүй уралдаж, 50, 75 хувьтай адуу өндөр юм чинь хасагдах байх л даа. Гэхдээ 50 хувьтай жижигхэн эрлийз ч байгаа. Би бол эрлийз адуунд сүжиггүй л байгаа юм, надад нэг ч эрлийз байхгүй. Нэг эрлийз аваад айрагдчих юм бол бүгдийг нь эрлийз болгочихож магадгүй л юм. Эрлийз адууг уралдуулаад түрүүлж айрагдуулах сайхан л байдаг байх. Гэхдээ тэсвэр хатуужил талаасаа муу. Дан эрлийз адуутай болчихвол 100 адуу тэжээнэ гэж байхгүй, алийг нь тэжээж барахав дээ. 
-Сумын Алдарт уяач цолоо Баян-Өнжүүлээсээ авсан уу?

-Зуунмод сумаас авсан. Баян-Өнжүүлээс гараад Алтанбулагт долоо найман жил болоод Зуунмодод ирсэн. Алтанбулагт найман жил болохдоо нэг л удаа ойд нь айрагдуулснаар өөрөөр айраг аваагүй дээ. Сумаасаа гараад удчихсан хүн чинь завсардсан байсан. Тэгээд эндхийн уяачдын холбооныхон ийм амжилттай байж цолоо аваагүй юм уу, материалаа бүрдүүлээд цолоо ав гэсэн. Тэгээд Зуунмод сумын Алдарт уяач болсон доо. 

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна