Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Д.Пүрэвдорж: Их насны морь түрүүлгэх сайхан

Сэтгүүлч
2-р сарын 06 -нд

Хөвсгөл аймгийн Галт сумын ”Галт” V багийн харьяат, аймгийн Алдарт уяач Дондовын Пүрэвдорж 1972 онд сумынхаа хүн эмнэлэгт мэндэлжээ. Тэрээр ХХАА-н тэргүүний ажилтан, Улсын тэргүүний хоршоологч бөгөөд “Алтангадас” одон, АХ-ын 90, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медальтай. 

-Та Галт сумын МСУХ-ны хэд дэх тэргүүн бэ?
-Галт сумын МСУХ нь 2001, 2002 оны үед байгуулагдсан түүхтэй. Холбооны анхны тэргүүнээр Балдан гэж жолооч ажиллаж байгаад 2007 оноос шинэ зохион байгуулалтыг хийсэн. Энэ үеэс би тэргүүнээр ажиллаад 11 жил болжээ. Анх одоогийн дэд тэргүүн ах маань тэргүүнээр ажиллах санал тавихад хэдийгээр ажилтай ч зөвшөөрсөн. Би үндэсний өв соёл болсон хурдан морь, хүчит бөхчүүд, сурын харвааг шимтэн үзэж, бас дэмждэг хүн. Ер нь хүн бүрийн цусанд байдаг шиг байгаа юм. Нөгөөтэйгүүр бага дүү маань морь уядаг. Хөөрөөд өнөөхөө дагаж бас давхина аа. Энэ мэтээр зөвшөөрөх олон зүйл байлаа. Ингээд дэд тэргүүн бид хоёр уяачидтайгаа уулзахаар очвол идэвхтэй морь уядаг 10, дэмждэг нь настай голдуу 13 хүн цугласан байлаа. Улмаар эднийхээ дэмжлэгээр тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Үнэндээ тухайн үед алслагдсан энэ газар хурдан морины өв соёл уналтын хэмжээнд ирчихсэн байв. Тэгвэл яаж сэргээж болох вэ, яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар уяачид, залуучууд, ахмадуудтайгаа ярилцсан. Эхний удаад уяачдаа нэгтгэх үүднээс баяр хийдэг болох шийдвэрт хүрлээ. Гэхдээ ямар нас уралдуулах гээд ахиад л ярилцлаа. Их нас гэхээр ганц сайн давхидаг моринд зориулсан юм шиг болчих гээд байдаг. Нөгөөтэйгүүр залуу уяачдаа дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэр утгаараа эзэн нь болон уях хурдан хүлэг нь шинэ байг гээд хурдан дааганы уралдаан буюу уяачдын баярыг хийх болсон. Тэгээд түрүүлсэн даагандаа мотоцикль өгөх шийдвэр гаргаж, дараа жилээс нь зохион байгуулж эхэлсэн. Эхний жил 60, 70 дааганаас шигшигдээд 50 нь уралдсан юм. Аль аль нь шинэ болохоор харгүй сайхан наадам болно л доо. Яваандаа уламжлал болж, уяачдын тоо, адууны чанар чансаа жил ирэх тусам дээшилсэн. Эхэндээ нутгийн даага уралддаг байсан бол яваандаа гадна дотноос тухайлбал, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв аймгаас уяачид ирдэг болсон. Ингээд дөрвөн жил холбооны нэрэмжит уралдаан гэж явагдаад, дараагийн жилээс нь баг, багаараа хийдэг болсон. Манай сум үндсэн таван багтай, 5400 гаруй хүн амтай. Хамгийн анхныхыг “Нүхт “багийн уяачид санаачлан зохион байгуулсан. Түүнээс хойш өмнөх багуудаасаа дутахгүй хийх бяцхан өрсөлдөөн явж эхлээд байгаа юм. /сурв. инээв/ Улам л өргөн дэлгэр болж гурван насных, дөрвөн насных, бүүр зургаан нас хүртэл уралдуулах хэмжээнд хүртэл сайхан санаачилга гаргадаг болсон. 
Өнөөдрийн байдлаар уяачид, дэмждэг хүмүүсийн тоо 200 гаруй, эндээс идэвхитэй морь уяж байгаа нь 60, 70 хүн байна. Холбоо байгуулагдсанаас хойш Шагдар гуай маань Улсын Алдарт уяач болсон бол Манлай хүлэгч нэг, аймгийн Алдарт уяач 20, сумын Алдарт уяач цолыг 74 хүнд өгсөн байна. Энэ 10 жилийн хугацаанд бид нэг удаа Шилдгийн шилдэг, гурван удаа Шилдэг холбоогоор шалгарсан. Аймагтаа дөрвөн удаа Шилдэг салбар холбоо боллоо. 
-Тэргүүний хувьд өөр ямар ажлыг эхлүүлж, амжилттай явна вэ?

-Үндэсний өв соёл болсон хурдан морийг унаж эдлэх, уяа сойлго тааруулна гэдэг бол монгол эрчүүдийн хувьд том ажил юм. Нөгөө талаас морин уралдаан спорт болж хөгжиж байна. Тиймээс энэ спортдоо тааруулаад адуу малаа жилийн дөрвөн улиралд арчилж, тэжээж, маллах хэрэгтэй болж байна л даа. Нэмээд бусадтай хөл нийлүүлэх, ганц морь уядаг биш, сум орон нутгаас хэрэгжүүлж байгаа ажилд идэвхтэй оролцох олон ажлыг зохион байгуулж ирсэн. Манай сум чинь наадмаа их сайхан зохион байгуулна л даа. Бид гарааны төхөөрөмж, тойруулгын хашаатай болсон, уралдах км-ыг сунгаж жишээ нь, даага 2.5км-т уралддаг байсныг найман км болгосон. Өөрөөр хэлбэл даага найм, их нас 18 км-т уралддаг. Ингээд ирэхээр уяачид адууныхаа удам угшлыг сайжруулах, орчин цагийн уяаны эрдэмд суралцах хэрэгтэй болж байгаа юм. Бид чинь календарьчилсан төлөвлөгөөгөөр ажиллана л даа. Жил бүрийн нэгдүгээр сард багуудын дундах “Адуучин” тэмцээнийг зохион явуулах бөгөөд баг бүрээс хоёр,хоёр хүн оролцож шилдгээ шалгаруулдаг. Түүний дараа малын тоо толгойд нөлөөлдөг чонотой тэмцэх ажлыг өрнүүлдэг. Дээрээс нь малын хулгайтай тэмцэх “Тусч нүдтэй малчин, иргэн” гэсэн болзолт уралдааныг тойргийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн албан хаагчидтай хамтран явуулж, зарлан дүгнэдэг. Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд эрчүүдээрээ салхинд гарч, архигүйгээр баяраа тэмдэглэнэ. Ингэхдээ дээд гурван насны морьдоо уралдуулдаг. Шинийн найманд дээд гурван насаа уралдуулж, 18-нд доод гурван насаа уралдуулаад уламжлал болсон байна. Тавдугаар сарын 20-ноос хэтрэхгүйгээр уяачдын баяраа хийдэг. Эндээ бага гурван насны морь уралдуулаад, зургадугаар сарын 1-нд аймагт болдог бага гурван насны “Тэргүүн хүлэг” шалгаруулах уралдаанд оролцоно. Энэ наадамд манай Галтын уяачдын амжилт жил ирэх тутам нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад уяачид илүү амжилт гаргах урам зориг нэмэгдэж, илүү бүтээлчээр ажиллаж байна. Бид сум орон нутагтаа бүсийн наадмыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Тухайлбал, “Идэр бүс 2”, алдартан гавьяатнуудын алдрыг тэмдэглэж “Идэр бүс 5”-ыг зохион байгуулсан. Энэ мэтчилэнгээр аймгийн хэмжээний бүсийн уралдаан дөрвийг явууллаа. Ингээд наадмын дараагаас эхлэн морьдынхоо уяа сойлго болон малын хулгайтай тэмцэх, чонын автай хөөцөлдөх ажлаа эрчимжүүлээд жилийн эцсийн тайланг дээд холбоондоо хүргүүлдэг. 


-Галт хурд бий болгоно гэсэн. Энд та өөрөө болон бусад уяач хэр ажиллаж байна вэ?
-Энэ асуултанд хариулахын өмнө түүх сөхмөөр санагдаж байна. Манай Галт сум чинь 1924 онд байгуулагдсан. Түүнээс хойших баяр наадамд 1993 онд Галт сумын харьяат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурандаа Тэрбиш гуайн даага түрүүлснээс өөрөөр түүхэнд бичигдсэн амжилт байхгүй л дээ. Харин энэ хугацаанд Хөвсгөл аймгийн баяр наадамд Галт сумын харьяат Шагдар гуай, ягаан морины эзэн Намжилдоржийн Нацагдорж ах олон сайхан айраг, түрүүг авч байлаа. Тэгээд 2016 оны баяр наадмаар манайхан аймгийн баяр наадмаас үндсэндээ долоон айраг, түрүү хүртэж, бахдам сайхан амжилт гаргасан. Дараа нь улс бүсийн наадамд бидний дундаас одтой наадаж, нутаг орныхоо нэрийг гаргасан нь бий. Үүнд, 2014 онд болсон “Хотгойдын хурд 3” уралдаанд соёолонгийн аман хүзүүг Зуунжил маань авч байлаа. Энэ жил аймгийн Алдарт уяач болсон юм. Бас өнгөрсөн жилийн Увсын даншиг наадамд Амарсанаа ахын халзан үрээ айргийн гуравт давхилаа. Одоо энэ амжилтын буухиаг алдалгүй үргэлжлүүлэхийн тулд адууныхаа үүлдэр угсааг сайжруулж, хүй мандлын дэнж дээр амжилт гаргаж буй томчуудаас суралцах хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд өнгөрсөн онд 10 жилийнхээ ойгоор Тод манлай уяач О.Батбилэгийг урьж, адууны үржил селекци, шинэ цагийн уяа сойлгын талаар нийт уяачдадаа зөвлөгөө авлаа. Бид бусадтайгаа хөл нийлүүлэхийн тулд ОХУ-аас араб, англи азарга, гүүг авчирч нутагшуулж байна. Бас нутгийнхаа адуутай үржүүлэгт орууллаа. Удахгүй Галтын нэрийг өндөр өргөсөн хурдан сайхан хүлгүүд гарна гэдэгт би итгэдэг. 
-“Алтан унага”-ны эзэнтэй болжээ. Ер нь малын тоо толгой хэд хүрч байна вэ?

-Манай сумын Дорж ах 420 гаруй адууг тоолуулж аймагтаа эхний нэг, хоёрт бичигдэж байгаад өнгөрсөн жил “Алтан унага”-ны эзэн боллоо. Галт сум 94 жилийн түүхэндээ “Алтан төл”-ийн эзнээр нэг удаа шалгарлаа. “Алтан ишиг”-ний эзнээр Жанжаа гуай маань тодорлоо. 
     Галт сум 5400 орчим хүн амтай. 350 гаруй мянган малтай. Энэ тоогоороо аймагтаа хоёрт бичигддэг. Тэрний өмнөх жил 395 мянган тоо толгой мал тоолуулсан ч өнгөрсөн өвлийн зуд турханаас болоод хорогдсон. Бидний хувьд адууг түлхүү өсгөхийг зорьдог. Тиймээс ч адуунд хайртай залуучууд маань Сүхбаатар мэтийн хурдны угшилтай газраас азарга, гүү авчирч нутагшуулж байна. 
-Морийг унаж эдлэхээс эхлээд түүнийг дагасан соёл бүдгэрээд байх шиг ажиглагддаг. Энэ тал дээр уяачдын холбоо яаж анхаарч байна вэ?
-Өнгөрсөн зуунд биднийг нүүдэлчин ард түмэн гэж “цоллодог” байлаа. Харин өнөөдөр бид чинь суурин амьдралтай болсон. Мотоциклио унаад, утсаар малаа хариулдаг болчихож. Энэ бол техник технологи хөгжиж байгаатай холбоотой байх. Гэхдээ нөгөө талдаа адуу дагасан үндэсний өв соёлоо гээгдүүлж болохгүй юм. Тэр үүднээс бид “Адуучин” тэмцээнийг явуулаад байна. Энэ тэмцээнд баг болгон морь сэлгэх, уурга шүүрэх, мөн бугуйл шиднэ. Тийм учраас манай уяачид эртнээс бэлддэг. Их ч дадамгай болсон. Бид чинь бас сумандаа Морины шүтээнтэй болсон. Дээрээс нь чонын авыг зохион явуулдаг. Нийт багаараа морио унаад л гарна шүү дээ. Түүнчлэн энэ жилийн баяраас эхлээд жороо морины уралдааныг зохион байгуулах санаачилга гаргаад байгаа юм. Сая Билгээ Тод манлай ирэхдээ ханаж, хатгах талаар уяачдад маань өгөөжтэй сургалтыг явуулсан. 
-Үүнээс гадна уралдаанч хүүхдийн асуудал бол гарцаагүй ярих сэдэв байдаг. Энд та бүхэн яаж анхаарч байна вэ? 
-Аливаа уралдаан, наадам болоход бид хамгийн түрүүнд хүнээ л анхаарч, ярих ёстой юм. Бидний зүгээс нэн түрүүнд хүүхдээ даатгуулсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Мөн стандартын хувцсыг өмсүүлнэ. Аймгийн “Дэлтэй цэнхэр” хаврын бүсийн уралдаан руу би ахлаж явсан юм. Тэнд хамгаалалтын хувцастай ч өвдөг, тохойвчгүй бол хасч байсан. Хүүхдийн аюулгүй байдлыг хангасны дараа уралдааны тухай ярих ёстой юм. 
За тэгээд, уралдаад ирсэн байхад тэднийг урамшуулж, алдаршуулах нь зөв гэж боддог. Иймээс шилдэг уралдаанчдаасаа “Алтан хараацай”, “Мөнгөн хараацай”-г шалгаруулдаг.Миний хувийн бодол шүү. Хаврын болон өвлийн уралдааныг аль болох бага хийж, дэлгэр сайхан цаг буюу тавдугаар сарын 1-нээс морийг уралдуулэ болохгүй юм байх даа гэж боддог юм. 
-Холбооны зүгээс цаашид хийж, хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?

-Бид “Хийж байгаа ажлаа чанартай хийе”. Бас улсын Шилдэг салбар холбоо болох зорилт тавиад ажиллаж байна. Мэдээж бид уяачгүй бол ийм зорилго тавибал утгагүй шүү дээ. Тийм болохоор уяачдынхаа тоо нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллана. Морь уяна гэдэг зардал өндөр ажил. Тиймээс тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэх, аймаг, улсын алдар цолыг нь олгуулж ирлээ. Сумын Алдартыг бол суманд үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж байсан хүмүүстээ ч өгдөг юм. Энэ мэтээр аливаа зүйл залгамж халаатай үргэлжлэх ёстой гэж үздэг. За тэгээд, өмнө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн хийнэ дээ. Уяачдаасаа тусламж хэрэгтэйд нь гэр олгох хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулсан. Тэднийгээ малжууллаа. Үүнд таван ишигтэй ямаа нэг нэгэндээ өгсөн. Яг одоогоор зургаан хүнд өгсөн нь хоёр сая, 100 мянган төгрөг болсон. Мөн малчдынхаа туслах уяач, морь унаж байсан хүүхдүүд, оюутнуудын сургалтын төлбөрийг нь даах, оюутны зээлийн санд хамруулах гэх мэтчилэнгээр дэмжиж ажилласаар ирлээ. 
-Та морь уядаггүй гэсэн. Дүү моринд уруу татахгүй байна уу?

-Монгол эр хүн болгон эрийн гурван наадмынхаа нэгээр наадчих юм сан гэж битүүхэн хүсч явдаг байх. Би чинь нэг биш удаа наадамд барилдаж явлаа. Хөөрхий, даваад л, унаад л. Манай хамгийн бага дүү морь уяна аа. Анх хязаалан, соёолонгоо дөрвөөр давхиулаад уясан үрээнүүд нь давхиад эхэлсэн. Сайхан л юм билээ. Сумынхаа наадмын дэвжээн дээр аав, ээжийнхээ нэрийг дуудуулна гэдэг. Тэр утгаараа ах нар нь болсон бид дүүгээ тал бүрээр нь их дэмжинэ ээ. Дүү маань 2005 оны сумын наадмаас анхны түрүүгээ авч байсныг тод санаж байна. Тэр жил морь нь их сайн байна аа, хүн болгон яриад л. Яг л олны хэлснээр болж, унаган буурал хээр морио суманд түрүүлгэсэн. Их насны морь сумын наадамд түрүүлнэ гэдэг их сайхан юм билээ. Буурал морь том ахын адуу л даа. Дүү уяад, миний нэр дээр давхиулж түрүүлгэхэд нь их л бэлгэшээж байлаа. Түүний өмнө жил 2004 онд сумын 80 жилийн ойгоор ахын маань хөөрхөн халтар соёолон мөн л миний нэр дээр түрүүлсэн. Түүнээс хойш адуу малын наймаа хийхэд нь дүүгээ дагаад явдаг болсон. Бид Дулаанхааны Бат-Эрдэнэ гээд уяачдын холбооны, хурлын дарга байсан залуугаас нэлээн олон адуу авсан. Мөн Хэнтийн Баян-Адарга, Төв аймгаас Онон гуайгаас үндсэндээ таван гүү, азарган үрээ авлаа. Нутгийн зөвлөлөөс Төв аймгийн Жаргалантаас бэлэгний адуу гэж өглөө. Энэ мэтээр адуугаа нилээн чанаржуулаад байна. Дүү маань аймаг, бүсийн наадмаас үндсэндээ нэлээн олон айраг хүртсэн амжилттай. Миний нэр дээр гэхэд гурван түрүү, 16 айраг бий. Энэ жил аймгийн Алдарт уяач цолыг аймгийн Засаг дарга маань гардуулж өгсөн. Эхэндээ ч “За, яах юм бэ” л болсон л доо. /сурв. инээв/ Дараа дараагийн улс бүсийн наадамд өөрийн уясан морьдоо айрагдуулах сонирхолтой байдаг. 
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. 

-Нэгэн амьсгаагаар бүхнийг ярина гэдэг хэцүү болохоор товчхон дэлгэлээ. Төрийн сүлдэндээ адуугаа дээдэлсэн монгол түмний хурдан морины уралдаан гэдэг хамгийн шударга болж ирсэн. Унаж байгаа хүүхэд, уралдаж байгаа морь эзнээ баярлуулахын төлөө хөлсөө дуслуулан, түмнээс түрүүнд цахилж ирнэ гэдэг хамгийн сайхан мөч байдаг билээ. Бүтэн жилийн стресс ядаргаа тэр өдөр л арилах шиг болдог. Ийм сайхан жаргалыг мэдэрч яваа эрчүүддээ хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж, унага болгон нь босоо төрөхийн бэлгэтэй ерөөлийг өргөе. 

Д.Энхтуяа


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 203.91.115.54

    Морины хөгжил Монгол соёлын өвийн өглөө ихииг хийж бүтээж зорьж яваа нэгэн цагийн ,,ангийн,, дүүдээ улам их амжилт хүсье

    Reply