Сумын Алдарт уяач Д.Тайванжаргал: Өвөө маань 9 сумын наадмаас 6 жил дарааллан азарганы түрүү хүртсэн

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 02 -нд

Шинэ оны  мэнд дэвшүүлье. Эрхэм уншигч та бүхэнтэйгээ  өнөөдөр Булган аймгийн Баяннуур сумын Алдарт Тайванжаргалыг уулзуулж байна. 

-Сумын Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-2015 онд сумын Алдарт уяач цолыг том, жижиг нийлсэн 40 гаруй айраг, түрүүний амжилтаар хүртэж байлаа. 
-Хойтон жил нь сумын Шилдэг уяачаар тодорч байжээ. 2016 онд цолоо бататгаж ямар амжилт үзүүлсэн бэ?
-2016 онд  олон айраг, түрүү хүртсээн. “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд халзан азаргатайгаа очиж оролцсон. Халзан азарга маань эхний хэдэн азаргатай уралдсаар үзүүр дээрээ суугаад 12-оор давхиж байлаа. Ингэснээрээ Булган аймгаас хамгийн дээгүүр давхисан амжилт тогтоож аймгийн Шилдэг азаргаар шалгарсан юм. 
-Дийлэнхи морь сонирхогчид уяачийн эрдэм ухааныг өвөг дээдсээсээ өвлөсөн байдаг. Таны хувьд?
-Би багын л моринд хайртай, сэтгэлтэй хүүхэд байсан. Миний аав морь уядаггүй, тракторын жолооч хүн л дээ. Харин ээжийн маань аав Намхай Завхан аймгийн Сантмаргац суманд зургаан жил дарааллан азарганы түрүү хүртсэн хүн. Түүнээс хойш ганц хоёр жил өнжөөд хүүхэд нь гурван жил дарааллан сумын наадмын азарганы түрүүг хүртсэн түүхтэй. Ээжийн маань дүү нарын гурав нь аймгийн Алдарт уяач цолтой. Энэ жил л гэхэд сумынхаа баяр наадмын дөрвөн түрүүг авцгаалаа. Би багаасаа эд нарыгаа дагаж моринд дурласан хүн дээ. Хамгийн анх долдугаар ангидаа өвөөгийнхөө өгсөн хар үрээг уяж, сумандаа таваар давхиулснаас хойш сургууль соёл гэж хэсэг завсарлаад 2008 оноос адуун дээрээ эргэж ирээд, морь уяж байна. 
-Ээж тань Завханы уугуул юм байна. Харин аав тань аль нутгийн хүн бэ? 
-Манай аав Архангай аймгийн Хашаат сумын хүн. 
-Нагац талын хурдан хүлгүүдээс танд бий юу?
-Нэг хээр гүү ирснийг нь цэвэр азаргандаа тавьсан. Өвөөгийнхөө адууны удмыг таслалгүй, аль болох газар газрын хурдаар цус сэлбээд илүү сайжруулахын төлөө  зүтгэж явна. 
-Уяачийн гараа унаачаас эхэлсэн байдаг. Та ингэхэд хэдэн жил хурдан морь унасан бэ?
-Би их том биетэй хүүхэд байсан юм. Манай энд бол жижиг биетэй хүүхдүүдээр л хурдан морь унуулдаг. Баруун тийшээ бол харьцангуй том биетэй хүүхдээр унуулна. Би өвөөгийндөө зуны амралтаараа очоод 4-5 айраг, түрүү хүртэж байлаа.
-Нутаг нутгийн уяа сойлго өөр өөр. Тухайлбал, Булганы Баяннуур, Завханы Сантмаргацын уяаны арга барил ялгаатай юу?
-Асар их ялгаатай. Би хоёр жилийн өмнө тэгш ойн баяраар нь очсон юм. Сантмаргацад наадмаас 4-5 хоногийн өмнө их сунгаа болдог. Манай нутгийнхан бол давхиад ирсэн морио хөдөлгөж хусуурдаад, аль болох л хурдан хөдөлгөж, хөлд нь цус буухаас сэргийлдэг. Гэтэл баруун тийшээ хөлсийг нь шувтарч, ганц хоёр хөдөлгөсөн болоод л бариад зогсоочихдог юм билээ.
-Морьдынх нь хөлд цус буучихдаггүй юм байх даа?
-Харж байхад хөл гар тиймхэн л адуунууд байдаг юм. Газар нутгийн онцлог юм уу гэж бодсон. Тойроод тэр чигээрээ том, том нуур устай. Адуугаа тавьж бэлчээрт гаргахдаа тэр усаар их гаргадагтай ч холбоотой юм болов уу.  Айхтар хатгаж, хөндүүр авна гэсэн ойлголт харьцангуй бага мөртлөө морьд нь сурчихсан шиг байна лээ. 


-2008 оноос хурдан морь уяхдаа унаган адуугаараа наадаж байв уу?
-Үнэнийг хэлэхэд манайх хоёр азарга адуутай байсан ч намайг сургуульд явсны дараа алдчихсан юм. Бараг л адуу малгүй болчихсон ч моринд элэгтэй болохоор энд тэндхийн уралдаануудыг очиж их үздэг байлаа. Тэгтэл найзууд маань ганц хоёр адуу бэлэглэж эхэлсэн. Би ч адуугаа өсгөе гэж бодоод 2008 онд Заамар сумын Мягмардорж гэдэг настай хүнээс хязаалан үрээ авч байлаа. Үнэндээ би тэр үед үрээ авъя гэж бодоогүй юм. Хүмүүстэй юм яриад сууж байтал араас толгойн дээр ёворлоо. Эргээд харвал нэг зээрд үрээ байдаг юм. “Юун үрээ вэ” гэсэн “Сумандаа айргийн гурав, дөрвөөр л давхиад байгаа юм” гэсэн. Тэгээд анзаарсан, намайг хязаалан дагахад ганцаархнаа зайлаад түрүүлчихсэн үрээ байдаг байгаа. Хүмүүс ч гайхсан л даа. Манай ах хүү  “Энэ үрээ чамд л харагдах гээд байгаа юм биш үү. Ингэж хөдөлдөггүй үрээ дээ. Чи ав” гэсэн юм. Авч ирээд зун нь их хурдан байсан ч хоолон дээр нь алдаад сумын баяр наадамд аман хүзүүдүүлсэн. Манай сумынхан аймгийн 70 жилийн ойн наадмаар очиж наадсанаас хамгийн дээгүүр буюу 21-ээр давхисан нь миний зээрд. Өвөл нь шинэ соёолон үрээ дан азарганд уралдуулж таван түрүү хүртсэн. Мөн Төв аймгийн Заамар суманд болсон бүсийн уралдаанд 11-ээр давхисан. Түүнээс хойш хөл нь тиймхэн болоод уяхаа больсон доо. 
-Зээрд азаргыг залгаж хурдалсан хүлгүүдээ танилцуулаач?
-Ерөнхийдөө энд тэндээс авсан адуугаар наадсан даа. Ойрын 2-3 жил л унаган адуугаараа наадаж, эхнээсээ айрагдаж байна. Манай нутгийн аймгийн Алдарт уяач Санаа ахаас бор даага авсан нь 8-9 түрүүлж, 20 гаруй айрагдсан сайхан азарга болсон. Мөн Монгол Улсын Тод манлай уяач Содномцог гуайгаас халзан даага авсан. Тэр маань аймаг, сумын чанартай наадмуудад дээгүүр давхиж байгаа. 
-Давамгай амжилт үзүүлсэн нь ямар адуу вэ?
-Том наадамд очиж нутаг орны нэрийг нэлээн гаргасан халзан азарга бий. “Дүнжингаравын хурд-2015”-д очиж, 12-оор давхисан. Мөн Архангай аймгийн бүсийн уралдаанд хоёр, гурваар давхисан санагдаж байна. Өмнө нь хоёр ч эрлийз азарга орчихсон юм. Харин өнгөрсөн зун өнжсөн. Энэ жил аймгийнхаа 80 жилийн ойн наадамд бэлтгэж байна.  
-Хөдөө орон нутагт морь уяж байгаа залуу уяачид, малчдын хувьд бэрхшээлтэй ямар асуудлууд байдаг вэ?
-Өвөл тэжээгээгүй адуу зун амжилт гаргах нь ховор болчихоод байна. Өвөл морь тэжээнэ ээ гэдэг чинь асар өндөр зардалтай. Манай Баяннуур бол хадлан тариалангаа түшиглэсэн нутаг. Харин тэжээлийн хувьд хотоос авна. Ингээд өвөлжингөө хүч хөдөлмөр гаргаж тэжээгээд, их ч мөнгө төгрөг зардаг. Гэтэл сумын наадмын түрүү морины бай шагнал тун бага байдаг нь харамсалтай. Суманд түрүү морь 80 орчим мянган төгрөгийн байтай. Улсын баяр наадмынхаас хол зөрүүтэй байгаа биз?
-Тийм байна?
-Гэтэл сумын наадам, улсын наадам хоёрт морь уяхад ялгаагүй л хөдөлмөрлөнө. Улсын наадамд айрагдаж, түрүүлж байгаа морь гэхээрээ сумын наадамд айрагдаж, түрүүлж байгаа мориноос гуравхан сарын өмнө уяад, 30-40 хөлстэй илүү давхина гэж байхгүй шүү дээ. Ялгаагүй л сар гаруйн уяатай, давхил нь ч адилхан хийгддэг. Шуудхан хэлэхэд, сум орон нутгийн залуучуудын ганц бэрхшээгээд байгаа зүйл нь асар их зардал гардаг хэрнээ төр засгаас ямар ч үнэлэмж байдаггүй явдал юм. Тэр утгаар нь төрийн баяр наадмын төсөвт анхаараасай гэж хүсч байгаа юм. 
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдээс хамгийн ихээр омогшиж, олзуурхсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Сэтгэл бахдам сайхан наадам олон тохиосоон. Гэхдээ энэ удаа өөр дурсамжийг яримаар байна. Бидний хэдэн нөхөд шуурганаар явж байгаад төөрчихөв өө. Даарч, өлссөнийг хэлээд яах вэ. Тэгж яваад нэг айлын гадаа очтол намайг нэлээд ажиж байснаа “Хурдан зээрд үрээний эзэн байна шүү дээ, алив миний дүү ороод ир. Ийм сайхан уяач ирж байхад оруулахгүй бол болохгүй” гээд л эхнэр, хүүхдүүдээ босгоод хүүе гэхийн завдалгүй л хоол унд болсон. Тэр үед л моринд дуртай түмэндээ мориныхоо нэрээр танигдана гэдэг ямар сайхан юм бэ гэж өөрийн эрхгүй бодогдсон доо. 
Бас нэгэн санаанаас гардаггүй сайхан дурсамж бол 2014 оны наадам. Хүү маань хурдан морь унаад сумынхаа баяр наадамд айргийн тавд давхиад ирэхийг харах үнэхээр сайхан байж билээ. Ээж, эхнэр бүгд л нулимс унагаж зогслоо. 
-Ийм сайхан бахархалт мөчүүд олон тохиох болтугай. Морь уях төрийн хэрэгтээ  улам шамдаж, аймагтаа төдийгүй улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн төрийн хишигтэй уяачдын нэг болоорой.

Д.Энхтуяа

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.