Хүлэг таних нүдтэй, хурд ирлэх шидтэй, аз өм нь бялхсан аатай уяач Д.Чулуунборыг дурсюу

Сэтгүүлч
2020 оны 6-р сарын 28 -нд

Онгон сумын хурдан морины түүхийг ярихад тэргүүн эгнээнд дурдагдах хүлгүүдийн нэг нь Шарын хүрэн, Хүүхдүүдийн хар хэмээх хурдан азарганууд юм. Энэхүү хурдан хүлгүүд өөрсдийн эрч шандсаар гайхуулснаас гадна үр төлүүд нь газар эвхэн хурдалдгаараа зард гарсан билээ.

Энэ удаа та бүхэндээ цуут хурдан хүлгүүдийн унаган эзэн Чулуунбор хэмээх суут уяачийг танилцуулахаар зэхлээ. Ниндэв овогт Донойн Чулуунбор нь 1928 онд Хонгор сумын Хоньчийн хөндий хэмээх газар айлын дөрөв дэх хүү болон мэндэлж, таван жилийн цэргийн алба хаагаад 1953 онд нутагтаа иржээ. 1955 онд Загдын Дүгэр хэмээх даруу бүсгүйтэй ханилж, 11 хүүхдийн ижий аав бололцон, өнөр бүлийг тэргүүлэх болсон тэрээр морь уяхын сацуу  бригадын тоо бүртгэгч, агент,  нэгдлийн үхэрчин зэрэг ажлыг эрхэлж байгаад 1980 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас группт орсон байна.


Д.Чулуунборыг уяачийн замд хөтлөн оруулсан хүн бол түүний аав Доной юм. Тэрээр Гэлэн сахилтай лам хүн байсан бөгөөд морь танихдаа гаргуун хэмээгддэг байж. Хүүгээ цэргээс ирээд удаагүй байхад нь өөрийн дүүгийн хүү Доржпаламаас хавчиг хүрэн морь худалдан авч өгчээ. Д.Чулуунбор аавын шинжсэн хүрэн морийг уяж 1959, 1960, 1961 оны Хонгор сумын баяр наадамд аман хүзүүдүүлээд, 1962, 1963 онуудад айргийн гуравт хурдлуулсан байна. Ийнхүү аавын шинжиж таньсан хүлгийг таван жил завсаргүй айрагдуулсан тэрээр өөрийн талын дүү болох Лхэндэвээс хүрэн морь авч 1961 онд (Хонгор сумын баяр наадамд) аман хүзүүнд, 1962 онд айргийн гуравт тус тус хурдлуулж. Мөн Онгон сумын малчин Сэнсэншаравын улаан азарганы төл хар үрээг авч Хонгор сумын баяр наадамд олон удаа айрагдуулжээ. Тодруулбал 1967 онд шүдлэн, 1968 онд хязаалан тус тус айргийн гуравт, 1969 онд соёолон аман хүзүүнд, 1970 онд хавчиг азарга айргийн дөрөвт, 1972 онд наймтай айргийн гуравт, 1974 онд аравтай аман хүзүүнд тус тус хурдалж байжээ. Түүнчлэн нэгдлийн адуунаас худалдаж авсан бага хамар цагаан хүрэн морь нь 1965 онд даагандаа Хонгор сумын наадамд түрүүлснээс хойш 1966, 1967 онуудад Хонгорт, 1968 онд Онгонд тус тус түрүүлж байжээ.


Мөн 1968 онд Онгон сумын баяр наадамд Их хамар цагаан хүрэн морь түрүүлэхэд байнд нь ирсэн хүрэн даагыг уяж 1973 онд Онгон сумын баяр наадамд айргийн гуравт хурдлуулж байсан түүхтэй.

Энэ мэтчилэн уясан болгоноо түрүүлгэж айрагдуулдаг Д.Чулуунбор уяачийн  буурал духт хар азарганы төл халтар морь 1981, 1983 онуудад айргийн гуравт, 1984 онд  аман хүзүүнд хурдалсан бол Гэмт халиун морь нь 1969 онд айргийн гуравт, 1970 онд айргийн дөрөвт тус тус давхижээ.

Мөн нэгдэл адууг уналга эдэлгээнд сургах зорилгоор зохион байгуулагддаг байсан 100 дааганы уралдаанаас олон айраг, түрүү хүртсний дотор 1972 онд түрүү, аман хүзүүнд хурдлуулжээ. Тэр жил аман хүзүүнд хурдалсан хөх хүрэн даагыг нэгдлийн даргын шийдвэрээр Аймгийн сайн малчин болсон Л.Хүдэрчулууны мялаалга болгон бэлэглэсэн бөгөөд өнөөх нь 1974 онд хязааландаа сумын баяр наадамд айргийн гуравт хурдалж байсан аж. Түүнчлэн Б.Цэнджавын хүрэн даагыг уяж 1974 онд түрүүлгэн, 1976, 1977 онуудад айргийн гуравт хурдлуулж байжээ.


Ийнхүү морь уясан цагаас айраг түрүүний амжилт тасраагүй буурал уяач 1982 онд алдарт хүрэн азаргаа (шүдлэн үрээ) уяж Онгон сумын баяр наадамд айргийн гуравт хурдлуулаад,1983 онд Дарьганга сумын баяр наадамд мөн айрагдуулан, хойтон жил нь тэнгэрийн орноо зорьсон билээ.

Хүлэг таних нүдтэй, хурд ирлэх шидтэй аз өм нь бялхаж ядсан түүнийг Ч.Чулуунбаатар, Ч.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Ч.Төмөрбаатар, Ч.Ихбаяр, Ч.Түвшинбаяр нарын хөвгүүд нь залгамжлан морь алдрыг нь мандуулсаар явна.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.