МУ-ын Алдарт уяач Т.Энхтайван: Адуу малтай ойр байсан хүүхэд хэрсүү болж хүмүүждэг

А.Тэлмэн
2020 оны 4-р сарын 28 -нд

Эрийн хийморь сэргээж, улсын сүрийг бадраагч төрт ёсны их баяр цэнгэл наадам айсуй. Үндэс угсаа, үүх түүхээ дээдлэн эрхэмлэх сэдлийг өдөөж, сэтгэлийг бататгагч  эрийн гурван наадмыг 1206 оны улаан барс жил Их монгол улсыг тунхаглан, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн төрийн их ёслол, баяр наадам хэмээн үздэг болсон бөгөөд энэ уламжлал 1634 оныг хүртэл 37 хааны үед хадгалагдсаар иржээ. 

Мянган дамжин өртөөлсөн миний монголын соёл төрт ёсны их цэнгэлийн урьтгал дугаартаа нэгэн цагт  хурд шандсаараа гайхуулж асан цуут Гоё халиуны эзнийг урилаа. 
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, Налайх дүүргийн харьяат, Монгол Улсын Алдарт уяач, “Цоглог хангай” ХХК-ийн ерөнхий захирал Түндэвийн Энхтайваны дэлгэр хуучийг хүлээн авна уу?

-Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын их цэнгэл хаяанд ирлээ. Алдартын уясан хүлгүүд хөнгөн сайхан уу. Уяа эвтэй байна уу?

-Эвтэй сайхан байна аа. Сайхан зусч байна уу?
-Сайхаан. Зуншлага тавтай юу?
-Тавтай сайхан байна аа. Би 2014 оноос хойш морь уялгүй, хэдэн жил өнжсөнийг  та бүхэн анзаарсан байх. Өнөө жил Налайхынхаа Наадам толгойд зургаан насны 20-иод адуу уячихаад сууж байна. Яагаад олон жил морь уялгүй завсарлав гэж асуух байх. Ийм учиртай. Хурдан морины уралдаанд хандах нийгмийн хандлага. Хэдхэн жилийн өмнө эрийн гурван наадам гэдэг монголчуудын баяр, цэнгэлийн дээд хэлбэр байлаа. Монголчууд ямар нэг маргаан мэтгээнгүйгээр хүлэг морио уралдуулж, хүүхдийнхээ цовоо цолгиун дуунд хөөрч догдлон “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн санааширдаг байлаа. Гэтэл сүүлийн 10-аад жил ямар морь уралдуулах вэ гэдэг дээрээ маргаад наадмаа хийж чадахаа байсан. Нэг хэсэг нь цэвэр монгол морь уралдуулна гэдэг. Нөгөө хэсэг нь эрлийз морио уралдуулах гэдэг. Энэ зөрчилдөөний улмаас наадмын сайхан уламжлал алдагдаж баяр цэнгэл бус, уур бухимдал, хэрүүл маргаан болсон. Миний хувьд хурдан морийг амьжиргааны хэрэгсэл, алдар нэр горилох шалтаг болгодоггүй учраас хэсэгтээ харзнаж татгалзахаар шийдсэн юм.
-Үл ойлгогдох байдал олон хүний урам зоригийг мохоож буй. Жил өнжөөчихөөр уяа алдардаг гэж уяачид ярьдаг. Нэлээд хэдэн жил өнжөөчихсөн. Уяа хэр эвлэж байна вэ?
-Зун уралдуулахгүй ч өвөлдөө оруулж ирж тэжээгээд уналга, эдэлгээгээ хийдэг байсан учраас гайгүй ээ. Тэгээд уядаг морьд, адуу маань нэг үе солигдож байна даа.
-Уяач аавын удам залгасан хүү. Таны аав Түндэв гуай аймагтаа гурав түрүүлсэн хурдан хээр морьтой хүн байсан гэдэг байх аа.
-Тийм ээ, би малч удмын хүү. Миний аав Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Гочоогийн Түндэв гэж адуу малд дуртай хүн байлаа. Миний өвөө орон нутагтаа “нүүдэл” Гочоо гэж алдаршсан малч хүн байсан. Өвсний соргог усны тунгалгийг даган байнга нүүдэллэж байдаг. Нэг буурин дээрээ гурав хонодоггүй хүн байсан хэмээн нутгийн буурлууд дурсдаг юм. Нутгийн ах дүү нар нь “Лам ах” гэж нэрлэдэг байсан юм билээ. Дөрвөн хүүтэй, миний аав отгон хүү нь. Ах нар нь хот хүрээ рүү сургууль соёлын мөр хөөж аав маань 25,26 хүртлээ нутагтаа аавтайгаа адуу малаа маллаж байгаад 1950 оны сүүлээр Улаанбаатарт ирж суурьшин ээжтэй гэр бүл болсон. Тэгээд Налайх дүүрэгт суурьшсан. Насаараа төрийн албанд ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан хүн байлаа. Аавыг нутгаас гарсны дараа өөрийнх нь тамгатай хээр морь аймгийн наадамд 2-3 түрүүлсэн ажиг сураг байдаг юм.
-Ээж тань аль нутгийн хүн бэ?
-Миний ээж Төв аймгийн Эрдэнэ сумын хүн. Бид эцэг эхээс долуулаа. Намайг бага сургуульд ороогүй байхын л аав маань “Энэ миний хүүгийн морь шүү” гээд айлд тавьсан адуунаасаа зүсэлж өгч байлаа. Тэр цагаас хойш би адуунаас холдоогүй ээ. Хоёр, гуравдугаар ангийн жаахан хүүхэд Шохойн цагаан булгаас Чулуун хашаа хүртэл 10 гаруй км газар хээр тал, модны хаяагаар явж очоод адуугаа эргэчихээд ирдэг байсан. Их л эр зориг гаргадаг байсан. Тэр үеийн нийгэм амгалан тайван, хүмүүс нь ч сайхан байж дээ. Би одоо боддог юм. Монголчуудын аль ч улсад очоод ажил хийсэн гологддоггүй, амьдралын хар ухаантай, хэрсүү байдаг нь бага наснаасаа адуу малтай ойр байсных. Мал маллаж өссөн хүүхэд аливаад хэрсүү, эвсэлтэй болж өсдөг юм байна. Би одоо өөрийгөө харьцангуй хэрсүү, хашир гэж боддог. Олон жил төрийн ажил хийлээ. Янз бүрийн түвшний хүмүүстэй уулзаж, ярилцаж байлаа. Багад суусан тэр зан байдал их түлхэц болдог шүү.
-Нээрэн хөдөөний хүүхдүүд хэрсүү, бие даасан байдаг шүү. Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын ууган хүү. Тухайн үед аав маань төрийн байгууллагад ажилладаг, зав муутай. Тэгээд намайг адуу малд дуртай болохоор “Миний хүү яваад ирэхгүй юу даа” гэдэг. Би ч дуртай нь аргагүй явна. Тухайн үед манай морьд Төв аймгийн Эрдэнэ сумын уяач “Арзгай” Бадарч гэдэг хүнийд байдаг. Гэрээс гарахдаа олом жирмээ сайн чангалахаас эхлээд бүхнийг нарийн тооцоолно. Хэрвээ тэгэхгүй бол хээр хэн надад туслах вэ? гэдгийг сайн ойлгоно шүү дээ. Хээр эмээлийнхээ олмыг чангалахаар мориноосоо буухдаа эргээд мордохдоо амрыг бодож дов сондуул, жалга чулуутай газар сонгох, морио алдчихгүй байх, мориндоо хазуулчихгүй, хайруулчихгүй байх бүх арга хэмжээг балчир хүүхэд гэлтгүй тооцоолдог юм. Нөгөө нохой хамартаа хүрэхээр усч гэдэг их үнэн үг шүү. Тэр бүхэн хүнийг бие даахад сургадаг юм билээ.
-Инженер мэргэжилтэй, төрийн сайд хийж явсан болохоор тань “шинэ цагийн” уяачдын нэг гэж боддог байлаа.
-Дунд сургууль төгстлөө морь малтай ойр байсан. Хашаандаа морь тэжээгээд ойр зууртаа унана. Харин оюутан болоод нэг хэсэг аргагүй завсарласан. Тэгээд их сургуулиа төгсөөд Налайхын дулааны станцад хуваарилагдаж очсон юм. Эхний хоёр жил засварчин, инженер, дэвшээд ерөнхий инженер гэх мэтчилэн инженерүүдийн явдаг замаар явсаар 1991 онд дарга нь болсон. Найман жил даргаар ажиллах хугацаанд байгууллагынхаа бүхий л асуудлыг удирдан зохион байгуулна шүү дээ. Дүүргийг дулааны эрчим хүчээр хангах үндсэн үүргээс гадна ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах аж ахуйн ажилд хүртэл. Ажилчдын сүү, айраг цагааг бэлтгэдэг мал аж ахуйтай. Намар нь өөрсдийн хүчээр хадлан өвсөө бэлтгэх гээд л. Түүн рүүгээ анхаарал хандуулж эргэж тойрно. Тэгж явахдаа хүүхэд насны хобби сэргэж 1997 оноос хурдан морь сонирхон уяж эхэлсэн.

Гоё халиунаа анх хараад л таалсан 

-Хамгийн анх Хэнтийн Галшараас халиун үрээ авч уясан гэдэг бил үү?

-1996 онд байгууллагынхаа хэрэгцээнд Хэнтий аймгаас хонь, үхэр, адуу авчирсан. Тэгж явахдаа Галшараас битүү халиун үрээ авчирч, Манлай уяач Ноостын Түмэнбаяраар уяулсан юм. Халиун үрээ маань Налайхын наадамд зургаалаад, Гачууртад аман хүзүүдэж, улсад 30 гаргаад давхилаа. Урам орно биз дээ. Өөрийн цөөхөн ч гэсэн хэдэн адуу байсан. Түүнээсээ уялаа. Нэмээд нэлээд хэдийг авлаа. Тэгээд тэр жил Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн уяач Алтангадасаар нэг жил маллуулав. Алдартынх дөрөвдүгээр зөрлөгт морь уяна. Намар болохоор адуугаа Хэнтийн Өмнөдэлгэр лүү гаргадаг. Өвөл адуугаа эргэх гээд явсан Алтангадас “Энд нэг сайхан, зураг шиг адуутай айл байдаг юм. Хоёулаа орж адуу харъя” гэж байна. Давхиад очлоо. Ажилтай байрын сайхан айл байна. Ярьж хөөрч байгаад унтлаа. Маргааш өглөө нь адууг нь харлаа. Үнэхээр сайхан адуутай юм аа.
-Хэнийх билээ.
-Александрын Алтанбаатар гээд буриад залуугийнх. Алтанбаатар архи, тамхи хэрэглэхгүй. Ажилтай гэж жигтэйхэн. Мал хуй ч сайтай юм. “300,400-гаад адуу, 2000-гаад хонь, 200”-гаад үхэртэй гэнэ. Тийм сайхан адуу харсан хүн яаж зүгээр байх уу. Нүдэнд туссан үрээгээ заагаад асуухаар “Зарахгүй ээ” л гэх юм. Тэгээд харж байсан, эвтэйхэн ах дүү хоёр хар адуу байна. Ах нь долоон настай морь, дүү нь азарга” соёолон гэнэ. “Энэ хоёрыг чинь авъя” гэсэн “За” гэж байна. “Ямар үнэтэй вэ” гэсэн “Сая төгрөг” гэнэ. “800 мянгаар өгөх үү” гэсэн “Үгүй ээ” гэж байна. Жаахан лавшруулсан “Тэгвэл болих л үгүй юу даа” гэнэ /инээв/.
-Чанга эр байх нь...
-Архи дарс уудаггүй, арилжаа наймаа хийдэггүй малч хүн л дээ. Эхлээд юу гэж дуугарна, тэр чигээрээ. Хар соёолонгийнх нь үнийг асуусан, нөгөө хэлдгээ л хэлж байна. “Үнэ буух уу” гэсэн “Буухгүй” гэнэ. “Жаахан буулгачихаач” гэсэн “Тэгвэл болио” л гэнэ /инээв/. Бас нэг аятайхан хээр үрээ байна. Үнийг нь асуусан бас л сая. Шүдлэн үрээ шүү дээ. “Буух уу” гэсэн “Үгүй” гэнэ. Түүнд би Аварга хээр гэж нэр өгч байлаа. За ингээд гурван саяар гурван адуу авчихлаа. Ганц охин адуу авъя гэж бодоод хэд хэдэн гүү заалаа. Үгүй ээ л гэнэ. Тэгээд мөлүү чихтэй шарга хязаалан байдсыг асуусан “800 мянга” гэнэ. Ингээд 3.8 сая төгрөгөөр дөрвөн адуу авчихлаа. Тэр шарга байдас маань сайхан гүү болж надад 8 охин төл өгч олон сайхан шарга, халиун, бор зүсмийн гүүнүүдийн маань эх болсон.


-Хэдэн онд билээ.
-2002 онд. Тэр үедээ хөөрхөн ханш л даа.Тэдний ойролцоо оторт миний хоёр азарга адуу байсан юм. Нэг нь даагандаа улсад айрагдаж байсан Шүүтэнгийн хээр азаргатай адуу. Тэгээд маргааш өглөө нь явахдаа  би Алтанд “Танайх улсад уралддаггүй л болохоос үнэхээр сайхан адуутай айл юм. Улсад уралдуулж, цусыг нь сэлбэмээр юм байна даа. Чамаас авсан хар соёолонгоороо азарга тавъя. Миний хээр азарга улсад даагандаа айрагдаж байсан төрийн довтой адуу. Хээр азаргаа чамд бэлэглэе” гэсэн юм. Тэгээд хээрийнхээ адууг нөгөө хар соёолонд хураалгаарай гэчихээд яваад өгсөн.
-Би таныг Гоё халиуныхаа түүхийг ярих нь гээд хүлээгээд байлаа.
-Эхэлж заасан адуунуудыг зарахгүй гээд байсан гэж ярьсан шүү дээ. Тэдний нэг нь Гоё халиун. “Хүүхдийн адуу, зарахгүй” гээд халгаахгүй байсан юм. Тэр намраа Алтан хотод ирээд манайхаар орлоо. “Аав хээр азаргыг хараад сайхан азарга бэлэглэсэн байна гэж байна лээ. Тэгээд танд гүү өгсөн. Очиж гүүгээ заалгаж аваарай” гэж байна. Бүр болоогүй “Хэдүүлээ сайхан танилцлаа. Адуу мал авахгүй юу” гэдэг юм байна.
-Улсад айрагдсан азаргаа зүгээр бэлэглэчихээр нэгийг бодоо л доо.

-Тэгсэн байх. 2003 он гарлаа. Би Тод манлай уяач Сандуйжав гуай дээр морьдоо аваад оччихсон. Манай уяа хамгийн олон морьдтой нь байсан байх. Улаан сайд, “Анод” банкныхан тэр чигээрээ, “Макс”-ынхан, Эрчим хүчний сайд Даваасүрэн гээд их олон уяачийн морьд байдаг. За тэгсэн манай уяаныхан хавар Сүхбаатар луу адуунд явлаа. Би Эрчим хүчний удирдах газрын даргаар ажиллаж байсан. Зав гардаггүй. Тэгээд “Сандуй ах аа, та надад нэг сайхан их морь аваад ирээрэй” гээд гурван сая төгрөг өгөөд явууллаа. Тэгж явахдаа Улаан сайдын Алтан-Овоонд түрүүлдэг Аварга зээрдийг авсан юм. Хамт явснаараа Гүр-Аранз бас нэг зээрд морь авч. Яваагүйгээрээ надад их морь үлдсэнгүй. Хэд хоногийн дараа Сандуй ах ирээд “Хоёр сайн их морь байсны нэгийг Улаан, нөгөөг Гүр-Аранз авчихлаа. 


Гэхдээ шүдлэндээ Сүхбаатар аймгийн 60 жилийн ойд дөрөвлөсөн нэг сайн үрээ байна. Гурван саяар зарна гээд болдоггүй. Ах нь 2.5 саяд авъя гэсэн чинь өгдөггүй. 2.7 саяд ав гээд байхаар нь хүрээд ирлээ” гэдэг юм. Тэгэхээр нь би “Өө, та тэгвэл тэрийгээ аваад ир. Анх хэлсэн гурван сая төгрөгийг нь өгөөд адуунаас нь ганц унагатай гүү авчих” гээд буцаагаад явууллаа. Тэр бол миний Үүлэн бор юм. 
За ингээд уях морьдоо тооцсон, шүдлэн насны адуу л дутаад болдоггүй. Тэгж байтал өнгөрсөн жил Алтангийн хашаанд байсан хонгор халзан даага санаанд орлоо шүү. Тухайн үед миний нүд тусаад “Авъя” гэсэн “Эхийг нь чоно идчихсэн, өнчин юм. Зарахгүй” гээд өгөөгүй юм. “Тэрийг очиж авангаа, бэлэгний гүүгээ заалгая”. Ингэж бодоод Сандуй ахыг дагуулаад Өмнөдэлгэр явлаа.
-“Адуу аваарай” гэсэн болохоор энэ удаа үгүй гэхгүй байх хэмээн тооцжээ дээ.

-Тийм. Алтангийндаа очлоо, Александр гуайтайгаа уулзлаа. Сайхан буриад өвгөн юм аа. Алтан маань “Адуу үзээд ав” л гэнэ. Тэднийх Хурхын голын хөвөөнд зусаж байсан юм. Голын эрэг дээрх адуун дундаас нэг хар алаг гүү аятайхан харагдахаар нь “Энэ хар алаг гүүг авъя” гэсэн. “Тэг ээ” л гэнэ. Бэлэгнийхээ гүүг заалгачихаад “Хэдэн үрээ авъя” гэсэн “Ав ав”  гэж байна. Урьд жилийн “Энийг ч болохгүй, тэрийг ч зарахгүй” гэдэг хүн биш болжээ. Хурхын голын хөвөөн дээр баруун хойшоо хараад зогсож байсан Гоё халиуныгаа заагаад “Энийг авъя” гэсэн “Ав” л гэж байна. Авчихлаа. “Ноднингийн хонгор халзан даага бий юу” гэсэн “Бий. Адуун дээр байгаа” гэнэ. Адуу руу нь очлоо. 
Тэгсэн хонгор халзанг хөөгөөд явж байтал хажууд нь цуг давхиж явсан хойд 2 хөлөө сарвайтал нь татсан хээр шүдлэн нүдэнд тусаад болдоггүй. Хээрийг нь авъя гэсэн Сандуй ах “Чи анх зорьж ирснээрээ хонгор халзангаа авахгүй юм уу” гэж байна. “Үгүй ээ, хээрийг нь авна аа” гэчихээд Алтангаас асуусан “Тэг ээ” л гэж байна. 


За ингээд өнөө хээрийг аваад хонгор халзангаа больчихлоо. Хонгор халзан үрээгээ дараа очихдоо авсан л даа. Хоёр үрээн  дээрээ нэмээд хоёр сайхан их насны морь авлаа. Сүүлд би наадамд унадаг байсан даа, бор алаг морь. Харсан уу?
-Сайн санахгүй байна.
-Нэг нь тэр. Нөгөө нь  цавьдар морь.
- Хол ойрын харсан бүхэн нүд унагааж байхыг бодоход үнэхээр сайхан адуутай айл бололтой.

-Хачин сайхан. Гоё халиунаа авчихаад ачуулах гэж байхад нэг бэлгэшээлтэй явдал болсон юм байна.
-За сонирхуулаач?
-Хоёр морио ачих зуур би хоёр үрээгээ хөтөлчихсөн нуруугаа үүрээд зогсож байлаа. Сэтгэлд нийцсэн адуугаа авчихсан хүн баяртай байлгүй яах вэ. Тэгээд морь ачиж байгаа улс руу харааД зогсож байсан, үрээнүүд маань хоорондоо тоглоод тонгочоод миний хойно точигноод л байх юм. Тэгснээ хоёулаа миний хоёр талын шуун дээрээс үмхэж тавиад, үмхэж тавиад байдаг юм. Хүүе гэхээр байсхийгээд л хазахгүйгээр уруулаараа зөөлөн үмхээд. Тэр нь надад их сонин санагдаж, дотроо их бэлгэшээж билээ.

XXI зуун гарсаар нэг уяачийн морьд түрүүлж, айрагдсан анхны тохиол нь минийх

-Тэр бэлгэшээл ёсоор болсон. 2003 оны  улсын баяр наадмын хязаалангийн уралдаан таны хувьд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн байх. Учир нь таны бүгээн зүсмийн үрээнүүд түрүү, үзүүр булаалдсан шүү дээ.
-Тэр жил би Дөргөн, Тайширын усан станц байгуулах ажлаар Австрали явчихаад дунд сунгааны дараа ирсэн, хүмүүс “Хоёр үрээ чинь хурдан байна аа, хойноос гараад тархинд уралдаад байна” гэж байна. Тэгсэн Сандуй ах “Макс”-ынханд бэлэглэсэн Босоо хээр гээд даагандаа улсад айрагддаг үрээг дийлчихээд байж. Нэгдүгээрт, эзэн нь байхгүй, хоёрдугаарт, улсад айрагдсан гэдгээр нь хээр үрээг арай түрүүлээд гаргадаг юм байна л даа. Тэгсэн нөгөө хоёр араас нь очиж нийлээд түрүүлчихээд байдаг.
-Таны хоёрын аль нь урдаа байсан бэ?
-Гоё халиун. Үүлэн бор жаахан гараа муутай.
-Тэр үеийн Налайхын сунгаан наадмын өнгийг тодорхойлдог байсан. Тэгэхээр итгэл дүүрэн иржээ дээ. Гэр бараа бэлтгэчихсэн байсан уу?
-Баталгаатай айрагдана гэж бодож байсан болохоор сайхан сийлбэртэй гэр бариад ёс төртэй гарсан л даа. Тэр жил улсын наадам анх удаа Хүйн долоон худагт болсон шүү дээ. Тэгсэн гэр барьж байхад бас нэг бэлгэшээлтэй сайхан явдал болсон юм. Яасан гэхээр гэнэтхэн хүүхэд, хүүхнүүд шуугиад явчихдаг юм. “Юу болов” гэсэн манай гэрт урт хайрхан заларч. Бид ихэд бэлгэшээн сүү өргөж үдсэн. Тэгээд маргааш нь хоёр үрээ маань хол сайхан түрүүлж, аман хүзүүдсэн дээ. Чи бичлэгийг нь үзсэн үү, үгүй юу? 100 гаруй метрийн зайтай тасарч түрүүлсэн. Гоё халиун Үүлэн бороос 100, Үүлэн бор Алтандөшийн хулаас ахиад 100 метрийн зайтай.
-Уралдааныг нь дагаж үзсэн үү?
-Зохион байгуулагчийн машинд суугаад Гоё халиунаа бараадасхийгээд явсан. Цагаан хөтөл дээр зургаа, долоогоор гарч  ирсэн. Гэхдээ Үүлэн урдаа. Тэгээд жаахан уруудасхийдэг шүү дээ. Тэрэн дээр Гоё халиун урдаа гараад шонгийн модны орчмоос хоёулаа тасарчихсан. Тэр чигээрээ явсаар байгаад Гоё халиун барианы цагаан зураасан дээр ирж нэг  цовхроод орсон доо. Цагаан зураас хараагүй адуу үргэж байна лээ.
-Төрийн наадмын түрүү, айргийг зэрэг хүртэх үед ямар мэдрэмж төрдөг юм бэ? Ямар ааль аяг гаргадаг юм байна.
- Хоёр, гурван удаа огшсон. Гэхдээ хүн итгэдэггүй юм билээ. Түрүүн хэлсэн шүү дээ. Багын хэрсүү зантай гэж. Хажууд яваа Сандуй ах болоод уяаныхан “Баараггүй орчихлоо” гэхээр би “Орсон хойно нь болъё” гэдэг /инээв/. Тэгсээр байгаад зурхай давсан хойно нь сая нэг түрүүлж, айрагдлаа даа гэж итгэсэн. Гэхдээ бас тэрүүхэн тэндээ хүлээлттэй, шүтлэгтэй. Шинэ гэртэйгээ хамт зандан хусуур, сойз авснаа бэлгэшээгээд барьчихсан. Түүнийгээ байн байн чангахан атгаад л дотроо залбираад л байгаа /инээв/.
-Тэр хэсэгхэн агшинд ухаан санаагаа гээсэн мэт санагддаг гэж уяачид ярьдаг. Харин та өөрийгөө хянахтайгаа байжээ.
-Тухайн үед төрийн наадамд нэг хүний хоёр морь түрүүлж, аман хүзүүдсэн тохиол байхгүй гэж ярьдаг байсан ч энэ талаар тодорхой баттай мэдээлэл би олж үзээгүй ээ. Гэхдээ XXI зуун гарсаар нэг уяачийн морьд төрийн наадмын түрүү, аман хүзүүг булаалдсан анхны тохиол нь бол харин баталгаатай минийх болсон. Одоогоор нэг уяачийн морьд айрагдсан ч түрүүлж аман хүзүүдээгүй л байна.

-Тийм шүү. 2016 онд Д.Дагвадорж Тод манлай хоёр азарга айрагдуулсан.
-Өвөрхангай аймагт байдаг Монгол түмний морины их шүтээнийг байгуулахад миний бие нэлээд дэмжсэн. Аавын минь нутагт тэр сайхан цогцолбор байгуулагдаж байхад дэмжилгүй яах вэ. Мөнгөн хандив өргөснөөс гадна нэг суварга бүтээсэн. Гэхдээ хожмоо тэнд хурдан хүлгүүдийнхээ хөшөөг босгоно гэж зүүдэлж явсангүй. Өнгөрсөн жил надад “Нэг эзний 2 хүлэг төрийн наадамд түрүүлж, аман хүзүүлсэн болзлоор Гоё халиун, Үүлэн борын хөшөө дурсгалыг морины их шүтээнд залах Удирдах зөвлөлийн шийдвэр гарлаа” гэсэн үгтэй урилга ирсэн. Гоё халиун Энхтайваны гэхээсээ илүү Монголын ард түмний хайртай хүлэг болчихсон. Моринд дуртай Монголын ард түмнээс Гоё халиун, Ажнай шаргын тухай дуулаагүй хүн бараг байхгүй болов уу? Ирсэн хүмүүс Гоё халиуны хөшөөг их асуудаг гэсэн. Нээрэн бодсон тийм юм билээ. Би чинь эрчим хүчний салбарт олон жил ажиллалаа. Зурагт, хэвлэл мэдээллээр зөндөө л гарсан. Улаанбаатарынхан, эрчим хүчний салбарынхан л инженер, сайд Энхтайван гэдгээр нь мэддэг. Хөдөөгийнхөн бол Гоё халиуны эзэн гэдгээр таньдаг. Хаа ч явсан “Гоё халиуны эзэн байна” гээд хүндэтгэнэ. Нөгөө “Сайд дээшээ, баатар доошоо” гэдэг шиг л юм болдог шүү дээ. Ийнхүү монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан хүлгээ мөнхжүүлэх нь зүйтэй гэдэг үүднээс урилгыг нь хүлээн авсан.

12 адуу аваачиж аавынхаа нутагт тараасан

-Уяач аавд хүү нь төрийн наадмын түрүү, айргийг нэг дор хүртэхээс илүү баяр бахдалтай зүйл үгүй байсан биз. Аав нь хэрхэн баяр хүргэсэн бэ?
-Аав минь 1996 онд бурхны оронд одсон. Аавыгаа амьд сэрүүн ахуйд нь нутаг ус руу нь явж чадаагүйдээ жаахан гэмшиж явдаг байсан юм. Тэгээд 2012 онд хоёр унагатай гүү нийлсэн 12 тооны адуу ачаад Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум руу явлаа. Хүнхрээгийн гол гараад таарсан эхний хүнээс эхлээд адуу бэлэглэнэ гэж бодож явсан юм.
-Уяан дээрээсээ ачаад гэхээр нь наадахаар явж гэж ойлготол бэлэглэх гэж байжээ дээ.

-Тийм. Аавын минь нутаг аргагүй сайхан л даа. Хүнхрээгийн голоос ундаалсан адуу хурдан хэмээн нутгийнхан ярьдаг. Тэр голоос цааш хангайрхуу болчихдог юм. Тэгээд явж байсан, нэг мотоцикльтой залуу эхнэртэйгээ явж ирж таарлаа. Доржсүрэн гэдэг гэнэ. Би эндээс аавынхаа буйрыг заалгахаар садан болох хөгшнөө суулгачихсан явж байсан юм. Нөгөө хоёр чинь хуучлаад. За тэгээд бодож байсанчлан нэг унагатай гүүгээ бэлэглэчихлээ. Энэ мэтчилэн нутгийн уяачдад ачсан адуугаа нэг, нэгээр нь бэлэглэсэн юм. Одоо тэр хавиар миний авч очсон адууны үр төлүүд, өөрсдөө ч хурдалж байна. Гоё Халиун, Үүлэн Борын маань угшлын адуу өсч үржиж байгаа. Түүнээс хойш нутгийн ах дүүст олон ч адуу өгсөн.
-Уяж байсан морьдоо ачиж очоод бэлэглэчихсэн хэрэг үү?
-Тийм ээ, уяж байсан үрээ морьдоосоо аваад явсан. Бэлэглэсэн нэжгээд үрээнүүд маань бүгд азарга болсон. Гоё халиуны эхийнх нь хамгийн бага дүү шар хээр морийг Самданцоодол гэдэг уяачид өгсөн. Нөгөө хүн Богдын нэг залууд зарчихсан юм билээ. Хээр морь уржнан Өвөрхангай аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүүлж байна лээ. Мөн Гал хүрэн гээд сайн их морь өгсөн. Авсан эзэн нь сайн уяагүй бололтой. Дуулдахгүй байна. Хүрэн морь улсын наадамд айрагдаж чадаагүй ч багахан наадмуудад олон түрүүлж, айрагдсан. Даваахүү гуайн мялаалга наадамд хоёр арабын ард орсон. Уяаг нь олбол хурдан морь л доо.
-Хаанахын адуу вэ?
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Отгонбаяр гэж залуугийн адуу. Би Өмнөдэлгэрээс хоёр сайн их насны морь тодруулсан хүн шүү дээ. Нэг нь миний Гоё халиун. Нөгөө нь 2010 онд улсад гуравладаг Саран хонгор. Миний найз Эрхэмбаярын нэр дээр уралдаж айрагдсан шүү дээ.
-Тэр үед наадмын сэтгэгдэл хуваалцахад ярьж байсныг тань санаж байна.
-Ямар учиртай вэ гэхээр Өмнөдэлгэрийн наадмын айраг, түрүүг Анхбаяр, Отгонбаяр гэж хоёр нөхөр хуваагаад авчихдаг байсан юм. Би хоёулангаас нь адуу авсан. Отгонбаяр ах дүү гурван хонгор азарга, морьдтой. Тэр хавиараа сайхан наадна. Би очоод ах дүү гурвын дундах хүрэн соёолонг нь авсан юм. Ах нь хавчиг зургаатай, сартай хонгор морь тэр хавиараа их хурдан байгаа гэгдэж байсан. Хүрэн морь маань улсад айргийн араар уралдаж, бага наадмуудад нэлээн хэд айрагдлаа. Хоёр жилийн дараа нөгөө ах хонгорыг авмаар санагдаад болдоггүй. Дөрөв, таван найзтайгаа нийлээд нэг уяа болчихсон байсан юм. Санаагаа найз нартаа хэлсэн, Эрхэмбаяр маань сонирхож байна аа. Мань хүн их моринд дуртай. Их морь бас гайгүй давхиулна. Би Хэнтийн Баянхутагаас хавчиг зээрд морь зааж өгч авахуулаад улсад 9-өөр давхиулж байлаа. Дараа нь бас бүсэд айрагддаг Дөлгөөн хээрийнхээ ахыг авч өгсөн чинь хулгайд алдчихсан юм. Эрхэмээ миний яриаг чагнаж сууснаа “Хонгор морийг чинь би авъя” гэдэг юм. Тэгэхээр нь Отгонбаяр луу залгаад “Манай найз очиж хонгор морийг чинь авна шүү. Тэр ахтайгаа наймаа тохироорой” гэсэн юм. Тэгээд Эрхэмээ маань авчирч, би уяад 2008 оны Заамарын бүсэд тавлаж, 2010 оны улсын наадамд гуравлаад, “Их хурд”-д аман хүзүүдсэн. Тэгээд сүүлд Саран хонгор нэртэй болж, Гавьяат дуучин Эрдэнэбат дууг нь дуулсан даа.
-Саран хонгорыг Өмнөдэлгэрийн адуу гэдгийг мэдэх ч таныг тодруулсан гэж мэдээгүй юм байна.

-Арга байхгүй. Би Өмнөдэлгэрээс хоёр сайн их насны морь тодруулсан. Бат-Эрдэнэ аварга, Гавьяат Энхзул хоёрт “Би танай нутаг Өмнөдэлгэрээс хоёр сайн их морь нэрд гаргасан шүү” гэдэг юм. Тэр хоёр чинь хоёулаа Өмнөдэлгэрийнх шүү дээ.

Хүн алдаагаа ухамсарлаж гэмшинэ гэдэг чухал

-2003 оныхоо наадмуудад дахин анхаарал хандуулъя. Улсын наадмын дараа Архангай аймгийн 80 жилийн ойд очиж нэг түрүү, хоёр айраг хүртсэн.
-Тэгсээн. Гурван үрээтэй очоод гувууланг нь түрүүлж, айрагдуулсан. Гоё халиун маань түрүүлж, Үүлэн бор гуравлаад, Алтангийнхаас авсан хээр үрээ дөрөвлөсөн. Хонгор халзанг авах гэж очоод авдаг хээр.
-Хээр шүдлэн тань улсад уралдсан юм уу?
-19-өөр давхисан. Хээр үрээндээ би Дөлгөөн гэдэг нэр хайрласан. Дөлгөөн хээр соёолондоо улсын наадамд зургаалаад, Налайхад нэг түрүүлсэн. Тэгээд өнгөрсөн жил Гоё халиуны эхийнх нь дүү, наадамд унадаг сайвар алхаатай халиун морьтойгоо хамт аваачин нутагт нь тавьсан.
-Би 2004 оноос хурдан морины уралдааныг сурвалжилсан. Таны дээр хэлсэнчлэн Гоё халиун, бага шарга гэдэг нэрийг л их дуулдаг байлаа.
-Нэгэн үе энэ хоёр үнэхээр дархалж хурдалсан л даа. 2004 оны хавар Монголын анхны өндөр бооцоот уралдаан болсон юм. Тэгэхэд Гоё халиун соёолон морь түрүүлж, 12 сая төгрөг хожиж байлаа. Өвлийн уралдаан гэлтгүй бэлтгэж гэр барьчихсан байсан юм. Морь түрүүлсэн сургаар тэр хавийнхан шаагиад ороод ирсэн. Шагналд дан 20 мянгатын дэвсгэртүүд ирсэн. Түүнээсээ ирсэн бүхэнд тараагаад байсан, лав хоёр боодол нь дууссан. За тэгээд унаач хүүхдэдээ, уяачдадаа гэж хуваасаар өөрт цөөхөн хэдэн төгрөг л үлдэж билээ.
-Зун нь улсад аман хүзүүдэж, Алтан овоонд түрүүлсэн.

-Улсад уг нь түрүүлсэн юм. Би энэ тухай өмнө нь нэг их ярьж байгаагүй л дээ. Битүүхэн хэлээд л өнгөрсөн.
-Одоо ярьж болно шүү дээ.

-Тэр жил хурдан байсан Содномцог Тод манлайн Од хээрийг улсад түрүүлгэнэ гээд Налайхад авчирч их сунгаанд Гоё халиунтай сунгадаг юм. Тэгсэн Гоё халиун дийлээд, Од хээр аман хүзүүдлээ.
За ингээд улсын наадам боллоо. Би машинтай дагаж явсан юм. Морины комиссын гишүүн Бадамжунайгийн машинд Содномцог болон тэдний галын хэдэн нөхөд суучихаж. Соёолонгийн тавилаас 400-500 метрийн наанаас  нэг хээр үрээ эргэчихдэг юм. Яаж байгаа юм бол гээд гайхаж байтал соёолонгууд эргэлээ. Тэгсэн тэр дутуу эргэсэн адуу нь Од хээр байж. Хагас километрийн наана эргэсэн хэдий ч Гоё халиун их ойрхон ирж аман хүзүүдсэн шүү дээ. Ахиад 20 метр байсан бол түрүүлчих л байсан. Наадмын дараа нэг сонинд өгсөн ярилцлагадаа би “Төрд ажилладаг хүмүүс төрийн наадмыг будилаантуулж байна. Төр, түмний наадмыг санаатай будлиулна гэдэг гэмт хэргийн шинжтэй маш ёс суртахуунгүй үйлдэл” гэж хэлсэн юм. Энэ үйл явдлаас хойш нэлээн хэдэн жилийн дараа би Содномцог Манлайгаас нэг англи, хоёр араб азарга тухайн үеийн ханшаар худалдаж авсан юм.


-ОХУ-аас оруулж ирээд байдаг байх шүү.
-Тийм. Тэр үед импортын адуу орж ирэх нь элбэг бус байлаа шүү дээ. Урьд өдөр нь би “Үүрээр хотод цэвэр азарганууд буух гэнэ, одоо Хиагтын гааль дээр байна” гэсэн мэдээлэл аваад, найзтайгаа хоёул Хүүшийн зоорин дээр очоод хүлээж байлаа. Зургаа өнгөрч байсан, Содномцог ах ирээд адуунуудаа буулгадаг юм. Өнөө хэдээс нь харж байгаад англи зээрд азарга, хоёр сартай хээр араб 3 азарга авлаа. Содномцог Манлай намайг гэртээ оруулаад надад хадаг өгөөд “Ах нь дүүгээ нэг удаа гомдоочихсон. Энэ зээрд азарга миний дүүг баярлуулах байх аа” гэсэн юм. Алдаа хийдэггүй хүн гэж үгүй. Цав цагаан өөгүй хүн ч гэж үгүй. Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг шиг хүнд сайн муу олон ааш бий. Хамгийн гол нь хүн түүнийгээ ойлгож, ухамсарлах чадвартай, буруугаа хүлээж, түүндээ гэмшиж чадаж байх нь чухал. Тэр утгаараа би Манлайг дотроо уучилсан. Тэгж хэлээд хадаг өгөхөд гомдол тайлагдчих шиг болсон. Үнэхээр ч тэр азаргануудын төл намайг олон баярлуулж байна. Одоо ч надад хурд тарьж байгаа.
-Жишээлбэл...
-Төв аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны байцаагч Тодоо гэдэг залуугаас би Мөнгөнморьтын Үүлэн борын угшилтай гүү авсан юм. Түүнийгээ нөгөө зээрд азаргандаа хураалгаад охин бор унагатай болсон. Та бүхэн санаж байгаа бол даагандаа 1000 долларын бооцоот уралдаанд дөрөвлөсөн шүү дээ. Уг нь түрүүлэхээр байсан юм. Би ажилтай явж байгаад хоолыг нь тааруулахгүй алдаад айрагдуулчихсан. Түүнээс биш гурван сунгаанд нь түрүүлсэн. Сунгаануудад түрүүлчихсэн чинь хүмүүс “Ланд-200 Энхтайваных боллоо” гээд шуугиж байсан юм. Даанч би агентлагийн даргаар ажилладаг. Төрийн ажил цаг наргүй. Тэгээд хоолны алдаа гаргачихсан юм. Одоо миний хурдан хонгор азарга, бор гүү хоёрын дундаас гарсан болгон нь хурдалж байгаа.
-2004 онд Үүлэн хэдээр давхисан бэ? Уралдсан биз дээ.
-Уг нь сунгаануудад гайгүй сайн байсан ч улсад 10 гаргаж давхисан. Тэгээд “Их хурд”-д уралдаж 22-т ороод, түүнээс хойш давхихаа байсан. Зүрх нь үхчихсэн юм шиг байна лээ. Түүнээс биш хурдан адуу л даа.
-Бага адууг “Их хурд”-д уралдуулах хэрэг байсан уу?

-Сандуй ах Гоё халиуныг “Их хурд”-д тавина гэж зүтгээд болдоггүй. Уяач, дээрээс нь насаар ахмад хүнийг шууд үгүйсгээд байх хэцүү ч Гоё халиуны тухайд би шууд “Үгүй” гэсэн. Тэгээд “Та үнэхээр уралдуулах гээд байгаа бол төмстэйгөөр нь Үүлэн борыг азарганд тавьчих” гэсэн юм. “Их хурд”-аас хойш бор азарга маань давхихаа байсан.
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу гэсэн бил үү?

-Тонгоон адуу. Сүхээ гэдэг хүний унаган адуу. Хээр азарганы хариуд бэлгэнд ирсэн хар алаг гүүгээ хураалгаад гарсан хээр алаг даага Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор улсад дөрвөөр давхиж, өндөр бооцоот уралдаанд аман хүзүүдсэн.
-Уяачийн хор гарч байж морь хурдална гэж айхтар оносон үг шүү. Магадгүй тэр жил шунаагүй бол Үүлэн бор дахин хэдэнтээ айрагдах байсан байх.
-Магадгүй л юм. Гоё халиунаа бодоход биеэр бага ч хурдан адуу шүү.
 -Халиун морь 2005 онд аман хүзүүнд хурдалсан. Давхар уяагаар уралдаагүй юм уу?

-Ахиж уралдаагүй санагдана. 2006 онд аман хүзүүдсэн ч тооцоогүй. Тэгээд Хэнтийн бүсэд очиж зургаалсан. Түүний дараа жил 2007 онд Онон ах дээр уягдаад хөл нь болж өгөхгүй, улсад мордоогүй юм. Тэгсэн Эрдэнэтийн захирал Бадамсүрэн “Дүү хоёулаа манай нутаг руу явж уралдъя” гэхээр нь тэрүүхэндээ жаахан ажил хийлээ. Тэгээд жолоогоо салгаж татдаг сурц муутай хүүхдээр унуулчихсан чинь өнөөх маань эвгүй татаад арын хөл нь урд хөлөө ирж цохиод шилбэний ясаа гэмтээчихсэн. Одоо 20 хүрч байна. Жаахан доголсхийгээд л явж байдаг юм.
-Нэрэндээ тохирсон уран хийцтэй адуу шүү. Эцэг, эхийнх нь аль нь тийм гоёмсог юм бэ?

-Эцэг нь. Зээрд азарга Читиэс орж ирсэн бага зэргийн цустай адуу юм билээ. Харин эх нь жижигхээн, цэвэр монгол гүү. Халиун гүүг би авч хэдэн төл авсаан. Эх халиун гүүний эх нь жороо халиун гүү байсан гэсэн.
-Богино хугацаанд гайхам амжилтыг үзүүлж, морь сонирхдог хэн бүхний зүрх сэтгэлд хоногшиж чадсан шүү.
-Гоё халиун бол Монголын ард түмний бахархалт хүлэг.

2006 оны наадамд хоёр түрүү, хоёр айраг авна гэж бодож очсон

-Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадсан хүнд 2006 он чамлалтай санагддаг байх. Тэр жилийн наадам хамгийн их маргаан дагуулдаг шүү дээ.  
-Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг л болсон. Одоо эргээд бодохоор танхай ч байсан юм уу /инээв/. Зургаан насны уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг авна гэж очиж байлаа шүү дээ. Адуу тийм л хурдан байж.
-Хэдэн насны морьтой очсон юм бэ?

-Нас болгонд уясан. Азарганд Үүлэн маань мордож 30 гарч давхилаа. Их насанд Гоё халиунаа дархан түрүүтэй гэж бодож байтал аман хүзүүдээд тооцогдсонгүй. Соёолонд сунгаанд хол байсан хамар цагаан хээрийг түрүүлнэ гэж бодож байтал есөд орчихлоо. Гэхдээ ийм явдал болсон юм. Буу тасхийгээд эхний хэдэн морь гараад явчихлаа. Максын зээрд, Төмөр-Очирын Шуурган зээрд, Энхболд даргын Мөлүү хул, миний хамар цагаан, Цэнгэлийн хээр гээд. Хэдэн үрээ эргээд навсайтал явлаа даа. Тэгсэн зохион байгуулагчид нь сонсоогүй юм уу, “Буцаарай, хасна шүү” гээд орилоод байдаг. Гоё халиунаа хасуулаад зүрх үхчихсэн хүн чинь морио татуулна биз дээ. Төмөр-Очирын Шуурган зээрд, Энхболдын мөлүү хул, миний хамар цагаан гурваас бусад нь тэр чигтээ явчихлаа. Тэгээд араас нь явсаар есөд орсон. Буцаагүй хэд тэр чигтээ ороод араас шуурган зээрд очиж айрагдсан санаж байна. За ингээд дархан нэг айргаа дахиад алдчихлаа.  Хязааланд Гоё халиуны дүү Дүү халиун гээд азарган үрээ мордоод 10 хэдэд давхилаа. Хоёр шүдлэн хоёулаа хурдан байсан болохоор баараггүй нэг нь айрагдана гэсэн бодолтой. Тэгсэн байдаггүй. Хараад байсан нэг нь таваар орж ирж байна аа. Яах аргагүй манай үрээ мөн. Тэгсэн хүүхэд нь тэрүүхэн доор хөндлөн зам дээр уначихаж. Ингээд дүрмийн дагуу нэг ухарч зургааллаа. За ингээд ганц даага л үлдлээ.
 -Хаврын бооцоот уралдаанд аман хүзүүдсэн гээ биз дээ.

-Билэгдэмбэрэлийн англи азарганы төл түрүүлж, миний алаг аман хүзүүдэж байсан юм. Тэгээд улсын наадмаар дөрвөөр давхиж, би ганзага хоосонгүй буцаж байлаа. Албан ёсны “Ирээдүйн түмэн эх” уралдааны өмнөх жилийн уралдаан. Энэ уралдаан зохион байгуулах талаар Максын Ганбаа, Шинжээ, Алтангэрэл зэрэг бидний хэдэн нөхдүүд Тод манлай Ганбаатарын өрөөнд ярилцаж байгаад уралдаандаа нэр өгөх болж миний дэвшүүлсэн “Ирээдүйн түмэн эх” гэдэг нэр дэмжигдэж одоо ч энэ нэрээрээ зохион байгуулагдаж байна. Дунд хэсэгт нь нэг хэсэг нэрийг нь өөрчлөөд үзсэн байх шүү.
-Хоёр түрүү хүртэнэ гэж тооцож байсан гэсэн. Ямар насанд вэ?
-Их морь, соёолонд. Даага ч бас бодож л байсан. Бусдыг нь айрагдана гэсэн тооцоотой.
-Түрүүлэх соёолон хаанахын адуу байсан билээ?
-Хамар цагаан хээр буюу Цоглог хээр гэдэг юм. Сэлэнгийн адуу. 2000-гаад оны дунд үеэр Үнэнбүрэн “Хийморь” гээд цаг тооны бичиг гаргадаг байсан шүү дээ. Түүнийг нь би дэмжиж ивээн тэтгэдэг байсан юм. Тэгсэн нэг удаагийн цаглабарыг харж байсан, Сэлэнгэд цадиггүй хурдан нэг морь гарчээ. Аймгийнхаа наадамд хоёр түрүүлчихэж. Уяач нь Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагч Эрдэнэбат ах. За тэгээд Эрдэнэбат ахтай холбогдлоо. “Хамар цагаан хээрийгээ зарах уу” гэсэн “Үгүй” гэснээ “Гэхдээ бас” гэж байна аа. Тэгэхээр нь ерөөсөө утсаар ярьж болохгүй юм байна гэж бодоод 10 саяыг цүнхлээд шууд яваад очлоо. Хүүтэйгээ хоёулаа сууж байна. Яриа хөөрөө өрнөлөө. Эхлээд “Зарахгүй” гэж байснаа “Яг найман сая төгрөг өгвөл авахгүй юу даа” гэнэ. Тэгээд хэлснээр нь авсан. Онцгой хурдан адуу байсан. Яагаад гэхээр Даваахүү гуай тээр жил тойруулгын эрлийз хоёр адуу Зэлтэр лүү гаргасан юм билээ. Тэрний угшил гэсэн.
-Тэгвэл хурдан байхаас яах вэ.
-Улсын наадмын дараа Архангайд очиж дөрөвлөсөн.


-Дүү халиуны тухайд жаахан дэлгэрүүлээч?
-2003 онд Гоё халиун улсад түрүүлчихээд би Налайхын урд Наадам толгойдоо зусаж байтал Алтанбаатар маань аавтайгаа хүрээд ирлээ. “Юугаа барих билээ” гээд сандарч байтал Австралиас авсан нэлээдгүй үнэтэй чамин эмээл маань санаанд ороод аавд нь бэлэглэчихлээ. Алтанбаатартаа мотоцикль бэлэглэлээ. Тэгсэн нөгөө хоёр маань хоорондоо зөвлөлдсөн юм байлгүй. Эх халиун гүүг  унагатай нь бэлэглэсэн. Түүнээс өмнө би нэг дүүг нь авчихсан байсан юм. Шарга хязаалан. За ингээд нөгөө хэдийгээ авах гээд очсон, ах нь гээд сайхан ногоон азарга байна. “УАЗ-469”-өөр солино гэнэ. Одоогийн УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн Хурд компани тэр үед зах дээр машин, мотоцикль зардаг байсан юм. “Гоё халиуны эзэнд өгөх гэсэн юм, ямар өнгөтэйг авах уу” гэсэн “Цэнхэрийг ав” гээд. Ингэж Гоё халиуныхаа ах, эх, дүү нарыг авсан юм даа. Дүү халиун даагандаа улсад наймлаад, Алтан-Овооны тахилгад зургаалж, шүдлэн, хязаалан улсад 10 гаргаж давхисан. Соёолон жил нь наадмын комиссынхон хасаад мордуулаагүй.
-Хоёр сайн шүдлэнтэй байсан гэсэн шүү дээ. Тэд хаанахын адуунууд вэ?

-Шар хээр, улаан хээр зүсмийн үрээнүүд байсан. Шар хээрийг нь Гучин-Усад аваачаад бэлэглэчихсэн чинь аймгийнхаа баруун бүсэд түрүүлсэн гэнэ лээ. Нөгөө улаан хээр нь нэлээд түүхтэй. Бид Монхор хээр гэдэг юм. Жаахан нарийсчих гээд байдаг болохоос бас л хурдан адуу. Тэрийг яаж авсан бэ гэхээр 2000 онд манайх Налайхын Олон довны орчим зусаж байлаа. Тууврын адуу хараад сууж байсан, нэг цавьдар хязаалан байдас аятайхан харагдаад байх юм. Зайлуул, нэг амьтны ч гэсэн амийг хэлтрүүлье гэж бодоод аваад үлдсэн чинь Монхор хээр маань гарсан. Эцэг нь өнөөх анх авдаг хар соёолон азарга.
-Гоё халиуны ах ногоон азаргыг уясан уу?
-Уясаан. Улсад 19-өөр нэг давхисан. Гоё халиуны эцэг зээрд азарга нь хөгшрөөд, нэлээд дор орчихсон байх үед Александр ах надад “Миний хүү тэжээж байгаад ганц нэг төл авбал ав” гэсэн юм. Тэгээд эцэг зээрдийг авчрахдаа хүү ногоон азаргыг нь буцаагаад бэлэглэчихсэн.
-Тэгвэл танд бүр эцэг эх, дүү нар гээд бүгдээрээ ирсэн юм байна шүү дээ.

-Тэгсэн. Би чамд ерөнхийд нь ярьж байгаа болохоос биш, Гоё халиуны угсаатай их олон адуу авсаан. Ногоон азаргыг авснаас хойш нэлээд хэдэн жилийн дараа Алтангийн маань машин муудчихаад “Шинэчилмээр байна” гэхээр нь Чойжилсүрэнгээс ногоон 69 авч өгч байлаа. Ер нь бид 2002 оноос хойш ах дүүс шиг сайхан нөхөрлөж байна. Александр ах маань хүүдээ “Сайн хүнд сайн юм өгч бай. Тэр хүний ч нэр гарна, бидний ч нэр гарна” гэж захидаг байсан гэдэг. 
Тэр сургаалийн дагуу бид хаа хаанаа сэтгэл хангалуун олон жил сайхан нөхөрлөж байна. Би ч гэсэн Алтандаа аль сайныг өгөхийг боддог. Хүүгийнх нь хурим, шинэ гэрийн найр гэх мэтэд уригдан очихдоо өөрийн бий болгож буй шинэ цагийн адуунаасаа өгдөг. Одоо тэднийд манай адууны англи, арабын эрлийз таван азарга байна. Өнгөрсөн жил би Дөлгөөн хээрийгээ, гоёлд унадаг байсан халиун морьтойгоо нутагт нь аваачиж онголсон гэсэн шүү дээ. Алтан маань надад “Таны сүүлд өгсөн гурван азарганы чинь төлөөс нэг, нэгийг бэлэглэе” гэж байна лээ. Энэ мэтчилэн бие биедээ аль сайнаа дээжлэн барьдаг ах дүүс болсон.

Харахад ширүүн мөртлөө мөн чанартаа их уян хүн

-Та адуундаа их сайхан нэр өгөх юм аа. Сонсголонтой...
-Гялайлаа. Өөрөө харж байгаад аль нэг шинжээр нь голдуу нэрлэдэг дээ. Гоё халиун, Үүлэн бор, Дөлгөөн хээр, Шандаст хээр, Монхор хээр, Цоглог хээр, Хурдан хонгор гээд олон хурдан хүлэгтээ нэр хайрласаан.
-Та ер нь нулимс хэр ойртой хүн бэ. Дотогш хургасан эр нулимсаа ил гаргадаг уу?
-Би бол айлын том хүүхэд. 26 наснаасаа эхлээд улсын үйлдвэрийн дарга, компанийн захирал хийж байна. Ихэнхдээ хүн удирдсан ажил хийж байж. Харахад ширүүхэн юм шиг хэрнээ мөн чанартаа их уян хүн. Аавыгаа бурхан болсноос хойш би таван жил гаруй дуулж чаддаггүй байсан. Дуулахаар л нулимс гараад. Тэрнээсээ санаа зовоод нэг хэсэгтээ олны дунд дуулдаггүй байсан. Ер тэгээд хүн гэдэг амьтан жил ирэх тусам уян зөөлөн болдог юм биш үү.
-Магадгүй шүү. Даваахүү гуай нас ахих тусам өрөвдөөд морь уяж чадахаа больдог юм байна гэж байсан.
-Тийм янзтай. Уяхаасаа хайрлах нь их болох янзтай. Болохгүй л бол тавьчих гээд.
-Алдарт хэдэн хүүтэй вэ? Ууган хүүг тань энд тэндхийн уралдааны үеэр нэлээдгүй харсан юм байна.
-Би гурван хүүтэй. Том хүү моринд дуртай. Хар багаасаа намайг дагаж явсаар байгаад адуунд дуртай болсон байсан. Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай болоод холхон байна. Нөгөө хоёрыг нь би адуу руу багаас нь л ойртуулдаггүй юм.
-Яагаад?
-Морь уяна гэдэг нэлээд завтай, тэгээд боломжтой хүний хөөцөлдөх ажил. Дээр нь нийгмийн хандлага ийм байхад бүр ч хэрэггүй. Эхлээд үндсэн ажил, мэргэжлээ сайн хөөцөлд гэж боддог. Том багагүй адуу мал хөөцөлдөөд яах вэ дээ? гэж боддог. Уяачдыг чинь зарим нэг нь элдвээр хэлэх юм байна шүү дээ. Хүүхдүүд маань ч миний санааг ойлгодог.
-“Гоё халиун” галд хичнээн хүн байдаг юм бэ?

-2006 онд  алаг даага айрагдсанаас эхлээд өөрөө гардан морь уяж байгаа. Нэг хэсэг найз нөхөд нийлсэн тав, зургаан хүний морьд байдаг байсан бол энэ жилээс өөрийнхөө хэдийг л уяж байна. Хэдэн жил завсарлах зуур нөгөө хэд маань бие даасан, зарим нь халширсан байх. Нэг бодлын ачаа, стресс хөнгөрөөд сайхан байна.
-Налайх дүүргийн МСУХ-г үүсгэн байгуулж, ММСУХ-ны удирдлагын багт олон жил ажиллаж буйг тань мэднэ. Өөр ямар сонгуульт алба хашдаг вэ?

-Налайх дүүргийнхээ “Морин Эрдэнэ” МСУХ-г үүсгэн байгуулж, дөрвөн жил тэргүүнээр нь ажиллаад хүлээлгэж өгсөн. ММСУХ-ны дэд Ерөнхийлөгчөөс нь эхлээд тэргүүлэгчээр олон жил ажиллаж байна. Монголын газрын гүний насосны нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр ажилладаг. Дунд сургуульд байхдаа гурван жил дарааллан сургуулийнхаа шатрын аваргаар шалгарч байлаа. Сүхбат гарьдыг залгаж 10 дугаар ангид байхдаа хүүхдийн баярын барилдаанд түрүүлж байлаа. Аав минь намайг бөх болгох гээд нэг нутгийн Адъяатөмөр багшид шавь оруулсан юм. Гэхдээ би тэр замаар яваагүй ээ. Дугуйн спортоор хичээллэдэг байлаа. Сагс, волейболоор уралдаан тэмцээн, спартакиад, бүсийн тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль нэлээдийг хүртэж байсан. Бидний үеийнхэн чинь урлаг, спортын өв тэгш хүмүүжилтэй болно хэмээн зорьдог байлаа шүү дээ.
-Шүлэг, яруу найраг сонирхдог байх. Нэг шүлгийн ном гаргасан байдаг  шүү дээ.

-Урлаг соёлын тухайд ёочин, гитар бас бус хөгжим тоглоно. Санаанд орсон мөртүүдээ тэмдэглэж байгаад нэг ном болгон гаргасан. Тэр номны хэдэн шүлэг дуу болчихоод байна. Өөрийн тань өмнөхөн хөгжмийн зохиолч Хатанбаатар, дуучин Үнэнхүү хоёр ирээд “Эр хүн” гэдэг шүлгээр минь хийсэн дуугаа сонсголоо. Мөн ханьдаа зориулж бичсэн “Хайрын хишиг” хэмээх шүлэг дуу болж, Намсрайноров дуулах гэж байна.


-Орсон бороо арилж, ирсэн зочин буцдаг жамтай. Асуултаа энэ хүргэн жаргааж ярилцлагаа өндөрлүүлье. Гэхдээ хамгийн сайхан наадмын дурсамжаар тань өндөрлөе хэмээн бодож байна.

-Олон сайхан наадамд оролцож, олон сайхан аавын хөвгүүдтэй найзалж, нөхөрлөж явна. Морь мал хөөсөн эр улс цаанаа л чадалтай, зорилготой, бусдаас арай өөр эрчүүд байдаг. Гэхдээ энэ удаа дурсамж бус, морин уралдаантай холбоотой өөрийн саналаа хэлэхийг хүсч байна. Бид олон санаа ургальч үзлийг дэмжигч нийгэмд амьдарч буй нь үнэн ч морин уралдаан дээр үүсээд буй нөхцөл байдлыг аль нэг тал руу нь шийдэхгүй бол болохгүй ээ. Үүн дээр төр засаг хариуцлагатай хандах ёстой. Төрийн бус байгууллагууд хариуцлагатай байх ёстой. Зөрчил дээр тоглолт хийж, нэр төр олох гэсэн улс байдлыг улам бүр хурцатгаад байна. Тиймээс төрийн болон төрийн бус байгууллагууд ойрын үед зөвшилцлийн ширээний ард сууж асуудлыг нэг талд нь шийдэх хэрэгтэй.

-Санал нэг байна. Сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн




 


 





1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.160.107

    Сайхан ярилцлага болсон байна.Уншиж суухад таатай гоё мэдрэмж төрлөө.Баярлалаа

    Reply