Сумын Алдарт уяач Б.Цэнд-Аюуш: Аавын дөрвөн хээр нутаг усандаа зартай хурдан морьд байсан

Сэтгүүлч
2020 оны 4-р сарын 16 -нд

“Ужиг” II багийн харьяат, сумын Алдарт уяач Батсүхийн Цэнд-Аюуш 1981 оны зун сумынхаа хүн эмнэлэгт төржээ. Удамт уяачдын уухайд түрлэг нэмж, дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж яваа тэрээр 2005 онд сумын Алдарт уяач цол хүртсэн бөгөөд ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны “Уяачийн алдар” тэмдгээр тус тус шагнагджээ.

-Таны удам судраас яриагаа эхэлье. Ер нь орон нутагт морь уяж байгаа уяачдын ихэнх нь, ялангуяа амжилт гаргаж байгаа хүмүүс удам дамжсан уяачид байдаг. Таны хувьд хэд дэх үеийн уяач вэ?

- Батсүх гэж миний аав Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Үүлэн бор” МСУХ-г үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг. 1956 онд төрсөн, 2000 онд аймгийн Алдарт уяач болсон хүн. Гурван хүүгийнх нь хамгийн том нь би. Аавын хөгшин аав буюу өвөө нь болох Содномбүргэд гэж хүн нутаг усандаа нэртэй уяач байсан юм гэнэ лээ. Хоёр хурдан халтар морьтой, 1950 ,1960-аад оны үед аймгийн наадамд бага халтар морь нь очиж аман хүзүүдсэн юм гэсэн.

-Тэгвэл аав тань ямар, ямар хурдан морьтой байсан бэ?

-Аав 1978 онд цэрэгт явж ирснээсээ хойш 2016 он хүртэл 40-өөд жил морь уяхдаа олон түрүү, айраг авсан байдаг. Өвгөн хээр, Занхуу хээр, Үсэн духт хээр, хул хээр гээд дөрвөн морь нь нутаг усандаа зартай хурдан байсан.

-Дөрвөн хээрийг тус бүрт нь танилцуулъя.

-Хамгийн том Өвгөн хээр нь Хатгал, Алаг-Эрдэнийн баяр наадамд хоёр түрүүлж, их олон шөвгөрсөн гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Хурдан хээр морины удам угшил нь Ужигийн буурлуудын унаган адуу. Хул хээр морь нь 1989 онд Хатгалд нэг түрүүлж, бас л олон шөвгөрсөн гэнэ лээ. Бас л Ужигийн өвөрийн Дамдин бил үү, Бомбоо гэл үү, тийм хүний адууны ижил юм гэсэн. Занхуу хээр морь нь Алаг-Эрдэнэд хоёр түрүүлж, олон шөвгөрсөн нэгдэл адуу. Тарганы Намсрайн таван хээр гэж зартай удам манай Алаг-Эрдэнийн адуун цөм сүргийг бий болгосон Өмнөговь адуу гэдэг байх аа. Түүнээс гаралтай адуунаас дамжсан юм гэнэ лээ. Үсэн духт хээр нь Ужигийн өврийн буурлуудын Цэрэнжавын Дамдин гэж хүний адууны ижил юм гэсэн. 1986 онд гэдэг бил үү, Алаг-Эрдэнэд түрүүлсэн. Ийм дөрвөн хээр морио голчилж уяад, дараагаар нь нэг үеийн нөхөр Монгол Улсын Алдарт уяач агсан Мижидийн Галбадрах гэдэг хүнээс хурдан улаан азарганых нь төл улаан даага авч азарга тавиад адууныхаа үржлийг сайжруулж байсан. Аавын минь цайвар адуу энэ нутаг усандаа олон түрүүлж, айрагдсан.

-Аав тань аймагт наадаж байгаагүй юм уу?

-Тухайн үед багийн дарга, бригадын аж ахуйд тоо бүртгэгч, нягтлан бодогч зэрэг албан ажилтай байсан болохоор аймагт наадаж байгаагүй гэсэн байх аа.

-Аймгийн Алдарт уяачийг сумын наадмын амжилтаар гэхээр нэлээн их айраг, түрүүтэй байж авах байлгүй дээ. Дөрвөн хээрээс гадна өөр ямар морьд уяж байсан бэ?

-Том улаан, Бөгөн бор, цэгээн бор гэж гурван азарга байсан. Цэгээн бор азарга нь саяхан болтол байлаа л даа. Том улаан азаргаа анх Мижидийн Галбадрах гэдэг хүнээс аваад багад нь нэг, бүдүүрсэн хойно нэг удаа Алаг-Эрдэнэд түрүүлгэж, олон шөвгөрүүлсэн юм гэсэн. Бөгөн бор нь аймгийн Алдарт уяач Мөнхбаяр гэж хүний аав Чимэддорж гэдэг хүний хурдан бор адуунуудын дүү, Аавд минь ирэээд их олон шөвгөрсөн. Бөгөн бор азарганы төл цэгээн бор нь их бага наадамд 10-аад шөвгөрсөн. Эднээс гадна Шилбэн улаан, Магсарын улаан, өөрийн унаган халиун гээд олон морь байлаа даа, миний мэдэж байгаагаас. Мижидийн Галбадрах гэдэг хүнээс азарга авч тавиад гарсан нь том, багагүй давхиж байсан. Аавын морийг унадаг байсан Алаг-Эрдэнэ сумын Алдарт уяач Хас-Очирын Баярхүү гэж хүн бий. Түүнд бор даага бэлгэнд өгч тэр нь азарга болоод их олон бор морь гарсан. Батбуян дүүгийнх нь бор, Баярхүү Алдартын өөрийн нь Янзага, Чандага гээд хоёр улаан нь хурдалсан байдаг юм. Аавын Бөгөн бор азарганы төлүүд их зард гарсан. Хойшоо, урагшаа ч их зарагдаж, найз нөхдөдөө ч бэлгэнд өгсөн. Далайбаатар гэж аймгийн Алдартаас халтар морь авч байлаа.


-Одоо аав тань байдаг уу?

-2016 оны ойтой жил нас барсан. Ойдоо наадаж чадалгүй өнгөрсөн дөө.

-Авмал адуу голдуу дуулдаж байна. Нэлээд адуу авдаг хүн байжээ дээ?

-Тийм ээ. Эхний морьд нь авмал байсан. Хувьчлал тараад өөрийн унаган адуунууд гарсан л даа. Унаган морьдоос Дугараг улаан гэж зард гарсан бөгтрөгтэй морь байлаа. Тэр улаан морь нь Хатгалд нэг түрүүлээд, долоо шөвгөрсөн. Унаган хээр алаг, хүрэн морьд байлаа. Энд би цавьдар морийг нь хөтөлж ирлээ. Ер нь түрүү, айргийг нь багцаалдаж мэдэхгүй байна. Уг нь тэмдэглэсэн юм бий.

-Хамгийн үнэтэй авсан нь ямар морь гэдэг вэ?

-Ташаа Ганболдын борлог морийг үнэтэй авсан гэдэг. 2000 оны эхээр том, бага нийлсэн 10 гаруй бодоор авсан нь одоогийн ханшаар бол 5-6 сая төгрөг болно биз.

-Тэр морь хэргээ гаргаж хурдалсан уу?

-Аавд ирээд олон жил давхиагүй. Нэг, хоёр жил уяад жинхэнэ эзэн, аймгийн Алдарт уяач Дэмид гэдэг хүнд буцаан зарсан. Тэгээд эзэндээ очоод давхисан.

-Зарим адууны уяаг олохгүй байх нь бий?

-Гар дамжаад байхаар нь жинхэнэ эзэн нь унаган морио авъя гэж бодсон байх л даа. Үе тэнгийн улс нэг нэгэндээ зарсан байх.

-Таны хувьд аав тань сайн адуу бэлдсэн учраас бэлэн материал дээр морь уясан гэж хэлж болох нь.

-Тийм ээ. Би дөрвөн настайгаасаа аавыгаа дагаж, зургаатайгаасаа 14 хүртлээ морь унасан. Түүнээс хойш аавтайгаа олон жил морь уяж байгаад 2000 онд цэрэгт явж, 2001 онд ирсэн. Цэргээс ирээд миний нэртэй бор азарга, улаан морио уяж сайн давхиулсан. 2007 онд болсон анхны “Хотгойдын хурд” уралдаанд жижигхэн цэнхэр морио Хатгалд түрүүлгэчихээд авч очиж 24-өөр давхиулсан. 2008 оны “Дархадын хурд”-д том улаан морио долоо, наймаар давхиулсан. Ер нь аймгийн чанартай наадмаас шөвөг авч байгаагүй. Сумын баяр наадмаас гурван түрүү, 18-19 шөвөгтэй байдаг юм.

-Сумын баяр наадамд ямар, ямар морь түрүүлгэж байв?

-Том улаан морио нэг удаа, 2003 онд хээр даага, 2003-2004 оны үед буурал үрээгээ тус тус Хатгалд түрүүлгэсэн. Бор азарга, хүрэн, Мөнгөн хөлт хээр алаг, Ханагар халтар хээрээ айрагдуулсан. Ер нь хүний өөрийн бага насны адуу голчлон уясан.

-Таны уясан морьдоос онцгой амжилт үзүүлж, илүү олон түрүүлж, айрагдсан ямар адуу байна вэ?

-Хатгал тосгоны адуучин Ичинхорлоо гэдэг хүний хүрэн морь хүн хүн дамжаад зарагдаж явахад нь авч уяад өвлийн аймгийн чанартай бооцоот уралдаанд аман хүзүүдүүлж байлаа. Хатгалын ойд шөвгөрсөн. Тэр хүрэн морь илүү амжилт үзүүлсэн дээ. Ичинхорлоо гэдэг хүний хул азарганы төл юм гэнэ лээ.

-“Хотгойдын хурд”, “Дархадын хурд” уралдаануудад тогтмол оролцдог уу?

-“Дархадын хурд-2, 3” уралдаанд оролцсон. Дээхнэ цулбууртай давхисан нь улаан хүрэн морьд. Найм, 20 хэдээр ирсэн. “Хотгойдын хурд” уралдаанд цэнхэр морь 14, том улаан морь 40 хэдээр ирсэн. Харин аймгийн бүсийн чанартай наадамд Дорнод хээр азарга айргийн дөрөв, Ичинхорлоо гуайгаас авсан хүрэн морь аман хүзүүдсэн. Харамсалтай нь тэр хээр азаргаа адуутай нь алдчихсан юм аа. Тэгээд голдуу сумандаа нааддаг.

-Ер нь сумдын наадмын бай шагнал ямархуу байдаг вэ?

-Сум орон нутгийн ойн бай шагнал сүүлийн жилүүдэд сайжирч байгаа. Харин төрийн наадмын бай шагнал тааруу, бүр муу гэж хэлж болно. Овоо тахилга, хувь наадмуудаас харьцангуй бага бай шагналтай.

-Овооны наадмын түрүү морины жишиг бай хэд вэ?

-Ер нь доод тал нь 300 мянга. Хамгийн багадаа түрүү моринд 300 мянгыг өгдөг.

-Морь уяад бай шагналаар зардлаа буцааж олж чадахгүй биз?

-Тэр хатуу. Хөдөөгийн бидэнд байдаггүй асуудал. Тэжээл тариа, унаа унаш, машин тэрэг гээд бодвол яаж буцааж нөхөж чадах вэ. Монгол наадамдаа олон түмнийг баясгах гэж уяач бид хөлс хүч, зардал гаргаж, идэх хоол, өмсөх хувцсаа хасан байж гадаа гандаж, хээр хонож явцгаадаг улс шүү дээ.

 -Хамгийн том бай шагнал ямар наадмаас авч байв?

-2011 онд морьд минь их сайн байсан. Хатгал гарвал бий болсны 320 жилийн ойд хүрэн морио шөвгөрүүлж, LG брэндийн том зурагт авч байлаа. Миний хувьд хамгийн том мөрийтэй наадам.

-Алаг-Эрдэнэ сумынхаа II багийн уяачдыг төлөөлж оролцож байгаа юм байна.

-Манай II баг залуу уяачидтайгаа нийлээд 60 гаруй уяачтай. Бүгд удам дамжсан уяачид. Ахмад настай 10 гаруй уяач амьд сэрүүн байна. Аймгийн Алдарт уяач дөрөв байдгийн нэг нь миний аав Тосонгийн Батсүх. Дараачийнх нь Мягмарсүрэнгийн Далайбаатар гэж шарга, халтар, хар гээд олон хурдан азаргатай хүн бий. Жаргал гэж хурдан халтар морь, улаан азаргатай Алдарт байна. Дөрөв дэх нь Дагвасүмбэр гэж халиун, халтар, хүрэн, хул олон хурдан морьтой хүн. Сумын Алдарт уяач 25 бий.

-Танай багаас томоохон наадмуудад морьдоо айрагдуулж, түрүүлгэсэн ямар уяачид байна вэ?

-Байлгүй яах вэ. Аймгийн хэмжээний наадмуудад буюу “Дархадын хурд”-д Жаргалын Сүхбаатарын улаан азарга, Отгонбаярын бор, хүрэн азарга орж байсан. Оюунбилэгийн Лхагва-Очир гэж сумын Алдарт уяач хурдан хүрэн морио Хөвсгөл аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор айргийн гуравт давхиулсан. Аавынх нь унаган адуу байгаа юм. Сүрэнжавын Бат-Оршихын хурдан хар морь бас орж байсан. Манай баг чинь Ужигийн унага гэдгээрээ хурдан адуу элбэгтэй.

-Ужигийн голын үе үеийн их насны сайн морьдыг нэрлээч гэвэл?

-1970, 1980-аад оны дундуур аавын минь дөрвөн хээр морь байлаа. Түүнээс хойш Бат-Оршихын хар, төрийн наадамд гурав түрүүлсэн Жаргалын халтар, Баярдалайн халиун, Баярхүүгийн алаг, Батбуянтын халтар гээд морьд гарч ирсэн. Азарганууд гэх юм бол Далайбаатарын халтар, хар, аавын бор, Жаргалын улаан гэж байлаа. Түүний дараагаар Отгонбаярын бор, хүрэн, хонгор гээд азарганууд бий л дээ. Одоо ид уралдаж байгаа гэвэл Алаг-Эрдэнэ сумын өнгөрсөн жилийн Шилдэг азарга болсон Ням-Очирын улаан буурал байна.

-Та гурав дахь үеийн уяач. Танай үр хүүхдүүдээс дараагийн залгамж халаа болсон уяачид бэлтгэгдэж байна уу?

-Би хоёр хүү, нэг охинтой. Охин маань морь унаж байгаа. Том хүү бас л зургаатайгаасаа 14 хүртлээ морь унаад энэ жил хасагдсан. Гурвуулаа малын дэргэд байгаа юм чинь малчин, уяач болох байлгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна