МУ-ын Алдарт уяач Д.Баясах: 2002 оны аймгийн наадамд нэг азарганы дөрвөн төлөөр дөрвөн айраг авсан

Сэтгүүлч
2020 оны 4-р сарын 16 -нд

Анхдагчдын өлгий Булган нутгаас төрсөн төрийн хишигт уяачдын нэг нь Булган сумын уугуул Дашийн Баясах юм. Тэрээр 2002 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртжээ.

-Юуны түрүүнд Баясах Алдартыг сэтгүүлийнхээ уншигчидтай товч танилцуулмаар байна?

-За би 1964 онд Булган аймгийн Булган суманд Дашийн хоёр дахь хүүхэд болж төрөөд аймгийн төвдөө нэгдүгээр 10 жилийн сургууль төгссөн. Гурил тэжээлийн комбинатад ажиллаж байгаад 1983 онд цэрэгт яваад 1986 онд халагдаж ирээд л морь уясан даа.

-Морь уях нь таны өөрийн сонирхол байв уу, аль эсхүл  өвөг дээдсийн үйл хэргийг үргэлжлүүлэх ухамсартай сонголт байв уу?

-Аль аль нь байсан гэхэд болно. Аав маань морь уядаг хүн байлаа. Аавынхаа уясан морийг унаж, уяаных нь ажилд дагаж явсаар моринд дуртай болсон гэх үү дээ. Манайх аймгийн төвийн айл болохоор мал хар гэх юмгүй. Унааны хэдээсээ уяж ганц нэг айраг, түрүүтэй нааддаг байв. Миний хувьд анх 1988 онд аймгийнхаа 50 жилийн ойгоор хүрэн даага уяж 17–оор давхиулаад, хойтон жил нь шүдлэн үрээ гуравлуулж анхны айргаа авч байлаа. Гурванбулагийн урт уургат хэмээх Баасансүрэн ахын маань унаган сартай хүрэн азарганы төл. Хязааландаа аймгийн наадамд зургаалаад, Сайханы хоёр түмэн адууны баярт айрагдсан. Хавчиг морь болгоод хөл гаранд нь сэв суугаад уяагүй.

-Айраг, түрүүний өмөө аймгийн наадмын айргаар авна гэдэг сайхан эхлэл байна. Дараагийн айраг амсуулсан нь ямар адуу байсан бэ?

-Манайх чинь аймгийн төвийн айл байгаад 1992 онд хөдөөг зорьсон юм. Хөдөөний айл болоод морь мал цуглуулж малтай болж эхэлсэн. Тэгээд хоёр соёолон үрээ хүнээс авч уяад тэр ондоо аймгийн наадамд хүрэн нь түрүүлж, хул нь нь тавлаж байлаа.


-Аймгийн наадмаас соёолонгийн түрүү, айраг авчирсан тэр хурдан хүлгүүд хаанахын хэний адуу вэ?

-Хул соёолонг Бүрэгхангайн Ишжамсрангийн Пүрэвсүрэн гэдэг хүнээс, хүрэн соёолонг Дашцэрэн гэж хүнээс авсан юм.

-Зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжээд байсан тэр үед соёолон адуунуудаа ямар ханшаар авч байсан бэ?

-Мөнгөний ханш нэг дахин унасан үе. Унагатай гүү 5000 төгрөг, хургатай хонь 1000 төгрөг байсан үе. Хул үрээг нь бэлэн 10000, хүрэн үрээг нь бэлнээр 10000 төгрөг, хоёр унагатай гүү өгч авч байлаа. Тавладаг хул үрээг нь хойтон жил нь морь унадаг хүүхэд маань авъя гэхээр нь өгсөн. Түрүүлдэг хүрнийг хавчиг, хөх шагайнд нь ч уяж байсан. Аймагт хавчиг морь нэг айрагдаж, долоон настайдаа Тээвэрчдийн баяр, Цагдаагийн ойд айрагдсан.

-Хөх шагай гэж ямар насыг хэлдэг юм бэ? 

-Дүнсэр адууг манай нутагт хөх шагай гэдэг юм.


-Алдартын амжилтын буухиаг ямар хурдан хүлэг үргэлжлүүлсэн бэ?

-1996 оны хавар Дамбажанцангийн хүрэн халзан азарганы төл өсгий цагаан хээр азаргыг таван тугалтай үнээ, таван унагатай гүүгээр худалдаж авч байлаа. Уягдаж байгаагүй битүү азарга шүү дээ. Тэр хавраа Орхон сумын наадамд айрагдаад, Эрдэнэтийн 20 жилийн ойд наймаар орж, долоо хоногийн дараа Улаантолгойн 20 жилийн ойд гуравлаж байсан. 1997 онд аймгийн наадамд дөрвөөр давхиад, 1998 онд мөн аймгийн наадамд тавлаад, Хархоринд болсон анхны Их хурдад 26-д орсон. Тэгээд 1999 онд аймгийн наадамд дөрвөөр давхиад, түүнээс хойш амжилт гаргаагүй.

-Өсгий цагаан хээр азарганы төлүүд хурдалсан уу?

-Үр төлүүд нь жил дараалан айрагдсаан. 1999 онд төл хул даага нь Орхон суманд таваар давхиад, шүдлэн, хязаалан, соёолондоо аймгийн наадамд тувт гуравласан. Үндсэндээ шүдлэн, хязаалан, соёолондоо гурван жил дараалан аймгийн наадамд айрагдсан. Соёолонгоосоо хойш аймагт ороогүй ч Сайханд гурваар давхиж байлаа. Энэ хулын дүү шанаа цагаан хээр шүдлэн 2002 онд аймагт аман хүзүүдсэн ч манай найз азарга тавина гээд хот руу аваад явсан. Бас нэг төл хээр даага 2002 онд аймгийн наадамд гурваар давхиж, Орхон суманд аман хүзүүдсэн. УИХ-ын гишүүн, Булган аймгийн Могод сумын харьяат Цэнгэл ахын хавчиг саарал азарга улсын наадамд түрүүлэхэд нь хээр даагаа бэлэглэсэн. 2002 онд хязаалан хүрэн үрээ нь аймгийн наадамд гуравлаж, 2003 онд соёолон үрээ хадуураад оруулж чадаагүй. 2004 онд хавчиг азарга аймгийн наадамд гурваар давхиж байсан. Тэгээд хээр азарганыхаа төлөөс ганц азарга тавья гээд азарга тавьсан. 2005 онд Хөх шагай аймгийн наадамд аман хүзүүдэж байлаа. Манай том хүү маань уяж байгаад хөлийг нь гэмтээгээд уралдаагүй.

-2002 оны аймгийн наадмаас  нэг аман хүзүү, гурван айраг авч сайхан нааджээ. Тэр тусмаа нэг л азарганы төлөөр дөрвөн айраг авна гэдэг бахархам амжилт.

-Тийм ээ. Надад ийм сайхан наадах од хийморь тохиосон юм аа. 

-Өсгийн цагааны төлөөс тавьсан ганц хүрэн азарганы үр төлүүд хэрхэн давхиж байна вэ?

-Хүрэн шүдлэн нь хавар Хутаг–Өндөр сумын бүсийн уралдаанд түрүүлж, Эрдэнэтийн 35 жилийн ойд долоогоор давхиад, Булган аймгийн Могод сумын 80 жилийн ойд аман хүзүүдсэн.

-Таны унаган адуунууд сайн давхижээ.

-Тийм ээ, унаган адуунууд 2002 оноос хойш уралдсан шүү. Авмал адуугаар ч бас гайгүй сайхан наадлаа. Бүрэгхангай сумын Ишжанцангийн Пүрэвсүрэнгээс дөрвөн насны зөрүүтэй ах дүү хоёр адилхан сайхан шарга халзан адуу авсан. Нэгийг нь уяж таваар давхиулаад, Эрдэнэтийн 20 жилийн ойгоор гуравласан боловч будилаад хасагдсан. 260 морь уралдсанаас 210 нь дутуу эргэж, миний шарга тэр дотроос гуравт орсон юм.

-Нөгөө шарга нь яаж давхисан бэ?

-Нөгөө шаргыг нь сургаад уургын морь болгосон. Хоёр шаргаас гадна надад сайхан түүхтэй ирсэн нэг адуу бий. Сайханы түмэн адууны баярт улсын начин Ганбаяр түрүүлээд байндаа мотоцикль авч, тэрийгээ нутгийн залуутай азарга адуугаар сольсон юм. Тэр адуунд дагаж ирсэн даагыг би начны ахаас соёолондоо аймгийн наадамд тавлаад байхад нь авч байлаа.


-Аймгийн наадамд айрагдсан соёолонд үнэрхсэн л байх даа?

-Зургаан адуугаар авч байсан. Надад гурван медальтай ирээд би арван хэдэн медальтай болгосон доо. Аймгийн наадамд ороогүй ч хавар ноолуурын уралдаан, Хишиг-Өндөр суманд болдог Сүүн цагаан цацал компанийн жил бүрийн уралдаан зэрэгт олон айрагдуулсан. Бүрэгхангайн шинийн тавны уралдаанд ч хол тасархай түрүүлгэж л байсан. 

-2002 онд Улсын Алдарт уяач болсон. Тэр үед хичнээн айраг түрүүтэй байж вэ? 

-Улсад уралдаж чадаагүй ээ. Тухайн үед аймгийн наадмын 10 түрүү эсвэл 20 айрагтай бол цолны болзол хангадаг байсан. Үүнээс тал нь дээд насны, тал нь доод насны амжилт байх ёстой. Миний хувьд аймгийн 21 айргаар Монгол Улсын Алдарт уяачийн болзол хангаж байлаа.

-Нутгийн уяачидтай ярилцаж байхад танаас адуу авч хурдлуулсан гэх хүмүүс байсан. Адуу хэр их авч, өгөлцөж байна даа?

-Монгол Улсын Алдарт уяач Дамдинсүрэнд сайн хээр морио өгсөн. Аймгийн Алдарт уяач Дагийд хоёр сайн морио өгсөн нь аймгийн наадамд сайн давхиж алдар цолд хүргэсэн.

-Ингэхэд өөрөө адуу мал авч байна уу?

-Эхний хэдэн жил унаган адуугаараа уралдсаан. Сүүлийн үед адууныхаа цусыг сэлгэмээр санагдаад авч байна. Аймгийн прокурорын дарга Эрдэнэбилэгээс хүрэн соёолон үрээ авч азарга тавьсан. Бүрэгийн хоёр түмэн адууны баярт айрагдаад, шинийн 5-ны уралдаанд сүүлийн дөрвөн жил түрүү, аман хүзүүгээр давхиж байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ганзориг гэдэг хүнээс хавчиг хээр морь авчирч залуу уяач Чулуунбаатарт өгч аймгийн наадамд дөрвөөр оруулсан. Энэ жил бас Сүхбаатар сумын Болдоо гэж найзаасаа битүү шахуу хээр морь авчраад Тэшигийн Ганбаяр дүүдээ өгч, одоо  жижиг наадмуудад хоёр айрагдчихаад байна.

-Адууг яаж авдаг вэ? Шинжиж сонжоод байна уу, зар сургаар авч байна уу?

-Адуу харах тал дээр ааваасаа өвлөж үлдсэн юм байна, өөрийн сонирхол байна. Мэдээж шинжийг нь харна. Сэтгэлд багтсан адуугаа л авдаг. Сэтгэлд багтсаныг нь аваад уяхад айраг, түрүүтэй л байдаг юм.

-Гадны цэвэр цусны адуу, эрлийз адуу сонирхож байна уу?

-Яг сонирхож байгаа юм алга. Бүх адуугаа тэгж цус сэлбэнэ гэдэг сэтгэлд багтахгүй л байна. Өвлийн цагт арчилгаа, тэжээл, хашаа хороо шаардагдана. Нэг азарга адууг бол цус сэлбэж хурдны чиглэлээр өсгөж болох юм. Тэртээ тэргүй ялгаж уралдуулж байна шүү дээ.

-Сая ярилцах зуур уяа адуугаа тэжээж байгаа талаар сонслоо л доо. Уяаны арга барилд тэжээл яалт ч үгүй нэмэгдэж байх шиг?

- Тэгэлгүй яах вэ, уяа морьдыг тэжээх нь бяр суулгахад их хэрэгтэй. Манайх аймгийн төв дээр саравчтай хашаатай. Уралдах морьдоо намар 11  сараас эхэлж овъёос нэмэгдэл тэжээлээр тэжээдэг. Энэ жилийн хувьд хорио цээр гээд өвөл уралдуулсангүй.

-Өөрийнхөөсөө гадна найз нөхөд, ах дүүсийн морьдыг уядаг юм аа даа?

-Эрдэнэтийн цахилгаан станцын дарга Ганбаатар, Гок-т инженер байсан Могод сумын харьяат Батбаяр гээд найзынхаа морьдыг уяж байсаан. Санаандаа хүрсэн сайхан адуу зааж авахуулаад тэрнийг нь уяж айрагдуулж өгөх ч бас сайхан шүү.

-Алдартын “Шийрийг хатаасан” уяач гэр бүлээс нь төрж байна уу?

-Би дөрвөн бандитай хүн. Хоёр нь 30 гарсан залуучууд бий. Том нь Бүрэгхангайд амьдардаг Сумын Алдарт уяач. Бага нь бас ахтайгаа цуг морь уяна. Хоёулаа л голцуу унаган адуугаа уралдуулж, аймгийн Алдарт уяачид болзол дөхөж байгаа. Бага хоёр маань морь унаад л дэрвэж байна.

-Танай аймгийн тэгш ойн баяр тохиож байгаа. Алдартад бодсон юм байгаа байлгүй?

-Энэ жил ой болно гээд Сүхбаатар сум яваад ирлээ. Би ер нь нийгмийн хонгор морины нутаг Сүхбаатар сум руу л явдаг юм. Уралдаж байгаа адуу үнэтэй болохоор битүү морьд авчирч уяж байна. Ойдоо дүү нарын нийлсэн зургааны насны 12-13 тооны адуу уяж байна даа.

-Нутгийнхаа наадмын түрүүг хамгаалан авч үлдэх үүрэгт нь амжилт хүсье. Уясан хүлэг нь ойн баяр наадмын түрүү, айргийг авах болтугай.   

Д.Энхтуяа /Тод магнай сэтгүүлийн Булган аймгийн тусгай дугаар/

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна