МУ-ын Манлай уяач Т.Ихбаяр: Морь уях хүсэл эрмэлзэл чинь нугарахааргүй байвал дараа дараагийн зам өөрөө нээгдэх болно

Сэтгүүлч
1-р сарын 13 -нд

Зүс таних болсоор удсан атал мэндийн зөрүүгүй өнгөрдөг этгээд нөхөр байх. Эрт хамраа сөхсөн их зант. Ингэж боддог байлаа, Т.Ихбаярын талаар. Магадгүй энэ бодолдоо уягдаад өнөөдрийг хүртэл зочны ярилцлаганд уриагүй байх. Ярихгүй, гуйхгүй гэж бодох тусам нөгөө нөхөр улам илүү амжилт гаргана. Уясан морьд нь айраг, түрүүнд хурдалж, гаргасан амжилтаараа тэр өөрөө шилдэгт бичигдэнэ.

Гуйж бус, гуядаж зөвшөөрөгдсөн энэ эрхэмд эхлээд сэтгүүлийнхээ рекламд тоглох санал тавьж залгалаа. Бодож байснаас тэс өөрөөр хүлээн авч, хоёр ч удаагийн зураг авалтанд оролцов. Дажгүй шүү. Төсөөлж байсанчлан их зан гаргаж, элдэв ааль үзүүлсэнгүй. Гар бариад бугуй барина гэдэгчлэн барьцаа лавшруулаад “Сэтгүүлийн зочноор орооч хө” гэсэн. “Тэгье ээ, залгаарай” гэж байна.

Энэ яриа өрнөснөөс хойш хоёр сар гаруйн дараа бид манай редакцид уулзлаа. “За, би чинь яриа муутай хүн шүү дээ” хэмээн эхэлсэн бидний ярилцлага хоёр цаг шахам үргэлжилж, эцэст нь сургуулийн хүүхдүүд ирснээр аргагүй өндөрлөв.

Миний бодож төсөөлсөнчлөн түүнд их зан алга. Илүү дутуу маяг ч алга. Харин сайн танихгүй хүнтэйгээ яриад байдаггүй гэх бүрэг зан л байлаа. Энэ цагийн гарамгай уяач гэхэд харин ч энгийн юм гээч. Ярилцлагаа уншиж дуусаад уншигч та ч санаа нэгдэх байх.

Засгийн газрын тогтоолт наадмаас 30 гаруй айраг, түрүү хүртсэн 

-Сэтгүүлийн маань зочин хойморт тухлан саатсан танд талархлаа илэрхийлье. Та бид уралдаан наадам отголж, гийнгоо дуу алсарсан цаг үед уулзаж байна. “Хүй мандал” гал уяаны хамт олон амжилттай сайхан наадлаа. Хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?

-Хаврын бүсийн уралдаанаас эхлээд тоолбол 30 гарсан байх аа. Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд нэг соёолон түрүүлгэж, хоёрыг айрагдуулсан. Их насанд З.Батбаярын хээр морь таваар давхиж, эрлийз дунд ангилалд Содбаатарын хонгор аман хүзүүдсэн гэхээр тав болж байна уу.

-Тийм байна.

-Улсын наадмаас есөн айраг, түрүү хүртсэн байна лээ. Тэгээд бүсийн уралдаануудынх нэмэгдэхээр 30 орчим болох байх аа.

-Хэдэн морины амжилт вэ. Ер нь  жилд дунджаар хэдэн морь уядаг юм бэ?

-100 гаруй адуу уягдаад, 40-50 нь улсын наадамд морддог. Үлдсэн нь бүсийн болон бусад уралдааныг зорьдог доо.

-Батбилэг Тод манлай 50-60 хүний хөдөлмөрийн үр дүнгээр морь айрагддаг гэсэн. “Хүй мандал” галын энэ их амжилтын ард хэдэн хүний хөдөлмөр яригдах вэ?

-40-өөд хүн лав бий. 10-аад туслах уяач, 20-иод уралдаанч хүүхэд, гал тогооны 4-5 эмэгтэй гээд тооцохоор 40 дөхөж байгаа биз.

-“Хүй мандал” гал хэдэн гишүүнтэй вэ?

-Манайх үндсэн 12 гишүүнтэй. Үүн дээр ганц нэг морь хөтлөөд ирсэн улс олон бий. Би тэр болгонд оролцдоггүй. Галын зохион байгуулалттай холбоотой асуудлыг өөр хүмүүс хариуцдаг.

-“Хүй мандал” галд орохын тулд 30 саяын босго “такс” төлдөг гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Галын гишүүдээс татвар авдаг байх. Хэдийг гэдгийг нь би мэдэхгүй. Ер нь бол миний үүрэг морио л уях. Бусад асуудлыг галын гишүүд надгүйгээр зохицуулчихдаг.

-Нийгэмд уяачдын хөдөлмөрийг үгүйсгэх, тэднийг буруутгах өнгө аяс элбэг байна. Үүнд сэтгүүлчид, бидний нөлөө ч орж. Яагаад гэхээр бид та бүхний тухай сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэхдээ их ажлын дараах хэсэгхэн агшныг буюу найрын ширээний ард суусан торгон дээлтэй эрхмүүдийг л харуулдаг. Энэ нийтлэг зураглал нийгэмд уяачид гэж ууж идсэн наргиж цэнгэсэн, аархаж, ихэрхсэн улс байдаг гэх ойлголтыг түгээжээ. Гэтэл бодит амьдрал дээр амардаг, амсхийдэг цаг хугацаа нь ямархан билээ.

-Ихэнх хүн уяачийн хөдөлмөрийг хуучин цагийнхаар төсөөлж ойлгодог байх. Хавар тав, зургаан сарын үеэс морьдоо бариад наадмын дараа тавьдаг гэж. Гэтэл одоо тийм биш болчихсон. Яг өдийд л уяачид хэдэн хоног амсхийдэг.Тэгээд хаваржин, зунжин талхичихсан туранхай адуунуудаа ногоотой хавсарч тэжээн таргалуулна. 10 сар гаргаад морьдоо усанд уяна, эдэлнэ, оруулж ирээд тэжээнэ. Хэдхэн хоног тэжээгээд байнгын эдэлгээтэй, байнгын ажилтай байлгана гэгчлэн мөнхийн ажилтай байдаг. Мэдээж их ачааллын буюу оргил үе сунгааны үеэс эхэлдэг.

-Наадмын өдрүүдэд унтдаг уу. Огт унтаагүй гээд нүд нь улайчихсан хүмүүстэй цөөнгүй таардаг.

-Морины уяа эхлэхээр бүтэн нойртой хонох нь ховор доо. Унтлаа ч тайван, нам унтчихаж чадахгүй, өдөр ч тайван сууж чадахгүй шүү дээ. Дээхнэ үед цөөхөн морь уядаг байхад айх айдасгүй, нэг бодлын амар байжээ. Одоо хүний 20-иод нялх хүүхэд аваад ирчихсэн болохоор “ойччих вий, бэртчих вий” гээд өдөр шөнөгүй санаа зовно. Хэцүү шүү дээ. Миний хувьд л лав хувцсаа ч сольж чадахгүй байгаад наадам дуусгадаг. Өөрийн чинь ярьсан гоё дээл, торгон цамц өмсөж явснаа санахгүй байна. Уралдаад ирсэн морьдоо аваад, дараагийнхаа өдрийн морьддоо ажил хийсээр наадам дуусгадаг. Харин хамгийн сүүлийн өдөр буюу 13-ны орой 2-3 сарын нойргүйдлээ тайлж, юу ч бодохгүйгээр нам унтана даа. Толгойд байсан бүх бодлоо хаяад юу ч бодохгүй нам унтдаг.

-Стресс ихтэй ажил юм аа даа.

-Морь уяж хурдлуулахаас илүүтэй хүний амь нас, эрүүл мэндэд санаа тавихад ихээхэн стрестдэг юм шиг. Яг үнэндээ уяачид бид хүний амь нас хамгаалж яваа улс шүү дээ. Ний нуугүй хэлэхэд, мань мэтийн буюу олон жилийн туршлагатай уяанаас хүүхэд бэртэх нь цөөн. Яагаад гэхээр манай хүүхдүүд байнгын каск, цээживчтэй хамгаалалтай явна. Дээр нь өвөл, зунгүй байнгын бэлтгэлтэй байдаг. Үгүй ядаж л мориноос ойчлоо гэхэд хөл дээрээ буух юм уу, тулахгүйгээр өнхрөөд унахаа мэднэ. Тэгээд ч бид сайн дадал суугаагүй хүүхдээр морь унуулдаггүй. Жишээлбэл, таван настайдаа ирсэн хүүхэд өдөр болгон морь унасан ч ганц ч наадамд уралдаагүй. Дадлага хийсээр байгаад ноднингоос буюу хуулийн насанд хүрч байж уралдааны морь унасан.


-Ид уяаны үеэр уяач өөрөө жин хасдаг уу?

-Хасна аа.

-Жишээлбэл, та хэдийг хаях уу?

-10 гаруйг хаячихдаг байсан. Сүүлийн хоёр жил харин огт хассангүй.

-Бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа гэдэг утгаараа хүний морь уях нь сэтгэл зүйн хувьд илүү ачаалалтай байж мэдэх юм.

-Магадгүй л юм. Гэхдээ хүний олон морь уяна гэдэг чинь итгэлийн асуудал. Итгэлийг нь алдахгүй байж л тэр олон хүний олон морийг уяна уу гэхээс алддаг хүнээр морио уяулахгүй шүү дээ. Би жилийн 365 хоногийн 60-ыг нь гэртээ өнгөрүүлдэг. Бусад үед нь адуун дээрээ л байдаг.

-Гэргий сайны шинж биз.

-Тэгэлгүй яах вэ. Намайг ойлгож дэмждэг хүн байгаа учраас ажилдаа өөрийгөө 100 хувь зориулж чадаж байгаа шүү дээ.

Морь уях үнэ цэнэгүй болжээ

-Монгол хүн амны билгээрээ гэдэгчлэн уяачид ёсыг бодож “Наадам сайхан боллоо” гэдэг. Үнэхээр сайхан болж чадаж байна уу. Жишээлбэл, та энэ жилийн наадамд сэтгэл хангалуун байгаа юу?

-Яах вэ дээ. Зарим нэг нь гомдолтой, зарим нэг нь баяртай, болдгоороо л боллоо. Шударга хэлэхэд нэг шугаманд биш болохоор таатай сайхан санагддаггүй. Намайг дөнгөж морь уяж байх тэр үед л сайхан  нааддаг байж дээ. Одоо бол нэг нэгэн рүүгээ муухай харсан байдлаар наадам өндөрлөдөг болж.

-Ер нь наадмын үнэ цэнэ юундаа байдаг юм бол оо. Ямар наадам хамгийн сайхан байдаг юм бэ?

-Морь, хүүхэд эрүүл энх уралдвал сайхан шүү дээ.

-Танай галынхан уясан морьдоо бүгдийг нь мордуулж чадсан уу?

-Чадаагүй. Ер нь нас болгонд үлдсэн.

-Азарга лав тэр чигтээ мордож чадаагүй. Юунаас болсон юм бэ?

-Би их морьдтойгоо үлдчихсэн байсан юм. Тэгсэн хүүхдүүд чипээ мартаад явчихаж. Буцаж ирээд чипүүдээ аваад очсон “Хаачихсан гээд” бүгдийг нь аваад үлдчихсэн байна лээ. Уг нь есөн азарга мордох ёстой байсан юм.

-Хэдэн мянган доллар ч билээ  өгсөн болохоор Ихээгийн уяаны морьд асуудалгүй морддог гэсэн  дэмий үг дуулсан. Байдал ийм дээрээ тулсан юм уу?

-Би хэд хэдэн зүйлийг огт зөвшөөрдөггүй. Түүний нэгдүгээрт, уясан морио мордуулахын тулд хүнд юм өгөх. Энэ буруу үйлдлийг өөгшүүлж болохгүй. Яг энэ тохиолдолд тас гүрийж, нөгөө талд нь зогсдог. “Ихээгийнхэн төчнөөн сая төгрөг өгөөд морины комиссынхон морьдыг нь  асуудалгүй мордуулсан” гэсэн яриа гарсныг дуулсан. Үнэн нь гэвэл морины комиссынхонд мөнгө өгчихсөн хүн ч алга, морины комиссынхныг таньдаг хүн ч алга.

-Танд мэдэгдэхгүйгээр галын аль нэг гишүүн тийм зүйл хийчихсэн байвал яах уу?

-Тийм зүйл хийхгүй.

-Итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Огт хүлээн зөвшөөрдөггүй зүйлүүдээ эртхэн хэлчихдэг болохоор манайхан тийм алхам хийхгүй. Яг үнэндээ морь уях үнэ цэнэгүй болжээ.


-Яагаад. Харин ч эсрэгээрээ уяачийн хөдөлмөр үнэлэгддэг болсон юм биш үү?

-Хаана ч очсон дүрэм журам, ёс зүйгээ дээдэлсэн уралдаан алга. Уясан морио мордуулахын тулд уралдаан зохион байгуулж байгаа газрын аль нэг даргынх нь нэр дээр тавих ёстой. Үгүй бол монгол байсан ч эрлийз гэсэн шалтгаанаар хасна. Энэ чинь уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэлбэр мөн биз дээ. Морь уях гэдэг чинь хүсч, тэмүүлж, сэтгэлээ зориулж байж хийдэг зүйл. Гэтэл ингээд хааж боогоод байхаар үнэндээ урам зориггүй болдог юм байна. Энэ жил шүдлэнд манайхнаас овоо хэдэн үрээ мордсон байна лээ. Түүнээс жил жилийн улсын наадмаар 12-13 үрээ хөтөлж ирээд нэгийг л мордуулдаг. Азарга, их морь ялгаагүй хасагдсаар ганц нэгхэн нь л морддог. Энэ чинь уяачийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэлбэр мөн биз дээ. Энэ жилээс хэмждэг болоод арай дээрдэж байх шиг байна.

-Эрлийз ангилалд уралддаг морьд ороод  ирэхээр уяачдын зүрх үхээд байна шүү дээ.

-Хэмжээндээ багтаж байгаа бол уралдуулахаас яах вэ дээ. Хурдан адуу хаана ч уралдсан түрүүлнэ шүү дээ. Илүү байгаа нь түрүүлдэг. Энэ бол уралдааны хууль.

-Хурдлах чадвар өндөртэй адуунд зориулсан өөр шинэ уралдааныг бий болговол байдал дээрдэх болов уу?

-Бараг л үгүй дээ. Яагаад гэхээр одоо эрлийзжсэн адуунуудаа ялгаж чадахаа байлаа. Манайхны хувьд бол үйлдвэрлэгч биш, худалдан авагч. Бид хэд үржил хийдэггүй. Гэхдээ тэр адууг үржүүлж буй олон хүн бий. Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай, Дундговь гээд хаа сайгүй үржүүлэг хийж байна. Сүхбаатарын 90 хувьд цэвэр болон 25-50 хувийн цустай азарганууд оччихсон. Тэрийг хэн ч тоож ярьдаггүй. Хот тойрсон хэдхэн хүнээр хэмжээд, тэднийг боорлоод байдаг. Товчхондоо хурдан адууны эрлийзжүүлэг Монгол Улсын хэмжээнд өрнөсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Би 2012 оныг хүртэл монгол адуугаар уралдсан. Долоо, наймаар давхиулаад шар хөдлөөд чарлах нь холгүй буцдаг байлаа. Тэр үед надад “Чи монгол адуутай. Одоо эрлийз адуу авахгүй бол болохгүй” гэж хэлдэг байсан. Үнэн байсан. Тэр бүү хэл, 2012 оны сунгааны үеэр намайг эрлийзгүй гээд хамт сунгаан хийхгүй гэсэн хүн ч гарсан. “Морьдоо дангаар нь сунгаж байхаар Ихбаяртай сунгачих” гэсэн чинь “Өө, Ихбаярт эрлийз юм байхгүй” гэсэн байна лээ. Цаг үеийн шаардлагаар хэдэн эрлийзтэй болчихсон, нөгөө хэд маань гайгүй давхиад ирэхээр эргээд дайсан болчих гээд байх юм. Яах ёстойгоо ойлгохгүй л байна шүү. Сайжруулсан мал аж ахуйг дэмжих бодлого баримталж байгаа гэсэн хэрнээ адуун дээр болохоор эсрэг байр суурь илэрхийлээд байдаг. Тэсвэр тэвчээр муутай л гэдэг. Манайхан лав шинэ цагийн байдас оруулж ирж тэжээдэггүй. Байгалиараа бэлчээрээр явж байгаад л онд орчихоод байна.

-Ярилцлагандаа бэлтгээд амжилтын цувааг тань харсан нэлээд урт жагсаалт гарч байна. Сүүлийн хоёр гурван жил дээд цолонд тодорхойлогдоод авч чадсангүй. Танаас бусад нь авчихаад л байх юм. Ямар учиртай юм бэ?

-Мэдэхгүй ээ. Энэ асуултанд би хариулах албагүй биз дээ.

-Гэхдээ л таатай байдаггүй биз дээ.

-Дасчихдаг юм билээ. Анх цолонд тодорхойлогдоход дээл хувцас бэлдээд байсан. Одоо больсоон. /сурв. инээв/

Их ой давхцсан жил мэндэлж, Ихбаяр нэртэй болсон

-За, хоёулаа энэ сэдвээ түр орхиё. Би таныг Төв аймгийн Сэргэлэн сумынх гэж боддог байсан гэтэл Дорноговийн хүн болоод явчих юм. Ямар учиртай юм бэ?

-Манай аав Сулинхээрийн заставын даргаар ажиллаж байхад би төрсөн. 1983 онд отрядын болон Төв аймгийн 60 жилийн ой давхцаж би мэндэлсэн юм билээ. Тэгээд аав минь их ойн баяраар төрсөн хэмээн бэлгэшээж Ихбаяр гэдэг нэр хайрласан гэдэг юм.

-Айлын ууган хүү юу?

-Нэг эгч, гурван дүүтэй.

-Дорноговьд хэр удаан амьдарсан бэ?

-Удаан амьдраагүй. Би бие муутай, татаж унадаг хүүхэд байсан юм билээ. Ээж, аав хоёр минь 5-6 сар эмнэлгээр авч яваад зүгээр болохгүй байтал эмээ  “Ажил төрлөө хий. Над дээр авчраад хаячих. Хүн болвол тэр биз. Үхлээ гэвэл надад битгий гомдоорой” гэж хэлээд аваад үлдэж. Тэгээд энд ирснээсээ хойш би ганц ч удаа татаж унаагүй юм гэсэн.

-Энд гэдэг нь...

-Төв аймгийн Сэргэлэн суманд. Би ээжийнхээ ээж дээр өссөн. Аав бол одоогийн Баян-Өнжүүл буюу Баянбараатын хүн. 

-Төрсөн нутагтаа очиж үзсэн үү?

-Үзээгүй. Далай /сурв. сэтгүүлч Цагаандалайг хэлэв бололтой/ ах миний тухай “Эрийн хийморь” гэдэг нэвтрүүлэг хийгээд хэдэн жил ч болчихов доо, мэдэхгүй. “Одоо хоёулаа төрсөн нутагт чинь оччихвол дуусна аа” л гэдэг юм. Тэр нэвтрүүлгийн зураг авалтаар очиж үзэх байх даа.

-Би таныг Онон Тод манлайнд өссөн гэж боддог байлаа.

-Онон ахын эхнэр Мөнгөө эгч манай ээжийн төрсөн дүү нь. Намайг гуравдугаар ангид байхад эмээ маань өнгөрч, дөрөвдүгээр ангиасаа сургуулиас гараад Онон ахынд очиж, малд давхидаг болсон.


-Эмээгийн эрх хүү байсан уу?

-Эрх байсан байх аа. Ямартаа ч намайг айлд байлгахгүй гээд айлын хашаанд гэр барьж өвөлждөг байсныг нь санаж байна. Хүүгээ айлын зарц болгохгүй гэж ярьдаг байсан. Одоо эргээд бодоход эмээтэйгээ байсан цаг хугацаа хамгийн аз жаргалтай нь байжээ.

-Аав тань Баянбараатын хүн гэсэн. Танайхны дээдчүүл морь уядаг байсан уу?

-Аавын нагац ах Өвгөнхүү гэж хурдан шарга адуутай хүн байсан юм билээ. 1990-ээд оны үед Содномцог гуайн морийг уядаг байсан даа. Улсын наадамд шарга адуу дараагаар нь оруулж байсан гэдэг. Аав маань айхтар амжилт гаргаагүй ч бас морь уядаг байсан. Би зундаа аавынхаа уясан морийг унах гэж гэртээ ирдэг байсан юм.

-Хурдан морь унадаг байсан гэж ер бодож байгаагүй юм байна.

-Гавьяа байгуулаагүй болохоос олон жил унасан. Таван настай морь унаж сураад зургаатайгаасаа 14  хүртлээ хурдан морь унасан.

-Уралдаанчийн хувьд хэдэн оны наадам илүү тод дурсамж үлдээсэн бэ?

-Ёстой мэдэхгүй. МНТ-ны 750 жилийн ойгоор их морь унаж байснаа санадаг юм. Түүнээс хойш хэдэн дүү нараа хөтлөөд наадамд явдаг болсон доо.

-Цандэлэг Тод манлайн морьдыг уях санал тавих хүртэл үү?

-Түүнээс өмнө бие даан морь уях гэж бас үзсэн л дээ. 16,17-той байсан юм уу даа. Адуунд явж байгаад гэнэтхэн морь уямаар санагдаад, хоёр морь бариад авлаа. Тэр үед Онон ахынх Зараа ууланд байсан юм. Адуугаа ялгаж аваад Долооны голд Дууяа ах, Жанчив ах хоёрыг бараадан морь уялаа. Гайгүй ч алаг морьтой. Хоёр сунгаанд түрүүлчихдэг бил үү дээ. Дунд сунгаанд сунгасны маргааш морио хөлсөлж байтал Онон ах давхиж ирээд “Сунгаан дагуулж хөлсөллөө. Чи бид хоёр морь уях болоогүй. Өөр хүн дээр адуугаа туугаад явж оч” гээд загнасан. Сунгааны дараахан өнөө морь маань эндчихлээ. Тэгээд яахав адуугаа туугаад буцаад очсон доо. Тэр явдлаас хойш 4-5 жилийн дараа Онон ах өөрөө “Одоо бие даагаад морь уя” гэсэн зөвшөөрөл өгсөн.


-Хурдан байсан адуу юунаас болоод эндчихэв. Ямар дүгнэлт хийсэн бэ?

-Нарийсчихсан морийг чангалаад хаячихгүй юу. Морь уях гэдэг олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим шүү дээ. Би 14 настай сургуулиас гарчихаад эхний жил хонь хариулсан. Нэг жил хоньчин хийж үзээд, тушаал дэвшиж хоёр жил үхэр малласан.Тэгээд дахин дэвшиж адуучин болсон доо. Онон ах намайг “Эрэлд сайн” гээд адуучин болгох гэж их үзсэн, би яаж ийж байгаад л уяа морин дээр хүрээд ирдэг байсан болохоор сүүлдээ хүлээн зөвшөөрсөн дөө. 

Тэр азарга л намайг уяач болгосон

-Шилдэг уяачаар шалгарахын тулд ямартаа ч тууштай байх ёстой юм байна. Нээрэн та чинь 10 жил дарааллан чансаа өндөр уяачаар шалгарсан юм байна лээ шүү дээ.

-Тийм байна уу. 2009 оноос эхэлсэн гэхээр магадгүй л юм.

-Онон Тод манлайг бие даан морь уях санал тавихад та Цандэлэг ахыг таньдаг байсан уу?

-Таньдаггүй байсан.

-Анх харьцахад хүнд байсан уу. Хэлэхээ хэн нэгнээр заалгадаггүй хүн шүү дээ.

-Би ч гэсэн хурц хүн шүү дээ. Эхнэр аваад л хурцгүй болчихоод байгаа болохоос биш./сурв. инээв/ Ганц бие байхдаа хүний үг даадаггүй, болохгүй бол нударгаар шийдье л гэдэг хүн байлаа. Эхнэр аваад буулт хийж ялагдсаар байгаад томоотой болчихоод байгаа болохоос биш./сурв. инээв/

-Ямагт эхнэрүүдийн зөв гэж..

-Тийм байх аа. Цанаа бид хоёрын хувьд ганзага нийлж хэдэн жил сайхан наадсан.

-Соёмбо хүрэнг таньж авсан түүхээ хуучлаач?

-Цанаагийн адуу Жамбага ах дээр байсан юм. Надаар морио уяулахаар болж, ганц хонгор үрээнээс өөр юм байдаггүй. Нөгөөх нь зургаа, долоогоор л давхидаг. Тэгээд Жамбагынхаас Цанаагийн адууг авахаар очлоо. 10 гүү авах ёстой гээд заахаар өгдөггүй.


-Яагаад?

-Сайн гүүнүүдийг нь заагаад байхгүй юу. Гүүн дээрээ тохирдоггүй. Тэгэхлээр нь гадаа байсан үрээг нь харчихаад “Үүнийг нь авчих” гэсэн. Бас өгдөггүй. Тэгж байснаа Жамбага ах “Би аавтай чинь нэг жалганд тоглож өссөн. Залуу хүүхэд хүний морь уях гээд ирж. Чамайг бодоод энэ үрээгээ өгье” гэсэн. Ингэж л Соёмбыг авсан даа.

-Хязаалан үрээ байсан юм уу?

-Соёолон. 2003 онд шүдлэндээ Төв аймгийн 80 жилийн ойд аман хүзүүдсэн байсан.

-Хязааландаа яаж давхисан юм бэ?

-Хязаалан хулгайд алдаад Дундговиос олж ирсэн юм билээ. Тэгээд соёолон болдог хавар бид очиж авсан. Ирсэн жилээ улсад 10 хэдээр давхиад, Өндөр гэгээний 370 жилийн ойд аман хүзүүдсэн. Яагаав, Бадамсүрэн гуайн бортой уралдаагүй юу.

-2006 онд хамгийн олон уралдаж, уралдсан болгондоо түрүүлж, айрагдсан санагдана.

-Улсад уралдаж хадуураад, Эрдэнэтийн 30 жилийн ой, Төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, “Тамирын хурд” хангайн бүсийн уралдаан, Хэрлэнгийн Хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаанд тус тус түрүүлсэн. Тэр жилийн уралдаан Шийтэрийн зээрдийн нэрэмжит уралдаанаар отголж байлаа.

-Соёмбо гэдэг нэрийг хэн өгсөн юм бэ?

-Цанаа өөрөө өгсөн.

-Сайн адуу эзнээ сайн уяач болгодог гэдэг. Соёмбо танд их зүйл сургасан уу?

-Сайн морь унаж байж сайн унаач болно. Сайн морь уяж байж сайн уяач болно.Тэр азарга л намайг уяач болгосон. “Улсад айрагдах морь байна аа” гэж хэлээд таван сая төгрөгөөр авчихсан.

-Соёмбоос өөр танд урам зориг, итгэл, дадал хайрласан, таныг хурцалсан ямар хурдан хүлэг байсан бэ?

-2007 онд юм уу даа, эхнэртэйгээ танилцлаа. Тухайн үед манай хүн “Шинэ үе”-д жүжигчнээр ажиллаж байсан юм. Ажлаас нь гаргаад хавар хөдөө дагуулаад явчихлаа. Тэгсэн нэг өдөр ээж нь утасдаж  “Хамаг юмаа чамд зориулж, их сургууль төгсгөж байхад хөдөө яваад өглөө” гээд уйлаад загнаж байна аа. Арга ч үгүй биз дээ. Аав нь өнгөрөөд ганц хоёрхон жил болж байсан юм чинь. Тэгэхээр нь “За, чи ээждээ бид хоёр найман сар гаргаад очъё гэчих” гээд хэлүүлчихлээ. Хүрэн азарга “Хотгойдын хурд”-д түрүүлээд, “Их хурд”-д айрагдчихсан. Найман сар гаргаад хэлсэн ёсоороо хадмынд очлоо доо. Анх хадмындаа очиж байгаа хүн яадаг билээ. Тэр л жишгээр голдуу жижиг өрөөнд нь суугаад хэд хонолоо. Тэгж байсан Амарсайхан гээд найзын маань “Ихбаяр аа, ганц морь аваад ирээрэй” гэсэн нь санаанд ороод тэнд байдаг аймгийн арслан Жадамбын Болд руу ярилаа.

-Танай гэргий аль нутгийн хүн бэ?

-Дорнодынх. Болд маань “Гараад ир” гэнэ. Яваад очлоо. Тэгээд Дорнодын урд талд байдаг Хан уул хайрханд очлоо. Хүний хүнд их сайн уул юм гэнэ. Тэгээд Дашбалбар орж нэг хүрэн морь авлаа. Найзыгаа асуухаар нь “Улсад айрагдах морь байна аа” гэж хэлээд таван сая төгрөгөөр авчихсан. Дараа жил нь өнөөх маань хавчиг морь улсад гурваар давхиад, Заамарын бүсэд түрүүлсэн.

Тэр хүрэн надад морь уях итгэл төрүүлсэн дээ.

-Дараа, дараагийн жилүүдэд хэрхэн давхисан бэ?

-Дараа жил нь алдчихсан. Дорнодоос алдаад, Хавиргын боомт гэдгээс олж авсан чинь цэргүүд унаад өлдүүлчихсэн байсан. Авчраад 4-5 хоног тэжээсэн босоод ирлээ. Тэр жил Завханд “Очирваанийн хурд” болоогүй юу. Тийшээ явахдаа орхих гэсэн ахиад алдчих юм шиг санагдаад ачаад явлаа. Тэгсэн машин дээрээс буулгах гэж байгаад угольникт хойд шөрмөсийг нь тасалчихсан. Шөрмөс нь тасарчихсан морь 2010 оны “Их хурд”-аар 13-т давхисан шүү дээ. Хүрэн морь үнэхээр шандастай адуу байсан.

-Хонгор халзан морийг авсан тухайгаа яриач. Улс голж шилээд л байсан гэдэг юм билээ.

-Хонгор халзан морины сураг дуулчихаад найман сард үзье гэж байтал Гэрэлээ Тод очсон дуулдахаар нь “Нэг морин дээр давхцаад яах вэ” гэж бодоод урагшаагаа давхисаар тэр жил Сүхбаатарын бүсэд аман хүзүүдсэн хээр морийг үзэх санаатай Онгоны төвд очлоо. Эзэн нь гээд хараа муутай нөхөртэй  шөнөжингөө говиор нь хайгаад олдоггүй. Нөгөөх маань “Хот руу явж нүдээ үзүүлнэ. Өнөөдөр явахгүй бол болохгүй” гэхээр нь орхичихоод буцаад ирсэн. Тэгээд 10 сар гаргаад дахиад Сүхбаатарт ирсэн, Гэрэлээ нөгөө хонгор морийг аваагүй байдаг юм. Айлд зуны наадамд зургаалж байгаа бичлэгийг нь үзсэн. Авмаар санагдаад болдоггүй. Очсон чинь ташаан толгой нь цөмөрхий юм. Гэсэн ч болмоор санагдаад, “Багадаа гэмтсэн юм байна, гайгүй биз” гээд авчихлаа.


-Хэдэн оны үйл явдал ярьж байгаа билээ.

-2012 оны намар. Өвөл нь тэжээгээд Дүнжингаравт тавьсан 11, 12-оор давхилаа шүү. Эрдэнэтэд болсон бүсийн уралдаанд аваад очсон, есөөр давхичихдаг бил үү дээ. Тэгээд зун нь улсад айрагдаад, “Их хурд”-д айрагдаад, Гиннест түрүүлсэн.

-Энхтайван ахад зориулж авсан юм уу. Авчихаад зарсан юм уу?

-Зориулж авсан. Би Тайван ахтай түүнээс хоёр жилийн өмнө Халхголд танилцсан юм. Нэг өдөр “Ажил дээр хүрээд ир” гээд байхаар нь давхиад очсон чинь “Ах нь хэдэн жил морь дагасан ч олигтой морь  таарахгүй юм. Дүү нэг морь аваад өгөөч” гэсэн юм. Тухайн үед би хонгор халзан морины бичлэгийг үзчихсэн байсан болохоор “Тэнд нэг хонгор халзан морь байгаа” гэсэн чинь “явчихаад ирээч” гээд.Тэгээд л маргааш нь гараад давхичихсан.


-Хэдээр авсан юм бэ?

-40 сая төгрөгөөр.

-Боломжийн ханш юм. Сүхбаатарын адуу ч нэг үе тэнгэрт хадсан шүү.

-Сүүлдээ мань мэт нь Сүхбаатарын адууны ханшийг дийлэхээ байсан шүү дээ. Тэр үед би нэлээд явдаг байсан. Суманд айрагдсан адуугаа 100 сая гэдэг. Онгоноос хонгор халзан морийг авдаг жил хар халзан соёолон үрээ гуравласан байсан. Би очиж үзээд “Авъя” гэхэд 100 сая гэсэн. Суманд айрагдсан битүү шахуу үрээнд томдсон үнэ. Дээрээс нь морио өгөх гэж бөөн юм болно. Хүн бас тэгж болохгүй л дээ. Нэгэнт л наймаа хийгээд юмаа зарж байгаа юм бол сайхан бэлгэшээж өгдөг байх хэрэгтэй. Энэ олон жил тэр олон наймаа хийхэд ганцхан хүн л тэгж бэлгэшээж өгсөн. Тэр нь төвийн хүн байсан юм аа. Гал командад ажилладаг бил үү дээ, нэг нөхрөөс цавьдар морь авсан юм. Тэгсэн байсхийгээд л “Та гарах болж байна уу” гээд залгаад байдаг. “30 минутын дараа гарлаа” гэсэн чинь “Би хойд овоон дээр байж байя” гэдэг юм. “Яах гэж байгаа юм бол доо” гэж бодоод очсон эхнэр хүүхдээ дагуулчихсан, идээ засчихсан, баахан сүү хийгээд тавьчихсан, чихэр боов өрчихсөн, нэг шил архитай. “Морио гаргаж өгч байгаа юм” гээд сууж байсан. Тийм хүмүүс сайхан л юм билээ.

-Сэтгэлд нь хүрсэн үнээр наймаа хийсэн юм байлгүй дээ.

-Нэг их үнэтэй зараагүй ээ. 11 сая төгрөгөөр авсан санагдана. Цавьдар морь ирсэн жилээ Дүнжингаравт наймлаад, Өмнөговийн бүсэд түрүүлсэн. Тиймэрхүү хүнээс морь авахад яах вэ дээ.

-Авсан өгсөн аль аль нь сэтгэл хангалуун байж морь хурдлах байх аа.

-Тэгэлгүй яах вэ.

-Хонгор халзан морь 2013 оноос хойш яаж давхисан бэ. Айрагдсан морьдын цуваанаас олж харахгүй байгаа юм.

-2014 онд урд хөлөндөө асуудалтай болоод өнжсөн. Тэгээд 2015 онд өвөл их хурдан байхдаа Дүнжингаравт эрлийзүүдтэй уралдаад долоогоор ороогүй юу. Түүнээс хойш уралдаагүй.

Гиннесийн уралдаанаас би сэтгэл дүүрэн мэдрэмж авсан

-Тантай олон уралдааны талаар ярьж болох ч хэтэрхий урт яриа өрнөх байх. Гэхдээ Гиннесийн уралдааны талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таны ярих дуртай сэдвийн нэг байх гэж бодож байна.

-Гиннесийн уралдаан чинь гоё байлгүй яах вэ. Тийм олон морь цугларна гэж би бодоо ч үгүй. Хавар нь би найзуудтайгаа сууж байгаад “Энхтайваны хонгор халзан, Амгаагийн зээрд, Баянхонгорын Махбалын хүрэн морь гээд хэдэн сайн их морь байна. Энэ жил морь түрүүлгэе байз. Улсад түрүүлгэх үү. Гиннест түрүүлгэх үү. “Их хурд”-д түрүүлгэх үү. Аль нь гоё вэ” гэсэн манай нэг найз “Гиннес нь гоё шүү дээ” гэсэн юм. Тэгэхээр нь “Тэгвэл Гиннест нь түрүүлгэе” гэсэн маань биеллээ олсон. Монгол хүн амны билгээрээ гэж сайхан л юм билээ.

-Түүхэн уралдааны талаар ийм сэтгэл хөдлөлгүй ярих юм уу?/сурв. инээв/

-Хонгор халзан морийг Гиннест түрүүлж байхад сэтгэл их хөдөлсөн байх. Гэлээ гээд элдэв ааш үйлдэл гаргахгүй л дээ. Миний хувьд түрүүлсэн нь л гоё. Ер нь ямар ч наадамд морь түрүүлэх гоё. Аман хүзүүдсэн, айрагдсан гэхээр нэг юм дутчихсан юм шиг, айрагдаагүй гэхээр бүр их дутчихсан юм шиг мэдрэмж төрдөг. Гиннесийн уралдаанаас би сэтгэл дүүрэн мэдрэмж авсан.

-Хонгор халзан түрүүлж, бас нэг морь айрагдсан бил үү?

-Тэгсэн. Манай уяанаас зургаан морь мордож, хонгор халзан түрүүлээд, Өлзийгийн цагаан, Амарсайханы хонгор зүүн бүсэд айрагдсан. Булганы бүсэд Бат-Эрдэнийн хонгор зургаалсан. Бас нэг хүрэн морь тувт гурав, дөрвөөр явсаар байгаад үзүүр дээрээ сууж 10 хэдээр орсон.

-Санаанд багтсан адуугаа авчихаад түрүүлгэж, айрагдуулах уяачийн бас нэгэн жаргал биз.

-Тэгэлгүй яах вэ. Би сүүлийн гурван жил эрлийз дааганы түрүүг авлаа. Дааганд нь таниад монголд биш, эрлийзэд нь уралдуулж түрүүлгэнэ гэдэг бас л амжилт юм.


-Ихбаяр уяач болоогүй байсан бол юу хийх байсан бол оо. Тэгж бодож үзсэн үү?

-Хааяа боддог л юм. Адуучин ч юм уу, хэдэн хонь харзлаад явж байх байсан болов уу. Гэвч хувь тавилан намайг хурдан адуутай нөхөрлө гээд энэ зүг рү хөтөлсөн. Хурдан морь надад ихийг сургаж, ихийг өгсөөн. Хамгийн наад зах нь зургаан машин авлаа.

-Тийм үү?

-Соёмбыг уяж байхдаа хоёр машин авсан. Хөвсгөлд түрүүлж фургон, Архангайн “Тамирын хурд”-д түрүүлж 69. Түүний дараа нь миний халтар даага 1000 долларын бооцоот уралдаанд түрүүлж анхны “ЛАНД-200”-г авчирч байлаа. Тэрний дараа морины бай шагналд гурван 200 ирсэн.

-Энэ жил “Их хурд”-аас авсан байх. Өөр...

-Бас хар халзан даага “Ирээдүйн түмэн эх”-д түрүүлсэн. Дундговийн 70 жилийн ойгоор соёолон түрүүлгэж нэг “ЛАНД-200” авсан.

-Хийснээ үнэлүүлэх сайхан биз. Ингэхэд УИХ-ын гишүүд, сайд дарга нартай нэг галд байх төвөгтэй юу?

-Үгүй шүү. Уяан дээрээ би дарга. Тэнд миний үг хууль. Тэгээд ч манай хэд тийм илүү дутуу зангүй. Товчхондоо бид дарга цэрэг гэхээсээ илүүтэй  сайхан найзууд болчихсон. Эрчүүдийн нөхөрлөл товч бөгөөд тодорхой шүү дээ.

-Тийм байж. Танай хадам талд морь уядаг хүн бий юу. Дорнодынх гэхээр тэгж бодлоо.

-Аав, ах нь хэдэн адуутай, хөдөө байдаг байсан юм билээ. Манай хүн ахтайгаа цуг хөдөө морь уядаг байсан гэж ярьдаг. Ганц азарга уядаг. Азарганы байнд нь халуун сав, энэ тэр авахаар бөөн баяр болдог байсан гэж ярьдаг юм. Одоо нэг ах нь морь уядаг.


-Тэгээд л таныг дагаад хөдөө гарсан хэрэг байх нь. Одоо таны үнэнч туслах уу?

-Миний ажлыг маш сайн ойлгож дэмждэг. Гэхдээ оролцохгүй. Би ганц зүйлд хатуу ханддаг. Миний хийж байгаад эхнэр оролцохгүй, би эхнэрийнхээ ажилд оролцохгүй. Миний өмнөөс эхнэр мөнгө төгрөг яриад эхэлбэл утгагүй. Эр нөхрийн үнэлэмж унана. Тиймээс би адуугаа, эхнэр үхрээ хариуцна.

-Хүүхдүүд адуу руу ойртож болно биз дээ.

-Би гурван охин, ганц хүүтэй. Гурван охиноо арай ч морин дээр тавьсангүй. Саяхан хүүтэй болсон. Хүүгээ бол морь унуулна гэж бодож байгаа.

Монгол хээрийг нэг уяад үзчих юм сан гэж боддог

-10 жил дархлагдсан Шилдэг уяачтай уулзчихаад уяаны эрдмийн талаар зөвлөгөө авахгүй бол уншигчид намайг зэмлэх биз. Тан шиг уяач болохоор зорьж тэмүүлж байгаа залуучуудад юуг зөвлөх вэ?

-Хүн чанарыг эрхэмлэдэг, хөдөлмөрч, хичээнгүй, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хөдөлмөрч зан чухал ч мэдрэмж түүнээс илүү рольтой. Билгээ, Батаа бид хэдийн хувьд уяач болоход яагаад амархан, дөхөм байсан бэ гэхээр адуутай байнгын ойрхон байсан явдал. Өвлийн хүйтэнд 2500 адуу хариулаад оторт явдаг байлаа. Адуу хариулах нь морь уяхтай шууд хамаагүй ч шууд бусаар хамааралтай. Хамгийн наад зах нь “Энэ морийг унаад аль хүрэх вэ. Аль хүрч эцэх вэ” гэдгийг ойлгож, мэдэрдэг болдог. Адуун дээрээс хорыг нь гаргаагүй морийг шууд барьж аваад унавал таван км явна. Харин усыг нь гаргаад унавал эрлийн ая даана гэдгийг ойлгодог болно. Бид чинь адуу эрээд 120, 130 км давхина шүү дээ. Энэ замыг хоёр мориор л туулна. Өвлийн хүйтэнд хээр хонохгүй, цаашлаад хөлдөж үхэхгүйн тулд унаж явах морио мэдэрч бэлтгэх хэрэгтэй болно. Хэрвээ би мэдэрч чадахгүй, буруу тооцоо хийвэл хөлдөж үхнэ ээ дээ. Үхдэггүй юм аа гэхэд хүнээс унаа гуйна. Ийм байдалд хүрэхгүйн тулд бодох, мэдрэх хэрэгтэй болдог. Анх биднийг дөнгөж адуунд явдаг байхад Онон ах хөөрхий,  “Манай хэдийн морийг юүлээд өгөөрэй. Даарчих вий, наад гурав чинь нялх шүү” гээд хүмүүст захидаг байсан байна лээ. Харин бидний хувьд “Тэдний хүүхдүүд морио юүлж чадахгүй зогсож байсан” гэж хэлүүлэхгүйн тулд шарандаа өөрсдөө болгодог байсан.Эхлээд хүнээс гуйхгүй морио юүлж сурна. Тэгээд морио зөв унаж, эдэлж сурна. Энэ мэтээр унаж, эдэлж  байгаа малтайгаа ойрхон байхаар хүнд хүссэн хүсээгүй мэдрэмж суудаг. Түүнээс биш машин унаж давхиж байгаад морь уяна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Миний хувьд 5-6 жил адуунд давхисан. Онон ах намайг “Адуунд сайн явдаг” гээд адуучин болгох гэж их үзсэн. Намайг адуун дээрээ орхичихоод, “Чи эрэлд сайн явдаг юм чинь эндээ үлд” гэдэг. Батаа, Билгээ хоёр болохоор уяа морьдоо дагаад ирчихдэг. Гэхдээ би яаж ийж байгаад олоод ирдэг байсан. Их адуун дээрээ долоо хоночихоод буцаад замын машинд суугаад хүрээд ирнэ. Миний тэр уйгагүй, бас зүтгэлтэй байдал Онон ахыг бодлоо өөрчлөхөд хүргэсэн байх. Нэг өдөр “За за, чи морь уя” гэсэн. Хэрвээ би тэнд байсан бол одоо адуучин болчихсон байгаа. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл юун түрүүнд өөрийгөө үнэхээр уяач болох дур сонирхолтой байна уу, үгүй юу гэдгээ шинж. Морь уях хүсэл эрмэлзэл чинь нугарахааргүй байвал дараа дараагийн зам өөрөө нээгдэх болно. Өөрөөр хэлбэл, адуутайгаа ойрхон байвал тодорхой хугацааны дараа мэдэрдэг болно.

-Ер нь бол уйгагүй хичээж, шантралгүй хөдөлмөрлөх ёстой юм байна.

-Тийм. Морь уях гэдэг бүтэн жилийн ажил. Жишээлбэл, би ноднин 11 сарын 10-д гээд хэдэн хүүхдүүдээ явуулсан. Уяа морьдоо унаж эдлээдэх гэж. Уналга эдэлгээ тасрахгүй байсаар  12 сарын 25-нд тэжээлд оруулсан. Дундуур нь Дүнжингарав болохгүй гээд гурван сард тавиад 10 хэд хоног амраагаад дахин барьж аваад тэжээсэн.Тэгээд тавдугаар сарын 12-нд уралдуулаад  15-нд хөдөө гаргасан. Эргүүлээд зургадугаар сарын 23-нд барьж аваад зуны ажил эхэлсэн. Энэ мэтчилэн байнга л ажил хийнэ шүү дээ. Ажил хийхдээ азарга, их нас, соёолонгуудаа нэг, хязаалан, шүдлэнгүүдээ нэг хэсэг болгоод тус тусад нь барьж авна. Өөрөөр хэлбэл, эхлээд дээд нас буюу азарга, их морь, соёолонгуудаа барьж аваад тавингуутаа хязаалан, шүдлэнгүүдээ барьж авна. Хавар цасны захтай дээр 2-3 сунгаж тавьчихаад даагануудтайгаа ноцолдоно. Энэ мэтчилэн түмэн завгүй байсаар наадамтай золгодог.

-Урт хугацааны уяанаас уралдах өдрийн хоол чухал гэдэг. Уяачидтай уулзаж байхад голдуу хоолны алдаа гаргасан байна лээ гэх юм. Хоол тааруулах хэцүү юу?

-Өгч байгаа хоолоо тасдахгүй, яг цаг минутандаа өгөөд байхад л болно. Уяаны хоол гайгүй шүү дээ. Хүмүүс хоол ихэдсэн байна, багадсан байна гэдэг. Байнгын ажилтай байгаа адуунд хоолны алдаа бараг гарахгүй дээ. Яагаад гэхээр бид идэх хоолыг нь тааруулж өгсөөр савыг нь тааруулчихаж байгаа  юм чинь. Өөрөөр хэлбэл, уяа морьдын ходоод өгдөг хоолондоо таараад агшчихсан байдаг. Цөөн хэдэн хоногтой морь уядаг байхад л их идүүлэхгүй бол болохгүй, бага идүүлэхгүй бол болохгүй гэдэг яриа байсан. Одоо бол тийм биш. Өөрийнх нь идэж чадаж байгаа хэмжээгээр идүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл байнгын бэлтгэлтэй болохоор гэдэс нь чангарчихсан. Тэгээд өөрийнхөө идэж чадах хэмжээнд иднэ.


-Өнөөдөр энэ цаг үед Соёмбо хүрэнтэй таарсан бол гэж бодогддог уу. Соёмбо хурдан ч улсын наадамд айрагдаж чадаагүй адуу шүү дээ.

-Соёмбо бол аргагүй  хурдан адуу. Тэр үед би муу уяж байсан бол тэр нь надад хичээл болсон. Өдийд таарсан бол ямар ч байсан улсын наадамд дүүрэн айрагдуулах байсан. 

-Энэ цаг үеийн төрмөл хурдан хүлгийг нэрлээч гэвэл...

-Монгол хээр байна. Монгол хээрийг нэг уяад үзчих юм сан гэж боддог. Төрмөл хурдан монгол адуу шүү дээ. Яагаад ингэж боддог вэ гэхээр би монгол адуугаар эрлийз адууг дийлмээр санагдаад байдаг юм. Саяхныг хүртэл тийм бодолтой зүтгэж байлаа. Тэгээд одооноос тэр бодлоо хаяж байгаа.

-Дийлж чадахааргүй болохоор нь уу?

-Боломжгүй. Дорноговийн Баатархүүгийн Бүлтэн хээр азарга сунгаануудад эрлийзүүдийг дийлээд байхаар нь Дүнжингаравт уралдуулаад “Ядахдаа айрагдах байлгүй дээ” гэтэл 10-аар давхичихдаг юм. Тэгсэн Говь-Алтайд бүсийн уралдаантай. Дан монгол адуу уралдана гээд. Тийшээ явах гэснээ эрлийзүүдийг дийлмээр санагдаад Хөвсгөл аваад явлаа. Эзэн нь “Говь-Алтай явна” гэхээр нь “Чи үрээгээ аваад явчих. Хээр азаргыг та хэд авч явж чадахгүй байх” гэсээр аваад үлдсэн. Эрлийзүүдийг дийлж, кайф авмаар санагдаад. Монгол хээр эрлийзүүдтэй уралдах боломжтой адуу юм шиг санагдаад уяж үзэх юм сан гэж боддог. Хийц энэ тэр нь өөртөө тохирсон гоё шүү.

-Монголчууд адуундаа тэгтлээ хайртай байдгийн учир нь олон жил ээнэгшиж дассан сэтгэлээс үүдэлтэй байж мэдэх. Өөрөөр хэлбэл, нэг адуугаар олон жил уралдахаар өөрийн эрхгүй ижилсэн дасч ээнэгшинэ биз дээ. Та өмнө нь өгсөн ярилцлагадаа яг тэгж Соёмботойгоо ээнэгшиж ижилссэн гэсэн шүү дээ. Харин эрлийз буюу шинэ цагийн адуу тэгтлээ олон жил уралдаж чаддаггүй. Эзэнтэйгээ ижилсэж амжаагүй байтал зодог тайлах болчих юм шиг санагддаг. 

-Үгүй л дээ. Эрлийз адуу харин ч бүр хамгийн хурдан хүнд дасдаг. Хүн бий болгочихсон учраас хүнтэй ойлголцох нь хурдан. Зөөлөн хөрсөн дээр богино зайд хурдлахаар бүтээгдсэн Англи адуу Монголын хатуу хөрсөн дээр холын зайд уралдахад мэдээж амаргүй. Биеийн жин нэмэгдэх тусам уралдах боломж нь хумигдаж байдаг учраас харьцангуй цөөн жил уралддаг.


-Та уяж байсан, уяж байгаа морьдоосоо алинд нь илүү хайртай вэ. Ийм хэнэггүй хүнээс тийм торгон мэдрэмжийг ургуулсан Соёмбо хүрэн үү?

-Соёмбо хүрэн их маягтай шүү дээ. Жаахан эвгүй бол булгичихна. Үгүй бол самардана. Тэгсэн хэр намайг нэг хашгирахад номхон зогсоно, хүн шиг. Хөдлөх ч үгүй. Адуу нь хажууд нь байсан ч хөдлөхгүй. Азарга чинь адууныхаа хойноос дүүлээд сүйд болдог шүү дээ. Намайг нэг муухай хашгирчихсан бол тавиад хөөтөл хөдлөхгүй. Адуу тийм болтлоо хүнтэй зангаа авалцдаг. Соёмбыг уяж байх үедээ би адуутайгаа тулж харьцдаг байсан. Одоо бол зааварчилгаа өгөхөөс өөрөөр хүрэлцдэггүй. Тэгэхээр тэр, энэ гэж онцлох юм алга.

-Хамгийн сүүлд хэзээ морь унасан бэ?

-Ноднин. Морь уургалах гэсэн уурга нь ч хаа яваад байгаа юм, морь нь ч хаа яваад байгаа юм, би өөрөө хаана ч яваад байгаагаа мэдэхгүй./сурв. инээв/ Жин ихтэй болчихоор морин дээр тэнцвэр олохдоо муу болчихдог юм шиг байна.

-Барилдвал илүү амжилт гаргах юм болов уу. Нээрэн барилдаж байсан уу?

-Овооны наадамд барилдаад дөрөвт үлдэж байсан.

-Ингэхэд Ихбаярын нэртэй морьд яагаад уралддаггүй юм бэ. Энэ олон жил адууны төлөө явж байгаа хүнд уях морь баймаар л санагдах юм.

-Би ер нь өнөөдрийг хүртэл өөрийнхөө нэр дээр морь мордуулж үзээгүй. 40 хүртлээ мордуулахгүй байх. Мордуулахгүй байх шалтгаан бий. Цаг нь болохоор мэдэх байх.

-Уяя гэвэл адуу бий биз. Уяач болгонд унаган тамгатай адуугаараа уралдах амбиц байдаг юм биш үү?

-Ганц нэг уячихаар адуу гарч л байна. Одоохондоо өөрийнхөө нэр дээр тавихгүй болохоор “Авъя” гэсэн хүнд өгчихдөг юм. Өөрийн гэсэн сайн адуутай болох  тухайд одооноос эхэлж байна.

-Таны нэртэй чандмань тамгатай адуунууд хурдлахын ерөөл өргөөд, ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Та бүхний ажилд амжилт хүсье.

А.Тэлмэн

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.89.163

    Шуурган хүрний эзэн П.Цэвэгмид алдартын болзол хангасан.Өмнөх хүрэн 3 бүсэд орсон.Их хурдад азрага түрүүлгэсэн.Нэг соёолон улсад айрагдаж байсан.Цэрэнбалтав мэтийн прокурор байсан хүн яагаад цол авчихдаг байна.

    Reply
  • 66.181.176.138

    harah untsug uurchilsun saihan yriltslaga boljee

    Reply
  • 103.240.241.110

    СОЁМБЫН ОРООГ ЭРТ ГАРГАХГҮЙ БАЙСААР УЛСАД АЙРАГДУУЛААГҮЙГГЭС СОЁМБО ШИГ ОРЖ ИРСЭН100% АДУУТАЙ УРАЛДДАГ ОДОО БАЙХГҮЙ,ОДОО МОНГОЛД 100%ТАЙ АДУУ УРАЛДВАЛ БАРААГ НЬ ХАРАХ АДУУ БАЙХГҮЙ ЭЭ

    Reply
  • 203.91.115.52

    za estoi vneheer goe yrilstlaga bna

    Reply
  • 202.126.89.134

    mundag zaluu daa Erdenetiin bused daaga ni uilsiin galaagiin daagatai tsug orson zurhai deer turuulj gishgechiheed bhad l amanhuzuund barichihaa geed bsan uulsiin galaa esregeere dairch davshilj bsandaa

    Reply
  • 103.80.211.215

    Сайн уяач

    Reply