АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Л.ЦЭГМИД: БИ САЙН АДУУГААР НААДСАН МУУ УЯАЧ

Сэтгүүлч
2020 оны 1-р сарын 03 -нд

Ингэж хэлэх даруухан бууралтай уулзаж ярилцлаа. Тэрээр 1950 оны өвөл Баян-Өнжүүл сумын нутаг Худгын ам хэмээх газар хүний ганц хүү болон мэндэлжээ. Зуунмодын ихэнх уяачдын нэгэн адил Ахыгаа дагаж морь уяхад суралцсан ч жолооч мэргэжилтэй тэрээр Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч, IV, V, VI таван жилийн гавшгайч.

Ингээд уншигч тантай баруун Зуунмод 6-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Лхүндэвийн Цэгмидийг уулзуулъя.

-Таны аав Лхүндэв гуайн талаар эхлээд ярилцъя. Бидэнд аавынхаа талаар сайхан хуучлаач?

-Миний эцэг Баянбараат сумын Банзрагчийн Лхүндэв гэж хүн байсан. Банзрагч гэдэг нь эх нь. Эцэг нь лам хүн байсан тул өөрөөр нь овоглоогүй юм гэнэ лээ. Цагийн хатууг давах гэж ижийгээрээ овоглоод багаасаа жин тээдэг болсон гэдэг юм. Аав маань мал маллахын зэрэгцээ морь уядаг. 81 хүртлээ мал маллаж, морио уяж байгаад бурханд одсон. Сайхан аавынхаа бий болгож өгсөн сайн адуугаар наадаж яваа би муухан уяач. Сайн адуутай тулдаа аймгийн Алдарт уяач болсон гэх үү дээ. Сүүлийн үед  өөрийнхөө хэр хэмжээнд бас адуугаа сайжруулж л явна аа. Товчхондоо ийм л байна даа.

-Танай адууг төрийн наадмын түрүү Даатамгын хулын угшилтай хэмээн хүү тань ярьсан. Тэр талаараа дэлгэрүүлээч.

-Би нэг сайхан ахтай байсан хүн. Чүлтэмийн Нямжавын гэж манай Төв аймгийн даацтай уяачдын нэг. Улсын наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан Даатамгын хул азарганы төлийг миний тэр ах авсан юм. Өөрөөр нэгдлийн адуу хариулж байсан хүн л дээ. Тэгээд уургын халзан морио өгөөд хул азарганы төл хул даагыг авсан байсан. Нэгдлийн шилмэл адуу тэгэхэд 750 цаас байсан. Үндсэндээ 750 төгрөгөөр даага авахгүй юу. Түүндээ Ханддорж гуайн адууны хонгор халзан гүүгээ хураалгаад бэлэвсэн хонгор азаргатай болсон юм. Тэр нь морин тойруулгын Солонго цавьдартай цуг орж ирээд аман хүзүүнд баригдаж байлаа. Буруу талаар нь хошуу өлгөж орж ирээд аман хүзүүнд баригдсан.

-1987 оны наадам байх нь...

-Тийм байх. Би оныг нь сайн санахгүй байна. Хул азарга түүний дараа жил дөрвөөр давхисан юмдаг.

-Тийм, тийм.

-Ах маань дүүгээ өөрийнхөө хул азарга шиг хурдан азаргатай болгоно гээд надад эр хонгор унага бэлэглэсэн. Түүгээр нь би азарга тавьж, одоог хүртэл үр төлөөр нь сайхан наадаж байна.

-Таны хонгор азарга хэр хурдалсан бэ?

-Би муухан уясан юм байлгүй долоо, найм, арван хэдээр л давхидаг. Тухайн үед улсын наадам л болдог.Тэгээд явна 20 дотор л давхидаг.  Тэгж байгаад 1995 онд улс хувьсгалын 74 жилийн ойгоор Хорлоодойн хар түрүүлж, Гарамжавын Өсгий цагаан аман хүзүүдэж, Эрдэнийн Даваасүрэнгийн хонгор гуравлан, манай хул дөрвөлсөн ч будилсан гээд тооцоогүй. Тэр жил 800-гаад азарга уралдахад дутуу эргэсэн гэдэг шалтгаанаар сүүлийн 44 азарганаас айргийн адууг тодруулсан юм.  Яагаад тэгсэн гэсэн морины комиссын Самданжамц буюу Саамаагийн зээрд  азарга сүүлийн 44 адуунд байсан юм билээ. Гэхдээ надад диплом энэ тэр нь бий. Шагналыг нь л авч чадаагүй. Миний л азгүйнх байх даа.

-Хонгор азарга тэгэхэд хэдэн настай байсан бэ?

-Долоо, наймтай л байсан байх. Тэрнээс хойш миний ажил завдахгүй тулгаж уяад тарган цатгалан мордуулсаар олигтой давхиулж чадаагүй. Тэгээд л ах нь сайн адууг муу уясан хүн гэж хэргээ хүлээгээд байгаа юм. /инээв/ Хонгор азарганы төлөөс хамгийн өндөр амжилт гаргасан нь хөгшин хул морь маань юм даа. Замын 70 жилд айрагдаад, Чойрт болсон Боржигон бүсэд 21-лж, хөгширсөн хойноо Гиннест айрагдлаа. Мөн аймгийн наадамд аман хүзүүдэж, жижиг сажиг уралдаанд нэлээд хэд орсоон. Хонгор азарганы үрийн үр халиун морь аймагт түрүүлсэн, Баяндэлгэрт хоёр гурав ч айрагдсан. Хүүгийн адуу байгаа юм.

-Ингэхэд таны хонгор азаргатай эцэг эх нэгтэй адуунууд хэр хурдалсан бэ? Уг нь удам мундаг шүү дээ.

-Эх нь хөгшин гүү байсан. Миний мэдэхийн Нарантуяагийн халзан гэж их хурдан  азарга байгаад эндчихсэн юм. Мөн манай Огоогийн зэгэл гэж сайн адуу байлаа. Даанч хөл муутай болчихсон. Огоо гэдэг нь Нямжав ахын хүү.


-Нямжав гуай таны төрсөн ах уу?

-Манай ээж, Нямжавын ээж хоёр ихэр юм. Нямжав ахын ээж долоон хүүхэд гарсан. Би эхээс ганцаараа. Тэгээд ахыгаа түшдэг. Нямжав ахын аав Чогсомын Чүлтэм гэж сайн адуутай хүн байсан. Ах аавыгаа залгамжлан адуу малладаг. Нэгдлийн адуучин байсан тухай урьд нь хэлсэн шүү дээ. Ер нь намайг морь уяхад хүргэсэн хүн бол ах. Дээр нь манай хадам бас нөлөөлсөн. Манай хадам аав нэгдлийн адуу малладаг байсан юм. Адуу таньдаг энэ хүмүүс л надад хурд хайрласан юм. Чи Даатамгын хулын дээд удмыг мэдэх үү.

-Доёд гэж хүний адуу хэмээн дуулсан. Нарийн сайн мэдэхгүй юм.

-Сосор гэж их баян хүн байж. Морь уядаг. Улсын наадамд явж уралддаг. Уяан дээгүүр нь Чойбалсан гуай хүртэл очдог. Ноён хүн таван нүүртэй гэгчээр Сосор гуай улсын наадмаас буцахдаа айлын уяан дээгүүр ороод аравт давхисан засаатай үрээг  нь аваад, азарга тавьчихдаг байж. Дан сайн адуугаар цус сэлбэдэг юм болоод гоё сайхан гэж жигтэйхэн. Тэдний адуунаас нэг үрээ аваад  азарга тавихад согоо шиг онцгойрч харагддаг. Тийм сайхан адуутай хүн байж. Тэгтэл нөгөө айхтар төлөвлөгөө норм гэдэг юм гараад. Төлөвлөгөө нормд шахагдаад Бараатаас Алтанбулаг руу очиж л дээ. Тэгээд хонхорынхондоо “Алтанбулагт адуугаа нийгэмчиллээ шүү. Та нар сольж авах бол аваарай” гэж. Хүмүүс ч авцгаасан юм байлгүй. Нэг жилийн Бараатын наадамд Сосор гуайн тамгатай 17 соёолон завсаргүй орж ирж байсан юм гэнэ лээ. Сосор гуайн хүү Дорждамба гэдэг тийнхүү адуугаа нийгэмчлэхдээ Цүндээ халтар гэж шавар хөлсийг нь л авчихбал айрагдчихдаг ганц азаргаа авч үлдээд бусдыг нь нийгэмчилсэн. Даатамгын хул бол тэр адууны угсаатай. Алтанбулагийн ямар ч уяачаас асуусан үүнийг хүлээн зөвшөөрнө.

-Галшарын адуу л ганцаараа хурдалдаг юм шиг ойлгодог үе байлаа. Гэтэл тэр нутгаас ирж төв халхаас азарган үрээ авчээ. Авсан айл нь танай ах Нямжавынх байсан гэж дуулсан юм байна. Тэр талаар дуулж байв уу?

-Яг ч азарган үрээ биш л дээ. Нямжав ахын авгайн хамаатан болох Маналсүрэн гэж сайхан хурдтай айл байсан юм билээ. Маналсүрэн гуай ахад зээрд гүү бэлэглэж, ах хариуд нь хул азарганыхаа төл байдас  өгсөн нь хээлтэй байж л дээ. Тэгээд очоод эр унага гарч, түүгээр нь азарга тавьсан юм шиг байна лээ.

-Танай ах олонтойгоо хүн байсан бололтой дог шүү.

-Ярих юмгүй. Морь уях талаараа одоогийн Онон гэсэн үг. Дэндүү сэргэлэн, моринд нүдтэй хүн байсан. Би ахынхаа хүчинд л дөмөг адуутай болж, мориор өвчилсөн хүн. Миний ах уях морио тэгш дөрвөн улиралд эдэлж, биеийн хөндүүр сайн гаргадаг онцгой мэдрэмжтэй хүн байсан.

-Алтны дэргэдэх гууль шарлана гэж. Ахын эрдмээс суралцаа байлгүй.

-Ахын хэмжээнд яаж хүрэх вэ. Адуу нь сайн байсан болохоор өдий зэрэгтэй яваа юм. Миний нэг сайн найз бий. Хурц сайдын төрсөн дүү Раднаа гэж Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Тэр маань надад Сүхбаатарт түрүүлээд анхны Их хурдад уралдах урилга авсан хээр азарга өгсөн юм. Хүүгийн халиун морь энэ хээр азарганы үр. Хонгор азарга эх талаас нь ордог юм. Тэр хээр азарга манай адууг нэлээд сэлбэсээн.

-Ингэхэд та хэдий үеэс эхлээд морь уясан юм бэ?

-Аймаг байгуулагдсаны 40 жилийн ой буюу 1963 онд Очирын халтар гэдэг морийг унаж зодог тайлуулж байлаа. Түүнээс хойш мориноос салаагүй. Амьтан хүн ээлжийн амралтаа аваад амардаг бол наадам тааруулж аваад морио уядаг. Бусад үед нь төлөвлөгөө нормоо таслахгүй гээд өдөр шөнөгүй ажилладаг. Тэгж байгаад 60 хүрч тэтгэвэртээ гараад тааваараа морь уяж байна.

Хөдөө гарч морь уяхаар шөлний хонь, цайны сүүний үнээнээс эхлээд малжих шаардлага гардаг юм байна. Түүнийгээ гүйцэлдүүлэх гэсээр нэг мэдсэн малчин болж (инээв). Би дөрвөн хүүтэй. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн адуутай. Одоо миний морь уях гэж юу байх вэ. Хүүхдүүд л уяж байна.

-Хүүхдүүдийнхээ уясан морийг сонжоод, барианд орохыг нь хүлээх бас л жаргалтай мөчүүдийн нэг байх шүү.

-Сайхаан, сайхан.

-Уяачийн жаргалыг мэдэрч яваа Алдартынхаа бас нэгэн сайхан дурсамжаар ярилцлагаа өндөрлөе. Хэдэн оны наадам танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Оныг нь мэдэхгүй байна. Баян-Өнжүүлийн наадамд буурал соёолон их хол түрүүлэхэд л их догдолж билээ. Анх удаа морь түрүүлгэж үзэж байгаа нь тэр. Жамбалцэрэнгийн аав Цэрэндаш гэж олон хурдан морины магнайд суусан сайхан өвгөн байлаа. Миний буурал морь сунгаанд сайн байсан юм. Тэгээд хэргээр Цэрэндаш гуайгаас үг дуулах гэж “Ямар ямар морь мордов. Аль адуу нь түрүүлэх шинжтэй юм” гэсэн. “Дэлгүй цагаан буурал үрээ түрүүлэх байх” гэж байна. Тэр нь миний буурал морь. Тэр наадам л их сайхан санагддаг юм.

-Ийм баяр бахдалт наадмуудыг олонтаа үзэх болтугай. Эрүүл энх байж урт удаан наслаарай.

-За баярлалаа. Намайг сайхан хурдтай болгосон Раднаадаа баярлалаа гэж хэлмээр байна. 

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна