Монгол улсын Манлай уяач Т.Болдбаатар: Энэ зуунд МАГНАЙ халиуны амжилтыг эвдэхэд хэцүү

Сэтгүүлч
1-р сарын 03 -нд

Мөрөн сумын уугуул, Монгол Улсын Зөвлөх Инженер, Манлай уяач,  “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга Түдэндоржийн Болдбаатарыг уншигч тантай уулзуулж байна. Тэрээр 1965 оны зун Мөрөн суманд айлын ууган хүүхэд болон мэндэлж, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтангадас  одонгоор  энгэрээ мялаажээ.

-“Хотгойдын хурд-4” зуны бүсийн зургаан уралдаанаас яах аргагүй ялгарч чадлаа. Зохион байгуулагч та бүхэнд баяр хүргэе. Энэ талаар яривал?

-Баярлалаа. “Хотгойдын хурд” Монголын ард түмэн,  хурдан морь сонирхогч, уяачдын хүсэн хүлээдэг том уралдаан болсныг ярих таатай байна. Миний бие “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг авснаас хойш “Хотгойдын хурд-2,3, 4”, “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” гээд  дөрвөн бүсийн уралдааныг гардан зохион байгууллаа. Олон түмний дунд “Хотгойдын хурд” уралдаан маань бай шагнал өндөртэй, зохион байгуулалт сайтай, нээлт хаалтаа сайхан хийдэг хэмээн үнэлэгдэж буйд баяртай байдаг.

-Үнэхээр ч  энэ зун “Хөвсгөл явна аа” гэсэн уяачид олон байсан шүү.

-Засгийн газрын тогтоолт “Хотгойдын хурд-4” хангайн бүсийн уралдаанд газар газрын олон уяач хурдан хурц хүлгүүдтэйгээ ирж, дэлгэр Мөрөний дэнжид тоосоо өргөн, мэнд сайхан наадсан. Зохион байгуулагчдын зүгээс наадамчин олны сэтгэл ханамжинд ихээхэн анхаарч, товлосон цаг хугацаа болоод уралдааны дүрэм журмыг баримтлах тал дээр ихээхэн анхаарсан. Зургаан насны морьдын уралдааны үеэр нэг насны морь 30 минутаар хоцорч, бусад нь яг цагтаа  мордсон. Мөн хур бороо ихтэй байсан учраас уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шөнөд нь зам харгуйгаа засч янзалж байсны зэрэгцээ дагах машины тоог эрс цөөлсөн. Томоохон уралдааныг зохион байгуулахдаа гаднаас цагдаагийн нэмэлт хүч авдаг. Харин бид нэг салаа цэргийн хүчээр гарааны төхөөрөмжөө ямар нэг асуудалгүй ажиллуулсан. Энэ завшааныг ашиглан цэргийн ангийн хамт олондоо болон хурандаа Цэрэнпунцагаар ахлуулсан хэв журмын тасгийн хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэгтэйгээр “Хотгойдын хурд-4” уралдаан маань маргаан мэтгээнгүй эмх журамтай сайхан болсон.


-Есөн насны морь уралддаг жишиг тогтоод удаж байна. Харин “Хотгойдын хурд-4” энэ жишгийг эвдсэн. 

-ММСУХ-ны VII Их хурлаас сэрвээний өндрийг харгалзан уралдуулах шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Бид энэ журмыг мөрдлөгө болгож лазер хэмжигчийг компьютертэй холбон хүний оролцоогүйгээр сэрвээг хэмжсэн. Нэгэнт сэрвээг харгалзуулан уралдуулахаар болсон тул эрлийз ангиллын уралдаан гаргах шаардлагагүй гэж үзсэн. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан урьдчилан зарласан болохоор үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан мэтгээн гараагүй.

-Эрлийз адуу олноор уралдлаа гэсэн гомдол бас гарсан. Энэ тухайд юу хэлэх сэн бол...

-Манай Хөвсгөлийн хэсэг уяачид “Гадныхан эрлийз адуутай ирээд уралдчихлаа” гэсэн гомдол гаргаж “Эрхээ хамгаалуулна” гэдэг санал тавьсан. Бид үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч олонхийнхоо шийдвэрийг хүндэтгэж дагах үүрэгтэй. Нэгэнт батлагдсан хүчин төгөлдөр журмын хүрээнд бид уралдаанаа зохион байгуулсан. Аль болох шударга байхыг эрмэлзэж зохион байгуулагчид өөрсдөө морь мордуулаагүй.

-“Хотгойдын хурд” уралдаан бай шагналын хувьд өндөрт тооцогддог. Энэ удаа тэр жишгээ хадгалж чадсан болов уу?

-Бай шагнал урамшуулалд 170 гаруй сая төгрөг зарцуулсан. Баяр наадмын тухай хуулийн дагуу нийт уралдсан морьдын 30 хүртэлх хувийг барьж, бай шагналыг олгосон. Дээрээс нь Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж гуайгаар “Хотгойдын хурд-4” уралдааныхаа логог урлуулж, пайзаа зандан модоор хийсэн. Дахин давтагдашгүй онцгой сайхан бүтээл болсон гэж бодож байгаа.

Та бүхэн анзаарсан байх “Хотгойдын хурд” уралдаан маань томоохон ойнуудтай давхцсаар ирснийг. Энэ удаа Мөрөн сум үүсч хөгжсний 210 жилийн ойтой мөн давхцсан. Тийм учраас бид хар морьт сахиусаа шинээр бүтээлгэн Хангалын дугандаа залж, Хөвсгөлчүүдээ даатган ном хуруулсан.

-Шоу буюу нээлтийн талаар тодруулахгүй өнгөрч болохгүй байх.

-Засгийн газрын тогтоолт уралдаануудын үеэр мориндоо гол анхаарлаа хандуулаад бусад арга хэмжээг орхигдуулдаг тал бий. Өөрөөр хэлбэл үзэгчдийн тав тух, сэтгэл ханамжийг зөвхөн морь барианд орохоор хэмждэг. Харин бидний хувьд эхнээсээ энэ тал дээр анхаарал хандуулж, ач холбогдол өгсөөр ирсэн. Тиймдээ ч “Хотгойдын хурд” уралдааны нээлт өргөн дэлгэр, өвөрмөц болдог уламжлалтай. Өнөө жилийн тухайд орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийг ашиглан лазер шоуг амжилттай зохион байгууллаа. Монголд анх удаа наадмын нээлт шөнө болж байгаагаараа онцлог. Мэдээж нэлээн их хэмжээний хөрөнгө, олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд сайхан болсон. Гэхдээ Хөвсгөлчүүд маань өөрсдийн түүх, соёлоороо бахархаж нэгэн үдшийг сэтгэл хангалуун үдсэн гэдэгт итгэлтэй байна.


-Зөвхөн Хөвсгөлчүүдээр хэмжигдэхгүй байх.

-Монгол даяар сайхан хүлээж авснаас гадна хилийн чанадад байгаа Хөвсгөлчүүд маань нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийг харж баярласан байна лээ. “Хотгойдын хурд” гэхээр зөвхөн морь уралдаад өнгөрөх бус залуучууд маань түүх соёлоо мэдэж, нутаг усаараа бахархаасай хэмээн хүсдэг юм. Тэр ч утгаараа түүхэн ойтой давхцуулдаг. “Хотгойдын хурд-3” уралдаан Жалханз хутагт Дамдинбазарын мэндэлсний 130 жилийн ойтой давхцсан бол “Хотгойдын хурд-2” уралдаан Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойтой давхцсан. Ойн хүрээнд тэр түүхэн хүмүүсийг судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хөшөө дурсгалыг нь мөнхлөх зэрэг олон чухал ажлыг нэг дор хийдгээрээ манай “Хотгойдын хурд” уралдаан бусдаас ялгардаг онцлогтой.

-Нээрэн тийм байна шүү. Энэ талаас харж байгаагүй юм байна.

-“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүн, УИХ болон Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн маань дөрвөн “Хотгойдын хурд”-ыг гардан зохион байгуулж, Монгол улсад уралдааны шинэ жишиг тогтоож буй. Ирэх жил “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны  маань 30 жилийн түүхт ой маань тохионо.

-ММСУХ 25 нас хүрч буй шүү дээ.

-Тийм ээ.“Дэлтэй цэнхэр” МСУХ 1990 онд анх байгуулагдсан. Өөрөөр хэлбэл ММСУХ-ноос өмнөх монголын хамгийн анхны уяачдын холбоо юм. Тухайн үед морин уралдаан их будилдаг. Түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх үүднээс нийгэмд тэргүүлэх байр суурьтай сэхээтнүүд болох багш, хуульчид хамтран уяачдын холбоог анх байгуулсан байдаг юм. Удирдлагын баг хэд хэдэн удаа солигдсон ч бүгд уяачдынхаа эрх ашгийг хамгаалъя, уралдаанаа сайхан болгоё, морин уралдаанаа идэвхжүүлье, олон түмэндээ таашаал өгье, нүүдлийн соёл иргэншлээ залуу хойч үедээ өвлүүлэн үлдээе гэсэн нэгдмэл зорилго агуулж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар өнөөдрийг хүрсэн. Биднийг холбооны ажлыг авахад Хөвсгөл аймгийн уяачид орон нутагтаа л уралддаг. Улс бүсэд гарч уралдах тухайд төдийлөн итгэлтэй бус байсан. Ц.Даваасүрэн тэргүүнтэй холбооны удирдлагууд шат дараатай бодлого хэрэгжүүлэн уяачдаа дэмжсэний үр дүнд өнөөдөр хоймор нутгийн уяачид аль ч газрын наадамд очсон ганзага дүүрэн ирдэг болсон. Биднийг ажил авснаас хойш нэг Тод манлай, нэг Манлай, таван Монгол Улсын Алдарт уяач цолтон төрлөө. Энэ жил Ч.Цэрэнбат маань Тод манлай уяач цолны болзол биелүүлээд байна. Сар шинийн босгон дээр хоймор нутгаас дээд цолтны тоо нэгээр нэмэгдэх байх.

-Холбооны үйл ажиллагаа тогтмол идэвхтэй болохоор уяачдын урам зориг сэргэж, түүнийгээ дагаад гаргах амжилт нь нэмэгдээд байгаа нь ажиглагддаг шүү.

-Бид өнгөрсөн хугацаанд олон ажил хийсэн. Хамгийн наад зах нь “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны логотой медалийг бий болголоо. Уяачдаа  бүртгэлжүүлэн гишүүнчлэл бий болголоо. Сумдын салбар холбоодынхоо ажлыг эрчимжүүллээ. Энэ мэтчилэн яриад байвал олон л доо. Хамгийн гол амжилт бол бид хөдөө орон нутаг руу чиглэсэн шат дараатай бодлого хэрэгжүүлсний үр дүнд залуучуудаа том зорилго, хүсэл эрмзэлтэй болгосон. Түүнээс өмнө ний нуугүй хэлэхэд сумын төвд давхиад очиход, дэлгүүрийн үүдэнд бор шувуу шиг хэдэн нөхөд гаднаас ирсэн амьтныг хараад сууж байдаг байсан бол одоо тийм дүр зургийг олж харахгүй. Тэгж суух завтай хүн байхгүй. Дор бүрнээ адуу малаа сайжруулж, уяж сойн хурдлуулахын төлөө чармайж байна. Морины соёл гэдэг Төв халхын хэмжээнд яригддаг байсан бол одоо манай хоймор нутагт дэлгэрч, залуучууд маань морьтны соёлд суралцаж байна. Ер нь бол хөдөө орон нутагт залуучуудыг тогтвор суурьшилтай аж төрүүлж буй ганц зүйл бол морин уралдаан юм. Тэгэхээр цаагуураа морь уях нь монгол орныг эзэнтэй болгож байна.


-Хөвсгөл аймагт морин спорт хөгжих бас хөшүүрэг нь бүртгэлийн хураамж. Би буруу ойлгоогүй аль ч уралдааны үед бүртгэлийн хураамж авдаггүй  гэсэн байхаа.

-Тийм ээ. Холбооны зүгээс зохион байгуулж буй бүх уралдааны үед бүртгэлийн хураамж авдаггүй. Энэ нь уяачдад олон морь мордуулах боломжийг олгож, эдийн засгийн дэмжлэг болдог. Түүнчлэн холбоо уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулахад байнга анхаарсаар ирсэн. Жишээлбэл жил бүрийн амжилтыг нь үндэслэж, аймаг, сумын Адарт уяач цолыг цаг хугацаанд нь хурдан шуурхай олгохын зэрэгцээ жилийн эцсээр уяачдынхаа шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Өнгөрсөн жил гэхэд бид аймаг алгасч, сум сунган, Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь “Баатар ван” амралтын газар хийсэн. За үүнээс гадна “Тод магнай” сэтгүүлтэй хамтран аймгийнхаа уяачдын тухай ном, сэтгүүлийг гаргаж байна. Та бүхний гар дээр очиж буй энэхүү ном бол Монгол улсын түүхэнд хамгийн олон уяачийн намтар түүх багтсан ном юм.

-Бидний хувьд ч гэсэн энэхүү түүхэн номыг бүтээлцэж буйдаа баяртай байгаа.”Дэлтэй цэнхэр”-ийн удирдлагууд цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нийтийн чиг хандлага, их хурлаас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу морьдынхоо үүлдэр угсааг сайжруулах шаардлага байна. Мөн залуу уяачдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд анхаарч, уяа сойлгын эрдэм ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй болгох тал дээр анхаарна. Дараагийн нэг ажил бол чийпжүүлэх ажлыг зохион байгуулахаар  онлайн бүртгэлийн систем, угшил.мн. сайттай хамтран ажиллаж байна. Одоогоор зарим нэг онцгой адууныхаа ДНК-г шинжлүүлж, цахим үржүүлгийн хэлбэрт шилжих ажил хийгдэж байна. За тэгээд холбооныхоо 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарна даа.

-Чухал ажлууд төлөвлөжээ. Албан яриагаа энд хүргэж жаргаагаад амин хувийн холбогдолтой цөөн асуултанд хариулт авъя. Та бол энэ цагийн энгүй хурдан хүлгийн эзэн.

-Сайн хүлэг ерөөлөөр учирдаг гэдэг. Магнай халиун азарга бол түүний бодит биелэл юм. Монгол адууны гайхамшигт чадварыг харуулсан тэр сайхан хүлгийн эзэн болсондоо баяртай байдаг.


-2012 оноос хойш улс, бүсийн уралдаанаас айраг алдалгүй наадна гэдэг энэ цаг үед давтахад бэрх амжилт л даа.

-Хурдны өлгий зүүн бүсэд очиж Хөвсгөлчүүдийн нэрийг анх дуурсгасан адуу бол Магнай халиун. Тэр жил хязаалан үрээ зургадугаар сарын 1-нд болсон Хөвсгөл аймгийн бага гурван насны морьдын уралдаанд түрүүлсэн. Тэнд айрагдсан таван хязаалангийн дөрөв нь улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан түүхэн амжилттай, онцгой сайхан энергитэй уралдаан болсон юм. Тухайн үед аймгийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг Чингүнжавын талбайд дуудаж байлаа.

-Бас л сонин түүх байна. Тэр жил улсад уралдсан бил үү?

-Тамир дутуу гээд улсын наадамд уралдаж чадаагүй. Харин Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Алтан Дарь овооны төрийн тахилга наадамд айргийн гуравт хурдалж, Хөвсгөлчүүдийн болон миний том наадмын өмийг нээсэн. Тэр цагаас хойш улс, бүсийн уралдаанаас зургаан түрүү, есөн айраг хүртэж гайхам амжилтыг үзүүлсэн. Энэ зуунд Магнай халиуны энэ амжилтыг давтахад хэцүү дээ.

-Уралдаан олширч, сайн адуу 2-3 жил л уралддаг болсон цаг үед амаргүй л дээ.

-Магнай халиун азарга эргэж цусандаа орсон адуу. Бүр тодруулбал дөрөв дэх үедээ өөрийнхөө цусанд орж, удмаа хадгалсан. Монголчууд эрт дээр үеэс сайн адуугаа гурав, дөрөв дэх үе дээр эргэж цусанд нийлүүлэн, чанарлаг генийг нь хадгалдаг байж. Түүний нэг хэлбэр Магнай халиун. Халиун азарганы нэг сайн онцлог бол их даацтай. Ямар ч уралдааны үед амь хурдаараа давхидаггүй, өөрийнхөө зөнгөөр л явдаг. Хэрвээ тэгж амь хурдаараа давхидаг байсан бол энэ олон уралдаанд амжилт гаргаж чадахгүй л дээ. Хөл гар нь бахим, зүрх сайтай, аливаа уралдаанаас зүрхшээдэггүй. Гурван км орчим яваад л бие нь задарч, жигд темпээр явсаар байгаад барианд ордог. Ер нь халиун шиг зүүн бүсийн уралдаанд гурав түрүүлсэн адуу дахиж гарах нь ховор л байх. Сүхбаатарт нэг, Хэнтийд хоёр удаа түрүүлсэн шүү дээ. Ийм сайхан монгол адуу дахиж төрөхгүй байх. Хурдан сайхан адуу эзнээ эрж явдаг. Эрээд олчихдог. Олсон сайхан буяныг уяач хүн цааш нь хадгалж, хайрлаж, хамгаалж явах үүрэгтэй. Үүн дээр би алдаа гаргасан байж мэднэ. Уг нь энэ жил, ирэх жил өнжөөгөөд АХ-ын 100 жилийн ойдоо мордуулж зодог тайлна хэмээн тооцоолж байсан ч санаснаар болсонгүй.


-Моринд хайртай монгол түмний хувьд үнэхээр хүнд мэдээ байсан. Үр төлүүд нь залган хурдлах болов уу гэсэн хүлээлт бий байх.

-Надад халиун азарганы үр төл бараг үлдээгүй. Энэ жилийн ганц эм унага бий. Тэрийгээ л харж байна. Магнай халиун азаргаа уралдаж байхад “Нэг тогоонд олон хурд багталцахгүй. Хэл ам, хэрүүл уруулын нэмэр” гээд ерөнхийдөө үр төлд нь онцгой анхаарч, араас нь хөөцөлдөж байсангүй. Гэтэл цаг хугацаа заримдаа бидний бодож төлөвлөснөөс эсрэгээрээ явчихдаг юм байна. Үүн дээр би алдаа гаргаж. Гэхдээ яах вэ, Магнай халиуныг амьд сэрүүн байхад ДНК-ийн шинжилгээг нь хийлгэж авсаныхаа үр дүнг үзэж  үр төл нь байх магадлалтай адуунуудад юмнуудыг шинжлүүлж байна. Мөн надад охин дүү нь бий. Түүнээс гайгүй юм гарах байх.

-Нутаг руу нь аваад явлаа гэж байсан. Сүхбаатар явсан уу?

-Хөвсгөл рүү авч яваад алдартай уул усандаа тэргүүн юуг нь зална гэж бодож байгаа. Магнай халиун азарга Сүхбаатарт унаж тэнцсэн ч олон жил Хөвсгөлийн нэрийг цуурайтуулж, Хөвсгөлийн ард олныг баярлуулж ирсэн. Тиймээс алдар гавьяагаа дуурсган “дахин төрсөн” нутагт нь ариун шүншгэнд дэл сүүлээс нь оруулж залсан.


-Сайн хүлэгтэй таарсан хүний санаанд баргийн адуу нийцэхээ больдог юм шиг ээ.

-Яг үнэн. Халиунтайгаа ямар ч уралдаанд очсон, айрагдах эсэх тухайд бус түрүүлэх үү, аман хүзүүдэх үү гэдэг тухайд л боддог байж. Надад Магнай халиунаас өөр адуу олон бий л дээ. Жишээлбэл нэгэн үе би аймгийн наадмаас дөрвөн айраг, түрүү авч л байлаа. Хөрш зэргэлдээ Булган аймагт очиж Олимпийн аваргын нэрэмжит уралдааны түрүү, айргийг ч хүртэж л байлаа.

-Шарын Ганхуяг гуайн  шүлгээр хийсэн “Магнай халиун” гээд дуу яваад байсан. Та сонссон уу?

-Ид уралдаж байхад нь олны хэл амаас болгоомжилж хурдан байгаа адууг сэвтүүлчих вий гээд дуу шүлэг, хөшөө дурсгал хийлгээгүй. Улсад аман хүзүүдэж, айрагдаад байсан 2016 оны 7 сарын 10-нд миний найз Баадайн Хадбаатар “Магнай халиун” нэрийг нь хайрлаж, сайхан шүлгээ уншиж өгсөн юм. Маргааш нь хүй мандлын дэнж Улсын наадамдаа түрүү магнайлж, дараа жил нь мөн магнайлсан. Үүнийг нь 3 жил хадгалж байгаад саяхан Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайд өгсөн. Аварга хүлгийнхээ хөшөөг аварга хүнээр босгох гэсэн эзэн хүний хүндлэл л дээ. Удахгүй сайхан дуу төрөх байх аа. Яваандаа моринд хайртай монгол түмнийхээ сэтгэлээс ургасан дуу шүлэг, зургийг эмхэтгэж ном болгох санаа бий.

-Эргээд бодохоор... гэдэг үгийг хүмүүс их хэлдэг. Халиун азарганы тухайд тийм бодол төрөх юм уу?

-Мордуулах гээд гарахдаа яг тийм мэдрэмжийг авсан. Халиун азарга нүдээрээ аврал эрээд байх шиг. Ядруу нэг л өөр байсан. Морь уях гэдэг хамтын хөдөлмөр. Би хэдийгээр эзэн нь ч гэсэн бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, өөрийн үзэл бодлоо тулгах аргагүй. Азарга гарах ёстой цагаасаа хоёр цагаар хойшилж, цөөн машин дагаад гараа руу бараг тарлаад очсон шүү дээ.Тэгээд эргэхдээ +30 хэмийн халуунд уралдсан. Халиуны хувьд энэ олон жилүүд дэх хамгийн хүнд уралдаан болсон байх. Эзэн хүний хувьд “Дэмий явуулж дээ” гэж бодсон ч нэгэнт мордсоны дараа холбоо барих аргагүй учраас залбираад хүлээхээс аргагүй болсон. Олон жил халиуныгаа харахад омголон бардам байсан харц нь яг тэр өдөр ор мөргүй алга болчихсон, сайны дохио биш гэдгийг зөнгөөрөө мэдэрч байсан. Миний шийдвэртэй бус, юманд хэтэрхий хүлээцтэй ханддаг байдал бас нөлөөлсөн л дөө.


-Түрүү юу, аман хүзүү юу гэж хүлээдэг дүүрэн итгэлт хүлгийн эзэн ямар ч наадамд хөл алдаад байдаггүй нь бас сонин. Би таныг гэр бараа бэлтгээд сүйд болж байсныг санадаггүй юм.

-Уяачид бол түмнээ цэнгүүлэх үүрэгтэй. Наадам гэдэг бидний хувьд баяр цэнгэл гэхээсээ илүүтэй төрөө хүндэтгэж,түмэн олноо цэнгүүлэх үүрэгтэй чухал өдөр. Дээр нь миний хувьд морийг алдар нэр горилох үүднээс бус ахуй соёлоо дээдлэх хэмээн хардаг учраас торгон дээл өмсч, тос өөхөнд умбахыг чухалчилдаггүй. Би аливаа зүйлд голч байр сууринаас хандаж даруу байхыг хичээдэг. Азарга барианд ороход миний адуу түрүүллээ гэхээсээ илүү Хөвсгөлийн ард түмний заяа, буян түшлээ гэж бэлгэшээдэг.

-Халиун азарга тодрохоос өмнө хүмүүс таныг “Хөвсгөл зам”-ын Болдбаатар гэдэг байсан юм билээ. Хийсэн ажлынхаа тухайд товч танилцуулаач.

-“Хөвсгөл зам” компани маань 1956 онд үүсгэн байгуулагдсан, 63 жилийн баялаг түүхтэй. Зам гүүрийн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийгэм цаг үеийнхээ эрэлт шаардлагад нийцүүлэн боловсон хүчнээ чадваржуулж, техник тоног төхөөрөмжөө сайжруулан эх орныхоо бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Өөрсдийн хийсэн бүтээснээсээ кайф авдаг ийм л хамт олон доо.

-Аймгийнхаа ИТХ-ын даргаар байхдаа нэлээдгүй зүйл хийсэн хэмээн Хөвсгөлчүүд таныг үнэлдэг юм билээ.

-Би дөрвөн жил аймгийн ИТХ-ын даргаар ажиллахдаа Хөвсгөл аймгийн гол гол баримт бичгүүдийг боловсруулж, батлуулсан. Жишээлбэл Хөвсгөл аймгийн 2030 он хүртэлх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, 50-р өргөргөөс хойшхи газар нутгийг тусгай хэрэгцээнд авсаны зэрэгцээ Хөвсгөл аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, авто замын ерөнхий төлөвлөгөө, Мөрөн сумын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулсан.


-Ингэхэд төрийн бус байгууллагын сонгуульт алба олонтой юу?

-Хөвсгөл аймгийн хөл бөмбөгийн холбооны тэргүүнээр ажилладаг. Өнөө жил Монголын хөл бөмбөгийн холбоо үүсч хөгжсний 60 жилийн ой тохиож, 21 аймгийн үндэсний цомын тэмцээнийг Хөвсгөл аймагтаа амжилттай сайхан зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд 18 аймгийн 300 гаруй тамирчин оролцсон бөгөөд тэдний амжилт гаргах боломж нөхцлийг бүрдүүлэх тал дээр манай холбооны хамт олон санаа тавьж ажилласан. Хөвсгөл маань аймгууд дотроос хамгийн түрүүнд стандартын талбай, шөнийн гэрэлтүүлэгтэй болсон. Ийнхүү стандартад нийцсэн орчинг бүрдүүлж буй нь Хөвсгөл нутгийнхаа хүүхэд багачуудыг хөл бөмбөгийн спортоор хичээллүүлж, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болгох зорилготой юм. Үүнээс өмнө ИТХ-ын даргааар ажиллаж байхдаа “Оюунлаг Хөвсгөл” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байлаа.

-Хөвсгөл нутгийн залуустаа бие бялдрын болоод оюун санааны өв тэгш хүмүүжил олгох холын бодол тээж явдаг юмаа даа.

-Яг тийм. Оюунлаг болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй ирээдүйн Хөвсгөлчүүд эх орондоо цаашлаад дэлхийд өрсөлдөх боломж бий. Сүүлийн үед Хөвсгөлийн залуучууд хөл бөмбөгөөр хичээллэх нь ихэссэн. Үүнд баяртай явдаг.

-Хойчийн залуустаа санаа тавьж явдаг танд баярлалаа. Хүлэг эрдэнийн хиймориор тэтгэгдэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Хөвсгөлчүүд бид Монгол Улсынхаа хойморт төрсөн их хувь заяатай улс. Энэ сайхан хувь заяандаа талархан, нутаг усаа хайрлаж явахыг хүсье.


А.Тэлмэн

6 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.78.106

    Dabaahuu goi helsen shuu dee sain uyach gej mori aldaggui huniig helne gesen amjilt chuhal bish.hoborhon torson saihan ajnaig alchihaad yug n sairhaad yridag bna. Olduulseiig n mongolchuud bugd mediish tee yasan nariihan gedestei mordoj bna geel mori tailbarlagchaas ehleed bugd helj baisan tegeel uraldaj ireel endsen sh tee en bol100% uyachiin hariutslaga shuu!!!

    Reply
  • 59.153.87.192

    mongolchuud ih ataarhuu ulsuud yum daa

    Reply
  • 139.5.219.27

    Yu dutlaa gej bvx naadamd utasag bnaa. Bas neg shunaltai nuxur daagiif naadmaar 2 urulduulaad xulgvi bolgoj bsan uvchin yum daa

    Reply
  • 223.104.15.117

    Монгол түмний хайртай хүлэг “Магнай халиун” ​

    Reply
  • 202.126.89.63

    Халиун азаргандаа допинг шааж тэгээд амиг нь алсан шүүдээ Болдбаатар өөрөө

    Reply