МУ-ын Алдарт уяач С.Батсайхан: “Аймгийн наадмыг авчихаад ирлээ” гэж хэлээд инээдэм болж байсан

Сэтгүүлч
8-р сарын 26 -нд

Булган аймгийн Орхон сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Самбуугийн Батсайханыг уншигч та бүхэнтэй уулзуулъя.

Хоёр тод манлайн нутгийн унаган хүү насан өндөр эцгийгээ залгамжлан морь уяхад суралцсан нь

1992 он. Хоёр жилийн дараа аймгийнхаа баяр наадамд найзаасаа авсан битүү үрээгээ аман хүзүүнд хурдлуулж, дараа жил нь түрүүлгэн гараагаа сайн эхэлжээ. Тэр цагаас хойш “Тоодон”Батаагийн уясан морьд аймаг, сумын наадамд дээгүүр давхиж магнайг нь тэнийлгэх болсон билээ.

-Алдарт таны морь уяж эхэлсэн түүхээс ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна?

-Би Архангай аймгийн Хотонт суманд 1959 онд төрсөн. Хотонтод найман жил төгсөж, цэрэгт явж жолооч болоод Улаанбаатар хотын 27 дугаар баазад 15 жил ажилласан. 1992 оноос Булган аймагт ирж малчин болоод л морь уяж эхэлсэн дээ. Аав маань Архангайн Хотонтод морь уяж давхиулж байсан уяач хүн. Нас дээр гарсан аавынхаа адууг авч 1992 оноос морь уяад 1994 оноос амжилт гаргаж эхэлсэн дээ. Анхны айргаа 1994 оны аймгийн наадмаас хүртэж байлаа. Халтар хязаалан маань аман хүзүүнд давхисан юм. Харин анхны түрүүгээ 1995 онд мөн аймгийн баяр наадамд халтар соёолонгоо түрүүлгэн авч байлаа.

-Анхны айраг, түрүүгээ аймгийн баяр наадмаас авна гэдэг чансаатай л уяачийн хэрэг юм. Дараа жилүүдэд нь хэр одтой наадаж байв?

-1996 онд том хонгор азарга аймгийн наадамд тавлаж, хонгор даага аман хүзүүнд, хээр даага гурваар давхисан. Мөн Орхон суманд хонгор азарга долоогоор давхиж, хонгор алаг хязаалан аман хүзүүдэж, халтар морь таваар давхиж, хээр даага түрүүлсэн. 1997 онд бага хонгор азарга аймгийн наадамд дөрвөөр давхиж, Эрдэнэтийн анхны даншигт хязаалан хүрэн үрээ гурваар, халтар морь 16-аар давхисан.1998 оны Их хурдад халтар морь, бага хонгор азарга урилгаар очоод хонгор азарга 30 гарч, халтар морь 16-аар ирсэн юм байна. 1999 оны аймгийн наадамд халтар морь түрүүлж, бага хонгор азарга дөрвөөр, хонгор даага таваар, хээр даага гурваар тус тус давхисан. Тэгээд Эрдэнэтийн даншигт халтар морь түрүүлж, том хонгор азарга есөөр давхиж байлаа.


-Шинэ зуун гараад айраг, түрүү арвин наадаж байв уу?

-Хар азарга аймгийн баяр наадамд хоёр удаа шөвгөрсөн. 2000 онд даагандаа аман хүзүүдэж, Жаргалантын амралтын 30 жилийн ойд түрүүлсэн. Сүүлд нас нийлээд аймгийн баяр наадамд нэг шөвгөрч, Бугат сумандаа нэг түрүүлсэн.

-Таны унаган адуу юу?

-Хар азарга Бугат сумын Сэндомын халтар гэж аймагт дөрөв түрүүлсэн азарганы төл байгаа юм.

-Өөр урам сэргээн хурдалсан ямар хүлгүүд байна?

-2006 онд халиун морь аймгийн баяр наадамд таваар давхиад, 2007 онд урилгаар Өвөрхангайд болсон Их хурдад очиж 50 гарч давхисан. Хар азарга бас Их хурдад урилгаар явж байсан юм байна шүү. 2007 онд аймгийн баяр наадамд Халиун морь дөрвөөр, Толин хул даага гурваар давхисан. Мөн халиун морь Атар, Хишиг-Өндөр сумдад түрүүлж байсан. Хишиг-Өндөрт хоёр даага нэг нь тав, нөгөө нь  аман хүзүүгээр давхиж байсан.

-Энэ ярьсан хурдан хүлгүүдээс хамгийн олон айраг, түрүү авчирсан нь аль нь вэ?

-Хамгийн их түрүүлж айрагдсан нь халтар морь байгаа юм. Аймагт соёолондоо түрүүлж, нас нийлээд хоёр түрүүлж, нийт гурав түрүүлсэн хурдан ажнай. Эрдэнэтийн даншигт бас нэг түрүүтэй. Хархоринд болсон Их хурдад хоёр удаа урилгаар очиж, 16, 24-өөр давхисан. Аймагт хязааландаа аман хүзүүдэж, сүүлд Орхон суманд таваар давхисан.


-Халтар морь хаанахын адуу вэ?

-Хутаг-Өндөрийн Уньт бригадын Баярмаа гэдэг найзаасаа авч байсан. Тухайн үедээ дөрвөн унагатай гүүгээр битүү хязаалан үрээ авч байлаа. Найз маань гар таталгүй өгч, халтар морь очсон газар бүртээ айраг, түрүү авч байсан даа. Могод сумын сургуулийн 40 жилийн ойд аман хүзүүдсэн.

    Амжилтаараа халтар морины дараа жагсах нь халиун морь. Бага том нийлсэн наадмын 17 медальтай. Эх Атарын САА-н угшилтай халиун гүүг Туул гэж хүнээс авч, том хонгор азаргандаа хураалгаад гарсан төл байгаа юм.

 За бас нэг хурдан ногоон морь бий. Ногоон морь тав, зургаан медальтай. Булган аймгийн Орхон сумын Дашдорж гэж найзаасаа аваад бага наадамд гурав түрүүлгэж, хэд хэд айрагдуулсан. Аймгийн  наадамд нүүрлэж ирээд зургаагаар орсон.

-Том хонгор азарга ямар угшилтай адуу вэ?

-Том хонгор миний аавын унаган адуу. Аймагт гурван удаа зургаа, долоо, наймаар орж байсан. Дөрвөөр ирж байснаа л зургаалчихдаг. Наадмын одгүй адуу байгаа юм.

-Олноор нь айраг, түрүү хүртсэн наадам гэвэл хэдэн оны хаанахын наадам бэ?

-1999 онд аймгийн наадамд халтар морь түрүүлж, бага хонгор дөрвөөр, хонгор даага таваар, хээр даага гурваар тус тус давхиж, соёолон тавласан юм. Тэгээд буцаад иртэл манай найзын эхнэр “За морьд яаж давхив” гэхэд нөхөр нь “Юун яаж давхив гэж. Аймгийн наадмыг авчихаад ирж байхад” гээд инээдэм болцгоож байлаа. Тэр жилээ Эрдэнэтийн даншигт халтар морь түрүүлж, том хонгор азарга есөөр давхисан.

Бас Эрдэнэтийн даншигт анхны удаагийнхад хязаалан үрээ гурваар давхиж, хоёр дахь даншигт халтар морь түрүүлгэж анхны мотоциклийн бай авч байлаа. Тэгээд Улаантолгой, Архангайн Хотонт,  Могод, Хишиг-Өндөр гээд олон газар очиж уралдсан даа.


-Цаг үеэ дагаад адуугаа сайжруулах талаар анхаарч байна уу?

-Сүхбаатарын Эрдэнэцагааны Баатарсүх гэж хүнээс бор азарга авсан. Дорнодын аймгийн Алдарт уяач Намжил гэж хүнээс араб, англи азарга, нийт гурван азарга авлаа. Морь судлаач Шарын Ганхуягаас хүрэн халзан морь авч сайхан давхиулсан. Хүрэн халзан морь бага наадам, сумын наадамд хоёр гурав түрүүлсэн. Дорнодоос тав зургаан гүү, Эрдэнэцагаанаас бас тийм хэмжээний гүү аваад байгаа.

-Англи, Араб азарга хөдөө бэлчээрийн нөхцөлд хэр дасан зохицож байна вэ?

-Англи азарга нь бэлчээрээр, Араб нь өвлийн цагтаа тэжээлгэж байна. Энэ хоёрт өөрийн болоод Могод, Сүхбаатарын гаралтай гүүнүүд тавьсан. Төлүүд нь даага шүдлэн гараад уягдаж эхлэх гэж байна даа.

-Адуу тэжээж байгаа гэхээр жүчээ хашаатай гэсэн үг байх нь ээ?

-Хөдөө Орхон сумандаа өвөлжөөнийхөө ойролцоо жүчээ бариад, худаг ус гаргаад өөрийнхөө хэмжээнд тохижуулсан. Өнгөрсөн өвөл 10-аад адуу тэжээсэн боловч шүлхий гараад уралдуулсангүй. Цаг үеэ дагаад хүн дуурайгаад тэжээж л байна. Манай том хүү Мөнхбат морь уяж, энэ талын юмыг судлаад ингэдэг, тэгдэг юм байна, ийм тэжээл өгдөг юм байна гээд надад хэлж өгдөг юм. Яахав морьдоо надаар заслыг нь хийлгэж, өөрөө энд тэндээс адуу авчирч өгч байна. 

Одоо л морьд сайхан харайх байхаа. Жил гаруйн өмнөөс Орхон сумандаа сумын Алдарт Норовсамбуу, Батзул, аймгийн Алдарт уяач Жамсранбат нарын 10 гаруй хүн гал уяа болон нэгдээд хамтдаа морь уяж байна. Энэ жил Булган аймгийн 80 жилдээ манай галынхан 30-аад морьд уяад байж байна. Миний хувьд хар морь, цавьдар азарга гэсэн хоёр битүү адуу уяж байна. Аймгийн өвлийн уралдаанд азарга нь дөрвөөр, морь нь зургаагаар давхиад байгаа. 


-Уяачдын хувьд толгой өвтгөсөн нэг асуудал нь морь унах хүүхэд. Унаач хүүхдээр “айхгүй” байж чадаж байна уу?

-Хамгийн том асуудал морь унах хүүхэд байна. Айлын хүүхэд гуйж унуулаад зургаа, долоон жил болсон. Сүүлийн үед хүүхэдгүйгээс олигтой уралдаж чадахгүй байлаа. Ач нар маань моринд хорхойтой, саяхнаас л овоо морь унаж байна. Тэгэхээр ойрын хэдэн жилдээ айхгүй л байх.  

-Аймаг, бүсийн хичнээн айраг, түрүүтэй вэ? МУ-ын Алдарт уяач цолыг хэзээ хүртсэн бэ?

-Аймаг бүсийн нийлсэн 10 түрүү, 10 айрагтай. Сумын баяр наадам, бага наадмын 50 гаруй айраг, түрүүтэй. 1999 онд аймгийн Алдарт уяач, 2001 онд Монгол Улсын Алдарт уяач цолыг тус тус хүртсэн.

-Ярилцсанд баярлалаа. Ойн баяр наадамдаа уясан хүлэг нь тод магнай болж торгон жолоогоо өргүүлэх болтугай.

-Нутгийн уяачдадаа уясан болгон нь хурдалж байхыг ерөөе.

Д.Энхтуяа

2017 он

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.88

    Улс бүсэд морь түрүүлгээгүй ийм алдарт зөнд бий

    Reply
    • 124.158.90.50

      Хүний хурдан адууг мөнгөөр цохиж, авдаг мөртлөө өөрөө морины хөхөл сүүл боож үзээгүй атлаа тод манлай болчихсон нөхөд ч олон бий дээ. Тэдний дэргэд уяач хүн байна.

  • 117.111.2.231

    Alsiin haraatai uujim hun ymdaa amjilt

    Reply