ҮРЭЭНИЙ ХҮҮХДҮҮДЭЭС ҮГ СОНССОН МИНЬ

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 27 -нд

1993 оны наймдугаар сар. Өвгөн ноёны нэрэмжит уламжлалт наадмаа Галшарынхан шөрмөсөн чулуут довон дээрээ хийж байх үест домогт Элбэг хээрийн унаач явсан Жамбын Ёндон /1993 онд 81 настай/ гэдэг шавилхан биетэй, хөнгөн түргэн хөдөлгөөнтэй уулзаж билээ.

Өвгөн ноён, хүлэгч Жунай, уяач Раашийн Лувсанцэндийн хурднуудыг унаж улсын наадамд нэг бус түрүүлж, айрагдаж явсан “хүүхэд” энэ цагийн наадмыг баахан сонжин голох аястай, Галшарынхан морьдоо уяж чадахаа болилоо, хурдан адуу төрлөө ч түүнийг таних уяач үгүй боллоо гэж халаглана. Зургаан наснаасаа 16 нас хүртлээ хурдан морь унаж, их уяачдын үгийг сонсож явсан хашир унаачийн үгийг бид сонсох учиртай.

Хүлэгч Жунай Элбэг хээрийг уяж Улс хувьсгалын 4 жилийн ойгоор түрүүлгэхдээ чадамгай унаач Ж.Ёндонгоор /тэр жил 12 настай байв/ унуулсан. Хурдан моринд томдосхийж явсан унаач, эцэнгий харинга хээр азарга хоёр их наадамд хэрхэн хол түрүүлэн ирсэн тухай “ардын цэрэг” сонины /1925 оны №10/ дугаарт бичсэн төдийгүй хожим Д.Даваажанцан “Морин эрдэнэ” номондоо дэлгэрэнгүй сурвалжлан оруулжээ. Хулан хонгор, Элбэг хээр, Лувсанцэндийн зартай хурднуудыг унаж хурдлуулж явсан унаач Ёндон тэр цагийн хүлэг, хүлэгч хоёрыг эдүгээгийн морь, уяач хоёртой харьцуулан ярина. Морь, хүлэг хоёроо ялгахгүй байна, зарим нь азаар заяасан хүлгийн  хиймориор уяач нэр олж байна. Залуус морь уяхаасаа  архи уух нь их байна гэж халаглана.

Хөөрхий буянт адгуус Элбэг хээр тэр жил 26 настай байж билээ. Элбэг хээр их номхон, уруул амаа унжуулчихсан хээлтэй гүү шиг азарга байж билээ. Сайн морь сайхан гэхээсээ муухай харагдах нь олон гэж Өвгөн ноёны айлдаж байсан яг таардаг юм. Элбэг хээрийг их идэштэй уралдаж байхыг нь санаж байна. Элбэг хээрийн толгойг Хонхорын ухаагийн овоон дотор би аваачиж булж билээ гэж хуучлав.

Мөнхүү домогт Элбэг хээртэй хамт уралдан хурд сорьж явсан Орлойн хурдан саарлуудын унаач Орлойн баян Совдын охин Дулмаа/1997 онд 81 настай/-тай хуулах завшаан тохиов. Дуучин Ш.Чимэдцээеэ хэдэн жилийн өмнөөс надад хандан “Чи Элбэг хээртэй хамт уралдаж явсан манай нутгийн нэг үрээний хүүхэдтэй уулзаач” гэж хэд хэдэн удаа хэлж билээ. Саяхны нэг сайхан орой бид үрээний хүүхдүүдийнхээр очив. Дулмаа гуай бол Өвгөн ноёныг морио ид хурдлуулж байх үест Орлойн хурдаараа гайхуулан өрсөлдөж явсан Орлойн баян Совд гэгч хүний охин, хурдан морины гарамгай унаач явжээ. Дулмаа гуайн төрсөн дүү нь Ш.Чимэдцээеэгийн эцэг лам Жамбал болно. Дулмаа гуай үнхэлцэг шиг жижигхэн хөөрхөн гэртээ биднийг хөөр болон угтаж, үүцээ задлан мах чанах зуураа:

За хө би та нарыг битүүдээ хүлээж суулаа. Орлойн адуу их хурдан байсан, миний аав Орлойн баян Совд их хурдтай морь шинжээч хүн явсан юм гэдгийг хойч үеийнхэнд хоёр үгээр ч гэсэн хэлж үлдээхсэн гэх хүслэн болж суудаг хөгшин дөө гээд хуучилсан нь:

Бид эцгээсээ арвуулаа, одоо тав нь сэрүүн тунгалаг амьдарч байна. Бидний эцэг Орлойн баян Совд. Манайх хөрөнгөө гурав хуваасан айл. Аав хоёр удаа баригдаад сүүлийн барианаас эргэж ирээгүй. Сүүлчийн хураалганаар том домботой өрмийг хүртэл тэргэн дээр ачаад явсныг би санадаг. Тэгээд өрөм нь сум ороод сагаад байхаар нь сумын ойролцоо гуунд асгачихсан. Тэр нь олон жил газар тэтгэж түнэр хар ногоо ургасан байж билээ. Тэгэхэд муу ээж минь тэнгэр шиг их гэдэстэй, хэзээ мөдгүй төрөх шахсан үлдсэнсэн. Баян хүмүүст тийм л халгаатай байсан цаг даа. Дулмаа гуайн хоолой зангирч ирснээ: За за тэр ч өнгөрсөн цаг. Тэр үеийн амьжиргаатай бүх л хүмүүс ийм зовлонг туулсан хойно. Би эдэн дундаасаа эцэгтээ их тоогддог унаач явлаа. Өөрөө ч хурдны моринд их дуртай, аавын үгнээс нэг ч гардаггүй байв. Хотын цэргийн наадамд хичнээн ч удаа /1924 оноос өмнөх улсын наадмыг Цэргийн наадам гэж нэрлэж байсан. Ж.С/ очиж түрүүлж, айрагдав? Мэдэхгүй тоогоо алдсан гэвэл болно. Аав их уяач хүн байж. Аавын дүү нар Дагва /Хув гэдэг/, Самбуу гэлэн, Чоймбол гэлэн гээд бүгд баячууд байлаа. Аав, анхны сайн малчдын зөвлөгөөнд оролцож байсан хүн юм байна. Хурдан морины л тухай ярина даа. Энэ ч гэсэн малчдын л ажил хойно гээд нэлээд нарийн ширийн юм ярьсан гэдэг. Аав жаахан халамцсан  үедээ: Энэ төр ч тэр үгийг минь хэрэгсээгүй байхаа. Уг нь энэ хурдан морины тухай нэг ном бичээд муусайн хүүхдэдээ үлдээхсэн. Даанч би бичиг үсэггүй хүн яалтай вэ? Мөн их юм байна санж гэж халаглан ярьдаг байсан. Аавыг би жинхэнэ морь шинжээч байсан болов уу гэж бодож явдаг. Өвгөн ноён Пүрэвжав гэж мөн сайхан хүн байлаа. Тэр их настай хүн байсан. Өвгөн ноёнтой хурдны тухай ярьдаг хүн ч бэлэнгүй л байж таарна. Нэг жил манайхан Өлзийтөд уралдаад давхар уяаны морьдтой Галшард очиход Өвгөн ноёны Элбэг хээрийг аав надад үзүүлсэн. Арьсан жигтэй сул, хуруу  хуруу харвиганачихсан сонин хэвтэй азарга байсан. Хүүхэд байхад нэг удаа харсан хүн, морь мартагдах биш дээ. Тэр наадмаар манай аавын төрсөн дүү Хув Дагвын ногоон аман хүзүүлж, Элбэг хээр түрүүлж билээ. Манайх наадам тараад буцаж явлаа. Нэг худаг дээр цөөн адуу байна. Эзэн нь адуугаа услаад зогсож байна. Аав нэг шүдлэн хул хээр үрээг их сонирхож байх юм. Аав адууны эзнээс үрээгээ зарах уу гэж асуув. Эзэн зарнаа л гэв. Аав нөгөө хүнд өндөр хараат ембүү хадагтай бариад хазаарын морь дагуулъя. Үрээгээ би энэ онд ороод, үснээсээ салах цагт авнаа гээд явж билээ. Дараахан нь  Өвгөн ноён: Орлойн монхор монди манай эндхийн ганц адууг олоод харчихаж гэж хэлж байсан гэдэг. Тэр үрээ Сул хонгор, Үйзэн хонгор хоёрын л нэг байх. Аав, Дагмид мээрэнгээс Цоохор хонгорыг нь авсан юм. Мээрэн их сэжигч хүн байж. Цоохор хонгорыг уяан дээрээ хэвтэхийг нь хараад далимдуулж авсан гэдэг. Аав, дүү Дагвадаа цаг төр ороо бусгаа байна, олон түрүүлсэн цуутай адуу авч хэрхэвч  болохгүй. Нэг муу хушгатай /төмстэй үрээг хэлэв Ж.С/ үрээ авахад хэн мэдэхэв. Хэдэн муу хүүхдэд, цаашилбал сум нутагт хожим хэрэг болно гэж хэлж байсан гэдэг. Тэгээд Дагмид мээрэнгийн Цоохор хонгор үрээг 10 хомтой тэмээ, нэг ембүү, хазаарын мориор авчээ. Цоохор хонгорын үр төл Орлойн нутгаар түүхий будаа шиг үржсэн түүхтэй. Орлойн мэргэн хутагт их хурдтай, Өвгөн ноёны хурдтай наана цаанатай байсан. Орлойн мэргэн хутагтын Гурван саарал гэж цуутай хүлгүүд байлаа. Их саарал, Туулай саарал, Сэтэрт саарал гэж нэрлэгддэг. Орлой хутагтын морийг унаж их хурдлуулж явсан үрээний хүүхэд бол одоо насандаа сууж байгаа хурандаа Намхай юм шүү. Би Намхайд чи хутагтын морийг унаж явсан болохоороо их сайхан насалж байна гэж хэлдэг. Намхай ч намайг цаашлуулж, чи ч гэсэн хутагтын морийг унаж явсан хүн. Тэр бас л чамайг надтай хамт наслуулж байна гэж үг газар гээхгүй. Мэргэн хутагтын дүү Санжаа лам гэж байв. Нэг өглөө Санжаа гуай манайд буув. Гэтэл аав миний хүү Санжаа гуайтай яв! Хутагтын морийг нь унаж өг. Харин миний охин хүний хүүхдийн Сэтэрт саарлыг нь  унав аа, Туулай саарлыг нь унаарай гэж захив. Би ч бөөн баяр. Ингээд наадмын морьд мордчихсон хойно асарт Мэргэн хутагт ааваас “Сэтэрт саарал цухуйчихна байгаа” гэж асуужээ. Гэтэл аав хутагтын өөдөөс түс тасхан “Үгүй байхаа, Туулай саарал сайн морь байдаг шүү” гэж хэлэхэд асарт зэрэгцэн суусан олон лам нар аав руу харан бүгд гайхаж, хутагт ч чимээгүй суусан гэдэг. Ингээд миний унасан Туулай саарал түрүүлж, Сэтэрт саарал нь аман хүзүүдсэн. Хайрхаан, хутагт ламтан надад газар шүргэсэн урт хадаг, их чихэр хайрлаж билээ. Цэргийн наадамд аавын шил цагаан хонгороор нэг түрүүлснээ санаж байна. Шил цагаан хонгор хачин хурдан адуу байсан. Баруун завжаараа цагаан хөөс, зүүн завжаараа улаан хөөс сагуулаад шуугиж гардагсан. Мөн улсад ирж дээгүүр хурдалж байсан Шөвгөр хул гэж хурдан азарга байв. Тэр үед би хурдны моринд хүндэдчихсэн, миний дүү унасан. Эргэхдээ ойчоод үлдсэн. Шөвгөр хул хүүхэдгүй уралдсаар аман хүзүүнд ирсэн. Цолчин хүүхэдгүй морийг ахиулж барьдаг байсан болохоор түрүүлсэнд тооцоод бай шагнал өгсөн. Сүүлд хураалганд Шөвгөр хулаа явуулчихсан. Манай малыг хураасан Дотоод яамны Пэрэнлэй гэдэг хүн Хэнтийгээс /Тэр үед Уулбаян Хэнтий аймагт харьяалагдаж байв Ж.С/ ирж Шөвгөр хулыг өөртөө авч үлдсэн. Хожим Пэрэнлэйд их хурдан үр төл өгсөн гэдэг. Саяхан гэхээр өвгөн бид хоёрыг Пэрэнлэй дуудан гэртээ аваачиж, амбаартаа тахиж хадгалсан Шөвгөр хулын толгойг үзүүлсэн. Орлойн их хурдын эзэн явсан нутаг хошуу дамнасан цуутай баян Совдын хурдан адуу, эд хөрөнгө ингэж үрэн таран болсон юм. Энэ цагт үүнийг мэдэх хүн өдрийн од шиг цөөн болжээ, хөөрхий гэж. Орлойн хурдны унаач С.Дулмаа гуай хуучиллаа.

Энэхүү хууч адуу судлагч, зохиолч нөхдөд санаа авууштай санагдана. Орлойн хурдан адууны тухай судлагдсан нь нэн ховор юм. Адуу судлагч Д.Даваа өөрийн ном өгүүлэлдээ “Орлойн адуу”-ны угшлын тухай асуудал дэвшүүлэн дурдсан. Дэд доктор, адуу судлагч Ч.Хурц хурдан морины удмын талаар бичиж буй номдоо Орлой адууны тухай нэлээд дэлгэрэнгүй баримт түшиглэн өгүүлэн буйгаа надад ярьсан юм.

Үрээний хүүхдүүдийн үгийг сонсоход ийм байна.

Бурхан халдун урианхан Дэлгэржавын Жүмпэрэлийн Саруулбуян

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна