“Тэсийн хишиг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач М.Пүрэвдорж: Өвөө маань адууны өв соёлыг төгс утгаар нь харуулдаг учраас миний хүүхэд нас адуутай ойр байлаа

-Тэсийн хишиг” МСУХ хэдэн онд байгуулагдсан юм бэ? Та хоёр дахь тэргүүн нь байх аа.

-Манай сумын уяачдын холбоог 1997 онд Н.Дамдинжав гэж хүн санаа нийлсэн уяачдын хамтаар байгуулсан түүхтэй. 2003, 2004 оны үед байх аа, “Тэсийн хишиг” нэрийг авсан байдаг юм. Холбооны анхны тэргүүнээр Н.Дамдинжав гуай ажиллаж байлаа. Харин миний хувьд 2016 оноос энэ ажлыг авсан.

-Өнгөрсөн 22 жилийн хугацаанд холбоо ямар, ямар том ажлын ард гарсан байна вэ?

-Ямартаа ч 1996 онд анх хоёр түмэн адууны баяр, 2006 онд “Тэс хурд” уралдааныг зохион байгуулсан байдаг юм. Харин би ажлаа аваад уяачдаас ирсэн хүсэлт, санаачилгын дагуу 2016 онд хийморийн морь буюу Зэндмэнэ сахиусыг нутагтаа заллаа. 17 сая төгрөгийн төсөвтэйгээр бүтсэн энэ ажилд нутгийн бизнесменүүд, нутгийн зөвлөлийн дарга нар ивээн тэтгэж, хандив өргөж оролцсон. Өөр нэг ажил бол нутгийнхаа адууг сайжруулж, сумын цөм сүрэгтэй болохыг зорьж байна. Энэ тухайгаа түрүүчийн болон одоогийн Засаг дарга нартайгаа ярьж, газраа шийдүүлээд авчихсан. Одоо жүчээ барьж, цэвэр импортын азарга оруулж ирнэ. Гэхдээ мэдээж нутгийн адуунд нийтэд нь үржил селекцийн ажил хийхгүй шүү дээ. Тэгвэл монгол адуу хэцүү болно. Манай нутаг чинь эрс тэс уур амьсгалтай учраас тэрийг ч бодолцож төлөвлөгөөгөө гаргасан байгаа.

-Зэндмэнэ сахиусыг залах нь ямар учир бэлгэдэлтэй юм бэ?

-Хийморийн морь бол цог хийморийг бадраасан сахиус шүү дээ. Ялангуяа эр хүний хувьд илүүтэй. Гэхдээ заавал эрэгтэй хүн ч биш, аль ч хүний хийморь лундаа өөдөө байвал ажил үйлс нь аяндаа  бүтээд л явдаг. Тийм учраас хүслийг хангах зэндмэнэ нуруун дээрээ бадраасан нь хийморийн дарцагны гол сахиус болж байгаа юм.

-Та ажлаа яваад өөр ямар ажлыг амжуулав?

-Сумын цөм сүрэгтэй болно гэдэг бидний хувьд том ажил. Үүний төлөө гурав дахь жилдээ зүтгэж л явна даа. Үүнээс гадна уяачид дундаа сургалт зохион байгуулж, хурдтай нутаг орноор явуулж, туршлага судлуулж байна. Энэ удаад гэхэд зүүн аймгуудаар тойрох төлөвлөгөөтэй байгаа юм. Сүүлд 2019 он гарсаар өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд МУ-ын Манлай уяач Г.Батчулуун, МУ-ын Манлай уяач Б.Цэндбаатар, “Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатар нарыг урьж, холбооныхоо анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ үеэр цэвэр цусны англи азаргыг уяачдадаа хүлээлгэн өгсөн. Хүндэт тэргүүн Н.Дамдинжав маань гардан маллаж байгаа. Энэ бол нутгийнхаа хурдыг сайжруулахаар уяачдын маань хамтдаа зүтгэж буй ажлуудын нэг болж байна. Удахгүй үр төлүүд нь гарч, нутгийн нэрийг гаргах байх аа. Энэчлэн хийхээр төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжиж байгаад урамтай явдаг юм.

   

   Харин үүнээс өмнө аймгийн баруун бүсийг хөшөөнийхээ нээлтээр хамтатган зохион байгуулсан. Өмнө нь уг бүсээр бага юм уу, дээд гурван нас уралддаг байсан бол бид анх удаа зургаан насыг уралдууллаа. Ер нь манайхан аймагтаа гурван жил дарааллан нэг том баярыг хийдэг. Өнгөрсөн удаад ЕБС-ийн 90 жилийн ойгоо хийгээд, дараа нь аймгийн баруун бүсийг явуулж, Зэндмэнэ суварганыхаа нээлтийг хамтатгасан. Харин ноднин хүн эмнэлгийн 90 жилийн ойг тэмдэглэлээ.

-Эмнэлэг, сургуулийн ойнууд сумын статустай юм уу?

-Тэгэлгүй яах вэ, сумын статустай наадамд тооцогддог.

-Өнөөдөр Цэцэрлэг сумын хэмжээнд жилдээ хичнээн уралдаан болдог вэ?

-Жил бүрийн тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хаврын уралдаанаа зохион байгуулдаг уламжлалтай. Мөн 2018 оны зургадугаар сарын 1-нээс “Цэцэрлэг түмэн эх” дааганы уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Цаашдаа уламжлал болгож явуулна. Түүнчлэн манай хангайнхны овооны баяр бол сумын наадмын дайтай л болно шүү дээ.

-Цэцэрлэгийн уяачид аймагтаа хэр наадаж байна даа?

-Тэр болгон аймагт ирж наадаж чаддаггүй юм аа. Газар нутгийн хувьд зайтайгаас гадна цаг уурын эрс тэс ялгаатай. Өвөлдөө цас айхтар унана. Манай Тэсийн голын жавар айхтар чанга л даа. Гэхдээ сум тойроод уясан морьдоо сайхан уралдуулж одтой наадаж ирсэн настай уяачид гэвэл  Бадрах, Түдэв, Олдох, Сүрэнжав, Бадарч, Даваа болон МУ-ын Алдарт уяач Хишигбат, Санжаа нарыг нэрлэж болно. Ойрхоноор нь Завхан тийш бас наадацгаана. Завханы 70 жилээр гэхэд л Хишигбат гуайн хонгор морь түрүүлсэн. Ер нь хонгор морь урагшаа явлаа л бол дархан түрүүлдэг адуу байлаа. Мөн Санжаа гуайн хув хээр морь байна. Түүнчлэн Түмэндэмбэрэл гуай гэж сайхан буурай байлаа. Өдгөө түүний үр хүүхдүүд залгамжлаад морьдоо сайн уяж байна. 2018 онд гэхэд хүү нь Цэцэрлэгтээ их морь түрүүлгэлээ. Олон хурдан хар азарганы нь үр төлүүдийн нэг байх аа.

-Ингэхэд Тэсийн голын адуу хурдан байдаг нь эрс тэс уур амьсгалтай нь холбоотой гэж ярьдаг. Тэнд эрлийз адуу нутагших уу?

-Тийм шүү, манай адуу эрт дээр үеэсээ хурдан байсан. Гэхдээ цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол болохгүй л дээ. Тиймийн тулд эрлийз адууг нутагшуулахын төлөө зорьж байна. Гэхдээ нэг эрлийз адуу аваачаад тавьчихвал тэсэхгүй л дээ. Цөөн тооны улс, бүсийн уралдаанд уралдах хэмжээний адууг л нутгийн адуутай эрлийзжүүлнэ. Ингэхдээ Тэс адууны тэсвэр тэвчээр, хурд хоёрыг авч үлдэх хэрэгтэй. Үнэндээ манай нутагт морины хөгжил маш их хоцрогдчихсон. Үнэхээр чадалтай сайн нь тэжээлгүй, цагаан өвсөөрөө уралдаж, энд тэнд ганц нэг айрагддаг. Хэрвээ Улаанбаатар, Багануур, Багахангайнхан шиг эрчимтэй тэжээгээд уралдуулбал Цэцэрлэгийн адуу аль ч газраас дутахгүй хурдтай. Гэхдээ уяачид маань саяхнаас л морьдоо тэжээж байна.

-Дээхнэ үедээ аль баг нь хурдаараа илүүрхдэг байсан бол оо?

-Хилийн залгаа нэг, хоёрдугаар баг илүү байсан. Тодруулбал, Хул азаргын нуруугаар Диданлхүмбэ гэж уулаар хүрээлэгдсэн хэсэг, дээшээ Цагаан-Уулын Агар баг, тэгээд Хөвсгөлийн Баянзүрх гээд явчихна шүү дээ. Даанч Тувагийн малын хулгайчид ихэнхийг нь “цавчаад” дуусгасан. Заримыг нь адуу ч үгүй болгосон.

-Шинэ цагийн буюу англи, араб адуу бий юу?

-Байна, байна. Аймгийн Алдарт уяач Батбаяр гэдэг залуу МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбатаас хоёр адуу авчирсан. Сумын Алдарт уяач Отгонсамбуу гэж залууд бас бий. Би ганц нэг эрлийз адуу аваачаад, үржүүлэг хийх гээд үзэж байна. Арай тэсвэртэй юм болов уу гэж бодоод, Өвөрмонголын барга эрлийз адуу аваачсан. Энэ жилээс уралдуулна даа.

-Тэргүүний хувьд нутгийнхаа адууг чанаржуулахад ямар хөрөнгө оруулалт хийж байна даа?

-Өөрийн чадахын хэрээр оролцолгүй яах вэ. Нутгийнхаа адууг чанаржуулахын тухайд хувийн сүргээс долоон үрээ, нэг даага аваачсан. Ингэж өгсөнөөс айрагдаагүй нь байхгүй ээ. Энэ нь 2009 оноос хойш адууны төлөө зүтгэсэн ажлын маань үр шим юм даа. Би нутгийнхаа моринд дуртай залууст орных нь охин адууг Улаанбаатар, Хэнтийгээс тээвэрлээд аваачиж өгдөг. Эднээс нэгээс бусад нь сумынхаа хэмжээнд айрагдчихаад байгаад баяртай явдаг. Бүүр түрүүлээд байгаа хонгор нь азарга болж, Цагаан-Уул, Цэцэрлэгээр олон удаа айрагдаж, түрүүлсэн байна. Харин нэг л үрээ сураггүй шүү. Эзнээ олсонгүй юу, эсвэл уяаны ажил муу байна уу. Уг нь ч адуу эзнээ яг олж очдог шүү дээ. Энд нэг сонин түүх ярихад, адуу ачаад хоёр портертой хөдлөх гэсэн нэг зай гараад холхигноод болдоггүй. Нэг даага хийчихвэл яг л таарахаар байна аа. Тэгсэн цуваад ирж байсан адууны хамгийн хойно хоёр хонгор даага явна. Пөөдийсөн жижигхэн юм аа. Тэгэхээр нь “Тэр хоёроос эрийг нь барьж авчраад хийчих” гээд хэлчихгүй юу. Тэгсэн адуу хардаг залуу маань очсоноо бараг тугал, бяруу өргөж байгаа аятай авчраад “За, энэ эр юм байна” гээд шидчихдэг байгаа. Гэтэл нүдэнд тороод байхааргүй пөдийсөн “нөхөр” чинь эзнээ олсоных уу мундаг давхиж байна.

-Ингэхэд таны дээдчүүл морь уядаг байв уу?

-Тийм ээ, ээжийн маань аав Д.Хаян гэж мундаг адуучин байлаа. Бүрэнтогтох сумын Бүрэнхаан нэгдлийн адууг маллана. Хурдан морь уяна. Тэгээд морь сайхан эдэлнэ, уяж сойно, явдал оруулна. Бас ямар ганган унана гээч. Гүүн сайвар алхаатай морийг жороо болгоод л уначихна. Нутаг усныхан андахгүй дээ. Адууны өв соёлыг жинхэнэ, төгс утгаар нь харуулдаг хүн байлаа. Тэгэхээр миний хүүхэд нас адуунаас хол байхын арга байсангүй. Зуны амралтаараа хурдан морь унаж, унага татаж, гүүн зэлэн дээр өдрийг өнгөрөөж өслөө.

-Өвөөгийн тань нэрийг гаргасан ямар, ямар хурдан хүлгүүд байв?

-Өвөөгийн уясан морьдыг хоёр ах маань унадаг байлаа. Ямартаа ч миний мэдэхийн Толбот бор, хар азарга, хоёр хүрэн морьтой байсан.

-Удам залгасан уяач та аймгийн Алдартыг хэзээ хүртсэн юм бэ?

-Болзол нь эрт биелсэн ч цолоо ноднин авсан. Би 2007 оны намар юм даа, Цэцэрлэг сумаас цөөхөн хэдэн адуугаа ачаад гарч байлаа. Тэгээд Булган аймгийн Орхон суманд гурван жил болсон. Тэнд сайхан байсаан. Өөрөө Эрдэнэтэд амьдарч байсан ч ойр зуурхан морио уячихдаг байлаа. Тэр үедээ буюу 2009 онд анх улсын баяр наадамд азарга, соёолон, их морь гуравтайгаа ирж оролцсон юм. Ачихыг нь ачаад, туухыг нь тууж ирээд 50, 60 хэдээр, их морь 100 гаргаад ирсэн сэн. Дараа нь Хэнтий рүү буурь сэлгэсэн.

-Одоо Хэнтийн аль суманд байна вэ?

-Цэнхэрмандалд байна. Адууны үржил хийх гээд Дорнодын Матад руу сайн азаргатай улс бараадаад хэдэн адуугаа бас аваачсан.

- Хаа хаанаас адуу авч, чанаржуулж байна даа?

-Сүхбаатар аймгийн Түвшинширээгээс Дамба гуайн хүргэн Дорж гуайн адуунаас авсан. Бас Дорнодоос Намдагийн Хүрлээ, Б.Цэндбаатар ахаасаа олон  сайхан адууг авлаа. Хэнтийгээс аймгийн Алдарт уяач Мөнхдэлгэр гээд халтар азарганы эзэнтэй ч наймаа хийсэн.

-Өнгөрсөн жилүүдэд аймаг, аймгийн чанартай уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?

-2018 оны хувьд гадагшаа яваад мориндоо анхаарал тавьж чадсангүй ээ. Түүнээс өмнө гэвэл хэд хэдэн айраг түрүү бий. Үүнээс Мөнгөнморьтын 90 жилд соёолон үрээ айрагдуулж байлаа. Бавуу адуу л даа.

-Дорнодын Матадын адуу юу?

-Тийм ээ. МУ-ын Манлай уяач Б.Цэндбаатар, МУ-ын Алдарт уяач Намдагийн Хүрлээ нараар дамжиж надад ирсэн юм. Адуу сайхан шүү. Олонтой болгодог. Манай Хүрлээ ах бид хоёр чинь адуугаар нөхөрлөсөн улс байгаа юм. Би Эрдэнэтэд, Хүрлээ ах Батсүмбэрт хоёулаа адуу цуглуулдаг байлаа. Тугал ухааг улсад түрүүлдэг жил юм байна. Бор үрээ Матадаас авсан. Тэр үрээ улсад тавласан бил үү, дөрөвлөсөн бил үү. Тэр бор үрээний дүү нь миний бор үрээ байгаа юм.  

-2007 оныг яриад байна уу. Хязаалан түрүүлдэг жил...?

-Тэгвэл 2008 он юм байна. Тугал ухаа аман хүзүүдсэн шүү дээ. Тэр намар нь бид адуу тамгалахаар Матад руу гардаг юм. Тэгсэн “Бид олон жил адууны төлөө явж байна. Дүүдээ бор үрээнийхээ дүүг бэлэглэнэ ээ” гээд даага бэлэглэсэн нь шүдлэнгээсээ хойш айраг, түрүү алдсангүй. Цэнхэрт хязаалан гуравлаж, соёолон аман хүзүүдээд, Мөнгөнморьтын 90 жилээр айргийн дөрөв, Баянхонгорын даншигт 10 бил үү 11-ээр давхисан. Даанч дараа жил нь хавчиг долоон настайдаа хөлөө гэмтээгээд эндсэн. Сайхан азарган үрээ байж билээ.

-Төлүүдээс нь үлдсэн үү?

-Үлдсэнээс ганц нэгийг нь оролдож байна.

-Өөр таны нэрийг гарган хурдалсан ямар адуу байна вэ?

- Дашчийрэвийн уяж байсан халтар азарга байна. 2016 оны “Дэлтэй цэнхэр”-ийн хаврын уралдаанд  дөрвөөр давхилаа. Мэндээгийн халтрын төл байгаа юм. Одоо тиймхэн байгаад нэг их уягдахгүй байгаа. Энэ чинь даагандаа Жаргалсайхан гэж хүний нэр дээр улсад орсон байдаг юм. Тэгээд хязаалангаасаа хойш соёолон болтлоо болж өгөхгүй байсан гэсэн. Харин хавчиг жил нь миний нэр дээр тавьж уралдуулсан. Би тухайн үед засал номыг нь хийж өгсөн юм аа.

-Хөвсгөлийн бүсэд айрагдсанаасаа хойш уралдаагүй юм уу?

-Тийм ээ, уяхаа байсан.

-Цэцэрлэгтээ нааддаг биз дээ?

-Би чинь Цэцэрлэгээс 1995 оны намар гарсан. Одоо бол ирэн очин л байдаг юм. Очсон үедээ бол наадна аа. Сүүлд Цэцэрлэгтээ болсон аймгийн баруун бүсэд нэг соёолон аман хүзүүдүүлсэн. 2005 онд сумын Алдарт уяач Бөхбат гэдэг хүн манай адууг хариулдаг байлаа. Би Бүрэнхаан багаар явж байхдаа гоё харагдахаар нь нэг халтар морийг унаж  явсан мотоциклио өгөөд авчихсан. Тэгээд Бөхбаттай уяад сумандаа мордуулсан нэлээн хойно ирсэн. Даанч намар нь алдчихдаг юм. Өөр бас нэг хээр даагатай байлаа. Тэр нэг жил хоёр хээр даага уяж, нэг нь суманд айрагдаж, нөгөө хээр нь овооны болон бага сага наадамд олон айрагдсан. Дараа нь өнөөхөө соёолонд нь нэг уясан. Тэгээд наймтай бүдүүн морь нааш нь авчирч, уясан. Мөнгөнморьтын 90 жил болдог тэр жил чинь хээр морио нэг уядаг юм. Өмнө нь хоёр жил өнжөөчихсөн. Тэгэхэд Мөнхдэлгэр бид хоёр ярьж байгаа юм. “Хоёулаа энэ моринд үүнээс цааш уяагүй болтол уялаа. Одоо өөрийн нь хөлийн хурд, “авьяас” л мэдэж дээ” гэж ярилцаад мордуулсан. Цэнхэрт 13,14-өөр ирсэн. Тэр үед “Зүүн зүгийн адууны хөлийн хурдыг манай баруун зүгийн адуу арай л гүйцэхгүй юм билээ” гэж бодогдсон шүү. Түүнээс хойш хээр морио уяагүй ээ. Одоо настай хөгшин морь бий. Уяа эхлэхээр дэлийг нь засаад, хийморийг нь сэргээж уяагаа тойруулаад тавьчихдаг юм.

        Дорнодын Булган сумаас барга гүү авсан нь төлүүд нь гайгүй сайхан давхиж байгаагаас азарга болчихсон нь ч байна. Бас 2018 онд Өвөрхангайн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гончигийн Хадхүүгээс ирсэн саарал даага Баянд аман хүзүүдсэн. Уралдааны тэр өдөр би дөнгөж Японоос ирж таараад, гэртээ ч оролгүй давхиж очиж байлаа. Тэндээсээ Багахангайд дахиад дөрвөөр давхисан. Нийтдээ зургаа уралдахад зургаа айрагдаад байгаа адуу даа. Дорноговийн бүсэд 16-д давхисан, хурдан юм билээ. Г.Хадхүү бид хоёр чинь морины найзууд л даа.

-Нутгаасаа цөөн адуутай ирсэн гэж байсан. Нууц биш бол одоо адууны тоо толгой хэд хүрсэн бэ?

-Тэрийг хэлээд дэмий биз дээ. Тоо бол нэлээн өссөөн. Хэдэн адуунаас маань Цэцэрлэгт нэг хэсэг нь бий. 2019 оны “Хотгойдын хурд”-даа уралдуулах санаатай эндээс хэдэн үрээ даага намар аваачсан. Уралдах газартаа өвөлжөөд, хавартаа ногоогоо идээд уралдахад зүгээр юм болов уу гэж бодсон юм. Эндээ бас зүгээр байхгүй ээ. Ганц нэгэн адуугаа уяна. Түүнээс өмнө азаргаа эндүүлчихээд, ганц хоёр жил больё гэж бодсон үе бий. Гэвч хүн чинь дуртай юмнаасаа тийм ч амар больчихдоггүй бололтой. Сайхан адуу харахаар үзээд алдъя л гэж бодоод өөртөө “бууж” өгсөөн. Хэдэн адуугаа орхиж чадахгүй юм билээ.

-Хурдан морь эмзэг амьтан. Тэр ч утгаар нь морины уяа эхэлсэн үед уяачид олон цээрийг сахидаг. Энэ нь үнэхээр нөлөөтэй юу?

-Тэгэлгүй яах вэ.

-Тухайлбал, уяаны ажлын үеэр уяачид юуг цээрлэх ёстой вэ?

-Манай хөгшин аав уралдаанч хүүхдүүддээ мах бараг идүүлдэггүй байлаа. Өөрөө бол найр наадамд явахгүй, архи дарс уухгүй. Яг л лам хүн сахил авч байгаатай адил гэх юм уу даа. Харин орчин цагт арай өөр болсон. Гэхдээ нүдэнд ил харагдаад байхгүй ч дор бүрнээ л нэгийг бодож явдаг биз ээ.

-Та лам хүн. Тиймээс уралдааны өмнө давуу талаа “ашигладаг” уу?

-Ямартаа ч сангаа тавиад, номоо уншчихна аа. Гэхдээ том жижиг аль ч уралдаанд хүүхэд морь мэнд наадах шиг сайхан нь хаа байх билээ. Тэр бол хамгийн чухал. Заавал уралдсан болгондоо түрүүлээд, айрагдахдаа гол биш. Мэдээж уяач бүр л түрүүлгэх сэн гэж хүсч байгаа. Гэхдээ том бага наадам болгон өөр өөрийн довтой байдаг шүү дээ.  Эндээс од нь гийсэн, наадмын өмтэй нь түрүүлдэг юм.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

П.Ундраа

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.