...1950 он гэхэд Лондон хотын гудамж бүр есөн фут адууны шивхэнд булагдана

Сэтгүүлч
2019 оны 4-р сарын 22 -нд

Эрхэм уншигч энэ гарчгийг уншаад “Машин техник хөгжөөд байхад яагаад ийм зузаан адууны шивхэнд булагддаг билээ?” гэж гайхсан биз. Байж боломгүй мэт санагдаж болох ч 1894 онд Британийн “Таймс” сонинд ийм анхааруулга гарган дуулиан дэгдээж байж. Шалтгаан нь нэг талаас тун энгийн, нөгөө талаас туйлын хачирхалтай гэмээр. 

Шалтгаан

Уурын хөдөлгүүр бий болсноор “Аж үйлдвэрлэлийн хувьсгал“ гэж нэрлэгдсэн үзэгдэл гарч өрнөдийн улс орнуудын хотуудын хүн ам хэдхэн жилийн дотор асар ихээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл урбанжих буюу хотжих гэж хожим нэрлэгдэх болсон зүйл үүссэн хэрэг. Ингэснээр тэр олон зуун мянган ажилчдыг үйлдвэрт тогтмол хүргэх, хүнс, ус, нүүрс, түлээгээр хангах асуудал туйлын хурц болсон нь мэдээж. XIX зууны сүүл үе тул дотоод шаталтын болон цахилгаан хөдөлгүүрийг дөнгөж л бүтээж байсан, харин уурын хөдөлгүүр нь хот доторх өдөр тутмын амьдралд тогтмол хэрэглэхэд туйлын тохиромжгүй нүсэр байв. Иймд хүмүүс ба ачааг тээвэрлэх нүсэр хүнд ажлыг нугалдаг гол хөдөлгүүр нь адуу болж хувирсан нь ойлгомжтой. 

Ачтан

Аж үйлдвэрлэлийн төвүүд болж хувирсан том хотуудын амьдрал уналга, ачлагын морьдгүйгээр ганц хоёр өдрийн дотор хөл толгой нь олдохгүй замбараагүй байдалд орж, сүйрэх хэмжээнд хүрсэн гэж болно. Гангачуул хөлөглөсөн чамин сүйх тэрэгнээс эхлээд дэлгүүрийн ачаа зөөсөн морин тэрэг, ус дүүргэсэн торх ачсан гал унтраагчдын морин тэрэг, хэрэгтэн зөөсөн цагдаагийн морин тэрэг, олон морь зэрэг хөллөн чирч явдаг том тэрэг буюу омнибус, төмөр замын рельсээр мориор чирүүлж явдаг тэрэг, тэр бүү хэл уулын тэрэгний депод маневр хийхдээ ачлагын морьдыг ашиглах гээд морьгүйгээр бүтдэг юм үгүй болсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Хот хэдий чинээ том, хүн ам ихтэй байна тэр хэмжээгээр олон мянган морьд, морин тэрэг ийш тийш холхилддог. Өнөөдөр хэдийнэ дасал болсон эцэс төгсгөлгүй машины урсгалын оронд морь унасан хүмүүс, морин тэрэг байна гээд төсөөлчих. Байдал яг л тийм байж. Гэхдээ тэр олон мянган морьтой холбоотой нэг асуудал аяндаа үүсчээ. Ингэснээр ачтан болоод байсан адуу маань хар аяндаа л хэргийн эзэн болж хувирчээ. Энэ ямар  ноцтой байсныг ойлгохын тулд арай дэлгэрэнгүй тайлбарлах хэрэгтэй. 

Хэргийн эзэн

Үйлдвэрлэлийн хүчин чадал асар хурдацтай нэмэгдэхийн хэрээр хотжилт бүр ч хурдтайгаар явагдаж байж. Өөрөөр хэлбэл хотууд эрчимтэй баяжиж эхэлсэн. Харин хаана эд баялаг, мөнгө байна хүмүүс тийшээ зүглэнэ. Жишээлэхэд, 1800 онд АНУ-ын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1148 доллар байсан бол 1900 он гэхэд 4676 доллар болж өссөн байна. Үүнийг дагаад хүн амын нягтрал нэмэгдсэн, хөдөлгөөн өссөн. Статистик мэдээнд дурдсанаас үзвэл Нью-Йорк хотын хүн амын нягтрал 1800 онд нэг га-д 39183 хүн байснаа 1900 он гэхэд 90366 хүн болсон. 
XIX зууны эхний хагаст харьцангуй цөөн тооны хөлсний сүйх тэргийг эс тооцвол том хотуудад нийтийн тээвэр гэхээр зүйл байсангүй, хүн амын дийлэнх нь “хоёр зээрдээрээ” өөрсдийгөө тээвэрлэдэг байв. Харин XIX зууны сүүлээр зорчигч тээврийн асуудал нэн хурц болоход омнибус гарч ирснээр нийтийн тээвэр үүссэн гэж болно. Мориор чирүүлдэг нэг доор олон хүн суулгах боломжтой төмөр замаар хөдөлдөг тэргийг омнибус гэж нэрлэдэг байж. 1853 онд Нью-Йорк хотын омнибусууд хоногт 120 мянган зорчигч тээврлэдэг, омнибусын нэг шугам нь нэг тэрэг чирэхэд өдөрт 11 морь ашигладаг байж. Хотуудын хүн улам л өсч үүнийг даган омнибусын шинэ шинэ шугам нээгдэж байсан гэж бодвол морь ямар чухал хөсөг болж хувирсан нь ойлгомжтой. 1880 онд буюу адууны хэрэглээ оргилдоо хүрэхээс хавьгүй өмнө Нью-Йорк хотод 175 мянган морь өдөр болгон омнибус чирдэг байсан гээд төсөөлөөрэй. 
Энэ их морьдод өвс тэжээл хэрэгтэй. Судлаачдын тооцож гаргаснаар хотод омнибусны шугаманд явдаг нэг морь жилдээ 1,4 тонн овьёос, 2 тонн өвс хэрэглэдэг байж. Энэ бол хотод нэг морь байнга ашиглахын тулд хөдөө орон нутагт 2 га газар овьёос, өвс тариалах хэрэгтэй гэсэн үг.
Өвс идэж, ус ууж байгаа хойно морь яах нь гарцаагүй билээ? Судлаачдын тооцсоноор нэг морь нь өдөрт 6-12 кг орчим шар ваагдай ялгаруулдаг. Дээр дурдсан 175 мянган морь тэгвэл хоногт хэдэн кг нойтон хомоол хотын зам, талбайд үлдээдэг байсан болж таарах вэ? Нэг морь хоногт дунджаар 1 литр орчим шээс ялгаруулдаг гэхээр 175 мянга нь хэд вэ? бас л тооцоод үзээрэй.  


Бороо орохоор хотын гудамжаар нэг шивх урсаж, халуунд хатаж үйрсэн хомоол хийсээд XIX зууны төгсгөл XX зууны эхэн үеийн Нью-Йорк, Лондон гэх мэт том хотуудын гудамж, талбай нь харагдах байдал, үнэрийг төсөөлөхөөс аймаар. Цэвэрлэгээний алба гэж байсан ч ачааллаа дийлдэггүй байж. 
Гэхдээ хотын эрх баригчид асуудлыг шийдэх гэж янз бүрийн арга хэрэглэдэг байсан аж. Тухайлбал, адууны хомоол маш сайн бордоо болдог гэдгийг тэд мартаагүй. Иймд хотыг тойрсон тариалангийн эзэд талбайгаа хомоолоор борддог, энэ наймаа нь бас ч үгүй боломжийн хэмжээнд ажиллаад байдаг байж. Гэвч хотын дотор зоргчигч тээвэрт ашигладаг морьдын тоо өссөөр сүүлд тэр их хомоол фермерүүдэд хэрэггүй болж ирэхэд асуудал бүр ч хурц болсон нь мэдээж. Нью-Йорк гэх мэт том хотуудын бүх хогийн цэг, эзэнгүй газар болгонд адууны шивхэнд дарагдах болж, зарим газарт адууны шивхний зузаан 60 фут хүрч байжээ. 
Тэгэхээр гарчиганд дурдсан 9 фут буюу 2,7 метр зүгээр нэг гарч ирээгүй тоо нь ойлгомжтой. 
Үүгээр зогсохгүй асар их хэмжээниий шивх нь элдэв шавьж, ялааны өндөглөх, үржих хамгийн таатай орчин болдог. 1900 оны байдлаар адууны шивх овоолгын газарт хоногт дунджаар 3 тэрбум ялаа авгалдайнаас гардаг байсан гэж тооцсон байдаг. 
Том хотууд адууны шивх, эвгүй үнэр, үй түмэн ялаа батганд дарагдсан тийм ч таатай бус газрууд болж хувираад байжээ. 
Замын хөдөлгөөний нягтрал нэмэгдэхийг дагаад үүсдэг өөр нэг асуудал нь осол. Морин тээвэр ноёрхсон хотуудад ч байдал өнөөгийнхөөс нэг их ялгаагүй байжээ. Тодруулбал, 1900 онд Нью-Йорк хотод адуу хөлөглөсөн тээврийн хэрэгсэл оролцсон зам тээврийн ослын улмаас 200 хүн амиа алдсан байх юм. Асар чимээ шуугиантай, хөдөлгөөн ихтэй хотод тааруухан сургасан тэрэгний морь үргэж цочих, жолоо алдаж давхих, хажуудах морио хазах, өшиглөх нь хэвийн үзэгдэл байсан гэж болно. 

Хохирогч

Орчин үед өдөр болгон олон машин осолд орж эвдэрч хэмхэрдэгтэй адил өдөр болгон олон арван морь гэмтэж бэртдэг, амиа алддаг. Дунджаар 100 бээр тутамд 1 удаа унадаг байсан гэсэн статистик бүртгэл ч байдаг аж. Хүнд ачаа чирч олон цагаар явах чадвартай тусгай үүлдрийн лагс том морьд унасан үед нь босгоно гэдэг тун ч амаргүй зүйл байсан байж таараа. Ингээд зогсохгүй унахдаа хүнд гэмтсэн морьдыг чирч босгох, эмчлэх нь зардал ихтэй учраас эзэд нь газар дээр нь буудаж хөнөөхийг илүүд үздэг байсан байх юм. Харамсалтай нь хөөрхий морьд гудамж талбайд унаж амиа алдлаа ч зовлон нь дуусдаггүй аж. Цэвэрлэгээний албад тун тааруу ажилладаг байсан тухай дээр дурдсан. Иймд өдөр болгон хэдэн арваар унаж үхсэн морьдыг чирч гаргахад цаг зав, мөнгө хүрэлцэхгүй болоход зүгээр л замаас зайдуухан газар орхидог байсан бөгөөд үүнийг гэрчлэх фото зураг ч цөөнгүй хадгалагдан үлджээ. Ялангуяа цас их орсон үед төмөр тахтай морьд халтирч гулгасны улмаас гэмтэх нь их байж.
Олон морьд тогтмол байлгана гэхээр тэдэнд жүчээ хэрэгтэй гэсэн үг. Харин тасралтгүй өргөжин тэлж байгаа их хотод жүчээнд зориулж газар авна, түүнээ ашигласны татвар төлнө. Дээр нь олон морины өвс, тэжээл, арчилгаа, эмчилгээний зардал орно. Иймд ашиг хонжоо хөөсөн шуналтай хүмүүс нь цөөн тооны сайн морьд аваад хангалттай тэжээж арчлалгүйгээр эцэж унатал нь өдөр, шөнөгүй уналгад хэрэглэж байгаад унахаар нь хаяад явдаг байсан аж. Том хотуудад морьд дунджаар ердөө 2 жил орчим л амьд явна. Зөвхөн Нью-Йорк хотод 1880 онд өдөрт 41, жилдээ 15 мянган үхсэн морь хогийн цэг дээр авчирч хаясан байдаг гэхээр их хот хүмүүст төдийгүй өдөр шөнөгүй зөөж тээвэрлэж явдаг морьдод ч туйлын харгис, хэрцгий ханддаг байсан нь харагдана. 
Эцэст нь бага зайнд их олон адуу цугласан үед гарцаагүй дайрдаг өөр нэг гамшиг нь адууны халдварт өвчин юм. Жишээлэхэд, 1872 онд Америкийн зүүн хойд нутагт болон бусад газар адууны халдварт өвчин дэгдэж хотын тээвэрт явж байсан нийт адууны 5 хувийг хөнөөжээ. Үүний улмаас нийтийн тээвэр хямралд орж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн, боомт ба галт тэрэгний вокзал дахь агуулахад бараанууд багтахгүй болтлоо бөөгнөрч байжээ. 

Аврал

Лондон, Нью-Йорк, Парис, Берлин, Бостон гэх мэт өрнөдийн том хотуудад өдөр болгон үй олон хүн, асар их ачаа тээвэрлэн үйлээ үздэг байсан олон зуун мянган морьдын хувьд дотоод шаталтын болон цахилгаан хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийн хөгжил жинхэнэ аврал болсон юм. Өөрөөр хэлбэл дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашин худалдан авах нь тэргэнд морь хөлөглөхөөс хямд болсон цагаас морьд хүнд ялнаас мултарчээ. 1900 онд АНУ-д 4192 авто машин зарагдаж байсан бол 1912 онд 356 мянга болж өссөн байна. 1912 онд хийсэн тооллогоор авто машины тоо анх удаа морьдынхоос давж гарсан байдаг. Гэхдээ машин нь морьдын байрыг шууд эзэлчихсэнгүй, хотын хүн ба ачаа тээвэрт ашиглагддаг морьдын тоо бага багаар цөөрсөөр 1920 онд ачаа тээврийн салбараас морьдыг бүрэн шахан гаргасан түүхтэй.


Б.Бадрал


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна