Унаган адуугаараа урамтай наадагч Жигмэдийн Ноо

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 06 -нд

Манай  суманд адуу сайн эмчилдэг, морь сайн уядаг Ноо гэж мундаг уяач байлаа. Ингэж хэлэх хүнтэй нэг бус удаа таарсан болохоор Ноо гэх өвөрмөц нэртэй эрхмийн талаар битүүхэн сураглаж явсан ч Асгат суманд ажиллаж байх үедээ хүүтэй нь уулзаж амжсангүй. Харин хотод ирсэн хойноо дугаарыг нь олж аваад залгатал “Би ажлаа зохицуулаад яваад очъё” гэсэн найрсаг хариулт сонссон юм. Ингээд аавдаа номон суварга босгохоор алс холоос зорин ирсэн Н.Өлзийбаярт талархал илэрхийлээд яриаг нь сийрүүлгэн хүргэж байна. 

Хурд таних нүдтэй, хүлэг эмчлэх шидтэй, адуунд эрэмгий, Асгатдаа зартай Жигмэдийн Норов /Эцэг эхээс оноосон нэр нь Норов. Гэвч хүмүүс Ноо хэмээн дуудсаар түүгээр нэршиж, бичиг баримтан дээрээ ч тийн тэмдэглэгдэх болсон аж/ 1922 оны наймдугаар сард Гурван хадтай хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ.Эцэг Жигмэд нь ягаан, саарал, хүрэн зүсмийн олон адуутай. Адуу мал эмнэж, домнохдоо гаргуун нэгэн байсан нь хүүд нь өвлөгдөж, багаас эцгийгээ даган морь уях болон засч залруулахад суралцаж, нас биед хүрээд нэгдлийн адуу маллахдаа улам бүр төгөлдөржүүлжээ. Тэрээр наад захын хөнгөн эмгэгээс эхлээд жидүүдсэн адууг /мэс ажилбар хийх зэргээр/ хүртэл эдгээчихдэг байсан тул нутгийнхан нь “Ноо адуу үхүүлдэггүй” хэмээн товч бөгөөд товхийтэл нь дүгнэсэн биз ээ. Ж.Ноо хатгаж, ханахаас гадна гутаг суусан адууны гэмийг үргээхдээ гаргуун. Ер нь бол адуу малтай холбоотой аливаа үйл хэрэгт дадамгай байв.

Ж.Ноо эцгээс өвлөгдөж ирсэн сайн адуутай.Түүнийгээ улам бүр тордон, захаас нь бариад уяхад эхний аравт элбэг багтах адууг бий болгож чадсан хүлэгч юм. Үүний баталгаа нь түүний саарал азарга.

Эцгийн адууны угшилтай саарал азарга 1968 онд даагандаа Сүхбаатар аймгийн наадамд айргийн гуравт хурдлаад, 1971 онд соёолондоо аман хүзүүдэж, 1972 онд хавчигтаа түрүүлсэн. Түүний төл хонгор морь, хонгор азарга мөн л эзэн уяачийн магнайг тэнийлгэн хурдалсныг баяр наадмын цуваанаас харж болно.

Их мундаатай хонгор морь 1974 онд хязааландаа, 1975 онд соёолондоо, 1978 онд наймтайдаа Сүхбаатар аймгийн наадамд тус тус түрүүлээд, хоёр гурван ч удаа айрагдан  Түвшинширээ сумын Гүржавт зарагджээ. Очсон жилээ их хурдан байсан ч уралдаанч хүүхдийн хэнэггүйгээс болоод айргийн тавд баригдсан байна. Энэ тухай шинэ эзэн нь “Унаж байсан хүүхэд нь цаашаа айл руу цай уух гээд явчихсан хойгуур морь эргээд. Тэгээд араас нь хөөж туулсаар тавд орсон. Цай уухаар хамт явсан хүүхдүүдийнх нь морьд бараагүй шүү” гэжээ. Хонгор морь Түвшинширээгийн наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, нэг гуравласан гэдэг.

Хонгор морины дүү хонгор азарга аймгийн наадамд 10 дотор давхиад Баяндэлгэр сумын Мягмарт 1500 төгрөгөөр зарагджээ. Халзангийн Сахиустай хэмээх газар болсон өвлийн уралдаанд аман хүзүүдсэнийх нь дараа Мягмар авах санал тавьчихаад ирж авалгүй жил тойрч. Дараа жилийнх нь өвөл Энх-Амарт уралдаан болох зар гарч, Ж.Ноо хонгор азаргаа уяад байв. Тэгтэл Мягмар ирж “Та үнээ нэмчихгүй биз” хэмээн болгоомжлон асууж. Хариуд нь Ноо “Ах нь түрүүлсэн ч нэмэхгүй, хоцорсон ч нэмэхгүй, 1500-гаараа өгнө” гээд түүндээ хүрч, түрүүлсэн азаргаа 1500 төгрөгөөр өгсөн гэдэг. Хонгор азарганы  үр төлүүдээр Мягмар олон жил  сайхан нааджээ.

Саарал азарганы үр төлүүдээс хурдалсан өөр нэг салаа адуу бол Ж.Ноогийн хүрэнгүүд. Хүрэн гүүнээс төрсөн  хүрэн адуунууд бага насандаа сайн давхидаг. 1973, 1975 оны аймгийн баяр наадамд Ж.Ноогийн нэртэй хоёр ч хүрэн даага түрүүлж, 1974, 1976 онуудад шүдлэндээ айрагдсан байдаг.

Ж.Ноо азарга гүүний тохироог сайн тааруулахаас гадна морь уяхдаа гаргуун байсан нь  олон жишээн дээрээс харагддаг. Тэрээр уях  морьдоо анхны цаснаас эхлээд малын тоо болтол зөөлөн хөнгөрүүлж хорыг нь гарган бэлтгэдэг зуршилтай. Ийнхүү эртнээс хөнгөрүүлсэн учраас цагаан сарын дараах уралдаанд морьд нь ямагт бэлэн байх. Нэг өвөл хонгор азаргаа уяж байхдаа орой бүр нэг хүрэн соёолонг унаж ирээд өвсөлж хонуулдаг байв. Өдөр адуугаа хураагаад азаргаа барихдаа нөгөөхөө тавина. Өдөржин адуунд нь байлгаж байгаад орой бөмбийтөл цанатсан адуу унаад ирнэ. Энэ маягаар арваад хоногийн уяа хийтэл, товлож байсан уралдаан болж, хонгор  азарга нь түрүүлж, дараагийн уралдааны тов  дуулдаж. Үүнийг сонссон Ноо уяач баяртайгаар “Хүрэн соёолонгоо аваад явна аа” хэмээгээд хүүгээрээ унуулан жаахан цогиулж байгаад замдаа гэдсийг нь цэгцэлж авна гээд хөтлөөд явчихаж. Тэр уралдаанд дөрвөөр давхисан хүрэн соёолонгоо  Баяндэлгэрийн Доржсүрэн гэгчид бэлэглэчихээд ирж байсан гэдэг.

Ийн өвөл зөв хөнгөрүүлсэн адуугаа зун сунгаж үзээд давхил үзэгдвэл голдуу түрүүлгэчихнэ. 1984 оны зун хүрэн шүдлэн уяж байлаа. Сунгалтанд долоо, наймаар давхиж байсан үрээндээ багахан ажил хийгээд наадмаар дөрөвт давхиулж.  Түүний дараа жил буюу 1985 онд битүү хээр соёолон уялаа. Морин соёолон хурдан ч сунгалтан дээр өмнөх жил нь аймагт түрүүлсэн Дондогжавын халтарт арай л хүрэхгүй байв. Ж.Ноо тэрхүү сунгалтаас хойш нэмнээг нь урагш тонтойлгож байгаад сайн шиг хөлстэй давхил хийгээд тавьтал аймгийн наадамд өөрийнх нь хээр түрүүлж, өнөөх хурдан хээр нь тавласан гэдэг. Энэ мэтчилэн хэдхэн хоногт урагшлуулж чаддаг элдэвтэй, эрдэмтэй уяач байв.

Ноо уяачийн энэ мэтчилэн тодруулсан адууг нутгийнхан авах дуртай. Өөрөө ч зориод ирсэн хүнийг хоосон буцаадаггүй. 1977 оны аймгийн наадамд айргийн гуравт хурдалсан буган хязаалангаа нэг нутгийн Сүх-Очирт зарсан нь эр төл болгон нь шахуу хурдалдаг азарга болжээ. Хожмоо Ж.Ноо буган азарганыхаа төлөөс нэгийг авъя хэмээн санал тавиад уралдаж байгаагүй хээр үрээг сонгож. Учир мэдэх Сүх-Очир хурдан гэдгийг нь гадарлаад наймаа хийсэнгүй буцаан, сүүлд сайн их насны морь болгоод аймагтаа хэд хэдэн удаа айрагдсан гэнэ лээ.

Мөн сонирхуулж хэлэхэд шигшмэл морьдын “Их хурд-1” уралдааны  түрүү Буяндэлгэрийн Жинст хонгор азарганы эхийг Ж.Ноогийн адуу хэмээдэг юм билээ. Энэ тухай хүү Өлзийбаяр нь ярихдаа: Аав Дорнод руу мал туудаг байсан юм. Тэгэхдээ нэг хүнд гүү аваачиж өгсөн юм билээ. Би бага байсан болохоор нэрийг нь санахгүй байна. Дорнодын 70 жилийн ойгоор очиход “Жинст хонгор чинь Ноогийн авчирч өгсөн гүүний төл шүү дээ” гэж ярихыг сонссон. Сүүлд эзэн нь “Халзан гаралтай Ноо гэдэг хүн авчирч өгсөн гэнэ лээ” гэж ярьсан байсан” хэмээсэн юм.

Ийн өөрийн туршлага мэдлэгээрээ бий болгосон сайн адуугаа аймаг, сум дамнуулан хурд хуваасан Ж.Ноо уяач дараах амжилтыг үзүүлжээ.

СҮХБААТАР АЙМГИЙН баяр наадамд ГАРГАСАН амжилт

1968 онд саарал даага айргийн гурав

1969 онд ухаа хязаалан  айргийн гурав

1972 онд саарал азарга түрүү

1972 онд улаан шүдлэн түрүү

1973 онд улаан хязаалан айргийн гурав

1973 онд хүрэн даага түрүү

1974 онд ухаа хязаалан түрүү

1974 онд хүрэн шүдлэн айргийн дөрөв

1975 онд хонгор соёолон түрүү

1975 онд хүрэн даага түрүү

1976 онд хүрэн шүдлэн  айргийн гурав

1977 онд хонгор морь айргийн дөрөв

1977 онд Буган хязаалан айргийн гурав

1978 онд хонгор морь түрүү

1984 онд зээрд шүдлэн айргийн дөрөв

1985 онд хээр соёолон түрүү

1990 онд ухаа алаг хязаалан  айргийн тав

Асгат сумын баяр наадамд ГАРГАСАН амжилт

1970 онд ухаа соёолон айргийн дөрөв

1979 онд хонгор морь айргийн тав

Д.Энхтуяа

11 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.