​Монгол Улсын Сайн малчин, аймгийн Алдарт уяач Д.Наранчимэг: Ах дүү хонгор морьдоор тун ч одтой наадаж явлаа

“Зосын хүлэг”-ээр овоглосон дараагийн уяач бол Монгол Улсын Сайн малчин, аймгийн Алдарт уяач Дугарын Наранчимэг байлаа. Хүүхэд байхаасаа аавыгаа дагаж адуу маллан ажлын гараагаа эхэлсэн  бол дараа нь үхэрчин, хоньчин болж, хөдөлмөр зүтгэлээ улсдаа үнэлүүлсэн хөдөөгийн шилдэг малчдын нэгэнтэй ярилцах сайхан байлаа. Тэрээр бас ямархан уяач болохыг бидний ярилцлагаас сонирхоно уу. 

-Таны дээдчүүл хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байв уу? 
-Би“Зосынхүлэг” галын гишүүн. Өөрийгөө Зосын голын унаган гэж хэлэхгүй, суугуул иргэн гэх юм уу. Намайг 13-14-тэйд манайх Зосын голд ирсэн. Угнь Боорчийн талын хүүхэд л дээ. Тодруулбал, Хатагин овогтой “халзан” Гончигийн Дугарын хоёрдугаар хүү байгаа юм. Миний аав 1921 онд төрсөн, тахиа жилтэй. Морь уяж байгаагүй ч адуу сайхан уургална, булгиулна. Хүний хурдан хурц морьдыг эдэлж, догшин эмнэгүүдийг нь сургадаг сайхан буурал байлаа. Миний хувьд 1957 онд төрж, 1965 онд сургуульд орсон ч ээж минь хүнд өвчний улмаас өөд болж, хэсэг завсарддаг юм аа. Тэгээд хойтон жилээс нь эргээд сургуульдаа орсон. Хөдөөгийн хөвгүүд юу эсийг хийх үү. Томчуудын гар хөлийн үзүүрт зарагдаж, хар бор ажилд суралцана. Морь мал унаж, уралдана. Гэхдээ том биетэй хүүхэд байсан болохоор олон жил морь унаагүй л дээ. Ямартаа ч уралдаанч байхдаа арслан Даваадоржийн Аварга цоохор азаргыг унаж, тавлуулсан. Тэгээд төлөөс нь ах надад өгсөн нь намайг цэргээс ирэхэд гүү болж, хоёр сайхан морь төрсөн. Эндээс би уяач болох гараагаа эхэлж байлаа. Цэндийн Гүрдамдин гэж хүний адууны хээр гүүг арслан Даваадоржийн цоохор азарганд хураалгаад, хүрэн унага гарсан юм. Дараа нь энэ хүрэн унаганаас хоёр хонгор морь гарсан байдаг.
-Уяачийн гараагаа хэрхэн амжилттай эхлэв дээ? 
- 1978 онд цэргээс ирээд, 1979 онд арслан Даваадоржтой нэг морь уясан нь дунд хэрээр давхисан. Тэр үедээ ч би туслах маягтай. Дараа нь 1980 онд бас нэг морь уяж үзлээ. Харин1981 оноос морь уяхаар зориг шулуудан гаднаа уяа суулгаж, бие даан морь уяж билээ. Тэгээд дээр дурдсан цоохор азарганы төл болох хонгор морь соёолонд дөрөвлөсөн. Ингэж шинэхэн уяач би айраг амсаж байгаа нь тэр. Уг нь гурваар ирж байхад нь би “Болно, болно. Татаж бай” гэсээр дөрөвлүүлчихэж билээ. 

-Яагаад?
-Боллоо гэж бодохгүй юу. Тэгэхэд миний ард явсан хуучны сайн уяач Дамирангийн Лувсанжамц гэж малын эмч“Ороолго, явуулж бай” гээд л байлаа. Би болохоор “Татаж бай, татаж бай” гээд байгаа юм. Хонгор морь1984 онд зургаад, 1985 онд Бэрхийн наадамд түрүүлсэн. Тэр үед том хүү Баярцэнгэл маань унаж хурдлуулдаг байсан юм. Дараа нь 39-ийн наадам гэж долдугаар сарын 15, 16-наар боллоо. Одоогоор бүсийн наадам гэж болно. Учир нь Биндэр, Баян-Адарга, Баян-Овоо, сангийн аж ахуйн түрүү морьд ирж уралдда гболохоор чансаатай наадмуудын нэг байгаа юм. Бүүр Сүхбаатараас ч мэр сэр адуу ирнэ. Наадам цөөхөн үе шүү дээ. Тэнд хонгор морио дахин түрүүлгэсэн. Дараа нь есдүгээрсарын 21-нд болсон Баян-Овоогийн“Алтан тал” нэгдэл байгуулагдсаны 30 жилийн ойд хонгор морь бараг саахалтын хэртэй шахуу ирээд үзүүрт улс руу хоёр ч хургаад ороход арын морь ирж гүйцээгүй л байсан юм даа. Энэ бас л том наадам. Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгаас хурдан хүлгүүд ирж уралдаж байлаа. Ингэж би нэг жил гурав түрүүлгэж тун ч одтой наадсан сан. Тэр урмандаа 1986 онд сумын нэгдлийн 30 жил болоход дүү хонгор морийг уяж оролцсон. Бид бол Хонины хонгор л гэдэг юм. 
-Хонинд унадаг байсан юм уу?
-Тийм ээ, их номхон амьтан байлаа. Энэ маань наймтай түрүүлээд, дараа нь 39-ийн нөгөө том наадамд бас түрүүлсэн. Тэр чинь 39 дүгээр баазын 10 жилийн ой байх аа. Ингэж урьд нь ах хонгор морийг, дараа нь дүү хонгорыг түрүүлгэсэн. Хойтон жил нь 1987 онд Бэрхийн наадамд ах хонгорыг нь дөрөвлүүлж, бага хонгор морио түрүүлгэсэн. Урд жил нь 39-ийн наадамд хонгор морио түрүүлгэхэд ахыг нь дөрөвлүүлсэн. Дараагийн 39-ийн наадамд хонгор морь бас түрүүлж, ах нь тавласан. Ах хонгор нь Баян-Овоод нэг жил гурав түрүүлж, түүнээс хойш түрүүлээгүй ч олон удаа айрагдсан. Тэр үед шинэ, залуу надад мэддэг юм хомс байж дээ. Юм мэдэх хөгшчүүл“Баян-Овоод түрүүлгээд хэл ам болчихож” гэж хэлж байсан ч тоогоогүй л дээ. Зарим нь“Хүний газарт очиж түрүүлгээд, түүнээс болсон” гэж ярьдаг л байсан. Өөртөө бол намрын ид тосон цагт нь уралдуулж, сайхан түрүүлгэж тос залгиулчихсан гэж бодоод байгаа юм. Ингээд1988 онд Хонины хонгор морио сумынхаа наадамд уралдуулаад дөрөвлүүлдэг юм. Тэгээд Бэрхийн уурхайд очоод ахин дөрөвлүүлсэн. Харин том хонгор морио түүнээс хойш овооны наадамд нэг айрагдуулсан. 1989 онд Хонины хонгор морь түрүүлж, 1990 онд сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Тэр үед чиньБатсуурийн цагаан морь ч хурдан байлаа. Тэр бол хоёр, гурван үе дамжсан уяач л даа. Аав Сандагдорж нь ч сайн уяач байсан. Түүний цагаан, миний Хонины хонгор хоёр нас чацуу, урд хойноо ороод л уралдана. Хоёулаа долоо уралдахад зургаад нь гурав, гурав түрүүлээд, сүүлчийнхэд нь Батсуурийн цагаан морь шовхоо авсан юм. Тэр чинь 1990 онд МНТ-ны 750 жилийн ой болдог жил Батсуурийн цагаан түрүүлж, миний хонгор аман хүзүүдсэн. Хоёулаа бараг л холбоотой ирсэн юмдаг. Буруу талдаа миний хонгор морь дийлэн алдаад өнгөрсөн. Би ч айлын жижигхэн хүүхэд гуйж унуулсан юм. Батсуурийн цагаан бол хажигдуу ч морь. Хазаад, хөөрхий миний морь дальдраад. Манай Батноровынхон андахгүй дээ. Тэгж дийлж шовхоо авсан. 


-Таны Хонины хонгор морь хэд хүртлээ уралдсан юм бэ?
-11-тэй аман хүзүүдээд 750 жилийн ойд очиход хөл нь үл ялиг сулрах янзтай болчихсон байсанюм. Даанч морь будилсаар уралдаж чадаагүй. Хоёр дахин уралдчихсан болохоор гэдэс нь нарийсаад уралдаж чадаагүй. Гурав будилаад, гурав дахид нь Мөнххааны сайхан хүрэн халзан морь түрүүлэхэд Батсуурийн цагаан морь гуравт зарлагдсаар хойшоо суусан. Хойтон жил нь 1991 онд аймгийн наадамд жаахан тарган уралдаад, хөлийг нь муутгачихсан. Гэсэн ч хөлийг нь сэлбээд 1993 онд сумынхаа наадамд 13-тай морь уралдуулсан чинь есөөр орсон байх аа. Тэгээд тэр намраа бурхан болсон, хөөрхий. Харин том хонгор нь Баян-Овоод уралдсанаас хойш гурав айрагдуулаад түүнээс хойш давхил гараагүй. 26 хүрээд уяан дээрээ өөрөө ирээд үхсэн.
-Хүрэн гүүнээс ах дүү хоёр хонгороос өөр ямар хурдан морьд гарсан бэ?
-Охин төл олонтой. Эр төлийг нь Эрдэнэ-Очир гэж сайхан бууралд өгч байлаа, одоо мөнх бус болсон доо. 1985 онд хоёр хонгороо түрүүлэхэд Эрдэнэ-Очиртой цуг уяж байсан юм. Надаас ах л лдаа. Морины гэдэс сайн хийнэ. Түүнтэй хоёулаа гэдэс хийж хоёр түрүүлгэсэн нь тэр. Харин гурав дахь удаад нь би өөрөө Баян-Овоо авч явж түрүүлгэсэн. Ингээд баярласан сэтгэлийн илэрхийлэл болгож нэг дүүг нь өгч байлаа. Бас Бандагадайн Баяраа гэж морь сайхан уядаг найздаа нэг үрээ өгсөн. Тэр маань “Азарга болгохгүй ээ” гэсээр морь болгоод ганц нэг уяад олигтой сайн хөдөлгөөгүй. Гоёлын сайхан морь л болсон. Тэгээд охин төлүүдээс нь бол их чтараасан. Ахынхаа хүүд өгсөн нь сайхан хүрэн гүү болсон. Түүнээс олон сайхан хурд гарсан. Түүнчлэн Саранчимэгийн цагаан гэж суманд 2-3 түрүүлсэн хурдан азарга байсан. Түүний эхийг Сараа ахдаа өгөөд гарсан төл нь хурдан цагаан азарга. Тэр цагаан азарганы дүү хонгор халзан гүүг манай галын Доржпүрэвийн Загдсүрэнд өгсөн. Бас Энхбаатар гэдгийн хүүд нэг хонгор гүү өгөөд, мөн л хэдэн сайхан адуу гарч, суманд айрагдаж, түрүүлсэн. Энэчлэн дотроо бол бишгүйдээ өгч байлаа. 
-Алдартын нэрийг гаргасан  өөр ямар хурдан хүлгүүд байв?
-Хоёр хонгороороо нэг хэсэг сайхан наадсан даа. Их ч юм сурсан. Түүнээс хойш бүдүүн голдуу морио райраг, түрүү авсан. Даанч сүүлийн үед тэжээлийн учрыг нэг л сайн олохгүй байх шиг байна. 
Нэг өвөл Сандагдорж гэж хүн манайхаар ирдэг юм. Намайг хүү шигээ санадаг хүн л дээ. Хоёулаа морь мал ярьж суусан чинь“Доржпүрэвийн Босоо улаан гэж сайн азарга бий. Түүнд чи гүүгээ тавь” гэнэ. Би ч тэр дор нь зөвлөгөөг хүлээн авч, “Тэгье, тэгье. Ердөө одоо очоод тавьчихъя” гээд өвгөнийг хүргэж өгчихөөд, орой нь шил архи, хадагтай Доржпүрэвийнд очлоо. Учраа хэлбэл, “За, хүн ингээд ирж байхад яалтай билээ. Урьд нь ингэж хүн амьтан хадагтай ирж байсан биш. Хадгийг нь бурхандаа тавьчихъя. Шил архийг нь өөрөө хүртчихье” гээд зөвшөөрлөө. Ингээд Босоо улаан азарганд хоёр хонгор мориныхоо хамгийн бага төрсөн дүү гүүг тавьсан. Босоо улааныг “Хэвтээ улаан” гэж ард түмэн авгайлаад нэр өгчихсөн байж билээ. Ингээд гүү тавьсан чинь хойтон жил нь сувайрчихлаа. Тэгэхээр нь “Азарга солихгүй” гээд, өөрөө унадаг номхон гүү байсан. Тэрийгээ өнөө өвгөнд “Та унага хаяулахгүйгээр унаж хүчийг нь дундрааж байгаад ижилд нь тавиарай” гээд унуулж байгаад тавьсан. Хойтон жил нь сайхан саарал унага гарахад ямар их баярласан гээч. Даанч эх нь үхээд өнчин унагаа намар эртнээс тэжээсэн. Овъёосоор тэжээж мэдэхгүй. Ногоон өвс, шар тосоор тэжээж мал болгосон. Тэгээд өнчин юм гээд азарга тавьчихлаа. Унаж явахад маягтай сайхан л даа. Уяад үзсэн, гэдэс нь дундарч өгдөггүй. Тэжээлийн унага байсан болоод хар гэдэс суучихсан юм болов уу. Одоог бодвол туулга муухан байлаа. Тэгэхээр нь бургуйдаад, давхил хийвэл маягтай сайхан хурдан байна. Төмөрийн халиун гэж сумандаа хоёр дараа түрүүлчихсэн азарга урд цуг давхил хийдэг, түүний ар дээр ирнэ. Ингээд хоёр давхилын дараа ар дээр ойрхон байна. Аюулын давхил гарч, миний ч урам орсон. Гэтэл гурав дахь давхил дээр ухраад, 2-3 азарганд авахуулаад хөдөлгөөн байхгүй болсхийгээд, гэдэс нь их болчихлоо. Тэгэхээр нь дахин бургуйдаад наадамд явуулчихсан. Би урд талд нь морь уядаг. Манайхан зүүнтэйгээс уралдаад яг гэрийн наагуур хойшоо дугуйрч, наашаа эргэдэг байхгүй юу. Тэр эргэдэг дээр улаан азарга маань бүр нам зогсчихлоо. Тэгтэл удсан ч үгүй хөхөл, сүүлний боолт, хазаарыг нь мултлаад, эмнэлгийн машинаар аваад ирдэг юм. Гозойгоод мултрахгүй юу. Мултраад гэдэс нь ихэсч байхад би “Хуучин гэдэс нь хөдөллөө” гэж бургуйдаад нам зогсоож байсан юм. Түүнээс хойш “Энийг давахгүй юм байна, тамлаад яах вэ” гэж оролдохоо байсан. Хөөрхий минь надад олон сайхан төл өгсөн.


-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-2007 онд. 
-Тэгвэл хэзээ Улсын сайн малчин боллоо?
-2015 онд Улсын сайн малчин болж байлаа. 40 гаруй жил мал малласан байна. 
-Нэгдэл нийгмийн үед ямар мал малладаг байв?
-Хүүхэд байхдаа аавтайгааадуумалладагбайлаа. Дараа нь үхэр, харин 1980 оноос хойш тасралтгүй хонь маллаж, аймгийн Хошо йаварга болсон. Сүүлд ардын аж ахуйтан, хувийн аж ахуйтан гэдгээрээ тасралтгүй ажилласных 2015 онд сайн малчин хэмээх энэ сайхан нэр хүндтэй цолыг хүртсэн юм. 
-Одоо хүүхдүүд удам залган морь уяж байна уу?
-Манайхнаас ах маань бас морь уядаг. Мөн гурван хүү уяна. Эднээс Баяржавхлан маань сайн уяж байгаа. Ноднин аймгийн Шилдэг уяачаар тодорсон. Том хүү Баярцэнгэл маань сумын Алдарт уяач цолтой. Би ч одоо морь уяхаасаа илүүтэй, тэднийхээ нөмөр нөөлөгт буруу зөв үглээд л явна даа. /сур. инээв/
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 104. 2018 он

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.