Монгол Улсын Алдарт уяач Ч.Махбал: ЦЭНГЭЛДЭХЭД ЦОЛЛУУЛАХААР ОРООД МОНГОЛ ТҮМЭН АДУУГАА ДЭЭДЛЭН ХАЙРЛАДГИЙГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ МЭДЭРСЭН

Сэтгүүлч
2019 оны 2-р сарын 02 -нд

Сэтгүүлийн “Хийморилог зочин”-ы хойморноо Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Чинбатын Махбал уригдан халуун дотно яриа өрнүүлсэн юм. Хотын хүү зуны амралтаараа Төв аймгийн Архустад амьдрах эмээ, өвөөгийн гэрийн зүг амрахаар замд гарна. Хоёр буурай олон ач зээтэй бөгөөд тэд фракци болж хуваагдана. Бидний зочин “эмээгийн фракци”-ийн гишүүн  учраас үнээ тугал эргүүлэх ажлыг хариуцдаг байж. Гэхдээ эрх талдаа нэгэн явсан бололтой. “Авдрын хүүхэд” хочтой юм билээ. Тийм ээ, энэ бол шинэхэн Алдартын хүүхэд насны жаргалтай мөчүүдийн нэг. Харин морь уяхын тухайд түүх хэрхэн эхэлж, өнөөдрийг хүртэл мөн яаж өрнөж байгааг бидний дараах ярилцлагаас хүлээн авна уу. 

-Шинэ түүх эхэлж байна.  2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргачихсан уу?
-Тийм ээ. Шинэ оноо угтсан баярт мөчид уулзаж байгаадаа баяртай байна. Уяачид, малчид болон Монголынхоо ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Мэдээж ерөнхий төлөвлөгөөгөө гарчихсан. /сур. инээв/ Үүнээс морины тухайд төрийн наадам, залгаад бүсдээ оролцоно. 2019 он “Их хурд”-тай жил. Энэ гуравтаа эртнээс бэлтгэнэ дээ. Манай компани чинь Халх голд үйл ажиллагаа явуулдаг юм. Энэ онд бас Халх голын 80 жилийн ой тохионо. Тэр утгаараа компанийнхаа зүгээс ойд оролцоно. Өргөн дэлгэр болох байх аа.
-Хуучин он танд юу, юу үлдээв дээ. Амжилт ололт арвин байв уу?
-Сайхан жил болж өнгөрлөө. Хувь, хувьсгалын ажил өрнүүн байлаа. 2018 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авлаа. Уяа, морьд маань жигдхэн сайхан байж амжилттай наадлаа. Яах вэ жижиг сажиг алдаа оноо гарсан тал бий. 
-Баянхонгороос төрсөн хэд дэх Улсын Алдарт болж байна вэ?
-Яг тоо хэлж мэдэхгүй юм байна аа. Ямартаа ч сумаасаа төрсөн анхны Улсын Алдарт уяач болж байгаа байх.
-2018 онд хаагуур, хаагуур наадаж ямар амжилт гаргав? 
-Манайхан Эрдэнэт, Булганд хуваагдаж наадаад нэг соёолон наймаар, хязаалан 10 гаргаад орлоо. Харин улсад азарга өнгөнд гарч нэг хэсэг явсан ч арай болсонгүй. 40,50-иар ирлээ. Уг нь азаргандаа их найдаж байсан сан. Гэхдээ болохгүй юм болдоггүй л дээ. 
-Танай адуу хаана байдаг юм бэ?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогтоос урагшаа Яргайтын аманд очоод хоёр жил болж байна. Үүнээс өмнө Төв аймгийн Архустын сангийн аж ахуй, өвөлдөө Өлзийт хороололд тавьчихдаг байлаа.
-Ингэхэд таны хүүхэд нас хаана өнгөрсөн юм бэ. Нутагтаа юу?
-Улаанбаатар хотын уугуул ч хөдөө өссөн. Ээжийн талдаа илүү ойр л доо. Нагац өвөө Дугар болон нагац ах дүү нар морь уядаг. Өвөө Төв аймгийн Алтанбулаг, Өнжүүлээр нутагладаг хөгшин байлаа. Их олон ч адуутай. Морь их уяна. Даанч тухайн үед одоо шиг олон наадам болохгүй. Жилдээ нэг удаа төрийнхөө наадамд оролцдог. Дээд тал нь 17-гоор давхиулсан гэдэг санагдана. 
-Аав нь Баянхонгорын хүн байх нь ээ?
-Тийм ээ, аав Баянхонгор аймгийн Баянбулагийн хүн. Нутгаасаа 18 насандаа гарсан гэдэг юм. Харамсалтай нь намайг багад бурхан болсон болохоор айхтар сайн мэдэхгүй ээ. Харин ээж Төв аймгийн Алтанбулагийнх. Гэхдээ хүн чинь эцгийн нутгаар овоглож явдаг биз дээ. Тэр уламжлалаа дагаад л. 
-Баянбулагаар очиж байсан биз дээ?
-Анх 2009 онд азарга айрагддаг жил очиж байлаа. Тэр үед найзууд Баянхонгорт ажиллаж амьдардаг байлаа. Үүнээс Ганхөлөг маань Баянхонгор аймгийн Иргэдийн хурлын дарга байсан юм. Бас морь уяна л даа. Мөн аймгийн Засаг даргын орлогч Хүрлээ  гэж найз байна. Эд маань “Нутагтаа ирснийх аавынхаа өсөж, төрсөн сум руу очиж үз л дээ” гэж ярьцгаалаа. Ингээд Ламын гэгээний наадмаа дуусгачихаад очсон сум орныхон ч их сайхан хүлээж авсан. Улмаар өвөг дээдсийнхээ шүтдэг уул хайрхнуудад гарч, идээ ундааныхаа дээжийг өргөсөн. Тэр жилдээ ажил төрөл маань тун ч одтой байсан шүү. Бодвол эцгийн нутгийн уул ус түшсэн байх аа.
-Та багадаа хурдан морь унадаг байв уу?
-Үгүй ээ. Эмээгийн хүүхэд болохоор үхэр, тугал нааш цааш нь болгоно. Тэрнээс адуу мал руу ойртуулахгүй. Хоёр хөгшин маань олон ач, зээ нартай. Морь унахыг нь хуваарилчихна. Би бол эмээгийн фракцийнх. /сур. инээв/ Эмээгийн “авдарны” хүүхэд гэдэг шиг л өссөн. Харин морь уяхын тухайд хэзээ хойно 2004 онд бил үү дээ. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Монгол Улсын Алдарт уяач Арилдийн Отгонбаяр ах моринд уруу татаж орхисон хүн дээ. Тэр нэг жил “Морь авах гэсэн юм. Ахын дүү ханиндаа яваад өгөөч” гэлээ. Би ч зөвшөөрөөд хамт явсан. Бид Төв аймгийн Партизаны сангийн аж ахуйд найз дээр нь очиж морь үзсэн юм. Нэрийг нь тулгамдаад санахгүй байх нь чинь ээ. Ямартаа ч багын найз нь гэсэн. Тэндээс хашир нэг морь авдаг юм. Тэр үед “Дүү хүү, морь ав аа. Эр хүн адуу малтай байх зүгээр” гэж зөвлөсөн. Нээрээ ч тийм юм уу гэж бодсон л доо. Ингээд Алтан овооны наадмыг очиж үзчихээд намар нь тэндээс нэг танихгүй айлаас үрээ авлаа. Санаандгүй шахуу даа. Суманд уралдуулбал, айрагдчихсан. Тодруулбал, 2005 онд Төв аймгийн Архуст сумын наадмаас анхны айргаа авч байлаа шүү дээ. Түүнээс хойш адуу хэмээх хийморилог амьтнаас холдсонгүй өдий хүрлээ. 


-Хаанахын ямар удам угшилтай үрээ байсан юм бол оо?
-Анх удаа л адууны наймаа хийж байгаа хүн шүү дээ. Магадгүй Отгонбаяр ахтайгаа явж байсан болохоор түүнд найдчихсан байсан биз. Сүхбаатар аймгийн, хальт таньдаг айлд очоод л “Танайх адуу зарах уу” гэж асуусан тийм гэнэ. Тэгээд л адуун дотроос нь харж байгаад авчихсан. 
-Азтай юм аа. Та “гэнэн” байна шүү /сур. инээв/.  Тэндээс нэг л адуу авсан юм уу? 
-Тэр намраа Батсайхан гэж Сүхбаатарын ах хүү, Арилдий Баяраа Алдарт бид гурав аймгийн Алдарт уяач Болдоо гэж залуугийнд очлоо. Батсайхан ахын дүү л дээ. Тэднийд хэдүүлээ яриа хөөрөө болж суугаад адуу үзэхээр худаг руу гарлаа. Яваад очвол адуунд нь нэг сайхан халтар азарга  нүдэнд шууд тусах нь тэр. “Зарах уу” гэвэл “Тэгнэ ээ” л гэнэ. Батсайхан ах ч хажуунаас  “Манай энэ дүүд өгчих өө. Моринд орж байгаа юм” гэж хүч нэмлээ. Ингээд халтар азаргыг авч, 2006 оны хавар “Дүнжингарав”-т уралддаг бил үү дээ.  Ямар ч байсан зургаагаар ирсэн. Зун нь Архустад түрүүлж мөн л анхны түрүүгээ тус сумаас авч билээ. 


-Жил дарааллан айраг, түрүү авчихжээ.
-2007 онд ахиад түрүүлчихдэг байх аа. Тэр онд чинь “Дүнжингарав”-т ахиж уралдсан юм. Тухайн үедээ  манай ээжийн нэг дүү нь уядаг байлаа. Өнөөх маань “Наадах чинь суманд хоёр ч түрүүлчихлээ. Улсад очиж уралдуулаад үзэх үү” гэнэ. Ингээд 2008 онд улсын наадамд уралдсан ч хүүхэд нь ойччихсон. Уг нь азарга маань их хурдан байсан л даа.
-Улсын наадмын дараа давхар уралдуулдаггүй байсан юм уу?
-Уралдуулахгүй ээ. Учраа мэддэггүй байжээ. 2008 оны намар нь Улсын Алдарт уяач Ганзоригтой танилцлаа. Өнөөх маань “Халтар азаргыг чинь уяад өгье. Улсад айрагдуулчихмаар хурдан азарга байна” гэх нь тэр. Би ч зөвшөөрч тэр намраа Алдартынд аваачаад өгчихсөн. Дараа жилийн хавар “Дүнжингарав”-т ахиад зургааллаа. Бооцоот нэг уралдаанд түрүүллээ. Үргэлжлүүлээд зун нь улсын наадамд айргийн гурваар хурдалж, төрийн наадмаас анхны хишгээ хүртсэн юм. Тэр үеэс моринд шуударсан л даа. Түүнээс өмнө хобби маягтай яваад байсан шиг санагддаг. 
-Сумын түрүү догдлуулсангүй юу?
-Яалаа гэж дээ. Догдлолгүй яах вэ. Сэтгэл дотор нэг юм хөдөлгөөд орхичихсон гэх үү дээ. /сур. инээв/ Нэг ёсондоо морь руу илүү ойртуулсан. Адуу малаас хөндий өссөн хүн чинь сумын түрүү авчихаар байсхийгээд морь руугаа гүйгээд эхлэх жишээний. Дараа нь том наадамд 10 дотор давхиулаад ирэхээрээ урамшаад, төрийн наадмын айраг хүртчихээд буцах аргагүй болж байгаа юм. 
-“Улсад айрагдуулчихмаар азарга байна” гэж Алдартыг хэлэхэд юу гэж бодсон бэ?
-Оргүй ч үг биш санагдсан л даа. Учир нь суманд түрүүлчихээд, “Дүнжингарав”-т зургаалчихсан байгаа шүү дээ. Тэр утгаараа “Миний азарга хурдан шүү” гэж итгэж байсан. Даанч хурдан гээд яриад явалтай биш. Хөөрхий дотроо л бодоод яваа нь тэр. Тэгсэн Ганзориг Алдарт яг л бодож явсан үгийг хэлдэг байгаа. Сонсоод л “Нээрээ тийм байгаа биз” гээд өөртөө хэлсэн. Нөгөө талаас хурдан хүлгийн уяа сойлго тааруулж, улсын цолонд хүрсэн хүн хэлнэ гэдэг өөр нүдээр харж байна гэсэн үг. Ингэж бид “хамтарсан” нь “Айрагдаж мэднэ шүү” гэсэн горьдлогыг илүү ихээр төрүүлсэн юм даа. 


-Наадмын өмнөхөн Ганзориг ах “Дээл хувцсаа бэлдэх”-ийг зөвлөсөн үү?
-Сунгаанд их хурдан байсан  ч төрийн наадмын босго өндөр, дэвжээ хатуу шүү дээ. Би хоёр дахь жилдээ наадах гэж байгаа хүн. Сэтгэл тогтохгүй тэвдээд л, амаргүй байсан юм. Ганзориг болохоор их дуу цөөтэй шүү дээ. Олон юм яриад байхгүй. Тэр жил бас нэг соёолон, ганц нэг шинэ адуу авсан маань хурдан байсан л даа. Тэднийг хараад  Ганзориг “Энэ жил чиний адуунууд хурдан байна шүү” л гэж хэлсэн. Өөр ямар юм яриагүй. Тийм болохоор надад юуных нь бэлдсэн дээл хувцас байх уу. Алдарт ч айрагдсаны дараа сая нэг “айрагдлаа” гэж дуугарна уу гэхээс амархан барьц алдах хүн биш. Тэр өдөр хоёулхнаа зурагтаар уралдааныг үзэж суулаа. Азарга маань 9,10 дээр л явна. Тэгээд хөндлөн шонгийн мод гараад л урагшаа дайрсан. Тэр жил чинь Ажнай шарга зургаа дахиа түрүүлж, Хэнмэдэх гуайн халзан азарга аман хүзүүдэж, миний халтар азарга айрагдсан. Үнэхээр шилдгүүдтэй үзсэн л дээ. Болоогүй Соёмбо хүрэн, Сувдан зээрд, Гуулин зээрд гээд л монгол даяар нэрээ дуурсгасан хурдан буянгууд мордсон болохоор битүүхэн түгшиж л байсан юм. Ингээд гуравлаад ороод ирсэн морины туслах азаргаа тосно гээд гүйчихлээ. Би ч тэвдээд нэг л итгэж ядаад араас нь гарсан. Өнөө хүүхэд “Ах аа, комиссын гэрт хүрээд ир” гэнэ. Газар дээр нь очоод сая нэг тайвшрах аядсан. Тийм ч амар тайвшрахгүй юм билээ. Их л айхтар огшоосон мэдрэмжүүд зэрэг зэрэг төрсөн дөө. 


-Төв цэнгэлдэхэд цоллуулахад их олон юм бодогддог тухай уяачид ярьдаг. Танд ч ялгаагүй байх даа?
-Цэнгэлдэх дүүрэн үзэгчид. Монгол түмэн адуугаа яаж дээдлэн хайрладгийг жинхэнэ утгаар нь мэдэрсээн. Улсынхаа наадамд айрагдаж, түрүүлсэн морьдыг орж ирэхэд бүгд босож алга ташин, уухайлж байсан. Өөрийн эрхгүй эр хүн, морь, хүүхэд, уяачийн хийморийг сэргээдэг болов уу гэж бодогдсон. Ямартаа ч урьд өмнө авч үзээгүй мэдрэмжийг авсан. Би хурдан хүлгийнхээ буянаар тэрийг мэдэрсэн азтай хүн л дээ. Тэр үед ээжийн минь эжий амьд сэрүүн байсан юм. Яагаав нөгөө миний багадаа үхэр, тугалыг нь тууж авчирч өгдөг. Усыг нь зөөдөг эмээ минь шүү дээ. Хөөрхий их баярласан. Ер нь манай ээжийн талынхан чинь моринд дуртай улс байгаа юм. Эр, эмгүй морь малд ойрхон өссөн. Эмээ маань морь харахаараа уйлаад л суудаг сан. Тэр тусмаа ганц хайртай зээгийнх нь морь айрагдахад илүү их баярласан. Өвөг дээдсээсээ үлдсэн нэгийг нь ч  гэсэн баярлуулж амжсандаа сэтгэл өег явдаг юм. Энэ нь тэгээд ганц бидний баяр биш болчихож байгаа юм. Уламжлалт ёс заншлаараа монголчууд нийтээрээ баярласан. Огт танихгүй нь ч баяр хүргээд гар барих жишээний. Сайхан юм билээ. 
-Тэгээд наадмын дараа Баянхонгорт болсон Ламын гэгээний 370 жилийн ойг зорьсон уу?
-Тийм ээ. Тэнд очиж аавынхаа нутаг Баянхонгорын Баянбулагийнхаа бас нэг баярлуулсан. Халтар азарга маань дөрвөөр давхиж, нэг жил улс, бүсийн наадмаас хоёр айрагтай болж байлаа. 
-Өөр бага адуунууд нь яаж давхисан билээ?
-Зарим нь 10 дотор, зарим нь 10 гаргаж давхисан. Цөөхөн морь уясан л даа. Уг нь зургаан нас бариад уядаг ч “Энэ болохгүй байна, энэ болох юм байна” гэж хассаар хоёр, гуравтай л үлддэг байжээ. Одоо ч ялгаагүй ээ. 
-Бид сэтгүүлийнхээ №1 дугаарыг уншигчдадаа барьж байлаа. Анхны дугаарт Салхин халтрын тухай нийтэлж байсан нь сая мэт ээ. Гэвч 10 жил өнгөрчихөж. Хэний өгсөн нэр гэдэг билээ?
-Тухайн үед Ганзориг Алдарт 3-4 хүний морийг уядаг байлаа. Тэр дунд нь морины хорхойтой, адуу эмчилдэг, Солонгост циркийн сургуулилт хийдэг Ариук гэж ах байсан юм. Шүлэг зохионо, дуулна гээд нэг биед ахадсан авьяастай  хүн л дээ. Ах намайг их дэмжинэ ээ. Тэгээд нэг сунгаан дээр явж байгаад “Чиний халтар азарганд нэр өгмөөр байна” гэнэ. Би ч “Ямар нэр өгөх нь үү” гэвэл “Салхин” гэсэн. Болоогүй “Салхин” гэж шүлэг зохиочихож байгаа юм. Айрагдахаас нь өмнө шүү дээ. Бүүр мэдэрсэн юм шиг. Товчхондоо Ариук ахын өгсөн нэр л дээ. 


-Дараа нь буюу 2010 ондоо халтар азарга яаж наадсан бэ?
-Морь, хүүхэд эсэн мэнд сайхан наадсан жил байлаа. Миний халтар азарга чинь 13 настай айрагдсан шүү дээ. 14-тэйд нь уясан ч нэг болж өгөхгүй болохоор больсон.Тэрний дараа жил “15-тай азарга дэмий байх. Төлийг нь ав” гэж олон хүн зөвлөсөн учраас уяхаа больсон. 
-Одоо байдаг уу?
-Байхгүй. 19 хүрсэн. 
-Танд хэдэн төл өгсөн юм бэ?
-Уяа азарга төл муутай байдаг юм билээ. Зарим гүү нь сувайрчихсан. Жилдээ ганц хоёр төл гарна. Ер нь охин голдуу, ганц нэг эр унага гарсан. Одоогоор охин төлөөс нь гарсан ганц нэг адуу гайгүй сайн давхиад байна. Найздаа өгсөнөөс нь сум, аймгаар айрагдаад л байгаа. Бас нэг охин төлөөс нь гарсан төл надад бий. Даага 2016 онд Эрдэнэтийн бүсэд түрүүллээ. 
-Төрийн наадмын дараагийн айраг хэзээ “ирлээ”?
-2010 онд Хөвсгөлд болсон “Хотгойдын хурд”-д хээр азарга айрагдсан. Энэ чинь Сүхбаатар аймгийн Уулбаян талын адуу. Манлай уяач Ихбаяр хавчиг азарга авчирч өгсөн юм. Би Хөвсгөлд айрагдсаных нь дараа Дундговийн Манлай уяач Одонбаатар гэж найздаа бэлэглэсэн. 
-2011 онд та улсын наадамд хонгор шүдлэн наймаар давхиулсан байдаг. Хаанахын адуу вэ?
-Манай Ганзоригийн унаган адуу. 2009 онд азарга айрагдахад бэлэглэсэн байх аа.
-Өөр Алдартад данстай ямар хурдан хүлгүүд байлаа. Өндөр гэгээн Занабазарын ойд хүрэн хязаалан гуравласан байх аа?
-Тийм ээ, 2012 онд айрагдсан. Миний унаган адуу л даа. Эх нь Мөнххааных бол эцэг нь миний хөгшин халтар азарга байгаа юм. Халтар азарганы төлөөс надад үлдээд гайгүй давхисан нь наадах чинь. Наадмын өмнөх сунгаануудад хурдан байсан ч улсад айрагдаж чадаагүй ээ. Тэр жил бид Цагаан хөтөлийн хойхно Ихбаярын галынхантай цуг морьдоо уясан юм. Тэгэхэд намар нь Өвөрхангайд очиж айрагдсан.
-2013 оны улсын баяр наадамд хүрэн их насны морь 13-аар давхижээ? 
-Мөнххааны адуу байгаа юм. Өндөр Чулуун гуайн хүү Гантөмөр, Ихбаяр хоёр битүү морь авчирч өгсөн. Сайн адууг даанч хөлийг нь эвгүй болгочихсон доо. Тэр жил “Их хурд”-д Цэндийн Энхтайваны Гиннест түрүүлдэг хонгор халзан, Бат-Эрдэнэ Тод манлайн хүрэн гээд сайн сайн морьд мордсон. Яг уралдааны замд Тод манлайн Даян хүрэн хөлийн хурдтай учраас миний хүрэн морин дээр ойрхон ирсэн. Ерөөлтийн халзан өнгөлж, ар дээр нь хонгор халзан, тэгээд миний хүрэн морь давхиж байгаа юм. Бариа ч ойртлоо. Дөрвөн км дутуу байл уу даа. Тэгэнгүүт нь би шахуулаад азгүйтсэн. 50 метр хүрэхгүй зайд арын хоёр мориндоо дайруулаад зургаалсан. Тэгээд Ихбаярт “Болоогүй байхад нь шахуулаад хайран айраг байхгүй” гээд загнуулж билээ. Үнэн л юм чинь, би юу хэлэх вэ дээ. Энэ тоолонд хүн суралцдагийг ойлгосон. 
-Дараа нь Төв аймгийн ойд уралдуулсан юм уу?
-Төв аймагт уралдуулаад, хөл нь болохгүй татуулчихсан.
-Уяачийн хувьд түүх үргэлжилсээр л... тийм ээ. 2014 ондоо яаж наадсан бэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Цогтоо гэж аймгийн Алдарт уяач хуурай дүү бий. Аймгийнхаа наадамд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн сайн хүрэн үрээ урьд нь түүнээс авч байлаа. Сайн адуутай залуу л даа. Тэр жил дүү сайн соёолон авчирсан нь улсын наадамд 11-ээр давхисан. 2014 онд чинь “Дүнжингарав”-т халтар морь аман хүзүүдүүлсэн. Мөнххааны Бураа Пүрэвжав гуайн адуунаас Ихбаяр авчирч өгсөн юм. Улсад мордуулсан чинь 20 гаргаад давхисан. Бүсийн наадамд яалаа даа, санахгүй байх чинь.
-2014 онд Баянхонгор аймагт Ламын гэгээн болсон шүү дээ. 
-Өө тийм ээ. Тэнд 10 гаргаж ирсэн. Ингээд 2014 наадам нэг иймэрхүү. Харин 2015 онд ММСУХ-ны 20 жилийн ойгоор морьдоо алдчихсан. “Дүнжингарав”-т айрагддаг халтар, бас нэг жижигхэн халтар морь, нэг үрээгээ алдаад, гурав хонож олсон. Дараа жил нь буюу 2016 онд Эрдэнэтэд даага орсон. 2017 онд одтой наадаж, Баянхонгор аймгийнхаа шилдэг уяачаар шалгарсан. 
-Төрийн зарлигт наадмаас хэдэн айраг, түрүү авсан билээ.
 -Монгол Улсын Алдарт уяач Сашкагийн Эрдэнэбат маань миний морьдын уяа сойлгыг тааруулж, Багануурт болсон “Хангарьд” төвийн бүсийн уралдаанд азаргаа түрүүлгэж, Сэлэнгэд болсон хойд бүсэд хязаалан тавлуулан, шүдлэн гуравлуулсан.  


-Хүрэн, халтар зүсмийн адуугаар илүүтэй нааддаг юм байна, тийм ээ?
-Анхны айргаа халтар зүсмийн адуугаар авсан болохоор бэлгэшээдэг. Түүнээс яг ийм зүсний л адуугаар наадна гэдэггүй. Давхихаа хүрээд, эзэн, морь, хүүхэд гурав биесээ олбол амжилт гаргадаг л гэж боддог. Ихбаяр Манлай маань олон сайн адуу олж өгсөн хүн байгаа юм. 
-Хаана, хаанаас ямар удам угшилтай адуу цуглуулсан бэ?
-Азарга айрагдуулсан жилийн намар нь ЗХУ-ын Чита хот, Минский районоос үржлийн хэд хэдэн адуу оруулж ирснээс 2010, 2011 онд айрагдсан. Ингэж авчирсан азаргануудын төлөөс Ихбаяр Манлайд нэг унага бэлэглэсэн нь 2011 оны хавар болсон 1000 долларын уралдааны“Ланд-200”-г авчирсан. Дараа нь Наранхүү гишүүн рүү явсан байна лээ. Бас Мөнххааны “өндөр” Чулууны хар халзан байна. Мөн улс, бүсийн наадамд олон төл нь айрагдсан. Ер нь тэр 1000 долларын эрлийз дааганы уралдаанд нэлээн хэдэн даага орсон л доо. Энэчлэн  бэлчээрийнх нь даацад нийцчихээр өөрийнхөө үржил хийж байгаа адуунаас нутаг руугаа азарга явуулсан. “Наадах чинь болж байна уу” гэсэн болж байна гээд гүү хураалгасан байна лээ. “Хонгорын хурд” МСУХ-ны шинэ жилээр сугалааны нэг даага аваачсан нь Сүххуяг гэдэг залууд таарсан. Ер нь байгаа үед нь өгөхийг боддог. 
-Эрлийз юм уу, цэвэр азарганууд юм уу?
-Цустай цэвэр азарганууд авчраад монгол зүүн зүгийн гүүнд нийлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, манайхан 50 хувьтай гэж ярьдаг  даа. Одоо тэр адуунууд маань гурав, дөрөв дэх үедээ орчихоод явна.
-Уяачдын холбооны VII их хурал болох гэж байна. Энэ их хурлаас мориныхон, уяачид их зүйл хүлээж байгаа болов уу. Таныг ч бас хүлээлттэй байгаа гэж бодож байна?
-Мэдээж, их юм харж хүлээж байна. Уяачид, малчид, удирдах зөвлөлийнхөн маань нэгдсэн нэг юманд хүрчихээсэй гэж бодоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг, хоёрхон хүний болчимгүй үгнээс болоод массаараа эрлийз, монгол адуу гэж яриад сурчихаж. Өнөөдөр 21 аймаг, 330 хэдэн суманд 70-80 хувьд нь 50, 25 хувьтай эрлийз гэж яриад байгаа адуунууд тарчихсан. Тэдний төлүүд бүгд уралдаад эхэлчихсэн байна. Хамгийн гол нь уяач болгон эрлийз гэж танигдуулахгүйг хичээдэг. Баригдчихвал болоогүй мэлзэх маягтай. Нэгэнт хурдны үржлийг хүн бодлогоор л хийж байгаа болохоор энэ хэрүүлийн сэдэв, сэдлийг байхгүй болгочих юм сан. Миний хувьд хэмжээ тогтоогоод уралдах нь зөв гэж боддог. Одоо хар л даа. Тухайлбал, Буриад зон олон монгол уламжлалаараа морьдоо уралдуулдаг. Гэхдээ дотроо цэвэр цусны ба буриад адуу гэж ялгаж уралдуулдаг. Өвөрмонгол бас байна. Тэд хэмжээ тогтоож уралддаг. Гэтэл яг монголчууд өөрсдөө яаж байна. Бие биетэйгээ хэрүүлийн үг шидэлцэж байхын оронд зүгээр л хэмжээ тогтоочих ёстой. Өөр ямар ч сонголт байхгүй. 
-Санал асуулгаар 90 хувь нь монгол адуугаараа уралдъя гэсэн байна лээ.
-Монгол адуугаараа уралдъя гэж байгаа 90 хувь нь бүгд эрлийзтэй. Тэгэхээр энэ бол  боломжгүй. Үүнийг бүгд л мэднэ шүү дээ.  Яах вэ, монголоороо уралдаж болно. Гэхдээ монгол морио хэн ялгах юм. У.Хүрэлсүх сайдын гаргасан “Монгол адуугаараа уралдах” шийдвэрийн дагуу ХХААЯ албан ёсны үүлдэр тогтоох комисс гэж байгуулсан. Ялгах чадвартай гэсэн яамны докторууд гарч зогсоод ялгахад эхний айрагдсан адуунууд бүгд цустай байсан. Үүнийг нуух боломж байхгүй. Тэр жил 100 хэдэн үрээ хассан шүү дээ. 
-Энэ хэсгийг ингээд орхиё. Ингэхэд та түрүүн спортын төрлүүдээр хичээллэж байсан гэж хальт дурдсан даа. Дэлгэрүүлээч?
-Эртний юм даа. /сур. инээв/ Арван жилд байхдаа чөлөөт бөхөөр барилдах гэж үзэж байлаа. Дараа нь тулааны спортоор хичээллэж, хэд хэдэн тэмцээн уралдаанд оролцлоо. Ер нь спортын хоббитой хүүхэд явсан л даа. Спорт хөөсөн залуучууд тэсвэр хатуужилтай, зорилготой, түүнийхээ төлөө явах сэтгэлийн хаттай болж төлөвшдөг гэж боддог. Тиймдээ багын хоббидоо хөтлөгдөөд 2009 онд Монголын тулааны шилдэг тамирчдын холбоог Монгол Улсын Гавьяат тамирчин, 2007 оны дэлхийн аварга Жадамбын Нарантунгалаг, Цагдаагийн дарга, хурандаа Ууганбаяр, хурандаа Галбадрах, холбооны гүйцэтгэх захирал Гантөмөр, Наранбаатар нартай байгуулсан. Бүгд тулааны хүмүүс л дээ. Өнөөдөр дэлхийд албан ёсоор хөгжиж байгаа ганц төрөл болох холимог тулааныг Монголдоо хөгжүүлэх зорилготой. Холбоо 10 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явууллаа. Өнгөрсөн хугацаанд олон олон тамирчин залуус эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд гаргаж, ур чадвараа сориод явж байна. Энэ онд 10 жилийн ой гэдэг утгаараа өргөн цар хүрээтэй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. 
-Та ямар бүстэй вэ?
-Нэг хар бүс, I дантай. Би ч өөрөө орхиод бас хэдэн жил болчихлоо л доо. Эрүүл мэнд талаасаа хааяа нэг бэлтгэл хийдэг юм. 
-Бидний яриа энэ хүрээнд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. 
-Баярлалаа. Монголын нийт малчид, уяачид, морь сонирхогчид, ард түмний маань ажил үйлс 2019 ондоо дэлгэрэг. Зөв бодож, зөв санаж явбал бид бүгдийг буян заяа түших болно. Та бүхнийг ч хурдан морины босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай. 

П.Ундраа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.