АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЛХАМ: 2001 ОНД ЗЭЭРД АЗАРГАА аймагтаа тавлуулж, ДОРНОДОД АМАН ХҮЗҮҮДҮҮЛСЭН

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 23 -нд

Дөхөм II багийн харьяат, аймгийн Алдарт уяач Гомбочүлтэмийн Лхам  нь 1936 оны хавар Шар онооны хавцал хэмээх газар эхээс мэндэлжээ. Соёмбо нэгдлийн адууг 25 жил маллаж, Мөнгөн унаганы эзэн болсон тэрээр Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Засгийн газрын хүндэт жуух бичиг,  ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар шагнагдаж, сумын сайн малчнаар шалгарч байжээ.

-Лхам гуай та манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Нас сүүдэр хэд хүрч байна вэ?
-85 хүрч байна. Би Гомбочүлтэм гэж хүний өргөмөл ганц хүү байгаа юм. Намайг бор хоолонд орж, дөнгөж суухтайгаа болоход нь өргүүлсэн гэдэг. Төрсөн эцэг Жалбаа, Гомбочүлтэм хоёр садан сүлбээ улс байсан юм гэнэ билээ. Төрсөн эхээс их олуулаа, би тав зургаа дахь хүүхэд нь байсан гэсэн. Одоо амьд сэрүүн байгаа нь Балдан гэж ах байна.  
-Өргөсөн, өргүүлсэн талд нь морь мал уяж байсан хүн бий юу?
-Байхгүй байхгүй. Би л ганцаараа морь уяж байсан. Балдан ах сүүлийн үед ганц нэг морь уяж, овооны тахилгад хүрэн морь түрүүлгэсэн.   
-Та сургууль соёл хаана төгссөн бэ?
-Шинэ үсэгт тайлагдахаар сургуульд орсон ч мал хариулах хүн байхгүй гээд гарсан. Тэгээд яахав Дарханд цэргийн албанд хоёр жил болсон юм аа. 
-Тэр үед цэргийн алба 3 жил байсан биз дээ?  
-Би ар гэрийн гачигдлаар халагдсан. Манай ээж АИХ-ын депутат байсан. Ю.Цэдэнбал дарга манай аймагт ирэхэд нь ээж уулзаад учир байдлаа хэлсэн юм билээ. Тэгээд Ю.Цэдэнбал даргын тушаалаар нэг жилийн өмнө халагдлаа гэж тушаал уншуулж байлаа.  
-Сумынхаа “Соёмбо” нэгдлийн адууг 25 жил хариулсан гэсэн байх аа?  
-Цэргээс ирсэн эхний хоёр гурван жил хонь хариулаад, түүнээс хойш тувт адуу малласан. Нэгдлийн суурь адуу хоёулаа, бүр ганцаараа ч хариулж байлаа. Нэг суурь 1000 адуутай, заримдаа 2000 ч хүрдэг байсан. Надтай хамт Пүрэвжав гэж хүн суурь адуу малладаг байсан. Сүүлд том охины нөхөр Дамдинжавтай ч суурь адуу хариулж байлаа. 
-Ямар болзлоор Мөнгөн унага, Алтан унаганы эзэн болж байсан бэ?
-Социалист уралдаанд 100 эхээс 70 унага авч, бойжуулна гэсэн үүрэг авсан юм. Тэгээд 75,80, 90 унага бойжуулдаг байлаа. Харин 100 хүргэж үзээгүй. Төлөвлөгөө норм биелүүлээд төл бойжуулалтын аварга, дэл сүүл хөөврөө илүү тушаасан гээд бас аварга болж  л байсан.  
-Суурь адуу хариулахад бэлчээр бууриа байнга сэлгэж, отор нүүдэл хийнэ биз? 
-Тэгэлгүй яах вэ. Манай эндэх чинь ерөнхийдөө ус муутай. Өвөрхүрэм, Харгилтайгаар цас хайлтал нутаглана. Хавар цас хайлаад усгүй болохоор 100 гаруй км хол оторлодог. Машин гэж байхгүй, тэмээн тэрэгтэй адуугаа туугаад л нүүнэ дээ. 
-Лхам гуай та хэдий үеэс морь уясан юм бэ?  
-Өөрийн унаган зээрд адуугаа уяж жижиг овоо тахилгад хэд хэд оруулж, 1959 онд хавчиг азарга анх суманд айрагдуулж эхэлж байлаа. Тэрнээс хойш тасралтгүй уясан л даа. Зээрд азарга сумынхаа наадамд хоёр гурав ч орсон. Ах нь зарим жил нэг түрүү, заримдаа хоёр айраг авч байснаас биш хоёр морь түрүүлгэж үзээгүй ээ. 


-Танай суманд хоёр гурваар нь түрүүлгэх амаргүй байх шүү?
-Амаргүй, амаргүй. 
-Зээрд азарганы дараа ямар адуугаар наадаж байв?
-Тэрний дараа би Лхамсүрэн гэж хүний хар адууг авсан юм. Хязааландаа айхтар гавьсангүй, Халх голын 20 жил бил үү, тэнд хязаалан адуу аваачиж аман хүзүүдүүлсэн. Хавчиг азарга хоцроочихоод, дүнсгэр долоотой азарга Дарьгангад аваачиж  айрагдуулаад л миний хар азарга давхиж эхэлсэн дээ. Асгат сумынхаа наадамд бол нэг аман хүзүүдсэн. Өвөл жижиг жижиг уралдаанд олон орж, лав гурав түрүүлсэн юм даг. Тэр үед чинь өвөл цагаан сараас хойш морь уралддаг байлаа шүү дээ. 
-Хар азарга Лхамсүрэнгийн харын биет төл үү?
-Биет төл. Би Лхамсүрэнгээс хазаарын морин дээр 1500 төгрөг өгөөд худалдан авч байлаа. Лхамсүрэн шүдлэн үрээ уяад суманд гурваар оруулаад, дараа жил нь хязаалан үрээ авсан юм.  
-Та төлүүдийг нь яаж давхиулсан юм бэ?
-Тэрний төл хонгор адууг дааганд нь Дарьгангад аваачиж түрүүлгэсэн. Хавчигт нь сумандаа өвлийн уралдаан, зуны наадамд оруулаад манай хүргэн авъя гэхээр өгчихсөн. Хүргэн маань хоёр жил шахуу оруулчихав уу даа. Тулга, Гантөмөр гээд манай хүүгийн хүүхдүүдэд тэр харын угшлын адуунууд бий.  
-Өөр ямар адуугаар сайн наадаж байсан бэ? 
-Сүүлд тайж адууны угшилтай зээрд адууг хавчигт нь Дорнодын 70 жилд аваачиж аман хүзүүдүүлж, аймагтаа таваар оруулаад, Дарьгангын наадамд аман хүзүүдүүлсэн. Соёолондоо “Жавхлант шарга”-д зургаалаад, сумын наадамд 10 гаргаж орсон юм.  
-Дорноговийн адуу юм байна. Та хаанаас авч байсан юм бэ?  
-Дамжуулж авсан юм аа. Манай хүргэн Түвшинбаярын ах нь Эрдэнэбаатар гэж хүнээс авсан юм гэсэн. Суманд нэг удаа дөрвөөр орсон адуу надад ирж байлаа. Тэр үед мөнгө төгрөг ховор, 1500 төгрөг гэхэд нь дандаа мал өгөөд авсан. 
-1990 оны Алтан овооны тахилга наадамд та сартай хонгор морь айргийн таваар оруулсан. Тэр ямар угшлын адуу вэ?
-Тэр манай унаган адуу. Миний анх уяж байсан зээрд азарганы төл ухаагч гүү эх нь байгаа юм. Хонгор морийг соёолон адуу суманд арваар оруулчихаад, хоёр даагатай хамт Алтан овоондоо авч очсон юм. 160 гаруй соёолон мордоход айрагдана ч гэж бодоогүй байтал хонгор морь маань таваар орж байлаа. Хоёр даага 11, 12-оор орсон санагдана. 
-Танай сумаас Алтан овооны анхны тахилгад танаас өөр морь айрагдуулсан хүн байв уу?
-Байлгүй яах вэ. Дуламрагчаагийн хонгор хязаалан түрүүлээд, тэмээчин Гансүхийн буган соёолон түрүүлсэн байх аа. Алтан овооны анхны тахилга наадам гэж олон газрын уяачид, хурд цугласан сайхан наадам болсон юм. Тэрнээс хойш жил болгон л Алтан овооны наадамд морьдоо хөтөлж очсон. Гэхдээ айрагдуулж чадаагүй, 10 хэдээр л ордог юм. 1994 оны тахилгад нь хүрэн шүдлэн долоод орсон санагдана. Саяхан хээр морь бас долоод орууллаа.  
-Аймгийн баяр наадмаас хичнээн айрагтай билээ?
-Аймгийн баяр наадамд зээрд хавчиг азарга таваар орж, Дорнод аймагт очиж аман хүзүүдсэн. Миний хээр морь аймагт нэг түрүүлээд, эргэх газартаа хүрэлгүй эргэсэн гээд хасагдсан.  Тэгэхээр хоёр айрагтай л юм байна. 
-Та адуу малын наймаа их хийдэг байв уу. Танай сумын мундаг азарганы төлүүдээс авав уу?
-Сумаасаа л охин голдуу адуу авсан. Эр адуу нэг их аваагүй ээ. Нэртэй азарганы төл гэвэл Лхамсүрэнгийн  хар, Махбуриадын улаанаас авсан. Махбуриадын улааны сөнгө даага таваар оруулаад, үрээнд нь түрүүлгээд, түүнээс хойш айргаас мултралгүй хурдалж байгаад хөлгүй болсон юм, хөөрхий.  
-Дээр үеийн энэ нутгийн сайн уяачид гэвэл хэнийг нэрлэх вэ? 
-Ядамсүрэн гээд Дуламрагчаагийн өвөг эцэг ясны сайн уяач байлаа. Тэрний адуу соёолондоо түрүүлдэг тийм л адуу байсан. Махбуриадыг улаан адуугаа Сүхбаатар сумаас ах дүүгээсээ авчирлаа гэж яригдаж байсныг мэдэх юм. Хөөрхий орон шоронд яваад ирсэн хүн.  
-Малын тоо толгой заагаад, илүү гарсныг нь нэгдэл бага үнээр авдаг байсан гэдэг. Эндхийн сайн адууны удмаас нэгдлийн адуунд ирж байв уу?
-Жингээгийн хүрэн гэдэг угшлаас нэг хөгшин хүрэгч гүү ирж ганц нэгэн төл гарсан, гэхдээ уягдаагүй ээ. Би нэгдлийн адуунаас ганц нэг даага уяад заримыг нь долоо, арваар оруулж л байлаа.
-Дорнодоос өөр хаашаа гарч наадаж байсан бэ?
-Захиргаадалтын үед чинь ийш тийшээ явуулах дургүй ээ. Дээр нь хамжаа жаахан тааруутай. Адуугаа байнга бүртгээд байж чадахгүй болохоор орхиод явж болохгүй. Тэрүүхэн хавиараа л наадна. Миний хамгийн хол явж наадсан нь Дорнод аймаг. Сумаасаа гарч Дарьганга сум, аймаг руу очиж наадаж байлаа. Сүүлд хээр морио энд түрүүлгээд улсын баяр наадамдаа авч очиж тоосыг нь өргөсөн дөө. Тэр жил их насны морь хоёр тасарч хуваагдаад ирж байсан юм. Зам зууртаа ажил нь жаахан чангадсан юм уу, хээр морь маань сүүлийн хэсэгт нь 30,40 хэдээр л орсон байх.  
-Тэр жил сүүлийн хэсгийнхийг бариад байсан биз дээ?
-Тийм. Анх удаа улсын наадамдаа очиж үзэхэд их сайхан юм билээ. Энэ олон жил морь уяхдаа хамгийн их баярласан нь 2001 оны аймгийн наадам, Дорнодын ой. Тэр жил зээрд азаргаа аймагтаа таваар оруулаад, дараа нь Дорнодын 70 жилийн ойд авч очиж 500 гаруй азарга уралдахад аман хүзүүдүүлж байлаа.  
-Таныг залгамжлах үр ач нараас нь морь уяж байгаа хүн бий юу? 
-10 хүүхдээс хоёр хүү маань бурхны оронд явж, гурван хүү, таван охин нь байна. Манай өөд болсон их хүүгийн хүү Гантөмөр гэж ач маань л гайгүй морь уяж байна. Ноднин нэг даага оруулж, энэ жил бас л айрагдуулчихаад байна. Хүүхдүүд яах вэ, уях нь уяж л байна.  
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай. 

"Тод магнай" сэтгүүл. Сүхбаатар аймгийн Асгат сумын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна