Уяач Д.Намдагсамба: Даагаа 10 дотор хурдлуулаад хот явах зөвшөөрлийг ааваасаа авч байлаа

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 17 -нд

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул, Цагаанхайрхан IV багийн харьяат, уяач Довдонгийн Намдагсамба 1981 оны зургадугаар сард сумын хүн эмнэлэгт төржээ. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Та Цагаанхайрхан багийн уяач хүн. Багийнхаа талаар бидэнд танилцуулаач? 
-Төгрөг сумын баруун хойд хэсгийг Цагаанхайрхан баг гэж нэрлэдэг.  Цагаанхайрхан уул тахилгатай учраас нутгийн олон түмэн мөргөж, шүтэж ирсэн юм. Үүнээс гадна Улаанхайрхан уул гэж мөн шүтлэгтэй уул байдаг. 
-Цагаанхайрхан баг хичнээн уяачтай вэ. Хурдаараа орон нутагтаа аль хавьд бичигдэж байна?
-Цагаанхайрхан багийн уяачдын тоо харьцангуй бага. Иргэд нь ихэвчлэн мал, аж ахуй эрхэлдэг. Бог голдуу малтай. Айлууд нь ууланд нутагладаг, ам бүл цөөтэй учраас морь уяад явах боломжгүй байдаг юм.  Энэ үүднээс цөөн уяачтай.
-Танай багаас төрсөн алдартай уяачдыг нэрлэвэл? 
-Дээхнэ үеийн уяачид гэвэл аймгийн алдарт уяач Дүгэрсүрэн, Батмөнх, уяач Халзанхүү, Наран гуай нар байна. Тэд морьдоо сумын наадамд түрүүлж, айрагдуулж байсан. Сүүлийн үеийн уяачид гэвэл би болон миний дүү Шонхоо, Даваа-Очир мөн уяач Б.Улаанаа гээд залуус байна. Миний хувьд 2007 онд хотоос ирж нутагтаа суурьшсан. Тэр үед манай хадам аав голдуу морь уядаг байсан. Харин би 2010 оноос морь уяж эхэлсэн дээ.  Түүнээс хойш 20 орчим айраг, түрүү аваад байгаа. Уяач Б.Улаанаагийн морьд мөн сайн давхиж байгаа. Манай багийн олон хүн морь уяж чаддаггүй болохоос уясан хэд нь сум, орон нутагтаа амжилт гаргаад л байдаг юм.  
-Онцгой амжилт гаргасан уяач гэвэл хэнийг нэрлэх үү?
-Илүү олон айраг, түрүүтэй уяач гэвэл Батмөнх, Дүгэрсүрэн гуай нар байна. Хоёулаа аймгийн Алдарт уяач, ах дүүс юм. 
-Сүүлийн үед танай багаас морь уяж амжилт гаргаж буй уяачдынхаа талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?  
-Сүүлийн үед залуус морь, мал их сонирхож байна. Морь уях ажилд ч дуртай болж.  Даваа-Очир гэж залуугийн Багануураас авчирсан азарганы төл өнгөрсөн жил их сайн давхисан.  Энэ залуу морийг их уяж байгаа. Мөн аймгийн Алдарт уяач Батмөнх гуайн хүү Улаанаагийн морьд сүүлийн үед сум, орон нутагтаа айраг, түрүүг их авч байгаа. Тэгээд Доржпалам, Лхагвасүрэн гэж миний найзууд маань морь сайн уяж байгаа.  Морь мал ч сонирхож энд, тэндээс адуу их авчирч байна. Тэгээд би байна. Миний хувьд 2009 оноос эхэлж адуу, мал зөөж эхэлсэн. Дорнод аймгийн Хөлөнбуйрын Ганхуяг Манлайгаас долоон үрээ авчрахад бүгд сайн давхисан. 


Жишээлбэл, миний саарал азарга сум, орон нутагтаа айрагддаг. Би адууны цусаа сайжруулахаар Дорнод, Сүхбаатараас азарга авч байсан. Мөн Сүхбаатараас авчирсан бор азарга маань их хурдалж байсан даа. Даанч наадамд уралдуулж байгаад эндүүлчихсэн юм. Бор азарга аймгийн шигшмэл хурдад уралдаад 20 гаргаад ирж байсан. Ганхуяг Манлайгаас авсан хүрэн шүдлэн үрээ мөн айраг, түрүү авсан. Тэр маань бас эндсэн. 
-Яагаад эндээд байдаг юм бэ?
-Бор азаргыг аймгийн наадам руу авч явахдаа тэжээл тал дээр нь алдаа гаргасан байх. Тэгээд уралдаж яваад эндсэн. Харин  хүрэн азаргыг бэлчээрт нь явж байхад нь машин мөргөчихсөн байсан. Цагдаа нар дайрсан эзнийг нь олж өгнө гээд зураг, хөргийг нь аваад явсан ч олдоогүй. Аль машиныг тэр гэхэв дээ. 
-2001 оноос эхэлж морь уяж эхэлсэн юм байна. Тийм үү? 
-Би анх 1998 онд морь уяж Хүрэлбаатар докторын баярт уралдуулсан юм. Тэр наадамд  гурван даага уралдуулаад нэгийг нь долоогоор, нөгөөг нь 10 гаргаад харин үлдсэн нэгийг нь 20 гаргаад давхиулж  байлаа. Анхны морь уяж уралдуулсан түүх гэвэл ийм. Тэгээд 1999 онд даага хөтөлж ирээд анхны айргаа авсан даа. 2000 онд Төв аймаг руу шилжээд 2007 онд нутагтаа ирсэн. Ирсэн жил хязаалан үрээ маань сумандаа хоёр түрүүлсэн. 
-Та сумын баяр наадмаас хэдэн айраг, түрүү аваад байна вэ? 
-Сумын баяраас 20 орчим айраг, түрүүтэй. 2007 онд сумын баяр наадамд хязаалан үрээ маань түрүүлж байсан.  


-Ер нь гадагшаа явж адуу мал олноор нь авчирдаг юм шиг байна. Авчирсан адуугаа буцааж арилжаалж чаддаг уу?
-Буцаагаад арилжсан зүйлгүй ээ.  Найз нөхдөөс эхлээд ганц хоёр хүнд өгөх нь өгсөн. Дорноговь яваад авчирсан байдсаа хүргэн ахдаа өгсөн. Тэгээд бусад нь надад байж байдаг юм. Заримаар нь азарга тавина. Одоо цагт өвөл морь, малаа тэжээхгүй бол хавар нь цаг үеийн бэрхшээлтэй тулгараад байна. Манай энд хавар ногоо хожуу ургадаг. Өвөл тэжээгдсэн адуу л гайгүй давхиад байна гэж боддог шүү дээ. 
-Гадагшаа гарч уралдаж чадаж байна уу?
-Аймгийн уралдаанд хоёр ч удаа явж үзсэн. Анхны шигшмэл хурд болоход би азарга, соёолон, хязаалан гээд гурван насны морьтой очиж байлаа. Тэгэхэд бор азарга 30 дөхөж ирсэн. Энд сумын баярт гуравт давхиулчихаад л шууд тийшээ явсан даа. Бас жаахан ханиадтай байсан юм хөөрхий минь. Өнгөрсөн жил аймагт шигшмэл хурд болоход  саарал азаргатайгаа очоод 23 аар ирүүлсэн. Дараа нь аймагт Гэгээнтний баяр болоход саарал азарга маань 27-гоор давхисан. Өнгөрсөн жил Бугат сум руу явж уралдсан. Тэгээд өөр тийшээ яваагүй дээ. 
-Таны хамгийн бахтай сайхан наадмын дурсамж гэвэл?
-1999 онд даага уяж сумынхаа наадамд хөтөлж очин гуравт хурдлуулсан маань мартагдашгүй сайхан юм. Манай аав Төгрөг сумын нэгдлийн  ууган жолооч. Тэгээд сумандаа амьдарч байгаад 1990 оны хувьчлалын үед хөдөө гарсан. Манайхан адуу, мал сонирхдоггүй. Бог мал ихтэй бод цөөтэй айл байсан. Харин би анх хүн дагаж морь уяж эхэлсэн юм. Тэгээд даагаа айрагдуулсан маань санаанаас гардаггүй. 2008 онд миний үеийнхэн сургуулиа төгсчихөөд хот үзэх гээд явах гэж байсан. Би ч бас хамт явчих гээд. Тэгсэн аав маань “Чамайг гурван даагаа айрагдуулахгүй юм гэхэд нэгийг нь 10 дотор давхиулчихвал найз, нөхөдтэй чинь хот руу явуулъя” гэдэг юм байна. Тэгэхэд миний нэг даага долоогоор, нөгөө нь 17,  бас нэг нь 20 гаргаж ирж байсан. Тэгж хот явах зөвшөөрөл авч байлаа. Тэр бас санаанааас гардаггүй тод сонин баяр байдаг юм. 

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна