Аймгийн Алдарт уяач С.ЖАМЪЯНШАРАВ: МАНАЙ АДУУ СУМАНДАА НЭГ ЖИГҮҮР БОЛДОГ

Монгол Улсын 2015 оны хамгийн чансаа өндөр хүлгээр нэрлэгдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Н.Зоригтын хул морийг уншигчид андахгүй биз ээ. “Дүнжингаравын хурд -2015” хаврын төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөвт давхисан хул морь гурав дахь удаагаа ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдлан тэр жил их насны морьдын эрэмбийг манлайлсан билээ. Соёолонгоосоо эхэлж томоохон наадмуудад тоосоо өргөх болсон энэ хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Жамъяншаравын Нямаагийн унаган адуу юм. Энэ бүхнийг тоочихын учир нь “Хийморилог зочин”-д  Хөхийн адууны шандсыг гайхуулж Босоо цавьдарын үрээр хурд тарьсан Сэрээтэрийн Жамъяншарав уригдан оролцож байгаа билээ. С.Жамъяншарав Алдарт бол хурдан хулын эзэн Ж.Нямдоржийн аав юм. Ингээд олныг үл нуршин зочинтойгоо уулзуулъя.  

-Үүдээр орж ирмэгц хойморт тань байгаа энэ зураг /үстэй малгай өмссөн идэр насны эрэгтэй/ нүдэнд туслаа. Энэ ямар түүхтэй зураг вэ?
-Миний эцэг Шагдарын Сэрээтэр гэж хүний зураг. Арвин намтартай хүн дээ. 
-Яриа эхлэхийн өмнө “Өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж байна” гэсэн. Тэгэхээр Сэрээтэр гуай морь уядаг байжээ дээ. 
-Уялгүй яах вэ. Миний аав 1911 оны өвөл Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн гэдэг юм. Уйгаржин монгол бичиг мэддэг байсан тул тамгын газрын туслах, жинхэнэ бичээч, сумын дарга, Хэнтий аймгийн шүүхэд шүүгч, Дорнод аймагт хүн эмнэлгийн албаны дарга зэрэг ажил хийж яваад  1940 онд болсон намын Х их хурлын төлөөлөгчөөр сонгогдож байсан хүн. Дорнод аймгийн хүн эмнэлгийн талаар хэлсэн үг нь номонд гарсан байдаг юм. Ерөнхийдөө тухайн цаг үедээ Алтанбулагийн техникум төгссөн  ховорт тооцогдох бичиг үсэгтэй, боловсролтой сэхээтэн хүн байсан гэнэ лээ. Бичгийнх нь хэрэглэл хүртэл бий. 
-Хэдий үеэс морь уясан гэдэг юм бэ? 
-Миний аав морь уяхаас гадна энд тэндээс сайн адуу олж авч, удам угшлаа сайжруулсан хүн. Тэр үедээ ажил албатай, албаны ажлын зав чөлөөгөөр морь уядаг байсан байх. 1949 оны аймгийн баяр наадамд улаан соёолон морио гуравт, даагаа аман хүзүүнд хурдлуулж байснаас гадна сум орон нутгийн наадмаас олон айраг түрүү авч байсан. Сумынхаа ар талд хурдан адууны цөмийг бий болгосон хүн. Би тэр үед хурдан морио унаж уралддаг байлаа. 
-Сайн адуу цуглуулсан гэсэн. Чухам хаа хаанаас авч байсан юм бол оо? 
-Дархан хан буюу одоогийн Сүхбаатар сум цаашлаад аль хурдтай газраас  адуу авсан байгаа юм. Нутгаасаа ч нэлээд авсан. Хурдан адуутай болохын тулд бага шиг айлын хөрөнгөөр хар  азарга авч байсныг би муухан мэдэж байна. 


-Тэр үеийн бага шиг айлын хөрөнгө гэдэг нь үнэлбэл овоо мөнгө болно биз.
-Тэгэлгүй яах вэ. Бага дөрвөн ханатай гэр, тэмээн тэрэг, адуу, үхэр, хонь, ямаатай өгч байж авсан гэсэн. Хурдан адуутай болъё гэвэл  сайн адууг үнэ цохиж авна шүү дээ. 
-Хэн гэдэг хүнээс ямар адууг тийм үнэтэй авсан юм бэ?
-Намсрай гэдэг хүнээс даага, шүдлэн, хязааландаа айрагдсан хар азаргыг нь авсан. 
-Хар азарга яаж давхисан бэ?
-Цээж, уушгины гэмтэй болоод сайн давхиж чадаагүй. Харин төлүүд нь сайн давхисаан. Манай хар морь, Жамсранжав ахын хүрэн морь гээд хурдан адуу их гарсан. 1950 хэдэн онд шиг санагдана. Төл хүрэн морь нь энэ хавиараа их хурдалж, улмаар Төв аймгийн Жаргалант сум руу зарагдсан. Би тэр хүрэн морийг соёолонд нь уяж, суманд аман хүзүүдүүлсэн юм. Тэгээд хойшоо зарагдаж, морин тойруулгын уралдаанд айрагдсан гэнэ лээ. Шулуун замаар уралддаг адуу даялж эргэдэг тойргийн уралдаанд айрагдана гэдэг амаргүй л дээ. 
-Хөхийн адуу хэзээнээсээ хурдтай. Хээр адуу нь уу... гээд л нутгийнхан ярих юм. 
-Манай аавыг нутгийнхан “хөх” Сэрээтэр гэдэг юм. Хөхийн адуу хурдан гэдгийг дээр үеийн улс андахгүй ээ. Сөөнөн Дугаржавын хонгорууд, Баадуу Доржийн алаг гэдэг шиг сумандаа нэг жигүүр болсон адуу байгаа юм. Манай адууны онцлог унахад сайн, товир, хурдан. Тэр ч утгаараа эх орны дайны үед бэлгэнд явж байлаа шүү дээ. 1939 оны дайнд аав 10 гаруй морио бэлэглэсэн гэдэг юм. Ер нь миний эцэг малаа их нийгэмчилдэг хүн байсан. Одоогийн Хөгжимт драмын театрыг 1950 хэдэн онд Залуучуудын ордон нэрээр анх барихад 20 хургатай хонио бэлэглэсэн юм билээ. Ахыг цэрэгт явсаны дараа үхэр, ямаагаа бас нийгэмчилсэн гэдэг.  
-Хээр адуунуудынхаа талаар ярьсангүй.
-Хээр адуу гэдэг чинь манай аавын хадам талын азарга. Өөрөөр хэлбэл миний ээжийн эцэг багийн дарга Дуулга гэдэг хүн байсан юм. Дуулгын хүү Балдан гэж сайн уяач хүн нь л дээ. Тэр хүн 1948 онд хээр азаргаа, 1961 онд хар азаргаа тус тус аймгийн баяр наадамд түрүүлгэж байсан. Манай хээр азарга бол Бизъяа гэж хүнээс ирсэн. Тэр нь манай аавын дүүтэй суусан багш хүн л дээ. Аав минь хурдан хар азарга аваад тэр нь явахгүй болохоор хүргэн нь хусран даага бэлэглэсэн нь дөрвөөр давхисан. Ингэж л манайх хурдан хээр адуутай болсон юм. Тэр хээрийн удам их хурдалсаан. Одоо ч хурдалсаар байна. 


-Сэрээтэр гуай хэдэн хүүхэдтэй вэ. Тэднээс хэд нь морь уядаг юм бэ?
-Нэг охин, гурван хүүтэй. Хамгийн том нь Дамдинжав, удаах нь Агваан, тэгээд би. Миний дор нэг өргөмөл охин дүү байсан. 40 гараад нас барсан даа. Мөн миний дээд талын ах дунд сургуульд байхдаа нас барсан юм. Морь уяхын тухайд том ах Дамдинжав бид хоёулаа уяна аа. 
-Ахынхаа тухай яриач. Ямар ямар хурдан хурц морьдтой байсан юм. Хэрхэн наадаж байсан юм гэх мэтчилэн.
-Гурван жил цэргийн алба хааж ирээд хэвлэл хүргэгч хийхийн зэрэгцээ морь уядаг болсон. Олон морь хурдлуулсан сайн уяач. Ахыг морь хурдлуулж байхад медаль гэж байсангүй болохоор чухам хичнээн айраг, түрүү авсныг нь хэлэх боломжгүй юм. Сумандаа голдуу нааддаг. Аймаг  цөөн хэдэн удаа явж, 2-3 айраг авсан. Босоо цавьдарын төлийн төл хар халзан азарга нь суманд хоёр түрүүлж, тав айрагдсан. Мөн хээр азарганыхаа удмын адуунуудыг сайн давхиулж байсан. Манай ахын хурдлуулж байсан морины цувааг харж байхад соёолон морийг илүү сайн уядаг байсан юм уу гэж харагддаг. Гэхдээ бусад насны морийг ч ялгаагүй сайн уяна аа.
-Босоо цавьдарын төл ямар азаргатай байсан юм бэ? 
-Цавьдар халзан. Тэр халзан азаргыг 1968 онд би хавчигт нь Чүлтэмсүрэн гэдэг хүнээс залуу морь, 2000 төгрөгөөр авч байлаа. 
-Танд ирэхээсээ өмнө уягдаж байсан юм уу?
-Шүдлэндээ уягдаад нэг айрагдсан байсан. Тэгээд би 1968 онд хавчигт нь авсан юм. Цавьдар халзан үрээний дүү хурдлаад ирэхээр Чүлтэмсүрэн халзан азаргаа жаахан голох маягтай байх үед нь би таарч авсан. Би тухайн үед азаргагүй болчихсон байсан юм. 
-Чүлтэмсүрэн гэдэг хүн Лхүндэг гуайтай наймаа хийсэн хэрэг үү? 
-Чүлтэмсүрэн Баян-Өнжүүлийн гаралтай хүн. Бүрэнцогтын уурхайд нэг дор ажилладаг байж л дээ. Тэгээд Лхүндэг гуайн цавьдар азарганд гүү хураалгаад гарсан төл нь миний халзан азарга. 
-Халзан азарга танд ирээд хэрхэн хурдалсан бэ? 
-Авсан жилээ Уулбаянд гуравт оруулсан. Лхүндэгийн босоо цавьдар өөрөө хурднаас гадна сайн төлтэй байсан юм байна лээ. Бүрэнцогтын уурхайд  нэг уралдаан болоход Босоо цавьдар өөрийнхөө төл дөрвөн азаргатай уралдаад айрагдсан гэдэг юм. Хөгшин азарга таваар ороод тэр өвлөө жишиж үхсэн юм гэнэ лээ, хөөрхий. 
-Нэг тийм яриа байдаг шүү.
-Тийм л хурдан адуу байж. Миний халзан азарга 1969 онд сумандаа аман хүзүүдсэн. Тэрний дараа жил дөрвөөр давхисан. Тэгээд хоёр жил өнжөөсөөн. Тамир нь хүрэхгүй нь гээд тойглосон юм. Ингээд 1973 онд сумандаа түрүүлж, 1974 онд аман хүзүүдээд, 1975 онд сум байгуулагдсаны  50 жилийн ойгоор 10-аадаар давхисан. Түүнээс хойш уягдаагүй. 


-1968 оны хавчиг азарга гэхээр 1975 онд 11-тэй азарга байжээ.
-Тийм байх. 20 хүрээд жишиж үхсэн дээ. 
-Эцэгтэйгээ хэр төстэй вэ?
-Бөгс нь л жаахан шувтан. Босоо цавьдар бол хондлой, цээж тэгшхэн, ташаа өргөн адуу байсан. Адуунд байхад  нь би харж байсан юм. Түүнээс бусдаар адилхаан. Аль аль нь туур сайтай адуунууд байсан. Миний азарга цагаан дэлтэй цавьдар зүстэй. Эцэг нь халзангүй, цэгээн дэл сүүлтэй зээрд адуу байсан. 
-Та цавьдар азаргандаа ямар гүүнүүд хураалгасан юм бэ?
-Ааваас ирсэн хээр адууныхаа удмын гүүнүүдийг хураалгасан. Цавьдар азарганы үр төлүүдээс  Дамдинжавын хар халзан, Ямпилын Гомбосүрэнгийн хүрэн, Доонэрэнгийн хар, зээрд халзан, Дорнодод дүү Нэргүйн хүрэн морь, Жамъянцэрэнгийн халтар, Цэрэндоржийн зээрд, Сандуйн хээр, Хэрээдоржийн ембүү, Жамбаацэрэнгийн зээрд зэрэг олон хурдан хүлгүүд гарсан. Эр болгон хурдан, охин нь сайн гүү болсон. Манай адууны цусыг сайн сэлбэсэн дээ. Ахын хар халзан бол цавьдар азарганы гал үр. Хар халзан азарга бага наснаасаа тасралтгүй айрагдаж 1981, 1982 онуудад түрүүлж, Эрдэнэцагаан суманд айрагдаж байсан.
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь аль нь вэ?
-Аймагт нэг, суманд тав түрүүлж, хоёр айрагдсан Ямпилын Гомбосүрэнгийн Аварга хүрэн морь байна. Энэ хүрэн морины эх нь манай өөрийн хээрэгч гүү. Хүрэн морь онцгой төрсөн адуу. Сүүлд нь Саарай Банзрагчийн хүү Тод манлай уяач Жанчив ирээд аваад явсан. Тухайн үед Жанчив ид залуухан, сайхан эрээн тэрэгтэй хүн байлаа. Хүрэн морийг авч явахдаа ах бид хоёроос уяа сойлгын талаар ямар нэг юм асуугаагүй. Сүүлд бид хоёр уяа нэгдээд “Чи эрээн тэрэгтэй сайхан залуу байж билээ” гэхээр инээдэг сэн. 
-Жанчив гуайд очоод яаж давхисан юм бэ? 
-Манай хүн хавар задгай авч яваад салхи цохиулчихсан юм билээ. 
-Доонэрэнгийн хар гэдэг нь яаж давхисан адуу вэ?
-Шүдлэндээ айрагдаад, хязаалан аймагтаа түрүүлсэн. Тэгээд Дарьганга руу зарагдсан даа. Цавьдар азарганы үр төлүүдээс гадна намайг алдаршуулсан адуу бол энэ хээр морь./сур.заав/ Гэдсэндээ ирсэн унага байгаа юм. 


-Хээр морь хэрхэн хурдалсан юм бэ?
-Шүдлэнгээсээ айрагдсан адуу. Хязааландаа сумын 50 жилийн ойгоор айрагдаж, аймагт дөрөвт хурдалсан. Соёолон морь сумандаа аман хүзүүдээд, хавчиг морь өнжөөд, долоотой уралдаж аман хүзүүдсэн. Наймтай Асгат суманд түрүүлж, дараа жил нь гуравт хурдалж байлаа. Миний хээр морь өвөл зунгүй уралддаг хурдан морь л доо. Энэ хээртэй нас чацуу Нийгэм хонгор гэж хурдан адуу бас байлаа. Хариуцлагатай үед нийгэм адуунаас даага сургаж есдүгээр сарын 1-нд уралдуулдаг байсан юм. Нэг жил би нэгдлийн адууны хонгор гүүний төл тарган цагаан хонгор даагыг сургаж, шөнөд нь усаар шавшиж, өдөрт нь сүүдэр дагуулж уясаар, есдүгээр сарын 1-нд түрүүлгэн Нийгэм хонгор нэртэй болгож байлаа. Хонгор морь аймагт болсон малын үзэсгэлэнд хоёр удаа очиж оролцож байсан.
-Даагандаа есдүгээр сарын 1-нд түрүүлсэн. Түүнээс хойш ямар амжилт үзүүлсэн бэ?
-Догол гэдэг балчрын өвчнөөс болоод шүдлэн уралдаж чадаагүй. Хязааландаа сумын 50 жилийн ойд айргийн дөрөвт давхиад, аймгийн наадамд аман хүзүүдсэн.
Би тэр жил хоёр хязаалан, нэг азарга, нэг даагатай яваад, соёолонгоо  түрүүлгэж, азарга, хоёр хязаалангаа айрагдуулж, даагаа долоогоор давхиулан сайхан наадаж байсан юм. Нийгэм хонгор даага соёолондоо түрүүлж, 6-7 айрагдсан морь.
-Сайхан нааджээ? 
-Тэгсээн. Дараа жил нь Нийгмийн хонгор түрүүлж, нөгөөх нь аман хүзүүдсэн. Манай энд хавчиг морийг өнжөөдөг.  Тэр жишгээр хонгор морио хоёр жил өнжөөгөөд, наймтай морь сумандаа аман хүзүүдүүлсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа  айрагдсан байх. Тэгээд ахыг нас барсны дараа нийгэмд өгчихсөн юм.
-Халзангийн Жамъяншарав гэдэг хүнийг уншигчид Туушингийн Зоригтын хул морины эзэн гэдгээр нь эчнээ танина. Хул мориныхоо талаар хуучлаач. Удам угшил нь...?
-Хул морины эх нь манай босоо адууны хүрэн гүү. Харин эцэг нь манай ураг Улсын Алдарт уяач Л.Мажигсүрэнгийн хурдан хонгор азарганы төл.
-Битүү хязаалан морь анх авч байсан гэдэг. Даага, шүдлэндээ бага наадамд ч уралдаагүй юм уу? 
-Даага, үрээ олигтой уягдаагүй. Хязаалан морь Асгат суманд түрүүлж, хэд хоногийн дараа Халзан сумандаа гулсаж уралдаад гуравт хурдалсан. Тэгээд соёолон болдог жилээ  зарагдсан.
-Амгалан төрийн ажнай шаргатай уралдаж байсан хар азарганы тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх.  
-Тэр манай босоо зээрдүүдийн угшилтай. Хавчиг азарга очоод улсын наадамд ажнай шаргатай уралдаж байгаад үзүүр дээрээ суугаад 11-т, дараа нь Алтан овооны тахилгад уралдаж байгаад хөлгүй болчихсон гэнэ лээ. Энд хурдлаад л зарагдсан адуу байгаа юм. Ер нь манай адуунууд хаа сайгүй тарсан даа. 


-Буурал аавын унаган хээрийн удмыг Босоо цавьдарын төлөөр сэлбэж.  Өөр хаанаас хурд хуваалцсан бэ? 
-Уулбаяны Далиу ногооны удмын хөх саарал адуу авч, 1978 онд сумандаа түрүүлгэсэн. Тэр саарлын төл Баатарын Дугаржав гэдэг хүний саарал морь Баяндэлгэр суманд гурав түрүүлсэн. Г.Очирын саарал морь Халзан сумандаа гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Саарал азарганы төл олон хурдан адуу гарснаас Жамбалын хонгор, миний хонгор, Цэрэнбалтавын саарал, Дорнод аймгийн Итгэлийн саарал гэх мэтийг нэрлэж болж байна. 
Гүүний тухайд бол өөрийн аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдаас гадна Галшараас авсан. Миний аавын дүүгийн хүүхэд Дулмаа Галшарын шилмэл сууриас хүртэл адуу авчирч байлаа. Тэр адууны охин төлөөс сайн адуу гарсан. 
-С.Жамъяншарав Алдарт сайн уяачаас гадна шаггүй зохиолч. Халзан сумын, цаашлаад Сүхбаатар аймгийн хурдан адуунуудын талаар бичсэн хоёр номыг тань ярьж байна л даа. 
-Түрүүнийх нь түүвэр юм. Хоёр дахь нь “Нутгийн хүлгийн тоос” нэртэй  хурдан морины тухай ном. Энэхүү номонд  аймаг, сум, овоо тахилгын наадмын хурдан морины цуваа, хурдан морины тухай хууч яриа, домог, нутгийн адууны удам угшлын талаар бичсэн юм. Миний номноос 1942 оноос хойш сум, аймагт  хэн гэдэг хүний ямар адуу хурдан байсан, хэдэн үедээ хурдалж байгаа гэх зэргийг бүрэн харж болно. Судалгааны гарын авлага гэх үү дээ.
-Ингэхэд та нэгдэл нийгмийн үед ямар ажил алба хашиж явсан юм бэ?
-Оюутан байхдаа сумын нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Сумын нарийн бичгийн дарга гэдэг юм юманд оролцоно. Гэр бүлийн асуудал, соёл хүмүүжил гээд л. Дараа нь Уулбаянд эвлэлийн үүрийн даргаар хэсэг ажилласан. Тэжээлийн аж ахуйд хадлан бригад, хүнсний ногооны бригадын даргаар ч ажиллаж байсан. Эрдэнэцагаанд нэгдлийн Хянан шалгах чанарын албаны дарга, Асгатад Худалдаа бэлтгэлийн ангийн дарга гэх мэтчилэн явсан газар орондоо удирдах ажил хийж байлаа. Тэр үеийн дарга нарын ажил гэж барагдахгүй. Эрдэнэцагаан суманд дүү Улсын сайн малчин Ч.Цоггэрэлийнд морь уяж байхдаа өглөө эрт очиж мориныхоо ажлыг хийчихээд ирж цайгаа уугаад найман цагт ажилдаа явна. Орой ажил тараад морин дээрээ мотоцикльтой очдог байсан. Одоо ч өөр болсон юм шиг байна. 
-Шаардлага өндөртэй цаг үеийн сайн боловсон хүчнүүд одоо  үнэ цэнэтэй хэвээр л байна. Ингэхэд танай хүүхдүүдээс хэд нь хурдан морь уяж байна вэ?
-Би 11 хүүхэдтэй. Үүнээс долоо нь хүү. Ер нь бүгдээрээ моринд дуртай. Хоёр нь хөдөө мал маллаж, морь уядаг. Гэхдээ гол адуугаа Нямдорж хүү хариуцдаг юм. 


-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд үр удмаараа ивээгдэж яваарай. 

"Тод магнай" сэтгүүл. Дугаар 101. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна