“ТОСОН ДОВОН” МСУХ-НЫ ТЭРГҮҮН Г.ДУНГАРЧАГНААДОРЖ: Хөгжлийн зөв бодлого баримталбал асар богино хугацаанд амжилтаа ахиулах боломж бидэнд бий​

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 07 -нд

Төмстий II багийн харьяат, “Тосон довон” МСУХ-ны тэргүүн Галсантогтохын Дунгарчагнаадорж 1981 онд Заамар суманд төрсөн. Аймгийн засаг даргын хүндэт жуух бичгээр шагнуулсан. Гурван үеэрээ төрийн наадамд морьдоо сойж байгаа уяачийн яриаг хүргэж байна.

ГУРВАН ҮЕЭРЭЭ ТӨРИЙН НААДАМДАА МОРЬ УЯЖ, ГУРВАН ҮЕЭРЭЭ АЙРАГ, ТҮРҮҮГЭЭР ХУРДЛУУЛЖ ЯВНА

-Танайхан хэдэн үеэрээ хурдан хүлгийн хийморьт сүслэн яваа улс вэ?
-Бид гурван үеэрээ төрийн наадамдаа морь уяж, гурван үеэрээ айраг түрүүгээр хурдлуулж яваа улс. Миний өвөг эцэг “оготор” Дамба буюу Нямын Дамба гэж “Заамар” нэгдлийн адуучин явлаа. Харин миний эцэг Дамбын Галсантогтох нь түүний ганц хүү байгаа юм. 
Өвөө маань “Заамар” нэгдэл байгуулагдахад, 1956, 1974 онд тус тус хоёр азарга адуугаа нийгэмчилж байсан юм билээ. “Оготор” Дамбын нэртэй адуунууд 1973 онд сумынхаа наадмын таван айргийг хүртэж, 1972, 1973, 1974, 1975 онд бор морь дөрвөн жил дарааллан аман хүзүүнд хурдлуулсан байдаг.  Атарчдын 20 жилийн ойд сумын Алдарт уяач Эрдэнэчулуун морийг нь унаж анхны медалийг Заамарт авчирсан түүхтэй. Өнөөдөр ч өвөг дээдсийн үлдээсэн адууны буян Заамарт дээгүүр давхиад зогсохгүй улс, аймагт орж буй адууны дээд угшил болж байгаа юм. Аавын 1978, 1979 оны үед авсан Жаргалант гаралтай хар азарганы эр төл болгон хурдалсан. Миний хүргэн ах, аймгийн начин, сумын Алдарт уяач Доржийн уясан морьд энэ л хар азарганы төлүүд байгаа юм. 
-Дорж гуайн хурдан хээр морь хар азарганы төл мөн үү?
-Мөн, мөн. Гэхдээ дараагийн үедээ орно. Тэр хар азарганы охин төлөөс гарсан адуу. Эцэг тал нь Жамъянгийн саарлын төл Далиу азарга. Энэ хээр морь бол Заамар сумаас улс, бүсэд давхисан даалуу адуу шүү дээ. Улс, бүсийн нэг түрүү, таван  айраг, “Их хурд”-ын нэг айрагтай. Манай өвөөгийн үлдээсэн энэ загасан тамгатай адуу Заамарын адууг сайжруулахад жинтэй хувь нэмэр оруулсан гэж боддог юм. 
-Авсан азарганых нь төл болгон хурдалсан гэхээр аав тань хурдан морь таньдаг хүн байжээ дээ?  
-Аав маань “Заамар” нэгдлийн ерөнхий нягтлан, мал аж ахуй хариуцсан нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан энэ сумын анхны сэхээтнүүдийн нэг. Морь ямар сайхан тайлбарладаг байсан гэж санана. Ганцаараа индэр дээр зогсож байгаад суманд ирж байгаа морьдыг модтой байр хүртэл удам угшил, амжилтаар нь дуудна. Миний мэдэхийн сүүлийн 20 гаруй жил тэгж дуудсан байх шүү. Тэр үед сумын нарийн бичиг, одоо анхны тэргүүн Цогтсайхан гуай, аав хоёр наадмын зохион байгуулалт дээр ажиллана. Дэгтэй ч болно гэж ярих юмгүй. Сүүлийн үед наадам их будилаантай болдог болсон. Ялангуяа морины уралдааны гараа бариа, эрлийз монголын асуудал гээд  л. Уяачид ч өөрсдөө мэдэж байгаа биз дээ. 
-Аавын тань нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Аавын нэрийг гаргасан олон сайхан хурдан буянгууд байлаа. Тухайлбал, хамар цагаан хар, зээрд, буурал, хонгор, хоёр хээр морь, хүрэн азаргыг уяж айраг, түрүүгээр хурдлуулсан. Эндээс хүрэн азаргаа гэхэд 2004-2011 он хүртэл суманд завсаргүй оруулсан. Дунд нь 2006, 2007 онд түрүүлгэсэн. 2008, 2010 онд таваар давхиулж, 2011 онд долоогоор давхиж байлаа. Ингээд аав ч гавьяаныхаа амралтанд гарч би гардан уях болсон. Адуугаа ч нэлээн сайжруулсан. Одоо энэ загасан тамгатай адууг улс бүсэд ороход гайхаад байх зүйлгүй. Адуу нь бэлэн байна. Даанч уяж, тэжээх завтай хүн ховор байна. 
-Та амжихгүй л байна уу?
-Сүүлийн жилүүдэд холбооны ажил гээд уяаны ажилд оролцохгүй байна. Миний хувьд 2001 оноос ЗДТГ нярвын ажлыг хийгээд 10 гаруй жил болжээ. Ингэж ажиллах хугацаандаа мартагдаад байсан Заамар сумын МСУХ-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор тэргүүн Цогтсайхан, багийн дарга Цогтгэрэл нартай хэд хэдэн удаа ярилцсан л даа. Тэгээд 2006 оны зургадугаар сарын 16-ны өдөр холбоог шинэчлэн “Тосон довон” нэртэйгээр байгуулж, тэргүүнээр нь сумын Засаг дарга Раах гэж хүн ажиллах болсон. Раах бол адуунд сэтгэлтэй нэгэн байлаа. Тэрээр дөрвөн жил ажиллаад, Энхтайван тэргүүнээр ажиллах болсон. Аль ч тэргүүний үед аливаа ажлыг явуулахад санхүүгийн асуудал их чухал шүү дээ. Тэр утгаараа үе үеийн тэргүүнийг сонгохдоо энэ талыг нь чухалчилж ирсэн. Ингээд 2014 оноос  Энхболд тэргүүнээр ажиллах болсон ч 2016 оны сонгуулиар дараагийн ажил руугаа шилжсэн. Өнөөдөр Заамар сумын уяачдын холбоо нь материаллаг бааз, суурь сайтай ч цаашид хөгжихөд жаахан менежментийн зөв бодлого хэрэгтэй байгаа юм. Тэгвэл асар богино хугацаанд амжилтаа ахиулах боломж бидэнд байна. 
-Та хэдийнээс дэд тэргүүнээр нь ажилласан юм бэ?
-Би 2011 онд “Богдын алаг” гэж гал байгуулахад л тэргүүлэгч гишүүн, тэргүүнээр нь ажиллаж эхэлсэн. Энэ их түүхтэй юм билээ. Богд эзэн хааны хурдан алаг морины амжилтыг эвдсэн морь Монголд одоогоор байдаггүй. Энэ алаг морийг уяж байсан Часын Дондог гэж хүн нь одоогийн Угтаал, Заамараар амьдардаг байж. Тэгэхээр алаг морь Заамар чигийн адуу гэж түүхэндээ бичигдсэн байдаг. Эндээс үүдээд бэлгэдэн “Богдын алаг” гэж галыг  байгуулсан ч  хожмоо гишүүд нь ярилцаж байгаад “Заамар хурд” болгосон. Газар нутгийн хувьд бол эндээс хурд төрөхөөр нутаг. Хэрлэнбаян-Улааны хоёр дахь хувилбар шүү дээ. Одоо энэ Бүрд, Цайдам, Долоон худаг хойшоогоо Хоньч, Эрээн хавирга гээд адуунд л заяасан нутаг гэмээр. Дээхнэ үедээ Богд эзэн хааны торгон сүрэг нутаглаж байсан ийм сайхан газар. Тэр үеийн Манж эзэн хааны сүрэг Сүхбаатар Дарьгангад нутаглаж байсан. Харин Богдын торгон сүрэг үүгээр нутаглан идээшилж байсан учраас Заамар, Угтаал, Цээлийн адуу хурдан байхаас ч яах вэ. 
-Заамарын адуу улс, бүсэд хурдалсан түүх хэр олон бэ?
-1994, 1995 оны үед бол улс бүсэд Заамарынхан явсан. Хуучин Яармагийн хөтөл дээр морь уралддаг байхад Заамарын морьд Айдасын даваан дээр гарч иртэл явдаг. Даанч жил бүр явж чаддаггүй байгаад хараахан амжилт үзүүлээгүй. Хэрвээ уйгагүй явсан бол юм дуулах л байсан болов уу. Анх 1960-н хэдэн онд Заамараас хязаалан халтар үрээ аман хүзүүдсэн  гэж ярьдаг юм байна лээ. Тэрний дараа Довдондоржийн халзан морь улс хувьсгалын 60 жилийн ойд түрүүлсэн. Тэрнээс 32 жилийн дараа Энхтайван тэргүүний халтар даага эрлийз бага насанд аман хүзүүдсэн. 34 жилийн дараа Энхболд тэргүүний шүдлэн үрээ айрагдсан. Харин өдгөө “Өгөөмөр”, “Түмэн хүлэг” галынхан адууны үржил селекцийн ажлыг сайн хийж байна. Адуу нь ч хурдтай байна. Одоо түрүүчээс нь бүсэд оруулаад эхэлсэн. Удахгүй улсад тодрох байх аа. 
-Нутаг бүрт морины уяа эмхэрсэн баг байдаг. Энэ дөрвөн багийн тухайд аль нь илүү хурдтай,  эрдэмт уяач олонтой вэ?
-Тосонгийнхон илүүрхэнэ л дээ. Газар нутгийн хувьд өвс ногоо сайтай учраас адуунууд нь тамир тэнхээтэй. Заамарынхаа ар руу бол үндсэндээ алтны район болчихсон. Тэнд цөөвтөр тооны суурин амьдардаг хүмүүс л морь уядаг юм. “Тосон” багийн наад талын Цагаан хөтөл, Цагаан эрэгийн  болон төвийн сунгаанууд их чанартай болно. Адууг сайн ч онгойлгодог. Морины замын хувьд ч 1000 гаруй морь нэг эгнээгээр уралдсан ч багтахаар тийм өргөн сайхан талд хүүхэд, морь хоёрт айх юмгүй. Харин яг барианд орох хоёр км газар жижигхэн гурван гүдэн байдаг. Манайхан далан гэж ярьдаг. Тэнд бол морьдын байр 10 дотор солигдоно шүү дээ. Тархилсан, зугтаасан, зүдэрсэн морь тэрэн дээр гарч ирээд зогсчихно. Эсхүл Заамарын унаган адуунууд тэр довон дээр байраа ахиулах боломжтой “шидтэй” хэсэгхэн газар бий. 
-Танайхан хоёр ч удаа бүсийн уралдааныг зохион байгуулсан байх аа? 
-Цогтсайхан тэргүүний үед буюу 2001 онд Заамартаа анх удаа өвлийн бүсийг авч байлаа. Их ач холбогдолтой уралдаан болж билээ. Тухайн үед чинь тэжээлийн тухай яриа бол үлгэр мэт сонстдог байсан. Адуу нь бинго уудаг, тэжээдэг, тариулдаг гэнэ гээд л ярихад ангайна. Харин тэр бүсийн уралдаанаар морийг яаж уяж давхиулдгийг томчууд жинхэнэ утгаар нь харуулсан. Тэнд Онон Манлайн уясан Энэрэлтийн Шонх хүрэн азарга түрүүлсэн. Их моринд Борнуурын Галбадрахын жижигхэн ухаа морь орсон. Түүнээс долоон жилийн дараа буюу 2008 онд бид Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдааныг зохион байгуулсан. Энэ хоёр том наадмын дараа хүмүүсийн морь уях сэдэл их төрсөн. 
-Заамарт хурд тарьсан ямар хурдан азарганууд байсан бэ?
-Заамарын гуравхан том угшил яригддаг юм. Улсад анх морь айрагдуулсан сумын Алдарт уяач  Л.Дашзэвэг бол энэ нутгийн хүн. Түүний найз сумын Алдарт Мятав гуайн хэлсэнчлэн Баянцагаан сумаас авчирч хүргэндээ өгсөн хүрэн азарга Заамарт завсаргүй долоо түрүүлж, 4-5 айрагдсан. Тэр азарганы төл Шар Дамбын хүрэн азарга Заамарт бага дөрвөн насандаа түрүүлээд, зарагдсан. Ингээд хоёр жил давхиагүй байгаад дараагийн эзэн Ар-Урт бригадын Чимэдийн Лхагва гэж хүнд очоод маш сайн хурдалсан. Ахиад дөрөв, тав ч түрүүлчихсэн. 

Ч.Лхагвын хүрэн азарга. 1995 оны улсын баяр наадмын хязаалан будилахад түрүүлсэн

Бас шар Дамбын ухаагаас гарсан эр төл болгон нь давхилаа. Манай эцэгт ирсэн төл ухаа азарга суманд завсаргүй зургаа орсон. Ингээд бодоход гурван үеэрээ давхиад байгаа юм. “Халзан” Дашзэвэгийн хүрэнгийн угшил гэдэг нь одоо суманд бие даасан угшил болчихоод байна. Өнөөдөр энэ цусны адуунаас суманд 30 адууны 15, 16 нь ороод байна. Нөгөө талд Палам гэж манай сумын нэг тууварчин дээхнэ үедээ Хэнтийн Дэлгэрхаанд түрүүлсэн саарал хязаалан үрээг авчирсан байдаг. Их ч гярхай хүн байсан юм билээ. Хүмүүсийн зарим нь авсан, зарим нь “дэлссэн” л гэж ярьдаг. Бид ямар баталж нотолж чадах биш дээ. Ямар ч байсан Заамарт хэрэгтэй адуу болно гээд аваад ирсэн. Авчраад “панз” Дамбий гэж найздаа өгч. Өнөөх нь адууг нэг толгой илүү харж авдаг, морь сайн уядаг, ямар морь хаана, хэнд байх ёстойг төвөггүй мэддэг гоц авьяастай  нэгэн байж л дээ. Тэгээд Дамбий панз “Энэ морь Жамъянд л байх ёстой юм байна” гээд өгчээ. Тэгэхдээ “Чи битгий уяарай. Үүний төл болгон нь хэрэгтэй. Засаа нь хэрэгтэй шүү” гэж. Найз нь тэсэлгүй дараа жил нь соёолон уяад Заамар, Угтаал, Тойромд түрүүлгэчихэж. Хожим араас нь хүн амьтан ирсэн л гэдэг юм билээ. Гэхдээ авч яваагүй гэсэн. Миний мэдэхийн энэ саарлын төл болох 30 гаруй адуу Заамарт давхисан. Нэг нь Далиу хээр байна. Энэ хээрийн төл азарганаас гарсан  “шөрмөс” Доржийн хээр морь байгаа юм. ММСУХ-ны 2010 оны чансаа өндөр найман их морины нэг болсон. Дараа нь Дамбий панзын Жаргалантаас авчирсан хар азарга орно. Манай эцэг энийг авсан шүү дээ. Гурав дахь нь улсад авчирч давхиулаад байгаа хар азарга байхгүй юу. 60, 70 хувийг нь дээрх хоёр азарганы удам угшлын адуу эзлэхээр бага хувь үлдэж байгаа биз.  

Сумын Алдарт уяач Д.Галсантогтохын хүрэн азарга. 2007 онд түрүүлж буй нь

Аймгийн Алдарт уяач Ч.Уламбаярын зээрд морь. 2009 онд АХ-ын 88 жилийн ой, Заамарын наадамд түрүүлсэн

-Заамарт удам дамжсан уяач олон уу?
-Цөөхөн шүү. Удам дамжсан уяачид 20-иод хувийг эзлэх болов уу. Тухайлбал, Мятав өвгөн, түүний зээ морь уяж байна. Энхтайван тэргүүн, түүний аав Миеэсүрэн гэж уяач байлаа. Дүү “чухал” Дамдинсүрэн нь бас морь уядаг. Чухалынх нь хүүхэд Цогтгэрэл, түүний хүү Мэндсайхан нар бас уяа эвлүүлнэ. Гэхдээ яг удам залгасан уяачид сүүлийн үед морь уяхгүй байна. Одоо чинь морь уяхад хөрөнгө мөнгө их хэрэгтэй болсон цаг. Өөрөөр хэлбэл, адуу нь байгаа ч бусдыг нь дийлэхгүй байна л даа. Гэхдээ сүүлийн үед уул уурхайн бизнес эрхэлдэг залуус моринд хүч түрэн орж ирж байна. Энэ нь адууны хөгжилд нөлөөтэй гэж үзээд сайшаалтай л ханддаг. 
-Тэгвэл энэ нутгийн эрдэмт уяачдын талаар хэр мэдэх вэ?  
-Өнөө цагт Энхтайван ах байна. Бие даан гардаж уядаг. 100 гарсан жинтэй атлаа хүрэн азаргаа уначихсан, хөлс аваад явж байх жишээний. Бас Чимэдийн Лхагваа гэж Ар-Уртад нэг хөгшин байлаа. Шар Дамбын хүрэн азаргыг авч, төл бүрийг нь давхиулсан хүн. Түүний “школ”-оор морь уяж байгаа уяач энэ хойд зүг рүү Энхболд тэргүүнээс эхлээд хэд хэд байна. Газар нутгийнхаа хувьд тариан талбай ихтэй учраас уул руугаа морины ажлаа хийдэг. Морины үзүүрийн цуцааг сайн гаргадаг. Манай баруун энгэр талд морьд хурдан ч дандаа үзүүрийн цуцаатай. Хойд талын уурхай дагасан суурин болохоор морь тарлах зай хамгийн боломжтой нь долоон км байдаг учраас богино зайд уралддаг. Морины гарааны хурдыг сайн хийдэг. Энэчлэн газар орныхоо онцлогт тохируулсан өөр өөрийн уяаны арга барилтай. 
-Таны хувьд хэд дэх жилдээ морь уяж байгаа вэ?
-1993 онд мориноос хасагдаад морь уяж эхэлсэн. Жаргалант гаралтай аавын минь хар азарганы төл болох миний нэртэй хар азарга байсан юм. Тэр хар азаргыг их хурдан байхад нь аймгийн 70 жилд аваад явж байлаа. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Хүн дагаад явна, хөөрхий, алдаа оноо гаргана. Гэхдээ тэр наадамд 15-аар давхиулаад их урам зориг орсон. Өөрөө л уячихмаар санагдаад, ааваасаа хүртэл зөрж үзсэн. Тэгээд өөрөө олон жил уясан л даа. Ингэж морь уяад дөрвөн жилийн дараа буюу 1997 онд сумын наадамд соёолон айргийн дөрөв, таваар дарааллан оруулж билээ. Ёстой магнай хагартлаа баярласан. Түүнээс хойш бага наадмууд буюу богино зайд хэд хэд оруулсан. Харин зээрд азаргаа аавтайгаа хамжиж уяад завсаргүй таван жил хурдлуулсан. Дунд нь хоёр түрүүлгэхдээ өөрөө гардаж уясан юм. Бүүр хэлж байгаад түрүүлгэж байлаа шүү дээ.  
-Тэр нь хэдэн он юм бэ?
-2006 он. Тэр жил үеийнх нь адуунууд болох галын тэргүүн Жамъянгийн хүрэн азарга, ахынх нь хар азарга хурдан байсан л даа. Хамт сунгахад долоо, наймаар л яваад байсан. Гэхдээ  давхил зөв, уяа ханачихсан байсан нь андашгүй болохоор санаанд багтаад л байлаа. Их сунгааны дараа “Би энэ хүрэн азаргыг их хол тавина аа. Заамарт түрүүлэх адуу” гэж хэлчихээд давхиад явчихлаа. Тэр сунгаанаар нэлээн зайтай түрүүлсэн. Бараг 500 метр, дараагийн түрүүлдэг нь км гаруй байлаа. Тухайн үед чинь би өөрөө гардаж уясан. Дээр нь  12 сарын турш тасралтгүй тэжээлтэй, эдэлгээтэй байсных л болов уу. Гэхдээ 2011 оноос хойш үндсэндээ морь уяхгүй байна. Холбооны ажилд анхаарлаа хандуулаад морь уяхаа хойш тавьсан. Тэгээд ч яг санаанд таарсан, уячихаар адуу тааралдахгүй байна. Энэ өвлөөс морьд тэжээж эхэллээ. Одоогоор хүрэн азарганы төлүүдээс нэгийг ч уяж үзээгүй байна. Гэхдээ давхина гэдэгт итгэлтэй байгаа шүү. Энэ тэжээж байгаа хоёроо ч зун юм дуулгана гэж найдаж байна. 
-Хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Миний нэр дээр хоёр түрүү, есөн айраг байна. 
-Эцэг эхээс хэдүүлээ вэ. Танаас бусад нь морь уядаг уу?
-Бид эцэг эхээс зургуулаа. Би айлын ууган хүү байгаа юм. Бага дүү барилдах дуртай. Бөх л ярьсан хүн бий. Манайхан чинь бөхийн талдаа Зангийнхан гэж удам сайтай улс л даа. Манай өвөө Занги гэж хүн хоёр даага сугавчлаад явдаг, тийм том биетэй хүн байсан. Манайхнаас Баасандорж, Өсөхбаяр нарын бөхчүүд төрсөн бөгөөд ээж талын хамаатнууд байгаа юм. Доод талын эрэгтэй дүү маань мянгат малчин. Ерөнхийдөө морь малд их дуртай ч гардаж уяхгүй л байна. Тэгэхээр одоогоор би л гэрээсээ адуунд  илүү ойрхон явна. Гэхдээ сүүлийн үед морины хүүхэд олдохгүйн зовлон бас байна аа. Сургаад авдаг, тогтож өгөхгүй юм. Ямартаа ч энэ жил өөрийн хүүхэд тав хүрч байгаа. Хүссэн хүсээгүй морио бэлдэх цаг ирж байна. Хүү маань 12 хүртлээ унана гэхээр ойрын 6-7 жилдээ адуутай ноцолдох болов уу. 
-Бидний яриа өндөрлөж байна. Таны хамгийн сайхан наадмын тухай энд яриулмаар байна. 
-2008 оны Заамарын бүс сайхан наадмуудын нэг дээ. Би зохион байгуулах комисст ажиллаж байлаа. Өмнө нь 2006, 2007 онд азарга түрүүлгэчихээд, “Нэг түрүүлж байгаа юм чинь хоёр болгож яагаад болохгүй гэж” гээд ахиад тавьсан. 2008 онд ч бүсийн хурд болдог жил санаагаар бол гурав түрүүлгэчихмээр байсан ч азаргаа хараад ам гарч чадаагүй ээ. Тэр наадамд миний азарга тавлаж, Энхтайван ахын сарт хүрэн азарга түрүүлж байлаа. Заамарын бүсийн уралдаанд 22-т давхисан. Цаанаа том наадамтай гэж байгаад ажлыг дутуудуулчихсан юм. Заамараас Энхтайван ахын сарт азарга наймаар орж, минийх ийнхүү 22-т баригдсан. Аймгийн Алдарт уяач Чалхаагийн Уламбаярт би 2008 онд битүү зээрд үрээ авч өгөөд өөрөө уясан. Тэгээд сумын наадамд аман хүзүүдүүлж, бүсэд 22-оор давхиулсан. Заамарын наадамд урд нь түрүүлсэн үрээ өмнө нь орчихсон. Тэр их дурсгалтай сайхан наадам болсон. Нөгөө талаасаа их хариуцлагатай, гар салгалуулсан хүнд наадам байж билээ. “Хүнд авч өгсөн юм давхихгүй бол яана аа” гэж бодоод олон ч өдөр нойргүй явсан шүү. Гэхдээ өөрөө таньж аваад айрагдуулсандаа бас баярласан. 
-Ярилцсанд баярлалаа.

Д.Энхтуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна