“Тэсийн хишиг” МСУХ-ын холбооны дэд тэргүүн, сумын Алдарт уяач Т.Дамжинрагчаа: Тэсийн гол хурдгүй болсон юм биш, уяа нь хоцрогдчихоод байна
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Жаргалант VI багийнс харьяат, "Тэсийн хишиг" МСУХ-ны дэд тэргүүн, сумын Алдарт уяач Түмэндэмбэрэлийн Дамжинрагчаа 1977 оны өвөл сумынхаа хүн эмнэлэгт төржээ. "Тэсийн хишиг" МСУХ-ны хүндэт гишүүн аавыгаа залгамжилж 2007 оноос өнөөг хүртэл 11 жил уяачдын холбоондоо ажиллаж буй тэрээр:
Аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичиг
"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны "Уяачийн алдар" одон
ММСУХ-ны "Эрдэнийн очир" одонгоор энгэр мялаасан аж.
-“Тэсийн хишиг” МСУХ-ын холбооны дэд тэргүүнтэй уулзаж байгаа болохоор холбооны талаар эхлээд ярилцъя. Холбооны түүх бичигдэж эхэлсэн он цаг хэдийнээс тоологддог вэ?
-1996 онд Дамдинжав болон манай аав хэсэг нөхдийн хамт анх уяачдын холбоотой болъё гэж санаачилж энэ холбоог байгуулснаас хойш 22 жилийн нүүр үзэж байна. Миний хувьд холбооны Хүндэт гишүүн аавыгаа залгамжилж “Тэсийн хишиг” МСУХ-нд 2007 оноос өнөөг хүртэл 11 жил ажиллаж байна. Анх холбоонд ороход холбоо тамга тэмдэгтэй боловч тодорхой хийгдээгүй байсан тул залуу хүний хувьд, дэд тэргүүний хувьд санаачлагатай ажиллая гэж зорьсон. Тэгээд сумын зэрэглэлтэй хаврын уралдаан зохион байгуулдаг болж, баг болгоноор нь гал болгож уяачид хамтарч ажиллах, нэгнээсээ суралцах боломжийг бий болгосон. Галуудынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг болгох үүднээс жилийн эцсээр оны Шилдэг галыг шалгаруулдаг. 2016 онд аймгийн баруун бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулж, зургаан насны морь уралдуулсан. Энэ бүсийн уралдаанд таван аймгийн 20-иод сумынхан ирж уралдсан томоохон уралдаан болж байлаа. Мөн өөрөө санаачилж хийморийн морины шүтээн буюу Зэндмэнэ сахиусыг босгож, гарааны төхөөрөмжтэй болгосон.
-Холбооноос уяачдаа бүртгэлжүүлсэн байх. Цэцэрлэг сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг, морь уядаг хичнээн хүн байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 70 гаруй уяач байгаагийн 60-70 хувь нь залуучууд байна. Ер нь манай залуучууд сүүлийн үед морь уях нь эрчимтэй нэмэгдэж байгаа. Холбооноос санаачилж хавар “Нутгийн унага” дааганы уралдаанд нутагтаа л төрсөн бол эм даага ч хамаагүй уралдуулдаг. Эрлийзээ нэлээн сайн ялгадаг учраас анх моринд орж байгаа залуучууд урамтай унаган адуугаа уядаг. Улсын алдар цолтой гурван уяач бий. Намсрайдорж гуай, Хишигбат гуай, Санжаа гуай гээд МУ-ын Алдарт уяачид нэг баг, нэг голоос төрсөн байдаг. Намсрайдорж гуай “Харьяаллаараа би Мөрөнгөөрөө явдаг ч миний нутаг бол Цэцэрлэг сум шүү” гэдэг. Аймгийн Алдарт уяач 15 байдгийн гурав нь бурхны оронд одсон. Улсын алдар цолонд ойрхон байгаа 2-3 аймгийн Алдарт бий. Сумын Алдарт цолтой 32 уяач бий. Ганц нэг хүний цолон дээр шүүмжлэлтэй ярьдаг л юм. Суманд жилдээ ганц уралдаан болдог нь амжилт тооцоход цолонд удаан хүрдэг. Холбооны зүгээс залуучууддаа урам өгөх зорилгоор хаврын уралдаан, “Нутгийн унага” дааганы уралдааныг сумын зэрэглэлтэй болгон хийж цолны болзолд тооцдог.
-Цэцэрлэг сум Тэсийн голын адуугаар нааддаг гэж ойлгож байна. Сумын долоон багаас аль нь илүү хурдтай вэ?
-Цэцэрлэг сум Тэсийн голын яг эхэнд нь байдаг. Эндээс 10-аадхан км-т Тэсийн эх бий. Тийм учраас Тэсийн эхэнд хурд нь арай илүү байлгүй гэж боддог. Сумын баяр наадмын статистикийг аваад үзэхэд Жаргалант баг арай түлхүү амжилттай. Үүнд тус баг хамгийн олон уяачтай нь нөлөөлдөг байх. Сумын нийт уяачийн 50 хувь нь Жаргалант багийнх. Энэ багийн Сандагийн Түдэв, Олдох гээд ах дүү мундаг уяачид эртнээс адуу малаа сайжруулж уяж байсан нь нөлөөлсөн гэж боддог. Гэхдээ Тэсийн гол дагуу ер нь хурдтай. Дээхнэ үеийн ном судраас харахад Тэсийн голын унага гэдэг гандан жасын адуу юм билээ. Гандан жасын адууг сайжруулахаар хойноос адуу авчирч эрлийзжүүлэн Тэсийн голын унага бий болсон гэж манай аав ярьдаг байсан. Тэсийн голыг одоо хурдгүй болчихсон гэж зарим нь ярьдаг. Энэ бол тийм биш. Харин манай эндхийн уяа төв газрын уяачдаас 10 жилээр хоцорч яваа. Үржил селекц хийх, эрлийзжүүлэх тал дээр ч манайх хоцорч яваа гэж боддог. Нөгөө талаар эндээс явсан Тэсийн голын адуунууд давхиж байгаа нь ч бий. Тухайлбал Улсын Алдарт Хишигбат гэдэг хүн манай аавын Өвгөн хар азарганых нь төлөөс хар азарга авсан нь улсад очоод түрүүлсэн.
-Эрс тэс уур амьсгалтай Тэсийн голын ай сав дагуу эрлийз адуу дасан зохицоод хурдалсан гэдэг сонин юм. Үнэхээр Оросоос адуу оруулж ирж цус сэлбэж байсан юм уу?
-Тэсийн гол дагуу Оросын хилтэй ойрхон. Тэр үед нааш цааш чөлөөтэй холхидог байсан болохоор адуу мал орж ирдэг, наймаа панз хийдэг, авдаг өгдөг байж. Манай аав “Гандан жасын адууг дээр үеэсээ Оросын Томск хотоос адуу оруулж ирж сэлбэдэг байсан” гэж ярьдаг. Тоомсог гэдэг нэршил Томск хот гэдгээс улбаатай шүү дээ. Тэгэхээр Оросын адуутай Тэсийн голын адуу эртнээс холилдсон байх магадлал өндөртэй юм билээ. Манай аавын адууны дээд угшил нь гандан жасынх. Аав 10 хэдтэй хүүхэд байхдаа Хайдав гэж хүний унаган хар азарга, Олдох гэдэг хүний унаган адуунаас байдас худалдаж авч хурдтай болсон байдаг. Энэ адууныхаа угшлыг эрж судлахад Олдох гэж аймгийн Алдарт уяач хөгшин гандан жасын угшилтай адуу гэж хэлсэн гэнэ лээ.
-Сэтгүүлийн маань хуудсаар Цэцэрлэг сумынхаа эрдэмтэй сайн уяачдаа дурсан алдаршуулахгүй юу?
-Сандаг гэдэг хүний хүүхдүүд Түдэв, Олдох нар сайн уяачид байв. Ах дүү хоёр 1970 хэдэн онд аймгийн баяр наадамд очоод таван насны түрүүг аваад ирж байсан гэдэг. Энэ талаар ном, сэтгүүлд тэмдэглэгдсэн байдаг ч эндүүрээд Архангайн Цэцэрлэг гээд биччихсэн байдаг. Улсын Алдарт Санжаа гэдэг хүн аймгийн баяр наадамд хоёр айраг, Завхан аймгийн баяр наадамд нэг айраг авсан гэдэг. Бадрах гуайг аймгийн баяр наадамд айраг авсан гэдэг. Яг хэд гэдгийг би тодорхой мэдэхгүй. Манай өвөө аав Сампил мундаг уяач байлаа. Улаан морь, хээр азарга нь сумандаа түрүүлж айрагддаг байсан. Түүний хүү Аймгийн Алдарт уяач Түмэндэмбэрэл гэж миний аав байна. Аймгийн баяр наадмаас гурван айраг, улсын бүсээс нэг айраг, аймгийн бүсээс хоёр айрагтай, тэр үеийн болзлоор улсын Алдартын болзлыг хангачихсан байсан. “Шар” Бадрах гэж аймгийн Алдарт уяач хүн байсан, үр сад нь ч морь уяж байна. Аймгийн Алдарт уяач Бэгзийн Даваа гэж морийг мундаг таньдаг. Улсын Алдарт уяач Санжаа гуай бас морь сайн таньж шинждэг байсан гэж манай аав ярьдаг. Тэр үеийн уяачдын энд хүрч морь шинжиж, эмнэдэг уяачид одоо алга. Тэдэн шиг ёс жудагтай уяачид улам цөөрч байна. Өнөөдөр эрлийз ч байна уу, ах ч байна уу хамаагүй морио тавьж цоллуулж л байвал хамаагүй, бусдыгаа хүндлэх ёс зүй манай өнөөгийн уяачдад дутагдаж байна даа.
-Уяачдын хувьд ийм байж. Энэ орон нутагт хурд тарьсан хэний ямар азарганууд байсан бол оо?
-Хурд тарьсан сайн азарганууд олон бий. Ах дүү Түдэв, Олдох нарын азарга хурдан байлаа. Чухам үр төлүүд нь давхисан эсэхийг мэдэхгүй. Түмэндэмбэрэлийн харууд гээд манай аавын хоёр хурдан хар азарга байсан. 2000 оны эхээр сумын наадмын эхний 15 азарганаас 12 нь манай аавын адууны угшилтай байсан. Чулууны хар азарга гэж хурдан адуу байв. Тэр хүн манай аавын хүргэн. Хүргэндээ өгсөн хар азарганы төлүүд маш сайн давхисан. Дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдсэн Дамдинжавын хээр азарганы төлүүд нь бас манай суманд их хурдалсан. Өвөг эцэг нь Шаандарын хээр азарга байгаа юм. Найнаан Пүүжээгийн халтар азарганы төлүүд сайн байна. Нэгдүгээр багийн Цэрэнгийн бор азарганы төлүүд гайгүй. Сумын Алдарт уяач Баяраагийн хээр азарганы төлүүд бас сайн байгаа. Хоёрдугаар багийн Амараагийн хүрэн азарганы төлүүд мундаг сайн байна. Дөрөвдүгээр багийн уяач Рэнцэнгийн зарагдаад явсан хул азарганы төлүүд суманд байнга айраг, түрүү авдаг. Сүүлийн үед Оогоо гэдэг залуугийн хүрэн азарганы төлүүд давхилтай байна.
-Сайн их насны морьдыг нэрлэх боломжтой юу?
-Нэг хэсэг Даваагийн хүрэн, Санжаан Хулгар хээр, Хишигбатын хонгор, Бадарчийн хээр гээд морьд хурдан байв. Түүний өмнө Санжаан улаан, Сампилын улаан, Бадрахын улаан гэж гурван улаан морь байсан гэдэг. Ахмад уяачдынхаа яриаг сонсож байхад Вангарзагдын халтар гэж сайн морь гэж яригддаг юм билээ. Миний мэдэхээс Даваагийн хүрэн, Сүрэнжавын хүрэн, Санжаан Хулгар хээр, Нямдаан цавьдар, Алтангэрэлийн хүрэн, манай аавын дөрвөн хар морь, Бадарчийн аймагт айрагдсан хээр гээд тогшоо морьд байлаа. Сүүлийн үед Батбаярын улаан, Шархүүгийн халтар гээд хурдан адуунууд байна. Батбаярын улаанаас хойш 4-5 түрүүлчих тогшоо морь суманд алга, жил бүр өөр өөр морьд түрүүлж байна.
-Энэ нь юутай холбоотой вэ? Холын адуу орж ирээд цус сэлбээд байна уу, эсвэл наадам өрсөлдөөнтэй илүү чанга болоод байна уу?
-Манай энд их насанд гаднаас ирсэн морь байдаггүй, дотроо уралддаг. Хөл гар нь муудаж байгаагаас үзэхэд уналга эдэлгээ, тэжээлтэй холбоотой уяачдын алдаа байна уу гэж хараад байгаа юм.
-Та гурав дахь үеийн уяач юм байна. Өвөө Сампилынхаа талаар ярьж өгөөч?
-Өвөөгийн аав Даваа морь сонирхдог хүн байсан гэж би сонсож байсан юм байна. Манай өвөө бол мундаг уяач байсан. Өөрийнхөө мэдэх өвөөгийн сүүл үед давхисан морьдыг яривал Сампилын улаан гэж сумандаа гурав түрүүлсэн морь, 4-5 айрагдаж түрүүлсэн азарга байсан гэдэг юм. Тэр үеийн уяачид одоо шиг олон морь уядаггүй, нэг, хоёр морио 10, 20 жил уядаг. “Хоёр морийг хүн элээж чаддаггүй юм даа” гэж өвөө маань ярьдаг байсан гэнэ лээ. Тэгээд ч адуу мал цөөтэй, хувийн адуу гэж байгаагүй биз. Өвөөгөөс улаан морь, хээр азарга хоёрыг аав өвлөж аваад уясан гэж ярьдаг.
-Түмэндэмбэрэл гэдэг хүн хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Өвөө маань аавыг ахаасаа өргөж авсан юм билээ. Тэднийх хүү, охин хоёрхон хүүхэдтэй айл байсан гэдэг. Өвөөгийн уясан морийг 1958-1961 он хүртэл унаад, 1965 он хүртэл аавыгаа дагаж морь уясан гэдэг юм. Тэгээд 1966 оноос өөрөө дагнаж уяснаас хойш 40 гаруй жил хурдан хүлгийн уяа тааруулсан. 2014 онд өөд болсон доо.
-Таны аавын хар азарга Цэцэрлэг сумандаа хурд тарьсан адуунуудын нэг гэсэн. Хар азарганых нь талаар ярихгүй юу?
-Өвөөгөөс аавд ирсэн хээр азарга энэ нутгийн Булнайн арын адуу. Хайдав гэж хүний унаган хар азарган үрээ, Олдох гэдэг хүний унаган адуунаас хар байдас авсан. Байдас худалдаж авсан жилээ аавынхаа өгсөн хээр азарганд хураалгаж хоёр халтар морь гарсан нь сумандаа түрүүлж, айрагдсан. Дааганаасаа их нас хүртлээ 5-6 айраг, түрүү авсан. Дараа нь авсан хар азаргандаа хураалгаж дан хар адуу гарч эр болгон нь давхисан. Тэр хар азаргаа уяад 7-8 айраг, түрүү хүртсэн. Зүсэнд нь сонирхож авснаас хурдан гэж аваагүй. “Чи таньж авсан уу” гэж хүмүүс асуухаар аав “Үгүй ээ, сайхан л адуу байхаар нь авсан” гэдэг байсан. Ганц тэр гүү, азарга хоёрын дундаас гараад байна уу гэж найз нөхөд, ах дүү нар гүү тавихад бас гарсан эр болгон нь давхисан. Их хурдан азарга байсан байгаа юм. Тэгээд улсын Алдарт уяач Хишигбат гуай аваачиж дүүргийн наадамд уралдуулж түрүүлгэсэн. Хар азарганы төлүүд аймаг, сум даяар нэлээн тарсан. Аймгийн Алдарт уяач Батчулуунд хар азарга очиж сум, аймгийн наадам, Завханы залгаа сумдаар сайн давхисан. Завхан аймгийн Тэлмэн сумын, аймгийн Алдарт уяач Цэрэндаш гэдэг хүнд халтар азарган үрээ өгсөн. Тэр нь Завхан талаараа олон айрагдаж, түрүүлсэн. Сумандаа бол эд нарын удам тогтмол ордог юм. Би хар азарганы гурав дахь үеэр нь азарга тавьсан, одоо нэлээд хөгширч байгаа болохоор дөрөв дэх үеэр нь азарга тавих гэж байна. Сүүлийн үед Дорнодын Матад, Сүхбаатар, Увсаас янз янзын зүстэй адуу авч үржил селекц хийгээд ирэхээр хар зүс нь халтар, хээр гээд янз янз гарч байна лээ.
-Түрүүн аавыгаа улсын бүсийн уралдаанаас нэг айрагтай гэсэн. Тэр нь хэдэн оны ямар наадам бэ?
-2000 оны Завханы Баянтэсэд болсон бүсийн уралдаанд хар азарганых нь төл хар азарга айргийн гуравт давхисан. Тэр үед Баянтэсийн улсын Алдарт уяач Базаррагчаагийн халтар түрүүлж, Увсын Зүүнхангайн Гүнгийн саарал азарга аман хүзүүдэж, аавынх гуравласан. Тэр хар азаргаа аав манай ах сумын Алдарт уяач Жадамбаад өгсөн. Сумандаа 12 түрүүлж, дөрөв айрагдсан байх аа. Сүүлд 19-тэйдөө сумандаа түрүүлээд, зодог тайлж 22 хүрч өөд болсон.
-Аймгийн чанартай наадмуудаас хэдэн айрагтай вэ?
-2001 онд аймгийн ойгоор очиж азарга айрагдуулсан. 1991 онд очиж хар морь нь айрагдсан боловч маргаан үүсэхээр нь орхисон гэсэн. Нийтдээ 6-7 айраг аймгийн чанартай наадмаас авсан байдаг. 2006 онд энд аймгийн бүсийн уралдаанд болоход гурван айраг авсан.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ. Аймгийн амжилтаар цол өгдөг байх үед яагаад улсын Алдартад тодорхойлогдоогүй юм бэ?
-Яагаад тодорхойлогдоогүйг мэдэхгүй. “Улсад очиж морь айрагдуулж, түрүүлгэж чадахгүй байж улсын Алдарт цол аваад яах вэ” гэсэн гэдэг. Улсын Алдарт гээд том малгай өмсчихсөн яваад байдаг, ганц ч айраг, түрүүгүй байвал бас хэцүү биз дээ. Манай аав сумын наадмаас 140 гаруй айраг, түрүү авснаас 40-өөд нь түрүү байдаг юм. Энэ бол бодит тоо л доо. 40 гаруй жил морь уясан хүн ийм амжилт гаргана шүү дээ. Тэгээд ч сумынхаа наадамд нэг дор олноор оруулдаг байлаа. 1991 онд гэхэд их насны эхний тав дотор гурван морь нь орсноос нэг нь түрүүлж, хоёр нь гурав, дөрвөөр айрагдсан. Азарга нь тавлаж, соёолон нь айрагдаж байсан юм даг. Уяж байсан дүү нарынхаа морьдтой нийлбэл манай уяанаас 10 хэдэн айраг, түрүү авсан.
-Аав тань уяаны ямархуу арга барилтай байсан бэ?
-Манай аав бол “Хүнээр заалгаад хүн сурах нь ховор, өөрсдөө сурдаг юм” гэдэг байсан. Өөрөө бол их зөөлөн уяатай байсан юм. Тэр үед өвлийн уралдаан гэж байхгүй ч морио өөрөө унаад эрт онгойлгочихоод зөөлөн уядаг. Хүмүүс “Түмэндэмбэрэлийн морь зогсож байгаад давхидаг” гэж ярьдаг байсан.
-Энэ олон жилийн амжилттай наадмуудаас аав тань хэдэн оны ямар наадмыг илүүтэй онцолж дурсдаг байсан бол оо?
-Олон айраг, түрүү авсан 1991 онд наадамд хамгийн их баярласан гэж ярьдаг юм. Нэг хар морь нь түрүүлээд, дараагаар хоёр морь нь ороод, азарга, соёолонгийн айраг авчихсан. Дээр нь дүү нарынх нь болоод морийг нь уядаг байсан хүмүүсийн хязаалан үрээ, шүдлэн, дааганууд нь түрүү айргаар давхисан. Тэр наадмыг их ярьдаг байж билээ. Ер нь оргил үе нь байж. Түүнээс өмнө 1984 онд билүү сумынхаа наадмын дааганаас бусад таван насны түрүүг авч байсан. Их амжилтын хажуугаар зам нь дардан байгаагүй л дээ. Даваахүү гуайн хэлдгээр хэл амных байдаг юм уу, юм юм тохиолдож байсан гэдэг. 1991 оны баяр наадамд тэр олон айраг, түрүү авсны дараа наймдугаар сард сайхан хүүгээ алдаж байсан. “Мориныхоо овыг дарж, өөрийнхөө хор шарыг дарж, хүүхдээ зөв сургаж байж уяач болдог юм даа. Аав нь ч уяач болж чадаагүй шүү дээ” гэж хэлдэг байсан юм аав минь. Бид эхээс наймуул боловч одоо дөрөв нь бий. Бид дөрвүүлээ моринд сонирхолтой. Ах Жадамбаа маань хар азарганыхаа амжилтаар аймгийн Алдартын болзолд дөхөж яваа. Харин би хоёр хүү, нэг охинтой. Том маань цаг үргэлж намайг дагаад морь мал гэж явдаг юм.
-Аавыгаа амьд сэрүүн байхад өөрсдийнхөө нэр дээр морь цоллуулахгүй гэдэг хүмүүс байдаг юм билээ. Таны хувьд?
-Би ч бас яг л тэгж боддог байлаа. Надад зүслээд өгчихсөн адуу байсан ч, тусдаа гарсан хойноо ч гэсэн том баяр наадамд очихоороо аавынхаа нэр дээр тавьдаг. Миний гардаж уясан адуу аавын нэр дээр сумын баяр наадмаас долоон айраг, түрүү авсан байдаг юм. Аав надад том хар азарганыхаа төлөөс өгч, өнөөдөр би төлийн төлөөр нь наадаж байна. Хар морийг аав манай том хүүхэд даахиа үргээхэд унага өгсөн юм. Залуудаа хээр морио алдаа оноотой уяж олон удаа нэр дээрээ оруулсан. Завханы Тосонцэнгэлийн ойд очиж Тэлмэн сумын Аварга хээр гэж даншигт орсон морины сүүлийг нь дэрлээд орж байлаа. Би аав шигээ адуугаа хайрлаад зөөлөн уяатай, дандаа дутуу уядаг байсан юм шиг. Эдэлгээ хийж чадахгүй мөртлөө хайрлаж уяад байдаг. Уг нь сайн байсан ч Сумын баяр наадамдаа айргийн араар ордог юм. Тэгэхээр нь Завхан аймгийн Их-Уул сумын ойд хөтөлж аваачаад тавьсан чинь гурваар гарч ирээд тугны доод талд суугаад наймлачихдаг юм. Их-Уулд Аварга хээр түрүүлчихгүй юу. Маргааш нь амраахгүй хөтөлж гүйлгэж тоосонд ирчихээд уралдуулсан чинь Аварга хээртэй ирсэн. Түүнээс хойш уналга эдэлгээ дутуу хийдгээ мэдэж авсан. Уяач хүн насаараа суралцдаг юм байна гэдгийг ойлгосон.
-Хэдийгээр аавын тань бий болгож өгсөн адуу сайн байлаа ч тодорхой хэмжээнд цус сэлбэж байх ёстой гэдэг. Хаанаас ямар удам угшилтай адуу авчирч цус холдуулж байна вэ?
-Даваасүрэн гишүүний өгсөн хонгор азарганы төлүүд байна. Түрүүч нь уягдаж байгаа. 2006 онд Архангайн Тоглохын талд болсон бүсийн наадамд хязааландаа айрагдсан хонгор азарга байдаг юм. Сүхбаатар гаралтай адуу. Дорнодоос эр, охин хоёр адуу авчирсан, тэдний төлүүд бас бий. Дараа нь Дорнодоос найзаасаа хоёр гүү авсан. Урд талын адуугаар нэлээн сэлбэсэн. Сүүлийн үед Тэсийн голоо дагаж ганц хоёр адуугаар сэлбэе гэсэн бодолтой байна. Ноднин Тосонцэнгэл сумын Бат-Оргил гэдэг залуугаас соёолон хүртлээ сайн давхисан, бүсийн уралдаанд орж байсан азарга авсан. Унаган адуу биш, Дорнодын Матадын адуу юм гэсэн. Гэхдээ цус сэлбэж байна гээд удам угшилгүй адуугаар цус сэлбэж болмооргүй юм шиг. Удам угшлыг дотор нь хадгалж угшилтай адуу бий болгох хэрэгтэй юм билээ.
-Тэгэлгүй яах вэ. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-“Хүний морь түрүүлээд ирэхэд өөрийн морь шигээ бодож бай” гэж аав маань хэлдэг байсансан. Морь, хүүхэд эсэн мэнд уралдаад ирэх шиг сайхан наадам байхгүй. Ер нь уяач хүний ганц бодох зүйл тэр. 2007 онд хээр морио анхны Хотгойдын хурдад аваачиж тавьж байлаа. Тэгэхэд манай аймгийн морьдоос Хишигдоржийн хонгор айрагдаж, 14-т миний хээр морь орсон. Улсын чанартай бүсийн уралдаанд дээгүүр давхиулсандаа их баярладаг даа.
-Уясан хүлэг морьд нь урамтай сайхан хурдалж, унасан хүүхэд нь цовоо золбоолог байж, аавынхаа авч чадаагүй төрийн хишигтэй цолонд хүрээрэй гэж ерөөе.
-Тэр ерөөл бат оршиг ээ.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна