ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАЯЖ, ЭРҮҮЛ БАЙЯ ГЭВЭЛ МОРЬ УНА

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 29 -нд

АДУУНЫ СОЁЛ БОЛ ҮНДЭСНИЙ ДАРХЛАА, ҮНЭТ БАЯЛАГ ЮМ
Дэлхий ертөнц даяаршиж байгаа талаар бид сүүлийн хэдэн жилийн турш л гайхан шагшицгаалаа. Даяаршил зөвхөн өнөөдөр бий болчихоогүй, хүн төрөлхтний бүхий л үеийн турш үргэлжилж ирсэн үйл явц. Сүүлийн үед л харьцангуй хурдацтай явагдаж байна. Тэгвэл даяаршлын энэ эрин зуунд монголчууд ямархан унаа морьтой, богц ганзагалаатай явна вэ? Энэ богцондоо заавал авч явах учиртай зүйл бол гарцаагүй нүүдэлчдийн өв соёл билээ. Тэр дундаа монгол түмний сүлдэндээ мөнхлөн дээдэлсэн адуутай холбоотой соёл бол Монгол туургатны хэдэн мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын дээж нь юм. 
Энэ ч утгаараа тэрхүү үнэт эрдэнэ, монгол өв соёлын дархлааг төр бодлогоор дэмжихэд багагүй анхаарал хандуулж байна.  Тухайлбал, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Морьтон монголчууд аа, морио унацгаая. Хурдыг эзэмшиж, адууны соёлын амьд дархлааг тээсээр яваа монгол хүн бүр морьтон уламжлал соёлоороо бахархацгаая, гайхуулцгаая. Морио уная. Морио эдэлье. Морьтойгоо малаа хариулъя. Морьтойгоо наадамлая, монголчууд аа. Морь бол монгол түмэнд заяасан дээд хувь тавилан юм” хэмээсэн нь ёстой л нүдээ олсон уриалга байсан юм. Ерөнхийлөгчийн энэ санаачилга уриалгыг дэмжсэн олон ажил хөдөө орон нутагт өрнөсөн. Адуун соёлын их өвөө автоматжсан, цахимжсан эринд авч үлдэх тухай санаачилга ч өрнүүлсэн. 


Адууны соёл, уламжлалыг сэргээн таниулах, хадгалан уламжлах ажилд арван жилийн турш хувь нэмрээ оруулж буй “Тод магнай” сэтгүүлийн хамт олон ч мөн дээрх уриалгатай бүрэн санаа нийлж, адуу, морины уналга, эдэлгээг сэргээх талаар цуврал нийтлэл бичиж нийтлүүлж байсан билээ. Мотоциклиор малаа хариулдаг болсон өнөө цагт монгол өв соёлоо хамгаалсан, хадгалан өвлүүлэхийг уриалсан дээрх нийтлэлүүд ч хүрэх ёстой эздэдээ хүрч, сонсох учиртай бүхний сонорт дуулдсан бололтой. 
Учир юу хэмээвээс, бид дээрх нийтлэлүүдийнхээ мөрөөр санаа сэтгэл нэгдэх хүмүүстэйгээ уулзаж, дэвшүүлсэн санаа, зорилгоо бодит ажил хэрэг болгоход санаа тавьж байна. Бүр тодруулбал, адууны уналга, эдэлгээний соёлыг монгол түмэндээ төдийгүй гадаадын зочид жуулчдад түгээн дэлгэрүүлэх үйлсийн эхлэлийг тавиад буй “Хөх морьт” адуу, морь уналгын төвийн хамт олонтой бид тэр л нийтлэлүүдийнхээ жимээр явж байгаад учран золгосон билээ. 
Тус төвийн захирал В.Дамдинсүрэн одоогоос найман жилийн өмнө Францаас ирсэн нэгэн найзтайгаа мориор бяцхан зугаалга хийж явахдаа энэхүү санаагаа олсон аж. Өөрөөр хэлбэл, монгол морь, монгол хүн хоёрын нягт нандин холбоог гайхан биширсэн гадаад найзынх нь ар араасаа цуварсан олон асуулт л түүнд нүүдэлчний өв соёлоо сэргээж, түгээн дэлгэрүүлэх шинэ соргог сэдэл төрүүлсэн хэрэг. Чингээд тэр оройдоо аав н.Вандан болон Тод манлай уяач Д.Даваахүү нартай холбогдож, өдөр нь бүдэрсэн олон асуултандаа хариулт авчээ. Энэхүү бяцхан тодруулгын дараа монголчууд морьтойгоо дэлхийн талыг эзэлж, морин туурайгаараа хөрстийг тамгалж, морин дэл дээрээ тусгаар тогтнолоо зарласан бахархалт түүхийн эзэд гэдгээрээ омогшихын зэрэгцээ үүнийг хүн бүр мэдэж байх учиртайг ухаарчээ. Хүн бүрт мэдүүлэхийн тулд юу хийх ёстойгоо бодож боловсруулж, бэлтгэлээ базаасаар энэ оны эхээр төвөө байгуулсан байна. 


Анх нутгийн 14 иргэнтэй гэрээ байгуулан, ажлын байраар хангаж, 400 гаруй морьтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Ингээд гуравдугаар сарын 10-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баян давааны ар, Цонжинболдог гэдэг газарт анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авчээ. Түүнээс хойш зургаан сарын хугацаанд 5600 гаруй хүнд морь унуулах үйлчилгээ үзүүлж, адуу хийгээд түүнийг дагалдсан соёлыг таниулан сурталчлах арга хэмжээ зохион байгуулаад байна. 
Эхлэл гэдэг аливаа ажлын 50 хувь нь байдаг жамаар тус төвийн үйл ажиллагаа жигдэртлээ ч бас багагүй саад бэрхшээлтэй тулжээ. Анх төвөө байгуулаад үйлчлүүлэгчдээ хүлээж авахад бэлэн болчихоод байсан ч зочид ирэхгүй л байв. Монголчууд төв суурин газар бараадаж, дэлхийн соёлд суралцаад хөдөө нутаг, адуу малаасаа хэт холдсон учир арга ч үгүй биз. “Хөх морьт” адуу, морь уналгын төвийн хамт олон ч үүнийг гярхай мэдэрч, эхний ээлжинд “Хаврын ядаргаа тайлах төсөл”-ийг санаачилжээ. Тэд үүнийгээ “Сэргээш” хөтөлбөр хэмээн нэрийджээ. Хөтөлбөрийн хүрээнд хаврын ядаргаа тайлах үйлчилгээтэй үхрийн булууны ясны шөлөнд чанасан банштай цай болон хонины шинэ шөлөөр үйлчлүүлэгчдээ дайлдаг аж. Ийнхүү цэвэр агаар, цэнгэг ус, байгалийн сайханд алжаал тайлах амралт зугаалгын хүрээнд морь унах аргачлалаа зааж, адууны соёлоо ч таниулчихна. Хөтөлбөр ч олны санаанд бүрэн нийцсэн учир өнгөрсөн хугацаанд нийт 16 удаагийн арга хэмжээнд давхардсан тоогоор 400 хүн хамрагджээ. 
Үүний дараа зуны дэлгэр цаг залгасан учир хөтөлбөрөө арай өргөн хүрээнд зохион байгуулах санаачилга гаргаж “Хазаар зангидах аялал”-ыг хоёр долоо хоног дараалан хэрэгжүүлсэн байна. Учир нь, Монгол айл бүрт суран эдлэл байх нь бэлгэдэл зүйн талаасаа сайны учир утгатай байдаг билээ. Шуудхандаа, энэ бол айл гэрт буян тогтоодог хазаарыг нь өөрсдөөр нь зангидуулж сургахын зэрэгцээ морь унах хийгээд түүнийг дагасан соёлуудыг таниулах хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт 40 гаруй хүнийг хамруулсныхаа дараа тус төвийнхний ажлын арга барил ч ерөнхийдөө жигдэрч, монгол гэр барих, сур дарах зэрэг монгол ахуйн соёлуудыг таниулан дэлгэрүүлсээр өнөөдөртэй золгоод байна. Хөтөлбөр бүрийг хүмүүсийн амралтын өдрөөр буюу бямба, ням гарагт зохион байгуулдаг учир гэр бүл, найз нөхдөөрөө ирдэг байсан хүмүүс хүрээгээ улам тэлж, албан байгууллага, хамт олонтойгоо ирж үйлчлүүлдэг болжээ. Үйлчлүүлэгчид нэмэгдэхийн хэрээр “Хөх морьт”-ын үйл ажиллагаа ч хүрээгээ тэлж, “Адуутай, айрагтай зун”, “Жаргалтай айл” багцаас улбаалаад бэсрэг наадам хүртэл зохион байгуулаад амжжээ. 


Намрын налгар сайхан өдрүүдэд ч мөн тус төвийнхөн сурагчдад зориулсан “Алтан намар” сургалт лекц, насанд хүрэгчдэд зориулсан “Өвлийн өнгө” хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Хамгийн гол нь, хөтөлбөрт хамрагдагсад монгол гэрт байрлаж, цагаан идээ, малын шинэ махаар хооллохоос гадна нүүдэлчний уламжлал, адууны соёлтой танилцах 30 минутын сургалтанд хамрагддаг аж. 
Энэхүү сургалтаар адууны нас зүснээс эхлээд морь унах аюулгүй ажиллагааны заавар, эрүүл мэндийн ач тусын талаар ойлголттой болдог байна. Ялангуяа эрүүл мэндийн ач тусыг бүх насныхан илүүтэй сонирхож, ач холбогдол өгдөг аж. 
Тухайлбал, морь унахад тэнцвэрийн мэдрэмж илт сайжирдаг. Монгол хүүхдүүд 3-4 наснаасаа эхлэн морь унаж суран тэнцвэрийн мэдрэмж болон биеийн хөгжил нь зөв эхэлдэг. Дээхнэ үед Монголд таяг тулсан өндөр настан маш ховор байсан нь морь унан тэнцвэрийн мэдрэмж маш сайн хөгжсөн байсантай шууд холбоотой. 
Түүнчлэн морь унадаг хүн жингээ тогтмол барьж чаддаг. Нөгөөтэйгүүр, илүүдэл жинтэй хүн морь байнга унаснаар жин хасч, бие нь эрүүлждэгийг Японы эрдэмтэд нотолжээ. Учир нь, морь унах явцад хүний биеийн 360 гаруй үе, 400 шахам булчин зэрэг ажилладаг байна. Энэ ч утгаараа өндөр хөгжилтэй орнууд дээд зэрэглэлийн тамирчдаа морин аяллын тусгай хөтөлбөрт хамруулдаг жишиг тогтоод байгаа билээ. 
Түүнчлэн морины булчингийн хөдөлгөөнөөр бичил массаж тогтмол хийгддэг учир тухайн хэсгийн цусан хангамж сайжирдаг. Өдөржин компьютерийн дэлгэц ширтэн хөдөлгөөнгүй суудаг хүмүүст энэ бичил массаж хамгийн сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, биеийн тодорхой хэсэгт дасгал хөдөлгөөн хийснээс дутахааргүй халаалт болдог байна. 
Иймээс мориноос буунгуутаа тэрхүү халаалтаа ашиглан сунгалт хийх, целлюлитийн эсрэг тостой хөнгөн массаж хийх нь хүсч буй үр дүндээ богино хугацаанд хүрэхэд ихээхэн тус нөлөөлдөг. Түүгээр ч зогсохгүй, эрүүл агаарт хүчилтөрөгчөөр эд эсээ баяжуулчихна
Товчхондоо бол, морь унах нь өөр ямар ч фитнессээс илт давуу үр дүнтэй, хамгийн  шилдэг дасгал хөдөлгөөн юм. Эрүүл мэнд, гоо үзэмжиндээ онцгой анхаардаг орчин цагийн бүсгүйчүүд “Хөх морьт”-ын байнгын үйлчлүүлэгчдийн 70 хувийг эзэлж байгаа нь ч үүнтэй шууд холбоотой биз ээ.
Нөгөөтэйгүүр, адууг өдөр тутмын уналга, эдэлгээнд хэрэглэх нь эдийн засгийн хувьд ч асар өндөр хэмнэлт үзүүлнэ. Энд нэгэн зүйлийг тодруулан дурдахад, 35 нас хүртэлх залуу өрх нэг жилд зөвхөн мотоциклийн бензинд нэг сая 250 мянган төгрөг, мотоцикль унаснаас болж үүсэх эмчилгээний зардалд 700 мянга орчим төгрөг зарцуулдаг болохыг Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд олон улсын байгууллагынхантай хамтран хийсэн судалгаагаараа тогтоожээ. 
Энэ бол эдийн засаг талаасаа морь унахын ач тус, монголчуудад тулгуурласан амьжиргааг өөрсдөд нь ойлгуулсан тооцоо судалгаа юм. Сүүлийн 20 гаруй жил хөгжил дэвшил рүү алхахдаа монголчууд бид унаж явсан морио сул тавьчихаад хүний машинд нөмгөн дайгдсаны жишээ бол энэ юм. Шуудхан хэлэхэд бид үндэсний үнэт зүйлсээ орхиж, бусдаас ялгарах байдал, өв соёлоо гээсний нэг жишээ бол морио унахаа байсан. 
Морьтны соёлын үзүүлбэргүй шахам нийслэлд маань хэдхэн тооны морьтой хөшөөг эс тооцвол морь унуулах газар, орчин байдаггүй. Гэвч бидний хүүхдүүд “Би монгол хүн учир морио унах ёстой” гэсэн сэтгэхүйн дархлаагаа хадгалсаар өсөж торниж байна. 
Тиймээс суурин газрын тэр хүүхдүүдэд морь унах боломж, орчныг хаана, хэн бий болгох вэ гэсэн асуулттай нүүр тулгарч байна. Энэхүү хүндхэн асуултанд маань ч мөн “Хөх морьт”-ынхон тун хялбар хариултыг өгч байна. 
Энэ утгаараа хотын утаанаас холдлоо гэж төмөр хөлгийн битүү бүхээгэн дотор хэдэн цаг давхичихаад буцаж ирэхийг хүсэхгүй байгаа орчин цагийн монголчууд морин дэл дээр хөдөөгийн цэнгэг агаарыг цээж дүүртэл амьсгалчихаад ирэх хамгийн сонирхолтой, эрүүл мэндэд тустай, эдийн засагт ч хэмнэлттэй, эргэн санах дурсамж, бахархан омогших мэдлэг чадварыг багтаасан Морин аялалыг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сонгож байна. 
Түүх, ёс заншлаа мэддэг, нүүдэлчний өв соёлоо дээдэлдэг, хэрэглэдэг, өвлүүлэн уламжлуулдаг монгол хүн бид Монгол Улсын үндэсний дархлаа, хамгийн үнэт баялаг билээ. 

А.Тэлмэн

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.68

    Морь унах бол жинхэнэ монгол ахуй шүү дээ

    Reply
  • 66.181.161.70

    Морь унаснаар хүүхдүүд самбаачлах чадвар,тэсвэр тэвчээр,арга ухаан эвдүйтэй болдог гэдгийг сургалтаар заадаг юм байна лээ.Бас тэр өрөм халуун гамбир, гээд үйлчилгээ маш сайн шүү хамт олонд амжилт хүсье.

    Reply
  • 66.181.161.70

    Зун очиж,морь унасан.Харин тэр сургалт маш чухал юм байна.Монголчуудыг мориноос буулгах бодлогыг илт эсэргүүцсэн зөв сургалт байсан

    Reply