МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ П.ЭНХМӨНХ: НААДАМ ҮЗЭЖ ЧАДААГҮЙ НЭГ ЖИЛ ЁСТОЙ Л ГАЛЗУУРАХ ДӨХСӨН

Сэтгүүлч
2018 оны 10-р сарын 26 -нд

Төв аймгийн Баян сумын  уугуул, Монгол Улсын Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнхийн ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 1985 оны намар Төв аймгийн төлд төржээ. 

Гавьяа шагнал: ММСУХ-ны "Эрдэнийн очир" болон "Уяачийн алдар" одон, Төв аймгийн Хүндэт иргэн

-Төв аймгийн Баян сум бол хурдан морины ариун абшиг шингэсэн нутаг юм. Энэ ч утгаараа хэдэн үе дамжин хурдан морь уях төрийн хэрэгт шамдаж яваа уяач олонтой. Та ч бас тэдний нэг. Ингэхэд та хэд дэх үеийн уяач билээ?
-Би тав дахь үеийн уяач. Манай удмын уяачдын түүх Лувсанчойндон, Түвдэнчоймбол гэдэг хоёр хөгшнөөс эхлэлтэй юм билээ. Тэд бол аавын маань элэнц болон хуланц өвөө болох хүмүүс. Тод манлай уяач Даваахүү гуайн аав Данзанням гуай болон Манлай уяач Гарамжав гуайн аавын багш байсан хүмүүс. 
Миний өвөө бол уяаны ажилд нэг их шамдаагүй л дээ. Харин аав маань халиун, хонгор хоёр азаргаа улсын баяр наадамд айрагдуулж, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн уламжлалаа сэргээж, өөрийн адууны угшлыг бий болгосон хүн. 
-ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг, анхны тэргүүнээр нь ажиллаж байсан гээд аавын тань хурдан морьтой холбогдсон түүх моринд хайртай түмэнд маань их ойрхон л доо?
-Тийм ээ. 1992 оны зун Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Гэсэрваань, Гарамжав Манлай нар хэдэн нөхдийнхөө хамтаар ММСУХ-ны суурийг тавьсан түүхтэй. Үүнээс өмнө нэлээд хэдэн холбоо байгуулагдсан ч спорт талаас нь хөгжүүлж, Монгол Улсын бүх аймаг, сумдад дэлгэрүүлэх онцгой үүргийг анх гүйцэтгэсэн байгууллага нь ММСУХ юм.  ММСУХ-г үүсгэн байгуулахад аав маань оролцож, адууны үнэ цэнийг өсгөе гэсэн санал гаргаж байсан гэдэг. Улмаар холбооны анхны тэргүүнээр сонгогдсон. Ингээд Галын Баттөмөр гуай, Энэбишийн Ганбат гуай нарыг дуудаж, холбооныхоо ажлыг идэвхжүүлэхэд туслалцуулсан юм билээ. Би тэр үед хүүхэд байсан ч отрын бор гэрт цуглаж, холбоо байгуулах тухай ярилцахыг нь сонсоод л сууж байлаа. Аавыгаа дагаж, үйл явцыг нь харж л өссөн дөө. 
-Тэгэхээр та Шагдар гуайнд болсон ММСУХ-г байгуулах анхны хуралд оролцсон байх нь ээ?
-Хурал гэхээсээ илүү үүтгэл яриа, цаг товлосон тохироо л байсан юм. Хаашаа явж, ямар адуу мал авч ирж, нутаг орныхоо адууны угшлыг сайжруулах тухай л ярилцаж тохирсон. 
-Та багаасаа л аавыгаа дагаж, адуу малтай нөхөрлөсөн биз ээ. Хэдэн настайдаа морь унаж сурсан бэ?
-Долоон наснаасаа хурдан морь унаж эхэлсэн. Аймаг, сумын наадмаас гурав, дөрвөн удаа айраг, түрүү хүртсэн. Харин улс, бүсийн наадмаас айраг, түрүү хүртэж байсангүй. Биерхүү хүүхэд байсан болохоор хоёр жил орчим унаад л хасагдсан. 
-Аавынхаа л хүлгүүдийг унадаг байв уу, эсхүл нутгийн уяачдын хурдан ажнайнуудыг бас унах уу?
-Гарамжав гуайн өвгөн Тогоруу азаргыг унаж ганц хоёр наадамд уралдсан. Уралдаанчийн хувьд би тийм ч сайн байгаагүй ээ. Удам залгах ганц эрэгтэй ач нь учраас их эрх хүүхэд байлаа. Ерөнхийдөө эрхэлж, хорхойгоо дарах маягаар л унана уу гэхээс сүрхий хурдан хурц адуу унаж уралдаж байгаагүй юм билээ. 
-Адуунд элэгтэй л өсч дээ. Уралдаанчаас хасагдсанаасаа хойш аавынхаа уяаны ажилд тусалдаг байсан байлгүй. Хэдий үеэс өөрийн нэр дээр морьд уралдуулж эхэлсэн бэ?
-Аавыгаа бурхан болсноос хойш буюу 1996 оноос өөрийн нэр дээр морьд уралдуулж эхэлсэн. Анхны том наадам гэвэл 1997 онд болсон Эрдэнэтийн бүс байлаа. Тэр наадамд азарга аман хүзүүдэж, их насны морь маань түрүүлсэн юм. Хар азарга маань уг нь түрүүлж ирсэн ч хүмүүс рүү хадуураад аман хүзүүдсэн. Их насны морь маань аман хүзүүний мориноосоо бараг 700-800 метрийн зайтай хол тасархай түрүүлсэн. 
-Таны амжилтуудыг харж байхад нэг жил олноороо ордог. Эсхүл давхар уяандаа сайн давхидаг юм байна. Тухайлбал, 1997, 2002, 2008 онд та тун ч одтой нааджээ?
-2008 онд яалт ч үгүй хурдан байсан шүү.
-Хар азарга хязааландаа Ардын хувьсгалын 73 жилийн ойн наадамд түрүүлж байж. Бүртгэлд Орос Болд гэдэг хүн уясан гэж бичигдсэн байна лээ. Ямар учиртай юм бэ?
-Хар азарга Төв аймгийн Жаргалант адуу. Морин заводад тахийн үржүүлэг хийж үзэж байхад гарсан, тахийн зургаа дахь үеийн цус орсон адуу гэдэг юм. Ерөнхийдөө даага шиг жижигхэн биетэй хэрнээ яс томтой, намхан мөртлөө өргөн азарга байлаа. Хязааланд нь Орос Болд гуай уяж, улсын баяр наадамд түрүүлгэсэн. 1995 оны хавар манайд ирсэн. Манлай уяач Батчулуун гуай, аав хоёр хөтөлчихсөн зураг нь манайд бий. 
-Улсад түрүүлчихсэн соёолон азаргыг нэлээд өндөр ханшаар худалдаж авч байв уу?
-Бодвол мотоциклиор л сольж авсан болов уу. Би хар азаргыг авахад нь хамт байгаагүй л дээ. Харин Хандгай бор, Пургон бор тэргүүтэй адуунуудыг худалдаж авахад нь хамт байсан. Тэднийг Сүхбаатарын Онгуу Манлай уяачийн хамаатан Буур гэдэг  хүнээс худалдаж авч байлаа.
-Бас нэг хар азарга улсын баяр наадамд даагандаа түрүүлж, шүдлэн болон хязааландаа айрагдсан даа. Тэр хар азарганы төл үү?
-Тийм ээ. Хар азарга маань бидэнд олон сайхан төлөө өгсөн.
-Эх нь ямар гүү билээ?
-Морин тойруулгаас угшилтай халзан гүү байсан юм. Халзан гүү зургаа л унагалсан. Зургаа унагалахдаа дөрвөн эр, хоёр охин төл гаргасан юм. Дөрвөн эр төл нь дөрвүүлээ улсын наадамд айрагдаж, түрүүлсэн. Энэ амжилтаараа Монголын шилдгийн шилдэг гүүнүүдийн №1-т тодроод байгаа.
-Халзан гүүний бусад төл нь хаана, хэрхэн давхисан бэ?
-Хүрэн морь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн наадамд хязааландаа түрүүлээд хөлгүй болчихсон юм. Бандгаа ахын Станбулын төл л дөө. Станбулын хоёр охин төл гарсан нь одоо ч бий. Хар азарганд тавиад гарсан хоёр унаганы нэг нь Аварга хар. Нөгөөдөх нь 2008 онд улсад аман хүзүүдээд, Булганд очиж ахин аман хүзүүдээд, 2009 онд Дорнодод түрүүлж, Заамарын төвийн бүсийн уралдаанд тавласан хонгор халзан байгаа юм. 
-Хонгор халзан ямар азарганы төл вэ?
-Энэбишийн Ганбатын англи азарганы төл. Эх нь зээрд халзан гүү.
-Монголын шилдгийн шилдэг гүүнүүдийн №1-т жагсаад байгаа нөгөө халзан гүүний дөрөв дэх эр төл нь хэрхэн давхисан билээ?
-Даагандаа улсын баяр наадамд таваар хурдалсан бор. Хандгай борын төл л дөө. 
-Хандгай бор чинь Онгуу Манлайн адууны удамтай гэл үү?
-Онгуу Манлайн хамаатны адууны угшилтай. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын азарга л даа. Хандгай борыг Гарамжав гуай уяж байсан юм. Соёолон азарга их хурдан ирээд, дүү зээрд нь түрүүлэхэд, түүний урд л ирдэг байсан. Аав маань “Миний бор азаргыг гүйцэх адуу байхгүй ээ” л гэдэгсэн. 
-Хандгай бор соёолондоо танайд ирсэн юм уу?
-Тийм ээ, Сүхбаатартаа түрүүлчихсэн, давхар уяагаар улсын баяр наадамд зургаалчихсан соёолон азарга ирж байлаа. Төл ч сайтай азарга байсан. Эр төл болгон нь айрагдаж, түрүүлсэн дээ.
-Том бор азарга 1997 онд Эрдэнэтийн ойн наадамд аман хүзүүдсэн. Түүнээс хойш ямар, ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хөл нь муудаад,  судас нь бүдүүрчихсэн учраас түүнээс хойш уяагүй юм. Халзан морь маань ч бас хөл нь муудсан. Улсын баяр наадамд хоёр түрүүлж, Түмэн эх цол хүртсэн морь ганц л байдаг юм. Тэр нь манай халзан. Соёолондоо улсын баяр наадамд түрүүлснийх нь дараа аав Бандгаагаас авсан юм. Халзан морь маань одоо 20 гарчихаад байна. 
-Энэ зээрд халзан морь ямар угшилтай вэ?
-Бандгаа ахын адуу л даа. Бандгаа ах бас худалдаж авсан гэсэн.
-Төв аймгийн Баянцогт сумын Цэрэндоржийн адууны эхтэй гэсэн байна?
-Тийм, Жаргалант сумын Лүндэгийн хул азарганы төл байх шүү.
-Бага хар азаргыг бол та маш сайн мэдэх байх. Тийм ээ?
-Даагандаа улсын баяр наадамд түрүүлсэн. Дааганд нь тэжээлд оруулаад шүдлэн болох жилээ Өлзийтийн төмөр утсанд орооцолдоод, шөрмөсөө бүдүүн болгочихсон юм. Гэвч сайхан эдгээгээд зун нь уясан. Хурдан ч байсан, ер нь мал ойртуулахааргүй болчихсон. Тэгтэл зүв зүгээр байсан адуу маань улсын баяр наадамд яг мордохынхоо өмнө доголчихдог юм. Тавгийг нь сөхөөд үзсэн чинь 3 см хэртэй үзүүртэй чулуу зоогдчихсон байсан.  Мэдээ алдуулагч тавагных нь дороос хийгээд, АБ цавуугаар нааж байгаад л, даанч бүдүүлэг аргаар домнох гэж үзсэн л дээ. Ингэж цавуугаар хатууруулж наагаад, нэлээн хэдэн өвчин намдаагч хийгээд мордуулчихсан. Хөл нь их зовиуртай уралдсан хэрнээ л тавласан. Түүнээс хойш уралдуулаагүй юм. 
-Даагандаа улсад түрүүлчихээд, Дундговьд очиж аман хүзүүдсэн байдаг байх аа?
-Тийм. 
-Төлүүд нь хурдан уу?
-Төлүүд нь 2-3 жилийн өмнөөс гайгүй давхиад, бүсийн уралдаануудад ганц хоёр нь айрагдаад л байна. Би ер нь хар азарганыхаа төлөөс авч чаддаггүй юм. Хүмүүс гуйгаад авчихдаг. Харин энэ жилээс л хар азарганыхаа төлийг хүнд өгөлгүй, өөрөө уяж байгаа.
-Харималдуу азарга уу. 2002 оны даага гэхээр гайгүй л юм байна?
-16-тай л болж байна даа. 
-Дараа нь хүрэн хязаалан гарч ирж?
-Том хар азарганы төл. 
-2008 онд улсын баяр наадамд бас хул хязаалан айрагдсан байдаг?
-Тэр чинь Хандгай борын төл хул хязаалан байхгүй юу. Хандгай борын төлүүдээс Ойдовын хул азарга “Дүнжингаравын хурд”-д айрагдаад, өвлийн бүсийн уралдаанд нэлээн хэд айрагдсан. Улсын наадамд даага гуравлуулсан Төрмөнхийн хул чинь манай хултай нэг эцэгтэй. Эх нь хонгор гүү бий. Миний хул морь, Ойдовын хул азарга, Төрмөнхийн хул даага, Намдагийн Хүрлээгийн бор гээд тэр хонгор гүүний дөрвөн төл бас улс, бүсийн наадамд айрагдчихлаа.
-Хонгор гүү хаанахын угшилтай вэ?
-Манай унаган адуу. Бүр дээд угшлыг нь хөөвөл Эрдэнэ сумын Даваасүрэнгийн хонгор гэж алдартай азарга байлаа даа. Тэдний адууны угшилтай. Тэгээд бас Самдангийн хүрэн азарга орчихсон байдаг юм. Хөгшин азарга манайх авч байлаа. Тодруулбал, Самдангийн хүрэн гээд улсад айрагдаж байсан хөгшин азаргыг авчихаад хонгор азарганы Од хонгорынх нь төл гүүг хураалгаад хонгор гүү гарсан юм. Энэ жил охин төлтэй. Би ч охин төл гаргачихаасай гэж бодож байсан болохоор баярлаад л байна.  
-Ер нь аавын тань 1990-ээд оны үед авсан адуунуудын үр төлүүд цус сэлбэгдээд унаган тамгатай адуунууд л хурдлаад байна аа даа?
-Тийм шүү, би хүнээс худалдаж аваад айрагдуулж, түрүүлгэсэн нь нэг ч үгүй. Бүгдээрээ манай унаган адуу. Улс, бүсийн наадамд 23-24 нь миний нэр дээр орчихлоо. Тэгээд би Монгол Улсын Манлай уяач цолны болзол хангасан  материалаа өгч байна. Аавын маань тухайн үед цуглуулж, бий болгосон адууны удам одоо л хурдалж, бүр гоё болж байна. 
-Нэг сайн удмын адуу гаргаж авахад 20 буюу түүнээс дээш жил зарцуулдаг нь үнэн юм байна даа? 
-Тийм байх. Би одоо “Миний адуунууд улс, бүсийн наадамд хаа ч уралдсан бэлэн болж дээ” гэж л хардаг.
-Танай адууны угшил ер нь их тарсан уу?
-Өмнөговь руу нэлээн хэд явсан. Төв аймаг даяар нэлээн өгсөн. Хэнтийд ч өгсөн. Ерөнхийдөө төвийн аймгуудын нутгаар, Өмнөговиор нэлээд тарсан. Ганц нэг нь айрагдаж, түрүүлээд байгаа л дуулдаж байна. Баруун аймгууд руу бараг өгөөгүй юм байна. 
-Пунцагбалжир агсныг монгол адууны үнийг өсгөх суурийг тавьсан гэдэг. Энэ ч утгаараа хурдан хурц хүлгүүдээ танайх одоо ч сайн үнэлдэг байлгүй. Ингэхэд танай адуунаас үрээ, даага сонирхъё гэвэл ямархуу ханштай байдаг вэ?
-Аавынхаа бий болгосон Их хангай угшлыг улам сайхан дэлгэрүүлж байна гэж бодоод, морь уяя гэсэн чин сэтгэлтэй хүмүүст бэлэглэчихдэг юм.
-Их хангай гэж ямар учиртай нэр вэ?
-Төв аймгийн Баян сумын газар нутагт Их хангай гэдэг хайрхан байдаг. Их хангай хайрханд шинийн нэгний өглөө Монголын шилдэг уяачид болон амжилтаараа уяачдаа тэргүүлж яваа бизнесмэнүүд гарч сүсэглэн мөргөдөг уламжлалтай. Тэр хайрханы өвөрт миний аав төрсөн юм. Манай элэнц Лувсанчойндон, Түвдэнчоймбол нар ч бас энэ л хайрханыг шүтэн дээдэлдэг байсан гэдэг. Тэгээд л аав минь “Төрж өссөн нутаг усныхаа хайрханаар нэрлэсэн хурдан удмын адууг бий болгоно” гэж ярьдаг байсан юм.
-Их хангай угшлын адуугаа ямар тамгаар тамгалж байна вэ?
-Саран толгойтой зуузай, хатан сүйх хоёроор тамгалж байна. Бандгаа ахын адууны үндэс нь ч ерөөсөө л манай адуу. Манайд уяач болж ирж байхдаа 10 гаруй адуутай байсан. Одоо хэчнээн сайхан адуутай болсныг Монголын ард түмэн мэднэ.
-Та одоо “Дорнын унага” галдаа харьяалагдаж байгаа юу?
-Үгүй. 
-Хэдийнээс бие даасан бэ?
-Хоёр жилийн өмнөөс тусдаа гараад, Өөдөс гэдэг залуутай хамт уяаны ажлаа хийгээд явж байна даа.
-Өөдөс чинь Ирландад төгссөн анхны жокей шүү дээ?
-Тийм. “Монголдоо морио уямаар байна, ах аа. Тан дээр очмоор байна” гэхээр нь би “Тэг тэг, ахын дүү хүрээд ир” гэсэн юм. Тэгээд л Өөдөсийгөө ирэхээр нь тусдаа гарсан даа.  
-Та хоёр сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна?
-Энэ жил сартай хүрэн үрээ маань эрлийз дунд ангилалд Хангарьд төвийн бүсийн уралдаанд айрагдлаа. Улс, бүсийн наадамд нэлээн хэдэн адуу зургаагаар давхилаа. Нийт гурван зургаа, нэг долоогоор давхилаа. 
-Адууны чанар чансаа гэж ярихаар яах аргагүй шинэ цагийн адууны талаарх сэдэв хөндөгддөг. Таны хувьд энэ тал дээр эртнээс анхаарсан биз ээ?
-Хоёр англи азарга байна. Нэг будённый, хоёр англи будённый гүү бий. Хурдны чиглэлийн адууны гол шалгуур нь хурдан байх явдал шүү дээ. Энэ адууг хөгжүүлэхээр чадахаараа хичээж байна. 
Нөгөөтэйгүүр, шинэ цагийн адуу гэдэг орчин үед л гэнэт гараад ирсэн зүйл биш. Их эртнээс буюу бараг Өвгөн ноёны үеэс л адууныхаа цусыг холтгож, хурдыг нь сайжруулсаар ирсэн. Энэ ч утгаараа бидний шинэ цагийн гэж нэрлээд байгаа адууны үүсэл их эртнээс тавигдсан гэж боддог юм.
-Монгол уяачид Халхын хавтгайгаасаа хальж, олон улсын хэмжээнд хүлгүүдээ уралдуулдаг болоод багагүй хугацааг үдэж байна. Танайхны хувьд ч бас байсхийгээд л хилийн чинадыг зорьсон дуулддаг. Ер нь олон улсад гарах бэлтгэлээ хэр базааж байна?
-Хакухо аварга маань Японд морь уралдуулъя гэж яриад байгаа. Бид хоёр багын найзууд л даа. Тиймээс ч гайгүй сайн адуу олдвол Японд морь уяж үзье гэсэн бодол тээгээд  явж байна.
-Та сая Манлай уяач цолонд тодорхойлолтоо өгөөд явж байна гэсэн. Улс, бүсийн хэмжээний уралдаанаас нийт хэчнээн айраг, хүртсэн билээ?
-Найман дээд нас, 17-18 бага насны адуугаар давхардаагүй тоогоор 23 айраг, түрүү хүртсэн. Давхардсан тоогоор бол манай адууны амжилтаар Бандгаа ах Тод манлай уяач, Батчулуун ах Манлай уяач цол хүртсэн. 
-Аав тань ММСУХ-ны анхны Ерөнхийлөгч байсан. Та одоо аль нэг холбооны удирдлагын багт ажилладаг уу?
-Би ММСУХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 
-Адуутай нөхөрлөснийхөө баяр бахдалыг дээд зэргээр мэдэрсэн наадмынхаа дурсамжийг хуваалцаач?
-1995 онд аав маань улсын баяр наадамд хүрэн шүдлэн үрээ гуравлуулсан юм. Тэгэхэд аавынхаа баярын нулимсыг хараад ихэд огшиж байлаа. Бүгд тэврэлдээд л, нэг нэгнийгээ тэвэрч үнсээд л... Би аавыгаа тэгж баярлаж байхыг ер хараагүй. 
Мөн 2008 оны бүсийн наадмуудаар Монгол Улсын Алдарт уяачийн болзлыг хангачихаад омогшиж байлаа. 
- “Аав минь хэрэв энэ мөчийг харсан бол...” гэсэн бодол хэзээ хамгийн их төрдөг вэ?
-Алдарт уяач цол тэмдгээ авчихаад зогсож байхад эвгүй л байдаг юм билээ. “Би биш, аав маань энэ тэмдгийг зүүчихээд зогсож байсан бол хэчнээн сайхан бэ” гэж бодогдсон.  
-Ээж, эхнэр хүүхэд тань ирчихсэн, хос дээлтэй зогсож байсан даа. Танаас дутуугүй л их догдолсон харагдсан?
-Тийм ээ. Би өмнөх жил нь Монголдоо байгаагүй учир 2016 онд цолоо гардаж авсан юм. Тод манлай уяач Дагвадорж ахаасаа гардаж авсандаа бүр ч их бэлгэшээсэн. Бид сайхан хуурай ахан дүүс л дээ. 
Мэдээ орсон цагаасаа наадамд явсан хүн чинь нэг жил Америкт сургуульд сураад наадам үзэж чадаагүй. Ёстой л галзуурах дөхдөг юм билээ. Наадмын торгон ногоон дэвжээн дээр морь малаа хараад, нойргүй хонож, мориныхоо идэш хоолыг тааруулаад дадчихсан болохоор тэр рефлексээрээ нойргүй болчихдог юм билээ. 
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань бас моринд хорхойсч байна уу?
-Хүү маань одоо зургаан нас хүрч байна. Миний хувьд хүүхдээ аль болох монгол ахуйтай нь ойр өсгөхийг хичээдэг. Хүүгээ улсын баяр наадамд морь унуулж, уралдуулна л гэж боддог.
Миний хүү чинь адуунд их дуртай. Айлын хүүхдүүд хөдөө гадаа явахгүй гэдэг бол манай хүүхдүүд явуулсангүй гэж уурлаж, дагаж гүйнэ, уйлна. Манай охин ч бас ганцаараа морь унаад л давхичихдаг юм.
-Та хүүхдүүддээ адуу зүсэлж өгсөн үү?
-Аавын маань үлдээсэн хөрөнгө минийх, миний үлдээж байгаа бүх зүйл хүүхдүүдийнх шүү дээ. Тиймээс алийг нь ч гэж зүслэх вэ дээ. 
-Ээж тань ч бас хурдан морины талаар багагүй зүйл хэлж өгч, их өмөг түшиг болдог биз?
-Ээж маань моринд их дуртай. Аавыг амьд сэрүүнд манайх Төв аймгийн Сэргэлэн сумын Адуун чулуу гэдэг газар нутагладаг байлаа. Ээж машинаа бариад л ганцаараа адуу руугаа давхичихдаг байсан. Одоо би өөрөө адуугаа маллаж байна. Ээж маань ч нас өндөр болж байна. Тиймээс одоо адуундаа явахсан гэх нь багасаад л байх шиг байна. 
-Гэр бүлийн тань хүн моринд хэр таатай байна вэ?
-Хачин дуртай. Энэ зун Гоо халзан улсын баяр наадамд долоогоор ирэхэд морь унаад л тэрүүгээр ганцаараа сэлгүүцээд, халзан морио хөтлөөд л явсан. Тийм айлын эхнэр гэж байхгүй байх. Уг нь хотын л хүүхэд. Гэхдээ манай хадам талынхан ч бас адуунд дуртай улс л даа.
-Сүүлийн үед уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийн талаар нэлээд хурцаар хөндөгдөж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ? 
-Би чинь хүүхдийн байгууллагуудтай заримдаа ч “үзэлцэнэ” шүү дээ. Насанд хүрээгүй хүүхдүүд хэдэн арваараа хүчирхийлэлд өртөж, өдөр бүр шахам зам тээврийн осолд өртөж байна. Үүн дээр хүүхдийн төлөө байгууллагууд огт дуугардаггүй. Улсын сургууль, цэцэрлэгт нэг ангид 50-60 хүүхэд шахцалдаж суугаад, сурч боловсрох эрх нь зөрчигдөөд байхад тэд бас л дуугардаггүй. Улсын эмнэлгүүдийн ор нь хүрэлцэхгүй хүнд өвчтэй хүүхдүүд коридорын хүйтэн шалан дээр хэвтэж байхад ч дуугардаггүй. Тэгсэн хэрнээ морин уралдаан гэхээр бүгд орилолдоод эхэлдэг. Магадгүй энэ нь цаагуураа мөнгө төгрөгтэй л холбоотой байх. Учир нь, Монголын хүүхдийн төлөө байгууллагууд бүгд гаднаас санхүүждэг. Энэ ч утгаараа хэдэн төгрөг салгах зорилгоор уяачид руу дайраад байдаг болов уу гэсэн хар төрдөг юм. Гэхдээ дуугарч болно. Хамгийн гол нь үндэсний өв соёлоо мэддэг болчихоод дуугараасай. Яг үнэндээ тэд өвөл, хавар хоёроо ч ялгахгүй байна. Тэд л өвлийн уралдаан гэж нэрлэчихээд байгаа болохоос биш, уг нь хаврын уралдаан юм шүү дээ. Энэ бол түүх соёлоо сайн судлаагүйн илрэл. Нөгөөтэйгүүр Арабыг шонхоргүйгээр төсөөлж болохгүйн адилаар Монголыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй.

"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар. 2018 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна