Сумын Алдарт уяач Д.Бат-Эрдэнэ: Их монгол улс байгуулагдсаны 800 жилд оролцсон нь уяач миний хамгийн сайхан наадам

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 25 -нд

Асгатын хийморилог уяачийн  “буухиаг” сумын Алдарт уяач Д.Бат-Эрдэнэ үргэлжлүүлж байна. Өөрийнх нь ярьснаар “Эр хүн туг ч барьдаг. Тугал ч хариулдаг гэдэг дээ. Би чинь одоо тугалчин болсон” гэсээр мар мар инээх Алдарт хурдан хүлгийн дэл сүүл шуугаад 20 орчим жилийн нүүрийг үзэж буй аж. Энэ хугацаанд одтой наадаж ирсэн тэрээр малын эмч мэргэжилтэй нэгэн аж. Залуу цагтаа Дорнодын техникумыг төгсөж, малын бага эмч, Бактер шинжилгээний лабораторид шинжлэгч бага эмч, Халзан сумын нэгдлийн орлогчоор ажиллаж явсан  бол өдгөө удам залгах уяач хүүгийнхээ зөвлөгч багш болсон гэнэ. Ингээд оршлоо хойш тавьж түүнтэй ярилцсанаа хуваалцаж байна.    

-Уяа эвлүүлсэн он жилүүдэд урам хайрласан хурдан хурц хүлгэдийнхээ амжилтаас ярилцъя. Хурдан хонгороосоо  эхлэх үү?

-Тэгье тэгье. Миний хонгор азарга чинь эх талаасаа Махбуриадын улааны угшилтай улаан гүүнээс гарсан. Тодруулбал, Махбуриадын улааны төл болох улаан азарга манай сумын Онгоо Ганбаатарт байгаад түүнээс гарсан нь улаан бор ч сүүлдээ цагаан болчихсон гүү байгаа юм. Эцэг нь болох Ганбаатарын улаан нь шүдлэндээ суманд аман хүзүүдэж, хязаалан дөрөвлөөд ахиж уягдаагүй. Энэ улаан азарганы төлүүдээс Далхаасүрэнгийн хүрэн азарга, түүний төлүүд хурдан байна. Бас Батын Лхамсүрэнгийн харыг хэлнэ. Товчхондоо манай суманд Батын Лхамсүрэнгийн хар, Махбуриадын улаан, Рэнцэнгийн хүрэнгийн цус орсон адуунууд давхиад байна. Харин эцэг талдаа болохоор аймгийн Алдарт уяач, Бадиагийн Бадиа хонгорын удамтай. Бандиа бол Дундговийн хүн байх шүү. Түүний ах  Баасанжав гэж нефть хангамжинд олон жил болсон манай нутгийн хүргэн хөгшин байдаг. Одоо энэ Бадиа Өлзийт хороололд амьдардаг.  Өөрөөр хэлбэл, Онгуу Манлайн адуу чинь Бадиа адуунууд байгаа юм. Хонгор азарга Сүхбаатар сумын, аймгийн арслан Зоригтбаатарын аав  Бүрнээ гэдэг хүнд байгаад би 1997 онд отроор явахдаа азарга тавина гэж хонгор шүдлэн авч байлаа.

-Азарга тавина гээд уяагүй юм аа даа?

-Тийм ээ, уяагүй. Нэг л удаа хязааланд нь Бөөрийн төв гэдэгт Алтан овоонд түрүүлдэг Буд гишүүний Тахилт хартай сунгахад их хурдан байсан ч хүч нь дуусчихсан. Тэгээд л уралдуулаагүй юм. Харин төлүүд нь сайн давхисан. Тухайлбал, Махбуриадын улаан гүүнээс гардаг чинь анхны төл нь байна.

- Хонгор азарганы дааган цагаасаа гаргасан амжилтаас ярьж өгөөч?

- Даагандаа жижигхээн биетэй амьтан байж билээ. Тэр жилдээ уяагүй ээ сургаад л тавьчихсан. Харин  2008 оны хавар манай энд чинь айхтар шуурга болдог юм. Адуутай хүн хүртэл алга болсон харамсалтай хэрэг гарч байлаа. Тэгэхэд Түмэнгийн адуунууд манайхан руу ирээд, зарим нь хил  дээр баригдаж,  нөгөө нь давчихсан. Гуу жалганд дарагдаж үхсэн адуу ч олон байсан. Харин хонгор шүдлэн шуурганд яваад гүү хураагаад ирэх нь тэр. Шүдлэн үрээ шүү дээ. Ингээд л би азарга тавьчихсан.

- Тэр жил шүдлэндээ сумандаа түрүүлсэн гэсэн үү. 2008 он гэхээр Алтан овооны тахилгатай жил, тийм ээ?

- Тийм ээ, сумандаа түрүүлсэн. Давхар уяагаар Алтан овооны тахилгад мордуулаад15-д ирсэн. Хөөрхий, жаахан тамирдуу байсан юм аа. Дараа жил нь хязаалан жижиг наадмуудад олон орсон. Сүхбаатар суманд Дэлгэр овоо буюу морины овооны наадамд Онгуу Манлайн хонгор түрүүлж, минийх аман хүзүүдсэн. Онгон сумын наадмаар хязаалан тавласан. Түүний дараа суманд болсон нэг уралдаанд гуравласан. Харин соёолон уяагүй. Азаргатай ноцолдоод хамар, амаа уруулчихсан юм. Харин хавчиг азарга суманд аман хүзүүдсэн. Залгаад Хэнтий бүсэд очиж наадсан. Сумандаа Жүндэрийн улаан, Б.Цагаанхүүгийн Зөгий хээр гэж суманд олон түрүүлсэн азаргатай тус тус сунгахад түрүүлсэн болохоор найдаж байлаа. Гэтэл тэр жил азаргыг арай хол буюу 23км-ээс тавьдаг юм. Уг нь 16км газар явахад миний хонгор чинь эхний зургаад яваад, 19км болоход 10 руу ороод ирсэн. Тэгэнгүүт нь татчихсан. Тамир нь дуусаж байхгүй юу, хөөрхий. Наймтай азарга хавар  “Жавхлант шарга”-д уяад Зөгий хээр 15-аар, минийх 14-т давхисан. Тэрнээс хойш хөлгүй болсон. Гэхдээ нэг их хазгаргүй ээ, гүүгээ хураагаад л явж байна. 

- Шөрмөсний гэмтэл үү?

- Шөрмөсний гэмтэл. Хүн харахад мэдэгдэхгүй л дээ. Харин надад уяхад жаахан тиймхэн санагдаад байдаг юм. Тэрнээс хөөрхий адуугаа гүйцэнэ л дээ. Гэхдээ зовоогоод яах вэ.

- Төлүүд нь яаж давхисан бэ?

- Ноднин нэг хонгор шүдлэн суманд 11-ээр орсон. Өөр ганц нэг төл байгаа ч уяж амжихгүй юм. Ингэхэд хонгор азарганы эцэг хонгор азарганы төлүүд сайн давхисан шүү. Тухайлбал, Завханы ИТХ-ын дарга байсан Отгонбаатарын Оонон хээр байна. Шүдлэндээ Хөвсгөлийн 80 жилээр Магнай халиун аман хүзүүдээд, Оонон хээр түрүүлж байлаа. Тэгээд Дүнжингаравт наймаар ороод хөлгүй болсон. Сумын хаврын нэг уралдаанд түрүүлгээд Отгонбаатар авч байсан юм. Өөр Оонон хээрээс гадна Дархан руу өсгий цагаан хонгор адуу гаргасан. Тэндээ олон түрүүлсэн гэнэ лээ.

- Хэнд өгсөн юм бол оо?

- Өнөө айхтар шуурганы жил шүү дээ. Хагас дутуу адуунуудаа олчихоод байсан хонгор адууг чинь авъя гээд ирсэн. Өгөөд л явуулсан. Тэр үедээ нэр усыг нь мэддэг л байлаа. Гэхдээ одоо санахгүй байх чинь ээ.

- Ингэхэд та хурдан морь уяад хэд дэх жилийнхээ нүүрийг үзэж байна вэ?

- Эр хүн туг ч барьдаг. Тугал ч хариулдаг гэдэг дээ. Би чинь одоо тугалчин болсон байна. /сур. инээв/ Дорнодын техникумыг төгсөж ирээд, цэрэгт явж халагдаад, 1978 оноос эндээ малын бага эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 1986 оноос аймгийн Бактер шинжилгээний лабораторид шинжлэгч бага эмч, 1988 оноос Халзан сумын нэгдлийн орлогчоор ажиллаж явлаа. Харин морь уяж эхэлсэн нь 1991 он. Өөрөөр хэлбэл Асгатад ирээд л хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон. Анх чинь Лхамсүрэнгийн харын угшилтай хээр мориор уяаны ажлаа эхлүүлж, сумандаа шүдлэн гуравлуулан, хязаалан дөрвөөр давхиулсан. Энэ хээр бүдүүн морь болоод сумын наадамд нэг наймаар орж, ахиад уяагүй юм. Энд нэмэхэд, одоо ч бурхан болсон доо. Доржнамжим гэж ах маань Батын Лхамсүрэнгийн угшилтай адуутай байгаад тэрнээсээ шүдлэн үрээ надад өгсөн юм. Энэ хээрийнхээ дараа хонгор адуугаар наадсан. Хонгор азарга, аймгийн Алдарт уяач Балдангийн адууны хүрэн халзан гүүнээс гарсан хонгор даагыг уяад суманд аман хүзүүдүүлсэн. Тэгээд төрийн сангийн дарга байсан Даваасүрэнд зарчихсан. Сонсохнээ Сандуйжав Манлай уяа сойлгыг нь тааруулаад, бүсэд нэг, өөр наадмуудад хоёр, гурав орсон байна лээ. Гэхдээ аль бүсийг нь мэдэхгүй байна. Дараа нь 2006 онд Баяндэлгэрийн гэзэг Бааяа гэдгээс Махбуриадын адууны эхтэй гэсэн даага худалдаж авлаа. Тэр жил жаахан гандуу байсан ч даагаа уяж сумандаа түрүүлгэчихлээ. Овоо ч үнэтэй авсан юм. Гандуухан жил байгаад эх нь ч бас ядруухан, хөөрхий. Тэжээл гэж бараг мэдэхгүй байхад гүүний сүү өгч даагаа тэнхрүүлэн түрүүлгэсэн нь тэр. Улмаар Их монгол улс байгуулагдсаны 800 жилд аваад явлаа. Тэгээд 34-өөр ороод ирсэн уралдаанч хүү маань уйлаад л байх юм. “Юу болов” гэвэл цэцийн гишүүн Ш.Цогтоо “Чи яасан дүүрсэн хүн бэ. Хүүхэддээ таван цаас атгуулаад явуулахгүй” гэлээ. Би яаж мэдэх вэ. Тэгсэн цэрэг бариад үлдчихсэн байсан байгаа юм. Хэрвээ таван цаас өгсөн бол түрүүлээд тавьчихдаг байсан юм уу даа. Ингээд үлдээчихсэн байхад нь Улаан сайд очиж тавиулаад, 30 гаргаж ирсэн. Уг нь сумандаа түрүүлчихээр нь итгэл төгс улсыг зорьсоныг яана. Хотод очоод даагаа сунгах гэсэн хань олддоггүй ээ. Нөгөө улс чинь түрүүнд нь уралдаад сунгачихаж. Тэгээд суманд гурваар орсон манайхны Батсүх гэдгийн шүдлэнтэй сунгачихсан өнөөхөө холоо хаяад ирсэн. Би ямартаа ч 800 жилд айрагдах нь юу юм. 10-т ороод ирэх байх гэж бодож байсан л даа. Гэхдээ яах вэ. Одоо эргээд бодоход сайхан л санагддаг юм.

Улсын наадамд уясан морио мордуулах чинь их гоё юм билээ. Сүүлд нь энэ даагаа манай сумын Сүрнээгээр дамжуулаад Говь-Алтай аймагт Дүүбаатар гэдэгт өгсөн. Түүнд очоод соёолон Ховдын  даншигт тавласан.

-Одоо бол сумандаа л наадаж байна уу?

- Хаа нэг бүсэд явчихаад, бусдаар эндээ л нааддаг. Зарим нь уяа нь ханадаггүй бололтой. Уг нь сунгаанаар хурдан байх ч яг уралдахаараа санасанд хүрэхгүй юм. Би ч одоо уяаны ажил гардан хийхгүй байна. Хүү хийдэг. Залуу хүн болохоор алдаад байна уу. Минийхээр эдэлгээ л дутаад байх шиг. Манай хүү чинь жин ихтэй болохоор яаж эдлэх вэ. Хөнгөрүүлж чадахгүй байна. Одоо цагт өвлийн хөнгөрүүлэлт, уяа  маллагаа хурдан морины их чухал зүйл шүү дээ.

- Танайхан өөр уяачид байна уу?

- Олон хүн байхгүй ээ. Би чинь эцэг эхээс 12-уулаа. Эндээс төрсөн ах Доржнамжим маань морь уядаг байсан ч бурхан болсон. Харин дүү нараас аймгийн Алдарт уяач Нямцогт гэж бий. Бас миний хүү сумын Алдарт уяач цолтой. 

- Тэгвэл аав хүү хоёр энэ жил яаж наадав?

-  Азаргаа уясан ч дундуур давхилаа. Тэр хажуу дахь уяатай хээр үрээ 15,16-аар ирсэн. /сур.уяа тийш заав/ Алтан овооны наадамд азаргатай явна даа. Гэхдээ уралдаанч хүүхэд олдохгүй юм. Одоо энэ дугуй унаад байгаа охин байна даа. Энэ охин унаж уралдаанд оролцдог юм. Адуу айхтар аа. Охин юм болохоор нь тэр үү элэг бариад хадуурчихаад байхыг яана. Тэгээд ч моринд ээлж гэж байдаг бололтой. Энэ удаад нэг л дургүйлхээд байх юм.

-Та ярианы эхэнд “яаж ханаж хатгадагийг Асгатынхан мэднэ ээ” гэж цухасхан дурдаад өнгөрсөн дөө. Жаахан дэлгэрүүлэх үү?

-Энд Нямжав гэж хатгадаг хүн бий. Түүний аав Дайрий гэж өвгөн надад энэ талаар их юм зааж, хэлж өгдөг байлаа. Би багш гэж хүндэтгэдэг. Номын дууг нь сонссон юм болохоор “гадарлана” л даа. Зүрхний ховдлоос артер, венийн хоёр судас явж байхад нэгийг нь доороос нь, нөгөөг эргээд дээрээс нь хатгаад байвал нэг судас хатгаж байна гэсэн үг. Дайрий гуай бол хар ухаанаар өрөөлдөж хатгана шүү гээд байдаг. Эмнэлгийн хэлээр бол нэг хатгахдаа артер, ахиж хатгахдаа венийн судсыг нь хатга гэж хэлэх гээд байхгүй юу. Нөгөө талаас удам судраа хөөвөл манайханд сайн хатгаач байсан. Тодруулбал, ээжийн маань аав маажиг Өнөбаяр гэж байсан юм билээ. Тэгж байтал морио хатгуулсан нь зүгээр болчихлоо гэсээр ам дамжсаар олны хөл тасрахгүй болсон. Хөгшин бид хоёр намар дунд сургуулийн хичээл орохоор хүүхдийнхээ хоёрыг аваад аймаг барааддаг юм. Тэгээд хавар, намартаа “Ах энэ морийг үзээдэхээч” гээд зориод ирдэг л юм. Уг нь ч манай сум чинь олон сайн хатгаачтай. Дайрий гуайн дүү Аюуш гуай гэж байлаа. Одоо Улаанаагийн аав Дугарсүрэн, Ооёо, Бат-Эрдэнэ, Нямжав нарын улс бий.

- Ажиглаж байхад юунаас үүдээд оёг суугаад байна вэ?

- Ихэнх нь буруу уяанаас суудаг. Тарган адууг алсаас ажил хийхгүй тулгаж хийгээд, чинээгээд урд хөлийн сөхөлт байхгүй болсноос хойд хөлийн шөрмөс суудаг л байхгүй юу.

-Талархлаа илэрхийлэх хүн олон байдаг болов уу?

-Олон бий. Би 1990 онд анх морь хатгасан хүн. Халзан сумын Жамсран гэж онжав маань “Миний хонгор азарга хойд тал руугаа доголоод аймагт долоо наймаас дээш гардаггүй. Чамаар л хатгуулбал аймагт орчихмоор санагдаад байх юм. Чи номын дууг нь сонссон хүн байна даа” гээд ирлээ. Тэгэхэд би нэгдлийн орлогч  хийж байлаа. Хүн зориод ирж байхад яаж буцаах билээ. Тэгээд хатгалаа. Улмаар тэр зунаа аймагт тавлачихдаг юм. Түүнээс хойш л шуугичихсан. /сур. инээв/ Дараа нь Ууганаагийн аав Энэбиш гуайн халиун морь хөлгүй боллоо. Үзвэл шөрмөсөө бол зохиогүй ч хавантай байна.  Би дээрээс нь хуян хөх махыг нь самнаж, дээр нь мэддэгээ хийгээд зун нь Халзан суманд түрүүлсэн. Түүнээс хойш хоёр, гурав ч түрүүллээ. Хамгийн сүүлд л гэхэд Баяндэлгэрийн Рэнцэнгийн Мягмарын Тожин азаргыг ярьж болох юм. Өнгөрсөн жил бүсийн уралдаанд гурваар орохоос нь өмнө хавар “Тожин азарга хөлгүй болчихлоо, ирж хатгаач” гэж аймгийн Алдарт уяач Ням-Осорын Ганбаяр гэж хүнийг явуулсан байсан. Тэгээд би Баяндэлгэрт очиж үзээд, хатгаж өгсөн. Дараа нь 2017 онд аймгийн бүсэд гуравлаж, энэ жилийн Дүнжингаравын хурдад түрүүг хүртсэн дээ. Бас Магнай халиуныг ноднин улсад түрүүлдэг жилийн хавар нь “Танаар л хатгуулъя” гээд эзэн нь болох Мөнх-Эрдэнэ гэж залуу ирсэн. Намайг аваачиж хатгуулаад, тэр зунаа улсын наадамд түрүүллээ. Гэхдээ ингээд би өөрийгөө яриад байх нь дэмий юм биш үү дээ. Ер нь бусдаас асуусан нь дээр байх аа.

- Хүү нь бас хатгах уу?

- Хатгаж байна аа. Өчигдөр суман дээр явж байсан “Хүү чинь ирсэн үү. Морь хойд хөл доголоод болдоггүй” гэж байна лээ.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.

П.Ундармаа

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 66.181.161.86

    Сайхан сэтгэгдэл төрлөө сайн сэтгүүлч мундаг асуулт асууж мундаг хүн ихэд мудаг сургамж буюу бахдах сэгтэлээр хариулах юм сайхан нийтлэл байнаа баярлалаа дахиад хийгэд байгаарай

    Reply