Сумын Алдарт уяач Ж.Ганбаатар: Би арван хэдтэй хүүхэд байхаасаа морь уяж эхэлсэн

Сэтгүүлч
2018 оны 9-р сарын 17 -нд

Сүхбаатар аймгийн Асгат сумын хийморилог уяачид ярилцлагын ширээнээ тухлаж, амттай яриаг өрнүүлж байгаа билээ. Эднийг түүчээлэн сумын Алдарт уяач Ж.Ганбаатартай ярилцсанаа хуваалцаж байна.

-Буурал морь Ганбаатар уяачийн нэрийг олонтаа гаргасан бололтой. Хаанахын удам угшилтай адуу юм бэ?

-Сайхан амьтан даа. Манай унаган адуу байгаа юм. Эцэг тал нь авга ах Аавынхүү гэж хүний гурав түрүүлсэн хүрэн азарганы угшилтай. Тодруулбал, энэ хүрэн азарганы төл нь аав Жигжидийн хүрэн азарга. Түүний төл гэсэн үг. Эх тал нь Хэнтийн аймгийн Баянхутаг сумынх. Өөрөөр хэлбэл  Галшараас гаралтай. Тухайн үедээ Ооёо гэж хүний улаагч гүүг хураалгаад гарсан төл дөө. Манай аав чинь залуудаа тарваганы гөрөөнд их явна. Тэгж яваад халиун , ногоон хоёр гүү, халиун морьтой авчирсан. Тэр ногоон гүүний төл нь аавын хүрэн  байгаа юм.

-Буурал морио хэдий үеэс уяж эхэлсэн юм бэ?

-1989 оны унага байгаа юм. Анх даага уяж эхэлсэн ч соёолон хүртлээ яваагүй ээ. Хязаалан, соёолондоо тус тус зургаалж, хавчиг морь сумын баяр наадмаар тавласан. Ингэж наадмын өм нээснээс хойш 1996 онд дөрөвлөж, дараа жил нь түрүүлээд, 1998 онд Их хурдад тоосоо өргөж байлаа. Уралдааны замд хүүхэд нь ойчоод 62-т ирсэн. Тэрнээс өмнө Улаанбаатар төмөр замын наадамд 312 моринд долоогоор давхисан. Түүнээс хойш айхтар уясангүй ээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд их бага наадамд 18 удаа орсон байна. Үүнээс нэг түрүү, хоёр аман хүзүү бол бусад нь айраг.

-Олон жил уяагүй байх нь ээ. Ямар нэг шалтгаан байв уу?

-Хөлний асуудалтай болсон л доо. Хатгаад ямар ч нэмэргүй байгаад, унаж байгаад хөөрхий тогоо тослосон.

-Өөр ямар морийг уяж, ямар амжилт гаргаж байв?

-15 жил морь уялаа. Өнгөрсөн хугацаанд худалч хүнд уясан морьдоо 10 дотор оруулж байсангүй. 1993 онд Дондогийн саарал азаргыг 500 мянган төгрөгөөр худалдаж авдаг юм. Тухайн үедээ гурав түрүүлж, хоёр айрагдсан байсан юм. Нутгийн унаган адуугаа гадагшаа гаргахгүй гэж тэр л дээ. Надаас өмнө Дарьгангаас хүн авах гэж ирсэн байлаа. Тэгээд надад ирээд зуны гурван ч наадамд гурав, дөрөв, таваар тус тус орсон. Өвөл нь нэг айрагдсан. Тэгээд хөөрхий хөгширсөн. Дараа нь элгэн зээрд хүрэн мориороо наадсан.

-Саарал азарганы төлүүдээс хурдалсан уу?

-Төлүүд нь нэг их яваагүй ээ. Ганц нэг орсон санагдана.

-Асгатын уяачид олуулаа юм аа. Ихэнх нь удам залган уяа эвлүүлж байна уу?

-Тэгж болно. Гэхдээ миний хувьд аав маань моринд дуртай ч шимтэн уяж байгаагүй. Тухайн цагт нийгмийн адуунаас ганц нэгийг уяна.  Энэ нь ухаан орохоос л дасал болж, би чинь арван хэдтэй хүүхэд морь уяж эхэлсэн. Бид эцэг эхээс 10-уулаа. Есөн дүүтэй айлын ууган хүү байгаа юм. Тэгээд уясан морьдоо хоёр дүүгээрээ унуулж  эхэлснээр моринд орсон түүхтэй.

- Хоёр дүү нь морь уях уу?

- Уяна аа. Нэг дүү маань хөдөө мал малладаг. Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар гэж бий. Нөгөөх нь аймгийн нисэх буудлын дарга Ж.Ганбат  байгаа юм. Гэхдээ зун бүр ирж морио уядаг юм.

-Одоо уяж байгаа элгэн зээрд нь хаанахын адуу юм бэ?

-Мөн л миний унаган адуу. Аавын хүрэн азарганы төл л дөө.  Эх тал нь жаахан Доржийн зээрд гүү. Сонин учрал шүү. Тэр нэг намар энэ зээрд гүү унагандаа манай адуунд ороод ирдэг юм. Тэгээд эхдээ эргэж очоогүй. Эзэн нь эхийг авчирч байгаад хоёуланг нь дагуулаад явна. Унага нь буцаад л давхиад ирнэ. Тэгсээр манай адуунд нийлж дасаад, хүрэн азарганд хураагдаж, гарсан төлний нэг нь элгэн зээрд.

-Элгэн зээрдээ хаана хаана мордуулж, ямар амжилт гаргаж байна даа?

-Соёолон өвөл нэг түрүү, зун нэг аман хүзүүдээд  би зарчихсан. Түүний дараа том хүрэнгээрээ наадсан. Энэ морь даагандаа гурвалсан бол Мөөрөн хээр даагандаа түрүүлж, шүдлэн хязааландаа  дараалан айрагдсан. Дараа нь нагац аав Жамьяндаа бэлэглэчихсэн. Би ч гадагшаа олон адуу гаргасан л даа. Нагац, тэдний хүүхдүүдэд гээд л. Халзан, Онгонд манай хүргэчүүд байдаг юм. Тэднээр дамжаад гарсан нь хурдалж  байна. Халзанд  гэхэд авга ахын хүү Баярсайханы Төрөөд хоёр азарга байна. Нэг нь миний буурал морины дүү байгаа юм. Нэг нь хоёр удаа орж, өнөөх нь нэг аман хүзүүдээд зарагдсан юм билээ. Мөн Дарьгангад суугаа найздаа саарал азарганыхаа төлийг өгсөн нь бага наадамд орсон дуулдсан.

-Таны хүүхдүүд морь мал уяж байна уу?

- Уяна аа уяна. Том хүү Наранбаатар гэж сумын начин залуу бий. Бас морь уяна. Миний дүү  нар  ч  морь уядаг. Дүүтэйгээ нийлээд нэгэнтээ таван айраг авснаар морь хурдалж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд долоо, найман жил айраг тасраагүй наадсан сайхан түүх бий. Уяач хүн чинь суралцаж дуусдаггүй улс даа. Удаан хугацааны сургуулилт, уйгагүй хичээл зүтгэл сая амжилтад хүргэдэг юм болов уу. Тэрнээс хөлслөөд тарлаад л морь уячихдаг юм биш.

-Таны оролцож байсан наадмуудаас хамгийн том нь хэдэн оны хаанахын наадам байна?

- 1998 оны “Их хурд” байна. Хэдийгээр хүүхэд маань унаад 62-оор ирсэн ч надад бахдалтай санагддаг. Тэр жил их ч бороотой байж билээ. Өдөр шөнөгүй бороо ороод хүүхэд унаад, жолоондоо хөл нь тушаатай орсон нь тэр. Өөрөөр ч сумандаа наадаж ирсэн хүн дээ, би.

- Өнөө жил Асгат суманхаа наадамд яаж наадав?

-Хар азаргаа дөрөвлүүлсэн. Өөр нэг хээр соёолонтойгоо наадлаа.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

- Та бүхэнд ажлын амжилт хүсье. Эрүүл энх байж, сайн сайхан яваарай.

П.Ундармаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна