“Цогт тайжийн хүлэгч” МСУХ-ны тэргүүн С.Манлайбаатар:Хурдыг хонхортоо хадгалаад, хормойдоо дараад байвал удаан тогтохгүй ээ
Булган аймгийн Баяннуур сумын “Цогт тайжийн хүлэгч” МСУХ-ны тэргүүн С.Манлайбаатарын ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Баяннуур сумын “Цогт тайжийн хүлэгч” МСУХ хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-1997 онд Монголын Морин Спорт Уяачдын Холбоо үүсгэн байгуулагдаад удаагүй байх тэр үед Баяннуур сумын уяачид ч мөн идэвхижиж, холбоо байгуулахаар нэгдсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл 1997 онд байгуулагдсан. Аливаа зүйл мэдээ мэдээлэлд тулгуурладаг шүү дээ. Энэ ч утгаараа ММСУХ байгуулагдаад байна. Цаашид сумдын уяачид ч холбоо байгуулж нэгдсэн зохион байгуулалтад орох нь зүйтэй гэсэн чухал санаачлагыг гаргасан нэгэн сайхан хүнийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр хүн бол Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог юм. Содномцог ах өөрөө ММСУХ-ны тэргүүлэгч байсан учир уяачдынхаа амжилт бүтээлийг нь үнэлэх, нэр алдарт хүргэх, бодлого явуулах, нэгдсэн зангилаанд байлгах зорилгоор холбоо байгуулсаныг аавд маань дуулгаж, Баяннуур суманд уяачдын холбоо байгуулах санал тавьсан юм билээ. Миний аав аймгийн Алдарт уяач Чойдоржийн Содном гэдэг хүн бий. Ингээд Дугар, Жигжид, Дамдиндорж, Доржсүрэн манай аав нарын ахмад уяачид Баяннуур сумын уяачдын холбоог анх үүсгэн байгуулсан түүхтэй. Тухайн үедээ анхны тэргүүнээр нь Даваасамбуугийн Доржсүрэн гуайг томилсон байна.
-Түүнээс хойш ямар, ямар хүн тэргүүнээр нь сонгогдон ажиллаж байсан юм бол оо?
-2004 онд намайг тэргүүнээр, Д.Зоригтыг нарийн бичгийн даргаар сонгогдох хүртэл Д.Доржсүрэн гуай холбоогоо тэргүүлж байсан. 46-10-ын Доржсүрэн гэдгээрээ нэрд гарсан сайхан уяач байлаа. Миний аавын багын найз байгаа юм. Мөн нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байсан, үнэхээрийн сайхан цэвэр цэгцтэй бичиж хурлын тэмдэглэл гайхалтай хөтлөх чадвартай Ц.Пүрэвсүрэн гэж эрхмийг энд дурсах учиртай. Эдгээр хүмүүсийн санаачилж байгуулж өгсөн тэр сайхан уяачдын холбооны үйл ажиллагааг цэгцтэй, бодлого, зорилготой авч явах гэж үе үеийн тэргүүлэгчид болох нарийн бичгийн дарга асан Дашдаваагийн Зоригт, ажиллаж байгаа Гомбын Зоригт нарын нөхдийн хамтаар 10 хэдэн жил ажиллалаа. Холбооныхоо үйл ажиллагааг боломжийн хэмжээнд зангидаж бусдын итгэлийг дааж явах сан гэж боддог. Учир нь, одоогоос 13 жилийн өмнө уяачдын холбооны гишүүд гэлтгүй багийн бүх иргэн хуралдаад намайг тэргүүнээр сонгосон юм. Тийм олон хүний итгэлийг хүлээж сонгогдсон болохоор хичээх учиртай.
-Таныг тэргүүнээр сонгогдсоныхоо дараа нэр өгч, туг далбаа, лого эмблемийг нь бий болгосон гэж сонссон, зөв үү?
-Үүсгэн байгуулагчдын хувьд бүгд хөдөөний эгэл жирийн уяачид байсан. Тэд маань зав зай багатай хүмүүс. Тиймээс ерөнхий суурийг нь босгож, анхан шатны бичиг цаасыг нь эмхлээд л бидэнд хүлээлгэж өгсөн хэрэг. Үүнээс цаашхи ажлууд буюу зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл гаргах бичиг данс, албажуулах ажлуудыг бидний үеийн залуус хийсэн юм. Манай холбоо 15 тэргүүлэгч гишүүнтэй. Нарийн бичгийн даргаар Гомбын Зоригт ажиллаж байна. Тиймээс Манлайбаатар ганцаараа энэ бүхнийг хийгээд байна гэж ойлгож болохгүй. Бид хамтдаа л хийж байгаа юм. Тэр үед дийлэнх сумдын уяачдын холбоо манайх шиг эрх зүйн хувьд ТББ –ын гэрчилгээ баримт бичиг тамга тэмдэгтэй болж амжаагүй байсан үе. Бид үүнийг анзаарсан учраас 2004 онд ажил хүлээж авмагцаа дүрмээ баталж, Төрийн Бус Байгууллагын Тухай Хуулийн хүрээнд бичиг баримтаа эмхэлж цэгцэлсэн.
Холбооныхоо нэрийг ч бас ярилцаж байгаад өгсөн. Цогт тайж бол зөвхөн Баяннуураар хэмжигдэхгүй, Ар Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, цогтой тэмцэгч, төр шашны зүтгэлтэн хүн байсныг бүгд мэднэ. Энэ утгаараа энэ сайхан хүнийхээ нэрээр нэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Ингээд Цогт Тайж дээр уяачдын өргөмж нэр буюу хүлэгч гэдэг үгийг залгаад, холбооны маань нэр бүтсэн.
Логоны хувьд, монголчууд хөх тэнгэртээ залбирдаг, тэнгэр хангайгаа харж дээдэлдэг, наадмын өглөө тэнгэрийн үүлийг шинжээд түрүүлэх морины зүсийг тодруулж болдог гэж үздэг учраас энх мэндийн хөх тэнгэртээ сүүн цагаан үүл хөхөл, сүүлийг нь боосон давхиж яваа хурдан морины дүрстэйгээр, монгол бичгээр“Цогт тайжийн хүлэгч” нэр маань хөвж байгаагаар зохиомжилсон юм.
Цогт тайж одоогийн нутаг дэвсгэрийн харьяаллаар бол Булган аймгийн Баяннуур суманд төрж өссөн гэсэн үг үү?
-Тийм ээ, манай сум бол Цогт тайжийн тоглож өссөн нутаг юм. Бүр тодруулбал, Баяннуур сумын “Бор булан” гэх газарт “Долоон довон” гэж нэртэй долоон довцог байдаг бөгөөд Цогт тайжийн намтар түүхэнд гардаг тоглож өссөн газар байгаа юм. Түүнээс баруун тийш 4 км-т одоогоос 400-гаад жилийн өмнө яруу найраг, соёл урлаг, эрдэм боловсрол түгээх, соён гэгээрүүлэх төв байсан Цогт тайжийн цагаан байшин нь Халдун зүрх гэдэг уулын өвөрт бий.
Нэр лого, туг далбаатай болчихлоо. Дараа нь ямар ажил хийсэн бэ?
-Товчхондоо орон нутгийн адууны удам угшлыг улам сайжруулахад чиглэсэн бодлого явуулсан. Ер нь сумд болон багууд дотогшоо л “амьсгалаад” байдаг даа. Өөрөөр хэлбэл, наадмын түрүүгээ гадагшаа алдахгүй гэсэн үзэл давамгайлдаг. Ардын төр мандахаас өмнө бол Халхын наадмын түрүүг Манжийн хүлэгт алдахгүй ээ гэсэн үзэл байсан. Тэр бол өөр хэрэг. Гэтэл тэр үзэл яван явсаар, жижгэрсээр хошуу нутаг, аймаг, сүүлдээ бүр сумын хэмжээнд яригдах болсон байна. Энэ бол цагаахан бодол хоржоон төдийд л байх зүйл хэтэрвэл, жалга довны үзэл болж хувирна. Тэгвэл буруу тийшээ хазайна. Би дотогшоо гэсэн нэг үг хэлэх гээд байна аа даа. Дотогшоогийн нэг балаг нь зарим орон нутаг манай адуу л дийлдэшгүй хурдан нь гэж мугуйтсаар тэндээ ширгээд намжсан түүх байдаг. Бид үүнийг арай өөр өнцгөөс нь харж, ярьж эхэлсэн. Нийтээрээ сайн адуутай болж байж том наадамд уралдана. Үүнийг өөр зүйлтэй зүйрлүүлбэл, дархан хүн их сайн багажтайн дээр, оюун ухаанаа шингээж байж сайхан бүтээл гаргадаг. Иймээс Монгол орон даяар төрийн их баяр наадамд дийлж уралдаад байгаа хурдан адууны үр удмыг авч ирж адуугаа сайжруулах. Цаашлаад Монголын нийт уяачдын хандлага бодлого хаашаа явж байгааг судалж, тэдэнтэй мөр зэрэгцэн алхах, сайн адуу бий болгож байж уяачдаа урам зоригтой сайхан наадуулах, үзэгч олныг баясгах гэж зорьсон. Ер нь Баяннуурын хонхортоо биш наанадаж хиллэсэн таван сум руугаа гарч уралдуулах, цаашлаад улсын наадамд очоод уралдуулж энэ сумын нэрийг цуурайтуулах адууг гаргаж авах нь зүйтэй юм байна гэдэг дээр санаа нэгдсэн. Энэ ч утгаараа адууны үүлдэр угсаагаа сайжруулахыг нэн тэргүүний зорилго болгож тавьсан юм. Угтаа бол ингэснээр уяачид би, би гэдэг үзлээсээ сална. Бид, манай гэсэн олонлог үзэл дээр тулгуурлаж байж, багаар бодоход орон нутгийнхаа нэрийг улсад цуурайтуулна. Энэ нь далдуураа үндэсний өв соёлоо хадгалж үлдэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, залгамжлагчдаа бэлтгэх давхар агуулга зорилготой. Энэ мэтээр уяач хүний нийгэмд гүйцэтгэх үндсэн үүргийг таниулаад өгвөл үүнийг дагаад хариуцлага гарч ирнэ. Ингээд танд эрх нь байгаа бол үүрэгтэй, үүрэг байгаа бол хариуцлагатай гэдгийг ухамсарлаад, морь уях нь миний эрх ч энэ өв соёлыг авч явах, хадгалж үлдээх үүрэгтэй юм байна шүү гэдгээ ойлгож ухаарна. Ингэж ухамсарласнаар морин уралдааныг төгс эзэмших, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах, уяачид хоорондоо зохион байгуулалттай, эв түнжинтэй байна. Ер нь эцсийн эцэст Монголын түүхэнд ч гэсэн эв түнжин дандаа дутагдаж байсан байдаг. Шашин шүтлэг хийгээд наадам цэнгэл дээр монголчууд эвлэсэн байдаг. Тэгэхээр бид эв нэгдлээ хангахын төлөө чадлынхаа хэрээр зорьж ажиллах юм шүү гэсэн гол бодлого барьсан. Үүн дээрээ ч төвлөрч ажилласны хүчинд үр дүн ч гарсан гэж бодож байна.
Адууны үүлдэр угсааг сайжруулахад нэн тэргүүнд анхаарсан гэлээ. Энэ зорилтын хүрээнд ямар, ямар ажлыг хийж хэрэгжүүлэв?
-Энэ бүхнийг нэг хүн өөрийн хөрөнгөөр бий болгодоггүй. Бодлогыг хэрэгжүүлэхэд урам зориг, сэтгэл нь байгаа хүмүүст хөөрхөн хөшүүрэг өгөх, сэтгэлийг нь дэмжих ажиллагаа зохион байгуулах нь их үр дүнтэй байдаг. Энэ ч утгаараа бид залуучуудыгаа хөхиүлэн дэмжсэн, зохион байгуулалтад оруулсан, бас урамшуулсан. Тэгэхээр бид улсын наадамд ямар адуунууд ноёлж, ямар угшлын адуунууд дийлээд байгаа юм бэ гэдгийг судалж үзсэн. Урьд өмнө нь нутгийн хөгшчүүд Жаргалант, Морин тойруулгын адууг бүр 1980-аад оны үед олоод ирсэн байж.
Ингээд бид Морин тойруулга, Жаргалант суурьтай адуугаа Баянцагаан,Галшар,Банди,Тайж,Орлой,Донир,Шүүлэн,Баадуу зэрэг угшлуудаар цус сэлбэсэн. Сүүлийн үеийнхээс заримыг нь нэр цохвол Улс халзан, Тугал ухаа, Жинст хонгор, Гуулин зээрд гээд нэрд гарсан хүлгүүдийн үр удмаар адуугаа сайжруулсан. Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь аймгуудаар явж Дорноговийн Өргөн сумын Цэрэн гуай, Сүхбаатарын Уулбаяны Агваан багш, Түвшинширээгийн Пүрэвдорж гуай зэрэг хаа газрын нутгийн тулхтай буурал уяачидтай хөөрөлдөж явахдаа өвгөн ноён Пүрэвжавын буй болгосон Галшар адуу хэзээнээсээ хурдны ундарга нь болж, салхины урсгал дагаад хурдны үзүүр нь зүүн урд талдаа байгаа юм байна аа гэж ойлгосон шүү.
2005, 2006 оноос гадаад үүлдрийн цэвэр цусны адуу сонирхож эхэлсэн. Баяннуур суманд одоо араб, англи, будённый гээд бүгд бий. Одоо тэднийг манай дүү С. Манлайбаяр, түүний үеийн Д.Тайванжаргал, З.Насанбуян нарын залуус өсгөж үржүүлж байна.
Бид Жаргалант, Морин тойруулгын адуу л гээд байдаг. Тэдний удам угшлыг сонирхож судалж үзэв үү?
-Энэ хоёр угшлын онцлог нь одоогоос урагш тооцвол хагас зууны өмнө эхлэн улсын бодлогоор эрдэмтэд болоод мэргэжлийн хүмүүсийн судалгаа шинжилгээний үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж авсан адуу юм. Морин тойруулга адуу 1960-н хэдэн оноос Жаргалант адууныхаа суурин дээр спорт харайлтын, хурдны гээд хэд хэдэн чиглэлээр үржүүлсэн. Харин хурдны чиглэлийг Жаргалант Галшар гүүнүүдийг 1969 онд Зөвлөлт улсаас орж ирсэн цэвэр цусны зургаан азаргаар эрлийзжүүлэг хийж гаргаж авчээ. Монгол адуу байгальдаа дасан зохицох өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай. Ийм генийн онцлогтой адуу гэдэг амьтны бие организмаас гарч болох дээд хурдыг гаргахын тулд өөрийнх нь биеийн жижиг харьцаан дээр нь гадаад адууны хурдыг авчирч, тэгэхдээ бүр өөрийнх нь биеийн шинж чанар хийгээд байгальдаа дасан зохицох экологийн байр байдлыг нь эвдэлгүйгээр хийх гэсэн санаа яваад байгаа юм уу гэж ойлгосон. Тиймээс ч бид англи, араб адууны цусыг монгол адуунд хийсэн юм. Ийм адууг үржүүлсний ид шид ч эхнээсээ гарч байна. Улс, бүсийн наадмаас шаггүй олон айраг, түрүү авчихсан нь үүнтэй холбоотой гэж боддог.
Зарим хүмүүс мөн чанарыг нь ойлголгүй, эрлийз адуу олшроод монгол адууны үүлдэр угсаа муудаад байна гэсэн утгатай зүйл ярьж байна. Аж ахуйн зориулалттай адууны үүлдэр угсаа муутгах хэмжээний гадаад цусны адуу Монголд одоогоор орж ирээгүй. Өөрөөр хэлбэл, адуутай айл болгон бус хурдан морины уяагаар дагнаж байгаа тун багахан хувь нь эрлийз адуу өсгөж үржүүлж байна.
Адуу гэдэг амьтны биеэс гарч болох богино зайн дээд хурдыг англи адуу гаргадаг. Арабад гэхэд +50 хэм халдаг. Монголд өвөлдөө манай сууринд л гэхэд -40 хэм хүртэл хүйтэрдэг. -40 +50 фарангетийн 90 хэмд амьдарч чадаж байгаа араб адууны байгальтай ингэж зохицож чадаж байгаа тэсвэр тэвчээрийг монгол адуунд авчирч хийгээд өндөр хурдтай Монгол адуу гаргаж болох юм гэж дүгнэж байгаа.
Нөгөөтэйгүүр адууг бодлоготойгоор эрлийзжүүлж байна гэж буруутгаж ч болно, зөвтгөж ч болно. Гэхдээ зөв тал нь давамгайлаад явах байх. Энд би бас нэгэн сонин зүйл яръя. Манайд аргамаг гэдэг үг бий. Аргамаг сайн хүлэг гэж үлгэр домогт хүртэл гардгийг мэдэх байх. Үүнийг бид гайхамшигтай хурдан хүлэг гэсэн утгаар ойлгодог. Гэтэл хөдөөгийн Пэрлээ гэж алдаршсан гайхамшигт эрдэмтэн энэ үгийг юу гэж тайлбарласан талаар Я.Цэвэл гуайн толь бичигт тэмдэглэж үлдээсэн байдаг. Тэнд юу гэж бичсэн байна вэ гэхээр “Аргамаг гэдэг бол зөвхөн хурдан адуу гэсэн утгатай үг биш шүү. Монголчууд Сартаулыг эзэлж байх үед манайд орж ирсэн Араб гаралтай адуу гэсэн үг” гэж байгаа юм. Монголын нууц товчоонд ч Өгөдэй хаан сартаулын урт хүзүү өндөр хөлтэй адууг үлэмж олноор ирүүлэгтүн гэж зарлигдсан баримт байна.Тэгэхээр их эртнээс араб адуу Монгол хөрсөнд туурайн мөр гаргажээ. Манай сум араб, англи адуугаар үржил хийж байгаа талаар дээр цухас дурдсан нэгэн зүйлийг тайлбарлахад бидний хийж байгаа үржил бол эцсийн дүндээ Д.Даваахүүгийн Өндөр зул, Наран хонгор, Хөх цавьдар шиг, Г.Сандуйжавын Идэр хээр, Гоё хүрэн шиг, Эрдэнэчулууны Шаргархуу адуутай болох гэж үржил хийж байгаа болохоос одооны зарим нэг хүн шиг бараг цэвэр шахуу адуугаар наадмын түрүү авахыг зориогүй юм.
Орон нутгийн уяачдыг хэвшсэн үзэл бодлоос нь салгаж, алс ирээдүйгээ өөр өнцөгөөс харах боломж олгох зорилт тавьж хэрэгжүүлжээ. Талархууштай, бахархууштай ажил байна?
-Баярлалаа. Хичээн зүтгэсний үр дүнд “Баяннуур ч хурдтай газар шүү” гэж ойлгогдох хэмжээнд хүрсэн. Бид энэ ажлыг бусдаас мөнгө авч хийгээгүй. Цаашдаа Монгол улсад сонгодог морин уралдаан бий болох цаг ойрхон биз ээ. Тэр цагт манайхан бэлэн.
Холбооны үйл ажиллагаа идэвхижихийн хэрээр уяачид ч идэвхижиж байгаа биз ээ. Одоогийн байдлаар Баяннуур сумын хэмжээнд хэчнээн хүн хурдан морины уяа сойлго тааруулж байна вэ?
-Бид уяачдаа бүртгэлжүүлээд, үнэмлэх олгоход морь идэвхитэй уяж хобооны үйл ажиллагаанд оролцдог 56 хүн байдаг юм. Зааж зөвлөдөг буурлуудтайгаа нийлээд 60 гаруй болно. Тэдгээрээс аймгийн Алдарт уяач 10, сумын Алдарт уяач 23 бий. Одоогоор улсын цолтой уяач байхгүй ч болзол нь ханасан, цолонд ойрхон уяач хэд бий.
Морины соёл гээд ярихаар хэмжигдэхүүн нь зөвхөн морин уралдаан л болоод байна. Энэ цаг үеийнхээ шаардлагаар сум орон нутагтаа жил хэчнээн уралдаан зохион байгуулж байна вэ. Тэр дундаа аймгийн бүсийн уралдааныг сумандаа хэдэн удаа зохион байгуулав?
-Цагаан сар, хүүхдийн баяр, наадам, есдүгээр сарын нэгэн гээд жилдээ 5-6 уралдаан тогтмол зохион байгуулж байна. Эдгээрээс уяачдын цол зэргийг олгох нь Засгийн газрын шийдвэр тогтоолтой. Тэр утгаараа Засаг даргын захирамжаар явдаг учраас сумын наадмыг уяачдынхаа цол зэрэгт оруулдаг. Манай уяачид ч ямар уралдаан цол зэрэгт орох, орохгүйг харьцангуй сайн мэддэг. Түүндээ тааруулж морь малаа уядаг.
Уяачдын хөдөлмөрийг үнэлэх, цол авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бүсийн уралдааныг аль болох олныг зохион байгуулахыг зорьдог. Ингээд 1998 онд улсын чанартай хаврын бүсийн уралдааныг сумандаа зохион байгуулсан. Улмаар 2012 онд Булган аймгийн урд бүсийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Ингэхэд танай нутаг морь уралдахад хэр тохиромжтой замтай вэ?
-Манай сумын уралдааны зам их гоё шүү. Зөөлөвтөр, элсэрхэг хөрстэй. Газрын хөрс морь уяхад их нөлөөтэй. Шавшуургадахаар дагжуур, хайрга чулуутай газар бол олон давхил хийхэд хэцүү байдаг. Манай энд бол хэдэн ч давхил хийсэн салхи нь зөв, хөрс нь зөөлөн сайхан замтай. Замын урт 28 км чөлөөтэй гардаг.
Уяач болоод уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах талаар та дээр цухас дурдаад өнгөрсөн. Уралдаанч хүүхдүүд рүү хандсан асуудалд хэрхэн анхаарал хандуулж байгаа талаараа тодруулаач?
-Манай холбооны үндсэн зорилтын нэг нь уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах асуудал. Бид бүх уралдаанаа сумын Засаг дарга хийгээд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрөлтэй зохион байгуулдаг. Зарим жил засаг ноён гуай нь намын солиорлоосоо болоод уралдаан наадмыг хориглодог байсныг дурдах хэрэгтэй. Уралдааны үеэр тэдний төлөөлөл, хүн болон мал эмнэлгийнхнийг байлцуулдаг. Хүүхдийн үсний найрны уралдаан ч бай, орон нутгийн удирдлагуудыг оролцоотой байх нь зүйтэй гэсэн шаардлага тавьдаг. Мөн энэ орон нутагт зохион байгуулах уралдаан, наадмуудыг холбоо зохион байгуулж байя гэсэн хэлцэлд хүрсэн. Бүх уралдааны үеэр уралдаанч хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахын тулд заавал долоогоос дээш насны хүүхдээр морь унуулна гэсэн дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд морь унаж дасах, дадлагажих, ямар ч нөхцөлд биеэ авч явж чадах чадвартай болсон үед нь морь унуулъя гэсэн зорилт тавьдаг. Мөн бай шагналын 20 хувиар уралдаанч хүүхдээ урамшуулж байх дүрмийг уяачдадаа анхааруулдаг. Уралдааны үеэр хамгаалалтын хувцас хэрэглэлээ бүрэн өмсөж, заавал даатгуулсан байх шаардлага тавьдаг. Энэ бүхэн манай суманд харьцангуй сайн хэрэгждэг. Хүүхэд бэртэж гэмтэж болзошгүй нөхцлүүдийг аль болох арилгахыг хичээж байна. Тухайлбал, цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон нар жаргаснаас хойш моринд ажил хийхгүй байхыг байнга сануулдаг. Дадлагажсан, сурсан хүүхдээр морь унуулах шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагууд маань ч хэрэгждэг.
Баяннуур сумын адуу хэлбэр хийц, удам угшлын хувьд ямар онцлогтой вэ?
-Манай сум хурдтай бол хурдтай. Нэр цохоод ярьсан ч болно. Гэхдээ хурд гэдэг бол хонхортоо хадгалаад, хормой дороо дараад байвал удаан тогтдог зүйл биш ээ. Монгол адууны цус бас их сонин л доо. Монгол хүний цус долоо, цаашлаад есөн үе дамжиж байж цэвэршдэгтэй адилхан. Адууныхаа цусыг нийлүүлэхгүй, харин ч холтгож сайжруулахыг эрхэмлэнэ.
Жаргалант, морин тойруулгын адууны цус, хийц эрт орж ирсэн учир манай суманд харьцангуй цэвэр, товир биетэй, зэгзгэр, цэмцгэр адуунууд зонхилдог. Мөн дээр хэлсэнчлэн хормой дороо дараад, хонхортоо нуугаад байлгүй цусыг нь сайн сэлбэж ирсэн учраас улс, бүсийн уралдаануудад тогтмол амжилт үзүүлэх хурдан хурц хүлгүүд төрөн гарсаар байна.
Жаргалант, морин тойруулгын адуунаас гадна өөр ямар, ямар адуугаар цус сэлбэгдсэн хүлгүүд байна вэ?
-Манай нутгийн өвгөдийн сайхан буянгуудын удам угшил одоо ч тасраагүй байна. Ваандагийн Яндаг, Хамартын Лувсандагва, Гэлэнхүүгийн Пунцаг, Дэмбээ, Санжид, Мядаг, Сэрээтэр, Баттөмөр, Бат-Аюуш тэргүүтэй олон сайхан уяач энэ нутагтаа амьдарч, удамт сайн хүлгүүдээ өсгөн үржүүлж байлаа. 1970 онд Аварга хээр гэдэг алдартай хүлэг улсын баяр наадамд айрагдаж байсан түүхтэй. Үнэндээ бид өнөөдөр тэдний буян дээр л туйлж яваа юм шүү дээ. Өвгөд маань Төв аймгийн Баянцагаан, Хэнтийн Галшараас адуундаа цус сайн сэлбэсэн юм билээ. Хамартын Лувсандагва гуай л гэхэд тойруулга Галшарын адуугаар л нааддаг хүн байж. 1981 онд “Сансар” сангийн аж ахуй байгуулагдахад олон адуу аваачин, түрүү хүртэж байсан гэдэг юм. Манайх аймгаасаа харьцангуй алслагдсан, зүүн хязгаарын сум учраас тэр бүр аймагт очиж наадах боломж тохиодоггүй байж л дээ. Лувсандагва гуай нэг удаа аймгийн баяр наадамд очоод дөрвөн насны түрүүг нь аваад ирсэн гэдэг юм. Тэр наадмын үеэр наадамчин олон “Яасан сайхан хурдан морьтой хүн бэ, ямар ч муухай янгиа тохсон юм бэ дээ” гэлцээд байж л дээ. Хөдөөний хөх уяачид гоёж гангалахаасаа илүү байгаа бүхнээ мориндоо зориулж, эдэлж хэрэглэж байгаа зүйлийнхээ бат бөх чанарт л анхаардагийг зарим нь ойлгохгүй л байсан бололтой.
Би саяхан Мөнхийн Данзанням гуайг морь цоллуулж байгааг 1970-н хэдэн оны бичлэг дээрээс харлаа л даа. Лувсандагва гуай шиг л хээгүй жолооч малгай толгой дээрээ тавьчихсан, ердиин л өмсдөг дээлтэйгээ сайхан морь уначихсан зогсож байна лээ. Жинхэнэ уяач хүн мориндоо анхаарахаас бус өөртөө анхаардаггүй, гоёж гангалах ч зав чөлөө олддоггүй гэдэг нь энэ хоёр жишээгээр харагдаж байгаа юм.
Бат-Аюуш гэдэг онцгой сайн уяач харьцангуй залуудаа буюу 50 гаруйхан насандаа бурхны оронд заларсан. Хүрэн азарга нь сумын баяр наадамд таван жил дараалан түрүүлсэн түүхтэй. Миний өвөө Аюушийн Чойдорж, аав Чойдоржийн Содном нар ч бас үе дамжин нэгдлийн адуу маллаж байсныг дурсъя. Хожим нэгдэл адуу түрээсээр тарахад өөрт оногдох хувиа олон жил малласны хувьд шигшиж аваад үлдэх нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Ер нь улсад ноёлж байсан бүх адууны удам угшил манай хонхорт бий дээ.
Сумынхаа онцгой хурдан азарганууд болон тэдний үр төлүүдийн гаргасан амжилтуудаас товч сонирхуулаач?
-Үечлээд ярьчихсан нь зүйтэй болов уу. 1980-аад оны үед Хамартын Лувсандагва гуайн Бэлэвсэн хээр гэж сайхан азарга байсан гэдэг ч би харж байгаагүй ээ.Морин тойруулгаас хар үнэгний хоолонд гаргасан адуунаас шүдлэн үрээ авч ирсэн гэж ярьдаг. Хээр адууны удам угшил 1990-н хэдэн он хүртэл хурдалсан. Тухайлбал, Бэлэвсэн хээрийн нэлээд хэдэн төл Лувсандагвын Нарантогтох, манай сумын Жамбал нарын улсуудад байсан. Жамбалын хонгор морь, хээр, хүрэн азарга гээд л явна шүү дээ. Мөн манай аавд тэр бэлэвсэн хээрийн төл Том хонгор гэдэг хурдан азарга байлаа.
Үүний дараах үеийн төлөөллүүдэд мөн Морин тойруулга адуунууд хамаарагдана. П.Сүхтөмөрийн хул азарга 1984 оны үед соёолонгоосоо эхлээд их хурдалсан. Адуун Жанчив гэдэг хүнээс авсан морин тойруулга гаралтай нэгдүгээр үеийн эрлийз азарга байлаа. Тэр үед улсын баяр наадамд очиж уралддаггүй байж. Хул азарга сум орон нутаг, тойрсон сумдадаа хэдэн жилийн турш хурдаа гайхуулсан. Үр төл нь ч нэлээд тархсан. 2004 оны “Их хурд-3”-т Отгонбаярын халиун морь долоогоор давхисан нь хул азарганы төл байгаа юм. Мөн Алтангэрэлийн алагууд гэж хоёр алаг морь байлаа. Орон нутагтаа олон түрүүлсэн. 1997 онд болсон Эрдэнэтийн анхны даншигт очиж уралдаж байлаа. Түүнчлэн Дашинчилэнд таван жил түрүүлсэн Бат-Аюушийн хүрэн азарга байна. Энэ бол монгол азарга. Түүний төл нь Ламжавын хонгор, Батсайханы хонгор гээд хурдан хонгор адуунууд бий.
Өнөө цагт улс, бүсийн хэмжээнд нэр нь дурсагдаж байгаа адуунууд гэвэл аймгийн Алдарт уяач Ч. Содномын хар азарга улсын чанартай бүсийн уралдаанд таван удаа айрагдлаа. Өлгөр хээр улсын бүс нэг айраг. Могой хээр гэж сайхан азарга бий. Түүний нэг төл улс, бүсийн уралдаанаас хоёр, гурван айраг хүртлээ. Энэ мэтээр яриад байвал олон сайхан адуу байна.
Онцгой амжилт үзүүлсэн их насны морьдын заримынх нь амжилтаас сонирхуулаач?
-Манай сумын нэртэй уяачдын нэг Гэлэнхүүгийн Пунцагийн их насны морьд олон жил дараалан тогтмол амжилт үзүүлж байсан. Ер нь их насны морь нь хэрхэн хурдалж байгаагаар л тухайн айлын адууны чанар чансааг хэмждэг дээ. Энэ утгаар нь авч үзвэл Г.Пунцаг өвөөгийнх онцгой хурдан алаг голдуу морьдтой айл. Хар алаг, хонгор алаг, халиун, хонгор морь гээд л цуварна. Улсын наадамд айрагдаж байсан Сүрэнхорын аварга хээр гэж ярьдаг. ММСУХолбооны ажлын албаны дарга Я.Болдбаатарын аав В.Яндаг өвгөний саарал гэж онцгой хурдан морь байлаа. Намайг морь унаж байх үеийн юм болохоор морины төрх хийцийг сайн санадаг. Харин их олон газар очиж уралддаг уяач байсан амжилтыг дэлгэрэнгүй мэдэхгүй. Д.Даваахүү гуайн уяж байсан Тойруулгын бор, хонгор морьдын магнайд1988-1989 оны үед тоос тогтоож байсан адуу.
Адуу дагасан үндэсний өв соёл, монгол хүний үнэт зүйлээ үр удамдаа өвлүүлж үлдээсэн, удам дамжсан уяачид танай нутагт олон уу?
-Дийлэнхи нь удам дамжсан уяачид даа. Өсөхөөсөө л адуун дэл дээр хийсэн, адуутай нөхөрлөж өссөн болохоор холдож чаддаггүй юм болов уу. Удам дамжсан уяачдаас ганц хоёрыг нь дурдахад Г.Пунцаг өвөөгийн П.Төмөрбаатар,П.Сүхтөмөр, П.Баатар, П.Алтангэрэл, П.Дашбаяр. П.Батбаяр, П.Өрнөхбаяр. П.Отгонбаяр нарын найман хүү нь бүгд уяачид. Аймгийн Алдарт уяач Ц.Батболд гуайн Б.Орших, Б.Сүхбат, Б.Агваан, сумын Алдарт уяач Т.Дамдиндорж гуайн Д.Содоо, Д.Оогоо , миний аав Ч.Содном, дүү Манлайбаяр хоёулаа аймгийн Алдарт уяачид байгаа юм. Өргөмөл хүү Ихбаяр ч сумын Алдарт уяач байх жишээтэй. Ингээд бодохоор уяачийн орчин өөрөө удам дамжсан уяач болгоход нөлөөлдөг юм болов уу.
Морь уях ерөнхий дэг гэж бий. Гэвч уяаны дэг ёс нутаг, нутагт ялгаатай байдаг. Тухайлбал, танай нутгийн уяаны дэг ёс ямар онцлогтой вэ?
-Газарзүйн байршлын хувьд тал хээрийн бүсэд хамаарагдах харьцангуй нам дор газар. Нэгэн үе манай нутагт хавар эрт ногоо иддэг, орой сөл тасардаг байсан учир адууны тарга тэвээрэг сайн, хүчээ бага барж онд ордог байлаа. Тиймээс адууг жаахан эрт барьж, олон хөлстэй уядаг онцлогтой. Тодруулбал, гарын ая сайн даадаг адуутай байлаа. Одоо бэлчээрийн даац хэтрээд энэ байдалд өөрчлөлт орсон. Тиймээс шинэ цагийн аргаар буюу тэжээн уяж байна.
Адуу дагасан өв соёл нь хүртэл аймаг, сумаараа ялгаатай байдаг. Тухайлбал, Хэнтий аймгийн Батноров суманд Тожил дархны урласан эмээл тохоогүй хүн гэж байдаггүй. Увс аймагт бол бугуйл барьдаггүй, адуу бугуйлдаж чаддаггүй хүн байдаггүй гэх мэт. Харин Булган аймаг гэхээр юун түрүүнд айраг, айраг дагасан өв соёл л санаанд буудаг. Тэгвэл Баяннуур сумын адуу дагасан өв соёл юугаараа бусдаас ялгардаг юм бэ?
-Адууны эдэлгээгээр манай сум онцгой. Өнөөгийн залуус мотоцикль унадаг болсон бол манайхан морио л эдэлнэ. Адууг унаганд нь барьж, дааганд нь сургаж, багаас нь эдэлдэг. Нэг үгээр хэлбэл, адууны эдэлгээг төгс хийдэг гэсэн үг. Манайхан бол Туулын голын хүүхдүүд. Энэ ч утгаараа сайхан уурга барьж морь, сайхан эдэлнэ . Гүүгээ барьж айргаа ууж, сайхан эмээл хазаар хэрэглэнэ. Одоо сайхан уурга барьдаг залуус цөөрсөн байна. Гэхдээ л Пунцагийн Отгонбаяр, Баатарын Очироо, Бадам, Ихбаяр тэргүүтэй манай нутгийн залуус хаана ч явсан сайхан уурга барина аа .
Адууны тоо толгойгоор ч нэлээд дээгүүр бичигддэг байх аа?
-Тийм шүү, харьцангуй газар нутаг багатай, жижиг сум гэхэд адууныхаа тоо толгойгоор дээгүүрт орно. Нэгэн үе “Булган аймгийн хамгийн олон адуутай айл нь Баяннуурынх байлаа. Гэхдээ манай адуучид тооны хойноос хөөцөлддөггүй. Хурдан сайн адууны араас л хөөцөлдөнө дөө.
Хоёулаа одоо Манлайбаатар гэдэг хувь уяачийн талаар ярилцъя. Булган аймгийн хамгийн олон адуутай айлын хүү, удам дамжсан уяач таны бага нас адууны бэлчээрт л өнгөрсөн болов уу?
-Тэгэлгүй яах вэ.. Биднийг багад ахмадууд хэлдэг дээ. “Малд нүдтэй, адуунд эвтэй. чих зөөлөн,хүнтэй эвтэй яваарай” гэхчилэн сургадаг. Би ахмадын энэ сургаалийг сонсож, бусад монгол хүүхдүүдийн жишгээр малын бэлчээр дээр л бага насаа өнгөрөөсөн. Тэр үеийн сайхан дурсамж гэхээр анх морин дэл дээр салхи татуулан давхисан мөч, адууны тэр сайхан үнэр санаанд ордог юм. Уяачийн хувьд гэвэл сайн уяач аавын хүү гэхээс хэтрэхгүй.
Тэр сайхан дурсамж хэдэн насанд тань тохиосон юм бэ?
-Аав маань намайг анх гурван настайд моринд мордуулсан байдаг юм. Эрэгтэй хүүхдийн даахийг сондгой насанд нь үргээдэг уламжлалт сайхан ёс заншил байдаг даа. Аав миний даахийг үргээчихээд “Миний хүү даахинаасаа салж хүн боллоо” гээд цавьдар халзан морин дээр мордуулж байсныг бүдэг бадаг санадаг. Түүнээс хоёр жилийн дараа буюу тавтайдаа хурдан морь унаж, айраг, түрүү авсан мөчөө бүр ч тод санадаг. Анх би таван настайдаа Завын хоолой гэдэг газар Өвгөн хээрээ унаж, түрүүлгэж байлаа.
Тэгвэл Содномын хурдан хүлгүүдийн угшилтай буянууд хэдий үеэс Манлайбаатарын нэр дээр сойгдож, уяач болоод унаган нутгийнхаа нэрийг дуурсгаж эхэлсэн юм бол?
-Та намайг уяач гэж яриулах гээд байх шиг би өөрийгөө уяачид тооцохгүй. Яах вэ асуусан учраас анх морь уясанаа л яръя. 13 нас хүрээд хурдан мориноос хасагдсан юм. Гэхдээ мориноос хасагдахаасаа өмнө 1989 онд 11 настайдаа анх морь уясан. Булган аймгийн Дашинчилэн сумын Туяа нэгдлийн 50 жилийн ойн уралдаанд соёолон үрээ уяад өөрөө уначихаж байгаа юм. Тэгээд 138 үрээнээс ухаа үрээгээ 36-гаар давхиулж байв. Тэгэхэд надад айрагдсан юм шиг санагдсан сан. Тэр наадамд аавынхаа их насыг унаад жинхэнээсээ айрагдчих билээ. Миний уях ч гэж юу байх вэ дээ, аав намайг дурлаад байхаар хорхойг минь дарсан юм болов уу даа.
Тэр жилийнхээ намар, есдүгээр сарын 1-ний уралдаанд даага хул даагаа айрагдуулж аавын цээж царайлав шүү дээ. Түүнээс хойш сайн адууны буянд олон айраг, түрүү хүртсээн. Тэр бүхнээс нэгэн наадам миний сэтгэлд их тод үлдсэн юм. 1997 онд аав морьдоо аваад улсын наадамд явчихсан. Хүү нэг хязаалан, нэг сөнгө даагатай үлдээд өнөө хоёроо сумандаа уралдуулаад хязаалан 21-ээр, даага аман хүзүүлчихсэн. Нэг орой зурагтаар “Өвөрхангай аймгийн Бүрд суманд “Их монгол хэмээх Шаравжамц аваргын мэндэлсний 126 жилийн ой болно. Зургаан насны морь уралдана” гэсэн мэдээ гарч байна. Т.Амарбаясгалан гээд багын найзтайгаа ярилаа. Найзын даага түрүү, шүдлэн түрүү, ахиад шүдлэн аман хүзүүлчихсэн. Намайг бодвол додигор. Даанч гэм нь хоёулаа Өвөрхангайн Бүрд сум хаана байдгийг мэдэхгүй. Ямар ч байсан баруун урд зүг рүү байгаа гэсэн багцаа төдий. Сумынхаа нэг жолооч ахаас асуусан манайхаас 140 гаруй км гэж байна. Хоёулаа хэдэн бага адуугаа хөтлөөд борооны цуваа, хэдэн боорцог, ээжүүдийн чанаж өгсөн махтай ганзагалаад гарлаа. Тэгсэн маргааш нь замд ашгүй Дашинчилэнгийн Бүрүүний дөрөлж гэх газар нэг наадамд зорьж яваа нутгийнхантайгаа таарав. Зам мэддэг хүмүүстэй таарсан болохоор од гийгээд л явчихлаа. Очих замдаа даага маань эцчихсэнийг эс тооцвол тэр наадамд бид сайхан наадсаан. Миний хүрэн үрээ хязааланд тав Т.Амарбаясгалангийн маань нэг шүдлэн аман хүзүү, нөгөө нь гурав, даага нь аман хүзүү, Д.Доржсүрэн ахын ногоон үрээ соёолонд түрүү авсан.
Та бол гурав дахь үеийн уяач. Дөрөв дэх үеийн уяачдаа бэлтгэж байгаа юу?
-Би аавынхаа заасны дагуу хүүхдүүдээ 3-4 насанд нь морь унуулж сургаж байгаа. Миний зээ дүү нар ч унаж байна. Хурдан морь унуулж, сайн уралдаанч, сайн малчин болгохын тулд багаас нь малд ойр өсгөх хэрэгтэй. Морь унуулна, урамшуулна, малд явуулна, гүү хураалгана, адууны зах үзүүлнэ. Монгол хүүхэд бүр л энэ зарчмаар малд дөртэй болдог доо. Дэргэдэх томчуудаа хараад мэдрэмж суудаг. Энэ жишгээр л би хүүхдүүдээ багаас нь морь унуулж байна. Бага хүү маань жоохон учраас одоохондоо морь унаагүй байна. Хоёр зээ дүү маань хурдан морь унаж байна. Хот газрын хүүхдүүд гэхэд тун дажгүй шүү. Айраг, түрүү хүртэхээрээ их баярлаж, урамшдаг.
Миний төрсөн дүү С.Манлайбаяр 2015 онд гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл аймгийн бүсийн чанартай наадамд оролцоод гаргасан амжилтаараа ганцхан жилийн дотор аймгийн Алдарт уяач цолны болзол хангачихсан.Урд нь хичээл номын мөр хөөгөөд мориндоо ойртож амжихгүй байсан хэрэг. Гэхдээ амжилтыг нь бататгаж байж болъё гээд тэр жилд нь тодорхойлолгүй, хойтон жил нь цолыг нь олгосон юм. Ингэхдээ зөвхөн Булганыхаа хонхорт бус Төв, Сэлэнгэ, Булган, Дорнод зэрэг бусад аймагт болсон уралдаануудад оролцож гаргасан амжилтаараа цолоо хамгаалж авсан.
С.Манлайбаяр миний ижил гурван настайгаасаа морь унасан уралдаанч хүү. Тэр Улаанбаатар хотын 40 дүгээр сургуулийг алтан медальтай төгссөн. Дээд сургуулиа ч алтан медальтай төгссөн, геологи, уул уурхайн инженер мэргэжилтэй хүн. Гэвч өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн өв соёлоо хадгалж, хамгаалаад сонирхлоороо морио уяад ийм амжилт гаргаад явж байна. Энд дүүгийн талаар яагаад дурдав гэхээр нийгмийн зарим хэсэгт морины хүүхэд хичээл сургууль завсарддаг гэсэн ойлголт байх гээд байдаг. Тэгвэл “Үгүй шүү” гэж хэлье.
Ярианы эхэнд хэлсэнчлэн та ч “би” гэж ярихгүй хүн юм байна. Нутгийнхан болон аав, дүү хоёрынхоо тухай л түлхүү ярилаа. Бидний урилгыг хүлээн авч, илэн далангүй сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе?
-Урьж оролцуулан, санаа бодлыг минь сонссон та бүхэнд баярлалаа. Удам дагасан гэдгийг нь тодруулах гэж байгаад аав дүү хоёроо түлхүү ярьсан бол хүлцэнэ биз ээ. Харин нутгийнхнаа бол яриад л баймаар байна шүү. Ярилцлагадаа одоо зарим нь бурхны оронд тэнгэрийн хүлэг сойж байгаа буурлуудаасаа авахуулаад доод тал нь 60,70 гарсан өвгөн уяачдынхаа овгийг зөрүүлэх вий хэмээн эмээсний учир овгийг тодорхойлон дурдаагүйгээ хэлэхийн сацуу өшөө олон буурлуудынхаа нэрийг дурсаж амжилгүй үлдээсэн байж мэдэх тул үр хүүхдүүд нь хожим уншвал уучилна биз ээ .Сэтгүүлч “Цогт Тайжийн Хүлэгч” Уяачдын холбооны тэргүүн гэдэг утгаар өчүүхэн надаас холбооны бодлого, зорилго, үүссэн түүхийн талаар голлон асуусны учир зөвхөн асуултын хүрээнд хариулсан төдий гэдгийг уншигч авхай ойлгоно байх. Завшааныг ашиглаад зайлшгүй ярих ганц хоёр зүйл байна. Учир нь, сүүлийн үед морины өв соёлыг ойлгохгүйгээсээ уяач, морь сонирхогчдод дарамт шахалт үзүүлэх явдал цөөнгүй тохиолдож байна. Энэ нь нийгмийн массыг хамраагүй ч цахим ертөнцийг эзэгнэсэн нүүртэй хэрнээ нүүргүй хүмүүсийн л хийрхэл түлхүү яваад байгаа юм. Тэд өвөл мал тамлаж, хүүхэд зовоож байна гэж шуугилдаж байна. Морин уралдаан хэдэн зууныг дамжсан өв соёл тээж явааг тэд ойлгохгүй байна, эсхүл ойлгохыг хүсэхгүй байна. Монголчуудын түүх ямагт морьтойгоо холбоотой. Алтайн аглаг уулнаас олдсон эртний Хүннүгийн өмнөх үеийн булш морьтойгоо оршуулагдсан байх жишээтэй. Энэ ч утгаараа монгол хүнийг мориноос нь холдуулж, өв соёл, дайчин уламжлалыг нь мартагнуулах гэсэн далд бодлого яваад байна уу даа гэж бодогдох юм.
Монгол хүмүүс даяаршлын хар сүүдэрт автаад адуу малаасаа холдож байгаа энэ нөхцөлд морь уяна гэдэг бол тодорхой хэмжээний баясах баясал, цэнгэх цэнгэлтэй ойртох нэг хэлбэр юм. Гэвч морь уяна гэдэг өнөөдөр таны морин уралдаан үзээд буцаад явдагтай адилхан богино хугацаанд үргэлжлээд дуусдаг наадмын төдий үзэгдэл биш ээ. Түүний цаана уяач , уралдаанч хүүгийн тэдгээрийн ар гэрийнхний бүтэн жилийн нөр их хөдөлмөр цаашлаад нүүдэлчдийн их соёл тусгаар Монгол улсын төрт ёсны агуулга нь эрийн гурван наадам, тэр дундаа морин дэл дээр зангилагдаж явдгийг үр хойч маань ойлгож ухаарч өсөөсэй. Үзэгч наадамчин олон минь бодож тунгааж яваасай гэж хүсч байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна