Үндэсний морин уралдаан нь ӨВ СОЁЛ, ЁС ЗАНШИЛ
Монголчууд бид мөнх оршихын дархлаа болсон үндэстний өвөрмөц соёлтой улс. Тэдгээр соёлын нэг нь үндэсний морин уралдаан билээ. Монгол үндэсний морин уралдаан нь, зөн билэгт монгол адууны гайхамшигт чанартай холбоотойгоор оюун сэтгэл, ёс дэг, өв уламжлалд хэвшин шингэж, ард түмэн төр улсаа дээдлэх үзэлтэй монгол сэхээтэн хүн болж төлөвшдөг үндэстний дархлаат өвөрмөц соёл тул онцгой чухалд тооцох учиртай. Үндэстний энэ гайхамшигт давтагдашгүй соёлыг аварч хамгаалах төрийн бодлого хойшлуулшгүй арга хэмжээ үгүйлэгдээд байгааг өнөөгийн цаг үе шаардаад байна.
Монгол үндэсний морин уралдааныг морин спортын төрөлд хамруулах, арилжааны хэлбэрт шилжүүлэх гэсэн сүүлийн хориод жилийн үйл ажиллагааны үр дүнд төрийн наадамд хямрал нүүрлэж “Үндэстний өв соёл, зан заншил” байх мөн чанар арчигдаж устах дээрээ тулж ирлээ. Уг шалтгаан нь ММСУХолбооны нөлөөгөөр үндэсний морин уралдааныг ийм болгосон нь үнэн.
Уяачдын эрх ашгийн төлөө байгууллага ММСУХ-ны удирдлагад сонгогдсон нөхдүүд гол үзэл санаагаа хэлэхдээ:
“Морь уралдуулах талаар олон түмнийг оролцуулж царайчлах хэрэггүй, боловсролгүй хөдөөний уяачдаас саналыг асууж, бодлогоо тодорхойлоод байх шаардлагагүй. Бид өөрсдөө бодлогоо гаргаж хэрэгжүүлээд, малчид, уяачид гэх тэр нөхдүүд дагаад явах хэрэгтэй. Хөгжлийн зүй тогтол ингэж явагддаг юм. Монгол адууг эрлийздэнэ гэдэг чинь хөгжлийн бодлого. Хоцрогдсон монгол адууг эрлийздэн “Шинэ монгол” адуу гаргаж, улмаар дэлхийд түрүүлэх хурдан адуутай болох ёстой...” гэх зэргээр ярилцаж бодлого гарган хэргэжүүлж ирсэн байдаг. Эндээс үүдэлтэйгээр “Монгол адуу хоцрогдсон, тэр бол мал хариулдаг адуу, XXI зуунд монгол адуу хэрэггүй, солих хэрэгтэй... “ гэх бодлого үйлдэл нь өнөөгийн төрийн наадмын хямралын үндэс наадаж цэнгэж чадахгүй болсны шалтгаан болжээ.
Монгол төрийн наадамд ямар ч үүлдэр харгалзахгүй, холимог цустай эрлийз адуунууд уралдуулж гайхамшигт, шандаст монгол адуугаа дорд үзэн адлах болсоноор морио дээдэлж төрөө хүндэтгэдэг, ёс зүй монгол хүний оюун санаанаас арчигдан устах аюул нүүрлэсэн эгзэгтэй цаг үед ирээд байна.
Тодруулж хэлбэл, монголчууд бидний биет өв монгол адуу болон биет бус өв соёл, үндэсний морин уралдаан, генийн болон соёлын хувьд шахагдан арчигдах аюул нүүрлээд байна гэсэн үг.
Өнөөгийн монгол төрийн наадамд эрлийз адуу уралдуулах болсон өчүүхэн шалтаг бий. Тэр нь юу вэ гэвэл үндэсний морин уралдааныг нэр алдар, цолны төлөөх уралдаан, тэмцэлдээн болгосонтой шууд холбоотой. Тухайлбал, үндэсний морин уралдааныг хөгжүүлэх нэрийн дор хамгийн муу уяачид хамгийн дээд “Тод манлай уяач” гэсэн өндөр цол олгох зэргээр ёс суртахуунгүй төлөвшлийг нийгэмд тулган хэрэгжүүлсэн хамгийн эмгэнэлтэй байдлыг бүгд харж байна. Ингэж үндэсний морин уралдааны түүхэн уламжлалт мөн чанар, жудаг ёс алдагдаж, нэр, цол, ашиг хонжооны төлөө хүүхэд уралдуулдаг мөрийтэй тоглоомын хэлбэрт шилжих аюул нүүрлээд байгаа нь хэн бүхэнд ил болжээ. Үүнд ард олон дургүйцэж байна.
Саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун санаачлан “Монгол адууг эрлийзжүүлэхийг дэмжсэний дээр уяачийн цолны төлөөх хийрхэл, тэмцэлдээнийг хөхиүлэн дэмжсэн хуулийн төсөл боловсруулсныг үзээд гайхаж байна.
Монголчууд өнөөгийнх шиг ямар нь мэдэгдэхгүй гудамжны золбин нохой шиг адуутай хэзээ ч байгаагүй. Монгол нутагт урьд өмнө хэзээ ч эрлийз адуу амьдрах тийм нөхцөл бүрдээгүй гэдгийг мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид нотолсоор байна.
Гэтэл монгол адууг адалж муулдаг нөхдүүд “Чингис хааны үеэс эрлийзжүүлж байсан болохоор монгол адуу гэж байхгүй. Хар дэл жанжин бэйс өвгөн ноёны Галшар адуу чинь Оросоос авчирсан эрлийз адуу. Сүхбаатар аймгийн хурд чинь Дарьганга, Эрдэнэцагаанаар Өвөрмонголоос урдаасаа орж ирсэн эрлийз. Тэс адуу гэдэг чинь Тувагийн эрлийз удамтай... гэх мэт яриа зарим нэгэнд нь итгэл үнэмшил болон тархжээ. . Монгол үндэстнийг төрүүлсэн, бий болгосон, дэлхийд алдаршуулсан зөн билэгт монгол адуугаа ад үздэг болсон нь бодохоос аймшигтай үзэгдэл. Тиймээс юуны түрүүнд өнөө үед адлагдах болсон монгол адууны гайхамшиг бахархлыг товч ч атугай өгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монголчууд үндэстний хувьд мөнхийн бахархалтай байдагтай зэрэгцэн монгол адуу монголчуудын мөнхийн бахархал байсаар ирсэн түүхтэй.
Монгол адуу “Зөн билэгт” адуу гэдгээрээ гайхамшигтай. Харь нутгаас нутагтаа гүйн ирж нулимс дуслуулан зогсдог монгол адуугаа хайрлахгүй, бахархахгүй монгол хүн байдаггүй биз. Монгол хүн, монгол морь хоёр эх орон, эх нутгаа гэсэн нэгэн сэтгэлээр дархлаажин торнидог нь мөн л монгол ахуй, монгол соёлтой холбоотой билээ.
Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, БНМАУ гээд төрт улс мандан бадарсан түүх зөвхөн монгол адууны нуруун дээр тусгаар тогтнож ирснийг түүх гэрчилнэ. Монголчууд бидний бүхий л хувь заяа монгол адуутай хүйн холбоотой учраас бахархан шүтэж, билэгдэн дээдэлж, төрийн сүлдэндээ мөнхөлж ирсэн нь ийм учиртай биз. Энэ бол бахархах түүх, өв уламжлал, оюуны дархлаа мөн.
Харин өмнөх социалист нийгмийн үед бол өөр. Жаргалантын морин завод байгуулсан нь хязгаарлагдмал хүрээнд монгол адуунд бие томтой, тэсвэр хатуужилтай, дайн байлдаанд зориулж үржлийн ажил явуулсан туршилт байв. Эндээс монгол адууг цус сэлбэж сайжруулсан тухай эрдэм шинжилгээний ямар нэгэн дүгнэлт гараагүй. Мөн бидний морин тойруулга гэж ярьдаг морин спортын төв клуб нь сонгодог морин спорт хөгжүүлэх гэсэн төрийн бодлогоор байгуулагдсан байна. Гэвч аль, аль нь монгол наадам будилуулснаас өөрөөр монгол адууг сайжруулсан гэх ямар ч үр дүн өгөөгүйгээр барам амьдрах чадваргүй, тэжээлийн эрлийз адуу гэх муу үнэлгээгээр төгссөн.
Манай хэдэн эрдэмтэд, доктор Б.Биньеэ, Б.Хөххүү, Д.Самданжамц, доктор Д.Шомбодон нарын мэргэжил зүтгэлээр 1990 онд монгол адууны /MNS 4099; 2010 / стандартыг баталгаажуулж МОНГОЛ АДУУ ДЭЛХИЙН ГЕНИЙН САНД БҮРТГЭГДЭН, дэлхийн адууны үүлдрийн жагсаалтанд орсон байдаг. Дэлхийд баталгаажсан монгол адууныхаа генийг хамгаалах, монгол адуутай холбогдсон үндэсний соёлоо монголын төр дархлан хамгаалах ёстой.
Эцсийн дүндээ уралдаж тэмцэлдэх нь үнэ цэнэ биш үндэсний соёлоо хамгаалах нь хамгийн үнэт зүйл гэдгийг л хэлэх гэсэн юм.
Зөн билэгт монгол адуу, хүүхэд унаж уралддаг уламжлал, монгол уяач түүний эрдэмлэг ухаан, ёс жудаг энэ бүгд үндэстний нэгдсэн цогц соёлын бүрэлдэхүүн байдаг нь өвөрмөц ховор бүтэц юм.
Үндэсний морин уралдаан нь гаднаасаа спортын уралдаан тэмцээн мэт харагддаг боловч ахуйтайгаа уялдаад монгол хүний тэсвэр тэвчээр, эрэмбэ зиндаа, ёс жудаг, хүндэтгэл, нигүүлсэнгүй сэтгэл зэрэг хүмүүжлийн сургууль, айл гэрт баяр баясал, жаргал цэнгэл эдлүүлдэг томоор харах юм бол үндэстний бахархал, дархлааг хадгалж байдгаараа гайхамшигтай соёл.
Монгол үндэсний морин уралдааны хөгжлийн цаг хугацаа, газар орон, хууль журам, номч мэргэдийн сургаал номлолоос үзэхэд тэд морин уралдаанаа үндэстний соёл болгон төгөлдөржүүлэн хөгжүүлж, үлдээсэн өв соёл болох нь тогтоогддог юм. Соёлын хөгжлийн эх сурвалж нь газар нутгийн хувьд Сэцэн хан, Түшээт хан аймаг, түүний гол төлөөлөгчид үе үеийн Сэцэн ханууд, VIII Богд Жавзандамба хутагт, Хар дэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжав зэрэг түүхэн хүмүүсийн нэр зүй ёсоор гарч ирдэг. Тэд морин спорт хөгжүүлээгүй. Харин морин уралдааныг үндэстний соёлыг өндөр түвшинд хөгжүүлсэн гавьятай хүмүүс болохыг онцлон тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Үнэндээ тэд гавьяат малчид биш. Соёлын гавьяат зүтгэлтнүүд байсан байна. Үүнтэй уялдаад уяач хүн бол үндэстний өв соёл тээгч болохыг ойлгож төлөвших ёстой.
Өмнөх нийгмийн үед үндэсний морин уралдааныг үндэсний соёлын хувьд хамгаалах, хадгалах тухай албан ёсоор дэмжээгүй ч зөнгөөр нь орхисон нь дэмжлэг болсон байдаг. Социалист нийгмийн гэм алдааг монголчууд монгол адуугаараа таньж мэдэрч, анх түрүүнд өв соёлоо сэргээн өвлүүлэх хөдөлгөөн үүсч 1989 онд Монгол адууны нийгэмлэг байгуулагдаж байжээ. Үүнийг ардчилсан хувьсгалын салхийг хагалсан гэж сайны билэгдлээр дурсдаг хүмүүс ч бий. Гэтэл энэ байдал давтагдаж “Монгол адуугаа хамгаалах, монгол өв соёлоо сэргээн уламжлах”-аар ард түмний хөдөлгөөн дахин өрнөөд байгааг сайн үйлсийн эхлэл гэж бэлгэдэн дэмжиж байна.
Үндэсний морин уралдааныг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байдаг. Тус хуульд “Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ...” гэсэн заалт бий. Мөн “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна” гэж насны ангиллыг тодорхой заасан байдаг. Гэтэл хуулийг зөрчин төрийн наадмын морины уралдаанд гурван насны эрлийз адуу нэмж уралдуулдаг болгосон зэрэг үндэстний соёл, ёс жаягийг эвдсэн ноцтой үйлдэл түмний нүдэн дээр ил харагдаж байгаа. Хууль бус үйлдлийг сурталчлах, зохион байгуулах зардал, шагнал урамшууллыг Засгийн газар гаргадаг болж, санаачлагч, зохион байгуулагч, эрлийз морьдын эздийг төрийн одон тэмдэг, алдар цолоор хөхиүлэн шагнаж, алдаршуулах зэргээр уламжлалт соёлоо доромжилсон үйлдэл одоо ч явагдсаар. Энэ нь “Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан тэмдэглэх...“ тухай хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүйн нотолгоо гэж үзэхэд хүргэж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөр нэг чухал зүйл заалт нь “УЯАЧИД” цол олгоно... гэж заасан байдаг. Монгол уяач гэдэг бол хувь хүний хувьд адуунд дур сонирхолтой, уламжлалт өв соёлоо тээгчид байдаг. Гэтэл уяачийг эрдэмлэг чадвар, ёс суртахууны өндөр үнэлэмжээр олонд хүлээн зөвшөөрөгдөн хүндлэгдсэнээр нь эрэмбэлдэг ёс уламжлалыг гээж орхигдуулж иржээ.
Зөвхөн хуульд заасан айрагдаж, түрүүлсэн тоог гүйцээсэн хэнд ч хамаагүй улсын цол олгодог болсон нь уламжлалт эрэмбэ, ёс жудаг, хүндлэлгүй болгох том гажуудал болсон байна. Үүнээс болж хэн нэгэн сайн уяачийг хөлсөлж морь уяулах, айрагдаж, түрүүлээд ирэхээр нь худалдаж авахаас гадна мөнгөөр нэр дээрээ цоллуулдаг ёс бус санаа хэрэгжих болсон. Ингэж цолны төлөөх тэмцэлдээн арга залиар өрнөж, эрэмбэгүй, хиймэл манлай уяач цолтнууд борооны дараах мөөг шиг олширсон нь уяачид жудаг, ёс цээргүй болох үлгэрлэл болсныг нийтээрээ жигшин ярих болжээ. Түүгээр үл барам баяр наадмын хуульд эрлийз адуу нэмж уралдуулах тухай заалт байхгүй. Гэтэл хуульд байхгүй уралдаан хийгээд хуульд заасан цол хэргэм олгодог болсон боловсон заль мэхийг зохиосон субъект нь улс орны эрх ашгийг хохироосоор байж л байна.
Ийм байгууллагын ивээлд багтаж “Тод манлай” цол авсан нөхөр “Арван жилийн дараа төрийн наадамд монгол адуу мордуулахгүй...” гэж ам алдаж хэлсэн үг уяачид, олон түмнийг цочоолоо. Энэ ер нь юу болж байна вэ?
Уяачдад “Улсын Алдарт, Манлай, Тод манлай” цол олгуулдгаараа үйл ажиллагаа, нэр хүнд нь тогтож байдаг ММСУХ-ны бодлого нь зөв үү? Ерөнхийлөгчийг залилан мэхэлж зарлиг гаргуулж байсан юм биш биз... гэсэн хардлага урган гарч байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарч хандах ёстой гэж үзэж байна.
Аль тэртээх гучин жилийн өмнө Монгол адуу нийгэмлэгийн их хурал дээр доктор Цэгмэд агсан “Монгол адуугаа л эрлийзжүүлж болдоггүй юм шүү. Ёстой болдоггүй юм...” гэж захидаг байсныг мэдэх юм. Одоо ч манай төрийн төв байгууллага ХХААЯ-наас батлаад гаргачихсан “Монгол адууг өөр хооронд нь цэврээр үржүүлнэ. Харин хурдлах, мах, сүүний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хязгаарлагдмал хүрээнд “Тодорхой нөхцөлтэйгөөр арга зүйтэй, төрийн хяналттайгаар эрлийзжүүлгийн ажлыг явуулахыг зөвшөөрнө...” гэх мэт шийдвэрүүд бий. Онцлог нь “Тодорхой нөхцөлтэйгөөр, төрийн хяналттайгаар” гэж байгаа юм билээ.
Ийм тодорхой шийдвэр байгаа хэдий ч эрлийз адуу уралдуулдаг дэлхийд байхгүй гаж үзэгдэл биежин хэрэгжсээр байхад үүнийг үнэлдэг тооцдог хариуцлага хүлээдэг, хүлээлгэдэг төрийн үйлчилгээ өнөөг хүртэл мэдрэгдэхгүй байна.
Монгол үндэсний морин уралдааныг үндэсний соёл, ёс заншлаа алдагдуулахгүйгээр авч явахыг эрхэм хүндтэй ахмадууд маань ард түмэндээ, төр засагтаа хандаж сануулж, хүсч, сургаж хэлсээр ирсэн байдаг.
Тухайлбал, ММСУХ-г санаачлагч Монгол Улсын Манлай уяач Г.Баттөмөр: “Дэлхийн жишгээр явах юм бол үүлдэр үүлдэрээрээ уралдах ёстой. Монгол наадам гэдэг чинь бүх үүлдрийн адууны уралдаан өрсөлдөөн явдаг талбар болох юм уу? Үүнийгээ л зөв шийдэх хэрэгтэй байна. Монгол үндэсний морин уралдааныг дагалдсан асар том соёл зан заншил явдаг. Залуучууд минь үүнийг битгий мартаж үзээрэй гэж ах хүний хувьд захиж байна. Уралдаж тэмцэлдэхээсээ илүү соёл нь чухал. Уяачийн ёс суртахуун, уламжлалаа өндөрт тавихгүй юм бол энэ холбоо чинь монгол улсын бүх уяачдын эрх ашгийг хамгаалж чадахгүй болно шүү” гэж хэлсэн байдаг.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү:
-Би эрлийз адууны муу сайныг нь биеэрээ үзсэний хувьд хэлж байгаа юм. Монголын ард түмний энэ олон уяач цөмөөрөө монгол адуугаараа үнэхээр бахархдаг, цөс нь догдолдог улс. Тэгээд л “Өө, муу морин тойруулгын эрлийз түрүүлчихлээ...
гэхээс сайн адуу гэж магтаж, сайшааж байгаагүй. Монгол адуунаас сайн адуу ч гэж байхгүй. Би бол монгол адууг ч түрүүлгэсэн, эрлийзийг ч түрүүлгэсэн. Намайг тойруулгаас гарснаас хойш хоёр их насны морь л түрүүлсэн. Эрлийзийн хурдлах үе нь өнгөрчихсөн байх. Монгол наадам монгол адуугаараа л наадах нь зөв. Олон түмэн уяачийн эрх ашгийг хамгаалж хандах нь зөв зүйтэй шүү залуучууд минь... гэж захиж хэлсэн байдаг.
УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь уяачдын холбооны хурал дээр: “Монгол адуугүй наадмыг зөгнөөд яриад байгаа улсыг гайхаж байна. Олон улсын жишигт бол үүлдэр үүлдрээрээ тус тусдаа л уралддаг шүү дээ. Манайхан шиг үүлдэр хамаагүй морь уралддаг газар байхгүй. Нэг үндэслэл зориуд хэлье. Өнөөдөр дэлхий даяарчлагдаад манайх шиг жижигхэн улс өөрсдийнхөө үндэсний соёлыг л сэргээж, энэ дотор авч гарахгүй бол үндэсний юм болгон үгүй болох, багасах, жижиг улс устах аюул нүүрлэж байгаа. Монгол гэсэн зүйлээ хөгжүүлэх нэрийн дор барууных болгоод явчих юм бол монгол үндэсний аюулгүй байдалд ноцтой зүйл болно шүү. Тиймээс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд улс орноо аврахын тулд үндэсний соёл үлдэнэ гэж үзсэн юм билээ. Үүнийг бодох хэрэгтэй...” гэж хэлж байжээ.
ММСУХ-г санаачлагч, үүсгэн байгуулагч, нэрт уяач, төрийн түшээ нэр хүнд бүхий эрхэм хүмүүс “Монгол адуугаа дээдэлье, монгол соёлоо хамгаалъя” гэж бие сэтгэлээрээ зүтгэж иржээ. Гэвч тэдний бодол, хэлсэн үг салхинд хийсч, агаарт замхарсан нь харамсалтай.
Монголын төр монгол соёлоо, монгол адуугаа хамгаалахгүй юм бол угтаа үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байгаа нь үнэн. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар эрлийз адуу уралдуулахгүй байх талаар эрчимтэй арга хэмжээ авсан өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ард түмэн нийтээрээ талархаж байгааг тэмдэглэн, уяач түмэн баяр хүргэж байгааг энэ индрээс илэрхийлье ээ. Цаашид үндэсний соёлоо уламжлуулах, өвлөж хамгаалах бодлогоор холын хараатай дорвитой арга хэмжээ авч үргэлжлүүлээсэй гэж монгол түмэн хүлээн харж байна.
Түүхч, эрдэмтэн, доктор Ж.Болдбаатар “Даяаршихын хамт ондооших ёстой. Энэ нь давтагдашгүй өвөрмөц гайхамшгийг авч үлдэнэ...” гэж хэлсэн байдаг. Энэ үүднээс давтагдашгүй, өвөрмөц, гайхамшигт соёлоо авч үлдэхийн тулд дараах зүйлүүдийг нэн тэргүүнд анхаараасай гэж хүсч, өөрийн саналыг дэвшүүлж байна. Үүнд:
Нэг. Үндэсний морин уралдааныг төр, түмний билэгдэл, өв соёл, ёс заншлын хүрээнд ардын наадам цэнгэл байх мөн чанарыг хадгалсан хууль эрх зүйг бүрдүүлэх арга хэмжээ авах.
Хоёр. Монгол төрийн наадамд зургаан насны морины уралдаан хийх хуультай, ёс уламжлалтай атал хууль зөрчин гурван нас нэмж эрлийз адууг хүүхэд унуулж уралдуулдаг. Үүнд уяачийн цол шагнал олгодог болоод нэлээд хэдэн жил болсон. Энэ бол үндэстний хувьд гутамшигтай эмгэнэлт үзэгдэл мөн. Эрлийз адуу тусд нь уралдуулдаг хорвоод хаана ч байхгүй үйлдлийг таслан зогсоох хэрэгтэй. Үүнийг ДНК- ийн шинжилгээгээр маргааныг шийддэг, хариуцлага тооцдог болгох боломж бүрэн бий.
Гурав. Монгол адууны генийг хамгаалах нь нэн тэргүүний шаардлага болоод байна. Ямар нэг ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор ямар ч адууг авчирдаггүй. Ганцхан хурдыг нь нэмэгдүүлэх гэсэн сонирхогч хувь хүмүүсийн үйлдэл нь төрийн наадмыг хямрааж ёс заншлыг алдагдуулж улмаар үндэстний соёлын дархлааг эвдэж байгаа гай энд бий.
Мөн үүнээс дутахгүй аюул бол импортын адуунаас үүдэлтэйгээр эрлийзжүүлснээс болж монгол адуунд цусны болон бэлгийн замын өвчин газар авч ямар ч эмчилгээгүй энэ өвчнийг нуун дарагдуулаад байгаа үзэгдэл газар авч байна. Энэ бол аюулын дохио мөн. Ийм ноцтой байдлууд бий болсонтой холбогдуулж хамгийн түрүүнд импортоор адуу оруулахыг яаралтай хязгаарлах шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Дөрөв. Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгддөг Дүнжингарав, баруун, зүүн бүсийн гэх мэт цолны төлөөх уралдаануудыг хязгаарлаж, өнөөгийн шинэ орчин нөхцөлд тохируулан өөрчлөн зохион байгуулалтын арга хэмжээ нэн даруй авах шаардлагатай болжээ.
Тав. Уламжлалт дэг ёс алдагдаад байгаа нэг шалтгаан нь уяач, морины эзэн, морины соёлын зүтгэлтэн гэх мэтийн ялгааг тодруулж, зөвөөр шийдвэрлэх нь тэргүүн зэргийн шаардлага болоод байна. “УЯАЧ” гэж хэн болохыг тодорхой болгох. Уяачид цол олгох үнэлэмжийг уяачийн эрэмбэ, зиндаа, уламжлал, ёс жаягт нийцүүлж амжилтыг үнэлдэг шинэ үнэлэмжийг бий болгож өөрчлөх зэрэг нэн тэргүүнд шийдвэрлэх яаралтай эдгээр таван шаардлагад анхаарлаа хандуулж хэлэлцэж зөвлөлдөхийг төлөөлөгч та бүгдэд хүсч байна.
Хэдийгээр цаг үе ороо бусгаа байлаа ч уяачид “Морь уях төрийн хэрэг “ гэх монгол адуугаа дээдэлсэн төрдөө итгэх итгэл сэтгэл, ёс зүй алдраагүй байна.
Чуулганд хүрэлцэн ирсэн адуун соёлын зүтгэлтэн, өв соёл тээгч уяачид аа... Та бүгдийн үндэс соёлоо авран хамгаалах суурь болсон монгол адуу, морьтон соёлынхоо төлөөх их үйл хэрэг амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Та бүгдийн хийморь өөдөө санасан бүхэн биелж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Судлаач, нийтлэлч Н.Санжаадорж 2017.05.03.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна