СУМЫН АЛДАРТ УЯАЧ Г.БЯМБАЧУЛУУН: МОРЬ УЯАД ХӨДӨӨ ХЭЭР ЯВАХ ЧИНЬ АМРАЛТ ШҮҮ ДЭЭ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 26 -нд

Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Баянгол тавдугаар багийн харьяат, сумын Алдарт уяач Гомбосүрэнгийн Бямбачулууны ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Эрчим хүчний яамны Хүндэт жуух, эрчим хүчний Тэргүүний ажилтан, АХ-ын 80, 90 жилийн ойн медальт тэрээр 1963 оны өвөл мэндэлжээ.

-Таны өвөг дээдэс морь мал уяж байв уу. Та хэд дэх үеийн уяач вэ?
-Би 1988 оноос хойш морь уяж эхэлсэн. Түнхүү тайж гэж хүн бол миний дөрөв дэх үеийн  уяач хүн. Тонхүү тайжийн Цоохор Гүнсэн гэдэг хүний үед би багтдаг.
-Тонхүү тайж гэж хаагуур нутаглаж байсан, хэдэн оны хүн юм. Та энэ хүний талаар мэддэгээ ярьж өгөөч?
-Манай хөгшчүүл нарийн мэдээллээ надад хэлж үлдээгээгүй. Аав минь том хүү болох надад Цоохор Гүнсэнгийн хурдан удмын адуунаас үлдээсэн. Тэр адуугаараа би 14 айраг авсан. Азарганд түрүү, айраг аваагүй. Бусад бүх насанд 13 айрагтай. Өнгөрсөн жил сумын Алдарт уяач болсон. Манай Тонхүү тайж голдуу Зүйлийн хүрээгээр нутаглаж байсан. Анх би өөрийн унаган адуу болох хоёр даагаа уясан. Тэр жилээ нэг нь таваар, нөгөө нь хоёроор давхисан. Би маш их урам авсан даа. 
-Тэр жил баяр наадам хэр өнөр өтгөн болж байв. Дааганд хэдэн морь уралдсан бэ?
-40 гаруй даага л уралдсан санагддаг юм. Тэр жилийн наадамд манай сумын Баярын хээр даага түрүүлсэн. 
-Тэр хоёр даагаа дараа нь уясан уу?
-Уялгүй яах вэ. Бор хээр даага маань шүдлэндээ үрээндээ хоёроор ирсэн бол сартай хээр даага наймаар давхисан. Тэгээд баг, сумын өдөрлөгөөс эхлээд олон наадамд уралдсан. Бор хээр үрээгээ хязааланд нь засчихсан чинь нас барчихсан юм. Харин сартай хээрээ хязааланд нь уралдуулахад зургаад давхисан. Соёолондоо наймаар ирсэн. Дараа нь нас барсан бор хээрийн дүү өнчин хээр гэдэг морийг шүдлэнгээс нь эхэлж уясан. Уясан жилээ сумын наадамд аман хүзүүдсэн. Дараа нь хязааландаа тавд, соёолондоо наймаар давхисан. Сартай хээр морь нь их насандаа арваар ирсэн дээ. Цулбууртай тоосны ард ирдэг морь байлаа. Тэрний дараачийн бор хээр морь соёолондоо гурваар ирсэн юм, сумын наадамд. Дараа нь  сарт хээр гүүнээс гарсан унага маань даагандаа сумын наадамд таваар, шүдлэндээ дөрвөөр ирсэн. Түүнээс хойш энэ морь айрагдаагүй юмаа. Үүний дараа нэг хээр морь байсан. Тэр морь сумын наадамд даагандаа таваар, хязааландаа гурваар,соёолондоо долоогоор ирсэн. Тэгээд бүдүүрээд бас сайн давхиагүй. Үүний дараа нэг хонгор даага авсан чинь сумын наадамд зургаа, наймд давхисан. Мөн тэр жил болсон нэг наадамд зургаагаар давхисан. 
-Танай сумын уяач Цэрэндорж “Би бага адуу нэг их уяж байгаагүй. Бага адуу гарын ая даадаггүй юм. Их мориор л нааддаг” гэж ярьсан. Харин та яг эсрэгээр нь бага адууны уяа сойлго арай илүү тааруулдаг юм шиг санагдлаа?
-Даагыг сайн уяж байсан.
-Бага адууг жилд хэд уралдуулдаг юм?
-Гурваас илүү хэрэггүй байхаа гэж боддог. Би гурваас илүү уралдуулахгүй.
-Багаас нь уясан морьд тань нас ахиад ирэхээрээ сайн давхихаа больчихдог гэдэг. Энэ юутай холбоотой вэ?
-Цус сэлбэлтэд байдаг гэж боддог. Манайх сумынхан сүүлийн хэдэн жил зүүн аймгуудын адуугаар адууныхаа цусыг сэлбэж байна.  Одоо харахад зүүн талын адуу нутгийн унаган адуу хоёрыг ялгахгүй болж байна шүү. Зүүн талын адуу яс их хөнгөнтэй байх юм. Ганц дутагдал нь газар нутгийн байршлаас болдог юм уу, туруу байдаггүй. Туруугүй адуу чинь яаж давхих вэ дээ. Манайх адуунууд чинь ууланд уралддаг. Уралдааны зам нь их эвгүй. 
-Зүүн зүгийн адуу өгсүүр газар хад чулуун дотор уралдаж чадаж байна уу?
-Тарилгандаа ганц нэг явчихдаг юм болов уу. Нутгийн адуунаас хол ирэх нь ирж байна лээ. Гэхдээ хад ихтэй болохоор улддаг. Зүүн талын адууг бүгдийг нь бэлчээрт нь тахалж байна. Тэгэхгүй бол нутгийн адуутай явуулахаар улдаад доголоод ирдэг.  
-Та 1982 оноос хойш 34 жил морь уяжээ. Энэ хугацаанд таны оролцсон наадмуудаас хамгийн чансаа өндөр, өргөн дэлгэр  болсон наадмаа дурсвал?
-Би нэг их гадагшаа явж уралдаж үзээгүй ээ. Монголд тахь нутагшуулсны 20 жилийн ойд Ховдын Булганаас  болон Алтай, Төгрөг, Тонхил, Дарви, Цэцэгээс хурдан морьд ирж уралдаж байсан.  Газар, газрын хурдан шандаст хүлгүүд ирж уралдсан. Тэр наадамд  миний уясан даага зургаад ирсэн. Дааганд зүүн зүгийн адуунууд ч уралдсан. Би жаахан наанаас хөдөлгөчихсөн. Хэрвээ цаанаас хөдөлгөсөн бол айрагдчих боломжтой байсан. 
-Та өөрийнхөө уяж хурдлуулж байсан морьд давамгай амжилт үзүүлсэн ганц, хоёрыг нь онцолбол?
-Хээр морио л магтана. Миний хээр морь сумын наадамд даагандаа гурваар, шүдлэндээ таваар, хязааландаа айрагдсан. Мөн соёолондоо таваар ирсэн.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-13 нас хүртлээ уралдсан. Бүдүүрээд 20 дотор л орж ирдэг болсон. 
-Танай сум газрын холд бас өндөр ууланд байдаг болохоор гадагшаа гарч уралдахад бэрхтэй юм байна. Тийм үү? 
-Сүүлийн үед ойролцоох сумд руу явж уралдаж байгаа. Гадагшаа нэг их явж уралдахгүй байна. 
-Танайхан гал уяаны зохион байгуулалтад орж амжсан уу?
-Сүүлийн үед залуус адуутай болж байна. Сумын төвийн бас тавдугаар багийн хэдэн залуутай нийлээд морь уяж үзэж байна. Ер нь болохоор юм байна шүү. Дээхнэ үед уяачдын холбоо нэрнээс цаашгүй л газар байсан. Харин Дашням гэж залуу тэргүүн болсноос хойш зохион байгуулалтанд ороод явж байгаа. Түүнээс өмнө ганц, хоёр адуугаа хөтлөөд жалгын уруу уралдуулчихдаг. Хэдэн адуугаа бөөгнүүлж үсэргэчихээд морио тал, тал тийшээ хөтлөөд яваад өгдөг байлаа.
-Хэдэн онд та сумын Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-2014 онд сумын Алдарт уяач болсон.
-Таны удмыг залгамжлах уяачид төрж байна уу?
-Миний бага хүү энэ жил цэрэгт явчихсан. Тэр моринд их хорхойтой. Хүүгээ миний хэдэн адууг авах болов уу гэж боддог. Нөгөө хүү маань сумандаа эмчээр ажиллаад явж байна. Тэр машин ч, морь ч сонирхдоггүй. Номын “цагаан солиотой” хүн. 
-Таны адуутай нөхөрлөсөн эр хүний хувьд омогшсон тийм сайхан наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
-Анх 1988 онд хоёр даага авчраад сумын  наадамд уралдуулахад нэг нь хоёроор, нөгөө нь тавд ирсэн. Тэрэнд л их омогшиж урам авч билээ. 
-Ер нь морь уясан эр хүний хамгийн том бахархал нь юу байдаг юм бэ?
-Эр хүний жаргал эзгүй хээр гэж. Морио уяад хээр хөдөө явах л сайхан байдаг.  Морьтойгоо л харьцдаг. Өөр санаа зовох зүйлгүй. Ар гэр, авгай хүүхэд гэж бодох юм байдаггүй. Морио хараад тайвширдаг. Хээр морио уяад хэд хоног хөдөө явах л ганц амралт болно шүү дээ. 
-Магадгүй ийм л сэтгэл зүйн тайтгарал, баяр баясгаланг мэдрүүлдэг учраас хүмүүс хөрөнгө мөнгө, сэтгэл зүрх, цаг зав бүх юмаа моринд зориулдаг  байхаа. Адуунаас олох орлого гэхээсээ илүү   зарлага л их гарна биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Их мөнгө гарна. Гэхдээ морь уядаг хүн тэр бүхнийг авч хэлэлцэхгүй шүү дээ. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна