ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР УЯАЧИД ХЭЛЭЛЦЛЭЭ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 23 -нд

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, ажлын хэсэг байгуулж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэхүү нэмэлтэд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “...8 удаа айрагдсан ...” гэсний дараа “..., үүний дотор улсын баяр наадмын болон шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд нэгээс доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан ...”, “... 12 удаа айрагдсан ...” гэсний дараа “..., үүний дотор улсын баяр наадмын болон шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд хоёроос доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан ...”, “... 20 удаа айрагдсан ...” гэсний дараа “..., үүний дотор улсын баяр наадмын болон шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаанд гурваас доошгүй түрүүлсэн, эсхүл айрагдсан ...” гэж нэмсүгэй” гэх бөгөөд “Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийн “... их насны ...” гэсний дараа “... болон соёолон насны ...” гэж нэмсүгэй” хэмээжээ. Түүнчлэн “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан өндрийн дээд хэмжээн дотор багтсан” байхаар тогтоох аж.
Уг хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө уяачид дээрх асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа хийгээд дээрх нэмэлт бодит байдалд хэр нийцэж байгаа талаар дөрөвдүгээр сарын 18-ны өдөр уяач, морины зүтгэлтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр морины зүтгэлтнүүд өөр өөрийн үзэл бодол, санаа оноогоо хэрхэн илэрхийлснийг та бүхэндээ товчлон хүргэж байна.
Баян-Өлгий аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Нурлат: Аймгийн статустай уралдаануудыг цол хэргэмд дүйцүүлэх саналтай байна
-Улсын цолны болзол хангах журмыг өөрчилж байгаа юм байна. Энэ нь ч зөв байх. Шинэ журмын дагуу улсын наадамд морь айрагдуулж байж улсын цол авна гэсэн байна. Гэхдээ орон нутагт Даншиг наадам гэж бий. Өөрөөр хэлбэл, нэмэлт өөрчлөлт оруулбал аймгийн наадмуудыг цол хэргэмд дүйцүүлэх юм уу, аймгийн Манлай уяач ч гэдэг юм уу цол бий болгох нь зүйтэй болов уу. Эсвэл даншигийн цол гэж тусгайлж ч болох юм гэсэн саналыг хөдөөгийн уяачид тавьж байна. Тодруулбал, улсын Алдарт уяач цолыг бүсийн наадмаас, Манлай, Тод манлайд хүрч ирж чимгээ авдаг байх зэргээр улсын наадмын тодотголтой болгож ч болно. Ингэхгүй бол Увс, Баян-Өлгий, Ховд аймгийнхан 2000 км-ээс ирж уралдахад цаг агаарын бэрхшээл, морь, хүүхдэд тохиох болох эрсдэлүүд гээд олон бэрхшээл тулгарна.
Манай аймагт л гэхэд Улсын алдарт уяач цолтон хоёрхон бий. Морины уяа эвлүүлдэг, морь дагасан өв соёлоо авч яваа залууст маань урамшууллын ямар нэгэн хөшүүрэг хэрэгтэй байна. Ер нь өв соёлоо авч явах хийморьтой эрчүүд, залуучууд бүгд хөдөө орон нутагт амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, үндэсний өв соёлоо сурталчлаад зогсохгүй, хурдан хүлгийнхээ тоосонд хийморио сэргээдэг баяр наадмын жинхэнэ утга учирт чин сэтгэлээсээ ач холбогдол өгдөг хүмүүс нь хөдөөгийн малчид юм.
Нөгөөтэйгүүр, соёолонг дээшээ оролцуулах нь зүйтэй. Гэхдээ үүнийг өнөөдөр шийдвэрлэхгүй. Бүгдээрээ саналаа хэлж байгаа учраас энэ саналуудыг нэгтгээд эрдэмтдийн судалгаа, монгол морины стандарт зэргийг харж үзээд, хамгийн зөв зүйтэй гэсэн гаргалгаагаа гаргах биз ээ.
Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн Ц.Дуламсүрэн: Соёолонг дээд насанд оруулж уралдуулж болохгүй
-“Монгол төр баяр наадмын тухай хуультай болох нь чухал юм аа” гэж анх би 1993 онд Цагаандалайд ярилцлага өгч байхдаа хэлж байсан. Бүр тодруулбал, Монгол төрийн баяр наадмыг зохион байгуулах дэг журмыг тодорхой зааж өгсөн хууль санаачлан батлах ёстой гэдгийг хэлсэн юм. Учир нь, тухайн үед улсын наадмыг Улаанбаатар хотын захирагч нээдэг байлаа. Энэ ч утгаараа Улаанбаатар хотын наадам уу, Монгол Улсын наадам уу гэдэг нь тодорхойгүй болчихдог байсан юм.
Тэгвэл өнөөдөр морин уралдаан хийгээд Монголын өв соёл чухам юун дээр гуйвж ганхаад байна вэ гэдгийг ярих ёстой болж байна. Монгол наадам бол монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны их өв соёл хэмээн дэлхийд бүртгэгдсэн. Тэгэхээр монголчуудаас өөр хэн ч ийм наадам хийдэггүй гэж би ойлгодог. Тиймээс бид өөрсдийн өв соёлдоо хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр би “Дүнжингаравын хурд гэдэг уралдаан байх ёстой юу, үгүй юу” гэж боддог юм. Хэрэв байх ёстой бол тэр нь хуультай байх учиртай. Энэ уралдаан бол хот тойрсон хэдэн уяач, уяачдын холбооны хэдэн тэргүүлэгч, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчдийн саналаар болдог зүйл биш байх ёстой гэж ойлгож байна. Тиймээс ч долдугаар сарын 11, 12-нд төрийн наадам болдог бол яг түүнтэй адилхан шинийн найман юм уу, шинийн 15-нд “Дүнжингаравын хурд”-ыг зохион байгуулдаг байж болно. Ингээд хуульчилчихвал энэ уралдааныг дагасан хэл ам, элдэв асуудал гарахгүй шүү дээ. 
Мөн энэ төсөлтэй холбогдуулаад хоёр санал хэлье. Өнөөдөр бид нэгэн зүйлд маш буруу зөрүү ойлголттой байна. Тодруулбал, цолыг “Баяр наадмын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч гардуулна” гэж байгаа. Гэтэл чин үнэндээ бол цолыг ард түмэн, хамт зүтгэж яваа уяачид нь өгдөг юм шүү дээ. Тэгэхээр цолны тухай ярихаасаа илүү монгол наадмын зохион байгуулалт, баримтлах журам горимд илүү анхаарал хандуулах ёстой юм.
Мөн соёолонг дээш нь ахиулж цолонд хамруулъя гэж байна. Яагаад дээд хоёр нас байдаг юм бэ гэвэл 15 жилийн төлүүд хоорондоо уралддаг юм. Хэрвээ соёолонг дээд насанд тооцох гэж байгаа бол зургууланг нь адилхан тооцох ёстой. Зургаан насны морь түрүүлгэж, айрагдуулбал гэж орох ёстой. Энэ үндсэн ухагдахуунаа мэдэхгүйгээс соёолонг дэмжиж байна гэж ярьж байгаа нь зүгээр л хийсвэрлэл. Яагаад эрлийзэд дээд ангилал байгаа юм бэ. Эрлийз морин уралдааныг насаар нь ялгадаггүй. Азарга, их нас, соёолон гурав уралдаж байгаа учраас, бүр тодруулбал нэгэнт дээшээ тооцогдож байгаа учраас тэр. Шуудхан хэлэхэд, соёолонг дээш нь оруулж болохгүй.
Хэрэв эцсийн вариант нь ийм стандарт дээр тогтож, ийм хууль батлах гэж байгаа бол монгол заншил, монгол адууны соёл устах аюулд ч хүрч мэднэ. Би одоогоос найман жилийн өмнө Хөххотод болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байлаа. Тэнд нэгэн Энэтхэг эрдэмтэн монгол адуу хэрхэн дэлхийд алдаршсан тухай түүхийг ярьсан. Гэтэл өнөөдөр бид монгол адуу гэж байхгүй, хойшид монгол адуугаар уралдахгүй, байгаа ч үгүй гэх мэтийн зүйлс яриад л зогсоцгоож байна. Бид Монгол Улсын тусгаар тогтнол, язгуур эрх ашиг байх ёстой гэж ярьдаг. Нэг морь айрагдаж, түрүүлж болно оо. Нэг насаараа биднийг хүн болгосон, нэг насаар нь дэлхийд алдаршуулсан монгол адууны тухай битгий ингэж муухай яриач ээ, та нар. 850 жилийн өмнө монгол адуу гэж байсан юм аа. Дэлхий ертөнцийн талыг эзэлсэн Чингис хаан монгол мориор дэлхийн тэн хагасыг туулсан юм. Тэр ч бүү хэл, монгол адууны хурдны угшлыг сайжруулахад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан өвгөн ноён Пүрэвжав гуайг юу ч хийгээгүй гэж ярьж байна.  Энэ бол хамгийн утгагүй зүйл. Тиймээс уяачдын дунд олон удаагийн хэлэлцүүлэг явуулж, аль болох олон уяачийг хамруулж, монгол адуу, түүнийг дагасан соёл, цаашилбал Монгол Улсын орших тогтнох үндэс болсон өв уламжлалаа бодож тунгааж байж асуудлыг шийдвэрлээсэй гэж л хүсч байна даа.
Тод манлай уяач Д.Ганбаатар: Хуулиндаа хариуцлагын асуудлыг маш сайн суулгаж өгөх хэрэгтэй
-Хууль хэрэгжүүлэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Аливаа хөгжилтэй улс орон сайн хуультай, сайн стандарттай байж илүү хөгждөг. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун уяачдын хагарал, зөрчилдөөнийг сайн мэдэрч, хуульд нэмэлт оруулах санал тавьсанд маш их талархаж байна.
Нөгөө талаас, сэрвээний өндрийн асуудлаас өөр өнөөдөртөө шалгарсан арга байхгүй гэж бодож байна. Хүний оролцоо байдаг болохоор нэгнийх нь монголыг хасаад, нөгөөгийнх нь эрлийзийг явуулчихдаг асуудал бий. Ер нь генийн түвшинд шинжилдэг болох хүртэл сэрвээний өндрөөр шалгахаас өөр зам үгүй. Ингэхэдээ сэрвээний өндрийг анхны мөрдөж байсан стандартаар явах нь зүйтэй болов уу. Тэгвэл нийт уяачдын эрх ашигт тодорхой хэмжээгээр нийцэх байх. Миний санаж байгаагаар хамгийн сүүлийн стандарт 2 см-ээр нэмэгдсэн байна лээ. Энэ стандартын дагуу бол монгол адуу уралдах боломжгүй болчихож байгаа юм. Тодруулбал, их насны морь 141, азарга, соёолон 140 гэвэл эрлийзүүдийн дийлэнх нь хасагдах байх.
Мөн хуулиндаа хариуцлагын асуудлыг сайн суулгаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, долоогоос доош насны хүүхдээр морь унуулбал цолтой нь ярьдаг, уралдаанд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг гэх зэрэг хариуцлагын асуудлыг сайн тусгаж өгөх нь зүйтэй.
Миний хувьд морин тойруулга байгуулахаар зорьж байгаа. Та бүхэнтэйгээ хамтарч хийнэ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Эхний ээлжинд монгол адуугаа баталгаажуулъя
-Манай залуу гишүүд санаачлаад энэ хууль дээр ажиллах сэдэл гаргаж, өнөөдөр тойрч ярих том сэжүүр болж байна. Энэ бол маш зүйтэй ажил эхэлж байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Цаашид энэ хуулийг нэлээд гүнзгийрүүлж судлах нь ойлгомжтой. Бид энэ хуулиа УИХ-д өргөн барина. Мэдээж хууль санаачлагчдын өөрсдийн эрх тодорхой хэмжээнд байна. Гэхдээ аль болох тулгамдсан асуудлуудыг шийдэх чиглэл гаргахад анхаарлаа төвлөрүүлж байгаа. Учир нь, бүх асуудлыг хамруулж том өөрчлөлт хийх боломж чадал хязгаардмал байна. Тиймээс бид тулгамдсан тодорхой асуудлуудад үе шаттайгаар өөрчлөлт хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ийнхүү бид цуглаж зөвлөлдөж байгаа нь ч хуулийн төслийг эцэслэн боловсруулахад тун чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хувьд энд яригдсан бүх асуудлыг сайтар судалж үзнэ. Учир нь, бүгд зайлшгүй санал нэгдэж байгаа асуудлууд байгаагаас гадна санал зөрөлдөж байгаа асуудал ч цөөнгүй байна. Энэ бүхний алтан дундажийг олж харж, зөв шийдвэр гаргах нь л чухал юм.
Ер нь уралдааны стандарт, шалгуурыг тодорхой болгоё. Мөн уяачийн ёс зүй, хэм хэмжээ, хариуцлагын асуудалд анхаарах ёстой. Цаашид монгол морин уралдааны нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Морин уралдааны нэр хүнд айхтар унасан гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөдөр захын хүн морин уралдааныг баячуудын зугаа, аархал, цаашилбал хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, бөөн эрсдэл, үүнийг хорих хэрэгтэй гэж дуугарах гээд байгаа шүү. Бид тэдэнд ингэж ярих сэжүүр, дохио өгч болохгүй ээ.
Бид, монгол морио уралдуулахын төлөө л явах ёстой. Гэтэл монгол морь гэж байхгүй гэж нотлох гээд байгаа хүмүүс бас цөөнгүй байна. Мэдээж монгол морь байсан, байгаа. Үүнийг баталгаажуулж чадаагүй нь л бидний буруу. 10, 20 жил монгол адууны судалгаа хийгдсэн. Энэ нь хэвшил, угшлуудыг тодорхойлсон эхлэл юм. Тиймээс эхний ээлжинд монгол морио баталгаажуулъя. Түүнийгээ цаашид хадгалж үлдэх чиглэлд анхаарлаа хандуулъя.
Нөгөө талаар, өвлийн уралдаан гэж байхгүй. Уралдааны дүрэмд намрын дунд сарын шинийн 17-ноос хаврын эхэн сарын шинийн гурван хүртэл морь уралдахыг хорьсон. Өвлийн уралдаанд хүүхэд эрсдэж байна гэж яриад, асуугаад байгаа бол үнэнд нийцэхгүй. Харин хаврын уралдааныг тогтсон цаг хугацаанд нь тогтмол зохион байгуулдаг болох гэсэн асуудлыг нэгмөсөн шийдэж, тогтох хэрэгтэй. 
Яригдаж байгаа асуудлууд дотроос анхаарах асуудал гараад байгаа. Манай морин уралдаан мэргэжлийн түвшинд хүрвэл сонирхогчийн, мэргэжлийн гэж ялгагдах ёстой. Бас эрлийз, монгол гэж ялгах учиртай. Тэгвэл монгол морио энэ стандартын хэмжээгээр авч явна гэсэн үг. Ер нь монгол морийг яваандаа пони морины чиглэл рүү оруулах гээд байгаа. Стандарт хэмжээг нь доош нь дараад монгол морио зориуд пони чиглэл рүү хөтлөх урсгалыг дэмжмээргүй байна. Энэ мэт судалмаар асуудлууд бий ч хугацааны хувьд нэлээд давчуу байна. Ер нь ул суурьтай судалж байгаад бүгдийг нь тусгаж хууль гаргана гэвэл хэдэн жил нухах хэрэг гарах болов уу.
Гэвч энэ жилийн баяр наадмаас өмнө цэгцэлж, тулгамдсан асуудлуудаа шийдээд явах бололцоо байна гэж харж байгаа. Тиймээс нэн тэргүүнд яаралтай хийх ёстой өөрчлөлтүүдээ тусгаад хуулиа өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлье.
Тод манлай уяач Д.Хишигжаргал: Гишүүд тойрогтоо таалагдах гэж морины хөгжлийг хойш нь татаж байна
-Пони морь, монгол морь гэж улс төр хийхээ л больчих. Шулуухан хэлэхэд, гишүүд сонгогдсон аймгийнхаа ард түмэнд таалагдах гэж улс төр хийгээд байгаа болохоор л морины хөгжлийг хойш нь татаад байгаа юм шүү дээ. Тодруулбал, хэдэн гишүүд тойрогтоо таалагдахын тулд бид “монгол морины тухай хууль дүрэм батална” гэж ярьж байна. Энийгээ болих хэрэгтэй.
“Аравгар хээр” МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн: Уралдаанч хүүхдүүдээ төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй
-2013 онд батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуульд гурван удаа өөрчлөлт оруулсан. Олон удаагийн санал санаачилгыг уяачид гаргасан. Стандарт л гэнэ, хуулийн өөрчлөлт л гэнэ. Харин энэ удаагийн хуулийн төслийг өөрсдөө санаачлаад, морины зүтгэлтнүүд, уяачдыг оролцуулж хэлэлцүүлэг хийх гэж байна. Ийм хэлэлцүүлэг олон болох ёстой. Аймгуудын уяачдын холбоогоор дамжуулаад бүх суманд зохион байгуулах нь зүйтэй. Уяачдын холбоод, уяачидтайгаа сайн ярилцъя гэсэн саналыг маш түлхүү анхаарах хэрэгтэй.
Хуулийн төслийг уншаад үзэхээр зургаан нас гээд заачихсан байна. Бас ганцхан улсын баяр наадамд цол өгнө гээд заачихаж. Энэ мэт алдаа энэ төсөлд цөөнгүй байна. Олон ч хүн сайхан санал хэлж байна. Миний хувьд ганц л санал хэлье. 2007 онд Үндэсний баяр наадмын тухай хуулийг өөрчлөхөд санал оруулж байсанчлан Манлай, Тод манлай цолны болзлын шаардлагад унаган адуу гэж оруулмаар байна. Үндэсний баяр наадамдаа их морь айрагдуулсан, азарга айрагдуулсан л бол Манлай, Тод манлай цолыг нь олгоод явбал сайн байна. Ер нь цол хэргэм олгох журмыг батлахдаа уяачдаасаа санал авах нь зүйтэй.
Нөгөөтэйгүүр, Монголын үндэсний соёл хурдан морины уралдаанд Монголын хэдэн мянган жил амьдарч ирсэн зан заншил, үндэсний соёл багтаж байгаа гэдгийг мартаж болохгүй. Бид эрлийз, монголоо яаж уралдуулах вэ гэж хэрэлдэхийн хажуугаар хурдан морь унадаг хүүхдийн тухай асуудал, морь уядаг хүмүүсээ уяачдын холбооноос хэрхэн дэмжих, төрөөс яаж дэмжлэг үзүүлэх зэргийг хууль эрх зүйд тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол морь унах хүүхэд жилээс жилд ховордож байгааг бүгд мэдэж байгаа. Энэ асуудлыг төр бодлогоор дэмжихгүй бол 10-15 жилийн дараа морь унах хүүхэдгүй болно шүү. Бид ингэж хэрэлдэж суух ч шаардлагагүй болох байх.
Соёолон морьдын тухайд Монголын үндэсний соёл, зан заншлаас ургуулан соёолон гэж ангилсан. Үүнийг өөрчилж болохгүй. Соёолон, хязаалан, шүдлэн, даага уралдуулаад Монгол Улсын Алдарт уяач цолонд дөхсөн хүн олон байдаг шүү дээ. Гэхдээ дээд нас буюу азарга, их морь айрагдуулна гэдэг уяачаас авьяас, маш их хөдөлмөр шаарддаг. Тэр утгаараа тусгайлан оруулж өгсөн.Үүнийг өөрчлөх хэрэггүй санагдаж байна.
Сэрвээний өндөр гэдгийг ч сайн бодох хэрэгтэй. Улсын стандартчилал үнэлгээний нэг стандарт бий. Үүнийг дахиад шинэчилсэн. Тэрийг нь уяачдын холбоо бас л шинэчилсэн. Чухам аль стандартаар нь явбал зүйтэй вэ. Хамгийн сүүлийнхээр явна гэвэл үндсэндээ эрлийз морьд түлхүү уралдана гэсэн үг. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүс бүгд найзууд. Нэг хэсэг нь эрлийзтэй, нэг хэсэг нь монголтой. Тэгэхдээ бид Монголын соёлыг авч яваа тэр олон мянган уяачийн ганцхан хувь нь.
Би л гэхэд Өвөрхангай аймгийн хүн. Өвөрхангайн МСУХ 3000 гишүүнтэй. 3000 гишүүнээс санал авахад 15 хүн л сэрвээний өндрөөр уралдъя, бусад нь монгол морьдтой гэлээ. Үнэн хэрэг дээрээ байдал ийм л байна. Учир нь, эрлийзийг хэдэн саяар нь авч үржүүлээд, ахиад эрлийзтэй уралдах хэмжээний адуу авчраад уралдуулах нөхцөл, бололцоо тэдэнд байхгүй. Бас дандаа ялагдана гэдэг асар хэцүү шүү дээ.
Ноднин жилийн улсын баяр наадмаар л гэхэд монгол адуунууд уралдана гэж Шадар сайд нь тушаал гаргаад, монгол адууг нь бариад уячихлаа. Тэр олон уяачдаас миний монголыг бариад уячихлаа гэж зарга хийсэн нэг ч хүн байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Байдал ийм л байна. Тэгэхээр энэ зодоон цохионыг төр өөрөө хуулийн хамгийн боломжтой хэлбэрээр шийдэж өгөхгүй бол наадам болгонд гар бариад ганц юм мултлаад салдаг байсан бол гар барихаасаа өмнө зодоон хийгээд салдаг болох нь байна шүү. Нэг үгээр хэлэхэд, аливаад шинжлэх ухаанчаар хандах цаг иржээ.
НМСУХ-ны нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр: Үндэсний баяр наадмыг зохион байгуулахдаа адууны бусад өв соёлоо орхигдуулаад байна
-Хууль тогтоох байгууллагын баталж буй хууль тогтоомж урт удаан настай, нийгмийн бүхий л харьцааг зохицуулж чадаж байвал энэ сайн хууль болжээ гэж ард түмэн дүгнэдэг. Үндэсний их баяр наадмын тухай хуулиар баяр наадмыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулдаг билээ. Тэгэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндэсний баяр наадмаас гадна бүсийн болон аймгийн чанартай уралдаануудыг зохицуулна гэж нэмж оруулж өгнө үү. Ингэж чадвал бид энэ хуулиараа хариуцлагын асуудлыг уяачидтайгаа ярих боломж, эрх зүйн орчин бүрдэнэ гэж харж байна. Уг хуулийн 14 дүгээр зүйлд хариуцлагын тухай тусгаж өгсөн байгаа. Тодруулбал, 14.1.1, 14.1.2-т заасан хариуцлагыг аймаг, сумын болон салбар холбоо, 14.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо хэрэгжүүлэхэд анхаарал тавьж, шийтгэлийг ногдуулна гэж заасан.
Гэтэл уяачдын холбоо хууль, уралдааны дүрмээ барьдаггүй уяачдад хариуцлага ногдуулаад арга хэмжээ авъя гэхээр хариуцлага ногдуулах субъектийг энэ хуулиар заачихсан. Тэр субъект нь бүсийн наадмыг зохион байгуулж байгаа хүмүүст байхгүй. Тиймээс хариуцлага ногдуулах эрхийг тухайн уралдааныг зохион байгуулж буй комисст олгох заалтыг шинээр оруулж өгнө үү.
Хоёрдугаарт, бид шинжлэх ухаан, техник технологи асар хөгжсөн XXI зуунд амьдарч байгаа учраас шинжлэх ухаанч үндэснээс асуудалд хандаж байж урт удаан хугацаатай хууль тогтоомжийг гаргаж чадна. Гэвч энэ асуудалд стандартыг тогтоож, 2-3 жилийн судалгаа, монгол адууны генетикийг тогтоох шаардлага тулгараад байна. Энэ асуудал цаг хугацаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой нь үнэн. Тэгвэл сэрвээний өндрийг тогтооход хүртэл бидэнд эрх зүйн орчин, хууль тогтоомж хэрэгтэй байна.
Гэхдээ одоо та бүхний гаргах гэж байгаа энэ хуулийн төслөөс харахад энэ хууль батлагдвал 2014 оны долдугаар сарын 04-ний өдрийн Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан стандартыг барьж уралдахаар болоод байна шүү. Яалт ч үгүй хуулийн гаргалгаа нь тэгж харагдаад байна. Өөрөөр хэлбэл, 2 см-ээр өсгөсөн стандартыг барих гээд байна гэсэн үг. Гэтэл 2015 онд Хурдан морины уралдааны зохион байгуулах комиссын гаргасан стандарт бий. Энэ бол монгол адуу руу хамгийн их дөхөж очсон стандарт. Үүнийг зөв зохистой талаас нь тусгахгүй хэрэгтэй.
Гуравдугаарт, Баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадам улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн баяр наадмаас бүрдэнэ” гэж заасан. Гэтэл нийслэл, дүүрэгт баяр наадам зохион байгуулаад, амжилтаа төрдөө үнэлүүлэх гэж байгаа хүмүүст цол хэргэм олгох эрх зүйн үндэслэлийг хаасан байна. Тиймээс Нийслэлийн Алдарт уяач, дүүргийн Алдарт уяач цолыг нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар олгоно гэсэн зохицуулалтыг мөн нэмж өгөөч.
Дөрөвдүгээрт, хэрвээ сэрвээний өндрийг дэмжиж уралдах гэж байгаа бол автоматаар хэмждэг лазерын төхөөрөмжийн асуудлыг Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооныхон ирсэн дээр нь шийдээд өгөөч. Сэрвээний өндрийг лазерын төхөөрөмжөөр хэмжээд гаргачихдаг, хүн оруулахгүй байвал тэгш, далий барилаа гэхгүй. Үүнийг нэг стандартаар гаргадаг болмоор байна. Эцэст нь хэлэхэд, Үндэсний баяр наадмыг зохион байгуулахдаа адууны бусад өв соёлоо орхигдуулаад байна. Морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах, сайхан айраг исгэх, гүү саах гээд адууны олон төрлийн өв соёл бий. Энэ бүхнээ үндэсний их баяр наадмаараа ард түмэндээ таниулж, адуу гэдэг Монголын ард түмний асар өргөн хүрээ, далайцтай соёл гэдгийг ард түмэндээ ойлгуулж, өвлүүлэх нь чухал. Ингэж чадаж гэмээнэ л бид хурдан мориныхоо өв соёлыг ирээдүй хойчдоо тэр чигээр нь өвлүүлж үлдээх боломж нээгдэнэ.
Орхон аймгийн залуу уяач Д.Мөнхтүвшин: Морь дагадгаа болих хэрэгтэй
-Морины зүтгэлтнүүд маань маш зөв зүйтэй саналуудыг хэлж байна. Миний хувьд дэмжиж байгаа асуудлуудаа дахин давхцуулж ярилгүй, санал бодлоо илэрхийлье.
Би цэвэр азаргатай, үржүүлэг хийдэг хүн биш л дээ. Гэвч эрлийз азаргатай болсон. Эрлийзийгээ эрлийз ангилалд нь уралдуулаад, монгол адуугаа дэмжиж явдаг. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн уяачид улс, бүсийн уралдаанд морьдоо уралдуулахдаа эрлийз, монгол гэсэн маргаан гаргадаггүй, аль болох хүлээцтэй ханддаг. Шулуухан хэлэхэд, эрх мэдэлтэн, албан тушаалтан, том цолтнуудын морьд эрлийз, монгол гэлтгүй мордож, биднийх үлддэг. Бидний морьдыг бүр мордуулдаг ч үгүй. Үүнийг уяачид бид дор бүрнээ ухамсарлаж, ёс зүйгээ дээдэлж, ямар ч үр дүнгүй маргаан мэтгэлцээн гаргадгаа болих хэрэгтэй. Хамгийн гол нь ёс зүйтэй наадах ёстой. Хэний адуу 50 хувьтай, хэнийх нь монгол вэ гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Гэвч эртний сайхан заншил, уламжлалаа бодоод ёс зүйгээ баримтлаад, өөрийнхөө болоод бусдынхаа, цаашлаад наадамчин олныхоо сэтгэлд хар бараан сүүдэр үлдээлгүй наадчихдаг байх нь зүйтэй.
Өнөөдөр ч бас энэ хэлэлцүүлэгт бид шударга бөгөөд ёс зүйтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна. Тэгж байж л энэ хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлж, илүү олон уяачийг хамруулах боломж нээгдэнэ. 
Хоёрдугаарт, морь дагахаа болих хэрэгтэй. Бас л эрх мэдэл, албан тушаалтай, том цолтнуудын асуудал шүү дээ. Бид бол угаасаа дагаж чаддаггүй. Машинаар дагаснаар шороо тоос их босож, уралдах замд саад учруулдагтай холбоотойгоор хүмүүс асар их бухимдаж байна. Мөн “Дүнжингаравын хурд” уралдааны товыг тодорхой хуульчилж өгөх нь зүйтэй болов уу. Энэ мэт асуудлыг хуульдаа тусгаж өгөхийг хүсье.
Тод манлай уяач Б.Бат-Өлзий: Нэг л дүрмээр “тоглох” хэрэгтэй
-Эрлийз адуу одоо л уралдаж байгаа юм биш, 1950-иад оноос л уралдаж эхэлсэн юм шүү дээ. Хэрэв үүнийг улсаас хорих байсан юм бол яах гэж оруулж ирсэн юм бэ. Одоо ч хилээр замбараагүй орж ирж байна. Арван жилийн дараа цэвэр монгол цустай адуугаар уралдахаа болино. Бодит байдал ийм л байна.
Өөрөөр хэлбэл, монгол гэж ямар адууг хэлдэг юм бэ гэдгийг хэлж чадах хүн алга. Бас эрлийз 25-тай, 13-тай адуугаа яах юм, тойруулга адуугаа ч яах юм бэ. Жаргалант, Сэлэнгэ адуу, барга адуу, Сүхбаатар гээд эрлийз тарчихсан байна. Айрагдаж, түрүүлж байгаа адууны 70 хувь нь цустай. Тиймээс лаборатори орж ирээд нарийн шинжилгээ өгвөл хамаагүй шударга. Тэр хүртэл ямар дүрмээр уралдахаа тодорхой болгохгүй бол зөвхөн уяачид биш, Монголын ард түмэн эрлийз, монгол гээд хоёр талцчихаад байгаа шүү.
Мөн яг үүлдэрлэг байдлаар уралдвал тойруулгыг ч, Сэлэнгийг ч, эрлийз цустай болгоныг л хас. Цэвэр монгол адуугаа ялга. Даанч тойруулга эрлийз, Сэлэнгэ эрлийз, барга эрлийз, шинэ цагийн эрлийзийг ялгах мэдрэхүйтэй хүн байхгүй л дээ.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачлаад энэ хэрүүл тэмцлийг нэг тийш болгох гэж байгаад талархаж байна. Учир нь, бид дүрэмгүй уралдсаар ирсэн, одоо ч дүрэмгүй л уралдаж байна. Миний морийг хасчих болов уу, түүний морь орчих болов уу гээд л ямар морь уяхаа хүртэл мэдэхгүй, эргэлзэж тээнэгэлзэж байна шүү дээ. Монголыг нь уяхаар эрлийз гээд барьчихна, эрлийзийг нь уяхаар монгол гээд мордуулчихна. Морин уралдаан гэдэг нэгэн төрлийн спорт, энэ ч утгаараа нэг л дүрмээр тоглох хэрэгтэй. Тэр дүрмийн талаар л бид өнөөдөр хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Тиймээс дүрмээ сайтар боловсруулж, хуулийн төслөө УИХ-д өргөн бариарай гэж хүсье.
Манлай уяач Т.Ихбаяр: Монгол адуугаар л уралдъя гэдэг ч бүгд л уралдах хүсэлтэй л ирж байгаа шүү дээ
-Цус шинжлэхэд Дугараагийн хэлдгээр Өвөрхангай, Баянхонгор тэргүүтэй хэдхэн аймаг уралдах нь байна. Гэтэл зүүн талаас зөөсөн бол цустай л байгаа. Ноднин улсын наадмаар ялгасан л гэсэн. 200 хэдэн адуу ялгаад л уралдсан, улсад айрагдсан тав нь монгол адуу орсон. 25 хувийн цустай адуу ч орсон.
Уяачид бүгд тойруулга адуутай болчихсон. Тодруулбал, Монголд тойруулгагүй, эрлийз адуугүй хүн байхгүй болсон. “Дүнжингаравын хурд”-д сая баахан морь мал хасагдаад, монгол адуу айрагдуулсан гээд байгаа. Мэдэж байгаагаа бариад, мэдэхгүйгээ барихгүй. Монголоор уралдъя л гээд байдаг, бүгд уралдъя гэсэн бодолтой байсан. Нэг хэсэг нь уралдаад, нэг хэсэг нь уралдахгүй болохоор бүгд үүний араас бага багаар ороод байгаа юм. Энэ ч утгаараа хэмжээ барих нь зөв байх аа гэж бодож байна.
Хуульч, уяач М.Ариунболд: Бүх нийтийг хамарсан цахим хэлэлцүүлэг явуулах саналтай байна
-Би бол хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа малчид, уяачдын төлөөлөл. Энэ ч утгаараа Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд багтаж байгаа гурван асуудлыг онцлон яримаар байна.
Нэгдүгээрт, соёолон насны адууг цолд оруулна гэдгийг дэмжихгүй байна. Цаад утга агуулга нь алдагдах ёсгүй. Хоёрдугаарт, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8.10 дахь заалтад үүлдэрлэг байдлаар биш, өндрийн хэмжээгээр ялгана гэж хууль санаачлагчид хуульчлах гэж байгаа юм байна. Үүнийг би дараах хэд хэдэн үндэслэлээр эсэргүүцэж байна. Нэгдүгээрт, сүүлийн хэдэн жил эрлийз, цэвэр цусны адуу өндөр учраас хурдан л байх ёстой гэж зарим хүн яриад байна. Тэгтэл Үндэсний баяр наадмын тухай хууль нь үндэсний өв соёлыг хамгаалах, бүх ард түмний хүсэл зорилго, олон нийтийн өв соёлыг хамгаалах гол хууль шүү дээ. Хурдан морь хурдан л байх ёстой гэдэг нь спортын ойлголт юм. Тиймээс үндэсний өв соёл, спорт, морин тойруулга гэдгийг ялгаж салгах нь зүйтэй. Нэгэнт хурдны чиглэлээр хөгжүүлж байгаа олон хүн байгаа учраас спортын чиглэлийг тусад нь хуульчлаад, нэгмөсөн ойлгомжтой болговол сайн байна. Нөгөө талаараа энд сууж байгаа 30 гаруй хүн 200 мянган уяачийн эрх ашгийг төлөөлөөд асуудлыг шийдчихэж бас болохгүй. Учир нь, хуулийн нэмэлт өөрчлөлтөд 200 мянган уяачийн асуудал хөндөгдөж буйн зэрэгцээ Үндэсний баяр наадмын тухай хуульд мөн бөх, сурын холбооны асуудлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, дан ганц хурдан морьтой холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хаврын чуулганаар хэлэлцэхэд учир дутагдалтай юм аа гэж үзэж байна. Бөхийн холбооныхон хуулийг санаачлах гээд явж байгаа гэж дуулдсан. Тиймээс бусад холбоо, ард түмний санал асуулгыг авч байж хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй. Хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж батлуулахад олон нийтийн хэлэлцүүлэг зайлшгүй хийх шаардлагатай. Олон нийтийн хэлэлцүүлгийг хуульд заасны дагуу маш олон арга хэлбэрээр хийдэг. Хаалттай байдлаар, уяачдын холбооны хэсэг бүлэг хүмүүсийн албан томилолтоор хийж болохгүй. Өчигдөр би хэлэлцүүлэг болох тухай сонсоод өөрийнхөө нэрийг өгсөн ч өнөө өглөө орох гэхэд миний нэр байсангүй. Би энэ дотор ажилладаг өөрийнхөө найзаар зөвшөөрөл авахуулж энд сууж байна. Энд 200 мянган уяач, Монголын бүх ард түмний, малчин ард иргэдийн асуудлыг шийдэх гэж байгаа шүү. Тиймээс олон нийтийн хэлэлцүүлгээр өргөн цар хүрээтэй, нээлттэй хэлэлцүүлэг явуулаасай. Энэ хэлэлцүүлгийг цахим аргаар явуулбал цаг хугацаа хэмнэх байх. 
Сүхбаатар аймгийн уяач н.Бэхбат: Уяачдын хөдөлмөр, үнэлэмжийг тэнцвэртэй хангах нь зүйтэй
-Хуулийн хэрэгжилтийн хугацаатай холбоотойгоор анзаарсан зүйлээ хэлье. Сэрвээний өндрийг хэмжих асуудалд Үндэсний стандартын газраас баталсан стандартыг баримтлах бололтой. Энэ нь 2014 оны долдугаар сард батлагдсан стандартыг мөрдөнө гэж ойлгогдож байна, хүмүүс ч тэгж ойлгож байгаа байх.
Нөгөө талаас эрлийз, монголын ялгааг нэг мөр шийдэх асуудлыг дэмжиж байна. Хурдан морины хөгжлийн явц шинэ шатандаа явж байна. Олон уяач Монголын соёлыг тээн авч явж, өөрсдийн хүч нэмрээ оруулж байгаа. Энэ уяачдын хөдөлмөр, үнэлэмжийг тэнцвэртэй хангах нь зүйтэй.
Хурдан морины салбар хороон дэд дарга, хурандаа Ж.Болдбаатар: Сахилга, хариуцлагын асуудал хамгаас чухал
-Монголын үндэсний их баяр наадам хурдан морьтой холбоотой хуулийн төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүддээ талархлаа. Хурдан морины салбар хороонд өөрсдийн саналыг хүргүүлсэн. Бид Шадар сайдад танилцуулсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас ямар бодлого чиг барих юм бэ гэдэг талаасаа Их хурлын гишүүдэд танилцуулна. Бид урдах юмаа яриад байх хэрэггүй болсон гэж бодож байгаа.
Цолны асуудал байна. Бүгдээрээ хууль дүрэмтэй. Уралдааны асуудал байна. Бүгдээрээ л шийдвэртэй. Би өөрөө морь уядаг хүн биш. Төрийн өмнөөс уралдааныг зохион байгуулдаг учраас хоёр төрлийн зүйлийг та бүхэнд хэлье. Бид хоёр тал болоод байвал энэ ажил бүтэхгүй. Энэ хэлэлцүүлгээс хараад байхад хоёр тал болоод байна. Бид нэг талдаа гарах ёстой. Тэгэхгүй бол мөнхийн маргаан, ялангуяа хардалт хэвээрээ байна. Үүнээс салах юм бол бид нэн түрүүн 2018 оныхоо Үндэсний их баяр наадмыг яаж зохион байгуулах вэ гэдгийг салгах ёстой.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэг л үг бий. Мэргэжлийн холбоодын саналыг үндэслэж хурдан морийг зохион байгуулна гэж. Тэгэхээр хурдан морины салбар хороо өөрөө дүрэм зохиодоггүй, ММСУХ-ноос гаргасан дүрмийг Монгол Улсын Засгийн газрын хэмжүүрээр баталгаажуулж зохион байгуулдаг. Ийм л дүрэмтэй.
Үүнийг манай УИХ-ын гишүүд янзлах гээд, нөгөөтэйгүүр та бүхний хэн хэнийх нь эрх ашгийн төлөө ажиллах гэж байна. Энэ бол том ажил. Үүний ард маш их юм бий. Шуудхан хэлэхэд, өнөөдөр та нар нийгмийн төлөө, хүний төлөө яриад байна. Яг Хүйн долоон худагт очиход нийгмийн төлөө, хүний төлөө ярьдаг хүн энэ хоёроос өөр байхгүй, хувь хүний төлөө яриад л явчихна. Энэ бол тодорхой. Үүнийг би жишээн дээр хэлж ч чадна. Тэгэхээр энэ бол асуудал биш.
Надад хоёр санал байна, Х.Болорчулуун гишүүн ээ. Нэгдүгээрт, зургадугаар сарын 15 гэхэд энэ асуудлыг шийдэхгүй бол одоо бидэнд наадам хийхэд гуравхан сар үлдсэн. Бид нэг сарын дотор яриа таниулга хийнэ, ММСУХ, хүүхдийн төлөө байгууллага, даатгалын байгууллагуудтай ярина. Мэргэжийн хүчний байгууллагуудад энэ бүх асуудлыг хэлж байж үйл ажиллагаа явагдана.
Бидний хамгийн нэг түрүүний ажил бол эрлийз. Үнэхээр  одоохондоо шалгарсан арга нь хэмжилт л байна. Хэмжилт хоёр янз. Стандарт, нөгөөх нь Үндэсний байнгын хорооны тогтоол. Энэ хоёрын зөрүү нь 2 см. Том гурван насанд 2 см, нөгөө хоёр дээр нь 1 см, зарим нь 3 см-аар зөрүүтэй. Үүнийг яаж засах вэ гэдгээ шийдчихвэл бидэнд амар. Та нарын гаргасан шийдвэрийг бариад, засгаас өгсөн шийдвэрийн дагуу ажиллана. Хоёр дахь санал бол сая Шадар сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхий сайд ч Дүнжингарав уралдаантай холбоотойгоор үүрэг чиглэл өгсөн. Бид Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Баянтал сумын Засаг дарга, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, түүнийг зохион байгуулсан хүмүүс, хүүхдийн болон эмнэлгийн байгууллагуудтай уулзсан. Гэтэл энд зохион байгуулалтын зөрүүгээс илүү ойлголтын зөрүү харагдсан. Тиймээс энэ хуульд сахилга, хариуцлага чухал.
Янз бүрийн захиа явуулж байгаа уяачид зөндөө байдаг. Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, Д.Гантулга гишүүдэд баярлалаа. Монгол төрийн ажлыг урагшлуулах гэж нэг ажлыг эхлүүлж байна гэж би бодож сууна.
УИХ-ын гишүүн Д.Гантулга: Улс даяараа нэг өдөр нааддаг болмоор байна
-Өнөөдөр хаврын адаг сарын шинийн гурван. Бэлгэдэл ерөөлтэй өдөр тодорхой чиглэл гаргана гэдэгт эргэлзэхгүй байна. Гаргахын төлөө ч явна.
Ганцхан сэрвээний өндрөөр хэмжих шийдвэр гарлаа гэж бодоход түүний ар талд маргаан гарч л таарна. Гэхдээ харьцангуй бага болно.
Энэ хуулийн төсөлд ороогүй  ч дотроо бодож явдаг нэг зүйл бол улс орон даяараа нэг өдөр баяр наадмаа зохион байгуулдаг болох явдал юм. Аймаг орон нутгийн тэгш ойгоос эхлээд томоохон баяр наадмууд нэг өдөр болдог болчихвол элдэв маргаан мэтгээн гарах нь бага байх болов уу. Үндэсний их баяр наадмын тухай хуулиа шинэчлээд, араас нь дагаж гарах дүрэм, стандарт хийгдээд явна гэж харж байгаа. Өнөөдөр бол эхний хэлэлцүүлэг. Аль болох боломжоороо уяачдынхаа, судлаачдынхаа, холбоодынхоо төлөөллүүдийг урьж, нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж байна. Хууль шийдвэр гарахад бүгдэд таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ аль болох олон түмэндээ, нийтийн эрх ашигт нийцсэн байхаар хуульчлахыг зорьж байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Морин спортын цэвэр ариун байдлыг олон зуун жил хадгалах хэрэгтэй
-Энэ хууль бол цаг үеийн шаардлагаар гарч ирж байгаа юм аа. Учир нь, бид наадмаа хийж чадахаа болилоо. Журмаар яваад байж болохгүй байна. Уг нь хэд хэдэн журам гарсан ч хуулиа өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгож, энэ хуулийг санаачилж байгаа юм шүү. Та бүхний үнэтэй санал бодлыг энд тусгана.
Хэлэлцүүлгээс олон сайхан үнэтэй санал гарч байна. Болдог бол монгол морьдыг цусыг нь шинжлээд уралдуулмаар байна. Гэхдээ энэ бол хэзээ ч бүтэхгүй. Хоёрдугаарт, цусаар нь шинжилж чаддаг байлаа гэхэд гадаадынхны тойруулгатай адил 10-20 морь биш, хэдэн зуугаараа уралддаг манай үндэсний баяр цэнгэлд бол тохиромжгүй юм.
Өнөөдрийн хувьд монгол эрлийзийг ялгах асуудал хамгийн хурцадмалаар яригдаж байна. Ажиглаад байхад үзэмжээр уралдуулж байна. Ялангуяа хөдөө орон нутагт ийм дэл, сүүл,  нүдтэй байна гээд хасаж байх жишээтэй. Тэр бүү хэл цагаан тамгатай байна гээд хасаж байх жишээтэй. Тэгэхээр одоо хэрэгжиж болох хамгийн шударга арга бол сэрвээний өндрийг хэмжиж хуулиа гаргах юм. ОХУ-ын Буриад улс ингэж гаргасан юм билээ. Хамгийн сүүлийн стандарт их нас 43, азарга 41. Энэ бол 50 хувьтай орчих гээд байгаа юм. Тэгвэл их нас 41, азарга 39 гэхээр Дорнодын морьд орохгүй юм билээ. Манайхан хэмжиж үзэж байсан. Болдог бол 42, 40 ч юм уу сэрвээний өндрөө хүнээр биш, үзэмжээр биш, автомат тоног төхөөрөмжөөр хэмжих хэрэгтэй байна. Яг алтан дунджийг олсон стандарт гаргачихад 50-тай бол орохгүй, 25-тай морь, монгол морьд нь ордог болговол зүгээр. Тэгээд уралдахад их л голчтой хууль, стандарт гарах болов уу. Түүнээс гадна сүүлийн үед морины уралдаан юм уу, машины уралдаан нь мэдэгдэхээ больсон. Тэгэхээр хуульдаа уралдааны замд зөвхөн комиссын машинаас өөр машин оролцохыг хориглох бодолтой байна.
Заримдаа дээд гурван нас гэж ярьдаг. Яг үнэндээ соёолон гээд хавчиг гэж өнжүүлж байгаад бүдүүн нас гэдэг. Энэ бол уламжлал.
Ер нь бид эв эеэ хичээгээд, нэг нэгэн рүүгээ дайрахгүй, цаашдаа хуулиа, стандартаа зөв гаргавал сайхан морьдоороо бахархдаг цаг ирнэ гэж бодож байна. Тэгэхгүй бол түрүүлсэн морьдыг гоочилдог, эрлийз хурлийз гээд хар хор, бөөн будилаан маргаан бий болчихоод байгааг өнөөдөр зөвшөөрөхөөс аргагүй. Морин спорт, уралдаан гэдэг бидний үндэсний бахархал байх ёстой. Цаашдаа олон зуун жил цэвэр ариун, тунгалаг явах зүйл. Тийм учраас гишүүд бид хуулийн төсөл санаачлаад явж байгаа юм шүү. Түүнээс ямар нэгэн хувийн эрх ашиг, янз бүрийн юм байхгүй.
Тэмдэглэсэн А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна