АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.ШАРХҮҮ: ӨТЛӨХӨӨР ТҮРҮҮЛЖ ИРЖ БАЙГАА МОРЬ ХАРААД НУЛИМС ГАРДАГ БОЛЧИХДОГ ЮМ БАЙНА

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 11 -нд

Баянхонгор аймгийн Баянговь сумын хийморилог уяачдын нэг аймгийн Алдарт уяач Түндэвийн Шархүү гуайг уншигчдадаа танилцуулж байна. Тэрээр 1952 оны хавар Нарийн хэмээх газар төрсөн бөгөөд сумын заан цолтой. Мөн АХ-ын 70, 80 жилийн ойн медалиар шагнуулж, Нефть концерний хоёр удаагийн аварга, аймгийн Тэргүүний ажилтан болж байжээ.

-Таны тодорхойлолтоос аавыг тань энэ сум нэгдлийн анхны адуучин, бас уяач хүн байж гэдгийг мэдлээ. Аавынхаа талаарх дурсамжаа манай уншигчтай хуваалцахгүй юу?
-Манай аав Гончигбатын Түндэв гэж уг гарал нь Богд сумын харьяат хүн байв. Баянговь сум 1942 онд анх байгуулагдахад нэгдлийн 17 айл өрх, 30 гаруй гишүүн нийлж тулгын чулууг нь тавилцсаны нэг нь манай аав. Цагаанхөтөлд бор эсгий гэрт хэдэн гишүүд нь цуглаж хуралдаад тэр үеийн социалист үзэл суртлаар нэгдлээ “Ленинч” гэж нэрлэж байсан гэдэг. Манай сум байгуулагдсанаас хойш хоёр удаа нүүдэллэсэн. Анх Хөмсөгө гэдэг газар байгуулагдаад, тэнд нэг их удаагүй юм билээ. 1952 онд Хөмсөгөөс нүүгээд Цагаан-Овоо гэдэг газар суурьшсан. 1960-аад онд газар хөдлөлтөөс болоод одоогийн энэ газраа нүүж ирсэн юм билээ. Энд ирэхдээ манай сум 15 ортой, нэг бага эмчтэй хүн эмнэлэгтэй, бага сургуультай байсан гэдэг. 
-Аав тань нэгдлийн адуу хэдэн жил малласан бэ?
-Анхны адуучнаар манай аав Түндэв, Ишдагва гэж хоёр хүн болж байжээ. Аавын яриагаар манайх нэгдэлд бод бог нийлсэн 100 гаруй мал өгч. Тэрнээс хойш нэгдлийн адууг 60 хэдэн он хүртэл 20-иод жил малласан.
-Түндэвийн хурдан халиун азарга гэж нэртэй адуу байсан гэнэ. Хаанахын удам угшилтай адуу байсан бэ?
-Хурдан халиун азарга манай аавын өөрийн нь адуу байсан гэж ярьдаг. Анх гэр бүл болж өрх тусгаарлахад нь өмчинд ирсэн. Богд гаралтай адуу гэсэн үг л дээ. Би хүүхэд байхдаа халиун азаргаа унаж, Баянговь, Баянлиг гээд сумдаар явж уралддаг байлаа. Ойрын хэдэн сумандаа Түндэвийн халиун азарга нэртэй байсан. Завсаргүйгээр  13,14 түрүүлсэн байх шүү. Бас сартай хүрэн морь дандаа айргийн тав дотор давхидаг байсан.
-Халиун азарганы төлүүд нь хурдалсан уу?
-Би тэрний төл нэг халиунаар азарга тавьж байсан. Халиуны төл долоо, найман морийг цэргээс ирээд уясан юм. Тэднээс эрээн морь түрүүлж байлаа, халиун морь ч бас гайгүй давхисан. Халиуны үр удмаас одоо ч манай хүүд байгаа.
-Эцэг хүү халиун азарганууд ямар бие галбир, ямар онцлогтой, гараа, бариа нь хэр адуу байсан бэ?
-Манай хоёр халиун бол тухайн үедээ энэ сумандаа яригддаг байсан шүү. Гараа бол гайгүй.  Жоохон хүнддүү талдаа, эдэлгээ сайтай, тамир тэнхээтэй тийм л адуунууд байсан. Зарим төл нь хөнгөн, нэлээн нарийн уяа ордог. Дээхнэ үед урагшаа гараад буцаж нүүж ирсэн айлын адуу нь Дорноговийн адуутай цус сэлбэгдээд ирсэн. Тэднийхний адуунаас нэг буурал гүү авч халиун азаргандаа тавьж, тэдний төлүүд мундаг гарч байсан. Тэрнээс хойш би угшил холдуулах нь зүйтэй юм байна гэж боддог болсон.
-Аавтай чинь цуг морь мал уяж байсан энэ нутгийн хэн хэн гэж хөгшчүүл байсан бол?
-Манай аавтай цуг морь уяж байсан Гончигийн Гомбо, Нацаг, Барав, Базарын Ишдагва нарын сайн уяачид байлаа. Барав гэж хүний хоёр бор, нэг шар хээр морь нь нэлээн хэд түрүүлсэн. Шовгор Нацаг гэж хүний бүгэн цагаан гэж цагаан морь бас энэ хавиар нэлээн түрүүлсэн. Хөх Рэнцэнгийн хонгор халзан, шарга морьд бий. Жанцангийн Бямбаагийн шарга, халтар морьд нутагтаа хурдалж байсан. Ер нь дээр үеийн морьд шандастай сайхан байж. Одоотой адилгүй, яг өөрөөр нь нарийн уралдуулж байсан үе шүү.
-Түндэв уяачийн удам залгаж хичнээн уяач гарсан бэ?
-Аав маань 1969 онд өөд болсон. Бид эцэг эхээс 11-үүлээ. би дээрээсээ хоёр дахь хүүхэд нь. Ах маань ч бас өнгөрчихсөн. Би зургаа долоотойгоосоо эхэлж хурдан морь унаж, 15 настайдаа мориноос хасагдаад уйлж байлаа. Тэгээд аавыгаа өөд болсноос хойш цэрэгт явахаасаа өмнө морио уяж эхэлсэн. Надаас өөр хүн морь уяагүй ээ.
-Анх уяачийнхаа гараагаа ямар адуугаар эхэлж байв?
-Цэргээс халагдаж ирээд хээр, халиун хоёр морь уяснаас хээр морь маань түрүүлж анхны айргаа авч байлаа. Тэрнээс хойш урам ороод моринд илүү шамдсан даа. Өөрөө ч бас барилдаж сумын Заан цол авсан юм. Хээр морь хоёр түрүү авч, айраг олныг авчирсан. Уясан адуу байнга айраг, түрүүнд орно гэж байхгүй шүү дээ. Нэг удаа Баянлиг сумын 40 жилийн ойд би таван их насны морьтой очиж 130 гаруй морь уралдахад миний хээр морь 28 дээр, бусад нь 40 гаргаад давхиж байсан.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ямар морь вэ?
-Халиун морь л байсан. Халиун бага насандаа суманд дөрөв түрүүлж, олон удаа айргийн тавд орж байлаа. Зэргэлдээ Баянлигийн сумын ойд аман хүзүүдэж, бага насандаа Баянлигт хоёр ч түрүүлчихэв үү дээ. Даанч 2000 онд айхтар зуд болоход 150 гаруй адууныхаа ихэнхийг алдсан. Өмнөговийн Булган, Сэврэй, Ноён хүртэл яваад олоогүй. Сүүлд нь ууланд хэдэн адуу үлдсэнээс нэг үрээгээр азарга тавиад халтар морь гарсан. Халтар морь маань бас олон түрүүлсэн. Түүнийгээ хүүгээ өрх тусгаарлахад нь өмч болгож өгсөн. Одоо хөгшин морь бий.
-Хамгийн амжилттай наадсан он жил хэзээ байсан бэ?
-1990 хэдэн онд хээр азарга тогтмол түрүүлсэн. Нэг жил гурван морь түрүүлж байлаа. Хээр азарга, зээрд соёолон, халиун шүдлэн түрүүлж, халиун даага аман хүзүүдэн, айргийн тавд нэлээн морь давхисан. Сүүлдээ нойр ч хүрэхээ байдаг юм билээ. Морь олноороо давхина гэдэг уяачийн ажлын үр дүн гарч байгаа юм л даа. Би ер нь аймгийнхаа бараг бүх сумдаар явж наадаж байсан.
-Хурдан адууны цус сэлбэх хэрэгтэй юм байна гэдгийг эрт ухаарсан гэж байсан. Хаанахын угшлаар цус сэлбэж адуугаа сайжруулсан бэ?
-Манай гэр бүлийн хүн Сүхбаатарын Дарьгангын хүн. Гурван жилийн өмнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд байдаг эхнэрийнхээ дүүгээс адууны угшил сайжруулахаар хэдэн засаатай бага үрээ, ганц нэг гүү авчирсан. Үрээгээр нь азарга тавих санаатай. Ер нь улсын хэмжээнд хаана ч Сүхбаатар чигийн адуунууд түрүүлээд байх юм байна шүү дээ. Сая хаврын бүсийн наадамд авчирсан хэдийн нэг халзан соёолон үрээ 11-ээр давхилаа. Халзан соёолонг хүүдээ өгчихсөн, хүүхдийн нэр дээр уралдсан юм.
-Хүү бас нэгэнт морины талын хүн болсон уу?
-Тэгсээн. Манай банди Энхбаяр морь уяад байгаа. Халаагаа бандидаа өгчихөөд уясан морийг нь хараад сууж байх дуртай болчихоод байна. Өтлөөд ирэхээр түрүүлээд ирж байгаа морь харахаар нулимс гараад байдаг болчихдог юм байна. Энэ жил манай энэ банди цагаан сарын босгон дээр аймгийн Алдарт уяач цол авлаа.
-Ааваасаа уламжилсан уяаны арга барилаа хойч үедээ сургаж өвлүүлэх нь ахмад уяачид та бүхний нэг үүрэг юм даа?
-Тэгэлгүй яахав. Би морь уяаны талын бүхий л зүйлийг аавыгаа харж ажиглаж сурсан. Морь болгон өөр өөрийн онцлогтой, өөр уяагаар уягдана. Бүгдийг нь зэрэг барьж аваад хоёр шон зоогоод өдөржингөө уяад цаг хараад байдаг зүйл биш. Заримыг нь эрт тавина, заримыг нь бол бүр уяж хононо. Өглөө морио авчраад гэдсийг нь авна, усална, хөдөлгөнө. Мордож морио хөдөлгөж баалгаж, шээлгэнэ. Аав маань морь болгоны онцлогийг хэлж, ийм морь ингэдэг, иймэрхүү гэдэстэй морь тэгж баана, энэ хавирга нь ийм байна, ингэж хөлс авна, хурдан морины шинж ерөнхийдөө иймэрхүү байна гэх мэт нарийн юмнуудыг  надад нэлээн зааж өгсөн. Ааваасаа сурснаа, өөрийнхөө мэдэх чадах юмаа өөөдөр хүүхдүүдэдээ хэлж зааж өгч байгаа. Би ганцаараа мэдэж байж болохгүй шүү дээ. Нутаг усныхандаа хэлж өгнө. Би залуучуудад зааж сургах дуртай. Түрүүний  Сэнгээ гэдэг нөхөр чинь миний шавь. Түүнээс гадна бас нэлээн хэдэн шавь бий.
-Хэдэн онд сумын заан болж байсан бэ?
-Би 1987 онд сумын Заан болсон. Аймагт барилдах бөхийг бас шалгаруулж авдаг байлаа шүү дээ. Тэгэхэд би барилгын бригадын дарга хийж байсан юм. 32 бөх барилдаад 30 давж, нэг ойчоод сумын Заан цол авсан. Түүнээс хойш цолоо хоёр удаа баталсан. Богд сумын Давст нуурын энд настнуудын баяр гэж болдог юм. Тэнд бол хэд хэд түрүүлчихээд байгаа.
-Бөх барилдаж түрүүлэх, уясан морио түрүүлгэж айрагдуулах хоёрын алинд нь илүү баясан урамшдаг вэ?
-Морь айрагдахад илүү их баярладаг даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна