АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ДҮГЭРСҮРЭН: БАЯНХОНГОРЧУУД ШАР ХЭЭРД НАДААС ДУТУУГҮЙ ХАЙРТАЙ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 09 -нд

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын хийморилог уяачдын нэг бол аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Дүгэрсүрэн юм. Их насны мориор элбэг сайхан нааддаг энэ эрхэмийн хэрхэн хуучлахыг хамтдаа сонирхоцгооё.

-Гуа хайрханд унагалж, Гучингийн голоос умдаалсан адуу хурдан гэдэг. Хурдны өлгий нутагт төрж өссөн таны өвөг дээдэс хүлгийн хурд ирлэж байв уу?
-Миний өвөг дээдэс айхтар морь мал уяж байгаагүй ээ. Манай аав бол жолооч. Бид ажилчин ангийн гэр бүлд өссөн. Манай эмээ хөдөө мал малладаг. Би хүүхэд байхдаа эмээгийндээ очиж амраад, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ тоглож, морин дэл дээр шахуу өссөн. Аймгийн наадам үзэх гээд үеийнхэнтэйгээ морьтой явна. Тэр цагаас л ер нь хурдан моринд сонирхолтой болсон доо. Дунд сургууль төгсөөд цэрэгт явж, цэргээс халагдаж ирээд аавынхаа мэргэжлийг өвлөн жолооч болсон.
-Таны аав аймгийн Арслан цолтой бөх хүн гэдгийг мэднэ. Харин морь уяж байсан уу?
-Залуудаа ганц нэг морь уяж л байсан байх. Гэхдээ түрүүлгэж, айрагдуулж байгаагүй. Олон жил машин барьж байгаад өмч хувьчлалаар мал авч хөдөө гарсан. Одоо нутагтаа малаа маллаад аж төрж байна.
-Тэгвэл таны уяач болсон түүх хэзээнээс эхтэй вэ?
-1988 онд цэргээс халагдаж ирээд нэгдэл дундын үйлдвэрт хоёр жил жолоочоор ажилласан. Тэгж байтал систем задраад үйлдвэр тарж, би хувийн бизнес эрхлэх болсон юм. Бизнес маань амжилттай ашиг орлого гайгүй болох үеэс хурдан морь сонирхож, хамгийн эхлээд нутгаасаа шар хээр морио авсан. 
-Таны овог болтлоо алдаршсан хурдан хүлэг?
-Тийм. Миний шар хээр Баян-Овоогийн унаган адуу. Галын хонгор азарганы төл. Гал гэж хүн ойрын хамаатны Идэр гэж залуудаа шар хээр  морийг бэлгэнд өгөөд нөгөөх нь сумын наадамд хоёр түрүүлчихсэн морь тэгтлээ үнэд ороогүй байхад нь би иж планет-5 мотоциклиор авч байлаа. Надад ирээд хээр морь аймагт хоёр түрүүлж, сумдын ой болон бусад наадамд долоо, найм түрүүлсэн.
-Жижигхэн адуу байсан гэж ярих юм билээ?
-Бие багатай. Гэхдээ давхил уран. Олон газрын наадамд очиж, морь дагалаа, шар хээр шигээ давхилтай адууг олж харсангүй. Газраас бүтэн биеэрээ хөөрч нисч буй мэт давхидаг адуу байсан, миний шар хээр. Үзүүр дээрээ тарлаж орно. Ер нь морьтой холбчихвол дийлж байж л санаа нь амардаг. Хойшоо сууна гэж байдаггүй. 
-2004 оны “Их хурд” уралдаанд уралдахаар очиход нь Баянхонгорын нисдэг хээр ирлээ гэсэн  байдаг. Тийм учиртай байх нь ээ?
-Тэр үед  хээр морь уралдсан болгондоо түрүүлж, айрагддаг аргагүй нисдэг гэж хэлэгдэхээр босоо адуу байсан л даа. Тэгээд хамгийн гол нь маш уран  давхилтай. Өвөрхангайд очиж, Их хурдад 12,3-р давхихдаа өмнө нь гурав түрүүлчихээд очсон. Аймгийн наадамд түрүүлээд, тав хоногийн дараа Өлзийт сумын ойд ахиж түрүүлээд, ахиад тав зургаан хоногийн дараа Заг сумын ойд очиж бас түрүүлсэн.
-Том наадам зорьж байж тэгж олон уралдуулах хэрэг байсан юм уу?
-“Их хурд”-д уралдана гэж бодоогүй байсан юмаа. Аймаг, сумдын ойд түрүүлээд байхаар нь их хурдан байгаа юм байна, газар нь ойр юм гээд Хархорин явчихсан юм. Эргээд бодоход аймгийн наадмын дараа дахиж уралдуулалгүй “Их хурд”-д ирсэн бол айрагдахаар л байсан юм билээ. Том наадмын туршлага муутай, залуу байж дээ. Их хурдаас ирээд нэлээд хэд хоногийн дараа болсон сургуулийн ойд уралдаад бас түрүүлсэн. Үндсэндээ тав уралдаж, дөрөв түрүүлэхгүй юу. Тэр үед шар хээр морийг аймгийн Алдарт уяач Сономбал гээд манай нутгийн ах уяж байсан. Нутаг орондоо нэртэй сайн уяач л даа. 
-Дараа жил нь яаж наадлаа?
-Аймгийн хаврын уралдаанд Өвөрхангайн Самданжигмэдийн буурал морьтой холбож ирээд шар хээр маань  аман хүзүүдсэн. 
-Баянхонгорын уяачдыг сэрээдэг наадам байх нь. Тэр уралдааны маргааш та адуу авахаар зүүн аймгийг зорьсон гэдэг байх аа?
-Тиймээ. Өвөрхангайнхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирээд айраг, түрүүний нэлээдийг аваад явсан. Тэгээд л ер нь бид хөдлөх цаг нь болж, адууныхаа цусыг холдуулж сайжруулъя гээд би маргааш  өглөө нь Сүхбаатар луу хөдөлж, Золбоо хэд хоногийн дараа араас гарсан. Тэр явалтаар би Сүхбаатар аймгийн Асгат сумаас 45 үрээ авчирсан. Цас ихтэй нэлээд ажил болж байж нутагтаа ирсэн ч тэр жилээ 17 үрээ нь түрүүлж, айрагдан баярлуулж байсан юм. Тэдний дунд Баянхонгор аймгийн Засаг дарга асан Жаргалсайханы бор азарга, манай хүргэн Жаргалсайханы халтар азарга,  миний бүүдэн морь /соёолондоо аймагт түрүүлээд, Богд сумын ойд түрүүлж байсан/, Содномбал ахын хүү Бандийн халтар гээд олон адуу байсан. Тэр жил манай сумын уяачид аймгийн баяр наадмаас дөрвөн түрүү, 17 айраг авч байлаа шүү дээ. 
-Нэг дор 45 адуу авахад нэлээд зардал гарна биз?
-Тэр үед одоог бодвол адуу хямд байж. Тэгээд ч нэг дор олон адуу авч байгаа юм чинь арай хямд байлгүй яахав. Хамгийн гол нь тэгж явснаар Баянхонгорын уяачид их урам орсон. Адуу малаа сайжруулъя аймаг, орон нутгийнхаа  нэрийг хамгаалж уралдъя гэцгээж, олон уяач зүүн тал руу адуунд явсан шүү дээ. Тэр болтол манайд зүүн талын адуу орж ирээгүй байсан. 
-Та ч бас ахиад явсан байдаг?
-Хоёр, гурван удаа явсаан. Дараагийн явалтан дээр миний шар цоохор морь ирж, аймгийн наадамд хоёр түрүүлээд, Хөвсгөл, Ховдын даншигт аман хүзүүдсэн. Бас Завханд болсон Сайхансамбуугийн наадамд их хол түрүүлсэн. Зүүн талаас ирсэн бор үрээ маань тэнд бас аман хүзүүдэж, дүү Жаргалсайханы маань халтар азарга гурвалж байлаа. Миний зүүн талаас авчирсан адуунууд дундаас  хамгийн их хурдалсан нь гурван даншиг наадамд түрүүлсэн Баттулга сайдын хүрэн азарга. Монгол Улсын Алдарт уяач Бүрэнтөр уядаг шүү дээ. 
-Энэ олон хурдан адууг та өөрөө харж сонгосон уу. Эсвэл хүмүүс санал болгосон юм уу?
-Өөрөө хараад, Бал /аймгийн Алдарт уяач Содномбал/ ахтайгаа зөвлөж байгаад л авна ш дээ. Манай Бал ах чинь адуу мал сайн таньдаг. Эхний жил ирсэн тэр олон үрээг Бал ах голдуу сонгосон. Харин хүрэн азарганы хувьд ахыг нь би хоёр жилийн өмнө аваад Өвөрхангайн өвлийн наадамд түрүүлгэж, өөрийнхөө аймагт айрагдуулчихсан. Тэр хавиараа нэлээд хэд орчихсон байсан учраас хурдан байх гэж бодоод авсан юм.
-Шар хээр, шар цоохор гэсэн морьдоор аймгийн наадмынхаа дөрвөн түрүүг хүртжээ дээ?
-Би аймгийнхаа наадамд таван удаа их насны морь түрүүлгэсэн хүн. Шар хээрийн хоёр, шар цоохорын хоёр түрүүн дээр буурал морины нэг түрүү нэмэгдэнэ. Буурал морь маань Баянхонгор аймаг үүсч байгуулагдсаны 70 жилийн ойгоор түрүүлсэн. Сумдын ой, баяр наадмаас бол олон айраг, түрүү авсан даа.
-Нэгэн үе Баянхонгорт Дүгэрсүрэн, Золбоо гэдэг хоёр уяач л наадаж байсан юм биш үү?
-Хамгийн гол нь бид өөрсдөө амжилт гаргъя гэдгээс гадна нутгийнхаа адууг сайжруулъя, нутгийнхаа нэрийг гаргъя гэж зорьдог байлаа. Тэр ч утгаараа олон газрын наадамд явсан. Миний шар хээр уран давхилтай адуу байсан бол шар цоохор нь толгой томтой түүндээ гуурстай байлаа. Тэр тал нь өвөлдөө битүү цантаад бүр мөстчихнө. Харин зундаа байнга нойтон явдагсан. 
-Шар хээр морины тухайд жаахан дэлгэрүүлье. Та яг хэдэн онд авсан юм бэ?
-1999 оны Ламын Гэгээний даншиг наадмын өмнөх сорилго уралдаанд 200 гаруй морь уралдахад шар хээр их хол түрүүлж, хүмүүс даншгаар “хээр морь түрүүлэх нь” гэж ярьцгааж байсан юм. Гэтэл 30 хэдээр давхисан. Энэ наадмаас хойш хэд хоногийн дараа би наймаа хийж аваад,  Ховдын даншигт аваад явсан өнгөнд явж байгаад суучихсан юм. Тэгээд дараа жилээс нь эхлээд аймгийн наадамд гурав айрагдаж, 2004, 2005 онуудад түрүүлсэн. Тэгээд 2006 онд улсын наадамд ирж уралдаад эндчихсэн юм. Тэр жилийн наадам будилж, их морь хоёр тасраад наашаа эргэчихсэн байсан морьдыг буцаж татсан шүү дээ. Тэрэн дунд шар хээр байсан юм. Урьд өдөр нь айхтар бороо ороод бид бас жаахан аажуу тавьсан юмаа. Түүнээс болоод хоолны асуудал гарсан байсан юм билээ. Уралдахаар гарахдаа усан чацга алдсан. Тэр үед туршлага муутай, аваад үлдэхээ мэдэхгүй л байхгүй юу.  Сайхан хурдан буянаа алдчихаад тухайн үедээ учраа олоогүй. Дараа нь ясыг нь аваачиж, төрсөн газар нь тавьсан. 
-Анх удаа төрийн наадамд ирээд хурдан хүлгээ эндүүлчихээр сэтгэл бас л эвгүй болно биз? 
-Тэгэлгүй яахав. Тэр жил бид бараг зургаан насны морьтой ирсэн. Түрүү хэлсэн манай хүргэн Жаргалсайханы халтар үрээ сунгаануудад их хурдан байсан чинь яг наадмаар ард нь байсан үрээ айрагдчихсан. Яасан гэсэн гараан дээр үлдчихсэн юм билээ. Тэр үед төхөөрөмж энэ тэр байсангүй. Одоо бол сайхан болж дээ.
   Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэсэн үг бий. Хээр морины тухайд тийм бодол төрдөг үү?
-Миний нутгийн төрмөл хурдан буян. Тэр сайхан хүлэг мориор овоглож, түмэн олноо цэнгүүлж явсандаа би одоо ч бахархдаг. Зүүн талын адуу дийлж байсан тэр цаг үед нутгийн минь жаахан хээр морь тэгж гайхалтай хурдлан моринд хайртай монгол түмнээ цэнгүүлж байлаа шүү дээ. Яг үнэндээ нэг үе Баянхонгорынхон шар хээрийн давхилыг үзэх гэж наадам үздэг болчихсон байсан. Баянхонгорчууд шар хээрд надаас дутуугүй хайртай байсан. 
-Үнэн шүү. Би хүртэл сургийг нь дуулаад бахархдаг л байлаа?
-2005 он шиг санагдаж байна. Аймгийн наадмын өмнө манай Баян-Овоод нэг наадам болоод тэнд Золбоогийн буурал түрүүлж, миний шар хээр аман хүзүүдсэн юм. Тэгсэн хүмүүс “энэ жилийн наадмаар шар хээр түрүүлэхгүй нь” гээд л. Тэгэхээр нь өөрөө гардаж уяад “энэ жил шар хээрийгээ ганц сайн тавъя” гэж бодсон. Сайн ч тавьсан. Морь гараад 7-8 км болж байтал Золбоогий буурал, миний шар хээр хоёр холбоод тасарчихсан. Арын морьдоосоо бараг хоёр км шахуу тасарсан байх шүү. Тэгж байтал шар хээр  урагшлаад буурлаасаа 700-800 метр тасарч түрүүлсэн. 
-2005 он байх нь ээ дээ?
-Анх зүүн талаас морь авчирсан жил гэхээр тийм байна. Тэр түрүү миний санаанаас одоо ч гардаггүй. Баян-Овоочууд ч их баярласан. 
-Ийм сайхан бахдалт түүх сонсож суух надад ч таатай байна. Эр хүнд сайн их насны морь нэг л заяадаг гэдэг. Харин танд хоёр ч бахдалт хүлэг заяасан байдаг. Шар цоохорынхоо талаар хуучлаач?
-2005 онд Асгат суманд очоод олон адуу авсан гэсэн шүү дээ. Тэгэхдээ Батчулуун гэж айлын адуунд ороод шар цоохорыгоо анх харсан. Тэгээд нэлээд эргэлзэж байгаад бүүдэн үрээгээ аваад буцсан юм. Дараа нь очоод адуугаар нь орсон “таны  авсан хондон азарганы дүү шүү“ гээд сайхан хондон үрээ үзүүлсэн. Нөгөө шар цоохорыгоо хайсан байж байна. Ингээд тэдний адуунаас цоохор морь, хондон үрээ хоёрыг авсан. Тухайн үед шар хээр маань байсан болохоор цоохор морийг гоёлд уная гэж бодсон юм. Тэгсэн 2006 онд шар хээр морио унагаагаад, сумын ойд уралдах морьгүй болчихгүй юу. Тэгээд л хөдөө рүү яриад цоохор морио авчруулсан даа.
-Сумын наадам бараг тулчихсан байсан байлгүй дээ?
-Ер нь л дөхчихсөн. Тэр жил цоохор морь хавчиг байсан. Адуунаас нь барьж  аваад жаахан хөнгөрүүлж, ганц нэг ажил хийгээд сунгасан аман хүзүүддэг юм. Тэгээд л хурдныг нь мэдсэн дээ. 
-Баян-Овоогийн ойд хэдээр давхисан юм бэ?
-Аман хүзүүдсэн. Ойн дараа багахан наадам болж тэнд давхисан гуравлаад, намар нь Өвөрхангайд хоёр Аваргын наадам болоод тэнд очиж хол түрүүлсэн. Битүү морь дөнгөж уяад л тэгж давхихаар нь их хурдан адуу байна даа гэж мэдсэн. Дараа жил нь аймгийн наадамд түрүүлээд, Хөвсгөлийн хангайн бүсийн наадамд очиж аман хүзүүдсэн. 
-“Хотгойдын хурд”-д...
-Тийм. Тэнд аман хүзүүдээд, арваад хоногийн дараа Сайхансамбуугийн наадамд очиж хол түрүүлсэн. Дараа жил нь дахиж аймагтаа түрүүлээд, Ховдын даншигт очиж аман хүзүүдсэн. Хойтон жил нь Ламын Гэгээний 370 жилийн ойн сорилго наадамд түрүүлээд их наадамдаа уяа нь болоогүй, уралдаагүй. Тэгээд тэр намраа анхны цаснаар банди нар хол унаж яваад худгаас усалчихсан чинь эндчихсэн. Тэгээгүй бол олон жил сайхан уралдах байсан байхаа. Зоримог их иртэй адуу байсан шүү. 
-Харамсалтай юм?
-Цоохорыг залгаж хурдалсан буурал морийг би Шинэжинстийн Амартүвшин гээд найзаасаа Баацагааны нутагт отроор ирсэн байхад нь авч байлаа. Өмнө нь над нэг хүн “таны цоохор морьтой төстэй буурал морь бий” гэж хэлээд би зорьж очсон нь тэр юм. Тэгээд авсан жилээ уяад аймгийнхаа 70 жилийн ойгоор түрүүлгэсэн дээ. 
-Дараа нь яаж давхисан бэ?
-Тэрнээс хойш төдийлөн амжилт гаргаагүй ээ. Адуунд дуртай аавын хүү гурван их мориор сайхан наадаж, 70 жилийн түүхтэй аймгийнхаа наадмаас таван түрүү авсандаа баярлаж явдаг. Манай тийшээ бол наадмыг их морины түрүүгээр л хэмждэг. Өөрөөр хэлбэл их морь түрүүлгэсэн хүнийг наадам авсан гэж ярьдаг юм.
-Аймагтаа хамгийн олон удаа их насны морь түрүүлгэсэн нь та юм билээ. 2011 оноос хойш ер нь яаж наадав?
-Унаган адуунуудаараа уралдаж боломжийн сайхан л наадаж байна. Дүү нар маань сайхан наадаж байгаа. 2014 оны говийн бүсийн уралдаанд төрсөн дүү Жаргалсайханы бор азарга аман хүзүүдэж, Баярсайханых нь хондон соёолон түрүүлсэн. Ер нь сүүлийн үед дүү нар сайн наадаж байгаа. 
-Ах дүү гурвуулаа аймгийн Алдарт уяачид байх аа?
-Тийм. Аав маань бас аймгийн Арслан цолтой. 
-Олон хүнийг моринд урвуулжээ дээ?
-Миний авчирсан үрээнээс авсан моринд дуртай олон залуучууд байна. Нутгаас маань олон сайхан хурдан буянгууд төрж байна. Сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадамд манай аймгийн уяачид тогтмол амжилттай сайхан наадаж байна шүү дээ.
-Өөрийн хүүхдүүд моринд хэр дурлаж байх юм?
-Одооны хүүхдүүд комьютер шагайхаас өөр зүйл мэддэггүй бололтой. Уг нь зөндөө хэлж ярих юм, хотоос ер нь явах дургүй шүү. Яваандаа яах юм байгаа юм.
-Монгол хүн байна ахуйтайгаа ойртох байлгүй дээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Алдартдаа баярлалаа. Сумынхаа ойд одтой сайхан наадаарай.
-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл. Баянхонгор аймгийн тусгай дугаар. 2016 он

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 103.242.47.14

    Дүгэрээ яалтчгүй Хонгорчуудыг хурдан моринд оруулсан манлайлсан хойморлог залуу

    Reply