ГАЛЫН ХҮРЭН ХЭМЭЭХ ИХ МАГНАЙ ХҮЛГИЙН ХАЗААР ДЭЭР ТАВИХ ХӨРӨГ

А.Тэлмэн
2018 оны 4-р сарын 04 -нд

ТЭНГЭРИЙН БУУРАЛ ЗАРЛИГААР “Тэрэгтийн тал” хаяарсан “Нялга” уул болмооно адууны хишиг уул бүлгээ.
Энэ уулын өөдөөс өдөр бүр мянган адуу харж байдаг гэнэм. Эзэн Чингисийн адууны бэлчээр ч гэлцэх нь бий. Боржгиуд овгийн их гал манасан Боржигон нутаг гэдэг нь зайлбаргүй болоод хөдөлбөргүй. Энэхэн газрын нэгэн тод бараа Бумбат бор ухаад бөгтрөгтэй хээр гүүнээс нэгэн магнайдаа сарт, туурайдаа галт хүрэн унага төрөв гэнэ.
Юмны наад цаад аа гэж...
Идшинд хөтлөгдөж ирсэн хээр байдсыг төхөөрөх болоход яагаад ч юм Галбадрахын ижий амийг нь гуйн хазаары нь мултлуулсан гэх.
Хээр гүү олон жил сувайран хааяа унагалах ч төл нь үл тогтох. Тэгж тэгж эр хүрэн унага гарсан нь Халхад цуутай "Галын хүрэн" ажу.
Хүрэн морь нэг муу хөхөрсөн үрээ байсан тул соёолондоо л уяа үзэж. Төв аймагт есөлдөгийм. Хавчигт нь өнжөөчихлөө. Наймтайдаа сумандаа тасархай ирлээ. Аравтайдаа Айцыг давсан хэрэг.

ГАЛЫН ХҮРЭН
Тасын өд шиг чихэнд нь
 Өвс нуугдаж хонов
 Талын нуур шиг саранд нь
 Ангир ганганаж хонов
Айлын дайтай газраас гөрөөс бараадаж хонов
Амгайн чимээтэй газраас
"Дөмөн" бараадаж хонов
Гал галын майхан
Утаа тавьж хонов
 Галын хүрэн ганцаараа
 Хазаар дээрээ хонов
 Түвд ма тамга нь
 Дөрөө харж хонов
 Түрүүлэхийн ад-од
 Магнайд нь хярж хонов
Зүүн суганы нь эргүүлгэнд
Гуурс ургаж хонов
Зүг зүгийн наадамчид
Зөн татаж хонов
 Морь морины дээгүүр
 Алгасаж харав, Галын хүрэн
 Морь морины салхин дээр
 Асаж гарав, Галын хүрэн
 Сүүлээ хойш нь шидэв, Галын хүрэн
 Сүүдрээ төөртөл тасрав, Галын хүрэн
Унасан хүүхдийнх нь гарын алга
Улаан нялга
Уясан эзнийх нь
Хийморь уул адуун Нялга
 Иртэй  догшин уулстай
 Ханарч давхив
 Элбэг уст Хэрлэнтэй уулгалж давхив
 Их цэнхэр нуурыг зайлж давхив
 Эрдэнийн соёмбоны загастай
 Наадаж давхив
Хэдхэн л харайвал түрүү
Галын хүрэн, Галын хүрэн
Хэлж ирэх нь сайхан
Дөрвөн түрүү, Дөрвөн түрүү
 Түмэнэ эх ухасхийлээ, уналаа
 Хайран, хайран
 Түрүү морин дээр биш
 Галын хүрэн дээр шавлаа, Монгол
 Эй, их хүрэн гал
 Эй, их хүрэн соёмбо
Амьсгалаа хуур шиг татаж... хөөрхий
Айцын давааг мундаа шигээ санаж... хаархий
Гал ус хоёр харшив
Гал гуай хулгана жилтэй харшив
Галын хүрэн мэт үүлэн гарч шилгээв
Газар хагартал тэнгэр дуугарав.
СГЗ, яруу найрагч Цэндийн Чимэддорж
/Тэнгэрийн наадам номоос/

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна