Монгол Улсын Алдарт уяач Н.Эрдэнэбат: “Идшээ даадаггүй морь гэж байдаггүй юм” гэдгийг л залууст хэлдэг

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 13 -нд

Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Навааны Эрдэнэбат гуай өнөөдрийн зочноор оролцож байна. 1960 оны намар Шивэртийн гол хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн тэрээр 1994 онд аймгийн Алдарт уяач, 1995 онд Монгол Улсын Алдарт уяач цолоо хүртжээ. Н.Эрдэнэбат нь:
-Хөдөлмөрийн хүндэт медаль /2013/
-АХ-ын 80, 90 жилийн ойн медаль
-Атрын 50 жилийн ойн медаль
-1998 онд мянгат малчин
-1985, 1986, 1987  онд сумын Хошой аварга тариаланч
-1991 онд сумын сайн малчин бөгөөд багийн Хурлын дарга, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн удаа сонгогдож байжээ.

-Булгийн эх, усны ундарга Бүрэгхангай уул эрт дээр үеэсээ Булган нутагтаа хурдан хурц хүлгүүдээрээ алдартай. Танай удмынхан хэдэн үеэрээ морь мал уяа сойлго эвлүүлж, хурд ивэлгэсэн хүмүүс вэ?
-Миний өвөг дээдэс морь уяж байгаагүй. Би нутгийн уяач нарын морийг унасаар адуунд дуртай болсон юм. Улмаар 1995 оноос тэднийгээ дагаж морь уяж, Булган аймгийн баяр наадамд хоёр үрээ айрагдуулснаар уяачийн замналаар замнаж эхэлсэн.
-Багадаа хэн, хэний хурдан хүлгүүдийг унаж, ямар амжилт үзүүлж байв?
-Дамбий гуайн алдартай хонгор морийг унадаг байлаа. Анх есөн настайдаа тэр хүний морийг унаж, сумын наадмаас айраг, түрүү хүртэж байв. Дамбий гуайн удмаас одоо сумын Засаг дарга Эрхэмбаяр байна.
Мөн Лувсанчүлтэм ахынхаа хүрэн морийг унаж аймаг, сумын наадмаас айраг хүртэж байлаа.
-Лувсанчүлтэм гэдэг хүн таны аль талын төрөл вэ?
-Миний ээжийн ганц ах байгаа юм. Ах маань бригадын тоо бүртгэгчээр ажилладаг байлаа. Нэгдэл нийгмийн үед ажил ихтэй, тэр бүр морь уяад байж чадахгүй л дээ. Ямартай ч хүрэн морь нь Булган даяар алдартай л хүлэг байсан.
-Та залуудаа сангийн аж ахуйд ажиллаж, Шилдэг тариаланчаар шалгарч байжээ. Ингэхэд хэдий үеэс морь уяж эхэлсэн юм бэ?
-Би морины хүүхдээс хасагдсан цагаасаа буюу 13, 14-тэйгөөсөө л морь уяж эхэлсэн. Сургууль соёл төгсөж, трактор комбайн барьж байхдаа хүртэл уяж л байсан. Анх 14 настайдаа ах нартайгаа хамт морь уяад Булган аймгийн наадамд шүдлэн, хязаалан хоёр айрагдуулж байлаа. Дараа нь 1975 онд сумынхаа наадмын таван насны айргийг хүртэж байв. Тэгэхэд хүний өөрийн нийлсэн долоон морь мордуулаад, хүний хоёр, өөрийн гурваар айраг хүртсэн. Нутгийн хөгшид гайхаж л байсан даа.
Цаанаасаа мэдрэмж, буян заяа байдаг юм болов уу даа. Аав маань морь уядаггүй байсан. Би өвөө, эмээ дээрээ өссөн хүүхэд. Айлын ууган хүүхэд болохоор гэртээ гарсан. Ахынхаа морийг унасаар байгаад л моринд дурлачихсан юм.
-Анх удаа аймгийнхаа баяр наадмыг зорьж очоод л хоёр айраг хүртчихсэн юм уу?
-Тийм ээ.
-Хүүхэд насны дурсамж сэтгэлд их тод үлддэг дээ. Тэр дундаа анхны айраг хүртсэн наадам сэтгэлээс ер гардаггүй байлгүй. Тэр жилийн наадмыг бидэнд үгээр зураглаач?
-Дээд тал нь 40-50, доод тал нь 20-30 адуу уралдаж байсан. Айраг хүртчихээд гэртээ буцаж ирэхэд хоёр хөгшин маань хөл нь газар хүрэхгүй баярлаад л “Хүү маань уяач боллоо” гэлцэж байсан даа. Нутгийнхан ч бүгд баярлаж, баяр хүргэцгээж байсан.
Тэр үед айрагдсан морины бай шагналд данх, шанага, цайны идээ, гурав, таван төгрөг өгдөг байсан юм. Түүнийгээ хоёр хөгшиндөө авчирч өгч байлаа.
-Хойтон жил нь бүр ч урам зоригтой наадаа байлгүй?
-Зургаан насны морь уяад, таван айраг хүртсэн.
-Морь уяж эхэлмэгцээ л айраг хүртээд эхлэхээрээ өөрөөрөө бахархаж омогших сэтгэл төрж байв уу?
-Морь айрагдаж, түрүүлэх тусам улам өндөр хариуцлага ирж байгааг ойлгож, ухаан суудаг юм билээ. Бидний үеийнхэнд биеэ тоох, бусдаас илүүрхэх гэсэн хор шар ямар байсан биш дээ.
-Аймагт айрагдсан хоёр үрээ хойтон жил нь ямар амжилт үзүүлсэн бэ?
-Хоёулаа айрагдсан. Манай бригадын эмч нэг эмнэг соёолон үрээ надаар сургуулж, уяулсан юм. Тэр соёолон аман хүзүүдээд, манай алаг үрээ хязааландаа түрүүлж, шүдлэн үрээ маань дөрөвлөөд, битүү азарга тавласан. Бас нэг хүний уяулсан даага дөрвөөр давхисан. 
-Нэг жилийн наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилт ер нь л байхгүй байх аа?
-Манай суманд лав байхгүй.
-Хойтон жил нь буюу 1976 онд амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн л биз дээ?
-Алаг соёолон маань дахин түрүүлсэн. Шүдлэндээ аймгийн баяр наадамд айрагдсан үрээ маань шүү дээ. Соёолондоо аймгийн баяр наадамд мөн аман хүзүүдсэн. Тэгэхэд Цэрэндоржийн хонгор соёолон үрээ түрүүлсэн юм.
Тэр жил би ТМС-д суралцахаар Төв аймаг руу явж, 1977 онд төгсөж ирээд тракторчин болсон. Ингээд морь уяж амжихгүй байж байгаад 1979 онд цэрэгт татагдсан. Халагдаж ирээд 1982-1990 онд трактор барьж, хадлан тариа руу орсон доо. Комбайн ч барьж байсан. Тэр үед завсар зайгаар нь морь уяад, сумын баяр наадмаас айраг, түрүү авч л байсан. Намайг моринд дуртай болохоор нэгдлийнхэн маань миний амралтыг зургадугаар сарын 15-наас бодоод өгчихдөг байсан юм. 
-1985, 1986, 1987 онд сумын аварга тариаланч болж байжээ?
-1982 онд цэргээс халагдаж ирээд хадланд яваад, 1983 онд сумын техник бригадын хадлангийн аварга болсон. 1985 онд намайг тариа руу татаж аваад, комбайн бариулж, өвөл, зун нь тээврийн трактортой өвс хадланд явуулдаг байлаа. Трактор, комбайнаар хоёр жил дараалан аварга болж байв.
-Та ярилцлага эхлэхийн өмнөхөн “Алаг үрээ намайг олон баярлуулсан” гэж ярьсан. Нийт хэдэн айраг, түрүү хүртсэн адуу вэ? 
-Соёолон хүртэл нь би өөрөө уясан юм. Цэрэгт гурван жил болоод ирэхэд эндчихсэн байсан. Эцэг нь өндөр Цэрэндолгор гэдэг хүний хул алаг азарга. Тэр хүн 1968 оны үед манай Бүрэгхангайгаас гүү ачиж Улаанбаатарт аваачаад уяж байсан юм гэнэ лээ. Тэгэхэд л Хэнтий аймгаас үүц ирж байсан юм уу даа, наашаа ирэхдээ хул алаг үрээ авчраад азарга тавьсан гэдэг юм. Дараа нь манай Лувсанчүлтэм ахын хоёр гүү тэр хүний адуунд явдаг байхгүй юу. Тэгсэн хул алаг гүүнээс бас нэг хээр алаг унага гарсан юм. Намайг хүрэн морийг нь унаж байхад шагналд нь нэг даага өгсөн. Тэр даагаар нь би азарга тавиад, битүү азарга уяж сумын баяр наадамд таваар давхиулсан. Тэр алаг азарганы төл олон ч алаг адуу гарсан юм. Тэд л намайг улсын Алдарт уяач болгосон доо. Улс даяар нэрээ цуурайтуулсан мундаг хар алаг морь байлаа.
Хул алаг азарганы төл аймаг, сумын наадамд айрагдаж байсан. Эх нь Хэнтий аймгийн Галшар сумын адууны цустай цавьдар гүү байсан юм.
-Хар алаг морь тань улс даяар алдартай гэж байна. Амжилтуудаас нь сонирхуулаач?
-Ахын надад бэлэглэсэн хээр алаг даагаар азарга тавиад гарсан олон алаг төлийн нэг нь хар алаг морь. Эх нь сайхан хар гүү байсан юм. Дээр үед Содномжамцын цавьдар азарга гэж манай нутагт цуутай адуу байлаа. Хар гүү бол түүний төл юм гэнэ лээ.
Хар алаг морийг би 1990 оноос уяж эхэлсэн юм. Шүдлэн үрээ уягдаад сумын баяр наадамд айрагдсан. Соёолон хүртлээ ямар ч адуунд гүйцэгдээгүй. Хязааландаа сумынхаа наадамд түрүүлчихээд, Могодод Ардчилсан хувьсгалын нэг жилийн ойн уралдаанд очиж гурван түрүү, нэг айрагтай ирж байлаа. Тэр жил би сумаасаа дөрвөн түрүү авчихсан байсан. Соёолонд нь манай сум нэгдлийн 40 жилийн ой болох гээд урьдчилсан наадам зохион байгуулахад хар алаг түрүүлсэн. Ингээд Эрдэнэт явах замдаа Халиун суманд түрүүлээд, Эрдэнэтэд очиж мөн түрүүлсэн. 1993 онд Амарбаясгалант хийдэд анхны даншиг наадам болоход соёолон үрээ аман хүзүүдээд, эргэж сумандаа ирж 40 жилийн ойн наадамд түрүүлсэн юм. Ингээд нэг жилийн дотор дөрвөн түрүү хүртэж байлаа.
Тэр үед ямар тэжээл гэж байсан биш. Дан өвсөөрөө, бид ч хөтлөөд л явна. Бороонд норно, наранд шарагдана. Тэр бүхнийг гайхалтай даадаг байлаа шүү дээ. Хавчиг жил нь аймгийн баяр наадамд аваачиж мордуулсан боловч буруу замаар явж, хүүхэд нь унаад, уг нь түрүүлж явсан боловч урагшаа хар зам дагаж төв рүү ороод, түрүүнд явж байсан моринд мал эмнэлгийн машин очиж эргээд, тэр хооронд дээгүүр явж морьдын урдуур орж арваар давхисан юм. Хойтон жил нь буюу 1995 онд Манлай Түвдэн аварга, Булган аймгийн анхны улсын Алдарт уяач Төмөржолоо гуай нартай нийлж зургаатай хавчиг морь улсын баяр наадамд аваачсан. Үсэргээнд ч морь сайн байлаа.
Тэгсэн чинь өмнө нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 30 жилийн ой болдог юм байна. Хишигбат хонгор морио, Түвдэн ах хүрэн морио, би алаг морио уралдууллаа.
Хишигбатын хонгор морь түрүүлж, Түвдэн ахын хүрэн морь аман хүзүүдэж, миний алаг морь гуравласан. Даанч айргийн таван морь тавуулаа доголчихсон юм. 
-Юунаас болоод айргийн таван морь нь доголчихдог билээ?
-Нэгдүгээрт, айхтар хол үсэргээ хийж үзээгүй, онгойгоогүй морьд байсан. Хоёрдугаарт, газар нь чийгтэй байсан юм болов уу даа. Уяа л дутуудсан гэсэн үг л дээ. Ингээд Түвдэн ах бид хоёр улсын наадамд мордуулж чадаагүй юм. Хишигбат хонгор морио мордуулаад, бүр хөлгүй болгочихоод буцсан.
Би морио жаал усаар шавшиж, хатгаад эдгээсэн юм. Намар нь гурван сургуулийн 70 жилийн ойн уралдаанд түрүүлсэн. Тодруулбал, Булган аймгийн сургуулийн 70 жил, Бүрэгхангай сумын сургуулийн 70 жил, Төв аймгийн Заамар сумын сургуулийн 70 жилийн ойд тус тус түрүүлсэн. Мөн 1996 онд анхны өвлийн уралдаан Эрдэнэтэд болсон. Тэнд түрүүлснээс хойш хөлийг нь муутгачихсан юм.
-Онцгой амжилт үзүүлсэн өөр хүлгүүдийнхээ амжилтуудыг сонирхуулаач?
-Тракторын жолооч байхдаа би Нацаг гэдэг хүнээс хар азарга авсан юм. Манай том хүү тэгэхэд 2-3 настай байсан. Моринд дуртай гэж жигтэйхэн. Авсан хар маань манай алагаас нэг насаар дүү. Шүдлэндээ Бүрэгхангай, Могодод түрүүлсэн. Хойтон жил нь хязааландаа сумандаа болон Халиун, Дарханд түрүүлсэн юм. Тэр хар азарганаас сайхан хурд олон гарсан. Хүнд өгснүүд нь ч сайн давхисан. Хожим би хар азаргаа Эрдэнэт рүү хүнд бэлэглэчихсэн юм. Төлүүд нь ч сайн давхиад, тэр хүн маань ч олон морь уядаг болж аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Хээр алаг азарганы бусад төлүүд хэр давхисан бэ?
-Хурдан хүлэг гэдэг хүнд өдрийн од шиг л тохиодог юм байна шүү дээ. Хээр алаг азарганы бусад төл олигтой давхиагүй. Хар азарганы төлүүд л сайн давхидаг юм. Дээд угшил нь Ониогийн хар азарга юм гэнэ лээ, арга ч үгүй биз.
-Нэг жил сумын наадмаас дөрөв, Могодоос гурван түрүү авсан гэж дээр дурдаад өнгөрсөн. Тэр жил та ч аргагүй одтой байжээ, адуу ч хурдан байж. Тэр сайхан наадмын дурсамжаа бидэнд хуваалцаач?
-Тэгэхэд хар алаг, цавьдар хоёр соёолон уясан. Нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. Сайн алаг морь маань хязаалан үрээ суманд түрүүлчихээд, хар азарганы сартай хээр үрээ шүдлэн түрүүлж, хоёр дааганы нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн юм. Дараа нь Могод руу явсан. Хоёр соёолон маань хоорондоо наалдаад л түрүү, аман хүзүүнд ирнэ лээ. “Алийг нь барих вэ” гэхээр нь цавьдарыг нь бариулсан юм. Тэгтэл “Хязаалан алаг үрээ наанаас эргэлээ, буцаа” гээд болдоггүй. Их хол ирсэн юм. Барьж аваад буцаагаад мордуулах гэсэн чинь хүү маань айгаад дахиж унадаггүй ээ. Тэгэхээр нь Зуун ахын /Монгол Улсын Алдарт уяач Ч.Зуунчулуун/ морины хүүхдээр унуулаад, дахиад “үүнээс ч хол ирээрэй” гээд мордуулчихсан чинь тамтаггүй хол түрүүлж ирсэн. Тэгэхэд аман хүзүүнд ирсэн үрээний хүүхэд “миний урд адуу харагдаагүй ээ, дундуур орсон” гэж аавдаа хэлсэн байгаа юм. Тэгсэн үрээг маань морины комисс ирэхээс нааш барихгүй гэдэг юм байна. Тэгтэл ч комисс ирлээ. Тэд “Алаг үрээтэй ярих юм байхгүй, гараад л ганцаараа тасраад явчихсан. Гайхалтай хурдан адуу юм” гээд л шагшиж байлаа даа.
-Та 1995 онд улсын Алдарт уяач цол хүртсэн. Тэгэхэд аймгийн баяр наадмын амжилтаар улсын цол олгодог байсан даа?
-Тийм. Хүн нэг юм уу, хоёр морь ярьдаг даа. Гэтэл би аймаг, сумын наадамд олон насны адуугаар уралддаг. Тэр нь голлох үзүүлэлт болсон байх гэж боддог юм.
-Цолоо хэнээс гардаж байв?
-Тухайн үеийн аймгийн Засаг даргаасаа л гардаж авч байлаа даа. Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн дарга Цог генералын гарын үсэгтэй үнэмлэх байдаг юм. Би энэ цолыг хүртсэн 48 дахь хүн нь юм билээ. Манай Туваан ах 11 дэх нь.
-1995 оноос хойш амжилтын буухиагаа хэрхэн үргэлжлүүлэв?
-1995 оноос хойш алаг морины амжилт орчихож байгаа юм. Тэгээд би ч ийш тийшээ явж чадахаа болиод, унаган морио тэжээж ч чадахгүй байсаар хэсэгтээ тасарсаан. Гэхдээ хүүхдүүд маань сумын уралдаануудаас айраг, түрүү таслаагүй. Том хүү маань Сумын аварга уяачаар тодорсон. Аймаг руу тодорхойлоод л явуулдаг юм, сураггүй л байна. Цолны болзол хараахан хангаагүй л байгаа юм байлгүй.
-Анхны “Их хурд”-д 21 аймгийн их насны морь багтсан байдаг. Та очсон уу?
-Би хээр алаг азаргатайгаа очсон. Аймгийн баяр наадамд айрагдсан адуу болгон л очдог юм билээ л дээ.
-Тэгэхээр улсад нэг, “Их хурд”-д нэг очсон байх нь ээ дээ. “Их хурд-3”-т морь нь хэдээр давхисан бэ?
-Дундуур л явчихна лээ.
-Бүрэгхангай сум нэгэн үе аймагтаа хурдаараа гайхагддаг, дээгүүрт бичигддэг байсан гэдэг. Тэр үеийн алдартай хурдан хурц хүлгүүд болон нэр цуутай уяачдын талаар мэдэх зүйлсээ бидэнд хэлж өгөөч?
-Төв аймгаас хурдан хурц унаганууд авч байсны үр дүнд манай сум аймагтаа хурдтайд тооцогддог байсан. Зуун ахын /Монгол Улсын Алдарт уяач Ч.Зуунчулуун/ хул азарга, хул морь гээд Булган аймгийн наадамд олон айрагдаж, түрүүлсэн хурдан буянгууд байна. Сэрдамбын хээр гэж бий. Бүрэгхангайн жинхэнэ унаган адуу. Аймгийн наадамд бас л олон түрүүлсэн дээ. Бямбажавын улаан морь, Ониогийн хар азарга гээд дээр үеийн сайхан өвгөдийн хурдан хурц хүлгүүд олон бий. Лувсанчүлтэм ахын хүрэн морь байна. Дээр үеийн морьд нэг түрүүлэхээрээ олон торгон жол өргүүлчихдэгн байсан юмдаг. Түүгээрээ л манай сум алдаршсан даа.
-Хэний ямар азарганы үр төлүүд сайн тарж, энэ нутагт хурд түгээсэн юм бол?
-Миний мэдэх нь Ониогийн хар азарганы үр төл их сайн давхиж байсан юм. Нэгдэл нийгмээс авсан болон хүн амьтнаас худалдаж авсан азаргануудын төлүүд ч олон бий. Тэр энэ гэлтгүй л жигдхэн хурдтай даа.
-Бүрэгхангайн адуу эртнээсээ л хурдтай, цус сэлбэхээс ч өмнө хурдан байсан гэдэг. Энэ нь ер нь юутай холбоотой вэ. Адуу нь угшил сайтайгаас болов уу, уяачид нь сайн байна уу, эсвэл Төв аймгийн сумдтай хил залгаа оршдог нь нөлөөлж байна уу?
-Төв аймгийн Заамар сумтай хил залгаа оршдог учир манай нутгийн адуу их сайжирсан. Төв аймгийн адуу Жаргалант, Угтаалын угшилтай, биерхүү сайхан адуунууд байсан. Мөн өөрийн унаган адуунууд ч хурдтай байсан. Энэ бүхэн нийлээд л илүү сайн адуунууд бий болохын үндэс болсон байх.
-“Тэжээдэг болсноос хойш Бүрэгхангайнхан өмнөх шигээ амжилт үзүүлэхгүй байна” гэсэн яриа бас сонсогдож байна лээ. Гэхдээ танайхан ч бас адуугаа тэжээдэг биз дээ?
-Тэжээнэ ээ. Гэхдээ энд тэндээс зөөж авч ирээд тэжээсэн юм байхгүй. Унаган голдуухан адуугаа л тэжээгээд байгаа юм. Тэднийх нь хурд буугаад байна уу, эсвэл манайхан тэжээлийг нь тааруулж чадахгүй байгаа юм уу, бүү мэд. Үнэнийг хэлэхэд жинхэнэ суурин газар шиг тэжээж чадахгүй л байна. Бидэнтэй адил бэлчээрээр гаргачихаад нэг шанага овъёос өгчихөөд адуунд нь тавьчихдаг улс ч ховордсон л цаг бололтой. Гэвч бид тэгж л уяад байгаа юм.
Гэхдээ Бүрэгхангайгаас аймгийн Алдарт уяач Батхишигийн морьд сайн давхиж байна. Тэр ч унаган морьдоо л давхиулаад байгаа юм.
-Насаараа морь уях ухаанд суралцсан хүний хувьд залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
-Би тэжээлийн адууг өөрөө сайн мэддэггүй болохоор өөрийн баримжаагаар хараад байхад нэг бол тэжээлийг нь ихдүүлээд, үгүй бол бүр багадуулаад байгаа юм шиг л санагдаад байгаа юм. Залуус маань тэжээл өгчихөөрөө өлөн сойгоод байх юм. Тиймээс “идшээ даадаггүй морь гэж байдаггүй юм” гэдгийг л залууст хэлдэг.
Нөгөө талаас сүүлийн үед ургамал ногоо сайн ургахаа болилоо, хаа хаагүй малын бэлчээр хомсодчихоод, бас өвсний чанар муудсаны үндсэн дээр тэжээл өгөх нь зөв л байх. Тэгж л уяхгүй бол одооны морь давхихаа байчихаж. Тэгэхээр бас уяж байгаа адуугаа гэдэстэй байлга гэж анхааруулдаг юм. Учир нь, өлөн морь янз бүрийн өвчин, согог суухдаа амархан байдаг. Гэдэс, махыг нь сайхан тааруулчихсан байхад идшинд ер нь түүртэнэ гэж байхгүй.
-Та ярианы эхэнд “Хүүдээ л зориулж адуу цуглуулсан юм” гэсэн. Ер нь хэр сайн адуу цуглуулж чадсан гэж боддог вэ?
-Суман дотроо манай адуу чанартай л гэж боддог. Сайхан адууны буянд найз нөхдөдөө үрээ, даага бэлэглэж байсны хишиг буян юм байлгүй. Хэнтий, Сүхбаатар, Дорнодоос гаралтай бэлэгний адуу хэд хэд байна. Тэд маань ч сайн давхиж байгаа. Хоёр сайн азаргатай. Нэг нь Хэнтийн Галшарынх. Дашзэгвэ гэдэг дүү маань надад бэлэглэсэн юм. Соёолон хүртлээ сайн давхиж байгаад хөлгүй болчихоор нь азарга тавьчихсан. Үр төлүүд нь ч одоо сайн давхиж байна.  Нөгөө нь манай Их хурлын гишүүн асан Цэнгэлийн маань бэлэглэсэн азарга. Өөрөө ч, үр төл нь ч сайн давхиж байна. Дорнодоос хоёр, гурван азарга авсан. Энэ хэдээрээ өөрийн адуундаа цус сэлбээд сайн л адуутай болж байгаа гэж бодоод байгаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрвөн хүүхэдтэй. Ууган нь охин, бусад нь банди.
-Том хүү морь уядаг. Нөгөө хоёр нь моринд хэр хорхойтой вэ?
-Дунд хүү Өмнөговьд уурхайд ажилладаг. Бага хүү энд багийн Засаг дарга хийж байгаа. Барилдах сонирхолтой, сумын харцага цолтой. Ингээд нэг нь моринд, нөгөө нь бөхөд дуртай. Нөгөөг нь сурд сонирхолтой болгочихъё гэж бодсон арай л барахгүй байна.
-Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Хоёулаа ярилцлагаа сэтгэлд хоногшсон сайхан наадмын  дурсамжаар өндөрлөе?
-Соёолон үрээ маань сумандаа түрүүлчихээд, Халиун суманд очиж түрүүлж, дараа нь Эрдэнэтэд түрүүлчихээд Амарбаясгалан хийдэд анх зохион байгуулсан даншигт аман хүзүүдсэн тэр жил л хамгийн дурсгалтай сайхан санагддаг юм.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна