АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ЧАГНААДОРЖ: ДОМОГ МЭТ АДУУ МАНАЙ УДАМД БАЙСАН

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 06 -нд

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мягмарын Чагнаадоржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1951 онд Бага Гуулингийн Улаан овоо, Цагаан чулуут хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд Гуулийн багийн 6 удаагийн аварга малчин /үхэр/, сумын 3 удаагийн аварга, аймгийн аварга малчин, МУ-ын сайн малчин юм.

-Та бүх шатанд л сайн малчнаар шалгарч байж. Баг, сум, аймаг, улс гээд л.  Хичнээн жил мал маллаж байна вэ?
-Бага наснаасаа аав, ээжийгээ дагаж мал малласан. 1964 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарсан. Тэгээд 1971-1974 оны хооронд цэргийн алба хаасан байдаг юм.  Ингээд 1974 онд цэргээс халагдаад үхэр хариулж эхэлсэн. Ер нь 10 жил үхэр хариулсан юм байна шүү. Эхний жилээ л нэг үхэр үхүүлсэн. Дарга нар 100 үхрээс 65 тугал ав гэж тушаадаг байлаа. Харин би даалгаврыг нь давуулан биелүүлж  100 үхрээс 100, 80 үхрээс 80 тугал авдаг байсан. Тухайн үед сумын байгууллагын Аварга гэдэг шагнал өгсөн. Би энэ шагналыг 7-8 жил авсан байдаг юм. Ингээд 1987 оноос нэгдэлд орж нэг настай мал маллаж эхэлсэн. Нэг настай мал буюу хурга хариулаад сумын гурван удаагийн Аварга болсон доо. Үүний дараа 150 зусаг хониор түрээсийн гэрээ хийгээд хувьдаа мал маллаж эхэлсэн. Тэгээд аймгийн сайн малчин болсон доо. Харин 2006 онд Улсын сайн малчин болсон. Би малаа хоёр дахин буюу 2000 болгож өсгөсөн. Хүмүүст мал өгч малжуулсан учраас хоёр дахин өссөн. Одоо ч олон хүн малжуулж байгаа. Тэгээд малын бүтэц холдохоор нь 2001 онд эргэлт хийж 1000 арай хүрэхгүй мал үлдээсэн. Түүнийгээ дахин 2000 гаруй болгож өсгөөд ахин эргэлт хийгээд  одоо 1000 шахуу малтай. Энэ хугацаанд 10 гаруй өрх айлыг малжууллаа. 
-Та малчдад малаа суурь, сууриар нь өгчихдөг юм уу?
-Хүмүүстэй гэрээ хийгээд 100, 200 гаар нь өгчихдөг. Түрээсийн гэрээгээр бог малаа өгчихдөг юм. Өвөл нь өөрөө үхрээ, тэмээтэйгээ хариулдаг. 100 гаруй үхэртэй. Харин зун нь тэмээгээ ноосыг нь өгөөд хүнээр харуулдаг юм. Адуугаа бас хөлсийг нь өгөөд хүнд харуулчихдаг. Би хоёр хүү, дөрвөн охинтой. Бүгд тусдаа гараад явсан болохоор туслах хүнгүй болчихоод л. Одоо миний дэргэд нэг охин маань нөхрийн хамт байна. Харин бусад хүүхдүүд нь Улаанбаатар, Дарханд байна.
-Уяачидтай уулзахад ихэнхи нь удам дамжсан байдаг. Таны хувьд ямар түүхтэй вэ?
-Манайхан бол эх, эцгээс малчин удамтай улс. Манай адуу хэдэн үеэрээ сайн гэж яригдаж ирсэн. Үүнээсээ уламжлаад миний адуу ч бас сайн. Аймагт ч, суманд ч сайн давхиж олон айраг, түрүү авсан.  Аймагт миний унаган гурван морь гурван том наадамд давхиж нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. Би Шилүүстэй, Хүрээмарал, урд говийн сумдад олон хурдан хүлэг зарсан. Хүрээ маралд зарсан борлог азарганаас минь олон хурдан адуу гарч байна. Хүрээмаралын Дашзэвэг багшийн Маажуур хээр сумынхаа наадамд долоод давхисан. Манай сумын 2007 оны даншиг наадмаар шүдлэн үрээ нь айрагдсан. Тэр бол миний унаган адуу. Энэ мэтчилэн олон хурдан удам бол манайхнаас залгагдаж байна.
  Танайхан эрт үеэсээ хурдан адуутай байжээ. Танай удамд ямар сайн уяачид байв?
-Манай аавын авга ах Цэдэн гэж хүн байсан. Цэдэнгийн хоёр хайнаг гэж манай Дэлгэр суманд  алдартай морьд байлаа. Миний аавын ягаан, халиун алаг морьд бас л нэрд гарсан. Манай авга ах Гэлэнгийн хээр аймгийн наадамд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Тэр миний унаган адуу. Энэ мэтчилэн манайхны морьд хурдтай. Сумын 87 жилийн ойд манай хээр морь түрүүлснээс гадна унаган гурван морь айрагдсан. Тэр нь баян Мэндийн хүрэн гэдэг хүрэн морь. Энэ манайхны унаган адуу л даа. Ер нь манайхны олон сайн адуу сум, аймагт аман хүзүүдсэн. Аймгийн 50 жилийн ойд манай хээр морь түрүүлж байсан ч хүүхэд нь газар мэдэхгүйгээс болж барианд орохын үед будлиад аман хүзүүдсэн.  Би унаач хүүхдэдээ “чи толгойн 69 машиныг дагачих” гэсэн чинь яг нөгөөдөхөө дагаж ирээд үзэгчид рүү орчихсон. Тэгээд эргүүлж тавиад аман хүзүүдэж байлаа. Тэр наадамд мөн миний жороо халтар морь түрүүлж байсан. Дэлгэржаргалын халтар морь аймгийн наадам, Баян-Уул суманд түрүүлж байсан. Тэр бас манай унаган адуу юм. Мөн манай цоорхой халтар морь аймагт соёолондоо аман хүзүүдсэн. Ер нь сумдад үргэлж аман хүзүүгээр хурдална. Долоо аман хүзүүдсэн байх шүү. Түрүүлээгүй юм. Би энэ морио багад нь хурдан морьдтой уралдуулаад зүрхийг нь үхүүлчихсэн шиг байгаа юм. Тэрнээс болоод түрүүлж чаддаггүй юм болов уу гэж боддог. 
-Аавынхаа тухай ярьж өгөөч?
-Мягмар гэж яг энэ нутгийн хүн байсан. Дээр үед хүрээнд сууж байгаад цэрэгт яваад, цэргийн дарга ахмад цолтой болсон гэдэг. Дараа нь хөдөө гарч Дэлгэр сумын намын үүрийн дарга хийж явсан. Давхар малаа маллаж, морь уяна. Манай аавын Артур ягаан гэж морь сумын наадамд олон түрүүлж, айрагдаж байсан. Би анх тэр морийг унаж байлаа. Аав минь их олон адуутай байсан юм. 
-Анхны айраг, түрүүгээ хэдэн онд авч байв?
-1975 онд айраг, түрүүгээ эхэлж авсан. Анх хурдан хээрийн ах, бор хээрийг түрүүлүүлж байсан. Үүний өмнө мөнгөн амт гэж халтар морио уяж суманд айрагдуулж байлаа. 
-Бусад сумтайгаа харьцуулбал Дэлгэр аймагтайгаа ойрхон. Аймгийн баяр наадамд явж байв уу?
-Би 1980 хэдэн оноос хойш аймгийн наадамд явсан. Миний цоорхой халтар морь 1978 онд соёолондоо аймгийн наадамд аман хүзүүдсэн. Мөнгөн амт халтар маань бас л 1978,1979 оны үед дөрөвт ирсэн. 
-Тухайн үед Говь-Алтайн баяр наадам ямар болдог байсан бэ?
-Тухайн үед аймгийн баяр наадмаар морийг их л зовоодог байсан санагдаад байгаа юм. Газар нь их хэцүү. 30 км замд уралддаг. Хүүхэд ч их унадаг, морь ч их энддэг байлаа. Естийн болон Луультын аманд хүүхэд их унадаг. Холоос ирээд их өгсүүр замаар өгсдөг. Харин одоо их сайхан газар уралддаг болсон байна. Түүнээс хойш хүүхэд, морины гарзгүй сайхан наадаж байна. 
-Танайх чинь саяхныг хүртэл таван нас уралдуулдаг байсан уу?
-Зургаан нас уралдуулдаг байсан. Цөөхөн азарга уралддаг. Ганц, хоёр азаргаа соёолонтой хамт уралдуулчихдаг байсан. Тэгээд 1980 оноос хойш азарга тусдаа уралддаг болсон юм. 
-Анхны медалийг хэдэн онд өгч байсан юм бэ?
-Анхны медалийг 1986 оноос өгсөн юмдаг. Түүнээс өмнө үнэмлэх л өгдөг байсан.
-Дэлгэр сум жороо мориороо бас алдартай байх. Тийм ээ?
-Тийм. Манай Дэлгэр сум жороо мориороо домоглодог газар шүү дээ. Домог ихтэй байсан.
-Та жороо адуугаар наадаж байв уу?
-Жороо адуугаар наадалгүй яахав. 1990 онд аймгийн 50 жилийн ойн баяр тохиож түүнд манай жороо халтар морь түрүүлгэж байсан. Мөн их насны нэг морь маань аман хүзүүдсэн. Дараа нь жороо бор маань мөн аймгийн наадамд түрүүлж байлаа.
-1970, 1980-аад оны үед жороо морь л хамгийн үнэтэй байлаа. Баруун зүг рүү илүү их морины наймаа сонирхдог байсан юм шиг санагддаг. Та морины наймаа арилжаа хэр хийж байв даа?
-Жороо морь их авч байсаан. Баянхонгороос жороо морь авахдаа долоон үхэр өгч байлаа. Тэр морь минь сумын наадамд нэг түрүүлсэн. Тэгээд өнөөхөө Баян-Өндөрийн хүнд зарсан. Тэнд очоод олон түрүүлсэн юм.  Завханы Алдархааны Оодон хээр гэж жороо хээр морь бас минийх л дээ. Отгонд Очирбатын жороо халтар гэж дархлагдчихсан морь байлаа. Би бор морио 3500 төгрөгөөр өгч байсан. Тэр үедээ чанга мөнгө л дөө. 
-Таны уясан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн морио нэрлэвэл?
-Аймгийн 50 жилийн ойн баярт аман хүзүүдсэн хээр морь байна. Суманд болон ойгоор олон түрүүлсэн.
-Тэр хээр морины эцэг нь ямар азарга билээ?
-Гүнд гэж залуугийн унаган азарга л даа. Том цохио шиг бор хээр азарга байсан юм. Эх нь манай өөрийн хайнаг удмын адуу байгаа юм. Тэр удмын адуу одоо ч надад бий. 
-Эцэг нь Гүнд гуайн талын адуу юм байна. Тэгээд эх талаа дагаж хурд гараад байна уу?
-Хээр азаргыг манайх авсан юм. Хоёр талын удамтай адуу л даа. Тэр Гүндынх чинь бас л хурдан адуутай айл шүү дээ. Тэдний Хялаа гэж морь нь намайг хүүхэд байхад л уралдаж байсан. Одоо эдний удмын адуунаас надад байнаа, байна. 
-Говь-Алтай аймагт хэд, хэдэн удаагийн бүсийн уралдаан болсон. Та түүнд оролцож байв уу?
-Оролцож байсан ч миний морьд нэг их амжилт гаргаагүй ээ. Дэлгэржаргалд өгсөн халтар морь Баян-Уулын бүсийн наадамд нэг түрүүлсэн. Сая энэ бүсийн наадамд ес дээр давхисан гэнэ лээ. 
-Хүмүүс адууныхаа цусыг сайжруулахын тулд гаднаас азарга авчирдаг болсон байна. Та морь авч байна уу?
-Би авчирсан. Увсын Тэсээс азарга тавьж үзсэн. Урд говиос ч бас адуу худалдаж авсан. Сая нэг адуу нь аймагт түрүүллээ. Аймагт уралдаад байгаа хээр азарга бол Халзан сумын Цогоо гэж хүний унаган адуу л даа. Би соёолон азарга авчраад авсан жилээ дөрөвт давхиулсан. Тэгээд сумын наадамд олон түрүүлж, айрагдсан. 
-Танай хүүхдүүд морь уядаг уу?
-Манай хоёр хүү адуунд сонирхолтой ч уяж эхлээгүй байна. Нэг нь Дарханд, нөгөө нь хотод амьдардаг юм. 
-Та хэзээ аймгийн Алдарт уяач цолоор шагнагдсан юм бэ?
-Би эрт болсон. 1980 хэдэн онд л болсон доо. 
-Миний асуулт энд хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-Баярлалаа. Та бүхний ажил амьдрал улам сайн өрнөх болтугай.

"Тод магнай" сэтгүүл. Говь-Алтай аймгийн тусгай дугаар. 2017 он

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна