МОНГОЛ ДААВУУГ “МОДА”-НД ОРУУЛАГЧ МОНГОЛ ТЕКСТАЙЛ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 09 -нд

Бид морьтны соёлыг түгээхээс гадна Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор үйл ажиллагааг нь уншигчдадаа танилцуулсаар ирсэн билээ.
Энэ удаа Монгол орныхоо өнцөг булан бүрт, жилийн дөрвөн улиралд мал ахуйгаа адгуулан хариулдаг малчдын маань нөр их хөдөлмөрийн үр шим дэлхийд гайхагдсан ноос, ноолуур хэрхэн бүтээгдэхүүн болон бидэнд хүрч байгааг танилцуулъя.  Саяханаас л монголчууд дахин даавуу үйлдвэрлэж эхэллээ гэх мэдээлэл дуулдах болсон. Энэ мэдээлэл түгэхээс өмнө манай улс даавуу даалимба, торго дурданг өмнөд хөршөөс зөөхөөс биш, өөрсдөө үйлдвэрлэдэг гэсэн ойлголт бараг байсангүй. Социализмын үед манайхан даавуу үйлдвэрлэж байсан ч тэр бүхэн зах зээлийн хүнд үед нуран унасан юм. Гэсэн хэдий ч Монгол орон малаар баян учир даавуу үйлдвэрлэл дахин сэргэж байна. Энэ хугацаанд даавууг янз бүрээр үйлдвэрлэдэг үндэсний томоохон компани ч манай улсад аль хэдийнэ бий болж, байр сууриа эзэлжээ.
Тодруулбал, тэртээх 1934 онд байгуулагдсан аж үйлдвэрийн комбинатын ууган машинт үйлдвэр болох “Монгол Нэхмэл” ХК-ийн суурин дээр бүтцийн өөрчлөлт, технологийн шинэчлэл хийн “Монгол Текстайл” компани байгуулагдаад нэлээд хугацааг үдэн амжилттай ажиллаж байна. Эднийх малчдын бэлтгэсэн хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр зэрэг дөрвөн төрлийн түүхий эдээр бүх төрлийн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тэр дундаа монгол хонины ноос, ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөөр даавуу үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж буй нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. “Монгол Текстайл” компани сардаа 5000 гаруй метр даавуу үйлдвэрлэдэг ба түүнээс илүүг ч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тэдний үйлдвэрлэж байгаа цэвэр ноос, ноолууран даавуу маш дулаахан, хөнгөн бөгөөд эдэлгээний хувьд маш чанартай байдгаараа импортын бүтээгдэхүүнээс ялгардаг. Үнийн хувьд ч тун боломжийн.  Ноос, ноолууран даавуугаар дээл, пальто, хүрэм, нөмрөг, хантааз зэрэг бүхий л хувцас, хэрэглэлийг урлаж болно. Дээл хувцсыг даавуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэр дундаа монголчуудыг дээлгүйгээр төсөөлөхийн ч аргагүй. Гэтэл бид өнөөдрийг хүртэл урд хөршийн худалдаа, наймааг дэмжсээр дээл хувцасныхаа даавууг тэндээс зөөсөөр ирсэн. Хэрэглэгчид ч дотооддоо чанартай, органик даавуу үйлдвэрлэж байгааг мэдэлгүй явсаар иржээ. Үүний шалтгаан нь, нэг талаар манай үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээсэн баялгаа төдийлөн хэрэглэгчдэд таниулж амжаагүй ч байх талтай. Нөгөөтэйгүүр, манай хэрэглэгчид дотоодын даавуу байдаг гэдгийг мэддэг мөртлөө өртөг өндөр гэж ташаардагаас хятад даавуу, хувцсыг сонгодог болов уу.
Энэ мэтчилэн бид дотоодоосоо бус, гаднаас дийлэнх худалдан авалтаа хийдэг. Тэр бүү хэл, урд зүгийн хямд бүтээгдэхүүнийг өөрийн орны цэвэр ноос, ноолууран даавуу, бүтээгдэхүүнтэй жишиж дотоодод үйлдвэрлэсэн ноос, ноолууран даавуу, хувцсыг үнэтэй байна гэлцдэг.  Гэвч “үнэ дагаж чанар” гэдэг дээ. Өөрөөр хэлбэл, хямд үнэтэй даавуун бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхойгүй байдгаас гадна ихэвчлэн хаягдал түүхий эдээр хийгдсэн байдаг. Харин үнэ цэнэтэй түүхий эдээр хийгдсэн бүтээгдэхүүн мэдээж хэрэг илүү үнэтэй байх нь дамжиггүй. Малчдын маань хөлсөө дуслуулж бэлтгэсэн үнэт түүхий эдээр бүтсэн бүхэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болох учиртай гэж “Монгол Текстайл” компанийнхан хэлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд тус компани өөрийн үйлдвэрлэсэн ноос, ноолууран даавуугаа хэрэглэгчдэд хүргэж монгол даавууг “мода”-нд оруулж чаджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл жил бүрийн Цагаан сараар “Монгол Текстайл”-ын ноосон даавууг сонгон эх орны өнцөг булан бүрт суугаа өндөр настан, азай буурлуудад бэлэг болгон өгөөд заншчихаж. Түүнчлэн зарим төрийн байгууллага, хувийн компаниуд ч ажилчдынхаа хувцас хэрэглэлийг үндэсний үйлдвэртээ захиалж хийлгэдэг болжээ.
Энэ ч утгаараа Монголынхоо өв уламжлалыг тээн авч явдаг хийморилог уяачид, бөхчүүд, малчдадаа буянт малынхаа ноос, ноолуураар бүтсэн Монгол даавуугаа сонгон хэрэглэхийг “Тод магнай” сэтгүүлийн хамт олны зүгээс уриалж байна.

Ц.Баттуяа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна